Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Бидний танихгүй Н.Лхамсүрэн – 2Уншсан1,703

...Тэгээд ч маршал өөрийнхөө залгамжлагчид дотор Лхамсүрэнг оруулж тооцож, нэрлэж байсан гэх аман түүх байдаг юм билээ.

Онц бөгөөд Бүрэн эрхэт Элчин сайд асан, олон улсын харилцаа судлаач, профессор Д.Баярхүү 


Дипломатчийн хөрөг нийтлэл

 

Нийтлэлийн нэгдүгээр хэсгийг энд дарж уншина уу.

 

1954 оны 11 дүгээр сарын 19-24-нд хуралдсан МАХН-ын XII их хурал, 25-нд хуралд хуралдсан Намын Төв Хорооны бүгд хурлаар Улс төрийн Товчоог Д.Дамба, Б.Дамдин, Ц.Дүгэрсүрэн, Н.Лхамсүрэн, Ж.Самбуу, Ю.Цэдэнбал, Б.Ширэндэв нарын бүрэлдэхүүнтэй байгуулж, Улс төрийн Товчооны орлогч гишүүдэд Д.Балжинням, Б.Жамбалдорж нарыг сонгожээ. Тус бүгд хурал МАХН-ын Төв Хорооны нарийн бичгийн дарга нарын газрыг Д.Дамба, Ц.Дүгэрсүрэн, Н.Лхамсүрэн, Д.Самдан нарын бүрэлдэхүүнтэй сонгожээ. МАХН-ын Төв Хорооны нэгдүгээр нарийн бичгийн даргаар нөхөр Д.Дамба, хоёрдугаар нарийн бичгийн даргаар нөхөр Ц.Дүгэрсүрэн нарыг сонгов гэсэн мэдээ нийтэлжээ. Ийнхүү Н.Лхамсүрэнг Улс төрийн Товчоонд жинхлүүлж, Намын Төв Хорооны үзэл суртал эрхэлсэн нарийн бичгийн даргаар (хэрэв дугаарлабал III нарийн бичгийн дарга) сонгосон нь нам-засгийн эрх барих дээд байгууллагад ажиллуулахаар дээд удирдлага шийдвэрлэснийг илтгэнэ.

Дамбыг намын даргаар дэвшүүлсэн, Цэдэнбал Ерөнхий нарийн бичгийн даргын тушаалаасаа татгалзсан, тэр үетэй давхцан Н.Лхамсүрэн Улс төрийн Товчоонд жинхэлж, Намын Төв Хорооны үзэл суртал эрхэлсэн нарийн бичгийн дарга болдог нь хоорондоо логик холбоотой томхон үйл явцын нэгээхэн хэсэг юм болов уу хэмээн би үздэг. 1954 оны 4 дүгээр сарын эхээр хуралдсан МАХН-ын Төв Хорооны бүгд хурлаар зохион байгуулалтын ноцтой томилгоо хийгджээ. “Сайд нарын Зөвлөлийн ажил дээр гол анхаарлаа чиглүүлэн ажиллах нь чухал байгаа учир МАХН-ын Төв Хорооны Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэгт ажлаас чөлөөлөх тухай нөхөр Цэдэнбалын тавьсан хүсэлтийг харгалзан МАХН-ын Төв Хорооны бүгд хурал МАХН-ын Төв Хорооны Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэгт ажлаас чөлөөлөх тухай БНМАУ-ын Ерөнхий сайд Цэдэнбалын хүсэлтийг ёсоор болгожээ” гэсэн албан мэдээ төвийн сонины хуудаснаа явж байна.

Тэгснээ “Ерөнхий” гэдэг нь “Нэгдүгээр” болж солигдоод Д.Дамбыг намын даргад сонгосон байна. МАХН-ын Төв Хорооны нэгдүгээр нарийн бичгийн даргаар нөхөр Д.Дамбыг, нарийн бичгийн дарга нараар нөхөр Ц.Дүгэрсүрэн, Н.Лхамсүрэн нарыг сонгон баталжээ гэсэн байх юм. Жилийн өмнөөс сонгогдон ажилласан албан тушаалаа Лхамсүрэн энэ удаа баталгаажуулж, тэр оныхоо сүүлээр чуулсан намын XII их хурлаар бүр ч баталгаажуулжээ хэмээн үзэж болно.

