Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Чалчаа саарал: Чунциний бөмбөгдөлтУншсан12,432

Бөмбөгдөлт дууссаны дараа гинжээ тайлж хаалгаа онгойлготол гарч ирэх хүн үнэндээ байсангүй.

Хятад Японы дайн ид үргэлжилж байх үе буюу  1937 оны 11 сард Хятадын нийслэлийг Чунцин хот гэж зарласан ба энэхүү түр зуурын нийслэл статустай хотод Японд эзлэгдсэн газар нутгаас ирсэн дүрвэгчид, албан газар, их дээд сургууль ... гээд ёстой түм буман хүн цугларах болсон байна.

Японы арми түр нийслэлийг 38 оноос эхлэн бөмбөгдөж эхэлсэн ба 1940 оноос арми төдийгүй Японы тэнгисийн цэргийн флотын бөмбөгдөгч-торпед зөөгч онгоцууд бөмбөгдөлтөд оролцож эхэлжээ. Япончуудын зорилго нь хятадын энгийн оршин суугчдын сэтгэл санаанд нөлөөлөх замаар хятадын эрхтэн дархтнуудыг энхийн гэрээ хийх ширээний ард суулгах санаатай бөгөөд энэ дайныг зарим талаар их хачирхалтай дайн байсан гэдэг.

 Чунцинийг бөмбөгдөж байгаа бодит зураг

 

1940-1941 онд Чан Кай Ши-гийн цэргийн зөвлөх байсан Зөвлөлтийн жанжин В.И.Чуйков (Сталинградын хориглох тулалдааныг удирдаж алдаршсан) Чунцины бөмбөгдөлтийн тухай хэлэхдээ ”1940-1941 онуудад япончууд Чунцинийг их бөмбөгддөг байсан ба тэд цэргийн зориулалттай объектуудыг устгасан тухай их зарладаг байлаа.  Гэхдээ намайг тэнд байх хугацаанд Хятадын цэргийн ерөнхий штаб ганц ч удаа бөмбөгдөлтөд өртөөгүй ба япончууд ерөнхий штаб байрлаж байгаа газрыг цэргийн объект биш гэж үзсэн баймааргүй.  Тэнд ямар нэг өөр утга учир  байсан байх...”

Энэхүү хачин дайны тухай Сабуро Сакай ч гайхан бичсэн байдаг бөгөөд “ тулалдааны талбарт Хятад Япон цэргүүд алалцан байлдаж байхад хажууханд нь байх тарианы талбайд тариачид юу ч болоогүй юм шиг тариа будаагаа тариад л, хот дотор тулаан болж байхад хотын нөгөө хэсэгт байгаа дэлгүүр мухлаг зүв зүгээр ажиллах мэт их сонин дайн болж байж билээ. “

Энэхүү хэдэн жилийн турш үргэлжилсэн бөмбөгдөлт, хачирхалтай дайны түүхээс нэгэн бөмбөгдөлтийг, үнэндээ тэрхүү бөмбөгдөлтийн хачирхалтай, эмгэнэлтэй үр дүнгийн тухай тусад нь ярих гэсэн юм.

1941 оны 6-р сарын 5-6-нд шилжих шөнө япончууд Чунцин хотыг томоохон хүчээр бөмбөгдсөн ба 130 хоёр моторт G3M болон Ki-21 бөмбөгдөгч онгоцнууд хэсэг бүлэг болон ээлж дараатайгаар хот руу дайрч бөмбөгдсөн байна. Бараг 5 цагийн турш үргэлжилсэн энэ бөмбөгдөлтөд 100 гаруй тонн фугасын болон шатаах бөмбөг хаясан бөгөөд өглөө гэхэд хотын мянга мянган байшин үнс нурам болж 6000 гаруй хүн амь үрэгдсэн байжээ.

6000 хүн.

 Хятадын хоргодох байранд иймэрхүү  "чихдэг" байж. Чунцины эмгэнэлт явдлын дурсгалын хөшөө

Дрезден, Токиогийн бөмбөгдөлттэй харьцуулахад хүүхдийн тоглоом мэт тоо боловч энэ тоонд нэгэн эмгэнэлтэй түүх нуугдаж байдаг нь эдгээр хүмүүсийн ихэнх нь япончуудын бөмбөгдөлтөд биш харин Хятадын дампуурсан эрх баригч, тэдний үйл ажиллагааны золиос болсон явдал билээ.

