Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Б.Лхагвасүрэн агсны ухаарал, сургамж хайрласан сүүлчийн ярилцлагуудУншсан11,593

Цаг тооны үргэлжлэл, цагаан сүүний ургамал, Бавуугийн ганц хүү, Монгол түмнийхээ ухаарал, уярал нь болсон сод найрагч тэнгэр зүг дэвшээд удаагүй байна.

Цаг тооны үргэлжлэл, цагаан сүүний ургамал, Бавуугийн ганц хүү, Монгол түмнийхээ ухаарал, уярал нь болсон сод найрагч тэнгэр зүг дэвшээд удаагүй байна. Б.Лхагвасүрэн агсан 2018 оны наадмын дараахан, мөн сая улирсан нохой жилийн дуусгал дээр "Өдрийн сонин"-ы сэтгүүлч, яруу найрагч Л.Батцэнгэлд хоёр ч удаа хамаг бүхнээ уудалсан ярилцлага өгснийг уншигчдадаа эргэн сануулж байна. Өвгөн найрагчийн үг бүр нь ухаарал, сургамжийг Монголчуудад хайрлах бөгөөд ярилцагч нь найрагчийн амнаас унах үг бүхнийг алтны үртэстэй зүйрлэн буулгаснаа онцолжээ.


Өдрийн сонин. 2018 оны долдугаар сарын 19.

Бавуугийн Лхагвасүрэн: Хүүхдүүдийнхээ нүдэнд хэд хоног ч гэсэн харагдах сан гэж залбирч байна

 

 

Монгол Улсын хөдөлмөрийн баатар, ардын уран зохиолч, соёлын гавьяат зүтгэлтэн, АНУ-ын Аризон мужийн Дэлхийн их сургуулийн соёлын доктор, “Болор цом” наадмын дөрвөн удаагийн тэргүүн шагналт яруу найрагч Бавуугийн Лхагвасүрэнтэй Зайсан дахь гэрт нь очиж хөөрөлдлөө. Монгол түмний хайртай найрагчийн амнаас нь унах үг бүхнийг алтны үртэстэй зүйрлэн буулгав.

-Таны бие тэнхээ данги уу. Ямаршуухан зусаж байна даа?

-Уг нь би орон гаран, хүмүүсийн дунд гэр, хотын дунд зусдаг сан. Энэ зун би орон дээрээ зусаж байна. Айхтар хүнд өвчин тусаж, эмчилгээ хийлгэж тав зургаан сар хэвтлээ. Одоо зургаа дахь сар руугаа орж байна. Хүнд ийм нэг хэцүү жил байх юм. Миний том хүү хоёр жилийн өмнө тархинд нь цус харвасан юм. Одоогоос долоо найм хоногийн өмнө дахин харваад гуравдугаар эмнэлгийн мэс заслын тасагт хэвтэж байна.

-Таны ууган хүү чинь Равжаа ах бил үү?

-Равжаа. Хүүхдүүдийн минь хамгийн том нь, жаран хоёр оны хүүхэд шүү дээ. За, тэгээд Хасар маань Францт нурууны мэс засал хийлгээд өөдтэй болсонгүй. Уул усныхаа дунд гуравдахь хагалгаагаа хийлгэе гээд нутагтаа ирсэн. Наадмын дараа хагалгаанд орно доо. Нугас нь сүрхий дарагдсан юм гэсэн, хоёр ч газар. Хүнд л хагалгаа юм шиг байна. (Хөхүүлж бүгшүүлэн удтал ханиав. Л.Б)

-Хэцүү ч юм аа даа?

-Тэгээд өвчинд жаахан ээрэгдээд сууж байна. Ийм жил хүний амьдралд зөндөө байдаг даа. Хүмүүст тохиолдож л байдаг эд. Гэхдээ хүндхэн л юм байна. Би нэг л юмыг их жигшдэг хүн.

-Юуг тэр билээ?

-Хүн үрийнхээ ард ордгийг л би их жигшдэг. Болж л өгвөл өмнө нь явах юм сан, жамаараа. Үр хүүхдээ өвдөөд, үхэж үрэгдэхийг харвал миний хорвоод амьдарсан минь ямар ч үнэгүй болно гэж боддог. Тэгээд сэтгэл санаа тавгүй, ядарч л байна даа, яахав. Олны буянд, Монголын төр түмний буянд ямар ч байсан би Монголын ард түмний хайрыг унаж зугтан, үхлээс жаахан зуларчихлаа. Миний өвчин бол эдгэх өвчин биш ээ. Бүүр ор сураггүй ханиад шиг эдгэчих өвчин биш. Зүгээр л хүмүүсийн дунд би баймаар байна. Хүүхдүүдийнхээ дэргэд хэд хоног ч гэсэн баймаар байна.

