Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Ар Монголдоо хурга болж төрөөд ирэг болж идүүлэх сэн...Уншсан13,052

Нэг сая орчим төгрөг зарж дөрвөн мянга орчим км зам туулан Монголынхоо ирээдүйд оччихоод ирлээ. Монголын маань ирээдүй их л холд байх юм бодсон чинь энүүхэн хаяанд арав таван мал, алгын чинээ газраа өргөст тороор хашуулж халуун зунаар хар цай оочлонгоо Халхын түүхийг дурсамжийн цаанаас хоолой зангируулан хүүрнэж суух юм.

Монгол Улсын зохиолч, сэтгүүлч Батмөнхийн Зандаахүү

Хүний нутаг дахь миний монгол

 

Нэг сая орчим төгрөг зарж дөрвөн мянга орчим км зам туулан Монголынхоо ирээдүйд оччихоод ирлээ. Монголын маань ирээдүй их л холд байх юм бодсон чинь энүүхэн хаяанд арав таван мал, алгын чинээ газраа өргөст тороор хашуулж халуун зунаар хар цай оочлонгоо Халхын түүхийг дурсамжийн цаанаас хоолой зангируулан хүүрнэж суух юм. Хүүхдүүд нь сургуулийн мөр хөөж хятад болоод хөгшид нь хэдэн малаа даган монголоороо үлдсэн ч тэдэнд хөх толботой ач зээгээ тэврэх хувь дутжээ. Торонд байгаа хэдэн мал, малаа дагаж яваа энэ хэдэн хөгшдөөр Дээд монголчууд дуусч байгаа нь энэ аж. Их гүрний нөмөр нөөлгөн дор цөөнх үндэстэн хэмээн “бөөцийлүүлэх” авч Дундад улсын нийгмийн халамжийг харааж яс махнаасаа зэвүүцэн ярвайхад нь сая л би “Эрх чөлөө, тусгаар тогтнол” хэмээх танил үгийн утгыг хальт мөлт ухаарав.

Эх нутгаасаа тасран гурван зууныг элээсэн Гүш хааны хэдэн монголд дээлтэйгээ хатах ийм нэгэн тавилан оногджээ. Хужаагийн хувцас эгэлдрэхгүй хэмээн ам даавуугаараа дээл мэтгэж суух ч дээлэн доторх сэтгэл дэвэрч буцлахын цагт асгарах газаргүй, хүний нутагт нулимсаа залгин хатуужих. Гэхдээ тэд азтай ажээ. Хол ч гэсэн эх оронтой улс. Монголынхоо зүг цайныхаа дээжийг өргөж, хэзээ нэгэн цагт эх нутагтаа ясаа тавих хувь тохиож мэднэ гэж горьдох. Итгэл хамгийн сүүлд үхдэг нь үнэн бол юутай ч тэд хайлж дуусталаа харах бараатай, санах садантай, горь хүсэлтэйгээ үлдэнэ. Харин бид ирээдүйд тэдний буурин дээр “нүүж” очвол хаашаа харж юундаа залбирч хэнээсээ аврал эрэх билээ? Хөдсөн дээлтэй энэ хэдэн хүн бидний өнгөрсөн үе биш харин ирээдүй минь болж харагдах саарал цагийн будан туучин явахдаа “Хүн хувцасаа тайлчихвал хэн болох билээ” гэж эрхгүй нэг бодсоон.

 

Их сургуулийн багш, залуу эрдэмтэн Д.Бум-Очирын бичсэн “Хайлж буй Дээд монгол” хэмээх өгүүллийг Цахим өртөөнөөс олж уншчихаад урь сэтгэл тээн урд хөршийг зорьсон бид “Хөхнуурын монголчууд гэж ямар хүмүүс байдаг бол” гэсэн сониуч адгуу хүсэлд хөтлөгдөж явсан. Яваад очтол эгээ л элгэн садандаа золгосон шиг сэтгэл цадаад монголоосоо илүү монголоороо үлдсэнийг нь харж нүд эхлээд баяссан. Дараа нь тэдний зовлон бидний зовлон хоёрыг дэнслээд ирэхүйн үес гол харласан. Дэлхийн тэн хагасыг “эзэлчихсэн” их гүрний дунд дээлтэйгээ, бичиг, хэл соёлтойгоо үлдэнэ гэдэг нэг талаасаа гайхамшиг, нөгөөтэйгүүр шүд зуусан хүнд жилүүдийн түүхэн дурсгал шиг санагдаж байлаа. Хятадад 56 үндэстэн байдгийн тавхан нь л үндэсний бичигтэйгээ үлдсэн гэнэ лээ. “Цогт тайж” киног үзсэн хэн ч Гүш хааны тухай там тум төсөөлөлтэй үлдсэн нь дамжиггүй. Дөрвөн ойрдын нэг Хошуудын хан Төрбайх албат иргэдээ дагуулан Хөхнуурын зүг жолоо залсан нь 1636 оны явдал аа. Ингээд л бидний кинонд үздэг шигээр Хөхнуурын хойд биед байх Улаан хошуу гэдэг газар хоёр монгол шар, улаан шашны төлөө удам угшил нэгтнийхээ цусыг үзэж хошуу газрыг цусаараа будан /Энэ түүхээс улбаалан Улаан хошуу хэмээн нэрлэх болжээ/ Төрбайх ханы ялалтаар төгссөн билээ. Төрбайх 5-р Далай ламын хамтаар шарын шашныг мандуулж, Далай ламтан Төрбайхыг шашныг дэлгэрүүлэгч Гүш хаан цолоор шагнасан нь хожмоо түүний олонд түгсэн түүний нэр нь болжээ. 1655-1723 онд Түвд болон Хөхнуурын өндөрлөгт Гүш хаан өөрийн Хошууд хант засгийг байгуулан 70 жил оршин тогтноод 1723 онд Гүүшийн ач Лувсанданзан Манжийн ноёрхлын эсрэг босож дарагдан мөхсөн байна. Түүнээс хойш төрөл нэгт монголчуудаасаа алслагдан салсан тэдний мөхлийн ирмэг рүү чиглэсэн он жилүүд эхэлжээ....