Нийгэм-улс төр, эдийн засгийнхаа бүх салбарт СССР-ийг хуулбарлан дууриадаг, Москвагаас чиг авдаг тэр байдал нь ийнхүү халаа сэлгээ хийхэд мэдээж нөлөөлсөн. 1953 оноос гэжтооцож болно. Сталин таалал төгсөж, ЗХУКН-ын Төв Хорооны Ерөнхий нарийн бичгийн даргын албыг нь намын талаас Хрущев (Сталинаас хойш хагас жил Төв Хорооны нарийн бичгийн дарга) залгамжилж, харин СССР-ийн Сайд нарын Зөвлөлийн даргын албыг нь Г.М.Маленков үргэлжлүүлсэн, тэгэх мөртөө Зөвлөлт Засгийн газрыг маш хүчтэй бэхжүүлж, улс төрийн ихэнхи дээд зүтгэлтэн нь (Берия, Булганин, Каганович, Молотов) Сайд нарын Зөвлөлийн нэгдүгээр орлогч болцгоож, тэдний гурав нь ДЯЯ, ГЯЯ, Цэргийн яамны (хүчний яамд) сайдаар давхар томилогдсон, намын аппарат намынхаа хүрээнд ажлаа явуулдаг болсныг Ю.Цэдэнбал гярхай ажиглаж, тэрээр намын удирдах тушаалгүй Г.М.Маленковтой эн зэрэгцэх нь чухал болсон аж. Сталин намын даргаар 31 жил ажиллахдаа, нэг ёсондоо төрийн тэргүүн л байсан, тийм ч зангараг харагддаг, завсарт нь 1941 оноос Ерөнхий сайдыг хавсарсаар хорвоог орхисон. Чойбалсан ч МАХН-ын дарга руу тэмүүлээгүй, Ерөнхий сайдаараа 1952 оныг хүргэсэн.

СССР-т хүчтэй гүйцэтгэх засаглал тогтчихлоо. Монголд тэр нь сулхан мэт Цэдэнбалд санагджээ. Түүнийг бэхжүүлэх хэрэгтэй. Намыг нам чигээр нь ажиллуулахаас бус төрийн дээр гаргахгүй, тэр утгаар Н.Лхамсүрэнг төрөөс холдуулж, намын өндөр албан тушаал руу гулсуулсан байх магадлалтай. Н.Лхамсүрэн нь Чойбалсанд итгэгдсэн, бүр 1940 онд Мал тариалангийн яамны сайдаар томилогдож байсан (1940.07.06-1942.05.15-нд ажилласан), түүхэн үйл явдлуудад гар бие оролцсон, Ерөнхий сайдын орлогч, ГЯЯ-ны сайд, УБХ-ын гишүүн явсан, Улсын Их Хурлын депутат байгаагийн хувьд хүчтэй гүйцэтгэх засаглалд Цэдэнбалтай ана мана өрсөлдөх үе тэнгийн нэгэн байсанд хамаг учир оршино. Тэгээд ч маршал өөрийнхөө залгамжлагчид дотор Лхамсүрэнг оруулж тооцож, нэрлэж байсан гэх аман түүх байдаг юм билээ.

Анхаарал татах өөр нэг асуудал байна. Маршал Чойбалсангийн үед 1951.06.10-нд Улсын Их Хурлыг сонгох сонгууль явуулсан бол тун удалгүй 1954.06.13-нд дараагийнхаа сонгуулийг явуулсан байх аж. БНМАУ-ын Их Хуралд депутатаар сонгогдсон 295 хүний нэрс дотор 90 дүгээрт “Намтайширийн Лхамсүрэн –Батсүмбэрийн сонгуулийн тойрог” гээд байж байна. Төр-засагт хамааралгүй намын ажилтан Лхамсүрэн депутат нь депутат байжээ. Засгийн газрын бүрэлдэхүүнд Ерөнхий сайд Ю.Цэдэнбал, Ерөнхий сайдын нэгдүгээр орлогч Б.Ширэндэв, Ерөнхий сайдын орлогч С.Лувсан, Д.Майдар, Л.Цэнд гэж жагссан байна.

СССР-т Маленков Сайд нарын Зөвлөлийн даргаараа бэхжиж, коммунист намын дарга арын эгнээнд байсан үйл явдлыг Монголд хуулбарлан буулгаж, баталгаажуулахын тулд Цэдэнбал дахин сонгууль явуулж шинэ Улсын Их Хурал байгуулах, БНМАУ-ын Их Хурлын Тэргүүлэгчдийн даргын онгорхой албан тушаалд (Г.Бумцэнд 1953.09.23-нд таалал төгссөнөөс хойш) ГЯЯ-ны орлогч сайдaap ажиллаж байгаад Монгол-Зөвлөлтийн найрамдлын нийгэмлэгийн орлогч дарга болсон Ж.Самбууг гэв гэнэт шатгүй ахиулж томилуулан, тэгснээрээ төрийн дээд байгууллагыг хяналтдаа авах далдын санаагаар энэ бүх ажиллагаа нөхцөлдсөн байх магадлалтай.