Энэ бөмбөгдөлт нь хэдийгээр ихээхэн онгоц оролцсон ширүүхэн бөмбөгдөлт байсан ч Чунцины оршин суугчид бөмбөгдөлт гэдэг юмыг мэдээд хэдэн жил болж байсан ба агаарын түгшүүр дуугарахад хорогдох байранд орох ба, баячууд болон засаг баригчид хотоос машинаар гарч, бүх л цахилгаан станц болон бусад үйлдвэр, үйлчилгээ зогсдог байв. 

Хотод дүрвэн ирэх дүрвэгчид тасралтгүй нэмэгдэж байсан зэрэг шалтгаанаас хоргодох байрын хүрэлцээ улам бүр муудаж  байсан бөгөөд угаасаа хоргодох байр нь тусгайлан зассан байр гэхээсээ илүү элдэв уурхайн нүх, газар доорхи туннель  ашигласан төдий зүйл байсан байна. Хоргодогсод ороод суух сандал байхгүй шахам, агааржуулалт маш муу гээд ямарваа нэг шаардлага хангах зүйл байсангүй.

Ийм нэгэн хоргодох байранд тэр бөмбөгдөлтөөр 5000 шахам хүн орж хоргодсон бөгөөд уг байр нь 2000-2500 хүн багтах боломжтой байжээ. Түрүүн дурдсанаар Японы бөмбөгдөгчид хэсэг бүлгээр ээлжлэн зохион байгуулалттайгаар дайрч байсан учир урьд нь 1-2 цаг үргэлжилдэг байсан бөмбөгдөлт энэ удаа 5 цагийн турш үргэлжилжээ.

Ороод суух сандалгүй, угаасаа суух боломжгүй болтлоо чихсэн энэ байранд хэсэг хугацааны дараа агаар дутагдаж эхэлсэн бөгөөд багтарч, боогдож эхэлсэн хүмүүс гарах гэхэд бөмбөгдөлтийн үеэр хэнийг ч гаргахгүй байх тушаал авсан цагдаа нар хаалга нээгээгүй ба уурссан олон дайрч гарах гэхэд нь хаалгаа төмөр гинжээр гинжлээд орхиж.

Бөмбөгдөлт дууссаны дараа гинжээ тайлж хаалгаа онгойлготол гарч ирэх хүн үнэндээ байсангүй. Бүгд үхсэн байсан ба төв хэсгээр агааргүйдэн бүтэж үхсэн бол хаалга хавийнхан нь дарагдаж, няцлагдаж үхсэн байжээ. Нийт 4000-5000 гаруй хүн амь үрэгдсэн гэх ба тэдний дотор 1500 гаруй хүүхэд байсан байна.

 Аврах ажиллагааны үеэр

Аврах ажиллагаа явуулах болоход хорогдох байрны гүн рүү ямар ч амьсгалах агаар байхгүй учир аврагчид орж чадалгүй удсан ба хүчилтөрөгчийн баг гэдэг юм бараг байсангүй учир аврах ажиллагаа биш ердөө л эрэн хайх ажиллагаа болон хувирсан байдаг.

Энэ аймшигт явдлыг хянан үзээд цагдаа нарыг буруугүй гэж үзсэн ба тэд өгсөн үүрэг даалгаврыг яг таг биелүүлсэн юм байж. Цагдаа нар буруугүй бол энэ олон хүний үхэлд хэн буруутай байсан хэрэг вэ? Бараг хэн ч буруутай биш болж таарсан байдаг. Цагдаа нарт хоргодох байрнаас бөмбөгдөлт дуустал хүн гаргаж болохгүй гэж тушаал өгсөн хотын захирагч ажлаасаа халагдсан нэртэй боловч үүрэг гүйцэтгэгч нэртэйгээр хотоо захирсан хэвээр үлдсэн гэдэг яриа бий. Ингээд гэмтэн үгүй болж  давагдашгүй хүчин зүйлд автсан болж хувирчээ.

Иймэрхүү бодит байдлыг үл ойлгон, сохроор тушаал, заавар мөрдөж олон хүний амь нас, эд хөрөнгө сүйдсэн тохиолдол олон гарч байсан, цаашид ч гарсаар байх бөгөөд үүний нэг жишээ нь Японы Фукисима атомын цахилгаан станцад болсон дэлбэрэлт юм. Гэхдээ энэ нь өөр тусдаа сэдэв байх биз ээ.

1500 гаруй хүүхэд амь үрэгджээ

Нийтлэгч Чалчаа саарал

Сэтгэгдэл бичихийг түдгэлзүүлсэн байна
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]