-Байлгүй яах вэ, ах минь. Сэтгэлээ тэгтлээ чилээж яанам?

-Тэр хугацааг л сунгаасай гэж залбирч байх юм. Өвчтэй байхад минь Монголын төр, ард түмэн минь хачин их тусалсан. Би ер нь надад ямар хэмжээний хайртайг энэ их ард түмнээс шалгалт авчих шиг боллоо.

-Ерөнхий сайд Ухнаагийн Хүрэлсүх хүртэл таныг Солонгост эмнэлэгт хэвтэж байхад тань цэцэгтэй эргэж байсан даа?

-Хэдэн сайдтайгаа очиж эргэсэн. Би яахав, У.Хүрэлсүхийн зохиож байгаа, эрхэлж байгаа ажлууд, энэ шийдэмгий, зоримог, хүмүүсийн хүсэж хүлээсэн санал бодолд ойрхон юм сэдэж чадаж байгаад нь хайртай байгаа. Их зөв байна даа гэж дуртай байгаа. Намайг ингээд ярихаар чинь зэрэг “Засгийн газраас мөнгө төгрөг өгч тусалсан болохоор долигонож байна” гэж бодоцгооно. Тийм биш. Хүрэлсүхийн надад үзүүлсэн тэр хайр бол ард түмэндээ үзүүлэх хайрын нэг жишиг нь. Тэрнээс Лхагвасүрэн олноос онцгой болоод надад тийм хайр үзүүлж байгаа юм биш. Хүрэлсүхийг би сайхан сэтгэлтэйд нь, иргэндээ хүнлэг хандаж чадаж байгаад нь баярлаж байгаа. Тэр Ерөнхий сайд болсноосоо хойш муу хэлэхээр юм хийсэнгүй шүү дээ.

-Тэр ч таны л бодол байх л даа?

-Аятайхан, аятайхан юм л чихэнд дуулдах юм. Одооноос ямар болох юм. Нэг хэсэг нь авч хаяна, нэг хэсэг нь үлдээнэ гээд эхлэх байлгүй дээ, одоо. Хүн чинь ямар хүнийг ажил хийлгэх биш. Монголчууд минь ээ, Монголчуудыг чихийг нь ховгүй, нүдийг нь гуниггүй, хутгаж үймүүлээд байлгүй, сайн муу яриад байхгүй мөрөөрөө байгаад өгөөч гэж гуймаар байдаг юм.

-Та өмнөхөөсөө нэлээд жин хаяж, бас ядранги харагдаж байна шүү?

-Би гучин дөрвөн килограмм турсан. Ерэн дөрвөн килотой байсан чинь одоо жаран кило болсон.

-Өвдөж зовох нь гайгүй юу?

-Байхгүй. Ходоодоо авахуулчихсан, арван хоёр нугалаа гэдэс, нарийн гэдэснээсээ авахуулсан. Ер нь энэ цээжин дотор гэдэсний төрлийн юм бага үлдсэн л дээ. Ингэж авахуулаад, хоол унданд ороод тонжирсон улс байна аа. Цаг хугацаа ордог гэнэ. Зөндөө эмчилгээ хийлгэдэг гэнэ. Хэдэн жил үр хүүхдэдээ харагдаад явж байхыг л хүсэж байна.

-Хоолны дэглэмийг ч нарийн чанд барих юм байна даа?

-Маш чанд нарийн барьж байгаа. Гүйцэд бол болохгүй. Хоолыг сайн зажлах хэрэгтэй юм байна. Би эрүүл байхдаа ч үхэх гэж байгаа юм шиг их иддэг хүн биш шүү дээ. Жоохон амттай юм идчихнэ. Архи уугаад, согтоод, ходоодоо эргэтэл бөөлжиж байсан өдөр байхгүй. Яахаараа ч миний ходоод өвддөг юм. Тэгсэн их сонин юм байна.

-Юу нь сонин байна?

-Ходоод бол зүрхнээс илүү мэдрэмхий эрхтэн гэж намайг эмчилж байсан солонгос эмч хэллээ. “Хамгийн их мэдрэмхий эрхтэн бол ходоод байдаг юм. Таны ходоод өвддөг чинь стресснийх. Ядарсных. Бүх л сэтгэл зовнилоос болж байгаа юм. Та ходоодыг амьгүй юм шиг ойлгодог. Яруу найрагч та нар бол дандаа зүрх л бичдэг дээ” гээд инээж байна лээ.

