Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Ю.Андропов яагаад хүүгээ нууцлав?Уншсан12,923

Орос улсын түүхэн дэх хамгийн нэртэй, оньсого мэт улс төрийн зүтгэлтний нэг Юрий Андропов одоогоос 95 жилийн өмнө төржээ.

 

 Орос улсын түүхэн дэх хамгийн нэртэй, оньсого мэт улс төрийн зүтгэлтний нэг Юрий Андропов одоогоос 95 жилийн өмнө төржээ.

Тэрбээр Брежневийн үед ЗСБНХУ-ын Улсыг аюулаас хамгаалах хороог 15 жил тэргүүлж, дараа нь ЗХУКН-ын Төв Хорооны Ерөнхий нарийн бичгийн даргаар 15 сар ажиллажээ. Андропов 1984 онд нас нөгчс­өн нь тэрбээр ЗСБНХУ-ын хөгжлийн чиглэлийг өөрчилж мэдэх шинэтгэл хийх гэж байсныг нь саатуулсан байна.

Андропов нас нөгчснөөр түүхэнд олон оньсого үлдэж, энэ талаар одоо ч маргасаар байна. Нэрт улс төрчийн хувийн амьдралтай холбоотой домог ч цөөнгүй.

Андроповын эхнэрүүд, хүүхдүүдийн талаар хүмүүс удтал юу ч мэддэггүй байв. Харин өөрчлөн байгуулалт эхэлснээр л Юрий Владимировичийн нуухыг оролдож байсан баримтууд ил гарах болов.

АНДРОПОВЫН ХОЁР ГЭР БҮЛ

Төмөр замын инженер Владимир Константинович Андропов, хөгжмийн багш Евгения Карловна Флекенштейний хүү Юрий Андропов Ставропольд төржээ. 30-аад онд Рябинскт /Ярослав муж/ комсомолын ажилд дэвшиж байв. 1936 онд Рябинскийн усны тээврийн техникумд оржээ. Тэнд байхдаа Нина Енгалычеватай танилцаж гэрлэв. Тэднийх удалгүй Женя охин, дараа нь Володя хүүтэй болов. Юрий Владимирович 1940 онд Карело-финийн зөвлөлт социалист бүгд найрамдах улсын комсомолын байгууллагын удирдагч болов. Гэвч эхнэр нь жаахан хүүхдүүдээ авч түүний хамт Карели руу явахаас татгалзжээ.

Тэрбээр Ярославльд үлдэж, харин Андропов удалгүй Татьяна Филипповна Лебедеватай гэрлэсэн байна.

ДИПЛОМАТЧИЙН ЭХНЭР

Дайн дууссаны дараа 40-өөд оны эцсээр Андропов намын ажилтны тушаалд дэвшиж эхлэв. Тэрбээр Петрозаводскийн их сургууль, намын дээд сургуульд дээд боловсрол давхар эзэмшиж, дараа нь 1953 онд дипломат ажилд шилжив. Юрий Андропов 1953 оны аравдугаар сараас Польш, Чехословактай харилцах европын дөрөвдүгээр хэлтсийг тэргүүлж, 1954 оны долдугаар сараас БНУАУ-д элчин сайдаар томилогдов. Тэрбээр 1956 онд Унгарт гарсан хувьсгал, ЗСБНХУ-д бол үймээн гэж нэрлэдэг хэрэг явдалд идэвхтэй оролцов.Тэр түүхт жил олон мянган хүн тусгаар тогтнол, улс төрийн эрх чөлөө хүссэн уриа барьж, Будапешт хотын гудамжинд гарчээ. Жагсаал нь яваандаа гудамжны тулаан болов. Энэ түгшүүрт цаг үе Юрий Андроповынхны хувьд ул мөргүй өнгөрсөнгүй.

Түүний хоёр дахь эхнэр Татьяна Филипповнагийн бие муудав. “Түүний нүдэн дээр аймшигтай явдлууд болж, тэр энэ бүхний тухай надад ярьдаг байсан…” гэж Андроповын том хүүгийн эхнэр Мария Иосифовна “Комсомольская правда” сонины сурвалжлагчид ярьжээ.

ХҮҮХДҮҮД

Юрий Андроповын хоёр дахь эхнэр Игорь, Ирина гэсэн хоёр хүүхэд төрүүлжээ. Тэр хоёр залуудаа жүжигчин болохыг мөрөөддөг байсан нь эцгийнх нь дургүйг хүргэжээ. Игорь, Ирина хоёрыг Таганка дахь театрт жүжигчнээр аваагүй байна. Ингэхэд Андропов н­¬өлөөлсөн эсэх нь тодорхойгүй байна. Ирина Юрьевна Андропова хэлний мэргэжил эзэмшиж, жүжигчин Михаил Филипповтай гэрлэв. Харин Филиппов хожим Наталья Гундареватай гэрлэсэн байна. Ирина Дмитрий гэдэг хүүтэй, тэрбээр банканд ажилладаг гэнэ.Андроповын хүү Игорь Юрьевич Грект ЗСБНХУ-ын элчин сайдаар сууж, дараа нь ЗСБНХУ-ын онцгой даалгаварт элчин сайдаар ажиллаж байв.