Халхын хавтгайд дураар нүүдэллэн эрх чөлөөг эдлэн жаргадаг монголчуудын хувьд тоотойхон хэдэн бут бударганаас өөр нүд баясгах юмгүй Цайдмын хөндийд торон хашаан дотор малаа дагаж яваа тэд минь өрөвдөлтэй л санагдсан. Нүцгэн нутгийнхаа чанадад хөхөртөх цувраа мянган уулсын зүгт нүд сэтгэлээ бэлчээн “Эх орон минь энэ уулсын цаахна бий дээ” хэмээх бодлоор сэтгэлээ тэжээн өнчирч яваа тэдэнд Монголоос хүн ирсэн гэх сураг тэнгэрээс бурхан буусантай л адил сонсогддог аж. *Бидний нүдэнд ийм нэгэн хувь зохиолтой үзэгдэх төрөл садангуудын маань нэг нь Хятадын баруун хойд хэсгийн Ганьсу, Сичуан, Шинжаан, Түвд дөрвөн мужийн дунд орших Цинхай буюу монголоор бол Хөхнуур мужид түвд, хятад болон хасаг, хотон, салар, лалын шашинтнуудын дунд аж төрдөг Хавт Хасарын удам, түүхэнд бол Хошууд гэгдэх Ойрдын дөрвөн аймгийн нэг одоогийн Дээд монголчууд юм*.

Ийнхүү гэнэт Дээд монгол гэх нэр томъёо гараад ирэхээр “энэ чинь юу болж байнаа, бид нар тэгээд доод монгол юмуу” гээд нүд ам нь гурвалжлаад ирэх хүмүүс гараад ирэх байх. Газрын өндөрлөгт байх тэднийг ийнхүү нэрлэдгээс өөр сүртэй юм үүнд ер үгүй ээ. Бас ч гэж дээд хэмээх энэхүү тодотгол нь тэднийг дээш нь татаж өнөөдөртэй золгуулсан ч байж мэдэх. Юутай ч “доромжлуулах тусам улам өнгө ордог” дотоод сэтгэлийнх нь монгол бардамнал тэдний нүдэнд цогшиж харагдана лээ. Газар шагайсан түвдүүдтэй харьцуулахад шүү дээ. Энэ тухай дараа жич өгүүлэх тул түр азнаад аяллаа анхнаас нь эхлэн уншигчиддаа хүргэе.


Хөх хотод еэвэнгээр мацаг барив

 

Улаанбаатарын хоёр монгол Хөх хотод хөл тавьснаар өмнөд хөрш дэх монголчуудаа эргэх “айлчлал” маань албан ёсоор эхэлсэн юм. Тэр өдрийн орой хятадууд хотын төв талбайд цуглан баярлаж хөгжилдөцгөөлөө. Шинийн арван таван байсан юмсанж. Юань гүрний үед энэ өдөр еэвэнгийнхээ тусламжтайгаар монголчуудыг “ялсан” юм байх. Еэвэн сар хэмээн бахархан тэмдэглэдэг байснаа дараа нь Ургацын баяр хэмээн сайхан нэрлэх болж хамгийн том тарвасаа цавчин Монголчуудын толгойг авч байна гэж баясацгаадаг байсан гэх. Харин хожим нь цавчсан тарвасаа зүсэж саранд өргөн Сар тахих баяр ч гэгдэх болж. Гэхдээ л хөдөөх зарим тосгонд энэ өдөр тарвас зүссэн найрын ширээний ард “Монголын толгой” гэх үг сонсогдсоор байдаг тухай эндэхийн танилууд маань цухуйлгана билээ. Харин монголчууд төв талбай руу зүглэх нь бүү хэл тэр өдөр еэвэн идэхийг хүртэл цээрлэдэг аж.Алжааснаа гайхан амраад сэрэхэд ашгүй өглөө болсон байлаа. Хөх хотод ч бас бидэнд үзэж сонсох зүйл арвин гэж ярилцсаар их сургууль руу нь алхлаа.

Өвөр монгол нь Хятадын анхдагч өөртөө засах орон юм. Энэ нь үндэсний өөртөө засах болон орон нутгийн өөртөө засах эрх, улс төр, эдийн засгийн хүчин зүйлсийг нэгтгэсэн гэсэн үг юм. Хожим Хөхнуурт хүрч очиход тэндэхийн Дээд монголчууд Өвөр монголыг “Өөртөө засах эрхээ ч өмчилж чадаагүй” хэмээн харамсан зэмлэхтэй олонтаа тааралдсан. Өвөр монголын нутаг дэвсгэрийн байршил зүүнээс баруун тийш дэлхийн бөмбөрцгийн өргөргийн 1/12-ийг эзлэн орших учир дорноос мандсан нар хоёр цаг гаруй аялж бүх нутгийг өвч бүрэн гийгүүлдэг байна. 1.183 сая км хавтгай дөрвөлжин газартай.

