Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

"Анэнербэ"-гийн нууц судалгааУншсан3,735

Улаан армийн 4-р гвардийн механикжсан корпусын дарга Германы Альтштат гэдэг багахан хотыг эзлэх үед тохиолдсон нэгэн явдлын тухай ийнхүү өгүүлжээ.

Ц.Насанбат, Л.Алтансүх нарын "Психотрон эзвсэг буюу Сэтгэцэд нөлөөлөх үйлчлэл (тусгай албадын нууц төслүүд)" хэмээх 2016 онд хэвлэгдсэн онц сонирхолтой, шинэхэн номыг бүтээгчдийнх нь зөвшөөрөлтэйгөөр цувралаар нийтэлж эхэлж байна. Дашрамд манай сайтын уншигчдын оюуныг мялааж, номоо цувралаар гаргахыг зөвшөөрсөн Ц.Насанбат, Л.Алтансүх нарт талархал илэрхийлж байна.


"Анэнербэ"-гийн нууц судалгаа

 

 

Анэнербэ (Ahnenerbe) – бол нацист Германы хамгийн нууцлаг, учир битүүлэг байгууллага байсан. СС-ийн бүрэлдэхүүнд албан ёсоор ордог, зарим эх сурвалжид дурдсанаар бол түүний тархи болсон байгууллага. Тэнд бэлтгэгдсэн сайн мэргэжилтнүүд ажиллаж дүрслэл, дүрс бичиг, хэл судлал, аричиуудын түүх, эртний үндэстнүүдийн мэдлэгийг судлан санскрит хэлнээс орчуулга хийж янз бүрийн үндэстэн омгуудын үлгэр домгийг хүртэл маш нарийн судалж угсаатны зүйн судалгаа хийж байв.

Чухам СС-ийн сайн санхүүжилтээр Төвд рүү олон удаагийн судалгааны ангиуд явсныг бид мэднэ.

“Өвөг дээдсийн өв залгамж” байгууллагын нууцууд одоог хүртэл тайлагдаагүй, маш бага зүйл л мэдэгдэж байгаа. Дайны төгсгөлөөр СС-ийнхэн ихэнх архивын материалаа устгасан, эсхүл нуусан гэж Англи, Америк, Оросын цэргийн тагнуулынхан үздэг байна.

Хурандаа Вольфрам фон Зиверсийн удирдсан тус хүрээлэнгийн судлаач, эрдэмтэд одоо их бичигдэж байгаа дэлхийн нэгдсэн энерги, мэдээллийн талбайг тэр үед ойлгож эхэлсэн байдаг.

1942 оны есдүгээр сард Германы алдартай эрдэмтдийн нэг Ханс Альтхофф “Анэнербэ” бүлгийн ухамсрын физикийн хүрээлэнд шилжин ирсэн бөгөөд энэ үед СС-ийн удирдагч Г.Гиммлер эрдэмтдэд “...Хүмүүсийг дуулгавартай боол болгон хувиргах цоо шинэ зэвсэг бүтээх ёстой” гэсэн үүрэг өгсөн байна.

Анэнербэгийн боловсруулсан судалгаа, бичиг баримтууд аль хэдийнээс “нууцын зэрэглэлтэй” байсан боловч эдгээр баримтын нэг хэсэг нь азаар ил гарч 1990-ээд оноос Оросын хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон номуудад нийтлэгдэх болсон юм.

Тухайлбал эртний Германы бурхдын дурсгалд зориулсан “Тоор” гэдэг төсөл хэрэгжиж байжээ.

Эртний сурвалжит отгийн сүүлчийн төлөөлөгчид болох Виллигут, Карл Мария нар энэ төсөлд маш чухал үүрэг гүйцэтгэсэн байдаг. Виллигут өөрийгөө эртний хаадын өв залгамжлагч гэж ярьдаг байв. Виллигутын овог, гарал угсааны түүхийг Гитлер ихэд сонирхож байсан ч гол зүйл нь үүнд байсангүй, харин гэр бүлийг сахин хамгаалдаг ид шидийн хүснэгтэд учир байв.