-Монголчуудын маань ходоодны аюулт өвчин усны зэвээс ч юм уу, шалтгаалдаггүй байгаа. Солонгос эмч нар юу гэж байх юм?

-Солонгосууд чинь “Хөгжил дэвшлээс хүн өвчин олно” гэж ярьдаггүй улс шүү дээ. Монголчуудын эрүүл байдаг нэг шалтаг нь дэндүү сайхан эрүүл юм хэрэглэдэг. Бид зэвтэй ус уулаа, уулаа гэхэд мянгаад жилийн түүхтэй Европын хотуудын ус шиг ус уугаагүй байх аа, явж явж. Ядарлаа ядарлаа гэхэд Парисын ус шиг ус уугаагүй байх. Нью-Йоркийн ус шиг ус уугаагүй байх гэж би бодож байгаа. Миний эх орон бол ариун, бүүр цаагуураа ариудсан газар юм. Хүндээ ээлтэй байгаа нь, хүүхэд нь өсөж байгаа нь, хүн нь бядтай, бяртай байгаа нь, барагтай өвчнийг эсэргүүцэж өндийж байгаа энэ тэрийг харахад гайхалтай. Хүн ер нь явж явж ийм сайхан орныг онож төрнө гэдэг ёстой том хувь заяа юм байна. Эцсийн эцэст Монгол хүн болж төрсөндөө хязгааргүй баярлаж байгаа. “Зиндаа” сэтгүүлийн нэг дугаар сая надад зориулагдаж гарсан л даа. Би тэр сэтгүүл дээр “Ямар азаар би Монголоо онож төрөв өө” гэсэн гарчигтай их том ярилцлага өгсөн. Монголыг онож төрнө гэдэг хэр баргийн хүнд заяадаг тавилан биш. Тэрийгээ ойлгож амьдармаар байна. Ээ, мөн сайхан даа.

-Яруу найрагч, зохиолч хүнээс ч уран бүтээл хийж байна уу гэж асуухаас л аргагүй байдаг даа?

-Хийнэ ээ. Ядраад байх юм. Дөрөв таван хуудас юм биччихээр гар өвдөөд, толгой чилээрхэж өвдөөд байх юм. Аргагүй л цаагуураа ядарч байна. Хоол бага идэхээр тэнхээ суухгүй байна. Би өдөрт хэдэн халбага тунгалаг шөл, дунд шаазангийн ёроолоор нэг бантан, малын сархинагтай гурилтай жаахан шөл идэх юм. Яах вэ, болж байна. Малын сархинаг хүний биед их сайн юм гэнэ. Тэр бүрий олдохгүй. Сархинагийг хичнээн буцалгасан ч тос гарахгүй юм. Хичнээн удаан чанасан ч зөөлөрдөггүй, ямар ч мундаг эрхтэн юм бэ. Би сархинагтай шөл уугаад бүр сурчихлаа.

-Цоохор сархинаг уу, салбантай сархинаг уу?

-Аль нь ч байсан сайн. “Сархинаг сайн” гэж хүн болгон хэлнэ. Болж өгвөл баастай нь идээрэй гэнэ.

-Тээр. Тэрэнд нь эм байдаг байх нь?

-Хэн мэдэх вэ, хөөрхий минь. Ямар гээч юмаа хураадаг эрхтэн юм. Тийм л юм идээд сурчих янзтай. Бидний ярвайдаг юм бүхэн ядрахын цагт эм болно гэж бодож байсангүй. Хүүхэд байхад ээж минь сархинаг сайхан цэвэрлээд ногоо хөшиглөж, бууз шиг дунд нь хийгээд хоёр амыг нь хөвөрдөөд чанаад өгдөг байсан. Тэр нь ч нандин гэж юу гэхэв. Тэгж л нэг ганц хоёр иднэ үү гэхээс тэгтлээ идэж ч явсан биш. Эрхэлж иднэ үү гэхээс эмнүүлж идэж явсангүй. Идэх юм бүхэн минь дэргэд байсныг одоо л ойлголоо.

-Гэртээ та түрдэг тэрэгтэй яваад байна уу?

-Тийм, энэ түрдэг дугуйтай юмтай явчихна.

-Тоормоз энэ тэртэй их сүрхий эд юм аа?

-Аа, энийг солонгос эмнэлэг өгсөн юм. “Энийг түрээд явж бай. Их хөдөл” гэдэг юм. Хөдлөхгүй бол загнаад байдаг.

-Хөгширч үхдэггүй, хөшиж үхдэг гэдэг нэг үг байдаг даа, тээ?

