Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

"Корсуны уут" бүслэлтэд орсон герман офицерын тэмдэглэлээсУншсан11,539

"Корсуны уут" буюу дэлхийн II дайны Дорнод фронтын хамгийн том бүслэх операцийн нэгэнд болсон явдлын тухай герман офицерын тэмдэглэлээс та бүхэндээ хүргэж байна.

"Корсуны уут" буюу дэлхийн II дайны Дорнод фронтын хамгийн том бүслэх операцийн нэгэнд болсон явдлын тухай герман офицерын тэмдэглэлээс та бүхэндээ хүргэж байна.

1944 оны хоёрдугаар сарын 07-ны өдөр. "Уут"-нд Германы армийн анги нэгтгэлүүд аль болох тайван эмх журамтай ухралтыг үргэлжлүүлж дараа дараагийн цэгт очиход арын ангиуд цоорхой завсруудыг яг таг бөглөн ухарсаар байв.

 

Хоёрдугаар сарын 08. Бидний эзлэх талбай орон зайг багасгахаар дайснууд тал бүрээс шаргуу оролдоно.

Хоёрдугаар сарын 10. Зүүн, зүүн хойд, зүүн өмнөд хэсэгт байрлаж байсан манай бүслэгдсэн дивизүүд байрлалаа хаяж огцом ухарснаар бидний хориглох талбай үлэмж багасч хоёрдугаар сарын 10-н гэхэд аврагдах найдвар бараг л үгүй боллоо. Зэргэлдээх дивизүүд хүн хүчний маш их хохирол хүлээснээс болж үлдсэн эрчүүд нь ясандаа тултал ядарсан, сум гэхээр зүйл бараг үгүй, хэлэн дээрээ хэд хоног ч хоол тавиагүй хүмүүсээр дүүрсэн байв. Хамгийн өөдрөг хүнд ч бидний сүйрэх хугацаа ойрын хэдхэн хоногоор хэмжигдэж байгаа нь илт байлаа.

Хоёрдугаар сарын 10-11. Бороотой хүйтэн шөнө хүнд нөхцөлд болсон ширүүн тулаанд тоо томшгүй олон эрс шаварт үүрд үлдэв. Өдрийн 11.00 цагт Оросын офицериуд манай бүслэгдсэн цэргүүдийн удирдлагад Зөвлөлтийн дээд командлалын шаардлагыг хүргэж ирэв. 13.00 цаг гэхэд бууж өгөхгүй бол биднийг дуусгахаар заналхийлсэн байлаа. Мэдээж манай талаас саналыг хүлээж авсангүй. Оросын офицеруд шавар туучин алхсаар үзэгдэхээ байв. Яг 13.00 цагт тал талаас манай байрлал руу их бууны гал аймшигтай хүчтэй, дараа дараалан бууж эхэллээ. Бид заавал бүслэлтээс гарах ёстой, гэхдээ тэр тушаал хэзээ ирэх вэ?

Хоёрдугаар сарын 12. Оросуудын сүүлийн 14 хоногийн хүчин чармайлт тийм ч өндөр үр дүнд хүрээгүй ч бууж өгөх бичигт татгалзсанаар нөхцөл байдал тэс ондоо боллоо. Тэд энэ бүхнийг дуусгахаар улайрсан нь илт байлаа. Бүх талаас их бууны галаар балбаж, шаргуу атаклаж байв. Цаг агаарын байдал бүр авах юмгүй болтлоо муудав, нэг удаагийн ширүүн борооны дараагаар манай бүх нуувч усаар битүү дүүрлээ. Бүслэлтийн талбай хэт жижиг болтлоо хумигдав. Бид амьд үлдэе л гэвэл өмнө болон баруун өмнө зүгт дайсны битүүлсэн хориглолтыг дайран гарах сүүлчийн чармайлт хүчин чадлаа гаргах шаардлагатай байлаа. Өнөөдөр багахан хэрчим талх, шоколад идсэн нь сүүлчин хүнс байв.

Хоёрдугаар сарын 13. Корсуны төгсгөлд байх далан үерээс болж хальсан байв. Ойр орчим байсан модон гүүрэнд үхсэн морьд, эвдэрхий техник битүү чигжиж замд саад болно. Хүмүүс тэднийг нийлээд замаасаа зайлуулж зай гаргахын оронд өөрсдөө л бушуухан гүүрээр амжиж гатлахаа бодож зүтгэнэ. Ийм саатал байгаагүй бол маш амархан голыг гатлачихаар байсан юм.

