Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

SpaceX гурван пуужингаар 63.5 тонн ачааг тойрог замд оруулнаУншсан1,350

Энэ удаад хөдөлгүүрүүдийн нэг нь ч гацаж унтарсангүй, цээж болж байсан гурван пуужингийн нэг нь ч дэлбэрсэнгүй, бүтэн үлдэв.

Сансар судлал сонирхдог хүмүүсийн хувьд хоёрдугаар сарын 6-нд хөөргөхөөр төлөвлөсөн Элон Маскын (SpaceX болон Tesla-гийн CEO) аварга пуужингийн туршилтыг асар өндөр сэтгэл хөөрлөөр хүлээж байна. АНУ-ын Засгийн газрын зогсолтоос болж хэдэн өдөр хойшилж шатахуунаар цэнэглэсэн Falcon Heavy (Хүнд шонхор) пуужингийн 27 хөдөлгүүрийн статик туршилт  1 дүгээр сарын 24-нд амжилттай болж өнгөрсөн.

 

Статик туршилт гэдэг нь пуужинг хөөргөлгүй харин газарт, пуужин хөөргөх буудалд-Флорида муж улсад байдаг Кеннедийн сансрын төвийн Apollo 39A дугаарын хөөргөх талбайд 27 ширхэг Merlin 1D маркын хөдөлгүүрийг 12 секундын туршид зэрэг асааж туршсаныг хэлж байна. Энэ 27 ширхэг хөдөлгүүрийн нийт хүч нь ойролцоогоор 18 ширхэг Boeing 747 онгоцны хөдөлгүүрийн хүчтэй тэнцэх аж.

Сансар судлалын түүхэнд домог болсон сарны Saturn V пуужингууд л үүнээс илүү хүчтэй байсан юм. Энэ удаад хөдөлгүүрүүдийн нэг нь ч гацаж унтарсангүй, цээж болж байсан гурван пуужингийн нэг нь ч дэлбэрсэнгүй, бүтэн үлдэв. Энэ туршилт дуу чимээ ихтэй байснаас гадна ялгарсан их хэмжээний уурнаас болж үзэж харах юмтай байжээ. 

 

 Зургийн тайлбар: Falcon Heavy нь дэлхийн хамгийн хүчтэй пуужингуудын нэг ба  63.5 тонн ашигт ачааг дэлхийн тойрог замд оруулах юм.

Энэ пуужингийн туршилтын нислэг их чухал. Туршилтын нислэг амжилттай болсноор SpaceX корпораци ийм төрлийн тээгч пуужингуудаараа алс хол байгаа од гаригс руу, тухайлбал Сар болон Ангараг гариг хүртэл зорчигч, аялагчдыг тээвэрлээд эх дэлхийд нь буцааж авчрах боломж нээгдэх юм. Нэг ёсондоо энгийн иргэдийн сансар дахь аялал улам л боломжтой, нээлттэй болох юм. Мэдээж хэрэг сансрын аяллын тасалбар овоохон үнэтэй байх нь ойлгомжтой. 

 Зургийн тайлбар: Угсарч байгаа Falcon Heavy пуужин

 Зургийн тайлбар: Энэ гурван пуужингийн доод талыг харуулсан байдал. Энд нэг пуужинд 9 ширхэг яндан байгаа нь харагдаж байна. 3 пуужинд нийтдээ 27 ширхэг яндан байгаа гэсэн үг. Нэг хөдөлгүүр нэг яндантай гэвэл энд 27 хөдөлгүүр байна гэсэн үг.

Өнгөрсөн жил Маск Falcon Heavy-гээр өөрийнхөө гал шиг улаан өнгөтэй Tesla Roadster машинаа анхны туршилтын ачаа болгож сансарт гаргана гэж жиргэн дуулиан шуугиан болгож байсан юм. Сүүлд нь үүнээсээ буцаж ердөө л хошигносон юм хэмээн жиргэжээ. Гэхдээ зул сарын баярын үеэр энэ машин нь пуужингийн агуулахад байгаа зургийг  Twitterт тавьсан байсан. Дараа нь SpaceX-ээс  албан ёсоор энэ машиныг пуужингийн хамрын хөндийд байгаа зургийг гаргасан. Сансарт хөөрөх Tesla машиныг зохих ёсоор доторлож, пуужинд аюул учруулж болзошгүй электрон хэрэгсэлүүд болон сэлбэгүүдийг нь зайлуулсан байх магадлалтай ба олон зуун килограмм жинтэй аккумляторуудыг авсан байгаа нь тодорхой.

