Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Түүх, шинжлэх ухааны олон сонирхолтой контентыг түгээгчид, эрдэмтэн судлаачдын бүтээлийг та бүхэн энэ хуудаснаас сонирхон уншаарай!

"Монголтой холбоотой ямар ч асуудлыг хоёр хөрш маань түрүүлж шийдэж ирсэн гэдгийг бид хэзээ ч мартаж болохгүй"Уншсан15,661

Түүхийн ухааны доктор Д.Өлзийбаатартай Монголын түүхэн дэх цагаан толбо, ололт, эмгэнэл, түүхийн сургалтын өнөөгийн байдлын талаар ярилцлаа.

-Монголын түүхийн бүхий л үеийг хамаруулсан “Монголчууд” хэмээх CD хэвлүүлсэн байна лээ. Хүүхэд, залуучууд ном унших нь багассан өнөө үед компьютерээр эсвэл машиндаа сонсоод явж байхад тохиромжтой юм. Та өөрөө ярьж бичүүлсэн байсан.
-Сонсдог буюу Цахим түүхийг хийсний зорилго нь залуучуудыг түүхээ мэддэг, түүхдээ анхаарал хандуулдаг, түүхийн ном зохиол уншдаг, судалдаг болгох гэсэн хэрэг. Бид мэдээллийн технологи хөгжсөн цаг үед амьдарч байна. Хүмүүс бага уншиж, бичдэг болсон. Амьдралынх нь хэв маяг ч өөрчлөгдсөн. Машин унаанд, орон нутгийн замд, гадаад, дотоодод алба, амины ажлаар явахдаа онгоцонд олон цагийг өнгөрөөж байна. Ийм үедээ түүхээ сонсоод явах боломжтой. Бид 30-аас доош насныханд зориулж хийсэн. Энэ насныхан эх түүхээсээ нэлээд хол өсчээ. Тэдний буруу ч бас биш юм. Ардчиллын давалгаа, шилжилтийн үеийн бэрхшээл, сургалтын хөтөлбөр энэ тэр нь өөрчлөгдөж, нэг хэсэг гадаад хэл, математик чухал юм байна гэсээр түүхийн хичээлийн сургалт хаягдсан гэхэд болно. Ганц түүх биш л дээ. Монгол хэл, уран зохиол ч бага үзсэн. 1980-аад оныхон одоо нас биед хүрлээ. Гадаадад сурч, өндөр боловсрол, мэдлэгтэй болсон. Тэдэнд эх түүхээ мэдэх зайлшгүй шаардлага тулгарсан.

1990-ээд оны сүүлч 2000-аад оны эхнээс түүхийг үзэх монголчуудын үзэл их өөрчлөгдсөн шүү дээ. Түүхээ өөрөөр харж, ойлгоё, мэдье гэдэг болж байна. Түүхийн хүрээлэнгээс маш олон ном зохиол гаргаж, сүүлийн дөрвөн жилд гэхэд 110 гаруй ном хэвлүүлсэн байх жишээтэй. Түүхийн хүрээлэнгийн захирал С.Чулуун залуу хүн, маш эрчтэй ажиллаж байгаа. Энэ 110 гаруй номноос залуучууд хэрэгтэйгээ олж авна гэдэг хэцүү, тэр тусмаа түүхийн мэдлэгийн дэвсгэр байхгүй залууст бэрхшээлтэй. Тиймээс түүхийн дэвсгэр өгье гэдэг үүднээс энэ CD-г хэвлүүлсэн. Чулуун зэвсгийн үеэс эхлээд 1990 оны ардчилсан хувьсгал хүртэлх үеийг хамруулсан байгаа. Түүхийн мэдлэгийн дэвсгэртэй, эх түүхийнхээ гол гол үеийг мэддэг болсон тохиолдолд цаашаа мэдлэгээ баяжуулж судлах боломжтой. Наад зах нь Монголын нууц товчоогоо өөр өөр хардаг болно. Монголын нууц товчоо бол түүх, философи, хэл, зан заншил, уран зохиолын маш том судлагдахуун. Бид одоо болтол судалж дуусаагүй байна. Энэ CD-г сонссоноор түүхээ зөв өнцгөөс хардаг, мэддэг болох байх л гэж бодож хийсэн юм.

 

-Богино долгионы радиогоор явж байхыг нь сонссон. Хүүхэд, залуус ойлгоход их дөхөмтэй, хялбаршуулсан юм билээ.
-Түүхийн лекц биш юм. Мэргэжлийн түүхчийнхээ хувьд эх түүхээ залуучуудад ойлгомжтой болгох үүднээс мэдлэгээ хуваалцаж, харилцан ярилцаж буй хэлбэрийг сонгосон.

-Эх түүхээсээ үзвэл Монгол Улсад мандан бадарсан, уруудаж доройтсон олон цаг үе байсан. Энэ бүгдийн учир шалтгаан юу байсан юм бэ?
-Түүх бол сургамж юм. Үлгэр бол бүр биш. Үлгэр ч гэсэн сургамж агуулж байдаг. Туулж ирсэн замынхаа аль хэсэгт нь онож, хаана нь алдаж ирсэн юм бэ гэдгээ мэдэж байж хойшдынхоо зам мөрийг тодорхойлдог учиртай. Монголчууд бидний өнөөгийн нэг дутагдал нь түүхээсээ сургамж авдаггүйд байна. Монголын баялаг түүхээс дэлхий нийт сургамж авч ирсэн, авч ч байна. Наад зах нь Монголын эзэнт гүрний түүхийг дэлхий судалж байна шүү дээ. Яагаад гэхээр нүүдэлчин монголчууд Ази, Европын хүчирхэг гүрнүүдийг байлдан дагуулж, хүчирхэг гүрэн яаж байгуулав гэдэг нь тэдний сонирхлыг татахгүй байхын аргагүй. Чингис хаан дэлхийн дайдыг эзэлсэн гол зэвсэг нь сахилга бат, түүн дээр суурилсан дэг журам, эв нэгдэл байж гэдгийг тэд биднээс түрүүлээд судалж, сургамж авч байна. Дээрээс нь тухайн үеийн дэвшил болж байсан мэдээллийн хурд. Яагаад монголчууд тийм их хурдтай байв гэхээр амьдралынх нь хэв маяг буюу нүүдлийн мал аж ахуйтай нь холбоотой гэдгийг судлаад тогтоочихлоо.

-Бидний түүхийг дэлхий судлаад байдаг. Гэтэл бид түүхээ судлахгүй байна гэдгийг та хэллээ. Энэ юутай холбоотой вэ. Төр, засгийн буруу юу, эсвэл монголчууд бид өөрсд өө сонирхохгүй байна уу?
-Төр, засгийн бодлоготой холбоотой гээд хэлчихэд буруудахгүй. Манай хоёр их хөршөөс гадна Монголын түүхийг үгүйсгэх, арчих сонирхол ялангуяа бидэнд эзлэгдэж байсан улс орнуудад их байдаг юм шүү дээ. Гэсэн ч түүх бол түүх. Тэд түүхэн үнэнийг яаж ч чадахгүй. Хамгийн харамсалтай нь Монголын түүхийг үгүйсгэх үзэлд бид өөрсдөө их автдаг. 1990 оныг хүртэл бид өөрсдөө өөрсдийнх өө түүхийг үгүйсгэж ирсэн. Монголчуудыг түүхэндээ сонирхолгүй ханддаг, түүхийг уйтгартай гэж үздэг болгосон нь социализмын үеийн Марксист, Ленинист түүх судлалын арга зүйтэй холбоотой. Энэ бол ганц манайд ч бус социалист системийн бусад оронд ч байсан асуудал. Социалист үзэл суртлын сурталчилгааны явцад түүх эзэнгүйдсэн. Түүхэн гол гол үйл явдлуудаас тойрч өнгөрсөн. Нууж, дарагдуулж, гуйвуулж бичдэг болсон. Монголын түүхийг үгүйсгэгчдийн бичдэг Чингис хаан, Их эзэнт гүрний үеийн түүхийг байлдан дагуулал, харгислал, дэлхийн түүхийг хойш нь татсан үйл явдал гэж бичиж ирсэн. Энэ нь Зөвлөлтийн түүхчдийн оролцоотой хийсэн үйл ажиллагаа байсан юм. Үүнийг даван туулах, сургамж авахын оронд 1990-ээд оноос бид эргээд түүхээ гуйвуулж эхэлсэн.

