Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Зөвлөлт, Оросын хамгийн их дуулиан тарьсан тагнуулчидУншсан16,097

Чапман хууль бусаар Оростой хамтарснаа хүлээн зөвшөөрсөн ба энэ хэргийн холбогдогч өөр есөн хүний хамт АНУ ба Английн талд ажилласан дөрвөн орос тагнуулчаар солилцоо хийж Орос руу явуулсан гэдэг.

Бидний дунд амьдардаг тэр нууцлаг хүмүүсийн тухай бид юу мэднэ вэ? Тэд нарын тухай кино хийж, ном бичдэг нь зүгээр нэг хэрэг биш л дээ...

Рихард Зорге

Хамгийн нэртэй тагнуулчаар Рихард Зоргег зоригтойгоор нэрлэж болно

Нэг зүйл дурдахад эдгээр нууц ажилтнуудыг үнэлэхгүй байж болохгүй. Тэд дайнд ялахад шууд хүргэхгүй ч алсуураа улс орноо ялалтад чиглүүлж, цэрэг, улс төр, эдийн засгийн хүчний харьцааг мэдэгдэхүйцээр өөрчилдөг. Мэдээлэл дэлхийг удирдах учраас нууц, тусгай тагнуулчид улс  бүрт хэрэгтэй.

 

Хамгийн  алдартай тагнуулчаар Рихард Зорге шууд л нэрлэгдэнэ. Тэрээр Дэлхийн хоёрдугаар дайны үеийн Зөвлөлтийн тагнуулч бөгөөд түүнийг зууны гарамгай тагнуулч гэж зүй ёсоор нэрлэдэг. Аугаа эх орны дайн эхлэх өдрийг Гитлерийн довтолгооноос сарын өмнө тэр Сталинд мэдээлсэн. Харамсалтай нь Сталин супер тагнуулчдаа итгээгүй гэдэг.

Зорге Японд идэвхтэй тагнуулын үйл ажиллагаа явуулж байсан бөгөөд машид үр дүнтэй ажилласан тул ЗХУ 20 гаруй жилийн турш түүнийг өөрийн тагнуулч гэж хүлээн зөвшөөрөөгүй байсан юм. Бүр 1964 оны арваннэгдүгээр сарын 5-нд л Зоргег зөвлөлтүүд хүлээн зөвшөөрч шууд ЗХУ-ын баатар цолыг нөхөн олгож, алдар нэрийг нь өнөд мөнхөлсөн юм.

Гэхдээ энэ явдал тун ч санамсаргүй болсон гэдэг. “Доктор Зорге та хэн бэ?” гэсэн Ив Чампийн уран сайхны киног үзэж суусан Никита Хрущев гэнэт л энэхүү агуу тагнуулч чинь биднийх шүү дээ хэмээн дуу алдаж ингээд л Зоргег ил тод болгосон гэх яриа бий. Хрушев ийнхүү Зоргег "илчилж" албан ёсоор хүлээн зөвшөөрснөөс шалтгаалаад Сталиныг тахин шүтэхийн үр дагавар Рихад Зорге ба түүний нөхдийг дарагдуулж байсан байна гэх санаа бодол өргөн дэлгэрсэн байдаг.

Зорге 1941 оны аравдугаар сарын 18-нд Японы цагдаагийнханд баривчлагдсан ба 1943 оны есдүгээр сард цаазын ял авч төгөлдөр хуурын утсаар түүнийг дүүжлэн хороожээ. Хожим Оросын цэргийн түүх судлаачид, мэргэжилтнүүдийн хамтарсан комиссын зүгээс Дэлхийн II дайнд ЗХУ-ын араас довтлох Японы санаархлыг Рихард Зоргегийн бүлэг амжилттай таслан зогсоосныг баталсан аж.


Роберт Ханссен

 

Анхаарал хандуулах дараагийн тагнуулч бол Роберт Ханссен ба тэр АНУ-ын Холбооны мөрдөх товчооны ажилтан байгаад Зөвлөлт ба Оросын талд тагнуул хийсэн гэж шийтгэгдсэн байв. Тэр 1979 оноос хойш ЗХУ-тай хамтран ажиллах болсон ба Зөвлөлт  улс задарсны дараа ч нууц мэдээллүүдийг Орост дамжуулж байсан гэдэг.