Энэ нь Хятадын нийт нутаг дэвсгэрийн наймны нэг хувийг эзэлдэг байна. ӨМӨЗО-д өнөөдрийн байдлаар 23 сая хүн оршин амьдарч байгаагийн 80 гаруй хувь нь хятад, харин 15.9 хувь буюу 3.5648 сая нь монгол үндэстэн байна. Өвөр монгол байгалийн арвин баялаг нөөцтэйн зэрэгцээ хүнд үйлдвэрүүд сүүлийн үед эрчимтэй хөгжиж байгаа гэнэ.Их сургуулийн номын санд бид Дэлгэр багш, ӨМ-ийн их сургуулийн Монголын түүх судлах газрын дарга Буяндэлгэр нартай ярилцан ном зохиолуудыг нь үзэж сонирхлоо. Монголын түүхийн судалгааг бие даан хөгжүүлэх боломж муутай, учир нь Хятадад түүхийн судалгааг дэлхийн болон хятадын гэж хоёр л хувааж үздэг, монголын түүх нь хятадаас бусад үндэстний түүхийг судалдаг тусгай түүх гэдэг ангилалд хамаарагддаг. Их сургуулийн оюутан л сургах үүрэгтэй” хэмээн ярьж байв. Хөхнуурын Монголчуудын талаар асуухад “Тэдний тухай монгол сурвалж маш бага, хятад, түвд хэлээр бол нэлээд юм бий. 20-иод жилийн өмнөх судалгааны жаахан материал байдаг, шинэчлэгдээгүй. Ганц нэг хүн хувиараа хөөж судалдаг ч нэгдсэн мэдээллийн сангүй” гэцгээсэн. Харин олзуурхууштай нь Өвөр монголын их сургуульд Монголын соёл судлалын тэнхим саяхан шинээр байгуулагджээ. Дараа нь бид үндэсний түүхийн музейг нь үзэхээр Улаан театрыг зорилоо. Улаан театр хэмээх эл байгууламж нь хотын зүүн дүүрэгт орших бөгөөд орчин үеийн маш өвөрмөц дизайнтай, дугуй хэлбэртэй аж. Гүүрэн зам шиг уруудсан налуу гадаргуу, түүнээс дээш товойн харагдах дугуй асар нь нэлдээ мөнгөлөг өнгөтэй шил толь болсон барилга. Өмнөх хэсэг нь гольфийн талбай шиг нов ногоон хиймэл зүлгээр хучигджээ. Энэхүү байгууламж нь театр хэмээн нэрлэгдэх авч түүхийн бүх үнэт зүйлсийг нэг дор нь төвлөрүүлсэн томоохон музей, жуулчдад зориулсан танин мэдэхүйн том цогцолбор аж. Давхар бүрээ түүхийн үечлэлээр тохижуулж, үзмэрүүдээ айхтар төрөлжүүлжээ. Дөрвөн давхарт нь л гэхэд Хүннүгийн үеийн хөгжмийн зэмсгүүдээс эхлээд шинэ чулуун зэвсгийн үеийн олдворууд, эртний улсууд, нүүдэлчдийн дурсгал /алтаар чимэглэсэн мөнгөн гутал хүртэл байв/, эд өлгийн зүйлс гээд л тогтож үзвэл нэгэнд л гэхэд элбэгхэн 2-3 цаг зарах танхимууд байна.

Хөх хотын зүүн дүүрэг дэх Даяао гацааны Да-Яао соёл нь одоогоос 700 мянган жилийн өмнө буй болсон хамгийн эртний соёл иргэншлийн үлдэгдэл бөгөөд Хятадад одоо хүртэл олдохуйяа бэрх чулуун зэвсгийн үеийн эрт, дунд, сүүлч гурван үеийн том чулуун зэсвэг хийж байсан газар юм. Их зуу аймгийн Үшин хошуунд байгаа Бор тохойн соёлын буурь нь одоогоос 50-35 мянган жилийн өмнөх дурсгал бөгөөд Бээжингийн Жеү Кеүдяний уулын агуйн хүний соёлтой зэрэгцэн нэрд гарч байна. Улаанхад хотын Хүншань дүүрэгт байрлах өнгөт паалан, шинэ чулуун зэвсэг, хаш эдлэлийн цуглуулгаар гол онцлогоо болгосон хүншанийн соёл нь бараг 5.6 мянган жилийн тэртээх соёл иргэншлийн үлдэгдэл ба Монь уулан дахь хадны зураг нь хятадын хадны зургийн хамгийн том эрдэнэсийн сан юм. Эдгээр бүх зүйлсийн “хэлтэрхий” музейд тавигджээ.Музейн уудам танхимыг үнэхээр ухаалаг ашиглаж тухайн соёлыг илэрхийлэх баримал, хөөмөл, шуумлаар орчин үеийн нэгэн цогц бүтээлүүд урлаж тавьсан нь түүхийг хүмүүст бүр ойртуулж өгнө. Энэхэн үес гадныханд Монголын нүүрийг тахалдаг байгалийн түүхийн музейн салбайж пөөнийсөн хэдэн чихмэл нүдэнд харагдах шиг болж нүүр халууцаж явлаа. Юутай ч бид Өвөр монголд өөрийн сэтгэл өвөрлөж, мөнөөх л “Хүн хувцасаа тайлвал хэн болох” тухай бодолхийлж явсаан.


