Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

1924-1992 он хүртэлх Монгол улсын нэр юм. Энэ үед Монгол улсын төр нийгмийн тогтолцоо нь социалист нийгмийг дамжиж хойд хөршийн бүрэн хараа хяналтад байлаа. Улмаар харийн түрэмгийлэгчдийн санаархлыг удаа дараа тас цохиж, тусгаар тогтнолоо хадгалж чадсан чухал цаг үе билээ.

Анхны порнографи ба менежментУншсан4,041

"XX зууны сэхээтэн: Сономын Лувсанвандан" номыг "С.Лувсанвандан сан"-гийн зөвшөөрөлтэйгөөр уншигчдадаа цувралаар хүргэж байна.

XX зууны нэрт соён гэгээрүүлэгчийн тухай ном нэг хүний амьдрал, замналын түүх бус Монгол үндэстний туулсан олон түүхийг нүдний өмнө хүүрнэн өгүүлэх юм. "XX зууны сэхээтэн: Сономын Лувсанвандан" номыг "С.Лувсанвандан сан"-гийн зөвшөөрөлтэйгөөр уншигчдадаа цувралаар хүргэж байна.


1927 оны орчим монголын анхны театр "Ардын цэнгэлдэх хүрээлэн" буюу тэр үеийнхний нэрлэж заншснаар "Бөмбөгөр ногоон театр" баригдаж үүд хаалгаа нээлээ. Харин 1930 онд албан ёсоор төв театр байгуулах тогтоол гарч, С.Буянннэмэхийн бүтээлээр үүд халгаа нээж байжээ. Энэ театр 1949 онд шатсан ба их гал хараад санаандгүй "Мөн сайхан шатаж байна аа" хэмээн дуу алдсан жүжигчин Шаравдоогоос эхлээд баахан амьтан шоронд сууснаар дуусчээ. Хэдийгээр нэрт яруу найрагч, ноён хутагт Равжаа орон нутагтаа хээр гадаа нүүдлийн театр маягийн газар байгуулж "Саран хөхөө" зэргийг тоглуулж байсан баримт байдаг ч Бөмбөгөр ногоон нь орчин цагийн театрын анхдагч байсан. Анхны театр 500 хүний багтаамжтай байсан ба ашиглалтад орохоос нь өмнө барилгын нээлтийн ёслол болжээ.

 

Н.В.Гоголийн “Байцаагч түшмэл” монго] ирсэн нь.

Ёслолд Намын төв хорооны дарга Ц.Дамбадорж, Ардыг гэгээрүүлэх яамны сайд Эрдэнэбатхаан нар ирж ууц талласан байдаг. Дамбадорж нь баруун хязгаарт болсон тулалдаанд биеэр оролцсон ба энэ тухайгаа "Толбо нуур" гэдэг баримтат тууж бичсэн нэгэн. Харин Эрдэнэбатхаан хэмээх буриад эр бол XX зууны монголын ууган сэхээтний нэг бөгөөд Максим Горькийд захиа бичиж хариуг авсан хэмээн утга зохиолын түүхэнд байн байн гардаг хүн.

Уг барилгын зураг төслийг хийж удирдан бариулсан мажар инженер Иозеф Галета театрын тайз болон бусад зүйлсийг "Энэ ийм учиртай", Тэр тийм зориулалттай хэмээн танилцуулжээ. Ер бусын сонин намтартай энэ хүн дэлхийн нэгдүгээр дайны үед Орост олзлогдоод Октябрийн эргэлтийн үймээн самууныг ашиглан зугтааж Тувагаар дамжин Монголд ирсэн байна. Тэрээр хятадаар дамжин цаашид далайгаар аялж эх нутагтаа хүрэх бодолтой байжээ. 1920-иод онд баруун хойт хилийн харуулыг толгойлж байсан Хатанбаатар Магсаржав түүнийг "Бидэнд Товарищ" (Улаантан гэдэг утгаар) хэрэггүй хэмээн буцаан хөөжээ.

Гэвч сахлын хутга бэлэглэсэнд захирагчийн бодол өөрчлөгдөж, түүнийг улаантан бишээр тооцон өртөө улаа хэрэглүүлэн нутгийн гүн рүү явуулсан тухай тэмдэглэлд нь байдаг.