Супер тагнуулчийг сайн мэддэг хүмүүс түүнийг их найдвартай, итгэлтэй хүн байсан гэж гэрчилдэг. Тухайлбал хөрш нь байсан Ханссеныг хүүхэд байхаас мэдэх эмэгтэй “Тэр миний хүүхэдтэй тоглож байхад нь түүнтэй юу ч учрахгүй гэж би итгэлтэй байдаг байлаа” хэмээн дурссан байдаг.

Ханссен Зөвлөлт, Оросын тагнуулын албатай 1949 оноос 2001 онд баривчлагдах хүртлээ хамтран ажиллажээ. 2001 онд Виржиниад баривчилсны дараа америкчууд мөрдөн байцаалтын үр дүнд тагнуулын 13 томоохон ажлыг нь тогтоож чадсан бөгөөд түүнийг шоронд хүргэх замд “Та нар намайг яагаад ийм урт хугацааны дараа барив аа” гэсэн байдаг.  Хассеныг бүх насаар нь хорьж шийтгэжээ.


Ким Филби

 

Ким Филби бол Британийн тагнуулын удирдагч нарын нэг бөгөөд коммунист, 1933 оноос хойш  Зөвлөлтийн талд ажиллаж эхэлжээ. Дэлхийн хоёрдугаар дайны дараа Филбийг дорнодод илгээв. Богино хугацааны дотор Филби Туркийн Стамбул дахь Английн тагнуулын бүлгийн гол хүн болов. Дөчөөд оны сүүлчээс тэр төвийн зөвшөөрөлтэйгөөр АНУ-ын тагнуулын албадтай нягт хамтран ажиллах болсон ба чухамдаа Филбигийн хүчин чармайлтаар Зөвлөлтийн эсрэг явуулсан АНУ ба Британийн олон ажиллагааг бүтэлгүйтүүлж байв. Үүнийг америкчууд бүү хэл британичууд ч огт гадарлахгүй байв. Түүнийг хоёр нууц албанд нэгэн зэрэг ажилладаг болохыг британичууд зөвхөн 1963 онд л мэдэж авчээ. Филби 1988 алдар хүндтэйгээр ЗХУ-ын баатар цолтойгоор  нас баржээ.


Энтони Блант

 

Урлагийн түүхч Энтони Блант бол "MИ-5" ба Зөвлөлтийн НКВД-гийн давхар тагнуулч, “Кембрижийн тав” хэмээн алдаршсан Зөвлөлтийн төлөө зүтгэсэн таван англи тагнуулчийн нэг байлаа. Блантаар дамжуулан Кремль Зөвлөлтийн Элчин сайдын яамны ажилтнуудын эсрэг чиглэгдсэн элдвийн нууц ажиллагааны талаархи мэдээллийг урьдчилан авч байлаа. Хэд хэдэн удаа Блант вермахтын  стратегийн талаар чухал мэдээллийг Зөвлөлтөд дамжуулж байв.

Дайны  дараа Бланттай Зөвлөлтийн тал холбоо сүлбээ бараг тасарсан байв. Тэр МИ-5-аас гарсны дараа Хатан хааны уран зургийн галерейн даргалагч болов. Улмаар 1947 онд Култордын хүрээлэнгийн захирал болжээ. Тэр хэн ч гадарламгүй эгэл жирийн урлагийн ажилтан болж хувирав. Гэхдээ энэ бол дээд зэргийн өнгөлөн далдлалт байв. Бүр 1979 онд л сэжиглэгдсэн Блант хэн байснаа хүлээн зөвшөөрсөн учир Ерөнхий сайд Маргарет Тэтчер түүнийг парламентын танхимд шившиглэн зарласан байдаг. Улмаар Хатан хаан II Елизавета Блантын рыцарийн хэргэмийг яаравчлан хурааж авсан гэдэг.


Кристофер Бойс

 

Кристофер Бойс бол Зөвлөлтийн тусгай албаны мэдээлэгч байлаа. Хоёр жилийн хугацаанд Зөвлөлтийн тусгай албадтай хамтарч хиймэл дагуулуудын нууц баримтын зургийг авч Зөвлөлтийн талд дамжуулж ирэв. АНУ-ын Вьетнамд явуулж байгаа дайныг эсэргүүцэн Зөвлөлтийн талд ажиллах болсон гэдэг 1977 онд түүнийг баричлан 40 жилийн ялаар шийтгэжээ. Тэр 1980 оны хоёрдугаар сард  холбооны шоронгоос оргон Зөвлөтөд гарах гэж байгаад дахин баривчлагдсан байлаа.