Игорь Андроповын хоёр дахь эхнэр нь жүжигчин Людмила Чуркина юм. “Игорь бид хоёр найз нарындаа танилцсан. Хоёулаа ганц бие, чөлөөтэй байв. Харин түүнтэй танилцахдаа энэ залуу хэний хүүхэд гэдгий нь би мэдэхгүй байсан… Игорь ер бусын ойтой, боловсрол сайтай, шүлэг бичдэг, гэвч ааш муутай хүн байсан. Бие даасан хоёр хүн зэрэгцэн аж төрөх гэдэг яггүй байв” гэж Чурсина дурссан байна. Игорь Юрьевич салсныха дараа анхны эхнэр Татьяна Квадраковатай эргэж суув. Тэрбээр эцгийнхээ тухай ном бичиж дуусгалгүй 2006 оны зургадугаар сарын 13-нд өөд болжээ. Юрий Андропов улс оронд үндсэн шинэтгэл хийхийг хичээж байсан гэж түүний дуусгаагүй номонд бичжээ.

“1983 онд Төв Хорооныхон “зах зээл” гэсэн үгийг өөр зуураа сэмхэн ярьдаг байв. Гэхдээ зах зээлийн эдийн засаг руу явах замыг ерөнхий боловч авч үзэж байв. Үйлдвэрүүд, мөн салбаруудад ихээхэн эрх чөлөө өгөх, тэгэхдээ үүнийг улсын төлөвлөлтийн уян хатан системтэй холбох шаардлагатай байв” гэж Игорь Юрьевич бичжээ. Игорь Андроповын бичсэнээр бол ерөнхий нарийн бичгийн дарга “сахилгыг дээшлүүлж, авлигалыг нилээд дарж, гэмт хэргийг таслан зогсоож, өөрөөр хэлбэл хөгжингүй социализмын онолчид, эрс эргэлт, их үсрэлтийн талынхны доог тохуу хийдэг байсан тэр хүнд ажлыг хийхээр” төлөвлөж байжээ.

“НУУЦ” ХҮҮ

Генсекийн эхний гэрлэлтээс төрсөн Владимир Андропов хүүгийн талаар удтал юу ч мэдэгдэхгүй байв. Тэрбээр танхайн хэргээр нэг үе шоронд сууж, архинд орсон байжээ. Хүү нь ял эдэлж байгаа нь Төв Хорооны нарийн бичгийн даргын сул тал болохыг ойлгосон Андропов Владимирыг Москвагаас аль болох холхон байлгахыг хичээдэг байв. Гэхдээ тэрбээр түүнд насан туршдаа мөнгө явуулж, эхнэр Мария Иосифовнатай нь харилцдаг байв. Мариягийн ярьснаар бол, эцэг эх нь салсны дараа Владимир Андропов хэнд ч хэрэггүй болжээ. Эх нь түүнийг хүмүүжүүлсэнгүй, эцэг нь хаа нэг ирж, бэлэг л өгдөг байв. “Надад юу ч хэрэггүй, зөвхөн аав минь та надтай хамт байвал л болоо” гэж Володя аавдаа ярьдаг байжээ.

Хүмүүжил сул, эцэг эх нь анхаараагүйн улмаас Володя Андропов бүр залуудаа шийтгүүлжээ. Тэрбээр нисгэгч болохыг мөрөөдсөн ч чадвар дутав. Нисэхийн сургуульд орох гэснийг нь аав нь дэмжээгүй байна. Владимир 1962 онд оёдлын үйлдвэрийн зохион бүтээх товчоонд тохируулагч механикчаар орж, хожмын эхнэр Мариятай танилцжээ. Гурван жилийн дараа тэд Евгения охинтой болов. Залуу гэр бүл эхлээд нийтийн байранд сууж байгаад дараа нь байр авчээ. Мария Иосифовна оёдлын үйлдвэрт 11 жил ажиллаад, дараа нь худалдааны байгууллагад зээлийн мэрэгжилтэн болов.

“Манай нөхөр ажил хийж байгаагүй. Их өвдөнө. Хүүхэд байхдаа хоёр ч удаа шарлаж, элэг нь ч муудсан. Бас тэвчээр муутай хүн байв. Үерхдэг улс нь олиггүй ээ” гэж Мария ярьжээ. Владимир Андропов 1975 оны зургадугаар сарын 4-нд 35-тайдаа нас барав. Түүний үхлийн талаар цуу яриа их гарсан. Мария Иосифовнагийн ярьснаар бол, тэрбээр бөөрний дутагдлаар нас баржээ. “Тэр дарамтад байсан. Амьдрал нь хэцүү, сэтгэл санаагаар их унадаг байв. Владимир нас барахаасаа өмнө аав ээжтэйгээ уулзахыг мөрөөдөж байсан ч бүтээгүй. Би төрсөн эхэд нь захиа бичсэн ч тэр ирээгүй” гэж Андроповын бэр дурсчээ. Эцэг эх нь хүүгийнхээ оршуулгад ч ирсэнгүй. Андроповын хүү архинд орж, сураггүй болсон, эмнэлэгт нас барсан хойно нь олсон гэсэн цуу яриа байдаг. Зарим хүн Владимирыг Андроповын улс төрийн эсрэг этгээдүүд гутаадаг байсан гэж нотлох нь вий.

П.Шагдар

Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]

Унших СЭДЭВ-ээ өөрөө сонгодог боллоо

12 сард сонгогдсон сэдэв
Дундад зууны Европ
2018 оны 1 сарын онцлох сэдвийн санал хураалт явагдаж байнаЭнд дарж саналаа өгнө үү