Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Халхын голын тэнгэрийг бүрхсэн дэлхийн хамгийн том агаарын тулаанУншсан10,622

Энэ байлдаан Японд Номонханы хэрэг явдал гэж нэрлэгдсэн. Мэдээж дайнд ялагдсанаа япончууд булзааруулах гэж хилийн мөргөлдөөн, хэрэг явдал төдийхөн гэж үзэж байгаа.

Халхын голын дайн нь ЗХУ-Японы хилийн зарлагдаагүй дайн буюу Дэлхийн II дайны ойрхи үеийн Япон-Зөвлөлтийн гол тулаан байв. Энэ байлдаан Японд Номонханы хэрэг явдал гэж нэрлэгдсэн. Мэдээж дайнд ялагдсанаа япончууд булзааруулах гэж хилийн мөргөлдөөн, хэрэг явдал төдийхөн гэж үзэж байгаа.

 

Харин Монголын түүхчид энэ  тулааныг арай ч хэрэг явдал гэж дүгнэж болохгүй, бие даасан  томоохон хэмжээний байлдааны ажиллагаа, улс гүрнүүдийн хоорондын сөргөлдөөнт харилцаанд маш хүчтэй нөлөө үзүүлсэн дайн хэмээн үздэг. Халхын голын дайны агаарын тулалдааны түүхийг уншигчдадаа хүргэж байна.  Дашрамд дурдахад дэлхийн хамгийн том агаарын тулаанаар Халхын голын тэнгэрт өрнөсөн тулааныг нэрлэдэг билээ.

1939 оны тавдугаар сарын эхэн гэхэд Халх голд Японы, Зөвлөлт-Монголын цэргийн ихээ­хэн хүч хуримтлагдаад бай­­лаа. Тавдугаар сарын 1 гэхэд Японы цэргийн нисэх хүч­­ний 355 онгоц, Зөвлөлтийн ажилчин тариачны улаан армийн авиабригадын 82 онгоц очоод байлаа. Харин тавдугаар сарын сүүл гэхэд энэ тоог өвөр байгалийн 23 дугаар авиабригадаас хангаж 203 болгосон юм. 1939 оны 5-р сарын сүүлчээр эхний агаарын тулаанууд эхэлсэн бөгөөд энд японы нисэх онгоцууд давамгайлж байжээ.

 Зураг: Г.М.Штерн

5-р сарын эхний тулаанд Монголд байрлаж байсан зөвлөлтийн нисэх хүчний удирдагчид, нисгэгчид агаарын тулааны туршлага муутай, дайснаа сайн мэдэхгүй байснаас болж эхний тулаанд 17 онгоцоо алджээ.

Иймээс Москва дахь цэргийн удирдлага нь энэ цэргийн анги нэгтгэлүүдийн дээд удирдах бүрэлдэхүүнийг туршлагатай хүмүүсээр яаралтай солих шийдвэр гаргаж удирдагчаар нь Григорий Михайлович Штернийг томилсон байна.

Григорий Михайлович Штерн бол Хасан нуурын тулалдаанд Блюхерийн орлогчоор (үнэн хэрэгтээ Зөвлөлтийн цэргийг командалж байсан) ажиллаж япончуудтай зэвсэг зөрүүлж үзсэн, Зөвлөлтийн өндөр цолтой офицеруудаас дорно зүгийн шинэхэн гүрний цэрэг армийн хүчийг гадарлах цөөн офицеруудын нэг байв.

Япончууд багахан өндрөөс хориглолтын шугам, байгууламжуудыг бөмбөгдөж Орос, Монголын талд хүн хүч, материал, морьдын их гарз хохирол учруулж байсан учир Зөвлөлтийн удирдлага Испани, Хятадад агаарын тулаанд гарамгай байлдаж байсан нисэхийн туршлагатай сургагчид мөн туршлагатай нисгэгчдийг Монгол руу илгээхээр шийдсэн байна.

 Зураг: ЗХУ-ын хоёр удаагийн баатар Я.В.Смушкевич

1939 оны 5-р сарын 28-нд Монголд ирсэн Зөвлөлтийн нисгэгчдийн 8 нь ЗХУ-ын баатар цолтой байсан ба тэднийг нисэх хүчний корпус командлагч, ЗХУ-ын баатар Яков Владимирович Смушкевич удирдаж байсан юм. Зургадугаар сард Халх голын тэнгэр харьцангуй тайван байснаа зургадугаар сарын 22-нд Зөвлөлтийн 95 сөнөөгч онгоц Японы 120 онгоцтой нэгэн зэрэг гурван газарт тулалдлаа. Япончууд энд шинэ сөнөөгч И-97-гоо агаарт гаргаж тулаанд оруулсан.