Социализм муу, түүх нь худал гэдэг үзэлтэй хамт Ардын хувьсгал, Д.Сүхбаатарыг муулах, түүхийг гуйвуулах явдал үзэл суртал болж хувирлаа. Миний найз, зохиолч, сэтгүүлч Төрмөнх саяхан “Айдсан дундах арал дээр бид амьдарч байна” гэсэн нийтлэл бичсэн байна лээ. “Айдсан дундах амьдрал буюу бид эргээд үзэл суртал руугаа орчихлоо. Үзэл суртал ганцхан социализмд байдаггүй юм байна, ардчиллын өнөө үед ч оршсоор байна” гэж бичсэнтэй нь би санал нийлнэ. Ардчилсан үзэл суртал гэдэгтээ ч байгаа юм биш. Энэ бүхэн чинь түүхэнд үл итгэх, сургамж үл авах, бүгд худлаа, бүгд гуйвсан гэж үнэ цэнийг нь буруулаад байгаа юм. Хүмүүс одоо юу гэдэг болсон бэ гэхээр “За энэ ч яахав, Чингис хаан дэлхийг байлдан дагуулж байсан л юм байгаа биз. Одоо түүгээр цээжээ дэлдээд яах юм. Монголчууд бутарч жижгэрээ л биз. Одоо байж л байна. Өнөөдөр мөнгө олж, маргааш сайхан амьдарч байвал л болоо” гэх үзэл нийгэмд хавтгайрлаа. Гэтэл үгүй юм аа. Цаашдаа бид оршин тогтноё, монгол хэлээрээ ярьж, монголоороо үлдэе гэвэл түүхээ нухацтай судалж, түүхээсээ сургамж авч байх учиртай. Түүх давтагддаг, тиймээс түүхийн сургамж гэж ярьдаг. Түүх хэзээ, ямар түвшинд, ямархуу байдлаар давтагдах вэ гэдэг нь эмзэг асуудал. Эв нэгдэл, сахилга бат, түүн дээр суурилсан дэг журам алдагдсан тохиолдол бүрт Монгол Улс бууран доройтож ирсэн гэдгийг бидний буурал түүх харуулдаг.

Монголчуудын хүчирхэг байдал удаан үргэлжилсэнгүй, үндсэндээ 200 жил тогтжээ. Хэзээнээс хагарч бутарч, бууран доройтож ирэв гэхээр Их эзэн Чингис хааны дөрвөн хүү эцгийгээ өнгөрс өний дараа хоёр хуваагдсанаас л эхтэй аж. Их эзэнт гүрнээ хагалан бутаргасан монголчууд өнөө хүртэл эв эеэ олоогүй байна. Хагарч бутарсаны үр дүн нь өнөөгийн жижиг Монгол. Их хаан “Улсыг авч явъя гэвэл эв нэгдэл, эцгийн гэрээсийг зөрчихгүй байх явдал” гэж сургасан. Харамсалтай нь, их хааны хөвгүүд, үр ач нар нь дэлхийн хэмжээний эзэнт гүрэн байгуулсан ч гэлээ эвдэрэлцэл нь дийлсэн юм. Хамгийн том зөрчил Аригбөх, Хубилай нарын хооронд гарч тэд улсаа мөхөөхөд хүрсэн. Чингис хааны алтан ургийн тогтсон ёсоор бол Аригбөх Их Монгол Улсын хаан болох ёстой байсан гэдгийг бид түүхээсээ мэднэ. Гэтэл Хубилай эрх мэдлийн төлөөх тэмцэл хийж, ялсан. Түүний эрх мэдэл 108 жил оршин тогтносон. Ийм хугацааны дараа нанхиадуудаас хөөгдөж, байгуулсан улс нь бутарсан энэ үйл явдлыг харах юм бол эцсийн дүндээ тэд хожиж бид хожигдсон. Яагаад тэд хожив гэхээр монголчууд Цагаан хэрмээс хойш хөөгдөж ирэх үед Эзэнт гүрний төв болж байсан уугуул улс орон нь хоцрогдсон ар хязгаар болсон байж.

Монголын их эзэнт гүрний нийслэл, дэлхийн худалдаа, хөгжил, соёлын төв болж байсан Хархорины бүх зүйл Хубилай хааны байгуулсан шинэ улсын нийслэл Бээжинд төвлөрсөн. Тэд монголчуудын үлдээсэн бүх шилдэг өвийг чадварлагаар өөриймсүүлж авсан. Тэнд хөгжлийн эх үүсвэр тавигдсан. Суурин иргэншлийн нэг давуу тал нь хөгжлийг маш хурдан шингээж, хөгжүүлж чаддагт байдаг. Юань гүрний дараа оршин тогтносон Мин гүрэн 300 жил засагласнаар үүнийг тайлбарлаж болно. Энэ үед л тархай бутархай байсан нанхиадууд нэгдэж өнөөгийн Хятад улсын үндэс тавигдсан. Хятад улсын хүчирхэгжилтийн үндэс нь Монгол эзэнт гүрний байлдан дагуулалтын үеэс эхтэй гэдгийг дэлхийн түүхчид хүлээн зөвшөөрөөд байна.

-Энэ их бутарлыг ойлгоод, их гүрнээ эргэж байгуулах гэсэн оролдого ч бас байсан. Зарим талаар амжилт олсон нь ч бий шүү дээ.
-1410 онд Мин улсын цэрэг орж ирээд Хархориныг дахиж сэргэхгүй болтол нь сүйтгэсэн. Түүнээс хойш монголчууд дахиж хот байгуулаагүй. Төвлөрсөн хот суурин байгуулах нь бидний оршин амьдрахад аюултай юм байна гэдгийг ойлгосон юм шиг байгаа юм. Эрхэлдэг аж ахуй, амьдралын хэв маяг нь ч таараагүй байх. Энэ үеэс хойш их нүүдэл ч зогссон. “Монголчуудын нүүдэл их хот нүүж байгаа юм шиг” гэж түүхэн сурвалжид бичсэн байдаг шүү дээ. Түүнээс хойш хэсэг бүлгээрээ, хот айлаараа, ганц хоёр өрхөөрөө нүүх болжээ. Лигдэн хаанаас эхлээд их гүрнээ эргэж байгуулах гэсэн оролдлого байсан. Очирт цагаан гэдэг хот хүртэл байгуулсан. Гэвч түүнд Чингис хааных шиг ухаан дутсан, хүчээр нэгтгэх гэж дайрсан нь алдаа байжээ. Батмөнх даян хаан, Мандухай цэцэн хатан, Галдан хаан нар Их Монгол Улсаа эргэж байгуулах гэжээ. Гэсэн ч Монголын хагарал эргэлт буцалтгүй болсон байж. Эвлэрэлийн сүүлчийн жишээ бол 1921 он.