Тэр үед Лхамсүрэнгийн эрхэлж байсан үзэл суртал эрхэлсэн нарийн бичгийн дарга гэдэг нь ямар үүрэгтэй албан тушаал вэ? Аугаа их эх орны дайны тухай, Зөвлөлтийн армийн чөлөөлөх байлдаан, фашизмын эсрэг хүн төрөлхтөний тэмцлийн талаар Монголын ард түмэнд байнга мэдээлж байх үүрэг бүхий МАХН-ын Төв Хорооны үзэл суртал эрхэлсэн нарийн бичгийн даргаар анх 1944 онд Б.Ширэндэв (Н.Лхамсүрэнгийн дурсан ярьснаар Ширэндэв нь намын гишүүн биш байхдаа?) томилогдож, 1948 он хүртэл ажилласан бол 1948-1950 онд С.Чойжамц, 1950-1951 онд М.Лувсанцэрэн, 1951-1954 онд С.Сосорбарам, 1954-1957 онд Н.Лхамсүрэн, 1957-1958 онд Ч.Сүрэнжав, 1958-1960 онд Д.Төмөр-Очир, 1960-1962 онд Л.Цэнд, 1962 онд Д.Төмөр-Очир, 1962-1972 онд Б.Лхамсүрэн гээд жагссаар 1990 онд Ц.Балхаажаваар дуусдаг.

Харин тэр намынхаа дээд албанд Н.Лхамсүрэн яагаад удаагүй вэ гэдэг нь олон хариулт бүхий эгзэгтэй сэдэв юм. ЗХУКН-ын ХХ их хурлын үзэл санааг хүлээн авч дэмжиж, улс орны тулгамдсан асуудлаа илэн далангүй хэлэлцсэн МАХН-ын Төв Хорооны 1956 оны 4 дүгээр сарын IV бүгд хурал дээр МХЗЭ-ийн Төв Хорооны нэгдүгээр нарийн бичгийн дарга Ядамсүрэн МАХН-ын Төв Хорооны үзэл суртал эрхэлсэн нарийн бичгийн дарга Н.Лхамсүрэнг ширүүн шүүмжилсэн үг хэлжээ. Энэ шүүмжлэлээс улбаатайгаар түүнийг улс төрөөс зайлуулах ажиллагаа эхэлсэн болов уу гэх таамаг төрж байна. Бүгд хурлын тэмдэглэлээс ийм дүгнэлт хийж болж байна. Ядамсүрэнгийн хэлэх үгийг ч эртнээс маш нягт боловсруулж, үүрэг чиглэл өгч, Улс төрийн Товчооны гишүүнийг (Намын Төв Хорооны Улс төрийн Товчооны жинхэнэ гишүүн, нам-засгийн нэг удирдагчийг шүү!) бүдүүн зүрх гарган нэр заан шүүмжлэх эрх олгосон байх магадлалтай.

МХЗЭ-ийн Төв Хорооны нэгдүгээр нарийн бичгийн дарга Ядамсүрэн шүүмжлэлийнхээ эхэнд өөрөө толгойлж байгаа эвлэлийн байгууллагаа хайр найргүй дайрч, үгүйсгэж, залуучуудын хүмүүжил унасныг баримтаар авч өгчээ. Сурагчдын сахилга, хүмүүжил, сурах бичиг, оюутны хүмүүжил гэхчлэн ярьж явснаа намын үзэл суртлын ажил руу орж ярьжээ. Үзэл суртлын ажлыг эрс сайжруулах хэрэгтэй, сайжруулах хэрэгтэй гэдгийг ч ЗХУКН-ын ХХ их хурал заалаа гэснээ ингэж ярьжээ:

Онолын зарим чухал асуудлын талаар хариу өгөхөд н.Лхамсүрэн огт анхаарал тавихгүй байна. н.Лхамсүрэнг бид мэдлэг зүтгэлтэй сайн хүн гэж үнэлж, түүний үгийг анхааралтай сонсдог байсан. н.Лхамсүрэн Чойжамцыг нарийн бичгийн дарга байхад шүүмжлэхдээ ажил сайжруулах нөхцөл суртлын хэлтэст бүрэн байна. Хэлтсийн ажилтан нь цөм дээд боловсролтой хүмүүс юм гэж байсан. Харин одоо ажиллах бололцоо ба хэлтсийн чадвар нь бүр ч их дээшилсэн юм. ЗХУКН-ын ХIХ их хурлын дараагаар хотын намын идэвхтний хурал дээр н.Лхамсүрэн “Би үзэл суртлын ажлын чухлыг одоо сайн ойлгож байна, би Намын дээд сургуулийн марксизм-ленинизмийн кафедрын эрхлэгчийн ажлыг муу хийж байгаа” гэж, түүнийгээ сайжруулна гэж үүрэг авч байсныг санаж байна. Гэтэл Лхамсүрэнгийн ам ажил хоёр сүүлийн үед сүрхий зөрөх болжээ.