Дайсан энэ удаа 30 гаруй онгоцоо алдсан бол Зөвлөлтийн тал 14 сөнөөгч онгоцоо алджээ. Зургадугаар сарын 26-нд болсон тулааны үеэр Зөвлөлтийн гурван сөнөөгч Японы 10 онгоцтой үхэл сөрөн тулалдаж хошууч В.М.Забалуевын онгоц гэмтэж дайсны нутагт шүхрээр буухад нь ЗХУ-ын баатар С.И.Грицевец ганц хүний суудалтай онгоцоор дайсны нутагт бууж нөхрөө аварсан байна.

27-ны өдөр Зөвлөлтийн 23 онгоц дайсны 70 орчим сөнөөгчтэй тулалдсан. Энэ ту­лаа­­наар онгоц нь унасан ЗХУ-ын баатар Г.П.Кравченко гурав хоногийн дараа шумуулд баригдчихсан явган эргэж ирж байжээ.

Зураг: ЗХУ-ын хоёр удаагийн баатар С.И.Грицевец

Долдугаар сар гараад Зөвлөлтийн тал ямагт ялж байлаа. Долдугаар сарын 4, 5-нд Баян­цагааны тэнгэрт Зөвлөлтийн тал дайсны 24 сөнөөгчийг унагаасан бол өөрийнхөө ганц онгоцыг алджээ. 8-ны өдөр бас дайсны 21 онгоцыг устгав. Хоёр хоногийн дараа Халх голын баруун эрэг рүү дайсны 100 орчим И-97 онгоц дайрлаа. Зөвлөлтийн талаас эхлээд 30 машин, араас нь 50. Ингээд үндсэндээ агаарт хоёр талаас 180 орчим онгоц тулалдсан байна. Энэ тулалдаанаар Япончууд 11 онгоцоо алдсан юм. Долдугаар сард Зөвлөлтийн онгоцууд агаарт гарч дайсанд цохилт өгч эхэлсэн байна. Энэ өдрүүдэд 150 болон 38 дугаар бөмбөгдөгч хорооны 108 бөмбөгдөгч онгоц Янху нуур, Үзүүр нуур, Номун хан, Бүрд овоо зэрэг газар дахь дайсны байрлалыг бөмбөгдлөө.

Зураг: ЗХУ-ын хоёр удаагийн

баатар Г.П.Кравченко 

Долдугаар сарын 20-ны агаарын тулааны үеэр залуу нисгэгч В.Вуссагийн онгоцыг Японы хоёр сөнөөгч хөөж явахыг ахлах дэслэгч В.Ф.Скобарихин ажигласан байна. Ер нь, яг гүйцэх гэж байна аа. Тэр огцом эргэлтээр дайсны онгоцны сүүлийг онгоцоороо мөргөлөө. Түүнийг унаад ухаангүй байхад нь нисэх буудалд авчирсан. Түүний энэ гавьяаг ахмад В.П. Кустов бас давтаж агаарын тараны хоёр дахийг Халхголд хийсэн. Наймдугаар сарын 4-нд сөнөөгч онгоцны нисэгч А.Ф.Мошин бас давтлаа. Тэрээр хамаг сумаа дуусгаад байтал дайсны онгоц мөрдөж эхэлсэн. Тэр гэнэт эргэж дайсны онгоцыг мөргөж унагаад буудалдаа эргэж ирсэн. Наймдугаар сарын 4-нд батальоны комиссар М.А.Ююкин байгаа бөмбөгдөөд буцаж явахдаа агаарын их бууны суманд өртөх нь тэр. Онгоцоо дээш хөөргөх гэсэн ч улам унасаар байлаа. Тэр галд автсан онгоцоо Японы агаарын их бууны батарей дээр эгц дээрээс нь унагах нь тэр. Наймдугаар сарын 20-нд Зөвлөлт монголын дайчдын их давшилтын үеэр Зөвлөлт монголын нисгэгчид 144 сөнөөгч онгоцоор хамгаалуулсан 153 бөмбөгдөгч онгоцоор дайсны талд цохилт өгсөн байна. Үүнтэй нэгэн зэрэг дайрагч хэсгийн 44 онгоц дайсны агаарын их бууны цэгүүдийг довтолсон. Энэ өдрийн турш дайсны байрлалд нийтдээ 166 тонн бөмбөг хаясан юм.

