Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Монголчуудын мэндлэх, зочлох ёс: Ёсоо алдвал заншлаа алддаг, заншлаа алдвал иргэншлээ алддагУншсан1,532

Бэлэг дэмбэрэлтэй үг нь сайн сайхныг даллан дуудаж байдаг гэдгийг монголчууд олон мянган жилийн амьдралын туршлагаараа таньж мэдсэн байна. Энэ бол монголчуудын соёл иргэншлийн нэгэн гайхамшиг юм.

Монголчууд бид аж төрөх, айл гэрийн ёсны баялаг уламжлалтай. Мэндлэн хүндлэх, зочлох ёсон, хүүхдийн нэр өгөх, хүүхдийн угаалгын зан үйл, хүүхдийн даахь үргээх, удам залгуулах ухаан, найрын дэг ёс, шинэ гэрийн найр, хуримлах, насны ой тэмдэглэх, төл авахуулах, мал хөнгөлөх, ноос савах, эсгий хийх, ан агнуур зэрэг аж төрөх болоод айл гэрийн зан үйлийн гайхамшигтай ёс дэгтэй ард түмэн бид билээ. 

Орчин үед дээрх биет бус соёлын өвүүд алдагдах, мартагдах нь олонтаа болж, уламжлалт зан үйлүүдийг гажуудуулах тохиолдол гарах боллоо. Иймээс Монголчуудын мэндлэн хүндлэх ёс болон Зочлох ёсны талаар өгүүлье. 

МЭНДЛЭХ ЁСОН 

Монголчуудын мэндлэх, хүндлэх ёс арвин баялаг уламжлалтай байдаг. Монголчуудын хүндэтгэлийн заншил нь нарийн дэг ёс, уламжлалт ёсонд насаар дүү хүн буюу гаднаас ирж буй зочин хүн эхэлж мэнд амар айлтгадаг бөгөөд хэрэв шинэ жил гарсаар уулзаагүй бол золгодог ажээ. Дүү хүн ахмад хүнийхээ тохойг дороос нь хоёр гардан хүндлэн золгодог.

Та сайн байна уу? гэж дүү хүн ахмад хүнийг мэндэлдэг.

Нэг хэсэг уулзаагүй бол Та амархан сайн байна уу? Та амар амгалан байна уу? гэдэг.

Хариуд нь: -Сайн байнаа. Та амархан сайн байна уу? -Сайн байнаа. Таны лагшин тунгалаг байна уу? -Сайн байнаа. Сонин сайхан юу байна? -Тайван сайхан байнаа. Таны ажил алба бүтэмжтэй сайн байна уу? гэдэг. 

Хэрэв хоёр хүн өдөр нь уулздаг бол өглөө нь: -Тавтай нойрсов уу? -Тавтай унтлаа. Сонин сайхан юу байна? -Тайван сайхан байна гэдэг. Орой бол -Тавтай нойрсогтун. Та тавтай сайхан амрагтун. -Баярлалаа. Та тавтай нойрсогтун гэнэ. 

Монголчууд дүү нь ахмад хүнийхээ амар мэндийг эхэлж асуудаг юм. Эрдэмтэн мэргэд, эзэн дээдэс, баатар цолтныг эгэл хүн энх амгаланг нь эрдэг ёстой. Олон түмэн мэндэлж золгохдоо насны эрэмбээр нь мэндэлж золгодог учиртай. 

Зочныг угтах, үдэх ёс нь уул зочныхоо хүндийн эрэмбээр доорх хэдэн зүйл болно.

Үүнд: Гэрийн эзэн нь зочноо:

  1. Гэрийн хашаа буюу албан байрныхаа гадаа үүдэнд гарч угтан үдэх
  2. Зөвхөн гэр, өрөөнийхөө үүдэнд угтаж үдэх
  3. Дотроос гаралгүй гэр өрөөндөө босож угтаж үдэх
  4. Гэр өрөөндөө суугаагаар угтаж үдэх зэрэг болно. 

Тэгэхдээ тэдгээрээс эхний хоёр янз нь биеэс ахмад буюу эрхэм хүнтэй учрахад ёслох бөгөөд сүүлийнхээр нь өөрөөс дүүмэд хүнд ёсолно. Ингэхдээ ахмад дүүмэд гэдэг нь ганц насны ялгавар бус албан тушаал, хүнд мэндийн зэрэг хамаарагдана.