Барон Унгерн Өргөөг чөлөөлж, Богд хааныг ширээнд нь залж, Засгийн газрыг нь байгуулсан. Үүнтэй зэрэгцээд Хиагт хотод Зөвлөлт Орос улсын дэмжлэгтэй Ардын төр, Засгийн газар байгуулагдсан. Энэ хоёр Засгийн газар 1921 оны гуравдугаар сараас мөн оныхоо долдугаар сар хүртэл дайсагналцсан. Эцэст нь ойлголцож, Ардын Засгийн газар гэхээсээ илүү эвлэрлийн гэж нэрлүүштэй Засгийн газар байгуулжээ. Энэ Засгийн газарт Ардын намын, Ноёдын намын, Түшмэдийн намын төлөөлөл бүгд орсон. Эвдэрэлцэх нь Монголын эрх ашиг биш гэдгийг тэд олж харсан юм. Үр дүнд нь 1921 оны хувьсгал. Урд хөршийнхөө эрхшээлээс салсан. 1990 оны ардчилсан хувьсгалын дүнд хойд хөршийнхөө гараас мултарч, мөрөөдөж байсан тусгаар тогтнол, эрх чөлөөгөө олж авсан. ХХ зууны Монголын гурван хувьсгал ач холбогдлын хувьд яг адил юм шүү дээ.

-Манай хоёр хөршийн геополитикийн бодлого Монголын тусгаар тогтнол, хөгжил дэвшилд нөлөөлсөн нь мэдээж. Энэ дундаас бид алдахаа алдаж, олохоо ч олсон байх.
-ХХ зууны түүхэн үйл явц дунд өргөн утга, үр дүнгээр нь авч үзвэл хамгийн их хожсон нь Монгол Улс. Социалист систем бүрэлдсэний дараа дэлхий үндсэндээ хоёр туйлд хуваагдсан. Гүзээнд наалдсан дэлүү гэдэг шиг Монгол Улс Зөвлөлтийн нөлөөнд 1940-өөд оны сүүлч хүртэл ганцаараа явсан нь үнэн. Учир нь Монголоо тусгаар улс байлгах нь бидэнд чухал байсан юм. Энэ зуунд Монгол Улс тусгаар улс байж л чадвал чөтгөр ч байсан, бурхан ч байсан нийлэхэд бэлэн явсан. Бидний мөрөөдөл бол Цагаан хэрмээс хойш, Буриад, Тува, Халимаг, Барга, Шинжааны монголчуудаа нэгтгэх. 1911, 1921 оны хувьсгалын дараа үүнийг л тавьсан байдаг. Энэ мөрөөдлийг дэлхийн хоёрдугаар дайны дараах дэлхийн шинэ дэг журам тасалсан юм. Энэ хүртэл Монгол Улс газар зүйн байршлынхаа ачаар тусгаар улсын нэр зүүж иржээ. Зөвлөлт Оросын Ази руу гарах геополитикийнх нь орон зай зөвхөн Монгол. Монголыг алдвал Азийг тэр чигээр нь алдлаа гэсэн үг. Дээрээс нь Сибирь алдагдана. Тийм ч учраас 1928 онд манайд ирсэн Коминтерний төлөөлөгч Б.Шмераль “Энэ улсын хүн амаас нь илүү газар нутаг нь чухал” гэж хэлсэн байдаг. Геополитикийн энэ ач холбогдол өнөө ч ач холбогдлоо алдаагүй, хойшид ч хэвээр нь байх нь гарцаагүй. 1949 онд манай өмнөд хөрш социалист улс болсон. Ингээд бид хоёр том социалист улсаар хүрээлүүлсэн. Ази, Европын олон орон социалист лагерт харьяалагдав. Эндээс эхэлж Монгол хожлын нүүдлээ хийсэн. Үр дүнд нь 1980-аад он гэхэд Монгол Улс хөдөө аж ахуй, аж үйлдвэр хөгжсөн, хүн ам нь 100 хувь бичиг үсэгтэй, боловсролтой, гадаад, дотоодод мэргэжил эзэмшсэн үндэсний сэхээтэн, мэргэжилтнүүдтэй, эрүүл саруул залуусын орон болж хувирсан. Мөн гадаад нэр хүнд нь өссөн ийм улс болсон.

1961 онд НҮБ-ын бүрэн эрхт гишүүнээр элссэн нь Монгол Улсыг гаднаас хэн ч эвдэн сүйтгэхгүй гэсэн баталгаа болсон. Социализмын гэгдэх тэр 60-70 жилд энэ лагерт харьяалагдаж байсан зүүн Европын голдуу улсууд улс төр, эдийн засгийн хувьд ялагдал, хохирол, хоцрогдол хүлээсэн гэж ярьдаг. Хөгжлийн хувьд хамгийн их хожсон нь монголчууд бид. Гэтэл манайд социализмын үеийн ололтуудыг түүхийн хувьд үгүйсгэх хандлагатай боллоо. Ардчилсан хувьсгал, ардчилагчид энэ үеийн бүтээгдэх үүн. Харь гаригаас ч юм уу, Америкаас ирээд ардчилсан хувьсгал хийчихсэн юм биш. Ардчиллын үр хөврөл социализм дотор бүрэлдсэн нэг үйл явц юм. Удахгүй 1990 оны оноос хойших буюу ардчиллын түүхийг бичиж, дүгнэж эхэлнэ. Хүний амьдралын нэг үе солигдлоо. 1990 онд төрсөн хүүхэд өнөөдөр 25 настай залуу, тэр үед 25-тай байсан хүн 50 хүрлээ. Энэ үеийг ирж буй цаг үеийн залуу түүхчид дүгнэх нь гарцаагүй. Ямар үнэлгээ гарах, түүх хэрхэн бичигдэх нь сонин.

-Та телевизийн сэтгүүлчид өгсөн ярилцлагынхаа үеэр Оросын дипломатч И.Коростовецийн хөшөөг босгох ССАЖЯ-ны шийдвэрийг ихэд шүүмжилж, эсэргүүцэж байсан. Монголын түүхэнд энэ хүний гүйцэтгэсэн үүрэг, алдаа, оноо юу байдаг юм бэ?
-Энэ хүнээр дамжиж Хаант Оросын эрх ашиг Монголд орж ирсэн. Оросын эрх ашгийг 100 гаруй жилийн өмнө Монголд тавьсан дипломатчийнхаа дурсгалыг мөнхж үүлэх гэж оросууд санал тавьсан байх л даа. Тэр санааг нь манайхан хүлээж авч огт болохгүй л байхгүй юу. И.Я.Коростовецийн хөшөөг Монголд босгоно гэдэг нь эх оронч да лам Г.Цэрэнчимидийг бид өөрсдөө доромжилсон хэрэг болно. Да лам Г.Цэрэнчимид тэргүүтэй манай төлөөлөгчид И.Коростовецтэй хэлэлцээ хийхдээ түүний тулган шаардлагыг ерөөсөө хүлээж авдагг үй байсан юм. “Монголын тусгаар тогтнол гэдэг бол Өвөрмонгол, Тува, Барга, Буриад. Үүнийг та бүхэн хэлэлцээрийн хаана нь тавиад байгаа юм бэ” гэдэг асуудлыг да лам тавьсан. Гэтэл И.Коростовец “Бид Японтой хэлэлцээ хийхдээ Өвөрмонголыг тус улсын мэдэлд өгсөн. Ар Монгол бол манай эрх ашгийн бүс. Тиймээс энд Өвөрмонголын асуудал ямар ч хамаагүй. Бид Японтой сөргөлдмөөргүй байна” гэжээ. Энэ асуудал да лам Г.Цэрэнчимидийг ихэд хилэгнүүлсэн гэдэг. Асуудлыг дахин тавьж ороход И.Коростовец гэрээг шалан дээр хаяж, “Монголын эрх ашиг гэж юу байдаг юм бэ” хэмээн дээр нь дэвсэлж байсан хүн.