Далан давж зугтсан хэсгийн зураг. зураг -1

Хоёрдугаар сарын 14. Тооцоолоогүй зүйлсээр дүүрэн өглөө болов. Хойд хэсэг бууж өгсөн нь биднийг гэнэтийн цочролд орууллаа. Оросуудыг зогсоох ямар ч хүч үлдсэнгүй. Тэр дороо Корсунд бидний ард талд оросууд түрээд ороод ирэв. Ново-Буда тосгоны зүгээс тулж байсан хүч байхгүй болсон нь гол аюул болов. Дайсан Ново-Будаг авах л юм бол биднийг дуусгахад тун амархан болж ирнэ. Шендеровка орчимд байх манай хүчнээс биднийг бүрэн тусгаарлахад 6 км л хангалттай. Цэргүүдийн өвлийн цув битүү бохир шавар болж зүс царай нь танигдахын аргагүй. Замын хажуугаар урсах бохир усыг эс тооцвол хоолой давуулах юм юу ч байсангүй. Бороо орохоо больсон ч цас залгуулаад хаялаад эхэлсэн нь өлөн хоосон ядарч туйлдсан улсуудад сэтгэлийн дарамт нэмж байлаа.

Хоёрдугаар сарын 15. Шендеровка бол бүслэлтээс гарах хаалга юм. Үүнийг л нээлттэй байлгахын тулд манай эрчүүд энд сүүлийн гурван өдөр, хоёр шөнө тасралтгүй тулалдаж байна. Хоол хүнсгүй сүүлийн гурван хоног унтаж чадахгүй тулалдаж, тарчилж байв. Нэмээд Катюшийн галд хээрийн эмнэлэг бут үсэрснээр 1200 гаруй шархтан сүрэл дэвсээд цастай газарт, гадаа хонохоос өөр аргагүй нөхцөл байдал үүсэв. Өмнө нь ухарч явахдаа чингэлэгнүүдээ хаясан байсан юм. Цасан талд хэвтсэн шархтнуудад эмнэлгийн хангамж бараг үлдээгүй ба хагас нь тэртээ тэргүй өглөө босохгүйг бид ойлгож байлаа. Эмч нар тэдэнд туслахтай манатай, дайсан Шендеровкагаас гурван километрийн зайд ирсэн сураг дуулдах нь тэр.

Хоёрдугаар сарын 16. Шендеровка тамын хаалга болж хувирлаа. Хамгийн эхний гурван дивиз зэрэг шахуу ирж тосгоноор дамжин өнгөрөх цорын ганц замаар явна. Эцэс төгсгөлгүй үргэлжлэх урт цуваа намаг дундуур мурилзах бөгөөд замын хажуу талаар нэг цэрэг морьдын цогцос, эвдэрхий техник, машинууд дүүрэн. Зам шавар ихтэй нь явахад маш хүндрэлтэй ба морин хөсөг бусад машинуудын хөдөлгөөнийг эрс хязгаарлаж хурдан явах боломжгүй байлаа. Эдгээр урт цуваа нуугдах ямар ч боломжгүй энэ хэсэгт Оросын онгоцууд хүнд артиллер Сталин Орган /катюша/ дураараа буудаж маш их хохирол учруулж байв. Ганц байсан зам нь цэрэг, морьдын цогцост хахаж явах аргагүй болсоор. Энэ тамын бороо, цас, шавар, шархдагсдын орилох, ёолох, цөхрөнгөө баран уйлах цэргүүдийн дууг дайсны бөмбөгдөгчийн өөдөөс манай артиллери галлах, агаараас эсэргүүцэхийн сүүлчийн хэдхэн сумны дуу хэсэг ч атугай дарна. Шендеровка руу баруун, зүүн хойд зүгээс шинэ шинэ ухрагчид нэмэгдэн ирж эрх чөлөөний ганцхан гарц болсон баруун өмнө зүг рүү шахалдан зүтгэсээр.

 Шендеровкагийн 239-р өндөрлөгт уулзах ёстой байсан хүч маань биднийг хүлээж, аврах ёстой манай танкууд биш аль хэдийнэ тэнд ирж, отолтод орсон дайсан байлаа. Дайсны цэргүүд гэнэт өмнө гарч ирсэн нь зүйрлэхийн аргагүй сандралд оруулав. Тэдний тоо эгнээ тасралтгүй өсөж бүр 2-3 эгнээ харагдана. Манайхан богино хугацаанд эмх журам байлдааны бэлэн байдлаа алдаж бужигнаж утаанд тал тал тийшээ үргэсэн морьд гүн шаварт техникээ чирээд шигдчихлээ. Цэргүүд ойр нүдэнд харагдах, нуугдаж болох бүхний ард үсрэн бөөгнөрөв. Дайсанд үүнээс сайхан бай байхгүй байсан биз, манай бөөгнөрөл рүү дураараа буудаж байв. Сэхээ авсан хэд хариу буудалцаж байсан ч тэдний өөдөөс бидний цөөхөн тооны танк эсэргүүцэгч олигтой эсэргүүцэл үзүүлж чадсангүй. 389-р танк эсэргүүцэх батальоны хоёр цэрэг пуужингаа /panzerfaust/ ашиглаж дайсны таван ч танкийг гэмтээж амжив. Үүний дараахан дайсны дайралт суларсан ч цаана нь байх танкууд амар заяа үзүүлсэнгүй алсаас буудсаар. Манай цэргүүдэд миномёт, пулёметыг эс тооцвол хүнд зэвсэг юу ч үлдсэнгүй. Өдий хүртэл чирч ирсэн их буу зэргийг цааш нь чирч явах боломж ч байсангүй. Чингэлэгт байсан шархадсан цэргүүдийн хувь заяа ч шийдэгдлээ. Дайсан тэднийг өрөвдөхгүй нь тодорхой ч бидэнд тэднийг цааш авч явах ямар ч арга байсангүй.