Зочноо угтахад: Аян замдаа алжаалгүй тавтай сайхан морилж ирэв үү? Сайн явав уу? Сайн ирэв үү? гэх буюу явсан хэргийн төрлөөр сургууль соёлд явсан хүнд : -Ном эрдэм их сурав уу? Эрдэм ном өндөр үү? гэх, ажлаар явсан бол явдал хэрэг сайхан бүтэв үү? Ажил амжилттай юу? Ажил бүтэв үү? гэх мэтээр асуухад ирсэн хүн бүгдийг сайн сайхнаар хариулдаг. 

Зочноо үдэхэд: Аян замдаа алжаалгүй тавтай сайхан морилоорой! Алтан шар чинь өлзийтэй болтугай! Алтан шар замдаа амар сайн яваарай! Сайн яваарай! гэхэд явж буй хүн нь хэлсэн хүн бүхэнд -Сайн сууж байгаарай гээж хэлэх буюу нийтэд нь: -Бүгдээрээ сайн сууцгааж байгаарай. Баяртай гэдэг. 

ХАЛХЧУУДЫН МЭНДЛЭХ ЁСОН 

Халхчууд мэндлэх, мэндчилгээний баялаг хэллэгийг амьдрал ахуйдаа уламжлан өргөн хэрэглэсээр ирсэн заншилтай.

Халхчуудын мэндлэх ёс нь жилийн дөрвөн улиралд зохицсон байхын хамт уулзсан хүнийхээ хийж буй ажил үйлсийг ерөөж, талархаж мэндлэх, улмаар амар амгаланг айлтгадаг аж. Халхчуудын дөрвөн улирлын байдлаар мэндлэх, үгсээс дурдвал: 

Үүнд:

Зуны улиралд: Сайхан зуншиж (зусаж) байна уу? Мал тарга авч байна уу? Ногоо цагаа элбэг үү?

Намрын улиралд: Тарган сайхан намаржиж байна уу? Мал сүрэг тарга сайн авав уу? Сөл ногоо сайн уу?

Өвлийн улиралд: Өнтэй тарган, өвөлжөөгөөр сайн байна уу? Зутрахгүй мэнд байна уу?

Хаврын улиралд: Сайхан хаваржиж байна уу? Өвөлдөө мал сүрэг тарган оров уу? Төл мэнд, сүрэг өсч байна уу? гэх мэтээр цаг улирал харгалзан мэндчилэх үгс нь монголчуудын эрхлэн адгуулж ирсэн мал сүрэг, аж ахуй өөдрөг байхыг эрхэмлэн дээдлэхийн билэгдэлтэй үргэлж холбоотой байсан ажээ. 

Мөн хүний үйлдэн бүтээж буй хөдөлмөрийг ерөөж мэндчилэх ёс их өргөн уламжлагджээ. Жишээлбэл, унгас ноос савж буй хүмүүстэй мэндлэхдээ: - Саваа чинь шандас Савсан ноос чинь мяндас болох болтугай! гэж ерөөн мэндлэхэд: - Тэр билэг бат сайхан орших болтугай! гэж ерөөлийг хүлээн авснаа илэрхийлэн хариу талархдаг байна.

Сааль сааж байх үед: - Хонь сүүтэй болог! - Саасан сав дүүрэг! Оёдол үйл хийж буй хүнд: - Үйл бүт! Үйл уран болог!

Эсгий хийж байх үед ирсэн хүн: - Дун шиг цагаан Дурдан шиг артай болох болтугай! - Бухын дух шиг бужийж, - Азарганы сайр шиг Арзайж байх болтугай! хэмээн ажил үйлсийг нь ерөөдөг ажээ. 

Эдгээр ерөөлийг хүлээн авч хариуд нь: - Тэр ерөөл бат орших болтугай! Ерөөл шингэж байг (байтугай) гэх зэргээр хариу билэгддэг байв. 

Мөн хурдан морь сойж буй уяачидтай мэндлэхдээ:

-Агт сайхан агсарч байна уу?

- Морь сайхан давхиж байна уу?