Оросуудын тавьсан санал, дөрвөн зүйл бүхий гэрээний хавсралтад “Оросууд Монголд чөлөөтэй нэвтэрнэ, гаальгүй байна, Монголын алт эрдэнэсийг нутаг руугаа чөлөөтэй авч явна” гэх мэт олон зүйл заалт бий л дээ. Үндсэндээ шууд колонио болгосон. Зөвлөлт Оросын саналыг да лам хүлээж аваагүй. Хариуд нь И.Коростовец “Ховдын хязгаарыг чиглэн хятад цэрэг ирж яваа. Тэр цэргийг бид зогсоохгүй, та нар хятадуудтай байлдаад дуусдаг юм байгаа биз” гэж хэлсэн. Үнэхээр Ховдын Шар сүмийн чиглэлд Хятадын цэрэг хөдөлсөн гэдэг мэдээг манайхан авчихсан, тосож байлдах бэлтгэлээ хийж байжээ. Түүний шахалт, шаардлага, сүрдүүлгээр манай төлөөлөгчид арга буюу гарын үсэг зурсан. Энэ гэрээ байгуулсны дараахан Хятад, Оросын хамтарсан Бээжингийн тунхаглал гэгч гарч “Монгол бол Хятадын нэг хэсэг, харин Ар Монголд Оросын нөлөө байна” гэж заасан. И.Коростовец хүнийхээ хувьд ч ээдрээтэй намтартай хүн. Сүүлд Октябрийн хувьсгалаасаа зугтан Иранд амьдарч байгаад нас барсан гэдэг. Ийм хүний хөшөөг Монголд босгох юм гэнэ, манай эрх баригчид. Тэгвэл улс орныхоо тусгаар тогтнол, нутаг дэвсгэрийнхээ бүрэн бүтэн байдлын төлөө тэмцсэн да лам Г.Цэрэнчимид хэн болж хувирах вэ. Энэ эх орончийг бид дорд үзэж, доромжилсон хэрэг болно. Түүхийн ёжтой тоглоом гэгч ёстой энэ болох байх.

-Та тэр үеэр “Монголд орос хүний хөшөө заавал хэрэгтэй юм бол И.Сталины хөшөөг босгохгүй юу” гэж хэлсэн. Гэтэл бид 1990 онд И.Сталины хөшөөг сүр дуулиантай буулгасан шүү дээ. Та ямар яагаад тэгж хэлсэн юм бэ?
-Өнгөрсөн зуунд Монгол Улсыг тусгаар тогтноход Оросын хоёр иргэн маш чухал үүрэг гүйцэтгэсэн байдаг. Сонирхолтой нь, хоёулаа орос биш үндэстэн л дээ. Нэг нь герман гаралтай Барон Унгерн, нөгөөх нь гүрж үндэстэн Иосиф Сталин. Богд хаанаас баатар цол хүртэж байсан Барон Унгерны тухай бид мэдэж байгаа. И.Сталин Монгол Улсыг өнөөгийн хил хязгаараар нь дэлхийн том гүрнүүдээр хүлээн зөвшөөрүүлж чадсан гавьяатай. Тэгээд л би ингэж хэлсэн юм. Ер нь Монголын тусгаар тогтнол, хөгжил дэвшил манай хоёр хөршөөс их хамаатай. Монголтой холбоотой ямар ч асуудлыг хоёр хөрш маань түрүүлж шийдэж ирсэн гэдгийг бид хэзээ ч мартаж болохгүй.

-Түүхээс уншиж байхад манай олон эх оронч тухайлбал, Богд хаант Засгийн газрын сайд нар ойрхон ойрхон, цаг бусаар амь үрэгдсэн байдаг. Энэ явдал Монголын төрд маш том хохирол авчирсан нь ойлгомжтой. Энэ мэт бусармаг явдлын шалтгааныг бид дотоод зөрчлөөсөө хайх уу, эсвэл хөрш үүдийгээ хардах уу?
-Аль аль нь л бий. Бидний дотоод зөрчлөөс үүдсэн хэрэг явдал ч байгаа, хоёр хөршийн улс төрийн бодлогын золиос болсон нь ч бий. 1911 онд Монгол Улс тусгаар тогтнолоо олсны дараа Өвөрмонголчууд, буриадууд, Шинжааны монголчууд бидэнтэй нэгдэхээ мэдэгдэж, хөдөлж эхлээд байсан. Ер нь үндэсний эрх чөлөөний хөдөлгөөний санаачлагчид нь өвөрлөгчид гэдгийг бид хэлж байх ёстой юм. 1800-гаад оны сүүлчээс Манжийн эсрэг хийсэн тэдний тэмцэл ард олонд нь дархлаа болон тогтсон байсан. Хайсан гүн, Удай нар Ар Монголд ирж да лам Г.Цэрэчимид нартай уулзаж, Манжийн эсрэг тэмцье гээд санаа бодлыг сонсоод буцсан. Тэд хамтарч тэмцсэн, Манжийг ноёрхлыг унагасан гэдгийг бид түүхээсээ мэднэ. Үүний дараа монголчууд эвлэж чаддагг үй зангаараа зөрчилдөөд эхэлсэн. Юуны өмнө Ар Монголын болоод өвөрлөгч ноёдын хооронд хагарал гарсан. Хайсан гүн, да лам Г.Цэрэнчимид нар харц гаралтай байж. Т.Намнансүрэн, М.Ханддорж, Түшээт хан О.Дашням нар язгууртан. Ингээд удам угсаагаа дуудалцан хагаралдсан. Дээрээс нь лам, хараараа бас ялгарсан. Монголчуудын энэ мэт зөрчлүүд бусдын идэш бололгүй яах вэ.

1913-1919 оны хооронд Үндэсний хувьсгалыг удирдаж ирсэн бүх хүн толгой дараалан цаг бусаар амиа алдсан. 1920 оны эхээр байгуулагдсан Гадаад Монголын журмыг засах ноёд, язгууртны намаас тунхаг гаргаж “Монголчуудын хамаг хүнийг залхай хятадууд хядаад дууслаа” хэмээсэн байдаг. Энэ нь зөвхөн хятадуудын хийсэн ажил бус, оросуудын оролцоо ч бас бий. Тухайлбал, да лам Г.Цэрэнчимидийг баруун хязгаарт явахад нь Увсын Хяргас нуурын хавьд баруун хязгаар дахь Оросын Консул зоог барьжээ. Энэ зоогноос гараад да лам хордож нас барсан. М.Ханддорж ванг Богдын найрнаас гараад явж байхад нь Дунд голын орчимд цохиж алсан. Энэ мэтээр Монголын үндэсний эрх чөлөөний хөдөлгөөний туг нь, удирдагч нь болж явсан хүмүүсийг егүүтгэсэн. “Богд хааныг ганцаардуулах бодлого яваад байна” гэдгийг дээрх тунхаглалд дурдсан байдаг. Удалгүй хятад цэрэг орж ирж, Монголын Улс 2000 гаруй жилийн түүхэндээ анх удаа Хятадын дор толгой хорогдох болсон. Энэ эгзэгтэй үед С.Данзан, Д.Бодоо, Д.Сүхбаатар, С.Магсаржав, Л.Дэндэв нарын эх орончид гарч ирж, Ардын хувьсгалтай золгосон. Дээрээс нь Орос оронд хувьсгал гарсан, социалист үзэл дэлхийд түгсэн гээд олон улсын харилцааны огцом өөрчлөгдсөн цааших үйл явдал манайд ашигтай тусаж эхэлсэн л дээ. Монгол дахь Хятадын ноёрхол жил хагас болоод унасан.