1941 онд Виллигут энэ санаагаа Гитлерт хэлжээ. Чухам эндээс л бүх хачин жигтэй зүйл эхэлсэн гэдэг. Ухамсрын физикийн хүрээлэнг удирдаж байсан Маур уг хүснэгтийг судалж үзээд энэ бол ид шидийн тэмдэг үсэг биш харин математик болон физикийн томьёо байна гэжээ. Эдгээрийн заримыг эрдэмтэд ямар ч төвөггүй ойлгож байсан бол заримыг нь ойлгох түвшинд хүрээгүй байлаа. Энэ хүснэгтийн үндсэн дээр хүмүүст гипофизикийн аргаар үйлчилж дуулгавартай боол болгох психотрон зэвсэг зохион бүтээх судалгаа шинжилгээний ажил эхэлсэн байна.

Маур туршилтыг нягт нямбай бөгөөд тасралтгүй хийж байсныг илтгэх багаж төхөөрөмжийн зураг, үйл ажиллагааг нь дүрслэн бичсэн материал дайны дараа олзлогдсон байдаг. Германы эрдэмтдийн судалж байсан хуйлрагч талбай (торсион орон) – нь тухайн санааг шинжлэх ухаанд гаргаж иртэл даруй дөч гаруй жил өнгөрсөн юм.

Харин Анэнербэ энэ онолын судалгааг бүр дайнаас өмнө нээчихсэн бололтой. Гэвч нийтэд хэрэглэх зэвсгийг гаргахын тулд германчуудад 10-аас доошгүй жил хэрэгтэй байв.

Лавлагаа: Улаан армийн 4-р гвардийн механикжсан корпусын дарга Германы Альтштат гэдэг багахан хотыг эзлэх үед тохиолдсон нэгэн явдлын тухай ийнхүү өгүүлжээ.

“...Хотын орчимд бид маш хүчтэй эсэргүүцэлтэй тулгарсан. Бидний өмнө зөвхөн настай хөгшчүүл болон сургуулийн сурагчид байсан ч тэд эцсийн дусал цусаа дуустал тулалдаж байлаа. Тэр хотын архан талд байсан ойг дайснууд маш идэвхтэйгээр хамгаалж байсан. Үүний шалтгаан бидэнд ойлгомжгүй байв. Энд сайн дурынхан, цэргүүд, мөн СС-ийнхэн тулалдаж байсан. Манай эхний танкууд ойн зах руу цөмрөн орох үед ойн гүнд хэд хэдэн удаа хүчтэй дэлбэрэлт болсон. Дайснууд ямар нэгэн чухал обьектыг дэлбэлж байна гэж надад санагдаж байлаа. Үүний дараа хуруугаар дохьсон мэт байдал шууд өөрчлөгдөж нөгөө цэргүүд, сайн дурынхан нийтээрээ зэвсгээ буулгаж эхэлсэн юм” гэжээ.

Гэвч Зөвлөлтийн цэргийн шинжээчид уг сонин обьектын зориулалтыг тухайн үедээ мэдэж чадаагүй ажээ. Орон нутгийн хүмүүс энэ явдлаас нэг жилийн өмнө СС-ийн цэргүүдийн хүчээр тус обьект байгуулагдсан гэж байв. Энэ үеийн гэрчүүдийн хэлснээр Германы бүх нутаг дэвсгэрт сонин антеннууд бий болж байсан ба тэдгээрийг хэн ч тайлбарлаж чадахгүй байжээ.

Нэлээд сүүлд Америкийн нэгэн физикч эрдэмтэн ийм төрлийн төхөөрөмж нь хүний сэтгэл хөдлөл, сэтгэцийн үйл ажиллагаанд шууд нөлөөлж чадна гэж тайлбарласан байдаг. Ийм үйлчлэлийн үед уйтгар гунигаас өгсүүлээд хязгааргүй баяр баясгалан хүртэл янз бүрийн байдал үүсдэг ажээ.

Мөн 1930-аад оны орчимд дэлхийд ганцхан байдаг сэтгэл судлалын хүрээлэн Германд байсан ба энд дорно дахин төдийгүй дэлхийн бүх шилдэг мэдлэгийг өөртөө шингээсэн сэтгэцийн өөрөө тогтворжих Европын шинэ үзэл баримтлалыг үндэслэгч агуу их сэтгэл судлаач, ховсч Иоганн Шульц ажиллаж байв.