- Морь хурдалж байна уу? гэж ажил үйлсийн утгаар мэндэлдэг ардын уламжлал бий. 

Халхчуудын мэндчилгээний ёсонд хээр тал, аян жин, нүүдэлд яваа үест зориуд зам тосон уулзаж, мэндчилдэг заншил элбэг байв. 

Тухайлбал, хонь хариулж яваа хүнтэй уулзахдаа:

-Хонин сүрэг сайхан тогтож байна уу? хэмээдэг бол үдэш хонины хүн ирэхэд:

- Хонь сайн хариулж, мал сайн тогтов уу? гэж асуун угтдаг. 

Аян жинчид зам зуурт тааралдвал зөв талаараа зөрцгөөн, - Аян замдаа сайн явж байна уу? нутаг хошуу хаагуур вэ? гэх зэргээр хүндэтгэлтэй мэндлэн өнгөрдөг ёстой.

Мөн "Ая зан юутай вэ?", "Хэрэг зориг бүтэмжтэй юу?" гэж найрсаг дотноор, ажил явдлын сэтгэлээр мэндчилнэ.

Хадаг барьж золгох ёс 

Өндөр настай буюу нутаг орчиндоо их хүндтэй хүмүүстэй хадаг барьж золгох ёс байдаг. Тэгэхдээ хадагны амыг буруу харуулж болдоггүй. Дүү хүн хадгаа гаргаж, амыг нь золгох хүн тийш харуулж хоёр гардан барьсаар золгож буй хүний хоёр гар дээр тавьсны дараа золгоно. Хадаг авч байгаа хүн хадгаа хавсарган хураагаад золгож ч болно. Хадаг авсан хэвээрээ золгож ч болно. Хадаг тавьж өгч байгаа хүн ч гэсэн анхаарах зүйл бий. Тавьж буй хадгаараа бүх хурууг нь бүтээчхэж болохгүй. Хадгаа эрхий хуруунд нь тулгаж, алганд нь багтааж тавина. Хадаг тавьж байхдаа мэнд мэдэж болохгүй. Хадгаа тавьчхаад золгохдоо мэндээ мэднэ. Хадагтай золгох, хадаг барьж золгох нь золгогчоо асар их хүндэтгэж байгаагаа илэрхийлэх талаараа адил боловч ялгаатай тал бий.

Хадаг барьж золгох ёсонд дүү хүн нь ах хүндээ хадгаа бүрмөсөн өгөөд золгодог бол, хадагтай золгох ёслолд хадгаа хүнд өгдөггүй ямагт өөртөө авч байдаг. Ямар ч насны хүнтэй хадагтай золгож болно. Хадагтай золгоно гэдэг нь хадгийнхаа нэг үзүүрээс баруун гарынхаа ядам хурууг дотор талаас нь нар зөв хоёр ороогоод чигчий хуруутай тал руу доош унжуулан, золгох үедээ унжиж буй хадгаа хүний гар дээр тавихгүй унжуулсан чигээрээ золгоно. Мөн таныг золгох гээд очиход цаад хүн тань өврөөсөө юм уу, хажуугаасаа хадаг аваад хуруугаа ороогоод эхэлбэл та яаралтай энэ хүн намайг ихэд хүндэтгэж байна даа гэж бодоорой. 

Хөөрөг зөрүүлэн мэндлэх ёс

Цагаан сар бол монгол түмний хүндэтгэл бахархлын их баяр байдаг. Энэхүү баяраар монголчууд эхлээд ахмад настнуудынхаа амрыг эрж золгож мэндэлчхээд суудалд сууж хөөргөө зөрүүлж сар шинэдээ сайхан шинэлж байна уу?

-Таны бие лагшин тунгалаг уу?

-Даага далантай, бяруу булчинтай

Сүрэг мал онд мэнд тарган тавтай оров уу гээд хөөргөө харилцан солилцож тамхилж мэндээ мэдэлцдэг.