Дайсны 15 орчим танкийг Оберст Франц-/Franz/ын цэргүүд жалганд болсон тулаанд зогсоосон бөгөөд дайснууд тэдний чингэлэгүүдийг нь дайрч морьдыг нь буудсан байв. Маш олон шархдагсад нэмэгдсэн ч 130 орчим нь хүнд шархадсан байлаа. Викинг дивизийн эмч Тон/Tohn/ тэднийг хамгаалж үлдсэн юм. Тэднийг эмчийнх нь хамт дайснууд буудсан юм. Мөн үүнтэй адил явдал дараахан нь болж 140 орчим олзлогдсон шархтан эмч доктор Исселштайн/Esselstein/-ыг Шендеровкийн баруунаас ирсэн дайсны танкууд устгасан билээ.

Хоёрдугаар сарын 17. Голын эрэгт ямар ч завь, гүүр, гатлаж болох хэрэгсэл байсангүй. Голын зүүн эрэгт бүслэлтээс зугтсан манай 20 мянга орчим цэрэг бөөгнөрсөн байсан бөгөөд тэднийг тосож аврах ёстой хүч хаа байгаа нь тодорхойгүй байлаа. Харамсалтай нь тосох ёстой хүч үүнээс гурван км зайтай, 239-р өндөрлөгийн өмнө зүгт Лисянка орчим гүүр барьчихсан халхлалтын отряд хүртэл бэлдсэн хүлээж байсныг бид даанч мэдсэнгүй. Генерал Лейб, Гилл нар голыг яаж гатлах талаар хэлэлцэж Оберст Хом нар гарц хийхээр оролдож үзэв.

Зугтаж байхдаа ихэнх техникээ хаясан болохоор гарц хийх нь бараг л боломжгүй байлаа. Эхнээсээ -5 хэмийн хүйтэн усанд сэлж нимгэн мөсөн дээгүүр цөмрөхгүйн тулд мөлхөж зарим нь морьтойгоо орж, бүр хувцсаа тайлж жингээ хөнгөлж байгаад ус руу үсрэх нь ч байлаа. Бодох ч цаг байсангүй. Араас мөрдөж явсан дайсны эхний танкууд харагдлаа. Төд удалгүй дайсны пулемёт их бууны гал тасралтгүй бууж нимгэн мөсийг хагалж хаяв. Дайсан нөгөө эрэгт гарсан тохиолдолд биднийг хөөж чадахгүй байсан юм. Өлсөж, ядарч тамир тэнхээгэ алдсан олон цэргүүд шөрмөс нь татаж хүйтэн усанд тэр чигээрээ живж амиа алдаж байлаа. Хөвөгч мөснүүдийн дундуур живж үхсэн хүн морьдын цогцос замбараагүй урсана. Генералууд ч сэлж байв. Оберст Хомын 72-р явган дивизийнхэн түрүүлж гарсан бөгөөд сүүлчийн хүн гартал живж үхсэн цэргүүдийн дүрэмт хувцсыг авч эрэгт гарсан цэргүүдэд нөмөргөж туслалцаа үзүүлсэн юм. Хүйтэн уснаас гарч хөлдүү хувцас өмсөх нь шууд арьсанд наалдаж байв. Дайсны галын дор ихэнх нь ямар ч хувцасгүй зарим нэг нь хагас нүцгэн цасан дундуур зугтсан байна. Энд аврахаар тосож байсан танкийн 1-р дивизийн байрнаас хэдхэн зуун метрийн зайд Гнылой Тикичид эрх чөлөөнийхөө яг хажууханд манай цэргүүд олноороо амиа алдсан юм

Төгсгөл. Энэ тулаан бол Германы армийн хоёр дахь Сталинград болох шахсан юм. Энд бүслэгдсэн хоёр корпусын зургаан дивиз ихэнх нь бүрэн устгагдаж цэргүүд 21 хоногийн тасралтгүй байлдаан, сүйрэл дундуур зугтсаар зарим дивиз, корпус нэг ч морь техникгүй үлдсэн. Германы армийн ялалтад итгэх итгэл эрс сулран уналаа. Энд ердөө арван мянга орчим цэрэг л амь гарсан билээ.

Орчуулсан цэргийн түүх судлаач Э.Баттулга

Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]