Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

1911 онд Чин улсын засаг захиргааг түлхэн унагаж VIII Богд Жабзундамба хутагтыг хаан ширээнд залж төрийн тусгаар тогтнолоо сэргээсэн түүхэн зурвас үеийг хамруулан ойлгоно.

Монголын Лхас болох Өргөө хотын тухай П.Козлов хэрхэн бичиж үлдээв?Уншсан1,404

Богд гэгээнийг жанч халахад цогцсыг нь занданшуулна. Гурав, түүнээс ч олон сарын хугацаанд дан лам хуврагууд гардан энэ ажлыг гүйцэтгэдэг ажээ. Цогцсыг тэд хөнддөггүй, зохих ёс журмын дагуу суулгаж төрөл бүрийн анхилуун үнэртэн, спиртийн төрлийн шингэнүүдээр арчиж дараа нь давс болон бусад элдэв бодисыг түрхдэг байна.

Tolgoilogch.mn сайт Монсудар хэвлэлийн газраас эрхлэн гаргадаг түүх газарзүй, өв соёл, зан заншлын холбогдолтой бүтээлүүдээс уншигчдадаа хүргэж эхэллээ. Олон нийтийн боловсролыг дээшлүүлэх, ухаарал нэмэх, соён гэгээрэх хүсэл тэмүүллийг бий болоход зорин ажилладаг Монсудар хэвлэлийн газрын хамт олны эх түүхээ таньж мэдэх, өв соёлоо хадгалан дээдлэх хүсэлтэй монголчуудад зориулсан бүтээлүүдийг уншигч та амтархан уншина биз ээ.

Чойнзонгийн Баатар орчуулж, 2011 онд Монсудар хэвлэлийн газраас эрхлэн гаргасан Оросын газарзүйн нийгэмлэгийн хүндэт гишүүн Петр Кузьмич Козловын "Монгол, Амдуу, мөхсөн Хар хот" номын хэсгээс


Хутагтыг Төвдөөс Монголд залж авчрахдаа онцгой баяр ёслол үйлдэнэ. Түүнийг залах урилгыг хүргүүлэхдээ шавь яам, Умард Монгол буюу Халхыг бүрдүүлдэг дөрвөн аймаг тус бүрээс наад зах нь 200 хүн, нийтдээ мянгаас доошгүй тооны хүн, заримдаа хамаагүй олон хүн Төвдийг зорьдог. Хутагтын цуваа зүсэн зүйлийн зан үйл, ёслол, уулзалт хийн маш удаан явах бөгөөд Лхасаас Өргөө хүртэл Богд гэгээнийг төвд, монгол цэрэг дагалдан явна.

Хутагтыг Халхын нутгийн дээс алхмагц дагалдан яваа хүмүүсийн нь тоо байнга нэмэгдэнэ, учир нь цуваанд нэгдсэн халхчууд ихэвчлэн Өргөө хүртэл Хутагтыг дагалдахаас гадна Өргөөгөөс угтахаар гарсан хүмүүс түүнийг 10-15 хоногийн зайтай газар тосож уулзана.

Богд гэгээн Өргөөд ирэнгүүтээ эхний шөнийг Туул голын эрэг дээрх Зуны ордондоо өнгөрүүлэх бөгөөд маргааш нь эндээсээ шар жуузанд суун хот руу заларна. Хутагтыг дотогш оруулахын тулд хотын баруун өмнө талд тусгай ёслолын хаалга босгож, хадаг, торго дурдан энд тэндээс нь өлгөн алт мөнгөөр чимэглэнэ.

Хутагт Да хүрээнд ормогцоо эхлээд баруун өргөөнд (эсгий гэр) залрахад Жавзандамба хутагтын садан төрлийнхний хамгийн ахмад нь болох Түшээт хан түүнийг угтан авна. Дараа нь Богд гэгээний Цогчин сүмд залахад Да хүрээний засаг захиргааны эрх баригчид угтана. Урьд нь энэ газарт Хятадын эзэн хааны нэрийн өмнөөс Богд гэгээнд эрх мэдэл, түүний бэлгэдэл болох алтан тамга, түүний эзэмших эрхийн илэрхийлэл болох алтан ялтсан дээр бичсэн жуухыг гардуулах ёслол үйлддэг байжээ.