Наймдугаар сарын 21-нд Японы нисэх хүчин 88 сөнөөгч онгоцоор халхавчилсан 41 бөмбөгдөгч агаарт гаргалаа. Тамсагбулгийн чиглэлд болсон энэ тулаанд Зөвлөлтийн талаас 184 онгоц орж агаарт хоёр талаас нийтдээ 300 гаруй онгоц гарч тулалдсан.

  Зураг: ЗХУ-ын баатар В.Ф.Скобарихин

Ингээд тавдугаар сарын 22-ноос есдүгээр сарын 15 хүртэл Халх гол орчимд Зөвлөлтийн нисгэгчид 20 мянга 524 удаагийн нислэг үйлдэсний 18,5 мянга нь сөнөөгч онгоцны 2015 нь бөмбөгдөгч онгоцны нислэг байсан байна. Халхын голд Японы тал 646 онгоцоо алдсан бол Зөвлөлтийн тал 258 онгоцоо алджээ.

Халхын голд болсон агаарын тулалдаанд эр зориг гарган баатарласан Зөвлөлтийн 28 нисгэгчид ЗХУ-ын баатар цол, С.И.Грицевец, Г.П.Кравченко нарт ЗХУ-ын баатар цолыг хоёр дахь удаагаа өгсөн. Хожим нь Я.В.Смушкевичид бас Алтан таван хошууг хоёр дахь удаагаа өгсөн юм. Халх гол дахь агаарын тулааныг цэргийн түүхэн дэх хамгийн том агаарын тулалдаан, дэлхийн хоёр дугаар дайны өмнө цэргийн нисэх хүчний чадавхийг шалгасан том шалгуур гэж үздэг билээ. Тэд нисэх бүрэлдэхүүнийг агаарын тулаанд сургаж удалгүй И-16 онгоцууд ирснээр Халхын гол дээрх фронтын байдал нааштайгаар эрс өөрчлөгдсөн байна. Мөн 9 сарын 2, 4, 14, 15-нд Японы тал агаараас довтлох гэж оролдсон ч Зөвлөлтийн нисэх хүчин ялалт байгуулжээ. Энэ үед Зөвлөлтийн И-16 загварын 5 онгоц дэлхийд анх удаа РС-82 маркийн реактивийн зэвсэг хэрэглэж Японы 13 онгоцыг сөнөөжээ.

 Ююкин

Халхын голын дайны үеэр японы нийт 660 нисэх онгоцыг агаарт болон аеродромд нь устгасан ажээ. Энэ үед цэрэг-дайны түүхэнд анх удаа 2 талаас нэгэн зэрэг олон онгоц оролцсон тулалдаан болсноороо онцлогтой юм. Британийн “Эйр Ентузиаст” сэтгүүл Е.Секигавагийн бичсэн “Халхын гол дахь агаарын зарлаагүй дайн” цуврал өгүүллэгийг 1973 оны гурван дугаартаа дараалан нийтэлжээ. Секигава Зөвлөлт, Япон хоёр агаарын байлдаанд тус тусын хохирлыг хэрхэн өсгөж байсан болон агаарын байлдаанд японы хохирлыг баримтаар тооцон гаргажээ. Энэхүү тоо баримтыг хэдийгээр нягтлах шаардлагатай гэх боловч оросын судлаачид хүртэл эдүгээ ашиглах болжээ. Секигава Халхын голын агаарын байлдаанд Японы нисгэгчид “үндсэндээ ялсан” гэдэг дүгнэлт хийжээ. “Эйр Ентузиаст” сэтгүүл 1996-1997 оны дугаартаа А.Валгийн бичсэн “Талын дээрх Жигүүр: 1930-1945 онд Монголд явагдсан агаарын байлдаан” хэмээх мөн цуврал гурван өгүүллэг нийтлүүлжээ. Генри Сакайда “Мандах нарны шилдэг нисэгчид” номныхоо “Халхин Гол” гэсэн хэсэгт Номонханы агаарын тулалдааны талаар бичжээ. Тэрээр зөвлөлтийн тал японы 650 онгоцыг устгасан гэдэг боловч баримтаар нотлогдсон хохирол нь 162, японы тал зөвлөлтийн 1162 онгоцыг агаарт, 98 онгоцыг газарт устгасан гэдэг боловч байлдааны хүлээн зөвшөөрсөн хохирол нь 207 онгоц тус тус байсан.

