Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Талын Халимаг Сена мөрөнд морио усалж байхыг би үзлээУншсан2,909

1814 оны 2-р сард Халимагийн 2-р морьт хороо Францын цэргийн хоёр морьт хороог мөн Напалеоны хувийн хамгаалалтын суманг устгажээ.

Феодор Глинк /Наполеоны түрэмгийллийн эсрэг хийсэн аян дайнд оролцогч. Оросын яруу найрагч/-ийн шүлгээс.

Халимагийн хаант улс байсан цагаасаа Оросын өмнөд хил хязгаарыг Турк болон бусад улсын дайралтаас найдвартай хамгаалж ирсэн түүхтэй. 1812 оны Наполеоны түрэмгийлэл, дэлхийн I, иргэний дайн болон, дэлхийн II дайнд Оросын ард түмэнтэй мөр зэрэгцэн амь насаа хайрлалгүйгээр Орос орны тусгаар тогтнол аюулгүй байдлын төлөө тэмцэж ирсэн Халимаг монголчуудын мөнхийн гавъяаг түүх гэрчилж байдаг билээ.

1812 оны зун Напалеон Бонапартын 600 мянган цэрэгтэй арми Орос оронд халдан довтолсон билээ. Оросын Засгийн газар эхэн үедээ Наполеоны нүсэр армийн эсрэг байлдах хүчин мөхөс байлаа.

Иймд I Александр хаан Астрахань, Саратов, Кавказад амьдардаг Халимагуудаас тус бүр 500 хүнтэй хоёр хороо байгуулах зарлигийг 1811 оны 4 сарын 7-нд гаргажээ.

Торгууд, дөрвөд, хошууд монголчуудаар бүрдсэн морьт цэргийн гурван хороо энэ дайнд дайчин удамт өвөг дээдсийнхээ адил нэр алдраа бадруулан 1812-1814 онд Наполеоны армийн эсрэг Оросуудтай мөр зэрэгцэн тулалдсан юм.

Астраханийн Халимаг морьт цэргийн хороог залуу тайж Жамба Тундутов захирч оролцсон байна. Түүний хороонд нь их бага Дөрвөд монголчууд зонхилж байв.

267 буу, 137 сэлэм, 445 жадаар зэвсэглэсэн байлаа. 1812 оны 11-р сард Свиничид болсон тулаанд байгуулсан гавъяаг нь үнэлж ахмад Тундутовийг "эр зоригийн төлөө" гэсэн бичиг бүхий алтан сэлмээр шагнажээ.

Польшийн армийн цэргийн командлагч генерал Бенигсон гүн Модлина цайзыг эзлэн авахад оролцсон халимаг цэргүүдийн ахлагч Буслурмук, Ланзаковд цол нэмж Базар Лузганов, Кумсо Настинов нарыг одонгоор шагнасан байдаг.

1814 оны 2-р сард Халимагийн 2-р морьт хороо Францын цэргийн хоёр морьт хороог мөн Напалеоны хувийн хамгаалалтын суманг устгажээ. Халимагийн морин цэргийн хороод Францын нийслэлд орж ирэхэд Парисын иргэд морьтонг дүрсэлсэн торгон тугтай сэлэм жад агссан хүдэр хөрслөг бор халимаг монголчуудыг гайхан харцгааж байв.

Кутузов, Барклай де Толли, Багратион нар халимагийн морьт цэргийн байгуулсан гавъяаг магтан бахархаж байлаа. Халимагийн 1-р морт хорооны дарга тайж Жамба Тундутов буддын шашинтан байсан бөгөөд 1830 онд таалал төгсөж одоогийн Халимаг улсын бага Дөрвөдийн районд оршуулсан ажээ.

Тундутовын гуч, хурандаа Данзан Давидович Тундутов Оросын цэргийн сургууль төгсөж 1914 онд дээд командлагчийн туслах, 1915 онд Кавказын фронт командлагчийн туслах зэрэг албыг хашиж байжээ.

Данзан Тундутов иргэний дайны үед Европ руу дүрвэж гараад Франц, Герман хэлний өндөр мэдлэгтэй, зоригтой дайчин байсан бөгөөд Халимагуудаас хамгийн анх Франц улсын хүндэт легионы одонгоор шагнагдсан хүн юм.

Халимгийн ард түмэн Напалеонтой хийсэн дайнд туслах зорилгоор 25510 рубль, 1080 цэргийн агт, 1100 бод мал бэлэглэсэн байдаг бөгөөд Халимагийн 2-р морьт хорооны захирагч Ван Сэрэбжав Түмэнгийн удирдсан цэргийн бэлтгэлийн бүх зардлыг тайжийн өөрийнх нь хөрөнгөөр санхүүжүүлсэн байна.

Дайны дараа Астрахань мужийн Речнов тосгонд (ижил мөрний зүүн эрэгт) 1812 оны дайнд амь үрэгдсэн Халимагуудын дурсгалд зориулж "Хошуутын хурал" нэртэй сүмийн цогцолборыг Түмэн-жаргалангийн бага хүү Баатар Увш өөрөө тэр дайнд оролцсон бөгөөд 1814 онд Петрбургт Напалеоны түрэмгийлэгчдийг ялсан түүхт баярт зориулсан Казаны сүмийг хараад нутагтаа ийм сүм байгуулах санаачлагыг гаргаж ах Сэржавтай хамтран зардлыг нь гаргаж бариулсан байна.

Энэ сүмд Халимагууд Оросод сайн дураар нэгдсэний 300 жилийн ойн арга хэмжээг тэмдэглэсэн байдаг. Германы алдарт эрдэмтэн А.Гумбольдт, ах дүү зураач Чернов, зохиолч Немирович-Данченко 1858 онд Францын алдарт зохиолч Александр Дюма нар энэ сүмд хүндэтгэн зочилж байжээ.

ТАЙЛБАР: Напалеон /Бонапарт/1769-1821 онд амьдарч байжээ. Корсикийн уугуул. 1804-1814 онд, 1815 оны 3-6-р сард Францын эзэн хаан байсан. Анх артиллерийн бага дэслэгч цолтой алба хааж байгаад 1785 оноос францын их хувьсгалын үед дэвшиж, бригадын генерал, армиин командлагч болсон. 1799 оны 11-р сард төрийн эргэлт хийж 1804 онд эзэн хаан болжээ.

Баруун болон төв Европыг эзлэн газар нутгаа өргөтгөх, түрэмгийлэн эзлэх дайн хийсэн боловч 1812 онд Оростой хийсэн дайнд ялагдал хүлээсэн юм. 1814 онд Францын эсрэг эвсэлийн цэрэг Парист орсоноор эзэн хааны суудлаасаа арга буюу огцорч Эльба арал руу цөлөгдсөн.

1815 оны 3-р сард дахин хаан ширээнд суусан боловч 100 хоногийн дараа Ватерлоод хийсэн тулаанд ялагдал хүлээн 1815 оны 6-р сарын 22-нд хаан ширээнээсээ дахин огцорч амьдралынхаа сүүлийн жилүүдийг ариун Еленагийн аралд англичуудын олзонд өнгөрөөсөн байна.

Г.Урам

Эх сурвалж: "Хөх толбо” сонин

Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]