-Мэдэхгүй, хөдөлгөөн л их хэрэгтэй гээд хөдөлж байна даа.

-Уран бүтээл гэснээ яриа маань хадуурчихсан байна шүү?

-Хийж байгаа. Ердөө наадам өнгөрөөгөөд номоо хэвлэлд шилжүүлнэ. Хийдгээ хийж номоороо л амьдрахгүй бол яаж амьдрах билээ. Энэ Зайсангийн байрыг “Жаахан нар, салхитай юм” гэж муусайн хүүхдүүд минь гурав дөрвөн жилийн өр тавьж авлаа. Ийм өвчтэй хүн чинь “Юмыг яаж мэдэх вэ” гэдэг үүднээс бодсоноо жаахан ч гэсэн бичиж үлдээх ёстой ёо доо. Би тэр шаардлагыг их чухалчилж байгаа. “Их гэрийн хаяанд хэвтсэн нохойн улиан” гэж дурсамжийн номоо нухаж байна. Үхэхээсээ өмнө хэлэх үгээ хэлж байж үхнэ ээ. Тэрнээс би хэн нь мэдэгдэхгүй, муу хэлье гэсэн хүнд муу хэлүүлээд, магтъя гэсэнд магтуулаад зүгээр нэг дуусмааргүй байна.


Өдрийн сонин. 2019 оны нэгдүгээр сарын 22.

Ардын уран зохиолч Бавуугийн Лхагвасүрэн: Монгол гэдэг чинь дэлхийн ухааны сав, Монголчууд тэнгэрийн хамгаалалттай ард түмэн

 

Монгол Улсын хөдөлмөрийн баатар, төрийн шагналт, ардын уран зохиолч, “Болор цом” наадмын гурван удаагийн тэргүүн, драмын урлагийн “Гэгээн муза” наадмын хоёр удаагийн, утга зохиолын “Алтан-Өд” наадмын хошой шагналт зохиолч, яруу найрагч, Америкийн Аризон мужийн Дэлхийн их сургуулийн соёлын доктор, С.Лувсанвандангийн нэрэмжит гоо зүйн дээд шагналт Бавуугийн Лхагвасүрэнтэй хөөрөлдлөө.

Аюулт өвчинд нэрвэгдсэн өвгөн найрагч “Сар шинэ гаргачихвал уг нь яг далан таван насны босгоор алхах юм даа” гэж санаашрангуй өгүүлж хэвтэнэ.

…Хэдий тэрээр хэвтэрт хүний гарт орсон ч чонын зурагтай оймс өмссөн хөлөө харуулж “Ах нь оймсоор гангарах дуртай. Америкаас захиалж авчруулсан юм. Надад ерөнхийлөгч Трампын зурагтай оймс хүртэл бий” гэж гэргий Баасангаа дуудан шүүгээнээсээ гаргаж үзүүлэх нь гоё сайханд сэтгэл тавьдаг яруу найрагч гэнэн араншингийнх нь илрэл гэлтэй. Одоогоос хэд хоногийн өмнө эргэж очиход ярих ч тэнхээгүй байсан тэрээр хоёр хоногийн өмнө “Үйлийн үрээ эдэлж буй ах нь сүүлийн ярилцлагаа чамд өгмөөр байна” хэмээн өчсөн сөн. Монголын ард түмний хайртай найрагч тэрбээр айсуй цагийн эрхээр илааршин тэнхрээсэй билээ дээ!

-Лхагваа ах минь бие лагшин тунгалаг уу?

-Яахав, билэг бодож сайн л гэхээс цаашгүй боллоо доо, муу ах нь. Зарим хүн “Их өвдөх юм уу” гэж асуух юм. Өвчин гэдэг асуусан, асуугаагүй бэрх эд юм. Ах нь орчлонгийн сайн, муу бүхнийг л үзэж тууллаа. Одоо их зовохгүйхэн шиг л үхэхээс сайхан юм алга. Ээ, мөн ч хэцүү юм аа. Өвдөх нь л хэцүү болохоос ухаан санаа харин тунгалаг л байна даа.

-Таныг би Монгол төрийн дархлааг тархиа гашилтал боддог төрийн хар хүн гэж боддог. Нөгөөтэйгүүр ертөнцийн жамыг нэтэд ухаарч гэгээрсэн бодлын тунгалаг далай гэж төсөөлдөг юм...