Монголын ард түмэн хөөрөг, гаанс гэдэг эд өлгийн дурсгалт үнэт зүйлийг хэрэглэн эрт дээр үеэс өнөө үе хүртэл сайн сайхан санааг асууж амар мэндээ мэдэлцэж хөөрөг зөрүүлэн тамхилж ирсэн заншилтай. Мэндлэх гэдэг бол хүндлэх болон ёс зүйт хүний сэтгэлээр элгэмсэг хандаж байгаагаа илэрхийлэх жинхэнэ монгол үндэсний нэг илэрхийлэл юм. Монголчууд хөөргөөр тамхилахдаа ярилцаж ойлголцдог ард түмэн билээ.

Хөөрөг зөрүүлж сайн сайхан яваагаа мэдэгдэж амар амгалангаа айлтгацгаана гэсэн байдаг. Гаанс солилцон мэндлэх ёс заншил уламжлагдан явсаар хөөрөг хэрэглэдэг болсон цагаас хойш хөөрөг зөрүүлэн мэндлэх ёсон бий болжээ.

Хөөрөг зөрүүлэн мэндлэхдээ хөөрөгнийхөө толгойг султгаж тус тусынхаа хөөргөө алгандаа барьж бөөр бөөрөөр нь харилцан зөрүүлж солилцдог. Хөөрөгтэй тамхийг авч хамартаа хүргэн үнэрлээд буцаан солилцдог. Энэ бол харилцан бие биенээ хүндэтгэсэн нөхөрсөг харилцааны илэрхийлэл болдог ажээ.

Монголчуудын дунд ихэд дэлгэрсэн мэндчилгээний нэг хэлбэр нь хөөрөг солилцон мэндчилэх ёс юм. Хөөрөг солилцох ёс бол ирсэн угтсан бүгдээрээ эв найртай халуун дотноор бие биедээ хандаж буй дохио илрэл юм.

Ирсэн зочин гэрт орж тухлан суусны дараа гэрийн эзэнтэй хөөргөөр тамхилах эртний ёсыг баримтлан хөөрөг солилцон мэндэлдэг. Хөөргийг “Тамхилдаг заяатай шар”, “Мэндийн шар”, “Мэнд сайхны тамхи” хэмээн нэрлэж эрэгтэйчүүд биедээ авч яван тамхилж хөөрөг зөрүүлэн мэндчилдэг ёстой.

Монголчуудын эртний уламжлалт хөөрөг солилцон тамхилах ёсыг хөөрөг зөрүүлэх, хөөрөг тамхи барих, хөөрөг солилцох, хөөргөөр тамхилах гэх зэргээр нэрлэж иржээ.

Мэндлэхдээ ахмад буюу төрийн хүндэт хүнд эхэлж мэндчилж тамхилна. Настан буурал, хүндэт зочныг суудлаа эзэлсний дараа дүүмэд хүн хөөргөө хоёр гараараа өргөн биеэ бага зэрэг мэхийсхийн барьдаг.

Нөгөө хүн ч энэ үед өөрийнхөө хөөргийг даалингаасаа гаргаж баруун гараараа өгөхөд дүүмэд хүн нь хоёр гараараа тосон авч хамартаа хүргээд буцааж бариад өөрийн хөөргийг авдаг байна. Ингэж солилцохдоо хөөрөгнийхөө толгойг нь бага зэрэг султган нар зөв гурав эргүүлж, өөрөө нэг үнэрлээд гарддаг. Тэр нь чөлөөтэй харилцах санаа, харилцан ойлголцох, эв найртай явахын бэлгэдэл болдог байна. Хөөргийг авсан хүн тамхинаас зохих хэмжээгээр халбагадан татах буюу үнэрлээд буцааж өгнө. Тэгэхдээ толгойг нь бага зэрэг чангатгадаг. Энэ нь тухайн хүний санааг бүрэн хүлээн зөвшөөрч байгааг илтгэн илэрхийлдэг.

Хөөрөг солилцон мэндлэхдээ дээлийн товчоо тайлах буюу ханцуй шамлах, сугалдаргалахыг цээрлэдэг.

Тэрчлэн хөөргөөр амар мэнд асуухаас гадна эв түнжин эвдэрсэн, хоорондоо муудсан хүмүүс тамхилж: Хонзонгоо арилгая, Хоёр биедээ өс санахгүй явъя! хэмээн эвлэрэх бэлгэдлийг илэрхийлж заншсан нь нэн эртний улбаа билээ. 

