Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Талхны үнэ 200 тэрбумд хүрсэн түүхУншсан8,238

Цалин буух өдөр хүмүүс том том цүнх чемодантай ирж мөнгөө авах гэж урт дараалалд орж “алалцаж” эхлэх бөгөөд цалингаа авч амжсан нэг нь шуудай шуудай мөнгөө үүрч, дүүрч чирсээр хамгийн ойрхон дэлгүүрт орж юу дайралдсан болгоныг худалдан авч байлаа.

1920 оны үед Германы нэгэн эр үхрээ зарж мөнгөө банкинд хадгалуулжээ. Мөнгөний ханш унаад ирэх цагт мөнгөө авч бараа болгох гэтэл үхрийнхээ үнээр гутлын үдээс л авч чадсан байна.

 

Ээж нь хүүгээ хажуугийн дэлгүүрээс хоёр талх аваад ир гээд таарсан мөнгө өгч явуултал хүү замдаа хөл бөмбөг тоглож байгаа хүүхэдтэй таарч хэд өшиглөж байгаад дэлгүүр ороод өнөөх мөнгөөрөө ганц л талх авчээ... гэсэн мөнгөний ханш Германд айхтар унасан цаг үеийн тухай түүхийг зарим нэг хүн сонссон байх. Санаанд багтамгүй мэт боловч энэ нь үнэн түүх юм. Яаж яваад ийм явдал болдог байна аа?

Энэ явдал Дэлхийн Нэгдүгээр дайнаас үүдэлтэй бөгөөд Германы засаг төр дайны зардлаа олохын тулд гадаадаас маш их хэмжээний зээл авч эхэлсэн байна. Дайны ялалтын дараа эдгээр зээлийг амархан төлж чадна гэж тооцож байсан бөгөөд дайсныхаа олон ашигтай газар нутаг, эдийн засгийн боломжийг нь дайны төлбөрт авч зээлээ төлөхөд ашиглана гэж найдаж байв.

Гэтэл дайнд ялагдлаа. Үр дүн нь асар их өр, дээр нь ялсан холбоотнуудад өгөх ёстой дайны төлбөр. Версалийн гэрээгээр Герман 132 тэрбум марк ( 31,4 тэр бум доллар)-ыг холбоотнуудад дайны төлбөр болгон төлөх ёстой боллоо. Төлөх юм юу ч үгүй болсон Герман мөнгийг бөөн бөөнөөр нь хэвлэж түүгээрээ гадаадын валют худалдан авч төлж эхэлжээ. Энэ байдлаар удаан үргэлжлээгүй бөгөөд зах зээл дээрх мөнгөний хэмжээ хяналтаас гарч мөнгө нь бараанаасаа илүү болж, маркийн ханш ч шалчийж, шалбийгаад өгсөн байна.

Герман марк дайны өмнө  4,2 : 1 ам доллар буюу 4,2 марк нь 1 америк доллартой тэнцэж байсан бол дайны үеэр 48 болж нэлээд хурдтайгаар өсөж байж. Удалгүй ханшны уналтын хурд огцом нэмэгдлээ.  1922 оны үед 1 доллар 320 марк болж, оны эцэст 7400 марк хүрэв. Гипер инфляци эхэллээ.

Цалин буух өдөр хүмүүс том том цүнх чемодантай ирж мөнгөө авах гэж урт дараалалд орж “алалцаж” эхлэх бөгөөд цалингаа авч амжсан нэг нь шуудай шуудай мөнгөө үүрч, дүүрч чирсээр хамгийн ойрхон дэлгүүрт орж юу дайралдсан болгоныг худалдан авч байлаа. Хэдэн өдөр болоод л шинэ дэвсгэрт гарч байсан бөгөөд тэрхүү дэвсгэрт дээр бичигдэх тооны “тэг” нь хэд хэдээр нэмэгдсээр.  Явсаар 1000 тэрбум буюу нэг триллион (их наяд) маркийн дэвсгэрт гарсан бөгөөд ямар нэг худалдан авалтын хариулт гэх мэтийн зүйлс үгүй болов.  1923 оны сүүлээр ханшны уналт дээд цэгтээ хүрсэн ба 100 их наядын дэвсгэрт зах зээлд орж иржээ. Гэхдээ дэвсгэрт дээр “100 биллион“ гэж бичигдэж байсан ба энэ нь миллиард буюу тэрбум гэх тооны өөр ойлголттой хамаатай юм. Энэхүү 100 их наядын бодит үнэ нь 25 ам доллар. Мөнгө цаас болох гэдэг жинхэнэ утгаараа хэрэгжиж байгаа нь энэ. Гэтэл яваандаа цаас нь мөнгөнөөсөө үнэтэй болсон билээ.

Ганц талх 200 тэрбум марк болсон (хамгийн дээд үнэ нь 430 тэрбум хүрсэн гэдэг) бөгөөд хоол цайны газар хоолны цэс гээчийг хийхээ больсон ба хоол захиалаад тэр нь бэлэн болох хооронд л үнэ нь өөрчлөгдөж байв.

