Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Чалчаа саарал: Халх голын тэнгэрт-2Уншсан3,274

Тэдгээр онгоцны нэгийг Александр Голованов хэмээх Сталины нисгэгч жолоодож ирсэн ба тэдгээр гурван тээврийн онгоц дотроос гарсан “ачаа нь” бүр ч сонирхолтой байлаа.

 

Анхны тулалдаанд  буудуулж унасан тэрхүү P-Z (Р-5)-гийн тухай ямар нэг мэдээ баримт Зөвлөлтийн тухайн үеийн анги нэгтгэлүүдийн бичиг баримтад юу ч байдаггүй байна. Зүв зүгээр нэг онгоц ингээд алга болох учир үгүй тул нэг бол Японы нисгэгч нар худал хэлсэн эсвэл... Монголын нисэх хүчинд тэр үед Р-5 байсан нь зарим нэг таамаг төрүүлж болох юм.

Дараагийн өдөр болох 5-р сарын 21-нд Японы нисгэгчид дахин нэг Р-5 унагасан гэж рапорт өгсөн ба энэ нь Зөвлөлтийн холбооны Р-5Ш байжээ. Уг онгоц Монголын 6-р морин хороонд мэдээ хүргэх гэж яваад буудуулсан ба нисгэгч Супрун амь үрэгдэж, Архипов шүхрээр үсрэн амьд үлдсэн байна.

Дараагийн өдөр дахиад л тулалдаан болсон ба хоёр тал энэ өдөр тулалдаан болсныг баталж байгаа ч үр дүнг нь тэс өөрөөр бичсэн байдаг. Япон хувилбараар бол агаарын эргүүл хийж байсан хэсэг Ки-27 зургаан И-16 руу дайрсан ба ямар ч хохирол хүлээлгүй 3 онгоц унагаасан байна.

Харин Зөвлөлтийн мэдээллээр бол гурван И-16, хоёр И-15 бис Халх гол даган нисэж явах үед үүлний цаанаас таван И-96 (И-96 Халх голд байгаагүй, тэнгисийн цэргийн онгоц. Түүнтэй төстэй хэлбэр бүхий,шинэ  И-97 хэмээх Ки-27 халх голд байсан) гарч ирэх үед И-16-ийн нисгэгч Т.Лысенко ганцаараа дайрч орон буудуулж унасан байна. Бусад онгоц тулалдаанд оролцоогүй гэжээ.

Монголын талд унасан Ки-27

Халх голын дайны анхны агаарын тулалдаанууд жижиг ч гэсэн хэмжээгээр болон цаашид ч улам бүр өргөжих нь тодорхой боллоо. Хоёр тал тагнуулын мэдээ цуглуулан агаарт ноёрхохын тулд шинээр нэмэлт хүч татан авчирсаар.

Зөвлөлтүүд гэхэд Куцевалов даргатай 23-р нисэх бригадыг авчирсан ба 23-нд Глазыкины 22-р сөнөөгч хороо (28 И-16, 35 И-15 бис), удалгүй 38-р бөмбөгдөгчийн хорооны 59 Сб ирсэн байна. 26-нд газрын болон техникийн, туслах албаныхан ирлээ. Энэ том шилжилтийн үеэр 1 СБ бөмбөгдөгч ослын улмаас унаж, экипаж тэр чигээрээ амь үрэгдсэн бол Гусаров нисгэгчтэй И-15 бис сураггүй алга болсон байна.

Монголд ирсэн эдгээр нисэх хүчний техник хэрэгслийн байдал сайн боловч нисгэгч нар нь тухайн үеийн Зөвлөлтийн нисгэгч нарын нэгэн адил орчин үеийн дайнд бэлэн биш, группийн болон хамтын ажиллагаа гэж үгүй, буудах бэлтгэл, нисэх маяг хийх талаар ихээхэн сул байлаа. Шалтгаан нь ямарваа нэгэн осол гарахаас сэргийлж хөөрлөө, тойрлоо, буулаа гэсэн “гамбир” хэмээх сургалт голлодог явдал юм.