 Зураг: Ююкин энэ онгоцыг Японы агаарын их бууны батарей дээр унагасан

Японы нисгэгч Хиромичи Шинохара агаарт 58 ялалт, зөвлөлтийн нисгэгч С.Грицевец 40 илүү ялалт тус тус байгуулж шилдэг нисгэгч (дайсны олон онгоцыг устгасан нисгэгчийг "ace" буюу "ас" гэдэг) болсон гэжээ. Японы нисгэгч Б.Ёошияама 20 ялалт, И.Сакай 15 ялалт, Ж.Ивахаши 20 ялалт, М.Масузава 12 ялалт, Ш.Сайто 25 ялалт, К.Шимада 27 ялалт тус тус Номонханд байгуулсан гэнэ. Чингэвэл эдгээр долоон нисгэгчдэд зөвлөлтийн нийт хохирлын 77 хувь ногдож байгаа юм. Энэ нь японы ас-уудын дээрх ялалтын тоо эргэлзээтэй, хэтрүүлсэн байх үндэслэлтэйг харуулна. Оросын судлаач М.Масловын бичиж Британид хэвлүүлсэн “Поликарпов И-15, И-16 болон И-153-ын ас-ууд” номны Халхын Гол бүлэгт Улаан Армийн цэргийн нисэх хүчин Халхын голд дайсны 589 онгоцыг устгасан гэж үзсэн бөгөөд харин өөрсдөө 207 онгоц (үүнээс 160 нь сөнөөгч онгоц) 211 хүнээ алдсан гэж бичжээ. Британийн “Оспрей Паблишинг” хэмээх цэргийн түүхийн сэдвээр дагнасан хэвлэлийн газраас 2012 онд дээрх Г.Сакайдагийн эмхтгэсэн “Номонхан 1939”хэмээх зурагт хялбаршуулсан түүхийн товхимлыг хэвлэн гаргасан бөгөөд эрэлт хэрэгцээтэй тул 2013 онд дахин хэвлэжээ. Г.Сакайда нь Халхын голын байлдааны газар орноор гэрэл зурагчны хамт аялсан юм.

Зураг: Японы И-97 сөнөөгч онгоц

Секигавагийн судалгаанаас хойш Халхын голын агаарын байлдааны талаар дагнасан судалгаа, бүтээлүүд өрнөд, зүүн Европт цөөнгүй гарах болсон байна. Эдгээр бүтээлд Халхын голын байлдаанд Японы нисэх хүчин тоогоор цөөн байсан боловч нисгэгчдийн ур чадвар, нисэх онгоцны тактик техникийн өгөгдөхүүний давуу байдлын ачаар байлдааны туршид эсвэл бүхэлдээ биш юм гэхэд 1939 оны 8 дугаар сарын эхэн хүртэл агаарт тус тус ноёлж байсан, зөвлөлтийн нисэх онгоцны хохирол японыхоос их байжээ гэдэг дүгнэлтүүд хийжээ. Халхын голд явагдсан агаарын байлдаан нь оролцсон техник, хэрэглэсэн тактик болон бусад үзүүлэлтээрээ судлаачдын анхаарлыг татсан хэвээр байгаа сэдэв юм. АНУ, өрнөдийн судлаачдын бүтээлд Токиогийн олон улсын цэргийн шүүхийн хуралдааны материал, японы эх сурвалжууд, Жуковын дурдатгал, Шишкин, Кууксийн ном, зөвлөлт, монголын зарим хэвлэлийг ашиглаж иржээ. Орос, монголын архивын материал болон монголын бүтээлийг ашиглаж чадахгүй байгаа нь өрнөдийн бүтээлийн үндсэн өрөөсгөл тал юм. АНУ-ын судлаачдын бүтээлд Квантуны Арми Халхын голын байлдааныг эхэлж Монголын нутагт дэвсгэрт довтолсон, Японы засгийн газар Квантуны Армийн энэхүү түрэмгийллийг зогсоох талаар нөлөөлж чадаагүй, зөнд нь орхисон нь буруу байсан, энэ нь цэргийн байгууллагад тавих иргэний хяналт бүрэн алдагдсантай холбоотой, Улаан Арми Японы цэрэгт Халхын голд мартагдахааргүй сургамж өгсөн, Халхын голын байлдаан нь Жуковыг “төрүүлсэн”, Японы тал Улаан Армийн чадавхийг дутуу үнэлэхийн зэрэгцээ Японы номлол, зэвсэглэл хоцрогдсон байв гэсэн гаргалгаа нийтлэг байдаг болно. Чингэхдээ АНУ, өрнөдийн судлаачид өмнө нь “Номонханы хэрэг явдал” гэсэн нэр томьёог хэрэглэж байсан бол эдүгээ “Халхын голын байлдаан”, “Халхын голын агаарын дайн” эсвэл “Халхын гол-Номонханы хэрэг явдал” хэмээн зэрэг хэрэглэх болжээ.