-Цэнгэл ээ, энэ дээр чинь, бидний дээр, бидний сэтгэлийн дээр, бидний хүндэтгэлийн дээр, бидний хайрын дээр байгаа төрийн дээдэс нь яагаад байгаа юм бэ. Чингис хааныг авч хаях гээд байгаа юм уу, Чингисийн хөшөөг авч хаях гээд байгаа юм уу. Их олон гэр бариад Чингисийн их хуралдай хийх гээд байгаа юм уу, би ерөөсөө ойлгохгүй юм. Энэ яаж байгаа юм бол. Энэ юуны шалтгаар ингээд байна. Хэвтэрт байгаа хүний хувьд чамаас би асууж байна.

-Төр ч бас хямралтай л байх шиг юм байна шүү дээ. УИХ-ын даргаа огцруулчихна гэхээр “Үндсэн хууль” зөрчих ч юм шиг л зүйл сонстох юм?

-Тэр хууль чинь том хууль шүү дээ. Ганцхан би ч батлалцсан юм биш. Монголын ард түмний хүсэл зоригийн илэрхийлэл болсон хууль даа. “Хөдөлмөрийн хууль” хүчинтэй байгаа юу?

-Хүчинтэй байгаа.

-Аан. Би бодож байна. “Хөдөлмөрийн хууль” хүчинтэй байгаа цагт ажлаа хаяад өрөөндөө түгжээд суучихдаг, гараад хаячихаад явдаг хүнийг шийтгэж болдоггүй юм уу?

-За, наадахь чинь ёстой дүүгийнх нь эрх мэдэл байтугай бодол ч хүрэхгүй зүйл байна даа?

-Яахаараа шийтгэж болдоггүй билээ. Би үүнд маш их дургүй хүрч байна. Би юу ойлгож байна вэ гэхээр Монголд дээдэст зориулсан зүйл ангитай хууль, доодос бидэнд үйлчилдэг хууль гэсэн хоёр хууль байдаг юм байна. Улсын их хурлын дарга яагаад “Хөдөлмөрийн хууль”-нд захирагдаж болдоггүй юм. Маш их чухал цаг үед уршигтайгаар ажлаа хаялаа шүү дээ. Би дэлхийн улс орнуудын парламентын спикерүүд ажлаа хаяж байна гэж амьд байх түүхэндээ сонсоогүй. “Хөдөлмөрийн хууль” яахаараа УИХ-ын даргад хамаагүй байгаа юм бэ. Мань мэт хэрвээ М.Энхболд шиг ингэж ажлаа тасалсан бол хэдийнэ ажилгүй болоод сэргийлэх юм уу, шоронд хагас нь яваад, мань мэтийн оронд дээдсүүдийн хамаатны хүн ирээд ажлаа авчихсан явж байгаа. Улс буй цагт, төр буй цагт том толгойтой дээдсийг цаазлахад том илд, жижиг улсыг цаазлахад тонгорог хэрэгтэй гэсэн зааг байхгүй. Тийм ялгалгүй байж байж дагавар хуулиуд, бусад хуулиуд жигд хэрэгждэг. Энэ Их хурлын ажлаа хийдэг цаглабаруудыг хар. Утаа туйлдаа хүрэхээр арванхоёрдугаар сард утаагаа хэлэлцдэг. Өмхий үнэр туйлдаа хүрэхээр зун лагийнхаа талаар ярьдаг. Цаглабар, төрт ёсны зохицуулалт, ухаан гэж алга. Жаахан гомдол санал гаруут л золионд нь нэг хүнийг ажлаас нь халдаг. Ингэж бидний амыг тагладаг. Зөв төрийн сэжүүрийг нэг харах юм сан.

-Загас толгойноосоо эхэлж өтдөг гэдэг шиг төр ч бас толгойноосоо өтдөг байх шүү?

-Нэг хүн ажлаа хаясныг шийдчих хууль Монголд байхгүй юу. Байгаа шүү дээ. Би нэг Монгол үгэнд их дургүй хүрч байгаа.

-Ямар үгэнд таагүй хандах болов?