МОНГОЛ ЗОЧЛОГЫН ЁС 

Хүнийг хүлээж хүндлэхийн нэгэн эрхэм үйл нь зочлох ёс юм. Монгол зочлох ёс нь Цайллага, Будаалга, Дайллага гэсэн гурван зүйл байна.

Ах дүүс, анд нөхдөө хүндэтгэн цай уулгах, шинээр айл буусан хөрштэйгөө танилцах зорилгоор эсвэл удаан хугацаанд айлсаж байгаад аль нэг нь салж нүүх болоход харилцан бие биенээ цай уулгах, аливаа баяр ёслол, шинэ оныг тохиолдуулан бие биесээ гэр бүлээр нь урьж цай уулгахыг цайллага гэнэ.

Цайллагад цай идээ, чихэр жимснээс гадна жирийн хоол, архи айраг хэрэглэдэг нийтлэг ёстой. Цагаалга, будаалга хоёр нь тодорхой үйл явдалд зориулсан, зан үйлийн иргэний нийтлэг шинжтэй юм. айл хөршийнхөө, ах дүү, анд нөхдөө урьж цайлахыг ардууд цай уулгах гэж энгийн нэрлэдэг.

Албан ёсны ийм маягийн хүлээн авалтыг Зоог барих гэдэг. Цайллага гэдэг нь сайн нөхөд учрах, үдэх тэргүүтэнд бие биедээ цай идээ барин, хөнгөн зочлохын нэр юм. Цайллагад цай идээ, сархдын зүйлээр зочилдог.

Харин нөгөө Дайллагад нь цайллагын бүх идээнээс гадна хоол заавал оролцдог. Мөн архи сархдын зүйл ч байдаг. Будаалга гэдэг нь тухайлсан баяр ёслол зан үйлийг тохиолдуулан нийтэд барих нэгэн зүйл дайллагын нэр юм.

Хүүхэд угаах, хүүхдийн үс авах, хүүхдийн ой болох, алдар хүндлэл олох зэрэг, зан үйлд зориулах хөнгөн хуримыг Будаалга гэх боловч хүн оргуулах, цагаан сар гэх мэт онцгой ёслолд гүйцэтгэх зочлогыг бас будаалга, цагаалга гэх нь бий. Будаалга нь үржин дэлгэрэх, арвижин жаргахын бэлгэдэл болсон сүү будааг эрхэмлэсэн үйл юм.

Будаалга оролцох хүнийн байдлыг харгалзан насанд хүрээгүй хүмүүст архи сархад үл барих тул цагаан идээ айраг мэтээр дайлдаг заншилтай_ Дээр гурван зүйл зочлохын зүйлийн цэсийг дор өгүүлье. Үүнд:

Цайллагад:

- Цай /цайны зүйл/

- Идээ /чихэр, жимс, боов, цагаан идээ/

- Ундаан /жимсний ус, пиво, айраг, архи, дарс бага зэрэг/ 

Будаалгад:

-Цай

- Идээ

- Хөнгөн шүүс /будаа, аарц, махан зууш, тараг/

- Ундаан /жимсний ус, пиво, дарс айраг бага зэрэг/ 

Дайллагад:

- Цай

- Идээ

- Хүнд шүүс /бүхэл мах, таташ, бууз, хуушуур/

- Ундаан //бүх төрлийн ундаан, айраг архи зонхилдог/ 

ЗОЧЛОХ ЁСОН 

Халх ёсонд зочлон ирж буй хүний зочлох, зочлуулах ёс хот айлын морины уяа (шон) дээр хүрч ирээд: - Нохой хорь! гэж уг айл нохойтой, нохойгүй ялгалгүй хэлж гэрээс хүн гарч иртэл мориноосоо буулгүй хүлээж байгаад буудаг заншлаас эхэлдэг байна. Энэ нь нэгд зочилж ирж байгаагаа мэдэгдэх, хоёрт гэрт орох зөвшөөрөл авч буй ёсон ажээ.

Айлд зочлон ирж буй эр хүн гэрийн зүүн талд буух ёсгүй, зөвхөн баруун талд л буудаг. Энэ бол орчлонгийн зүг чигтэй уялдаатай монголчуудын баруун талыг дээдлэх ёстой холбоотой юм. Морины уяан дээр ирсэн хүн "нохой хорь" гэхэд гэрийн эзэгтэй гарч (малгайгаа өмсөн, дээлийн товчийг бүрэн товчилсон байна) зочин угтаж авдаг заншилтай.