Үүнээс цааш Богд гэгээний амьдрал ордны гүнд, эгэл жирийн хүмүүсийн нүднээс ангид үргэлжилнэ. Сүсэгтэн олны хувьд Хутагтын бүхий л үйлдэл ид шидийн шинж чанартай, хамаг амьтны тусын тулд хийгдэж байдаг нь мэдээж билээ.

Богд гэгээнийг жанч халахад цогцсыг нь занданшуулна. Гурав, түүнээс ч олон сарын хугацаанд дан лам хуврагууд гардан энэ ажлыг гүйцэтгэдэг ажээ. Цогцсыг тэд хөнддөггүй, зохих ёс журмын дагуу суулгаж төрөл бүрийн анхилуун үнэртэн, спиртийн төрлийн шингэнүүдээр арчиж дараа нь давс болон бусад элдэв бодисыг түрхдэг байна. Цогцсыг ийм байдалд гол төлөв хоёр сарын хугацаанд, өөрөөр хэлбэл бүрмөсөн хаттал нь байлгана. Үүний дараа цогцосноос давсны бүрэлдэхүүнийг нь ангижруулна, хувцаснаас ил гарсан хэсэг, эн түрүүнд нүүрийг нь алтдаж, дээрээс нь хөмсөг, сахал, уруулыг нь зурж гаргах бөгөөд нүдийг нь аниастай орхино. Богд гэгээний шарилыг ийм байдлаар нь мөнгөн суваргад байрлуулж ёслолын уншлага номыг гүйцэтгэж дуганд залах агаад үүнийхээ дараа бурханчлан хүндэтгэж ёслол үйлдэнэ.

Одоогийн байдлаар хутагтын өргөө хотын гадна Туул голын баруун эргээс холгүй, нүүрэн талаараа Богд уул руу харан оршиж байв. Ерөнхий төрх байддаараа Оросын Консулын газрын хуучин байшинтай төстэй энэ даруухан ордны гадуур тойруулан цагаан хананы цаана хэд хэдэн сүм дуган байгаад Богд гэгээний бараа бологсод амьдардаг ажээ.

Жинхэнэ бурхны шашинтан хүнийхээ хувьд Хутагт амьтан болгонд ээлтэй, адуу нохойд илүү хайртайгаар үл барам бяцхан амьтны хүрээлэнтэй, түүндээ зөвхөн хос туурайтан буюу буга, согоо, бор гөрөөс гэх мэтийг тэжээдэг байна.

Монголын Лхас болох Өргөө өргөжин тэлж, өсөж хөгжсөөр байгаа болно. Оросуудын худалдааны колони ч жил ирэх тутам өргөжиж, худалдаа эргэлт нь нэмэгдэж байв. Өдгөө Өргөөд таван зуу шахам орос айл өрх байдаг бөгөөд манай эх орны нэр хүндийг зохих ёсоор өндөрт авч явдаг ажээ. Явуулын орос иргэд Умард Монголд ирээд яг эх орондоо байгаа мэт амар тайван амьдардаг байна. Манай орны эрх ашгийг төлөөлөгч гавьяа зүтгэл өндөрт Яков Парфеньевич Шишмарев оросуудыг монголчуудтай улам бүр ойртуулахыг эрмэлзэн эцэж цуцашгүй зүтгэлээр ажилласаар байлаа.

Өргөө дэх Оросын Консулын газрын эх суурийг тавигчдын нэг, тэндхийн анхны Консул, Орос орондоо бараг хагас зуун жил хүчин зүтгэсэн Я.П.Шишмаревын талаар хэдэн үг хэлэх нь сонирхол татах зүйл мөн.