Зөөлөн зөөлөн чулуу элгэн дотуур өнхөрнө

 

...Дундуураа таславч ч үгүй, тамхины иш, самрын яс хөглөрсөн “чангахан” унаа /галт тэрэг/-нд хятадуудтай бужигнасаар Хятадын баруун орных нь нийслэл гэгдэх Ланжу хотод ирлээ. Уулсын дундуурх нүхэн замаар галт тэрэг шургах бүрийд түгшил төрөх аж. Ер нь талын хүний сэтгэлд тарлан газрын шоргоолж шиг өмнөд хөршийн маань ахуй нэг л багтаж өгөхгүй явсныг энэ далимд дурдсу. Өндөрлөг уулсын бүсэд орших Ланжу хотын дундуур алдарт Хатан гол /Шар мөрөн/ урсан өнгөрнө. Шаварлаг хөрстэй газраар урсдаг эл мөрний ус яг л манай говьд хааяахан болдог шар усны үерийнх шиг санагдаж байлаа. Гоалан буюу нутгийнхны нэрлэснээр Луун уул гэх нээрээ л луу гэдэг амьтан байдаг бол ийм л байж таармаар барзгар чулуут нурууны өвөрт урдаасаа хойшоо сунаж сүндэрлэсэн их хот.Лууны сүүлэн дээгүүр дорны хийцтэй сүм дацангуудыг тавцан гарган барьсан нь нэн чимэгтэй. Хатан мөрний дээгүүр барьсан нүсэр гүүрэн дээрээс хотыг анзаарахад шинэ хуучны шийдэл нь голоороо тусгаарлагдсан мэт хоёр өөр өнгө ялгарч байсан. Энд бид Ланжиүгийн их сургуулийн монгол судлалын тэнхмийн эрдэмтэн багш Цэбсиг, Чойдандар нартай уулзсан нь Хөхнуур руу яаран буй сэтгэлийг бүр ч түргэтгэж Дээд монголчуудтайгаа уулзахдаа хэлэх ярих зүйл минь ч хэзээний тодорхой болсон. Жинхэнэ монгол зүрхтэй сурган хүмүүжүүлэгчид, их багш нар байлаа тэд. Өөрсдийнх нь амьдралын түүх ч мөн л сонин.

1910-аад онд Лениний хувьсгалаас зугтаж “Бурхантай будаатай газар ясаа тавина” гэж зүтгэсэн хэдэн хөгшид Говь-Алтайгаар хил давж ирсний нэг нь Цэбсиг гуайн хөгшин ижий гэх.Харин Чойдандар багш бол манай нэрт угсаатны зүйч Бадамхатан гуайн шавь аж. Шинжааны Эзний хошууны хүн. Тэд бидэнд Хөхнуурын хийгээд ер Дундад улсад тарж бутарсан монголчуудынхаа талаар олон талын мэдээлэл өгсөн. Ланжиү хэдийгээр хятадын цөм дунд нь байдаг ч цөөнх үндэстэний сургуульд монгол хичээл ихэнхийг нь эзэлдэг, их сургуульд тоо нь цөөрсөөр сүүлдээ түүхийн хичээл л монголоор орох болдог. Хятад хэлний хичээл, сүүлийн үед англи хэлний хичээл дээр нь нэмэгдэж цаг булаацалдах болоод байна гэж байсан. Дээд монгол найман түмэн /80 000/ хүнтэй гэж улсын бүртгэлд байдаг ч 50 мянга орчим нь л монголоороо байвал их юм. 1980-аад он хүртэл иймэрхүү томоохон их сургуульд монголоос багш, сэхээтэн, эрдэм номын хүн нэг ч байгаагүй. Бүгд л хөдөө малаа дагаж “орги” монголоороо амьдарч байсан. Харин 1980-аад оноос үндэстэний цөөн хэдэн эрдэмтэн төрж бусдыгаа татаж чангаасаар ном эрдэмд хөтөлсөн хэмээн тэд ярьж байсан. Хөхнуураас ирсэн хэдэн хүүхдүүдийг тэд монгол хүн болгох гэж нойр хоолоо хугаслаж явдаг нь харагдана лээ. Дээд монголчуудын өв, соёл, хэл түүхээ авч үлдсэн гол давуу тал нь байгалийн нөхцөл. Зам харгуй муутай, газар өндөр, тариа ногоо ургахгүй, уур амьсгал нь эрс тэс. Одоо улс хөгжиж зам харгуйтай болоод хятадууд эл буйд нутагт ихээр цөмөрч байгаа. Сүүлийн үед төрийн бодлогоор ядуу дорой ард иргэдийг дэмжиж тэтгэх зорилт тавьж тариа ногоо тариулах, уулнаас буулгаж соёлжуулах гээд их ажил эхлүүлсэн гэнэ.