Харин тэдний өөдөөс дээд зэргийн сургалт, шигшилтээс шалгаран үлдсэн, (зөвхөн Японы сөнөөгч нарын тухайд ярьж байгаа бөгөөд бөмбөгдөгч нисгэгч нарын байдал Зөвлөлтийнхөөс илүү юм үгүй) Хятадад агаарын тулалдааны асар их туршлага суусан жинхэнэ хаширууд тулж байсан билээ.

Япончууд унасан СБ-г сонирхож байгаа нь

Япончууд ч зүгээр суусангүй шинэ хүч татан авчирсан ба 24-нд Хайларт 20 Ки-27 бүхий 11-р сентайн 2 эскадрил ирсэн байна. Дарга нь Юзиро Ногучи.

Халх голын агаарын дайны олон үл ойлгогдох хохирол, ялалтын зөрөө чухам энэ Ногучийн 2 эскадрил тулалдаанд оролцож эхэлснээс хойш  бий болсон гэдэг. Япончууд олон, олон ялалт байгуулснаа рапортлах болсон ба дайны дараа Япон, болон Барууны түүхчид чухам эдгээр тоонуудыг гол баримтаа болгон ашигласан байдаг.

Зарим нэг жишээ: 5-р сарын 26 нд Буйр нуурын ойролцоо Зөвлөлтийн 18 И-16 тай тулалдсан Япончууд ямар ч хохирол амсалгүйгээр 9 ширхэг И-16 унгасан байна. Мөн энэ өдөр 24-р сентайн нисгэгчид И-16, И-15, Р-5 тус бүр нэгийг унагасан гэсэн рапорт өгчээ. Гэтэл энэ өдөр буюу 5-р сарын 26 нд Зөвлөлтийн ямар ч онгоц агаарт гараагүй, ямар ч хохирол хүлээгээгүй байна. Энэ бол нөгөө Ногучигийн цэргүүдийн хийдэг болсон “ид шидийн” нэгхэн хэсэг юм.

5-р сарын 27-н гэхэд хоёр тал хүчээ татаж дууссан ба Япончууд 52 сөнөөгчтэй, 6 тагнуулч, мөн төдий тонны хөнгөн бөмбөгдөгчтэй болсон байв. Харин Зөвлөлтийн тагнуулын мэдээгээр Япончууд 126 сөнөөгч, 36 хөнгөн, 18 хүнд бөмбөгдөгчтэй буюу нийт 180 онгоцтой байсан гэдэг.  Энэ бол маш худлаа тоо байсан гэдгийг одоо олон түүхчид хүлээн зөвшөөрдөг билээ.

Японы энэ нисэх хүчний өөдөөс Зөвлөлтийн 203 онгоц тулж байсан ба 99 сөнөөгч , 88 хурдтай бөмбөгдөгч болох СБ, 16 ширхэг хөнгөн дайрагч (Р-5)-тай байсан нь тухай үеийн Японы нисэх хүчнээс тооны хувьд бараг 3 дахин их байлаа.

Энэ үед Халх голын дайн шинэ шатанд шилжиж, тулалдаан илүү хүнд болж ирсэн үед агаарын тулалдаан бас ширүүсэн, оролцох онгоцны тоо ч их болсон байна.

5-р сарын 27 нд  Хамар даваанд байрлах Зөвлөлтийн сөнөөгч эскадрилийн 6 И-16 Буйр нуурын орчим нисэж яваа Японы 9 Ки-27-г тосон байлдахаар агаарт хөөрчээ. Япончууд ямар ч хохирол хүлээгээгүй энэ тулалдаанд  хэсгийн удирдагч Черенков буудуулж амь үрэгдсэн, Пьянков шархтан шүхрээр үсэрсэн, Савченко буух үедээ хүнд гэмтсэн машин нь задарч унасан гэсэн хохиролтой дууссан байна.