-Олон намаас бүрдэл болдог парламентын засаглалтай оронд олонх, цөөнх гэдэг бол хонины ээлж шиг зүйл байгаа юм. Ээлжилж төр барьдаг. Гэтэл яахаараа нэгийг нь сөрөг хүчин гэж нэрлэдэг юм. Сөрөг гэдэг энэ нэр томъёог ямар тэнэг амьтан гаргав аа. Яагаад би ингэж хэлж байгаа юм гэвэл нэг нь ярвайдаг, нөгөө нь ярзганадаг байж болдоггүй. Сөрөг хүчин гэж үхснийх нь сөрөг хүчин байх юм. Сөрөг хүчин бол ерөөсөө цөөнх. Парламентад цөөнх, олонх гэсэн хоёр л ангилал бий. Цөөнх, олонх хоёр бол бие биеэ мохоож, ирлэж байдаг билүү хутга хоёр. Мохсоноо ирлэж, буруудсанаа зөвтгөж байж нэг зорилгын доор нэгддэг. Монголын парламент Монголын төлөө нэгдсэн парламент. Нэг нам нь Хөхдэй мэргэн одноос ирсэн юм шиг, нөгөө нь Монголыг тохинуулах гэж үүрийн гялаанаас ирсэн юм шиг ярвайсан улс. Цөөнх олонхиос илүү сэтгэх, олонх цөөнхөөс илүү сэтгэх тал байдаг. Гэхдээ олонхийн дарангуйлал парламентад байж болдоггүй. Сонгуульд цөөнх, олонх сонгогдсны дараагаар даруй Монгол Улсын мөрийн хөтөлбөрийг боловсруулахдаа аль аль талынхаа мөрийн хөтөлбөрийг маш хянамгайгаар харж, маш сонор соргогоор тусгаж, нийлсэн нэгдсэн мөрийн хөтөлбөр рүүгээ зүтгэх ёстой байхгүй юу. Тэгж байж хоёр намын зорилго биелэх ёстой. Би зөвхөн хоёр намын хэмжээнд ярьж байна л даа. Хэдэн нам ч гарсан ийм л байх учиртай. Тиймээс сөрөг хүчин гэдэг үгийг дахиж битгий дурдаасай гэж бодох юм. Сөрөг гэхээр тэнэгүүд нь үг л хэлбэл ярзганаад байна, алдааг нь л түүх ёстой бид нар гэж үзээд байх юм. Эд нар номын залруулга биш. Хоёулаа залруулга мөн. Хоёулаа ном мөн. Хоёулаа чиглэл мөн, хоёулаа бодлого мөн.

-Хоёр тусдаа нам битгий хэл нам дотроо эрх мэдлийн төлөө алалцаад л байх улс юм байна шүү дээ?

-Урьд нь алдаж оноод, ажлаа өгсөн хүмүүс өнөөдрийн буруудаж зөвдөж байгаа хүмүүсийн алдаан дээр ямар их сайхан хурц нүдтэй болж, ямар сайхан хурц үгтэй болж шүүмжилж чадаж байна аа. Би энийг Монгол төрийн хүн чанар алга болж гэж бодож байгаа. Өөрснөө чадаагүй байж дараачийн хүмүүсийн алдаа гаргасан дээр ирж хашгирч байгааг нь хараач. Монголчуудын “Хэрээ хэрээнийхээ нүдийг ухдаггүй” гэсэн маш хатуу үг бий. Алсан гөрөөснийхөө дээр гишгэчихээд арслангууд архирч байгаа юм шиг араншинг хүн гаргадаггүй юм. Бид нар энэнээс сайн байсан, бидний алдаа жижиг байсан, бидний алдаа зөв байсан гэх гээд байгаа юм уу. Яах гээд байгаа юм. Явж явж Монгол хүмүүс яахаараа бусдыг муу хэлэхээрээ би сайн хүн болно гэж боддог болчихоо вэ. Муу хэлж байгаа, хэлүүлж байгаа хоёр хоёулаа адгийн юмнууд байдаг юм шүү дээ. Хоёулаа адилхан гутдаг. Хоёр улс дайтахад ялах гэж нэг нь доройтоод, ялагдахгүй гэж нэг нь доройтоод ядуурдаг юм. Ялалт, ялагдал гэж байдаггүй юм. Бахаа ханатал ялах тийм ойлголт орчлонд байхгүй. Бүгд хохирол бөгөөд сургамж л болж л дуусдаг. Тэгэхээр эд нар ингэтлээ их тэрсэлдэж байдгаа болиосой. Хүний мууг ярихаар сайн хүн болно гэж яаж бодож чадаж байна аа. Хүн хүнээс урт сүүдэртэй байж хүний богинохон сүүдрийг харсан байж болно. Ийм тохиолдол зөндөө. Энэ зангаа л байчихаасай. Эд нар чинь уг нь хүн юм шүү дээ. Ариун юм үлдэхээ байлаа. Бие биеэ ухалцаад байвал гэргий нь, хамаатан нь, үр хүүхэд нь гээд бузар булайд оролцоогүй нэг ч амьтан алга. Ариун хүнгүй эх орон боллоо. Болиоч дээ. Тэнэг байна тэнэг байна гэхэд даанч дээ гэж би харамсаж байна. Монгол төрийн мөн чанар, Монгол хүний хүн чанар, Монгол хүний хүн хүндээ хандах мөн чанар алга боллоо. Монголд харь гарагаас ирсэн юм шиг намууд бий болж, нэг их сэтгэдэггүй юм сэтгэдэг юм шиг олон өнцгийн болсон болоогүй юм цуглуулж ярьдаг хүмүүс олширч намууд байгуулж эхэлсэн. Намууд Монголын ард түмнийг ёстой нэг хэрчиж, хувааж, хагалсан. Ашгүй дээ. Би энэ намуудад баяр хүргэе гэж бодож байгаа.