 Зургийн тайлбар: Пуужингийн хамрын хөндийд байрлуулсан Маскын цахилгаан машин  Fotо: SpaceX

Төлөвлөснөөр бол Элон Маскын Tesla нь Ангараг гаригийн тойрог замд биш харин Нарыг тойрсон зуйван зам дээр буух ба энэ зуйван замын хамгийн алс холын хэсэг нь Ангараг гаригийн Нарыг тойрсон замд хүрдэг. SpaceX-ийн инженерүүд үүгээр  Falcon Heavy-нь Ангараг гаригт хүрэх чадвартай юм гэдэгт хүмүүсийг итгүүлэх зорилго тавьжээ. Ангараг гаригийг колончилох нь Элон Маскын эн түрүүнд тавьсан мөрөөдөл юм. Энэ машин үнэхээр сансарт хөөрөх юм уу үгүй юу гэдэг нь энэ хоёрдугаар сарын 6-нд мэдэгдэх байх.

Хүнд Шонхор

SpaceX-нь үнэн хэрэгтээ гурван ширхэг Falcon-9 пуужинг хооронд нь холбож Falcon Heavy-г бүтээжээ. Элон Маскын 2011 онд танилцуулсан Falcon Heavy-гийн нурууг нэг ширхэг олон шатлалтай хүчитгэсэн Falcon-9-өөр хийсэн ба түүний хоёр талд нэг нэг ширхэг сүүлийн жилүүдэд маш сайн туршигдсан Falcon-9 пуужингуудыг холбож өгсөн ба эдгээр нь, эхлээд салдаг хурдасгах шатлал болж ажиллах юм.  Falcon Heavy пуужин нь 70 метр өндөр ба шатахуунаар цэнэглээд 1400 тонн жинтэй болдог.

Дэлбэрэх үү, үгүй юу

Нарыг тойрсон замд орох нь Falcon Heavy-гийн туршилтын хамгийн сүүлчийн хэсэг юм. Falcon Heavy ер нь ажиллах юм уу гэдэгт хэн ч хариулт өгч чадахгүй байна. Элон Маск өөрөө, энэ пуужин хөөргөх зогсоол дээр эсвэл хөөрсний дараа удалгүй дэлбэрэхгүй гэдэгт ердөө 50 хувийн магадлал өгч байгаа. Энэ тухай есөн шидийн маргаан өрнөсөөр л байна. Энэ маргаан хүмүүсийг хоёр хэсэгт хуваасан.

Нэг хэсэг нь Falcon-9  пуужингууд бол найдвартай, 40 гаруй удаа үүнийг баталсан. Falcon-9-үүдээс бүтсэн Falcon Heavy пуужин ажиллах боломжтой. Falcon-9 дээр угсарч хийсэн пуужин асуудалгүй ажиллагаатай байх болно, энд зөвхөн хэмжилтүүдийн асуулт л байгаа гэцгээж байна.

Нөгөө хэсэг нь Зөвлөлтийнхний амжилттай болоогүй сарны пуужингуудтай зүйрлэж байгаа. Нэг пуужинд хэдийчинээ олон хөдөлгүүр байна төдийчинээ олон алдаа, гамшиг гарах магадлал бий гэж үзэж байна. Энэ N1 гэсэн пуужингийн хамгийн хүчтэй 1 дүгээр шатлалд нийтдээ 30 ширхэг NK-15 маркийн хөдөлгүүр байсан.

Нарийн түвэгтэй бүтэц бүхий энэ пуужинг 4 удаа хөөргөх гэж оролдоод амжилтгүй болжээ.

Маск ч гэсэн “Гурван Falcon-9-ийг бие биетэй нь холбох нь энгийн юм шиг санагдаж болох юм. Гэвч үүгээр асуудлууд гурав дахин нэмэгддэг. Физик ачаалал нь шал өөр болдог, аэродинамикийн үзүүлэлтүүд ч өөр болно, чичирхийлэл болон дуу чимээний ачаалал олон дахин өсдөг. Энэ бүхэн Falcon-9 пуужингийн анхны параметрүүдийн тэвчих хязгаарыг давдаг” гэж хэлжээ. Маск “Falcon Heavy пуужин дэлбэрсэн ч гэсэн хөөргөх зогсоол болон үйлчилгээний дэд бүтцийг сүйтгэхгүй өндөрт дэлбэрвэл боллоо” гэж үзэж байна. Энэ бүхэнд нэг нааштай тал байгаа юм.  Falcon Heavy хэдий  чинээ өндөрт хүрнэ өөрийнхөө ажиллагааны талаар төдий чинээ олон баримт материалыг өгөх болно. Үүнийг сүүлд нь SpaceX-ийн пуужингийн инженерүүд түүнийг давтан хөөргөхдөө ашиглаж болно хэмээн Маск найдаж байна. Төлөвлөснөөр бол гурван Falcon-9 гурвуулаа дэлхийд буцан ирж буух юм. Хоёр талд нь байгаа урьд нь нэг нэг удаа хэрэглэсэн байсан хоёр хурдасгах пуужин нь хуурай газарт LZ-1 гэдэг буух талбайд, харин голын пуужин нь  SpaceX-ийн “Of Course I Still Love You” (OCISLY) гэдэг дрон хөлөг онгоцны тавцан дээр буух юм.

Судлаач, орчуулагч Лувсангийн Пүрэвхүү

Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]