Тэр үед байсан хятад ший үзүүлэх газрын тухай мөнөөх И.Галетагийн өгүүлснээр бол одоогийн телевизийн олон ангит киног санагдуулам урт зохиолыг олон хоногоор үргэлжлүүлэн үзүүлдэг байжээ. Үзэгчид олон цагаар ший үзэхийн сацуу тэнд зардаг самрыг цөмөн, тааваараа тамхилдаг тул бүтэж үхэм бүгчим болно. Үзвэрийг зохион байгуулагчид байдлыг сайжруулахын тулд халуун усанд дүрж мушгисан алчуурыг тараан шидэх ба бүтэж унах шахсан үзэгчид түүгээр нүүрээ арчин амсхийгээд "урлагийн ертөнцөд умбаж" гардаг байсан гэнэ.

Галетагийн зургаар барьсан энэ театрт шинэ монголын анхны жүжгүүдийг дээр өгүүлсэн намын үзэл суртлын чигт зохируулан тоглохоос гадна кино үзүүлдэг байжээ.

Америкийн ковбой хэмээх шилийн эрсийн тухай өгүүлдэг Холливудын кинонууд их төлөв хятадаар дамжин орж ирдэг байв. Том бүрхтэй, бугуйл барьсан эрчүүдийн тухай эдгээр дуугүй кинонуудын хальс хоорондоо холилдон эх захаа алдсан тул кино механикч аль гарт дайралдсанаасаа эхлэн гаргадаг байжээ. Нэг киноны бүлгүүд бүү хэл, хоёр кино хоорондоо холилдох нь энүүхэнд. Харин киноны үйл явдалд тааруулан төгөлдөр хуур тоглодог хүн нь хаа холын хар тивийн негр хүн байжээ.

Үүний зэрэгцээ 1920-иод оноос 1989 оныг хүртэл монголд байрласан оросын арми, мэргэжилтэн, зааварлагчдыг дагаж ирсэн урлаг соёлын үйлчилгээний систем ч монголчуудыг хамарч байжээ. "Монгол үзэгчид анх 1920-иод оноос Улаанбаатар дахь Зөвлөлтийн ардын цэнгэлдэх хүрээлэнгийн танхимд Ч.Чаплин, С.Эйзенштейн, А.Довженко, В.Пудовкины кинотой танилцсан (.С.Лувсанвандан. Нийгмийн дэвшил, Уран сайхны соёлыг хөгжилт. Түүвэр зохиол.Уб.2002.боть 7. Тал 217) ажээ. Харин 1934 оноос манай өөрийн анхны бие даасан кино театр бий болжээ.

Орчин цагийн соёл, тайз дэлгэцийн урлаг манайд анх хөл тавихдаа адал явдлаар нэн элбэг. Алс холын Улиастайд одоогийн ямар ч зоригт найруулагчийн толгойд оромгүй зүйлийг үзүүлсэн жүжгийн тайзан дээр үүл борооны явдлыг ёсчлон гаргасан явдал байв. Үзэгчид нэг хэсэг шоконд орж байснаа зугтан гарцгааж байсан гэдэг. Монголын түүхэн дэх анхны порнографи ийнхүү санаандгүй байдалтай бүтээгджээ. Ер нь тайзны анхны бүтээлүүд болох шог гараа зэрэгт хүндээр бие засч байгаа хүнийг үзүүлэхдээ тайзан дээр хормойгоо дэвсэн суугаад дүлж орилох зэрэг нь наад захын хэрэг байсан тухай Д.Намдаг агсан дурсан бичсэн байдаг. Бэлэн зэхээний жүжигчин сонгон авах боломжгүй учраас театрын найруулагч, сургагч нар жүжигчин болчихмоор хүн хайн аль нэг хутагт хувилгаадын хойт дүрийг тодоруулах бүлэг аятай олон хүн цугласан газраар хэсүүчлэх нь нэг бус. Гэтэл таарч тохирох нь нэн ховор. А.Ефремов хэмээх театрын мэргэжилтэн гучаад онд ирээд жүжигчин сонгохын тулд нийслэлд байсан бүхий л клуб, улаан гэрийн тоглолтын үзжээ. Тэр бүгдээс гар саван, толгой сэгсрэн гарч байсан гэдэг. Жүжигчин хайх ажил заримдаа хэрээс хэтэрч, намын төв хорооны гишүүн, Судар бичгийн хүрээлэнгийн захирал, хожмоо ерөнхий сайд болсон А.Амарыг "Чи феодал байсан хүн. Феодалынхаа дүрд тогло" хэмээн шахахад хүргэж байжээ.

