Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Их хаанаа доромжлуулсан монголчууд Японд эсэргүүцлийн жагсаал хийж байнаУншсан3,349

Их хааныг маань доромжилсон манга сэтгүүл нь "Coro Coro Comics" гэсэн нэртэй бөгөөд бүр 1977 оноос хойш өнөөг хүртэл тогтмол хэвлэгдэж байгаа, нэлээн нэр хүндтэй, захиалагч хэвлэл аж.

Арлын Япон орны нийслэлд яг одоо монголчууд эсэргүүцлийн цуглаан хийж, эх түүх, итгэл үнэмшлийнхээ үнэ цэнийг хамгаалж байна. Юу болох нь энэ вэ гэж үү.

Японы хүүхэд залуусыг төдийгүй бусад олон орны залуусыг байлдан дагуулсан манга сэтгүүлийн бага, дунд ангийнханд зориулсан нэгэн дугаарт Чингис хааны нүүрэн дээр эрэгтэй хүний бэлэг эрхтэн зурж доромжилсон хэрэг явдал гарчээ. Үүнийг Японд ажиллаж, амьдардаг олон монгол угсаатнууд тэр дундаа өвөрмонголчууд онц ихээр эсэргүүцэж, тайван жагсаал, цуглаан зохион байгуулсан нь энэ.  

Их хааныг маань доромжилсон манга сэтгүүл нь "Coro Coro Comics" гэсэн нэртэй бөгөөд бүр 1977 оноос хойш өнөөг хүртэл тогтмол хэвлэгдэж байгаа, нэлээн нэр хүндтэй, захиалагч хэвлэл аж. Эрхлэн гаргадаг компани "Shogakukan.Inc" нь бас л эртнээс үйл ажиллагаа явуулсан аж.

Тодруулбал, 1922 онд анх байгуулагдсан компани бөгөөд олон төрлийн зурагт сэтгүүл, манга комиксийн чиглэлээр дэлхий дахинд үйл ажиллагаа явуулдаг, 700 гаруй ажилтан, ажиллагсадтай томоохон байгууллага юм байна. Ер нь манга, анимэ чиглэлээр Япондоо хамгийн томоохон хэвлэлийн газартаа ордог гэнэ.

Эсэргүүцлийн цуглааныг их хааныг маань доромжилсон энэ хэвлэлийн газрын байрны урд талбайд монгол угсаатнууд зохион байгуулж байгаа бөгөөд өнөөдрийн цуглаанд 130 гаруй хүмүүс оролцсон, үүний 100 гаруй нь өвөрмонголчууд байсан гэнэ.

"Shogakukan.Inc" компанийн оффис

Үндэс угсаа нэгтэй өвөрмонголчууд маань биднээс илүүтэй энэ явдалд эмзэглэж, эсэргүүцлийн ажиллагааг тун ч идэвхтэй зохион байгуулж байгаа аж. Гэхдээ монголчууд маань ч зүгээр суусангүй. Төрт ёстой, тусгаар тогтносон улсын хувьд Монгол Улсаас Япон улсад суугаа ЭСЯ-наас гурав хоногийн буюу хоёрдугаар сарын 23-нд өмнө мэдэгдэл гаргасан байна.

Уг мэдэгдэлд "Корокоро сар тутмын сэтгүүл дээр Монголын түүх соёлыг төдийгүй Японы төр засаг, ард түмний Монгол Улстай найрсаг харилцаагаа өргөжүүлэн хөгжүүлэх гэсэн чин эрмэлзлийг үл хүндэтгэсэн агуулга бүхий ёс суртахуунгүй зураг гарчээ. Энэ нь дан ганц ёс суртахууны хэм хэмжээг зөрчөөд зогсохгүй садар самууны сурталчилгааг хориглосон, хүүхдийн эрхийг хамгаалахаар чиглэсэн Японы хууль тогтоомжийг зөрчиж байна гэж үзэж байна. Иймд энэхүү ёс суртахуунгүй үйлдэлд гүнээ харамсаж Японы Гадаад хэргийн яаманд эсэргүүцлээ илэрхийлэхийн ялдамд японы тал уг асуудалд хуулийн хүрээнд зохих анхаарал хандуулна гэж итгэж байна. Монгол Улсаас Япон Улсад суугаа Элчин сайдын яамны Хэргийг түр хамаарагч Д.Батжаргал" хэмээжээ.

Мэдэгдэл гаргасны ердөө маргааш нь л Японы Гадаад хэргийн сайд хариу өгсөн бөгөөд "Монголын ард түмнийг үл хүндэтгэсэн маш том алдаа гаргасан байна" хэмээн сэтгүүлийг шүүмжилжээ. Улмаар өнгөрсөн баасан гаригийн орой "Shogakukan.Inc" компанийн удирдлагууд Элчин сайд Д.Батжаргалтай уулзаж уучлал гуйсан тухай Японы өдөр тутмын сонин болох "Майничи"-д мэдээлжээ. "Shogakukan.Inc" компанийн удирдлагууд "Монголын ард түмэн болоод Чингис хааны нэр төрийг хүндэлж явдаг бүх хүмүүсээс уучлал гуйж байна" хэмээн мэдэгджээ.