Мөн газарзүйн таатай нөхцөлдөө бөөгнөрсөн заримыг нь тараан суурьшуулах болжээ.1960 оны орчимд засгийн тогтоол гарч “Тэнгэрийн нарыг тэгш харж амьдруулахаар” газар нутагт тархаан илгээсэн. Ингэж л Дээд монгол түүхэндээ бараг анх удаа хятадтай хаяа хатгаж нэг улсын иргэд гэдгээ мэдэрчээ. Эрдэм үзсэн залууст нь үндэсний ухамсар төлөвшиж, зарим нь мөн их үндэстний ухамсарт шингэж, харин хөдөөдөө үлдсэн хэд нь ёстой л тэнгэрийн нараа тэгш харъя хэмээн хаяа хатавчныхандаа элгэмссээр Чингисийн удмын хэдэн бор монгол хайлж дуусч байгаа гэнэ. Сүүлийн үед Хятадын засгийн газраас бэлчээрийг маш их хязгаарлаж эрчимжсэн аж ахуй руу шилжихийг эрмэлзэж байгаа. Бэлчээр үгүй бол мал үгүй. Мал үгүй бол монгол үгүй болно. Муугаар хэлбэл 30-50 жил, гэгээ гэрэлтэйгээр төсөөлвөл, ёс үндсээ хадгалаад мэрийгээд явбал хэдэн зууны нас байна даа гэж Монголынхоо төлөө сэтгэлээ чилээж яваа тэд хуучилсан. Иймэрхүү үнэн сэтгэлийн үг яриагаар үдүүлсэн бид Хөхнуур руу яарсан сэтгэлийн салхиар биш бодлогошрол санаашралын их санаа алдалттайгаар хөдөлсөн билээ.


Сэтгэлийн гэгээ арвидахуй

 

 Бурхан багшийн ээж нь түүнийг төрүүлэх үедээ гэртээ орж амжилгүй нэгэн цэцэгний хажууд амаржижээ. Хүүхдээ гэрт оруулахад долоон алхам байсан гэнэ. Алхам бүрийн тоогоор цэцэг дэлгэрсээр долоон цэцэг болж анх төрсөн газарт нь нэгэн цэцэг мэндэлснээр ариун Гүмбүм орны үүдний найман суваргад найман цэцэг дүрслэгджээ. Суварга бүр учир бэлгэдэлтэй. Бурхан багшийн насны бүх үйлийг агуулсан учир холбогдолтой. Гүмбэмд суварга олон бий. Шарны шашныг үндэслэгч Зонховын мэндэлсэн газарт /1379 онд/ анхны суваргыг босгожээ. Гүш ханы бага хүү Даш баатар энд ордонлож байсан. Тэр байшин хожим Гүмбүмийг хамаарах засаг захиргааны төв байр болжээ. Дашийн хүү Лувсанданзан хожим нь эцгийн байшинг дацан болгож шинээр сэргээн засчээ. Мөнөөх найман суваргыг Лувсанданзангийн “цэргүүдийн” суварга хэмээн бас нэрлэх. Энд баахан лам нарын цус асгарсан нь түүхэн үйл явдал аж. Тэднийг хаа байсан Хөхнуурт сууж байсан Лувсанданзангийн цэрэг хэмээн хэлмэгдүүлж аймаглан хөнөөсөн гэх. Сүсэгтнүүд бурханы оронд одсон лам нартаа буян бодож эл суваргуудыг сүндэрлүүлсэн ч гэх домог сонсч явлаа. Бас хийдийн гол горломд нэгэн өвгөн мод байх.Түүнийг бурхан багшийн гишгэсэн газраас ургасан /үргүй навчилсан/ гэж мөргөлчид тахиж тайж байхтай тааралдлаа. 3500 лам ном хурдаг байсан гэх Майдар бурхны дацанд ирээдүйд болох дэлхийн мөхөл, шашны дайныг дүрсэлсэн “аймшгийн” зураг, дэлхийг нуруундаа тээж яваа яст мэлхий, замба тивийн мандал дахь тамыг дүрсэлсэн нь ирээдүйн гамшгийг эртнээс хүмүүст ухамсарлуулж, урьдчилан сэргийлүүлэх гэсэн оролдлого гэнэ. Ер энэ нутагт очсоноос хойш мэдэрсэн бурхан номын хамгийн амьдлаг газар нь Гүмбүм байсан. Найман Найдангийн зээгт наамлаар урласан зурагны нүдийг эрдэнийн чулуугаар хийсэн нь амьд мэт. 134 кг алтаар дээвэрлэсэн Зонховын сүмийг шинээр барьж байгаатай тааралдсан. Шашны түүхэнд гурван том Зуу байдгийн нэг мөнгөн Зуу нь энд, алтан Зуу нь Лхаст, зандан Зуу нь Халимагт байдаг гэнэ лээ. Энд маш сонин олон зүйлийг харж болно. Бурхадыг зэвсэгтэй байх юм гэж өмнө нь ер бодож байсангүй.