Шинэ тутам байгуулагдсан театрыг аж ахуйн хувьд хөл дээр нь авч явах ажил бас л амаргүй байжээ. Тоглолтоор орлого олох нь бүү хэл үзэгчийг олож ирэх нь заримдаа ярвигтай байв. Гучаад онд театрын даргаар ажиллаж байсан Раднаабазар гэдэг хүн урд өмнө гараагүй нэгэн "Менежмент" бодож олжээ. "Раднаабазар хятадуудын дунд буу хэмээх мөрийтэй тоглоомыг улсаас нуун тоглож байгааг олны өмнө ил чөлөөтэй болгон, нэг газар төвлөрүүлэн тоглож, өдөр тутам арван мянган төгрөгийн татвар хураах аргаар мөнгө хуримтлуулах санал гаргасан нь ёсоор батлагдав... Раднаабазар уг хэргийг эрхлэх болсныхоо хувьд тоглоомын газрыг өдөрт хэд хэдэн удаа эргэж очих бөгөөд оройн цагаар том цүнхээ сугавчлан очиж, арван мянган төгрөгөө хураан авч, банкинд тушаахаар алхлана. (Д.Намдаг. Шинэ монголын шинэ театр. Уб. 1988. 72 дахь тал)

Алдаж онон хөл дээрээ боссон монголын тайз дэлгэцийн урлагийг ардын өв сангаар баяжуулах, дэлхийн сонгодог бүтээлээр мялаах, урлагийн шинэ шинэ төрөл зүйлииг шинээр авчрахад судлаач, эрдэмтэн, Соёлын яамны орлогч сайд, сайдын үүрэг гүйцэтгэгчийн хувьд үлэмж хувь нэмрээ оруулах учиртай С.Лувсанвандан энэ үед хээр тал нутагтаа өсч өндийж байсан билээ. Хожмын гэгээрүүлэгч, зохион байгуулагчдаа хүлээсэн монголын урлаг, соёл ч мөн л өсч, торних замдаа байлаа.

Адал явдал дүүрэн энэ жилүүдэд монголын урлаг соёлын одод М.Дугаржав, Д.Ичинхорлоо, Е.Шаравдоо, Л.Цэрэндорж нар ур авьяасаа гайхуулж, манай номын гол баатар С.Лувсанвандан хожмоо уран бүтээлийг нь судлан эрдэм шинжилгээний үнэ цэнэтэй бүтээлээ туурвих Д.Нацагдорж, С.Буяннэмэх, Ши.Аюуш нар уран бүтээлийн ид үедээ байв.

Нүүдэлчин монголчууд шинэ цагийн дэвшил, соёлын ололттой танилцсан түүх иймэрхүү наргиантай зүйлээр дүүрэн бөгөөд үл мэдэх оньсон тоглоомтой учирсан бяцхан хүүхдийн үлгэрийг ямагт санагдуулдаг билээ. Баруун чиглэлд авто зам нээсэн тухай нэгэн наргиантай түүх тэр үеийн монголчуудыг техникжсэн европын хүнтэй харьцуулан харах боломж олгодог. Уг түүхэнд өгүүлснээр баруун чиглэлийн замыг сайн мэдэх нэг хүн ачааны тэргэнд сууж газарчлах болжээ. Тэр хүн машины кабинд ормогцоо зүг чигийн баримжаагаа алдан, дэнгийн гэрлийг сарныхтай андууран түүгээр чиглэл авах гэж эргэлдсээр байгаад золгүй дуусдаг эрвээхэй шиг амьтан болчихоод байв. Машинаас буулгаад зогсоохоор зүгээр болчихоод байдаг. Эцэст нь түүнийг машины хамар дээр суулган, олсоор даруулаад 2000 км замыг туулахад хүрсэн гэдэг.

Сэтгэгдэл 1ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
8 сар 28. 10:55
Зочин

awto zam neex ajil arai xudla bxa

Сэтгэгдэл бичих
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]