 
Ахмад дайчдын дурсамжаас

 

Ажилчин Тариачны Улаан Арми (АТУА) -ийн анхны ангиуд 1936 оны 6-р сараас БНМАУ-ын нутаг дэвсгэр дээр байрлаж, 1938 он гэхэд Талын ХӨНДЛӨНгийн аэродром үндсэндээ төвхнөж, тэнд байрлаж байсан сөнөөгч онгоцны хороо, цөөхөн тооны бөмбөгдөгч онгоцнууд бэлтгэл сургуулилтдаа оржээ.

ЗСБНХУ-ын дотоод хэргийн ардын комиссарын орлогч Фриновский /”Хуйвалдаан” нэртэй хэрэгт холбогдуулан баривчлах БНМАУ-ын нам, төр, цэргийн зүтгэлтэн 115+1 хүний нэрсийг 1937.08.25-нд ДЯЯ-нд гардуулж, 1937.09.10-нд их хэлмэгдүүлэлт эхэлсэн/, Ажилчин-Тариачны Улаан Армийн /АТУА/ Улс төрийн газрын дарга Смирнов нарын 1937 оны 10-р сарын 31-ний өдөр “Монголын байлдааны ажиллагааны театрын байдлын тухай болон Монгол дахь түшиц газар бэлтгэх арга хэмжээний тухай” гэсэн маш нууц илтгэлд /Монгол-Оросын цэргийн хамтын ажиллагаа. Баримтын эмхтгэл, II боть, 114-р тал, УБ, 2011/ “... одоогийн байдлаар Дорнод Монгол даяар ажиллагаатай зөвхөн 5 аэродром байна: Улаанбаатарт, Өндөрхаанд, Баян-Овоо суманд болон Баянтүмэнд /2/” гэж дурьдаад, “...Баянтүмэн аэродром ... хилд хэт ойрхон /60-70 км/ байрладаг тул япончуудын агаарын гэнэтийн довтолгоонд өртөж, устгагдаж болох...” гэж илтгэсэн, 1 метр хүртэл зузаан ханатай том, жижиг 30 орчим/гаруй капитал чулуун байшин барилгатай, байнгын байрлалтай, ялангуяа зүүн талаасаа дайсны болзошгүй довтолгооноос маш сайн хамгаалагдсан, газар доорх төмөр бетон, чулуун байгууламжид зенитын 1-2 дивизионы /24-48 зенитын их буутай/ бие бүрэлдэхүүн байрлаж, сөнөөгч онгоцны хороо аэродромыг халхавчилж, иймэрхүү хэмжээний объектын орчныг бие даасан батальон /300-500 хүн/ хүртэл цэрэг хамгаалдаг жишигээс үзэхэд Баян-Овоо сумын нутгийн Талын хөндлөн гэдэг газар байрлаж байсан аэродромыг тэр үеийн хамгийн том аэродром, стратегийн чухал объект гэж үзэх үндэстэй.

Зураг: Зөвлөлтийн И-16 сөнөөгч онгоц

Халхголын дайн эхлэхэд АТУА-ийн Нисэх хүчний 100-р бөмбөгдөгч онгоцны бригадын 150-р бөмбөгдөгч онгоцны хороо /СБ бөмбөгдөгч онгоц 59 ширхэг/, 1930-аад оны дэлхийн хамгийн том бөмбөгдөгч онгоц ТБ-3 /24 ширхэг/ тус аэродром дээр байрлаж байв. ТБ-3 онгоцнууд эхэндээ Чита-Тамсагбулаг чиглэлээр хүн хүч, зэвсэг, галт хэрэгсэл, эм тариа, бусад чухал ачаа, буцахдаа нэг онгоц 15-20 хүнд, хөнгөн шархдагсад тээвэрлэх үүрэг гүйцэтгэж байв. ТБ-3 стратегийн бөмбөгдөгч онгоц: экипаж – 6-8 хүн, урт – 24 м, далавчны өргөн – 39,5 м, далавчны талбай – 230 м2, хоосон жин – 11000 кг, нислэгийн жин – 17200-19500 кг, түлшний савын багтаамж – 7960 литр, сэнсний диамерт – 3,5 м, тээвэрлэх бөмбөгийн жин – 2000-5000 кг, 1932-1938 онд 818 ширхэг үйлдвэрлэсэн Дайны явцад ТБ-3 онгоцнууд 500 гаруй нислэг үйлдэж, бүх тохиолдолд хүмүүс, ачаа тээшийг зохих газар нь хүргэжээ. Ерөнхий давшилт эхлэхийн өмнө ТБ-3 онгоцнууд шөнийн бөмбөгдөлтөнд нисдэг болжээ. Анхны нислэг 8-р сарын 19-20-ны шөнө болж, байндаа отряд отрядаар ойртож, зүг чигийг тэргүүн шугамаас 8 км-т байрлуулсан гар чийдэнгээр эвлүүлсэн 50 метр том сум, газрын багцааг тэргүүн шугамаас 3-7 км-т байрлуулсан гар чийдэнгүүдэр эвлүүлсэн шугамаар авдаг байжээ. Бөмбөгдөлт дайсанд сэтгэл санааны дарамт үзүүлэх, унтаж амруулахгүй зутраах, манай цэргийн байршил сэлгэлт, хөдөлгөөнийг халхлах зорилготой, нэг удаад 6-20 онгоц хөөрч, 25 тонн бөмбөг хаядаг байв.