-Тусгаар тогтносон Монгол Улсын хоёр Ерөнхий сайдыг оросууд нутагтаа аваачин эрүү шүүлт тулгаж цаазалсан. Мөн хоёр Ерөнхий сайд тус улсад нас барсан гэдгийг бид мэднэ. Энэ бүхнийхээ төлөө оросууд биднээс уучлалт гуйсан гэж сонсоогүй. Хоёр орны харилцааны түүхэн дэх энэ толбыг хэрхэн ойлгох учиртай юм бэ?
-Наад асуудал чинь Монголын түүхийн их эмгэнэлтэй хэсэг. Монголын тусгаар тогтнол гэдэг бол Зөвлөлт Оросын удирдлагуудын хувьд тоглоом байсан юм. Геостратегийнх нь бүс нутаг л байсан хэрэг. Тиймээс оросууд Монголыг яаж ч зодож байсан биднийг хэн ч өмөөрдөггүй. Нөлөөнийхөө улсыг алдахгүй, чанга атгаж байхын тулд тэд Монголд аллага, хядлага явуулсан юм. 1932 оны үйл явдлыг бид эрх ямбаа эргүүлж авах гэсэн том лам нарын бослого, үймээн гэж тайлбарлаж ирсэн. Одоо ардын бослого, иргэний дайн ч гэж тайлбарладаг болж. Иргэний дайны хэмжээнд ч хүрээгүй юм аа. Ямар ч гэсэн бослого гарчээ. Бослого яагаад гарах болов гэхээр Монголын уламжлалт аж амьдралыг эвдсэн, шашин шүтлэгийг нь үгүйсгэсэн, соёлыг нь доромжилсонтой холбоотой. Лам нарын гэдэг боловч үнэндээ бослогын гол хүч нь хар хүмүүс байсан. Хүрээ хийд гэдэг тэр үед өнөөгийн хот суурин газар байж л дээ. Хүн олноор суурьшсан газрыг түшиглэж, үгсэн тохирч, цэрэг цуух цуглуулж таараа. Энэ бослого их эгзэгтэй үед гарсан байдаг. 1932 оны гуравдугаар сард Манжуурт Японы шууд оролцоотойгоор Манж-Го улс байгуулагдсан. Тэгээд Монгол Улс Орос, Хятад, Манж гэсэн гурван улстай хиллэх болж байгаа биз. Энэ нь ЗХУ-д нэгийг бодогдуулсан байж таарна. Ер нь монголчууд Японд талтай, Орос, Хятад хоёртой хэл амаа ололцохгүй бол тус улс руу л ханддаг байсан.

Японы цэрэг Өвөрмонгол руу цөмөрхөд тус улсын иргэд талархан угтсан. Япончууд Манжуурт өөрийнхөө нөлөөний МанжГо улсыг байгуулахын зэрэгцээ Баргын автономит мужийг бий болгосон. Баргын морьт хороог байгуулсан. Япончууд ч өвөрмонголчуудад нааштай хандаж, сургууль байгуулсан, олон залуусыг нь нутагтаа цэргийн болон энгийн их, дээд сургуульд явуулсан. “Мах, цус нэгтэй өвөрмонголчууд нь Японыг ингэж хүлээж авч байгаа юм чинь энэ монголчууд бас тэгж хандана” гэж оросуудад бодогдоо байлгүй. Тэгээд Зөвлөлт Орос улсад дургүй ямар нэг хүчин Монголд байвал дарж авах бодлого явуулсан. 1932 он бослогыг цус урсган дарсан, хоёр талаас 6000 гаруй хүн амь үрэгдсэн байдаг юм. Залгуулаад Улаанбаатарт төвтэй Дорнод, Хэнтий аймгийг хамруулсан Японы тагнуул Ж.Лхүмбийн хэрэг гэдгийг гаргасан. Энэ хэргээр олон хүнийг хилсээр шийтгэсэн. Тэгээд 1937 онд П.Гэндэн, Г.Дэмидийн хэргийг зохион байгуулсан юм. Зөвлөлт Оросын хэт их түрэмгий бодлогыг эсэргүүцдэг Монгол Улсын Ерөнхий сайд П.Гэндэн, А.Амар нарыг баривчлан нутагтаа аваачин цаазлан хороосон. А.Амар “Би тусгаар тогтносон БНМАУ-ын Ерөнхий сайд байтлаа яагаад Зөвлөлтийн шүүхээр шийтгүүлдэг юм бэ.

Зөвлөлтийн ард түмэнд би хайртай, тэгэхдээ Оросын өнөөгийн удирдагч нар, улаан коммунизмд дургүй. Яагаад гэхээр их улс жижиг улсыг дарлан мөлждөгийн тод жишээ болж байна. Намайг Зөвлөлтийн шүүхээр шийтгэн хүнд ял оноож буй нь үүнийг нотоллоо” гэж хэлсэн байдаг. 1952 оны нэгдүгээр сард Ерөнхий сайд Х.Чойбалсан Москвад нас барлаа. Х.Чойбалсан гуай 1947 оноос эхлээд И.Сталинтай уулзахаа больсон байсан. Өвөрмонголыг Монголтой нэгтгэх нь бүтэхгүй болсон, олон мянган эх оронч, журмын нөхдийнх нь амь хайран санагдсан нь мэдээж. Тэгээд И.Сталинаас зайгаа барьсан нь лавтай. Үүнийг нотлох нэг баримт нь 1949 онд И.Сталины 70 насны ойгоор Югославын Б.Тито, Х.Чойбалсан хоёр л очоогүй, бусад орны тэргүүнүүд баярт нь оролцсон гэдэг. Энэ явдлаас хойш хоёр жилийн дараа Ерөнхий сайд Х.Чойбалсан бөөрний өмөн үүгээр ЗХУ-д нас барсан. Нас барна чинээ бодоогүй байх л даа. Тиймээс юу ч яриагүй, хэрэв дурдатгал энэ тэрээ үлдээсэн бол маш их зүйл тодорхой болох байсан нь лавтай. Х.Чойбалсан гуай амьд сэрүүндээ өөрийн бодол санаа, зарим нэг үйл явдлын тухай Гадаад явдлын яамны сайд Намтайширийн Лхамсүрэнд хэлж бичүүлсэн байдаг. Тэр тэмдэглэлээс нь үзэх юм бол “Монголчуудын хамгийн үнэтэй юм бол тусгаар тогтнол шүү” гэсэн байдаг. “Коммунизм байгуулна, нэг улс болно” гэсэн Зөвлөлтийн үлгэрт автсан Ю.Цэдэнбалыг тусгаар тогтнолоо устгах гэлээ гээд загнаж байсан гэдэг. Манай зарим сэхээтэн ЗХУ-тай нэгдэх гэж хоёр ч удаа захидал бичсэн байдаг шүү дээ. Эх түүхээ мэддэггүй хүмүүс л ийм юм хийнэ. Х.Чойбалсан гуай түүхчдийг урьж, тэднээр Монголын түүхийг их яриулдаг байсан гэдэг юм. Өөрөө ч их уншдаг, судалдаг байж. Тиймээс ч “Тусгаар тогтнолоо устгах нь Монголын эрх ашигт нийцэхгүй, өвг өдийн сүнс зөвшөөрөхгүй” гэж ярьсан байдаг.

Сүүлчийнх нь Ю.Цэдэнбал, Москвад гэрийн хорионд байж байгаад нас барлаа. Оросууд өгөхгүй байсан уу, манайхан авчирахгүй байсан уу. Ямар ч гэсэн Монгол Улсын нам, төрийн тэргүүн байсан хүн харьд амьсгал хураасан нь эмгэнэлтэй. Монгол Улсын хоёр Ерөнхий сайдыг цаазалсан, хоёр Ерөнхий сайд нутагт нь нас барсан асуудлаар ЗХУ-ын тал ямар ч тайлбар хийгээгүй. Цаазлагдсан хоёр Ерөнхий сайдыг энд буудсан гэх газрыг зааж, тэнд хөшөө босгох зөвшөөрсөн юм бол бий. А.Амар сайдыг цагаатгасан тогтоол, архивын зарим баримтыг 1992 онд ирүүлсэн.