Гэтэл дайны бүх л зэвсэг бурхадын дэргэд бурхан мэт залрах нь Шамбалын дайны бэлтгэл ажил гэнэ. Бараг л зэвсгийн склад гэмээр нэгэн сүмээр ороод бүр балмагдсан шүү. Зэвсэгтэй бурхадаас айж цочмоор юм билээ. Байгалийн амьд модоор тулгуур хийсэн Майдарын 12 насны шуумалтай дацан байх юм. Сүмээр оронгуут нэр нь үл мэдэгдэх бурхан угтлаа.Сүмийг байгуулахаар малтах үед нэгэн төмөр бурхан гарсныг шармал болгон сэргээж залжээ. Одоо ч лам нар нэр оноож чадаагүй байгаа гэсэн. Энэ нь 1500-аад онд байгуулагдсан эртний дацан. Зохилгүй явдалт гоо охиныг шулам шиг дүртэй болгосноор тэр гэгээрч замбативийн 500 хүүхдийн эх болсон гэх. Энэ нь Балданлхам бурхан. Сүрлэг гайхамшигтайгаар залжээ. Нээрээ л аймаар дүртэй ч аятайхан харагдсан шүү. За тэгээд л энд ирж таалал төгссөн 3-р Далай ламын чандраас өгсүүлээд Богд Зонховын зүүдээр хийсэн тосон цэцгийн сүм гээд л үзэх юм арвин. Тосон цэцгийн сүмийн үзмэрүүдийг шар тосоор урласан. Жил бүрийн Цагаан сараар шинэчлэн шинэ зүүд бүтээдэг гэх. Гүмбүмийн эргэн тойрны уулсыг Лянхуа уулс гэдэг. Найман дэлбээт лянхуа нээрээ л яг мөөн. Маргааш энд болох Дээд монголын нэгэн хуримд бэлтгэж буй айлд зочлоод орой нь буцахдаа бяцхан төөрч бид тун санаадгүйгээр мөнөөх лянхуан нэг дэлбээн дээр гарчихсандаа тун ч олзуурхсан билээ. Сүрхий хотожсон орчин үеийн энэ газарт толь шиг цардмал зам нь гэнэт уул руу ордог балархай зөрөгтэй нийлчихдэг юм билээ. Төөрнө гэдэг л тэр байх. Уулан дээрээс харахад нөгөө толь шиг зам торолгүй явсаар Гүмбүм рүү хөтөлж байна лээ.

 

Маргааш нь бид Дээд монголын хурим найрын зан үйлийг ёстой нэг амьдаар нь харж атаархахдаа хэлэх үгээ олохгүй шагшсан. Ёс жаяггүй үйлдэл гэж тэнд байгаагүй ээ. Хамгийн олзуурхууштай нь Дээд монголд хуримгүй гэрлэлт гэж байдаггүй гэсэн. Биднийг Гүмбүмээс 20-иодхон км-ийн зайд байх Шинэн /Монголчууд Сэлэн хэмээнэ/ хотод угтсан Хөхнуурын үндэсний их сургуулийн багш, эртний дотно танил Хөхөө хүртэл тэр хуриманд хүрээд ирчихсэн “Дээд монголчууд хуриман дээр л бараа бараагаа харах юм” гээд зогсч байсан. Хурим яг л бидний мартсаныг сануулах мэт байсан. Монголчууд ингэж л хуримладаг байсан даа гээд бид хоёр нээх холоос санаа алдсан. Бидний мартсан, шинэчилсэн бүх зүйл тэнд уламжлал ёсоороо байна лээ. Хуримын туршид би шинэ бэрийг өрөвдсөн. Бүхэл бүтэн хоёр өдрийн турш ичиж гэрэвшин доошоо тонгойх түүнд лав амар байгаагүй байх аа. Хурим найрын үеэр сархад хэтрүүлэн хэрэглэсэн хүн ер харагдаагүй. Баян сөнгийн ерөөл гэгч монголын бүх уламжлалыг хураан захисан үгсийг найрын ахлагч нь хэлж царан дээр тавьсан хос мөнгөн аягатай архийг гийчдэд нэн хүндэтгэлтэйгээр барих юм. Архи барих хүмүүс нь гол төлөв залуус. Тэдэнд хүндэтгэлийн зан үйлийг ингэж л сургадаг бололтой. Тэд ч төлөв төвшин гэж жигтэйхэн, эрхэм зочныхоо өмнө ирээд л Дээд монголынхоо ардын сайхан дуунаас аялгуулан эхэлж тэр хоорондоо ёсыг гүйцэтгэн зочноо дайлах аж. Дээд монголд ерөөлчид их цөөн байдаг, тэд хүндтэй ч гэж туйлгүй. Бидний эрхэм анд Бүргэдийн хадам аав Цагаанбаатар гуай энэ үүргийг маш чадамгай гүйцэтгэж харагдсан.Гүмбүмд байх гурав хоногийн хугацаанд бид Цагаанбаатар гуайн гэр зочид буудалд Хөхнуурын монголчуудтайгаа тогоотой хоолонд хошуу холбож тухтай таатай өнгөрөөсөн. Цагаанбаатар гуай Хайши /Хөхнуурын баруун тал/-гаас суурин газарт нүүж ирээд таван оныг үдэж байгаа. Энд ирэх монголчууд ихэнхдээ л гэр бүлийнхээ эрхэм нэгэн хүнийг алдаж уй гашуу болохдоо буян хийлгэхээр зорьсон байдаг аж.