Зөвлөлтийн хохирол үүгээр дуусаагүй бөгөөд маргааш нь байлдааны үүрэг биелүүлэхээр өглөө 7,30-д гарах ёстой 20 машинаас янз бүрийн шалтгаанаар ихэнх нь цагтаа нисэж чадалгүй зөвхөн 3 хан И-15бис хөөрсөн ч тэд удалгүй Японы давуу хүчтэй таарч гурвуулаа буудуулан унасан байна. Нисгэгч Вознесенский, Иванченко, Чекмарев нар амь үрэгджээ.

10 цагт яг энэ буудлаас гарсан 10 И-15 бис Халхын голын гармын дээр 11-р сентайн 18 Ки-27-той таарч тулалдан  6 онгоцоо буудуулж алдсан, 1 онгоц хээр талд ослын буулт хийсэн, 5 нисгэгч амь үрэгдсэн, 2 нисгэгч хүнд шархтсан ч онгоцоо ойрын буудал дээр газардуулж чадсан байна. Мөн нэг нисгэгч шүхрээр үсрэн амьд үлджээ.

Япончуудын мэдээгээр бол энэ өдөр тэд Зөвлөлтийн 60 И-152 (чайка хэмээх И-15-ын сайжруулсан бас нэг хувилбар) , И-16 тай тулалдсан ба 42-ыг нь буудаж устгасан байна. Гэтэл энэ өдөр Зөвлөлтийн И-16 тулалдаанд (И-16 моноплан, И-15 биплан учир хооронд нь андуурах зүйл үгүй) огт ороогүй байна. Харин Япончууд нэг Ки-27 алдсанаа бичсэн байдаг ба нисгэгч нь шүхрээр үсрэн амьд үлджээ.

Энэ өдрийн тулалдааны тухай мэдээний нэг сонин зүйл бол Зөвлөлтүүд Японы онгоц унагаасан гэсэн зүйл огт байхгүй байхад Япончууд нэг онгоцоо алдсанаа хүлээсэн тохиолдол юм. Магадгүй Япончууд өөрсдийнхөө онгоцыг санаандгүй болон бусад шалтгаанаар буудсан байж ч болох.

Ингээд 5-р сард болсон агаарын тулалдаан нь Халх голын агаарын тулалдааны “эхний раунд” болсон бөгөөд энэ раундад Япончууд ямар ч эргэлзээгүй, бүрэн ялсан байна.

Зөвлөлтийнхөн энэ богино хугацаанд нийт 21 онгоц, үүнээс 17 нь тулалдааны үеийн хохирол байсан бөгөөд нисэх хүчний хувьд байдал маш хүнд болж байгаа тухай айсан, сандарсан рапортууд олноор Москва тийш явах боллоо. Москва ч шийдвэртэй арга хэмжээ авч эхэлжээ.

Ингээд 5-сарын 29-ний өдөр Улаанбаатарын нисэх буудалд шинэхэн, гурван ширхэг Дуглас DC-3 газардлаа. Тэдгээр онгоцны нэгийг Александр Голованов  (нисэх хүчин сонирхдог хүмүүс энэ хүнийг сүүлд Зөвлөлтийн нисэх хүчний удирдагч, маршал болсон гэдгээр нь мэднэ) хэмээх Сталины нисгэгч жолоодож ирсэн ба тэдгээр гурван тээврийн онгоц дотроос гарсан “ачаа нь” бүр ч сонирхолтой байлаа.

Тэрхүү ачаа нь Зөвлөлтийн нисэх хүчний сор болсон нисгэгч, удирдагч нарын 48 хүн байсан ба удирдагч нь Испанийн дайны баатар , Улаан Армийн нисэх хүчний орлогч Я.В. Смушкевич байв.

“Оросууд” арга хэмжээ авч эхэллээ...

Смушкевич нэгэн танилын хамт

 Үргэлжлэл бий.

Нийтлэлч Чалчаа саарал

Сэтгэгдэл бичихийг түдгэлзүүлсэн байна
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]