-Өнөөдөр ч манай тусгаар тогтнол эмзэг хэвээр байна. Үүнийг би гадаад хүчин зүйлтэй холбож хэлсэнгүй. Асуудал бидэнд байна. Нөгөөх л талцсан, хагаралдсан хэвээрээ, энэ нь Монгол Улсын аюулг үй байдлыг эмзэг болгож, улс орны хөгжилд тушаа болоод байна л даа. Монголчууд бид одоо намаараа талцан “зодолдох” боллоо. Та түүхч, судлаач хүний хувьд асуудлыг хэрхэн харж байна вэ?
-Өнөөгийн монголчууд бидний хамгийн үнэт зүйл бол тусгаар тогтнол, ардчилал. Энэ хоёрыг монгол хүн бүр санаж сэрж явах учиртай юм. Гэтэл энэ маань үгүй болчихоод байна. Ардчилал лоозон, хий үзэгдэл маягийн юм боллоо. Марксын “Коммунизмын хий үзэгдэл Европоор тэнүүчилж байна” гэдэг шиг. Ардчиллын үнэт зүйл болсон шударга ёс, эрх тэгш байдал алдагдлаа. Аливаа түүхэн үйл явц үр дүнгээрээ үнэлэгддэг. Ард түмэн энэ үр дүнг нэхэж, дүн тавьж эхэллээ. Юуны өмнө эдийн засгийн үр дүнг нэхэж байна. Ард түмний дийлэнх нь ядуу хэвээрээ байгаа талаарх тоо баримт саяхан гарсан байна лээ. Бидний бүтээн бий болгосон баялаг ард түмний тав хүрэхгүй хувьд ногдож байна гэсэн байх юм. Эдийн засгийн тэгш бус байдал нийгмийн шударга бус байдлыг бий болгож байна гэсэн дүгнэлтэд хүрчээ. Энэ байдал цааш даамжирвал хэтдээ Монгол Улсын аюулгүй байдал, хөгжилд сөргөөр нөлөөлж, дэлхий нийтэд манай нэр хүнд унах аюултай. Монгол хэл соёл, бичиг , монгол ухаан, зан заншил одоохондоо хөдөө байна. Улаанбаатар, Дархан, Эрдэнэт гээд төв суурин газарт Монголын уламжлалт соёл, зан заншил алдагдлаа. Үүнийг бид хотжих үйл явц, суурин соёл нэвтэрч байна гээд гоёчлон хэлээд байна л даа. Үгүй юм аа, бид Монголоо алдаж байна.

Манайд Европ, Хятад, Солонгос, Япон маягийн соёл их нэвтэрч, монгол залуус танигдахаа болив. Монгол соёл, уламжлалын гол төлөөлөл болсон бөхөө барилдуулж, морио уралдуулж чадахгүйд хүрлээ. Арга заль, мөнгө, бизнес болж хувирсан. Төрийн эрх барьж буй намууд ард түмний эрх ашгийг хамгаалж, тэдний төлөөлөл байхаа болиод удлаа. МАН, АН хоёр төрийн эрх мэдэл, улс төрийн эрх мэдлийн төлөө улайран тэмцдэг бүлэглэл болж хувирчээ. Улс төрийн гол хүчин гэгдэх энэ хоёр намын бүтэц зохион байгуулалт нь ч ангит нийгмийн үеийн намын байгууллагаас ялгарах юм алга. Улс төрийн товчоо, Намын төв хороо нэр нь л өөр болсон болохоос бус энэ хоёр намд тэр чигээрээ байж л байна. Энэ бүхэн одоо байгаа төрийн зохион байгуулалт, сонгуулийн системтэй шууд холбоотой. Үндсэн хуульд нийтийн, тэгш сонгууль явуулна гэж заасан. Гэтэл энэ зарчим алдагдсан. Намдаа хэдэн арваас хэдэн зуун сая төгрөг өгсөн хүн сонгуульд нэр дэвшиж байгаа.

-Тиймээс намуудыг хатуу гишүүнчлэлгүй болгоё гээд байгаа шүү дээ.
-Намуудыг гишүүнчлэлгүй болгох нь зүйтэй. Намууд гишүүнтэй байгаа нь хуваагдал үүсгэж байна. Гэхдээ асуудал үүгээр шийдэгдэхгүй гэж би боддог. Өнөөгийн улс төрийнхөө тогтолцоог өөрчлөх ёстой. 1911, 1921, 1990 оны хувьсгалын дараа улс төрийн тогтолцоо ямар байв гэдгийг эргэж харахгүй байна. Улс төрийн ямар тогтолцоо Монголд илүү зохицож байж вэ гэдгээ харж, энэ хоёр нам засаж залруулаад төрийн эрхийг ард түмэнд өгөх цаг нь болсон. Үндсэн хуульд өөрчлөлт оруулах замаар улс төрийн тогтолцоогоо өөрчлөх ёстой. МАН, АН хоёр сайн дураараа хэзээ ч гишүүнчлэлгүй болохгүй. Гишүүдээ барьж байгаа тулдаа төрийн эрхэнд ээлжилж суугаагаа тэд сайн мэдэж байгаа. Тиймээс хатуухан хэлэхэд ард түмний шаардлага хэрэгтэй ч байж мэднэ. Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо олсон дээрх хувьсгалуудын дараах төрийн тогтолцоог харж байхад хоёр танхим бүхий парламенттай байж. Энэ үедээ төр шиг төртэй явсан байдаг. Нам төвтэй төртэй болсноор ямархуу юм боллоо гэдгийг монголчууд мартаагүй байна. Гэтэл ардчилсан нийгмийн нүүрэн дээр бид дахин нам төвтэй төртэй боллоо.

Өнөөгийн УИХ-ын 76 гишүүн тухайн үеийн МАХН-ын Төв хорооны Улс төрийн товчооны 11 гишүүнээс хамаагүй өндөр эрх дарх, тусгай хангамж эдэлж байна. Төрийн эрх барих ямар тогтолцоог би хэлээд байна вэ гэхээр дээд, доод хоёр танхим бүхий парламентын засаглал Монголд их тохиромжтой. Тэгж байж монголчууд бид нам төвтэй төрийн системээс салж, ард түмэнд төрийн эрх ирэх боломж бүрдэх юм. Өөр гарц харагдахгүй байна. Энэ тогтолцоог зөв хийж чадах юм бол манайх шиг жижиг оронд намын систем байхгүй байсан ч болохоор. Би асуудлыг ингэж л харж байна. Монголын улс төрийг бүрдүүлэгч, төрийн эрхийг ээлжлэн барьж буй МАН, АН хоёрын дунд тэмцэл эхэллээ. Энэ тэмцэл эх орноо хөгжүүлэхий төлөө бус, бие биенээсээ өшөө авах тэмцэл болж хувираад байна. Засгийн эрхэнд гарсан нам нь төрийн албан хаагчдийг намаар ялгаварлаж, хоморголон халж байна, сөрөг хүчнийхээ угшилтай бизнесменүүдийг хавчин гадуурхаж, тэр бүү хэл шоронд хорьж байна. Үүнийг өшөө авч байгаа хэлбэр биш гэж хэн ч хэлэхгүй. Энэ хоёр нам ард түмнийг хагарлын ангал руу хөтөлж явна, түлхэхэд маш ойрхон боллоо. 2008 оны долдугаар сарын 1-ний үйл явдал энэ хагарлын эхлэл. Тэр үйл явдал аймшигтай хүчирхийллийн дохио ч байж болно. Эрх мэдлийн төлөөх тэдний тэмцэлд олон нийт татагдан орвол Монгол Улс сүйрлийн ирмэгт тулна.