Японы зенитын артиллери гал нээсэн ч, ганцхан онгоцны хөдөлгүүр эвдсэнийг эс тооцвол нисэгчид хохирол амсаагүй бөгөөд нийтдээ байлдааны 160 нислэг хийжээ. Энэ тухай Армийн 1-р бүлгийн Нисэх хүчний тайланд “... дайсанд шөнийн сөнөөгч онгоц болон прожектор байгаагүй тул шөнөөр хүнд бөмбөгдөгч онгоц хэрэглэсэн туршлага амжилттай болж, дайсанд сэтгэл санааны, материалын хохирол учруулсан” гэжээ. Харин 150-р бөмбөгдөгч онгоцны хорооны үйл ажиллагааны тухай Халхголын дайнд тус хороонд штурманаар дайтаж явсан Николай Ганин 2005 онд ийнхүү дурсжээ: ... Би дээд сургуулиа төгсөөд дунд сургуульд түүхийн хичээл заана гэсэн бодолтой байсан ч амьдрал маань нэгэн мөчид эрс эргэв: би цэрэгт татагдаж, Байгалийн Чанадад СБ хурдан бөмбөгдөгч онгоцны сургалтын хороонд дадлагажигч штурманаар томилогдов. Анхандаа бид байлдааны нөхцөлд суралцах болно гэж төсөөлөөгүй юм да... Халхголын дайн 1939 оны 5-р сард эхэлж, 6-р сарын эхээр хэсэг нисгэгч, штурман, техник нарыг цэргийн тээврийн онгоцонд сууцгаааж, Монгол руу илгээв. Хил давсны даруйд бид шахцалдан онгоцны цонхоор харахад доор хэмжээ хязгааргүй тал нутаг, намхандуу довцог, толгой, хаа нэгтээ нүүдэлчдийн гэр, мал сүрэг харагдаж байв. Бид Баян-Овоо гэдэг жижиг тосгоны /санахад, тэнд хэдхэн жижиг шавар байшин, 10-20 гэр байсан/ ойролцоо аэродромд газардаж, майханд байрлах болов. Энд бага зэргийн байлдааны туршлага хуримтлуулсан хурдан бөмбөгдөгч онгоцны 150-р хороо байрлаж, хорооны даргаар гайгүй сайн нисгэгч, хошууч Бурмистров, комиссараар Ююкин нар ажилладаг байв. Хамгийн түрүүнд “шинэков” биднийг бодит байдалтай танилцуулахад л бид жижиг сөргөлдөөн, хилийн мөргөлдөөн ч биш, жинхэнэ дайнд оролцох болсноо ухаарч билээ. Ингэхдээ командлал байдал маш түгшүүртэй байгааг нуулгүй хэлж, анхандаа япончууд агаарт ноёрхлоо тогтоож, манай ар талд ганц автомашин байтугай ганц хүний араас элдэж хөөж, бууддаг байсныг хэлсэн. Хорооны бүрэлдэхүүн ирж байрласныхаа даруй шууд байлдааны ажиллагаанд оролцоогүй бөгөөд нэг сарын хугацаанд нислэг-тактикийн сургууль, бүлгээр бөмбөгдөх, газар оронд дасан зохицох дадлагад гол анхаарлаа хандуулж байв, яагаад гэвэл тал газар ямар нэгэн хот, тосгон, холбоо, зам харилцаа байхгүй, мөн нүд сохломоор маш хурц нар, бодит байдлыг гажуулсан гэрлийн хугарал зэргээс болж тул зүг чигээ олоход тун түвэгтэй байсан. Ар талд байсан манай аэродром орчим 6-р сард японы онгоц үзэгдээгүй боловч шөнөдөө тэр хавьдаа маш том, хатгуулсны дараа маш их загатнадаг шумуул гэдэг яггүй “дайсан” биднийг хайр найргүй довтолж билээ. Хатгуулсан газар том хавдана, маш их загатнаж, шөнөдөө унтаж амарч чаддагүй байв. Гэхдээ хамгийн хэцүү нь ундны усны гачигдал, 1939 оны 6-р сар маш их халуун бөгчим, агаарын хэм сүүдэрт +40-д хүрч, хэдэн арван километрээс зөөвөрлөх ус дутагдсаар л, тэгсэн нэгэн байлдагч хэлэхнээ, Суворовын дайчид бөгчим халуунд зэс товчоо тасдан авч, амандаа үнхдэг байсан, ингэснээр маш их шүлс ялгарч, цангаа тэсвэрлэхэд дөхөмтэй, харин бидэнд зэс товч байхгүй тул зэс зоос амандаа үнхдэг байв. 6-р сарын сүүл гэхэд бид газар орон болон бие биедээ дасан зохицож, экипажууд үндсэндээ бүрэлдсэн.