Ямар ч үнэгүй болсон мөнгө гээчийг тоохоо больж балар эртний гэмээр бартерийн худалдаа эрчээ аван хүмүүсийн ёс суртахуун ч шалдаа буун хулгай зэлгий газар авлаа.  Хүүхдүүд мөнгөөр цаасан шувуу хийж тоглож, гэрийн эзэгтэй нар галаа асаахад марк ашиглаж эхэлсэн ба ханын цаасаа мөнгөөр орлуулах бүү хэл бүр мөнгөөр байшин барьж байсан тохиолдол ч бий гэдэг.

Ийм нөхцөлд улс төрийн байдал ч дээд цэгтээ хүртэл хурцдах нь ойлгомжтой. 1923 оны аравдугаар сард Гамбургт коммунистууд зэвсэгт бослого дэгдээсэн бол арваннэгдүгээр сард нь Мюнхенд нацистууд  “шар айрагны бослого” гаргаж байв. Аль алийг нь хүчээр дарж чадсан эрх баригчид яаралтай, онцгой арга хэмжээ авахгүй бол Герман орон гэж үгүй болохыг ойлгосон байна.

1923 оны зунаас мөнгөний хэмжээ 132 000 дахин нэмэгдсэн бол юмны үнэ 854 000 дахин, долларын ханш 400 000 дахин нэмэгджээ. Муу юманд сайн зүйл жаахан ч гэсэн байдаг хойно энэ асар их мөнгийг хэвлэх, тараах, бэлтгэх ажилд хэрэгтэй олон зуу, мянган ажлын байр бий болсон гэдэг.

Гадаадын жуулчид ч асар ихээр ирдэг боллоо. Англи, Франц болон бусад орны халаасандаа хэдхэн доллартай ядруухан жуулчид хүртэл Германы хамгийн том зочид буудалд бууж, хамгийн үнэтэй хоол ундыг нь идэж жинхэнэ жаргаж эхэлжээ. Соёлын болон түүхийн үнэт зүйл, урлагийн бүтээл зэргийг нь гадаадын “захын тэнүүлч“ мөнгөөр зодон авч эхэлсэн бөгөөд иймэрхүү зүйл нутгийн оршин суугчдын дургүйцлийг төрүүлэхгүй яахав. Нацизм яагаад газар авсан нь ойлгомжтой.

Мөнгөний ханшны уналтын бас нэг сайн тал нь гадаад худалдаа. Германчууд түүхий эд  биш харин бэлэн болсон (манайхны хэлэх дуртайгаар нэмүү өртөг шингэсэн) бүтээгдэхүүн гадаадад ихээр зарж байсан ба худалдан авч байгаа улс нь хямд, чанар сайтай бүтээгдэхүүн авч байгаа бол худалдаж байгаа Германы үйлдвэрлэгчид бусад өрсөлдөгч нараас хамаагүй илүү хямд үнэ санал болгож байгаа учраас барааны борлуулалт нь маш сайн, олсон валютынхаа зарим хэсгийг дотоодод зарж давхар ашиг олж байлаа. Нэг ёсондоо гиперинфляци бий болж эдийн засаг сүйрч байгаа боловч Германд ажилгүйдэл гэдэг юм бараг байсангүй. Аялал жуулчлал асар хурдтай хөгжиж, үйлдвэрлэл толгой эргэм их ашиг олж байсан зэргээс шалтгаалан Герман дахь ажилгүйдлийн хэмжээ Англи зэрэг орныхоос бага байв.

Энэ бүх замбараагүй байдлыг таслан зогсоохоор шинэ валют гаргасан нь рентенмарк юм. Үнийг нь дайны өмнөх маркийн ханшаар 4,2 рентмарк 1 ам.доллартой тэнцэхээр тогтоосон байна. Хэдхэн долоо хоногийн дараа үнэ ханш шинэ валютын үнээр тогтворжиж эхэлсэн ба гадаадаас зээл авах боломж бий боллоо. Гэтэл сайны хажуугаар саар байх ёстой ”хуулиар” олон шинэ сөрөг тал бий болсон нь: эргэлтийн хөрөнгөө алдсан үйлдвэрлэгчид ажилчид, албан хаагчдаа олноор нь халж эхэлсэн ба эрх баригчид улсын төсвөө ч дээд зэргээр танахаас өөр аргагүй болов.  Ажилгүйдэл огцом өслөө...

Дагаад нийгэмд эмх замбараагүй байдал газар авч эхэлснээс нацизмын сүүдэр Герман орныг нөмөрч эхэллээ...

Нийтлэлч Чалчаа саарал
Сэтгэгдэл 1ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
8 сар 15. 21:40
Зочинr

1944 OND MONGOLD OLSOGLON BOLJ BAISAN SOYL ULSIIG HOGJUULDEG

Сэтгэгдэл бичих
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]