1932 онд хийсэн Шульцийн нээлт нь хүний организмын нөөц боломжийг ашиглах, нээхэд чиглэгдсэн зарчмын хувьд цоо шинэ хэлбэр болох аутореннинг бүрэн төгс хийгдсэн ажил байжээ. Шульц өөрийн системдээ олон удаа давтсан үгийн ер бусын үйлчлэлийн тухай Францын судлаач Куэгийн нээлт, мэдрэлийн булчингийн хамгийн их сулралтын үед хүлээн авдаг психофизиологийн өвөрмөц үйлчлэлийн тухай Америкийн судлаач Жейкобсоны нээлт, ухамсрыг өвөрмөц аргаар өөрчлөхөд бий болдог биеийн болон сэтгэцийн өвөрмөц үзэгдлийн тухай Энэтхэг, Төвд, Хятадын гэгээнтнүүдийн сургааль болон дорно дахины гол амжилтуудыг оруулсан байв.

И.Шульц өөрийнхөө нээлтийг аутогеннийн дасгал ауто ховсын шинэ систем гэж нэрлэжээ.

Орчин үед АНУ, ОХУ, Франц, Их Британи, ХБНГУ, Хятадын тусгай албадын лабораториудад сэтгэцэд нөлөөлөх зэвсэг (СэНЗ)-ийн боловсруулалтыг хийдэг нь тодорхой байгаа. Тэд Анэнербэгийн санаачилсан ажлыг яг үргэлжлүүлж байгаа үгүй нь тодорхой бус.

 

Гэвч нацистууд хүн арддаа зомбичлолын элемент хэрэглэж байсан нь тодорхой баримт юм гэж нэлээд олон судлаачид баталдаг. Анэнербэд маш жигтэй туршилт судалгаа явуулдаг байжээ. Тухайлбал, тахилгын зан үйлийн судалгааг Германы дээд зэргийн физикчид явуулж буддын тарнийг био орон зайтай холбон үзэж чухам ямар тарни, ямар авиа хүний сэтгэлийн тэнхээг нугалж нууц ухааныг дагахад бэлэн дуулгавартай хувь хүн болгож хувиргаж болохыг судлах жишээтэй.

Гитлер шинэ хүчирхэг ари үндэстэнг бүтээхийг хүсч байсан тул хөрөнгө мөнгө хайрлаагүй байна.

Зарим тооцоогоор тэр АНУ атомын бөмбөгийн судалгаанд зарцуулснаас хавьгүй их хөрөнгийг хүний сэтгэцийг удирдах судалгаанд зарцуулжээ. Анэнербэгийн зохион бүтээсэн пси технологи нь хүний тархины зоригийн талст буюу өнчин тархины хэсэг дэх онцгой үүтгэлд чиглэгддэг.

Тус нийгэмлэг ямар нэгэн нууц мэдлэгийг чимх чимхээр цуглуулдаг байв. Гадаад улс орныг эзэлмэгц нийгэмлэгийн тусгай анги СС-ийн цэргийн дэмжлэгтэйгээр бүх төрлийн архив (хүүхдийн үлгэр, эртний гар бичмэл, шидэт тарнийн ном судар, физик, химийн лабораторийн судалгааны бүтээл) бүгдийг нь цуглуулдаг байжээ. Хачирхалтай нь Нюрнбергийн шүүх хуралд эдгээр материалыг хэлэлцэхээс татгалзаж хав дарсан байдаг.

Тус нийгэмлэгийн шууд удирдлагаар нууц лабораториудад туршилт хийхийн тулд хорих лагериудаас амьд, эрүүл материалыг нийлүүлдэг байжээ. Хүн төрөлхтөний эсрэг гэмт хэрэг үйлдэж, харгис хэрцгий туршилт хийсний дүнд психотроникийн анхны загваруудыг тэнд боловсруулсан гэлтэй.

ЭХ СУРВАЛЖ: "Психотрон эзвсэг буюу Сэтгэцэд нөлөөлөх үйлчлэл (тусгай албадын нууц төслүүд)"

Хэрвээ та номыг худалдаж авахыг хүсвэл Мир, Интер номын дэлгүүрийг зориорой.

Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]