Халх голын агаарын тулааныг дүрсэлсэн War Thunder хэмээх орчин үеийн видео тоглоомын зураг

Манай экипаж 3 хүнтэй – нисгэгч, буудагч болон миний бие штурманаас бүрдсэн, штурманы суудал шилэн урд бүхээгт байрладаг, удирдлага хосолсон учраас шаардлагатай үед би даргад онгоц жолоодоход туслаж болох ч, миний үндсэн үүрэг нислэгийн зүгээ чиглүүлэх, бөмбөгдөхөд оршдог байв. Удирдлагын төхөөрөмж, хянах хэрэгсэл, хамгаалах бөгжтэй бөмбөг хаягчийн товчлуураас гадна бүхээгт 2 хошуутай пулемет суурилуулсан бөгөөд түүгээр агаарын болон газрын бай буудах боломжтой. СБ онгоц 600 кг хүртэл бөмбөг тээвэрлэх, 420 км/цаг хүртэл хурдтай, өндөршил 10000 метр, хэдийгээр цоо шинэ японы сөнөөгч онгоцнууд бидний гүйцэх боломжтой ч, тэр үедээ хурдтай, сайн онгоц тул бөмбөгдөлтөнд бид сөнөөгч онгоцны халхавчтай, харин тагнуулд ганц нэгээр нисдэг байв. Ингэхэд бид өөрийгөө хамгаалах өндөр хүрдтай бууддаг ШКАС 7,62 мм-ийн 4 пулеметтой боловч СБ-ийн ганцхан дутагдал бол радиостанцгүй, иймээс бүлгээр нисэхдээ бид далавчаараа дохих, эсвэл урьдаас тохирсон хөдөлгөөнөөр гараар даллах маягаар хэлээ ололцдогсон. 7-р сарын 3-ны үүрээр түгшүүрийн дохиогоор хороо анхны байлдааны даалгавар гүйцэтгэхээр хөөрсөн. Миний хувьд ч байлдааны анхны даалгавар, тэгээд ч Баянцагааны орчим юу болж байгааг харж, эхэндээ сандарч л байлаа. Дээрээс харахад байлдааны талбар буцалж байгаа тогоо ч юмуу галт уул дэлбэрч байгаа ч юм шиг, уулын тэгш өндөрлөгөөс дэлбэрсэн сум, дарийн утаа, дүрэлзсэн галаас бүрдсэн томоос том хар үүл мандан босож, “шинэков” бидэнд естой там гэж үүнийг л хэлдэг байх гэж өөрийн эрхгүй бодогдсон. Агаарт мөн ширүүн тулалдаан өрнөж, Баянцагааны дээр хэдэн зуун онгоц эргэлдэж, агаарт мөргөлдөхгүйгээр эргэх боломжгүй шахуу, хашаа ч харсан пулеметын сумны трасс, манай болон японы сөнөсөн онгоцны утаат мөр энд тэндгүй харагдсаар. Хошууч Бурмистров хорооны ихэнх онгоцыг шууд японы гүүр лүү чиглүүлж, японы сөнөөгч онгоцнууд, зенитын галаас хамгаалан байж гүүрийг устгаснаар японы командлал түшиц газар луу нэмэлт хүч илгээх болон тэндээс удахгүй ялагдах цэргээ буцаан татаж авах боломжгүй болж, ялагдсан билээ. Харин манай эскадрильд Баянцагааны оройд бүгсэн япончуудын байрлалыг бөмбөгдөх үүрэгтэй дайралт хийхэд японы сөнөөгч онгоцнууд нарны зүгээс биднийг дээрээс дайрав. Эхний дайралт яасныг ухаарагүй яав, юу болов гээд дээш харсан чинь ялаа шиг олон япон онгоц нөөцөнд байж байгаад биднийг дайрсан юмсанж. Бид ч тэднийг ойртуулахгүй гэж байдаг