-Ард түмнийг хагалган бутаргасан нөхдөд яахаараа баяр хүргэдэг билээ?

-Намын тэргүүн та нар Монголын ард түмнийг хуваах гэсэн, үндэсний эв нягтралыг эвдэх гэсэн, Монгол сэтгэлийн нэгдэл, чин сэтгэлийн бөөгнөрлийг хагалах гэсэн санаандаа хүрлээ. Та нарын намуудын мөрийн хөтөлбөр их амжилттай биеллээ. Одоо бүр газар бууж, газрын татах хүчинд орж хоёр хүн ч биентэйгээ таарахаа байлаа. Та нар эх орондоо ингэж дайсагнадаггүй юм. Та нарын хагалгаж бутаргаж байгаа зүй бус үзэгдэл хэтэрсэн гэж хэлэхэд багадна. Нэг биеийг ч хоёр хуваах шахаж байгаа чинь одоо болсон.

-Дээдсийн ёс жудаг ч өдрөөс өдөрт л муудсаар байх юм даа, хөөрхий.

-С.Жавхлан гишүүн УИХ-ын индэр дээрээс “Та нар бүгдээрээ зайлцгаа” гэж хэлж байхыг сонслоо. Ганцаараа үлдэх нь л дээ. Монголчууд нэг сандал дээрээс хүнийг хөөх нь битгий хэл хүнийг гар гэж хэлдэггүй юм шүү дээ. Энэ Монгол жудаг. Магадгүй, Их хурлын даргын асуудлыг шийдэж чадахгүй байгаа чинь тэр Монгол жудаг үйлчилж байж болох үндэстэй. Энэний дундуур манай залуу улстөрчдийн сэтгэл хөдлөл, гэнэн сэтгэл дэндүү гэнэн байна. Сонгуулийн үеэр баганан дээр хадчихсан зураг нь урагдаа л, салхинд пар пар гээд дэрвээд байгаа юм шиг дүр л нүдэнд харагдаад байх юм. С.Жавхлан улаан малгайтай орос чихрийн цаас шиг юм суучихаад ингэж хэлэх, эсвэл ташуур барьж давхих нэг л зохимжгүй байна. Нэг их Монголоо боддог хүн болж жүжиглэнэ. Монгол цусыг ингэж сүржигнэж, ярьж хамгаалдаггүй юм. Монголыг угсаатны зүйн хувцсаар хамгаалдаггүй. Дутуу хөтүү уншсан зан заншлаар хамгаалдаггүй. Монгол гэдэг чинь тэнгэрийн хамгаалалттай ард түмэн.

Үл ойлгогч, юм бага уншсан улсууд “Еэ мөн сайхан юм хэлж байна” гэж хөөрөгдөөд байх юм. Үгүй энэ чинь ингэж амны алдас хийж яаж болох юм бэ. Хөдөө жаахан байхад нэг залуухан хүн хоёр хөгшинд ирж агсам тавиад, элдэв долоон юм донгосоод байлаа. Өвгөн дуугарахгүй л байлаа. Хөдөөний буурлууд чинь ухаантай шүү дээ. Уул шиг юм сууж сууж “Борог нүдэлж, бор шувуу жиргээгүй байхад битгий хуц” гэнгүүт нөгөө агсам чинь дуугарч чадахаа байгаад гараад явсан.