Хадам эцэг болон ах нар ирэхэд бэр очиж морийг нь барьж уян, зочноо түшиж буулгаад сугадах, эсвэл түшин явж үүдээ сөхөж гэртээ өөрийн өмнө хүндлэн оруулна. Хадмын гэрт юм уу эцгийн гэрт худууд ирвэл бэр тэнд орж тэдэнд мэндчилээд, хурдан гарч гэртээ орж цайгаа чанаж, тэр зочныг гэртээ заавал урьдаг заншил уламжлагдаж байжээ. 

Эр хүн айлд зочлон орохдоо морио сайн уяж, лавлан хянаж үзээд айлын үүдээр орохын өмнө дээл хувцсаа янзлан, бүсээ засаж, хутгаа буулган, нударгаа эргүүлж үүдэнд очоод тотгыг дороос нь хоёр гардан өргөж, хүндлээд гэрт орж бүх хүмүүсийн амар амгаланг асууж мэндэлдэг. Бүгдийн мэндийг мэдэж уламжлалт заншил ёсоор гэрийн баруун талд сууж, тэдгээр хүмүүсийн тус бүрийн ажил үйлсийг ерөөн, насны эрэмбээр нь тамхилдаг. 

Халхчуудын "арван найман насанд эрийн цээнд хүрч, эхнэрийн тоонд орж хүний мэнд амар мэднэ" (33, 29) хэмээн дүү хүн ахмад хүний амар мэндийг асуун мэндчилдэг ёсонд үр хүүхдээ, хойч үеэ сургаж байсан байна.

Зочин орж ирэхэд монгол гэрт суух уламжлалт суудлын зохих талд урьж ширдэг ("олбог"), ("бамбай") дэвсч суулгаад мэнд амраа мэдсэн даруй хамгийн түрүүнд таван тансаг идээний дээд гэж заавал шинээр цай чанаж, эзэгтэй цай аягалан барьдаг.

Зочинд, ер нь аливаа хүнд цай аягалж барихдаа заавал бүтэн амсартай аяганд домбоны амсрыг хоймор өөд (баруун хоймор) харуулж, "цай нар зөв эргүүлэгтэй" хэмээн аяганд зүүнээс (зүг чиг) чиглэлтэйгээр цай аягалдаг. Зочин эзэгтэйн барьсан цай, тавагтай идээг зөв хоёр гардан авч хүндэтгэдэг бөгөөд өмнө тавиулсан идээнээс дээдлэн уг идээнд тавьсан өрөмнөөс эхэлж амсах бөгөөд энэ бол халхчуудын цагаан идээ, сүү саалиа хүндэтгэдэг ёс горимын нэг билээ. 

Мөн зочин тавагтай идээнд зөв гараа хүргэж "буян хишиг хүртэх" зан үйлтэй байжээ. Халхчууд хүндтэй зочныг бүхэл махан хоол, зоогоор дайлдаг бөгөөд "бүхэл мах"-ыг хүндтэй идээ хэмээж, зочны өмнө нь таваглан тавихдаа ардын уламжлалт хэв заншлаа нарийн баримталдаг ажээ. Үүнд: малын мөчний газар руу хардаг чиглэлээр зочин өөд харуулж тавьдаг ба ууц засаж тавьсан бол урд талд нь толгой, баруун талд сээр, хойно нь дөрвөн хавиргыг хоёр хоёроор тавиад ууц дээр элэг, цуснаас зүсэж тавьдаг. 

