Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Уншсан хүн бүрийг догдлуулдаг Монгол морины гайхамшигт нэгэн түүхУншсан15,791

Хил давахдаа Белоруссын Гродно боомтоор гарав. Оросоос арай хямд, хахууль нэхээд байхгүй гайгүй газар байсан даа тэр үедээ.

 

90-ээд оны эхээр юм даа, би хоёр нөхрийн хамт Герман улсад анх хөл тавьж барууны ертөнц гэдгийг үзэж билээ. Тэгээд буцах болж хамт явсан нэг анд маань Опель маркийн машин хямд үнээр аваад тэр үеийн жишгээр "хөлөөр нь" Москва хүргээд, тээврийн вагонд ачуулахаар гарцгаалаа. Хил давахдаа Белоруссын Гродно боомтоор гарав. Оросоос арай хямд, хахууль нэхээд байхгүй гайгүй газар байсан даа тэр үедээ. Бид ч явсаар Минск хотод ирлээ. Нэг танил оросындоо түр буусны дараа хямдхан дэн буудал олж тухалж амарлаа. Гэтэл машинд маань жаахан эвдрэл гарч ойр байх засварын газарт аваачин хүлээж сууж байтал нэг том "Краз" орж ирлээ. Жолооч нь бууж ирээд л манай машиныг сонирхож бна, том нүсэр биетэй эр байлаа. Ёстой л "Краз"-ийн жолооч ийм байх ёстой болов уу гэмээр... Тэр үед Белорусст ч барууны тэрэг ховор байсан үе дээ. Тэгснээ мань эр бидэн дээр ирж яриа өдөн хөөрөлдөнгөө, биднийг Монголоос яваа гэдгийг дуулаад их л сонирхож, хаана буусан гэж асууж байна.

Улмаар нөгөө орос чинь "Та нартай ярих яриатай хүн дээ би..." гэх нь тэр. Бид ч буусан буудлаа зааж өглөө.

Орой буудалдаа ирээд хоорондоо ярилцав. "Тэр орост буудлаа зааж өгсөн нь зөв үү?" гээд л жаахан хардаж байв. Хоолоо идчихээд амрахаар бэлтгэж байтал хаалга тогшлоо.

Хэн байдаг билээ гээд л онгойлговол нөгөө аварга орос эр тортой юм барьчихсан "Орж болох уу?" гээд л зогсож байна. Бид ч яахав ор ор л гэлээ. Мань эр орж ирээд эр орос ёсоор мэндлээд торноосоо нэг шил "водка" бас даруулга болох хүнсний зүйлс гаргаж ирээд ширээн дээр өрж эхэллээ дээ. Тэгээд биднийг ширээнд урьж суулгаад нөгөөхөө задалж аягаллаа. Бид ч талархаад хийж өгснийг нь татчихаад, нэрэлхэлгүй даруулга хэрэглэцгээв. Янзтай сайхан орос даруулгууд байлаа, "нэрлээд ч яахав нэрэлхээд ч яахав" гэдэг л боллоо.

Удалгүй мань орос яриагаа эхлэн ингэж хүүрнэсэн юм.

"Би Минскээс холгүй нэгэн тосгонд төрсөн хүн. Манай тосгон тийм ч том биш, бас баян ч биш байдаг л нэг тосгон. Дайны хөлд бусад тосгодтой адил нэлээн сүйрч амьдрал дорой талдаа байлаа. Дайн дуусах үед би жаахан хүү байхад манайх их л ядруу айл байсан юм. Нэг удаа тосгоны зөвлөл дээр дайнаас \фронтоос\ эргэж ирсэн морьдыг ардуудад тарааж байгаа тул ирж морьдоо сонгож аваарай гэсэн зар дуулгалаа. Аав маань явлаа.

Гэтэл гай болж замд нь хэдэн танил нь таарч архидацгаажээ. Аав маань балгах дуртай эр байсан даа хөөрхий, тэгээд халамцуу юм салгалсаар оройхон тосгоны Зөвлөл дээр очиж дээ... Тэнд ирсэн хамаг морьдыг нь хүмүүс аваад явчихсан, ганц жижигхэн хар морь л байна гэнэ.

Морьдыг авчирсан фронтод авсан шарх нь эдгэж амжаагүй цэргийн дарга эр бичиг дансаа янзлан буцахдаа бэлдэж байгаа бололтой байна гэнэ. Тэгснээ аавыг хараад "За та энэ морийг л авна даа..." гэжээ.

Аав ундууцан "Энэ муу давжаа хар юмыг морь гэх үү?...больё.." гэж. Гэтэл нөгөө дарга "Энэ бол Монгол морь, Берлин хүрсэн хүлэг шүү... та авсандаа харамсахгүй ээ..." гэжээ. Аав ч бодож байснаа хоосон очвол ээжид загнуулна гэдгээ санаад нөгөө морийг авч дээ.

Тэр цагаас хойш тэр монгол морь манай гэр бүлийн хүндэт гишүүн болж билээ. Аав түүнд "Монгол" гэдэг нэр өглөө. Манай "Монгол" жижиг биетэй хэр нь том адуунаас дутахгүй их чадалтай, хавар газар хагалахад анжис чирээд ганцаараа манай талбайг хагална. Урд нь манай талбайг хагалахад хоёр тоомсог адуу сэлгэж хагалдаг, тоомсог ч их амархан эцнэ. Гэтэл "Монгол" маань ганцаараа энэ ажлыг тоохгүй дуусгана даа. Бас хажуу айлуудын газрыг хөлсөөр хагална. Өдөр тутмын ажлаасаа өөр урам авах юмгүй, дайны хүнд шарх сэтгэлд нь тогтсон аав минь архи уухаа ч багасгаж эцэж цуцахыг мэдэхгүй, "Монгол"-тойгоо хамт айлуудын газрыг хөлсөөр хагалж нэлээд мөнгө олж, их ч баяртай байдаг байв. "Монгол" ачаа даахдаа гарамгай дэнхийтэл ачсан будаатай тэргийг тоохгүй чирээд явна, уг нь хоёр морь хөллөж байж л даадаг ачаа..