-Намуудыг УИХ-д авсан суудлынх нь тоогоор төсвөөс санхүүжүүлэх нь зөв юм биш үү. Тэгээд тэр төсөвт багтаан улс төр, сонгуулиа хий гэдгийг хуульчилаад өгвөл болох юм шиг. Тэгэхгүй бол эд хар, цагаан маш их мөнгө цуглуулж, эргээд түүнийхээ барьцаанд орчихоод байдаг бололтой.
-Засгийн эрх барьж байгаа, сөрөг хүчин болсон энэ хоёр намын үйл ажиллагаа хэчнээн нуух гэсэн ч үйлдлээрээ ард түмэнд харагдаад байна. Арга ядахаараа даргаа солих юм. Тэгээд юу ч өөрчлөгдөхгүй. Энэ хоёр намын ажлын арга барил, бүтэц, тогтолцоо өнөөгийнх шигээ байх аваас төрөөс санхүүжүүлсэн, өөрсдөө санхүүжүүлсэн ч ялгаа гарахгүй. Тэдний байгуулсан төр юм чинь. Байгуулсан төрөө бэхжүүлэхийн тулд тэд худлаа ярьж, худал амлаж байгаа. Ард түмнийг дуугүй байлгахын тулд хүчирхийлэл үйлдэхэд бэлэн болсон. Хэрэв ард түмэн гудамжинд гардаг юм гэхэд МАН-аасаа илүү АН хүчирхийлэл үйлдэх шинжтэй болчихоод байна. Жагсаал цуглааныг хорьж ч байх шиг, өмнөх түүхийг мартагнуулах, бүрхэгдүүлэх оролдлого ч хийж байх шиг. Энэ бол харалган бодлого. Намынхаа эрх ашгийг ард түмний эрх ашгаас дээгүүр тавих боллоо. Эцсийн эцэст намын эрх ашиг гэдэг ард нь байгаа цөөн хэдэн хүний л эрх ашиг. Тэд эрх мэдлээ хадгалж үлдэхийн тулд ард түмний эрх ашгийг уландаа гишгэж байна. Ийм төрд оршин тогтнох орон зай олгохгүй байх ёстой юм.

-Монголчууд баатарлаг түүхтэй, бахархах өвөг дээдэстэй ард түмэн. Гэтэл өнөөдөр нэг л унжгар, үнэт зүйлгүй болсон байна. Үндэс угсаагаараа бахархах, толгой дээгүүр явахын тулд бид эх түүхээ сайн мэдэж байх учиртай. Эх түүхээ судалж мэдүүлэхийн тулд түүхчид та бүхэн, Түүхийн хүрээлэн юу хийж байна вэ?
-Уг нь монголчууд түүхээ тулж, өндийдөг ард түмэн. Харамсалтай тэр тулгуураа хол шидчихээд байна. Чингисийн түүхийг ярихаар хаа байсан улирсан баларсан юм гэнэ. Зөвхөн нэр л хэрэгтэй гэх. Баатарлаг түүхээ мэддэггүй, омогшдоггүй болохоороо унжгар, идэвхгүй, бусдын соёлыг даган дуурайсан, хүмүүс болж хувирчээ. Толгой дээгүүр амьдархын үндэс нь түүхээ сайн мэдэх явдал. Энэ чиглэлээр Түүхийн хүрээлэн, түүхчид их зүйл хийж байгаа. Боловсролын тогтолцоо алдагдсанаас бидний хийсэн ажил хүнд хүрэхгүй байна. Өнөөгийн Ерөнхий боловсролын сургуулийн хүүхэд 13 мянга орчим цагийн хичээл үздэг юм гэсэн. Үүний 280-хан цаг нь түүхийн хичээл. Дангаараа биш шүү, нийгэм, орон нутаг судал энэ тэртэйгээ нийлээд тэр. Түүхийн хичээлийг заавал үзэх, судлах ёстой гэсэн төрийн боловсролын бодлого алга. Болж л өгвөл хасчих санаатай. Цаашдаа түүх судлалын тогтолцоогоо өөрчилж, цэцэрлэгийн наснаас нь эхэлж тохирсон сургалт, тоглоом хүртэл байх ёстойг хуульчлан тогтоомоор. Өндөр хөгжилтэй орнууд энэ наснаас нь түүхээ зааж байна.

Тоглоом, хүүхэлдэйн кино нь хүртэл тэр чигээрээ түүх байх жишээтэй. Орост “Слава баатар”, Хятадад “Мулан” гэх мэтээр. Гэтэл монгол баатрыг мөнхөлс өн хүүхэлдэйн ямар кино байна вэ. Өндөр хөгжилтэй орнууд хүүхдэд 11 нас хүртэл нь гадаад хэл заадаггүй. Манайхан 4-5 наснаас нь гадаад хэл үзүүлж байна, үнийг тас хориглох учиртай. Эхлээд эх хэл, монгол ёс заншлаа сурч, монгол хүн болгох хэрэгтэй биз дээ. Түүхийн хүрээлэн, доктор С.Чулууны удирдлагад сүүлийн дөрвөн жилийн дотор 110 гаруй ном хэвлүүлсэн гэж дээрх хэлсэн. Энэ хүрээлэнд зуун хувь мэргэжлийн түүхчид, угсаатны зүйчид ажиллаж, Монголын бүх үеийн түүхээр судалгаа хийж байна. Энэ дөрвөн жилд 50 гаруй залууг Орос, Хятад, Япон, Герман гэх мэт түүх судлал өндөр хөгжсөн орнуудад сургаж, шинжилгээ, судалгаа хийлгэж байна. Үүний үр дүнд Монгол судлалын төв манайд төвлөрч эхэллээ. Энэ бол асар том амжилт. Одоо төр, засгийн дэмжлэг л хэрэгтэй байна. Түүхээ бүх ард түмнээрээ судлуулдаг болгоход шахах арга хэрэглэхэд ер буруудахгүй. Үүнийг л онцолж хэлмээр санагдаад байдаг юм. Монгол хүн толгой дээгүүр явахын нэг учир нь түрийвчиндээ мөнгөтэй байхаас гадна өв соёл, эх түүхээ мэддэг байх учиртай.

Д.Заяабат

Сэтгэгдэл 21ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
9 сар 6. 21:18
TATARuud xurtel baruun tald

НАДАД БАС ЭРГЭЛЗЭЭТЭЙ САНАГДААД байсиймаа ЯАГААД Их хааны асар их баялагаас ЯДАЖ ТАШУУРЫН ХУГАРХААЙЧ АЛГА бна вэ.өвөрмонголд ч байхгүй,орчин үед босгосон хоосон ҮЛГЭРИЙН сүржин үзмэрүүд.Тэр их үйл явдлаас эд өлгийн,хот суурингийн УЛ МӨР ЗААВАЛ үлдэх ЁСТОЙ ЗААВАЛ.Харамсалтай олигтой юм алга ДА.,Гэтэл ХАСАГСТАНД тэр үеийн САРАЙЧИГ гхт өргөө хотуудын туурь, ЧИНГЭС хааны ууган хүү ЗҮЧийн шарил Бунхан түүхийг гэрчлэн оршиж бхмаа.МНТы эртны ХЭРЭЙД,НАЙМАН ,МАНГУТ,ЖАЛАЙР,ХОНГИРАТ аймаг овгууд болон ИХ ХААНЫ шууд угсаа болох ТӨРЕ чүүдын хэлхээг ХАСГУУД олон зуун жил тасрлалгүй өвлүүлж явааг нь СУДАЛЖ мэдээд ,,, БИ ШОКОНД ОРСИЙН Ш ДЭЭ..хэхэхэхМГЛ үндэсний дээл хувьцасхантаз,хөөрөг да_лян.шанз лимба хуучир ёчинтой урд зүгийн аялгуу нэвт шингэсэн ардын ДУУ. төрийн далбаан дээрхи ИНЯН(манай эрдэмтэд эр эм загас гэж бурдаг бсн хэхэ) гхм ЭНЭ ИХ ХЯТАДын соёлыг ЯАЖ ТАЙЛБАРЛАХ ВЭ.Бидны ӨВӨӨ ЭМЭЭгийн бидэнд өвлүүлсэн мөнгөн эдлэл эмээлын баавар.дэнзэн ташуур босоо захтай дээл ГХМт, ер нь МГЛ үндэсний соёлын өв ЯГААД ЭРТны БУНХАН малтлагаар илэрдэггүйЮМ бэ..Архиологийн олдворууд шаал өөр зүг заагаад байхнь урамгүй.Та соёл өөрчлөгддөг гэх байх,гэвч ХЯТАД МАНЖийн өв соёлийг хойч үе УДАМ нь ЯЛГАХАА байтлаа ӨӨРИЙМШҮҮЛСЭН нь хэний буруу вэ.