Ийм бүтэн засалттай ууцыг "Их ёсны ууц" гэж том ёслол, найр хуриманд хэрэглэдэг байв. Ийнхүү ууцыг хүндэт зоогонд тооцож халхчууд бүхий л найр хуримын хүндэтгэлийн идээ болгон хэрэглэхдээ тухайн ёслолын зан үйлийн явцын (байдлын) агуулгаас хамаарч гар хүрч, хөндөх тодорхой дэг ёстой байв. Жишээ нь: Цагаан сарын ёсны ууцыг гэрийн эзэн эхлэн зөв барьж, нар зөв хөндөөд дараа нь дүү хүнд өгч (шилжүүлж) таллуулдаг заншилтай бол хүүхдийн угаалгын ууцыг хүүхэд эх барьж авсан ээж хөндөж, бүх хүмүүст таллан хувь амсуулаад, угаалгын цайллага төгсөхөөр өөрийн хувь болгон авч явдаг (халхын төв нутагт), бусад найр наадмын ууцыг гэрийн эзэн, эсвэл найр ахлагч хөндөн мөн уламжлалт ёсоор дүү хүнээр таллуулдаг байжээ. 

Ууц хөндөхдөө сүүлний дээхнээс хөрслөн авч галд өргөөд, дараа нь хоёр талаас нь адил авч гэртээ суугаа суудлын талаар нь хүмүүст таллан амсуулдаг ёстой. Зочинд дал чанаж өгвөл дөрвөн өндрийг хамт чанаж өгдөг. Уг дал махыг тавганд тавихдаа их хот талаар нь тавьж хоёр гардах буюу эсвэл баруун гарынхаа тохойг зүүн гараар дэмнэн түшиж хүндэтгэлийг илэрхийлэн зочинд барих бөгөөд зочин мөн тийм маягаар хариу хүндэтгэл үзүүлж хүлээн авдаг ёстой байв.

Хонины чанасан махны дотор дал "хүндтэй мах"-ны нэг гэгддэг учир зочин "дал ганцаараа иддэггүй" хэмээх ёсыг дагаж "далны хуудас"-аас хүүхдүүд болон бусдад "хишиг" заавал амсуулж, далны хоёр хажууг шуух хэлбэрээр огтлон иддэг байжээ. Ганцаараа хээр яваа тохиолдолд далны хуудсыг эмээлийнхээ бүүрэг болон, чулуу хаданд нааж, дал хуваалцаж буй гэсэн утга бүхий зан үйл хийдэг нь ганцаараа дал идвэл "унаа морь нь чөдөр өшиглөж үхдэг" гэдэг эртнээс уламжлагдсан цээрлэлтэй холбоотой юм. Түүнчлэн далны ясыг мэргэ төлгийн зүйлд тооцон галд шатаан мэргэлдэг байснаас үзвэл дал зөвхөн хүндэтгэлийн утгаар бус, шүтлэгийн учир холбогдолтой байсан болно.

Халхчууд нь настай хүн зочилж ирэхэд ууц, дал дөрвөн өндөр, шаант чөмөг тэргүүтнийг чанаж зоогонд барих бөгөөд залуу хүн хамт ирсэн бол сээрээр дайлдаг ажээ. Тийнхүү зочинд махан зоог барихдаа хоол хэрчин идэх хутгыг иш талаар нь ирийг нь дээш харуулж, гүн хүндэтгэл, эв найртайн ёсыг бэлгэдэн өгдөг. Эмэгтэй хүнд гол махнаас (дал) бусад мах, тухайлбал, шилт сээр, сээрний доор "дээшээ харсан мах" гэж өвчүүг бүтнээр нь чанаж өгч дайлдаг. Мөн залуу бүсгүй, бэр юмуу харьд очсон охиноо ирэхэд болон цагаан сарын шинийн нэгэнд хүүхнийхээ хойноос "Гэр эргэж очих" үед аав, ээж, ах дүү нь "хишиг хүртээнэ" гэж гол төлөв өвчүү чанаж авч очдог нь уламжлалт заншил юм.

Эдгээрээс гаднын халхын зарим нутагт сээрийн хамт сүүж, сүвээний гурван хавиргаар эмэгтэйчүүдийг дайлдаг байжээ. Харин аливаа зочин хүнд атгаалж (богт) чөмөг, богино хавирга чанаж зочлох ёсгүй байсан байна. Атгаалж чөмөг (богт чөмөг, хайн бугалаг чөмөг), богино хавиргыг зөвхөн гэрийн улс өөрсдөө иддэг бөгөөд гүйцэд мөлжилгүйгээр ашдын бэлгэдэл болгон "больж явъя!" гэж хэлээд галдаа өргөдөг заншилтай байжээ. Учир нь халхчууд бугалаг чөмгийг мөч махны тоонд оруулдаггүй байснаас түүнийг хүндэтгэл багатай мах гэж үздэг байна. Харин богино хавиргыг "галын хувь" хэмээн өрх гэрийнхээ буян хишигтэй холбон билэгшээдэг ёс байсан ажээ.

