Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Марал илжигний туурай Хаалган даваа давуулахгүйУншсан1,211

Ийм хүнд үед өнөөдрийн туурга тусгаар Монгол Улсыг сэрээх эхлэлийг тавилцаж, их үйл хэргийн ачааны хүндийг үүрэлцсэн нэгэн хүнийг Эрдэнэ дайчин чин ван М.Ханддорж гэж үздэг.

 

Улс орныхоо тусгаар тогтнолын төлөө тэмцэж явсан олон суут хүмүүсийн гавъяа түүхэнд бичигдэн үлджээ. XX зууны эхэн үед харийнхны эрхшээлд ядарч туйлдсан тархай бутархай Монголчуудыг Америкийн Индианчуудын хувь заяа хүлээж байсан гэдэг. Ийм хүнд үед өнөөдрийн туурга тусгаар Монгол Улсыг сэрээх эхлэлийг тавилцаж, их үйл хэргийн ачааны хүндийг үүрэлцсэн нэгэн хүнийг Эрдэнэ дайчин чин ван М.Ханддорж гэж үздэг. Тэрээр 1869 онд Булган аймгийн нутагт үе улиран, угсаа залгамжилсан хошууны засаг ноён Цэрэндоржийн хүү Мэжиддоржийн гэр бүлд төржээ. Багаасаа язгууртны гэр бүлд хүмүүжиж Монгол, манж, хятад бичиг сурч хожимоо орос хэлийг гаргуун сурсан гэдэг.

1892 онд Хошуу засаг, хошой чин вангийн тушаал хэргэмийг найм дахь үед залган авч төрийн хэрэгт оролцох болжээ. Тэрээр Манжийн эзэн хааны дэргэд хэд хэдэн удаа очиж ажиллаж тэдний Монголд явуулах нууц бодлогыг мэдэж авснаар эх орноо хамгаалах үзэл санаа нь бүрэлджээ. Тэрээр Монгол Улсын гадаад харилцааны ууган сайдын хувьд улсынхаа гадаад бодлогын алтан аргамжийг таталцаж шинэ цагийн гадаад харилцааны үндсийг тавьсан томоохон зүтгэлтэн гэж үздэг юм.

М.Ханддоржийг Монголынхоо төлөө амь нас, гэр бүл, үр хүүхдээрээ дэнчин тавьж, болохоос нь болохгүйг нь хүртэл зүтгэснийг түүхэнд тод томруунаар тэмдэглэн үлдээсэн байна. Тэрээр шинэ тулгар улсаа хөгжүүлэхэд олон зүйлийг сэдэн гүйцэтгэжээ. 1911 оны зун Богд хааны зарлигаар олон аймаг шавиас даншиг өргөх нэрийн дор Халхын дөрвөн аймгийн ноёд, түшмэд, хутаг хувилгаадыг цуглуулж Хүрээний Эрдэнэ шанзодвын тамгын газар хуралдаж Манжийн шинэ засгийн бодлогыг хэрхэн эсэргүүцэх, Монголын тусгаар тогтнолыг сэргээх тухай ярилцжээ. Үүний дараа Манжаас тусгаар тогтнох цаг болсон гэж үзсэн тууштай хэсэг хүмүүс, тэдний дотор Халхын дөрвөн хан тэргүүтэй ноёд лам нар Богд уулын арын модон дотор гэр бариулан нууц зөвлөлгөөн хийсэн гэдэг.

 Зөвлөлгөөнөөс гадаадын тусламжгүйгээр өөрсдөө тогтноход бэрх тул хойд айл Орос улсад тусгай төлөөний түшмэл элч явуулсугай. Явах элчид Чин ван М.Ханддорж, да лам Цэрэнчимид, Хайсан гүн нарыг томилсугай гэж шийдвэр гаргажээ. 1912-1913 онд төлөөлөгчдийг тэргүүлэн Хаант Орос улсад очиж, Монгол туургатныг нэгэн улс гэр болгохын төлөө улс төр, дипломатын аргаар хүчин зүтгэсэн байдаг. Мөн түүний санаачилгаар 1912 оны гуравдугаар сард 47 сурагчтайгаар шинэ цагийн анхны бага сургууль байгуулжээ. Мөн Орос улсаас хэвлэлийн машин, үсгийн хэв захиалж авчран Гадаад яамны дэргэд хорголжин барын жижиг хэвлэлийн үйлдвэр ажиллуулж байжээ. Ингэснээр манай улсад анх удаа тогтмол сонин, сэтгүүл хэвлэдэг болсон түүхтэй. М.Ханддорж анх Богд хаантай тохиролцон халхын дөрвөн аймаг, шавь тавыг уриалснаар Өндөр Жанрайсигийн сүмийг 1911-1913 онуудад бариулсан гавъяатай хүн. Өөрийн төрөлх Дайчин вангийн хүрээг уран барилгын цогцолбор, өвөрмөц чамин соёлын дурсгалт төв болгохоор олон зүйлийг сэдэж байсан гэдэг. Иймийн учир М.Ханддоржийг Богд хаан зарлигаараа 1913 онд “Сайныг удирдагч” цолоор шагнажээ.

 Чин ван М.Ханддорж улс үндсээ харийн эрхшээлээс чөлөөлөх үйл хэрэг, тусгаар төрийн бодлого, үйл ажиллагаанд дайчин зоримог байдал, ухаалаг чанар сэтгэлийн хатамжаар үлгэр жишээ үзүүлж чадсан. Чингис хааны удмын хат сайт төрийн түшээ байсныг түүхчид нотолсон юм. Чин ван М.Ханддоржийг 1911 оны үндэсний хувьсгалын хошуучлагч байсан гэж үздэг юм. Түүний гадаад бодлогын чиг шугам өнөөдөр жинхэнэ утгаараа хэрэгжиж он цаг холдох тусам нэр төр, үйл хэрэг нь тодорсоор байна.

 Чин ван М.Ханддорж XIII далай ламыг Монголд ирж өвөлжүүлсэн нь манжийнхны дургүйг хүргэсэн удаатай. Ханддоржийн хайрт хүү Данзанжамцыг хааны ордны ёс алдсан гэдгээр Бээжинд зэрлэгээр цаазалж толгойг нь тавган дээр тавьж үзүүлсэнд өгүүлшгүй уй гашууд унаж отго жинстэй малгайгаа авч шидэн “Манж хятадын маалинга шаахайн ул, марал илжигний туурайг Хаалган даваа давуулж, Ар халхын нутагт хэрхэвч гишгүүлэхгүй” гэсэн андгай тангараг тавин, хайрт хүүгийнхээ толгойг ганзаглан эх нутагтаа ирсэн гэдэг. Энэ бүх явдал түүнийг Манжийн түрэмгийллийн эсрэг эцсээ хүртэл тэмцэх эрчийг улам нэмсэн ажээ. Тэрээр өөрийн хошуу нутгаас манжийн албыг залгуулахаас цааргалж байсан удаатай. Тэрээр олноо Өргөгдсөний тавдугаар оны цагаан сарын шинийн 6-нд дөнгөж 46-ны сүүдэр зооглосон учир битүүлгээр хорлогдон нас эцэслэсэн билээ.

Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]