Ер нь н.Лхамсүрэн намын эрх ашгийн үүднээс биш, тийм нялуун зангаар хүнтэй харьцдаг, хэдхэн тооны сэхээтэнтэй мөр алгадалцан явах замаар харилцаж байдгаас одоо нийтийн дунд н.Лхамсүрэн ярьсан гэдэг сайн муу яриа, бусдыг үнэлж дүгнэсэн яриа гарах болжээ. Ийм том хариуцлагатай хүн тийм бэртэгчин зан гаргаж болохгүй. Лхамсүрэн хоёр жилийн өмнө шинэ сэргэг байхдаа онолын зарим асуудалд хариу өгмөөр эхэлсэн боловч тэр эхлэлт нь н.Дэлэгийн бичсэн “Зарц ядуусын тухай” алдаатай статъя гарсан, үүнийг н.Лхамсүрэн даан ч хийсвэр уншиж гаргасан байна. Энэ алдаатай статъяг н.Лхамсүрэн өөрөө үзэж гаргасан учир төдий л яриа болголгүй өнгөрүүлсэн юм. Үүний хамт н.Лхамсүрэн алдаа гаргахаас айж онолын асуудалд хариу өгөх зүрх нь хүрэхээ больсон байна. Үзэл суртлын ажлын амьдралаас тасархай их дутагдлын хамт урлагийн ажилд их дутагдал оршиж байна гэхчлэн ярьжээ.

МХЗЭ-ийн Төв Хороог толгойж асан энэ хүний шүүмж цаашаа нэг хүнийг тахин шүтэж байсны хор уршиг, аймгийн намын хороодын ажил, Лоохуузын шүүмжлэлийг өөлсөн эсэргүүцсэн, дутагдал байгаа ч н.Цэдэнбал, н.Дамба нарыг итгэл эвдсэн гэж үзэх үндэстэй баримт байхгүй тухай, Чойбалсангийн дараа Ерөнхий сайдыг томилоход 4 хүнээр санал хураагдсан гэж н.Лоохууз ярьсан нь чавганц эхнэрүүдийн дотор байдаг хов живийн яриа, харин Сүрэнжав маршалыг нас барсны дараа хэсэг хүн цуглуулж Ерөнхий сайдын байр суурийн төлөө явууллага хийсэн нь үнэн гэхчлэн ярьсан байна. Цэрэндорж бичиж, Арильдий зассан тэр үгТөв Хорооны IV бүгд хурлын дэлгэрэнгүй тэмдэглэлд үлджээ.

Эл бүгд хурал дээр Ерөнхий сайд Ю.Цэдэнбалын тавьсан илтгэлээс энд хамаарахгүй ч ганц абзац эшлэмээр байна.

"Зөвлөлтийн бүх ард түмэн, ЗХУКН, Зөвлөлт Засгийн газар нь манай ард түмнийг хамгийн анхны хань, анхны ардчилсан улс гэж үздэг юм. Тэд манай хоёр ард түмэн бол сайн сайхныг ч, хүнд бэрхийг ч хамт үзсэн юм гэж их дотноор харилцдаг юм. Жишээ нь нэг хүлээн авалт дээр нөхөр В.М.Молотов хундага өргөж манай улсыг “Ардчилсан улсуудын анхны алтан хараацай” гэж нэрлэсэн юм. Энэ юуг хэлж байна вэ гэвэл манай орны давшилтыг их өндөр үнэлж байгаа юм. Энэ үнэлэлт манай ард түмнийг их зоригжуулж байгаа хэрэг юм" гэжээ.

Ийнхүү маршал Чойбалсангийн үнэнч шавь, манай нам, улс, нийгмийн үйл хэрэгт үнэнч, манай нам, төр-нийгмийн идэвхтэй зүтгэлтний нэг Намтайширын Лхамсүрэнг анх удаа олны нүдэн дээр шившиглэжээ. Тэрхүү гайт бүгд хурлын дараа түүнийг Намын Төв Хорооны Улс төрийн Товчооны гишүүн, Намын Төв Хорооны нарийн бичгийн даргын үүрэг ажлаас бүрмөсөн (үүрд!) чөлөөлжээ.

Шившиглэх ажиллагаанд хожим Цэдэнбалыг буруутгадаг. Тэр хоёрын дунд ямар нэг зөрчил, үл ойлголцол байсан болоод л Лхамсүрэн нь үхэн үхтлээ гомдож өширхөж явсан болов уу.

Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]