Эндэхийн монголчууд бурхан болоочийнхоо хойдын буянд үнэхээр их сэтгэл хандуулдаг юм билээ. Зовсон зүдсэн элэг нэгтнүүддээ садангийн сэтгэлээр хандаад явуулдаг Цагаанбаатар гуайнх ч бас буяны л газар шиг санагдсан. Бидэнтэй нэгэн хананы цаана түр суурьшсан Мо Шо, Сарнай нар /эхнэр, нөхөр/ Хөх хотод өөд болсон аавынхаа чандрыг аваад Хөхнуур руугаа явж байна, бид Цагаанбаатар гуайн нутаг Хайшийн улсууд хэмээн ярьж байсан. Гүмбүмд болсон хуриман дээр бид Тайж нар, Хөрлөг, Давсан говь, Улаан гээд л Хөхнуурын бараг л бүх хошуудын хүмүүстэй уулзаж танилцан үүх түүхээс нь чихээ дэлдийлгэн сонссон. Тайж нар хошууны Цүлтэм гэдэг айхтар ухаалаг өвгөн бидэнд ихийг ярьж элгэмссэн. Мөн Дээд монголын 29 хошуу байснаас ес нь үлдсэн, тэд бүгд өөрсдийн үүх түүхээр ойллого хэмээх нэгэн ботиудыг тус тус гаргаад байгаа гээд Тайж нар хошууны ойллогыг бидэнд бэлэглэсэн нь бусад хошуудын бичиг түүхийн эрэлд хожим нь биднийг хөтөлсөн юм. Юутай ч ариун номын Гүмбүм орон, авралт найман суваргын дор сэтгэлийн гэгээ арвидах шиг болсон.Эндээс бид Дэлхий хот хэмээх Хятадын цэргийн хаалттай хотыг зорих боловч цагдаа нарт саатуулагдан дараагийн монгол хот Голмудад шууд хүрч тэндээсээ Лхаст зорчиж ирэх замдаа Дээд монголынхоо малчны хотонд аргалын утаа үнэртэн тавтайяа амран тухлах болно. Урт энэ аяллын туршид сэтгэл огшоосон, өр өмлөсөн, цайлган баясаж, айлган тунирхсан олон арван жинхэнэ мэдрэмж олзолсон.


Бурхадын хотод сэтгэл хоосрох нь хачин

 

Хэзээ мөдгүй түрхрэн босохоор завдаж буй хүчит араатан мэт хүдэр хүйтэн цохионууд, аянчны тэрэгнээс толгойгоо цухуйлгаад ч орой нь үл харагдах тийм эгц сүрдэм уулсын хормойгоор бодол сэтгэлээ хатамжлах мэт дүнсгэрхэн аялж явлаа. Дуу шуугүйхэн санаашрах авч цээжин дотор бодол цалгих нь нэн тодхон. Замын дагуу асарлах эгц босоо хадан энгэрийг эвтэйхэн хучсан хамгаалалтын төмөр утсан тор мөнөөх түрхрэгч араатнаас сэргийлэх гэсэн хүмүүний ядмагхан оролдлого аж.

Хатуу совингийн биелэл шиг энэ нутагт зөөлөн юм олж бодох сон гэж хичээх хэдий ч ариуслын гэгээн Лхаст /Түвдээр бурханы хот гэсэн үг/ бурхад нь хүртэл шилэн хоргонд хоригдож байсан шүү дээ гээд л шүүрс алдах. Эзэндээ мартагдсан боол мэт нутаг. Тэнд зул хүжис л амьд /асаж/ байдаг. Олон олон зулын зүг хүмүүс тасралтгүй сунаж мөргөсөөр дух, тохойгоо ч халцарч цоорохыг мэддэггүй. Тэд зэрэгцээд мөргөж байхдаа ч бие биенээ олж хардаггүй, нүд нь аниастай, харанхуй.Бурханы орны хоймор дахь Будаалин /Ботола/ ордонд нэвтрэх тасалбар 100 юанийн үнэтэй. Үе үеийн Далай лам энд ордонлож байсан. Өдгөө тэдний чандрууд нь ордныхоо их алтан суваргуудад хадгалагдан “амьдарсаар” л байгаа. Сэрэг дүрүүд нь буддын мянган бурхадын хамт заларч байдаг юм билээ. Харин 14-р Далай ламын суудал эзгүй, орхимж жанч нь эзнээ хүлээх мэт уйтайхан “сууж” харагдана лээ.

Түвдийн “дээвэр” болсон Будаалин ордны хэрмэн дээгүүр тонгойн харахад тэртээ доор түвдүүд шоргоолж шиг, төөлүүр хорхой шиг ордноо гороолон сунаж мөргөсөөр л. Харин энд эргэн тойрон харь хүмүүс, жуулчид, эрээгүй чангаар хашгичин ярих хятадууд... Түүх сөхвөөс 7-р зуунд Соронзонгомбо хаан хөрш аймгуудыг нэгтгэж Лхасыг байгуулжээ. Тэгээд анхны ордноо болгож Жокан хийд буюу Их зууг босгосон гэнэ. Энэтхэг Балбын уран барилгын хийцтэй эл томоохон байгууламж нь Соронзонгомбын анхны эхнэр балба хатных нь бэлэг гэх. 1617 онд Зүүнгарын цэргүүд хийдийг дайрч нэлээдгүй сүйтгэл учруулсан ч засаж сэргээгээд ахиад л гайхамшигт өнгөнд нь хувиргаж чаджээ.