Тагнуулын төв газрын сөрөг тагнуулын тасгийн дарга, ТТГ-ын Гадаад тагнуулын хэсгийн Зөвлөлтийн тасгийн дарга Олдрих Эймс бараг 10 жил Зөвлөлтийн талд ажиллажээ. Итгэмээргүй хэрэг шүү. Зөвлөлтийн эсрэг ажиллах Америкийн тагнуулын хэлтсийн тэргүүн нь өөрөө Оросын сөрөг тагнуулч байх гэж. Түүний үнэ цэнэтэй  мэдээллийн дагуу Зөвлөлтийн тагнуулын албанд шургалсан Америкийн тагнуулчдыг амжилттай баривчилж байв. Орос руу илгээсэн тагнуулчдынхаа материалыг албаны дарга нь өөрөө оросууддаа хүлээлгэж өгч байлаа. Хожим Сенатын Тагнуулын хорооны илтгэлд  Эймсийн үйл ажиллагааны улмаас “хүйтэн дайны” ид үеэр Зөвлөлт дэх хамгийн үнэ цэнэтэй  мэдээллин эх сурвалжуудаа алдсан гэж мэдэгдсэн байдаг.  1994 оны хоёрдугаар сарын 21-нд Олдрич Эймсийг баривчилжээ. “Эймсийн хэрэг” нь АНУ-д  улс төрийн асар том хямрал дэгдээж ТТГ-ын дарга Жеймс Вулси өөрөө огцорч байлаа. 1994 онд түүнийг бүх насаар нь хорих ялаар шийтгэсэн ба тэр Пенсильванн мужийн онц дэглэмтэй Алленвудын шоронд хоригдож байна. Тагнуулын байгууллагын хэлтсийн даргыг санхүүгийн хүндрэл Оросын тагнуулч болгосон гэдэг. Тэр бүү хэл өрөнд баригдсан Эймс өрөө төлөхийн тулд банк дээрэмдэхээр оролдох гэснээ нууц мэдээллийг оросуудад худалдах нь аюул багатай, сонирхолтой гэж үзжээ. Ер нь хүйтэн дайнд америкчууд ялсан юм уу даа...


Юлиус ба Этель Розенберг

 

Гэр бүлийн хосууд Юлиус ба Этель Розенберг нарын тухай дурсах хэрэгтэй. Эдгээр Америкийн коммунистууд Зөвлөлтийн талд тагнуул хийж байгаад 1953 онд баривчлагдан тэр жилдээ цаазлагджээ. Розенберг дөчөөд оны эхнээс Зөвлөлтийн тагнуулд элссэн байгаад дараа нь эхнэрээ тагнуулын ажилд татан оруулсан байв. Эхнэрийнхээ дүүг ч мөн элсүүлсэн байв. Тэрээр эрдэм шинжилгээний ажилтан байсан тул нууц лабораторид ажиллаж Америкийн зэвсэглэлийн шинэ технологийн талаар оросуудад байнга мэдээлж иржээ. Тэдний бүрэн дамжуулсан мэдээлэл нь одоо ч нууцлагдсан хэвээр. Нэн ялангуяа түүний радио дэлбэлэгч цэнэгийн тухай мэдээлэл өндөр үнэлгээ авсан байдаг.


Анна Чапман

 

Анна Чапманыг өнөөгийн орос тагнуулчдын дундаас хамгийн дур булаам эмэгтэйн нэг гэх байх. Чапман гэх тагнуулч асныг АНУ-аас хөөн гаргасан байдаг. Түүнийг гадаадын Засгийн газартай ажилласнаа дарагдуулсан гэж буруутгаж байв. Түүнийг анх Оросын нэгэн албан тушаалтантай хэд хэдэн удаа уулзахыг илрүүлж баривчилсан байв. Утасгүй холбоогоор түүнд  мэдээлэл дамжуулсан гэж Чапманыг сэжиглэсэн юм. Чапман  хууль бусаар Оростой хамтарснаа хүлээн зөвшөөрсөн ба энэ хэргийн холбогдогч өөр есөн  хүний хамт АНУ ба Английн талд ажилласан дөрвөн орос тагнуулчаар солилцоо хийж Орос руу явуулсан гэдэг.

Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]