2016, 12 сар 21. 4:39
Зочин

Үнэн

2016, 12 сар 15. 18:33
Зочин

Манай зарим нэг баячуул шиг хүүхдээ хар багаас нь харь хэлд сургаж өсгж байгааг анхаарах хэрэгтэй. 8-р Богд харь хүн боловч хар багаасаа монгол ахуйд өссөн тул монголын төлөө насаараа зүтгэсэн. Харин монгол цустай Цэдэнбал орост багаасаа сурч орос авгай авснаас болж насаараа оросын төлөө коммунизмын төлөө зүтгэ ж монгол хүн, хэл соёлыг үзэн ядаж устгах бодлого барьж түүхийг засварлан оросыг магтан бичүүлж байсан гэдэг. Үүний аюул одоо ч бсайсаар байна.

2016, 12 сар 12. 20:58
Зочин

Естой эрдэмтэн хун л ингэж яринаа. Би энэ хунээр бахархаж байна. Телевиз радиогоор илуу тодорхой олон цагаар олон удаа байнга туухийн талаар нэвтруулэг хийж баймаар байна.туухчдээ их бага гэлтгуй байнга оролцуулж баймаар байна. Телевизээр солонгос сериал эсвэл барааны реклам л хамаг цагийг нь авч байншдээ

2016, 12 сар 12. 17:07
Зочин

Hubilai erh medliin tuluu ahiigaa hunuuj tur ulsaa hyatadad tuvluruulj golomtoo hayasan tul uls guren min doroitson , Eh ni Mongolchuudad ostei baisan boluu.

2016, 12 сар 12. 11:44
Зочин

Маш сайхан бүтээл болсон байна билээ. Түүхээ мэддэггүй бид бүгдээрээ сонсох хэрэгтэй. Ямар агуу түүхтэйгээ мэдэхгүй ямагт дорой явж ирсэн юм шиг байцгаах юм. Энэ СD түүхийг хүүхдүүдтэйгээ хамт сонсоход маш тохиромжтой санагдсан шүү. Таньд ажлын өндөр амжилт хүсье. Дараагийн СD түүхүүдийг тэсэн ядан хүлээж байна.

2016, 12 сар 11. 20:39
Зочин

урвагч л хамгийн аюултай, тийм юм байхгүй бол хэн яах юм бэ.

2016, 12 сар 11. 12:55
MNGG

Монгол хүн бүхэн сонсох хэрэгтэй сайн бүтээл болсон байна лээ. Ном уншдаггүй залуучуудад хүргэхэд хялбар. Энэ ярилцлага ч хүмүүст хүрүүштэй ярилцлага болж. амжилт хүсье.

2016, 12 сар 10. 23:41
МОНГОЛ ХҮН

Маш сайхан бүтээл болсон байна лээ. ТҮҮХЭЭ үнэн зөвөөр нь мэдэж байж эх оронч сэтгэлгээ тогтоно. Дээр үед төр засаг ард түмний ҮЗЭЛ СУРТАЛ гэж маш чухал зүйл байсныг үгүй хийсэн . Гэтэл гадны улс орнууд чинь урлаг уран сайхан кино зэргээрээ ҮНДЭСНИЙ БАХАРХАЛ, ЭХ ОРОНЧ сэтгэлгээгээ авч явдаг юм байна. СОЛОНГОСЫН хэнд ч хэрэггүй атаа чөтөө шунал үзүүлсэн кино гаргаж байхаар бүх TV, РАДИО-оор нэвтрүүлэг хийвэл ард түмэнд ХҮРТЭЭЛТЭЙ болж мөн тэр tv , радиогийн нэр хүнд өсөх сайхан боломж байна.

2016, 12 сар 10. 11:21
Зочин

Orosuud Mongolyn tuuhiig guivuulj yarij bichdeg uchraas erdemted tuuniig orhison shuu dee?

2016, 12 сар 10. 16:34
Зочин

Өөрөө гол зүйлийг ойлгосонгүй юу? Монголын буурал доройтлын үндэс нь монголчууд өөрөө, арай тодорхой хэлбэл Хубилай гэж хэлээд байнашт

2016, 12 сар 10. 12:54
Малчинхүү

Хубилай болон бусад хаадууд хамаг хүчийг асар их тарамдуулж өмхий хятдыг ивээжээ.
Ойрдууд өөрсдийн хүчээ буруу ашигласнаас бас болжээ.
Хамгийн чухал нь эцэст нь бүх буруу хариуцлагыг одоогийн Монгол улс өөрөө хүлээнэ толгойгоо мянга чичсэнээс хүч оюунаа дайчлан одоо ирээдүйн төлөө

2016, 12 сар 10. 11:18
Ахмад

Таньд болон монголын түүхийг судалж байгаа залуу эрдэмтэдээ баярлалаа. Энэ бол маш үнэ цэнэтэй үнэнийг өгүүсэн ярилцлага болжээ. Та бүхний соён гэгээрүүлэх их үйлст амжилт хүсье.

2016, 12 сар 10. 10:06
Ганзориг,Шарав

Би уул нь сонсчих санаатай авсан юм . Даан ч машины хөгжим уншихгүй юм байна лээ . 3 нч өөр машинд тавьж үзсэн .

2016, 12 сар 10. 9:09
Зочин

Ардчилал гэдэг бол хэн нэг хүний эрх түүнийг тойрон байгаа хүмүүсийн эрхээр хязгаарлагдахыг хэлнэ ГЭДЭГ БИЗ ДЭЭ

2016, 12 сар 10. 0:53
Зочин

Хамаагуй ярьж, ПанМонголын сэдэв хундож болохгуй байх аа ! Тусгаар тогтносон хоер авангард хурш байна. ТУУхч хун бас дипломат байх хэрэгтэй байх аа !

2016, 12 сар 10. 11:28
Даваадорж

Ярих л хэрэгтэй.

2016, 12 сар 9. 22:52
Зочин

Ёстой сайхан бүтээл болсон бн лэ

2016, 12 сар 9. 21:28
Зочин

энэ хүнд Монголчууд талархах ёстой Өзийбаатар эрдэмтний цахим түүх товч боловч хүртээмжтэй болсон болдогсон бол дундад ази орос хятад хэл дээ бас сонсдог түүх болгон хүргэх юм сан

2016, 12 сар 9. 21:02
Зочин

үнэхээр сайхан бүтээл болсон байна лээ. харин оюуны өмчийг чинь нарантуул зах дээр үнэгүйдүүлж зарж байна. CD зардаг лангууны хажуу талын жижиг амбаарт плашинд суулгаад 10000-р зарж байна

2016, 12 сар 23. 14:16
Зочин

хамаагүй, үнэгүй тараасан ч болно, Гол нь хүн бүрт хүрч л байвал болох нь тэр

Сэтгэгдэл бичих
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]