"Монгол" хашаа, хороонд дургүй гэдгийг яана. Зад дайраад л гараад явчихна, өөр тоомсог морьдтой нэг жүчээнд хийчихвэл зодолдоод сүйд хийнэ. Дураараа л сул явах дуртай. Өөр орос адуутай нийлэхгүй, ганцаараа л явна. Манай ааваас өөр хүнийг өөртөө ойртуулахгүй тул аав их л сэтгэл ханамжтай инээмсэглэж явдаг байв.  Бүр тосгоны эрчүүдтэй "Монгол"-ын нуруун дээр хэр удаан тогтох вэ гэж мөрийцөөд тогтсон эр гараагүй тул аав чамгүй мөнгө олж, тун маадгар байлаа.

"Монгол" маань өвөл бол ууланд л явж байна, тэжээл овьёос хэрэггүй. Гэтэл айлууд тоомсог адууныхаа тэжээлд их мөнгө зардаг байлаа. Манай тэнд чоно их байлаа. Нэг удаа аавыг ууланд очиж морио авахаар очиход "Монгол"-д тархиа хага тангаруулсан залуу чоно хэвтэж байсан гэдэг. Ер нь энэ бүх давуу талаараа "Монгол" маань ойр хавийн тосгод дунд их алдартай, хүмүүсийн хүндлэл хүлээсэн адуу болсон юм.

Өвөл тосгоны дундуур цан хүүрэг болчихсон сагсайсан юм сүртэй алхахад хүмүүс "Хараач тэр Монгол явж байна" гэж шуугилдан хүүхдүүд даган гүйлдэнэ. Аав минь "Монгол"-доо их хайртай түүнийг ирснээс хойш манай амьдрал өөдөлж бүр чинээлэг айлын тоонд орсон байлаа. Ээж "Энэ жижигхэн хар морь манай амьдралыг ивээх гэж явуулсан бурхны элч..." гэдэг байлаа.

Аав халамцуу үедээ "Ийм морийг явуулсан тэр хүмүүст талархах юмсан мундаг хүмүүс байгаа даа, даанч би амьддаа чадахгүй байх хүүхдүүд та нар минь л тэр талархлыг дамжуулаарай" гэдэг байж билээ. Би сургуульд сурахаар тосгоноосоо явлаа, аав "Монгол"-оо хөллөн тэргээрээ хотод хүргэж өгсөнсөн. Олон жил өнгөрч би ч том болж Минскт амьдрах болсон юм. Нэг удаа ааваас захиа ирэв.

"Монгол" маань өнгөрсөн байлаа. Хөгшрөөд жүчээнд байдаг болсон "Монгол" минь жүчээндээ зогсоогоороо үхсэн байсан гэнэ лээ. Аав их л гашуудаж, их ч уусан тэгээд удалгүй аав минь бурхан болсон доо. Хүмүүс "Монгол"-ынхоо араас явсан гэлцдэг юм гэж яриад аварга орос эр дуугүй боллоо.

Тэр өндийж өврөө уудалснаа хуучин фото зураг гаргаж ирлээ. Нэгэн хөгшин эр жижиг биетэй хар морины хамт авхуулсан зураг байв. Мань эр:

-Ааваас минь үлдсэн ганц зураг даа... За тэр ч яахав, би ингээд би аавынхаа гэрээслэлийг биелүүллээ. Монгол хүнтэй уулзаж мориных нь тухай дуулгалаа. Та нар манай Монгол шиг жижиг биетэй ч их айхтар улс бололтой, хаа байсан Германаас барууны машин унаад явж байдаг... гээд хундагаа "Монгол" морины төлөө... танай баатарлаг ард түмний төлөө.." гээд хүртэж билээ.

 Хулан, тахийн удамт Монгол морины түүх агуу билээ.

Б.Тэгшсүрэн

Сэтгэгдэл 9ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
8 сар 31. 15:10
Монгол

Эмээлтэд явж байгаа хүмүүс замаараа дайрч явбал Монгол адууг юман чинээ бодолгүй нядалж байгаа адгийн амьтадыг хутга заазуур алх мод юу байдгийн гартаа таарснаа аваад өмөөрөөрэй. Адгийн хятадууд тэгээд дайрвал айгаад юм хэлж чаддаггүй юм байлээ.

8 сар 18. 12:04
Badam

Nulimc ducluulcan caixan yaria bn

8 сар 14. 9:16
Зочин

Mongol aduu tengerleg shyy, gaihaltai.

8 сар 13. 22:49
Зочин

hujaanuudiig ene saihan erdeneeree tejeeh geed baidag yaanadaa

8 сар 13. 21:01
Зочин

Гайхалтай

8 сар 13. 17:56
Зочин

Монгол морь аргагүй л эр хүний дотнын нөхөр дөө. Нулмис гараад..

7 сар 30. 17:52
Зочин

Ёстой сайхан түүх байна. Монгол морьны шандас өөр юм аа

7 сар 30. 3:23
Зочинz

saihan tuuh bainaa

8 сар 15. 9:36
Зочин

БАЯРАЛЛАА

Сэтгэгдэл бичих
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]