Монголчууд өвгөдөө хүндэлж ирсэн ард түмэн. Өвгөд нь бүр ясанд нь тултал гашуун юм хэлдэг байсан. Ярих юмаа жаахан бодож ярьж байгаач гэж хэлье. Юухан хээхэн болгонд улс төрийг хэрэглэж, юм болгон дээр “Монгол, Монгол” гэж хашгирснаар Монгол бөхөждөггүй юм. Хорвоод дэмий дэмий буруу ойлгодог хүн зөндөө бий. Тэгээд нэг нь “Монголын төлөө үгүй мөн сайхан сэтгэлээ зориулж байгаа хүн” гээд хөөргөнө. Энэ салхилаад байгаа улсаас яг харийн овоо хараан дээр очиж зогсож чадах хүн хэд бол доо. Эх орныг бүхий л бие, сэтгэл, мах цусаа өгч, хэдэн үеийнхэн өчнөөн амьдралаа өгч хамгаалдаг юм. Энэ бидний доор гишгээд байгаа алт эрдэнэс чинь өвгөд дээдэс минь арьсаа хуулж бүтээж үлдээсэн, цусаа асгаж гагнасан, бидэнд тавьсан хоол. Хойч үедээ үүцэлсэн юм. Тэгэхэд солиорцгоогоод байх юм. Болиоч дээ. Даанч дээ, та нар. Би бол юм мэдэхгүй ухаан мунхаг хүн. Хүн болгон юм мэддэг болчихсон, нэг юм ярихаар л өөдөөс дэмийрцгээгээд. Уншсан юм байхгүй, гэгээрсэн юм байхгүй. Уншсан номоо худлаа ярина. Хүн уншсан юмаа ярьж байна гээд миний уншсан юмыг худлаа яриад байхад би дургүй хүрдэг. Хүн ил ч, далд ч үнэн байх ёстой. Тиймээс гэгээрээч ээ гэж энэ парламентынханд хэлье. Парламентат засаг Монгол Улсад тогтсоноос хойшхи адгийн оюуны хоосролтой парламент энэ байлаа. Би чамаас нэг юм асууя. Тангараг гэж юу юм бэ?

-Хэлсэндээ эзэн болох юм бол уу даа?

-Наадах чинь тийм нялх юм биш. Монголын иргэн байх уу, үгүй юу гэдгээ өргөдөг тангараг. Тугаа духандаа хүргэж байгаад баахан юм тангарагладаг. “Төрдөө өргөсөн тангаргаа няцвал би тэгнэ, ингэнэ” гэсэн бараг намайг алаарай гэсэн үг байдаг. Гэтэл өнөөдөр УИХ-ын дарга болоод Их хурлын зарим гишүүд төрд өргөсөн тангарагаасаа няцлаа. Ард түмэн тэнэг юм гэж бодоод түмний өмнө няцаж болдог байж. Төрийн өмнө ам алдаж, тангараг няцсан хүнийг төрт ёсны эртний түүхтэй Монгол яаж залхаадаг байлаа.

-Мохируулдаг л байсан байх даа?

-Үгүй тэр ёс тэгээд хаа байна. Чингис хаан алтан бүсээ хүзүүндээ өлгөж байгаад Бурхан Халдунд тангараг өргөдөг байсан. Тангарагтаа уултайгаа элбэж, тэнгэртэйгээ элбэж байгаад хүрэх шиг хүрсэн. Одоо үед эд нарт ямар арга хэмжээ авах гээд байгаа нь тодорхойгүй. Тангаргийн тухай нэг ч ярихгүй. Төрийн тангаргаас няцаад байна шүү дээ. Төрөөс урваад байна шүү дээ. (Найрагч судас нь гүрийж яс арьс болсон хоёр гараа тэнгэр өөд сарвалзуулан дуугаа жаахан өндөрсгөв. сур)

Төрийн нүд сохроо юу, тэнгэр нүдээ аньчихаа юу. Үгүй шүү дээ. Тэнгэр өдөр шөнөгүй Монголыг тормойтол ширтэж байгаа. Тангараг няцсан хүнд арга хэмжээ авах зүйл анги алга уу. Өөрийнх нь өргөсөн тангараг дотор зүйл анги нь байгаа шүү дээ. Төрийн тангараг няцсан хүнийг яадаг юм бэ, амьд ахуйд минь сэжүүрийг нь ч болтугай харуулаач гэж төрөөс гуймаар байна. Юунд ч дийлддэггүй тэнэгүүдээр Монгол Улс дүүрэх ёсгүй. Монгол бол дэлхийн ухааны их том сав. Энэ сав ариун байх ёстой. Би Монголын ард түмний өмнө хойд насандаа төлж барахгүй өртэй. Үүнийгээ би мэднэ. Хамгийн сүүлд амьд хүний хувьд ганцхан юм гуйхад үнэн үг хэлсний минь төлөө “Тэр муу өвгөн үхээсэй” гэж битгий зүхээд байгаарай. Над дээр үг овоолох газар байхгүй шороо овоолох л газар байгаа шүү!

Ярилцсан сэтгүүлч, яруу найрагч Л.Батцэнгэл

Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]