 

Сэтгүүлийн гуравдугаар сарын дугаар энэ сарын 15-наас эхлэн борлогдож эхэлсэн бөгөөд Японы хэвлэлүүдэд мэдээлж байгаагаар энэхүү дуулиан дэгдсэний дараагаар борлуулалт нь илт нэмэгдсэн гэнэ. Тиймээс өвөрмонголчуудын зохион байгуулснаар өнөөдрийн эсэргүүцлийн цуглааныг хийсэн бөгөөд гол нь сэтгүүлийн тэрхүү дугаарыг зах зээлээс эргүүлж татуулах шаардлага тавиад байгаа аж. Тэд зөвхөн уучлал гуйгаад өнгөрөх асуудал биш хэмээн үзэж байгаа юм.

Японд ажиллаж, амьдардаг монголчуудын нэгэн болох @Renchindorj Enkhtuya фэйсбүүк хуудаснаа "Бага дунд сургуулийн хүүхэд бүрийн уншдаг сар бүр худалдагддаг манга сэтгүүлд Чингис хааны нүүрэн дээр эрэгтэй хүний бэлэг эрхтэн зурж доромжилсон хэвлэлийн компанийн гадаа эсэргүүцлийн жагсаалд оролцож байна.

1. Бусад орны түүх соёлд хүндэтгэлтэй хандахыг заах ёстой байтал, 2. Өөртөө хэлүүлээд гомдох зүйлийг бусдад хийж болохгүй гэж багаас нь хүүхдүүдээ хүмүүжүүлдэг улс байтлаа 3. Япон монголын найрсаг харилцаанд хар хир унагасан энэ үйлдэлдээ Яагаад уучлаарай гэснээр өнгөрөөх гэж? Хариуцлага гэж байдаг бол уучлалт гуйхаас гадна өөрсдийн гаргасан алдаагаа засаж залруулах бас үүрэгтэй. Тус сэтгүүлээ буцааж татах хэрэгтэйг шаардан жагсаж байна.

Монгол дахь Японы Элчин сайдын яамны өмнө мөн энэ жагсаалтай зэрэгцэн жагсан хоолой нийлүүлэн эсэргүүцлээ ардчилсан аргаар илэрхийлнэ гэж найдаж байна. Азид тэргүүний ардчилсан орны иргэд гэгддэг билээ. Их Хааны минь сүнсийг тайван байлгаж хоёр орны найрсаг харилцааг битгий сэвтүүл гэж шаардах хэрэгтэй. Цөөн олон оролцогч байх нь хамаагүй. Их хаанаа хүндлэн бахархдаг сэтгэл зүрхтэй ард түмний үр удам тасраагүй, тасрахгүйг хармаар байна" хэмээн бичжээ.

Дашрамд дурдахад Японы манга, анимэ сонирхогчид олон улсад төдийгүй Монголд ч эгнээгээ тэлж байна. Япон стилийн том нүдтэй, том хөхтэй, жижигхэн амтай, сэтгэл хөдлөлөө чанга дуугаар илэрхийлдэг хүүхэлдэйн киноны баатрууд монгол хүүхдүүдэд сайн сайхан үлгэр дууриал үзүүлэх нь юу л бол. Хүүхдүүдийг зөвхөн компьютертэй харьцахад нэмэр түлхээс болохоос цаашгүй. Гэтэл одоо манга, анимэ үйлдвэрлэгчид эх түүх рүү маань халдаж, ирээдүй үеийнхний маань оюун ухамсарт ч хөнөөл тарьж эхэлжээ.

 

 

Сэтгэгдэл 3ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
8 сар 17. 12:44
Зочин

Ар монголын бид нар хүн шиг биеээ авч явж, хэлсэн үг идсэн хоолондоо сууж , соёлжиж биеэ хичээж явах шаардлагатай болсоныг харуулж байна. монголчуудад дургүй болсон нийтлэл япончуудаас гарах болсон. энэ бол энэ цухалзаж байгааг харуулж байна. Биднээс болж , бидний дунд байгаа зарим нэг хүмүүсээс болж өвөг дээдэс минь доромжлуулж байнав

2 сар 28. 4:17
Зочин

Манай монголчууд нэр нүүрээ нуучихаад ямар нэг юм доромжилж муулахдаа хичнээн уран цэцэн билээ. Яг бодит юман дээр ийм арчаагүй. Чингис манайх гэдэг мөртлөө олигтойхон дуугарч жагсаалд нь ч очиж эсэргүүцэлээ илэрхийлж чадахгүй шүү. Ийм өлбөгөр арчаагүй бөйж өвөр монголчууд аа муулна. Ийм болохоороо хөгжихгүй л дээ

2 сар 26. 17:30
Зочин

ЯПОНЧУУД ХЯТАДУУДААС ЭХ ГАЗРААС НҮҮЖ ИРСЭН ХҮМҮҮС. ЯПОНД ХЭЗЭЭ Ч АТОМЫН БӨМБӨГ ХАЯААГҮЙ ЭНГИЙН БӨМБӨШГ БАЙСАН. ТОЁОТА, СОНИ КОМПАНИУД АМЕРИКЧУУДААС БҮТЭЭГДЭХҮҮН ХУУЛБАРЛАСАН. КУРИЛЫН АРАЛ АНХНААСАА ОРОСЫНХ БАЙСАН.

Сэтгэгдэл бичих
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]