Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Зүүнгарын хаант улс ойрад буюу монгол угсааны улс бөгөөд түүхчид Зүүнгарын хаант улсыг талын монголчуудын сүүлчийн эзэнт гүрэн гэж түүхчид үзэх нь бий. Цагаан хэрмийн баруун үзүүрээс одоогийн Казахстаны зүүн хэсэг, Киргизстаны хойд хэсгээс өмнөд Сибирь хүртэлх газар нутагт оршиж байлаа.

Манжийн цэргийг бутниргэсэн Хотон нуурын тулаанУншсан16,728

Манжийн 4,000 цэрэг Хүрээтийн даваанд хүртэл ойрадын 2,000 цэрэг цааш зугтаасан дүр үзүүлэн Богдын даваа тийш оджээ. Энэ нь манж нарт олзлогдсон мэдээтэй таарч байсан тул цааш их бахдалтай давшжээ.

Ч.Далай “Ойрад Монголын түүх”-ээс авав.


Монголын дайчин баатрууд, Ойрадын цөст хөбүүдийн цөсийг хөөргөж, зүрхийг дэлсүүлсэн гайхамшигт түүх тэртээ 18-р зуунд болж, Хотон нуурын тулалдаанд Ойрад Зүүнгарын цэрэг Манжийн их цэргийг бутниргэжээ.

1731 оны 3-р сард Манжийн амбан сайд Бүрдэн гэгч Ховдод ирж газар нутгийг нь байцаан үзээд, дайны түшиц уулзвар мөн болохыг таньж мэдмэгц эзэн хаандаа мэдэгдсэн байна. Манжийн Найралт төв хаан Ховдод шинэ хот байгуулж Манжийн цэргийн гол хороо байгуулахыг зарлиг буулгасан байна. 1731 оны 5-р сард 20,000 цэрэгтэй манжийн тусгай хороо Ховдод ирж байрлажээ.

 

Зүүнгарын Галданцэрэн хаан энэ явдлыг эрс эсэргүүцэж, манжийн хороог хөөн гаргахаар Их гүн Цэрэндондовыг 30,000 цэрэгтэй илгээжээ.

Их Цэрэндондов, Бага Цэрэндондов хоёр өрлүг ноёд Ховдод байрлаж байгаа Манжийн цэргийн их хороог зориудаар өдөөн хатгаж, Хүрээт даваанд авчран цохихоор шийдсэн байна. 1731 оны 6-р сард Ойрадын цэрэг Богдын даваанд урьдчилан хүрч ирээд ашигтай байрлалыг эзэлжээ.

Их Цэрэндондов эхлээд 2,000 шилдэг морин цэргээр манжийг өдөөн хатгах ажиллагаа явуулжээ. Зүүнгарын 2,000 цэрэг Хүрээт даваанд урьдчилан хүрч очоод Тасархай баатар гэдэг хүнийг манжийн цэрэгт зориудаар олзлуулав. Тасархай баатар нь урьдаар хуурмаг мэдээ дамжуулж манжийг төөрөгдүүлэх зорилготой хуурмагаар олзлогдсон байна. Зүүнгарын цэрэг Хүрээт ууланд биш Хир ууланд ирсэн гэж худал мэдүүлжээ. Манжийн 20,000 цэрэг Хир уул хүртэл довтолсон боловч замд нь хэн ч тааралдсангүй, Бүрдэн сайд хууртагдсандаа хорсож, уур бухимдалтайгаар цэргээ гэдрэг татаж явтал Бархаа тэргүүтэй ойрадын 23 цэрэг бас л хуурмагаар олзлогдож “Ойрадын 2,000 цэрэг Богдын даваанд ирэх ёстой, ирсэнгүй” гэж мэдүүлжээ. Манж амбан Бүрдэн бага зэрэг тайвширч 4,000 цэргийг толгойн анги болгон Богдын даваа руу илгээгээд өөрөө 7,000 цэрэгтэйгээ араас нь хөдөлжээ.

Манжийн 4,000 цэрэг Хүрээтийн даваанд хүртэл ойрадын 2,000 цэрэг цааш зугтаасан дүр үзүүлэн Богдын даваа тийш оджээ. Энэ нь манж нарт олзлогдсон мэдээтэй таарч байсан тул цааш их бахдалтай давшжээ.

Манжийн амбан сайд Бүрдэн их цэргээ дагуулан сүр бараатайгаар урагшлан явсаар 1732-6-19-нд Богдын даваанд хүрч буудалласан байна. Маргааш өглөө нь /6-20/ сэртэл Ойрадын тоо томшгүй их цэрэг Манжийн цэргийг бүслэн хаасан байжээ. Ийнхүү Ойрадын отолтод манж цэрэг өөрөө гүйн орж ирсэн хэрэг болжээ. Ойрадын цэргүүд өглөөнөөс үд болтол маш хүчтэй довтолгоон хийснээр Манжийн цэрэг маш их хохирол хүлээж, Бүрдэн сайд үлдэгдэл цэргээ авч зугатаагаад Хотон нуурт ирж түр амсхийсэн байна. 1732-6-21-ний үүрээр Ойрадын цэрэг нэхэн хөөж ирээд Манжийн амбан сайд Бүрдэнгийн үлдэгдэл цэргийг тал талаас нь дайран орж бүслэн хиар цохижээ. Хотон нуурын дайнаар манжийн цэрэг түүхэнд байгаагүй их хохирол амсаж Ховдын зүгт зугтаах замдаа бас л Ойрадын цэрэгт хиар хядуулсаар очжээ. Бүрдэн сайд Ховд хотод ердөө 2,000 цэрэгтэй очсон гэж сурвалжид тэмдэглэгджээ.

Манжийн цэргээс дайны талбарт 7,000 цэргээ алдаж 5,000 цэргээ олзлуулж, бас хэдэн зуун цэрэг сарнин алга болжээ.

Энэ мэдээг сонсоод манжийн Найралт төв хаан цус харван алдталаа уурлаж, хилэгнэж байжээ.

Харин Ойрадын баатар дайчид цог зальтайгаар ялалтын тугаа өргөсөөр Галданцэрэн хаандаа хүрч очсон юм.

Эх сурвалж: Ч.Далай “Ойрад Монголын түүх”, 202 талд.

Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]