Гэхдээ бурхан шашны эл агуу зүйлс ис тоосорсон, нүсэр эл сүмд хаягдсан хувь тавилантайгаа эвлэрэх мэт хураагдсан нь харамсмаар. Дараа нь Марфори толгойд Боталаг барьжээ. Эдүгээ дэлхийн соёлын өвд бүртгэгдсэн эл гайхамшигт ордныг цогцлооход Энэтхэг, Балбаас хөрөнгийн их урсгал зайгүй урсаж байсан гэдэг. Түвдэд шашин номын гурван том цогцолбор байдгийн нэг нь Лхасын хойд бие дэх Сера голын эрэгт уулан дунд орших Сера буюу зэрлэг сарнайн хийд. 1419 онд Зонховын шавь Жамцан Чойжэ байгуулсан. Гурван дацантай, 29 байртай, алтан үед энд 5500 лам амьдарч байжээ. Хосгүй үнэтэй хананы зургууд байдгийг саяхан 1990-ээд оны эхээр дахин сэргээсэн. Очирваань бурханы түмэн хөрөг залаастай байдаг эл хийдэд монголтой холбогдох зүйлс арвин. Лхасын шашны томоохон төвүүдийн нэг болох Норбулин хийдийн зүүн талд Түвдийн музей байдаг. 1999 онд байгуулагдсан уг музейд шинжлэх ухаан, боловсрол, нийгмийн чиглэлийн судалгааны үнэ цэнэтэй материалууд хадгалагдахаас гадна шашин түүхийн онцгой сонин үзмэрүүд арвинтай. Үүн дотор мөн л монголын түүхтэй холбогдох олон арван гайхамшигт зүйл бий. Эл музей нь хятадын 10 том музейн нэг гэсэн.

 Гэхдээ л энд үзэж харсан бүхэн маань нүсэр гэгчийн бүдэг бүгээн сүм дотор арц хүж болоод зулын шар тосны үнэртэй холилдон эмх замбараагүй, гайхаж бишрэхэд бэрх тийм нэг мэдрэмж болоод дотор сэтгэлд нэн түүртэй ч юм шиг санагдсаныг дурдсу. Учиргүй их хүсэж зорьж ирсэн Цастын орныг орхиж одох сон гэж яагаад ч юм жигтэйхэн их яарсан би. Одоо буцаж яваа нь энэ. Хөлдүү цагаан тосыг хэлтлээд авсан шиг эмтэлж мэрчихсэн уулнууд л тааралдаад байлаа. Хараа жаахан өргөөд холыг анирдах аваас тэртээх хөхөмдөг алсад мөн л их нурууд хөндөлсөн сүртэйеэ үзэгдэнэ. Гэвч энэ газар хятад хүний хөл хүрээгүй нутаг орон гэж байдаггүйг санаад бас л ойртоод очихын цагт нүд халтирах байх даа гэж шимширлээ.

Уулсыг чимж буй ганц зүйл нь оргилынх нь мөнх цас. Нүцгэн биеийнх нь шарх сорвийг дүүргэн цас, бороо ороход уулс баярладаг байх даа гэж бодсон. Цастын орноос Цайдмын хөндийг зорин ийн явахдаа сэтгэл тэжээх бодол эрсэн минь тун амархан олдов. Тун удахгүй би элгэн саднуудтайгаа уулзана даа гэхээс тайвшраад явчихлаа. Ёстой л хоол шиг бодол байж. Зөөлөн болоод хөндүүр. Түвдийн өндөрлөг уулсын бэл дэх Цайдмын хөндийд суугаа монголчууд маань замбаатай цайндаа шар тос хөвүүлээд барина. Халуун цайны илчинд хөлсөө бурзайлган тос даасан, жинхэнэ монгол үгсийг амнаасаа унаган хуучилна. Яриа нь сэтгэл шигээ үнэн байна. Тэдэнтэйгээ хөөрөлдөн суухуй ясны хөлс гарч ядрал минь мартагдана. Уйлмаар болно, дуулмаар болно. Өөрийн эрхгүй сэтгэл огшоод ирнэ. Өглөө болгон монгол нутгийнхаа зүг цайны дээжээ өргөж “Монгол минь өнө мөнх, энх тунх орштугай” гэж залбирах, ингэхдээ зовлон нь нимгэрэх шиг л болдог гэх. Хар хятадад дарлуулан ингэж хүнээ алдаж суухаар монгол нутагтаа хурга болж төрөөд ирэг болоод идүүлэх сэн гэхийг нь сонсохоор цээжинд нулимс зангираад ирнэ.

Үргэлжлэл бий...

Сэтгэгдэл 7ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
2 сар 12. 15:21
Эх оронч үзэл бол тэнэгтэх үйлдэл биш.

Миний Монгол дэвжин дээшилж дэлхийд цуурайтан , нэг л өдөр Их Монгол улсаа буцаан нэгтгэж хүчирхэг болох цаг ирэх болтугай. Урд, хойд, зүүн 3 улсаар тархсан монголчуудын маань нэг бүрчлэн Бурхан минь Та хамгаалах болтугай. Нэг хүний амийн өртөгийг бид бодоод ч дийлдэшгүй.

2 сар 7. 18:47
Үжин

Сонирхолтой, сайхан бичиж. Гарчиг нь харин жаахан билэг дэмбэрэлгүй санагдлаа. Бид болоод хойч үе минь ийм тавиланд унах биш харин дэвжин дээшилсэн, дэлхийд цуурайтсан Монгол байх болтугай.

2 сар 7. 16:24
Зочин

Газар нутаг нь ч монголынх өөрсдийнхөө нутагт бусдын удирдлаганд байгаа гэвэл үнэн биш үү.

2 сар 7. 14:23
Зочин

Монголын маань ирээдүй биш байлгүй дээ. Монгол маань хэзээ ч Хятадын харъя болохгүй биз гэж найдаж, итгэж байна.

2 сар 8. 11:09

Би ч бас итгэж байна

2 сар 7. 22:22
Зочин

qli hediin orood ortsiin bishvv:

2 сар 6. 11:41
Зочин

Сайхан бичжээ. Үргэлжлэлийг хүлээж байна.

Сэтгэгдэл бичих
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]