Би 1883 оноос энэхүү гавьяат Консултай буюу Шишмаревтай маш дотно харилцаатай байсан талийгаач Н.М.Пржевальскийтэй хамт Төв Азиар анх аялсан цагаасаа л танил болсон билээ. Тэр өөрөө надад эелдгээр өгсөн Н.М.Пржевальскийгээс Шишмаревад бичсэн захидлууд үүнийг бүрэн гэрчилнэ.

Өргөө дэх Орос-хятадын банкнаас бид төв Азийн гүнээр ачаа хөсөгтэйгөө аялах манай аялагчдад шаардагдах мөнгийг хятад болон гамбургийн цутгамал буюу гулууз хэлбэрээр нь хүлээж авлаа. Замбаа(18) буюу арвайн болон улаан буудайн гурил, өдөр тутмын хэрэгцээний хоол хүнсний хоолны зүйлийг мөн эндээс бид олж нөөидөв. Хамгаалалтынхан маань хаягдал үлдэгдоээр хооллон тэнүүчилж яваа үй түмэн золбин ноход дундаас аян замд хэрэг болох хотны хоёр нохой төвөггүй олж авлаа.

Өргөөд бидний ирсэн эхний өдрөөс л манай аяллынхан Монгол Алтайд хүргэж өгье гэсэн монгол хөтчүүд цувж эхлэв. Тэдний дотор тун удалгүй Дын-юань-ин рүү явах ёстой алаша эр байсанд миний бие хамгийн түрүүнд түүнийг бараг л хоёр гараараа зуурч авав. Учир нь, нэгдүгээрт, Өмнөд Монголд “Собенников ба ах дүү Молчановууд” худалдааны орос пүүсийн төлөөлөгчөөр Дын-юань-инд одоо сууж байгаа миний хамтрагч Бадамжапов түүний талаар маш сайхан тодорхойлолт өгсөн, хоёрдугаарт, бидэнд сүүлд хэрэг болох хамгийн хүнд 20 тэн ачааг Дын-Юань-инд хүргэе гэж энэ алаша хөтөч амласан, гуравдугаарт, арай хөнгөн болсон ачаа хөсгийн хувьд Эзний голын адаг, Гойцзо голын хөндийг дайран арай тойруу замаар Дын-юань-инд хүрэхэд илүү хялбар дөхөм болох байв...

 

Алаша эртэй бид тэр даруй хэлэлцэн тохиролцсоноор нэгдүгээр сарын 17-нд манай ачаа бараа Четыркин, Буянт Мадаев нарын хяналтын дор хөдөлсөн бөгөөд Н.М.Пржевальскийн замаар Говийг хөнддөн гатлан Дын-юань-инд хүрнэ.

Энэ хооронд, нэгдүгээр сарын 21-нд Өргөөгөөс хөдоөх ёстой гол хөсөгт ажиллах нутгийн монголчуудын ч бэлтгэл нь хангагдав. Гэхдээ миний тогтоосон товыг монголчууд эрс эсэргүүцлээ. Учир нь энэ хорьдоор монголчуудын “цагаан сар” хэмээх маш том баяр болох байсан юмсанж. Хөсөг хөдөлгөх өдрийг 25-ны өдөр болгохыг тэд надаас нэлээд шаргуу шаардлаа. Яах ч аргагүй, би энэ нүүдэлчдэд буулт хийв. Аялалд оролцогчид иймэрхүү тохиолдолд үзэг цаас аван захиа бичдэг заншилтай. Хот суурин газруудад удаан зогсолт хийхэд ажил хэргээсээ хөндийрч сатаарах явдал гарахаас гадна мөнгө хөрөнгөө үр дүнгүй зарахад хүрдэг учир би үүнээс ер нь татгалздаг билээ.

Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]

Унших СЭДЭВ-ээ өөрөө сонгодог боллоо

12 сард сонгогдсон сэдэв
Дундад зууны Европ
13 сарын онцлох сэдвийн санал хураалт явагдаж байнаЭнд дарж саналаа өгнө үү