Тавагтай бүхэл махан зоог тавиулан дайлуулж буй зочин эхлэн идэхдээ цус, элэгнээс огтлон гар хүрэх, тэдгээрээс оролцоогүй байвал хавиргаас нь зөв барьж огтолж идэх ёстой. Гэхдээ үүнтэй холбоотой халхын зарим орон нутагт уугуул нутгийн онцлог хэв заншил, ёс горим байжээ. Жишээлбэл, халхын өмнөд нутагт чанасан дотор махнаас зочин эхлэн ходоодноос огтолж иддэг ажээ. 

ДҮГНЭЛТ 

Монголчууд үр хүүхдээ яаж сургаж хүмүүжүүлдэг байсан бэ гэхлээр мэндлэх хүндлэх, зочлох ёсноос эхлээд мэндчигээний эдгээр түлхүүр үгсийн утга учрыг ой тойнд нь ортол сайтар тайлбарлан таниулаад, хэзээ ч мартахааргүй цээжлүүлж тогтоолгодог байсан байна. 

Хүний номонд хамгийн их эрхэмлэн дээдэлж, дагаж мөрдөж, анхаарч санаж явах ёстой зүйл нь ёс, бэлгэ хоёр байдаг байна. Бид төр ёс гэж ярьж бичиж, төрийг ёсноос илүүд боддог бол харин төр нь ёсоо дээдлэх учиртай бөгөөд ёс төр гэх нь зөв гэнэ.

Тиймээс: 

– Ёс ёмбогор

– Төр төмбөгөр гэж ярьдаг байна. 

Ёсоо тоохгүй алдвал төрөө ч алдахын цондон тэр. Ес алдвал бэлгэ алддаг гэнэ. Бэлгэ дэмбэрэл гэдэг бол Монгол хүнээс салгахын аргагүй зүйл. Монгол хүний хэлдэг үг, хийдэг үйл бүхэн нь ёс журамтай байжээ.

Тиймээс:

– Монгол хүн бэлгээр

– Хятад хүн хонжоогоор гэдэг үг гарчээ. 

Монгол хүн хонжоочин хятадтай наймаа хийгээд "монжино" гэдэг бол гонжийнжоо. Тиймээс миний дээр дурдсан орчин үеийн соёлын өвийн менежментийг гадаад болон дотоодын хөрөнгө оруулалтын томоохон төслүүд дээр Харилцааны ур чадварт авч хэрэглэхийн тулд Монголчуудын Соёлын өв, заншил, зан үйлийг тусгайлан хөтөлбөр болгон тусгуулах шаардлагатай байна. 

Мөн монголчуудын бэлэг дэмбэрлийн ёс нь 10 төрөл байх бөгөөд Амны бэлгээс Ашдын бэлгэ гэдэг үгийг монгол хүн ямагт санаж мөрдөж явууштай. 

Бэлэг дэмбэрэлтэй үг нь сайн сайхныг даллан дуудаж байдаг гэдгийг монголчууд олон мянган жилийн амьдралын туршлагаараа таньж мэдсэн байна. Энэ бол монголчуудын соёл иргэншлийн нэгэн гайхамшиг юм. 

Манай аав, ээж бид нартай жоохон байхаас том хүнтэй ярьж байгаа юм шиг их хүндэтгэлтэй харьцдаг, ярилцдаг байсан нь найз нарт маань их сонирхолтой байдаг байсан гэдэг. Одоо бодох нь хүүхдийг багаас нь төлөвшүүлэх арга ухаан байсан юм билээ л. 

Ёсоо алдвал заншлаа алддаг, заншлаа алдвал иргэншлээ алддаг ажээ. 

Хуульч Ш.Үнэнтөгс

 
Сэтгэгдэл 2ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
9 сар 12. 9:35
Зочин

ок

9 сар 12. 9:35
Зочин

ок

Сэтгэгдэл бичих
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]