бүх зэвсгээрээ халхавч гал нээж, тэгтэл манай халхавч сөнөөгч онгоцнууд ирж, тэднийг хөөн зайлуулснаар бид үндсэн үүрэг болсон бөмбөгдөлтөө хийв. Анхны дайралт надад хэзээ ч мартагдашгүй сэтгэлдэл үлдээж билээ – урд бүхээгт “тахианы хөндлөвч” дээр сууж байхад хичнээн зуун буугаар ганц над руу галлаад байгаа, бас тэгээд дадшаагүй учраас агаарт бүх сум над руу чиглэж байгаа юм шиг санагдаж билээ. Бөмбөгдөгч бүр мэддэг: байнд ойртоход дайсны сөнөөгч онгоц саад болдог бол бай дээр дайсны зенитын гал хамгийн их аюултай – аадарын үүлэн дунд нисч байгаа шиг агаарт энд тэнд дэлбэрээд, дайсны хүчийг хөнөөхийн тулд байлдааны чигээс ямар нэгэн маневр хийж хазайх боломжгүй бөгөөд өөрөө ийм юм туулж үзээгүй хүнд биднийг ойлгоход бэрх юм да. Хойшид ийм зүйлд дадаж, тоохоо больдог юм билээ. Анхны даалгавар биелүүлээд аэродром дээр буусны дараа маш их ядарсан, цангаснаа мэдэрч, жаахан амарч байгаад 3 цагийн дараа дахин Баянцагааны зүг хөөрч, тэр оройдоо японы нөөц хүч бөмбөгдөхөөр бас дахин хөөрсөн. Тэр өдөр манай хэдэн онгоц унаж, харин бид ядарсандаа болоод майхандаа оронгуут монголын шумуулын дайралтыг эс ажран нам унтаж билээ. Өглөөгүүр түгшүүрийн дохиогоор хөөрч, Баянцагааны тулалдаан дуустал 3 хоног даалгавар биелүүлэв. Одоо цагт зарим нэгэн их мэдэгч “түүхчид” Жуковыг “маш их хохиролын буруутан” гэж цоллодог, гэвч япончууд Баянцагааны өндөрлөгийг эзэлж, Халхголын баруун эрэг дээрх манай цэрэг буслэлтэнд орж, бутцохигдох аюул тулгарахад Жуков хамгийн эгзэгтэй мөчид бүх бөмбөгдөгч онгоцоор дасныг бөмбөгдөх тушаал өгөж, 11-р танкийн бригадыг явган цэргийн дэмжлэггүй шууд давшилтанд оруулснаар танкчдын тал нь амь үрэгдсэн ч тэд өөрийн алтан амиар дайны ялалтын эхийг тавьж өгсөн билээ. Манай хороо ч гэсэн тэр байлдаанд хүнд хохирол хүлээсэн. Даалгавар биелүүлэхээр хөөрсөн комиссар Ююкины онгоц зенитын галд өртөхөд комиссар экипажийг шүхрээр буухыг тушааж, шатаж байгаа бөмбөгдөгч онгоцоо японы амьд хүч, баргын морин цэргийн бөөгнөрөлийн зүгт залуурдан, түүхэнд анхны “галт дайралт” хийсэн. Бид дайснаас түүнийг өшөөг авах болно гэж андгайлж билээ. 8-р сарын дунд хүртэл газрын томоохон байлдаан болоогүй боловч агаарын ширүүн тулалдаануудын явцад японы нисэх хүчин агаарт ноёрхолоо бүрэн алдаж, хожим Г.К.Жуков, “...Эх Орны дайны жилүүдэд ч тийм олон тооны онгоц оролцсон тулаан үзээгүй” гэж дурссан байдаг. 8-р сарын 20-нд манай ерөнхий давшилт эхэлж, давшилтын өмнө 150 бөмбөгдөгч онгоц, 100 гаруй сөнөөгч онгоцоор халхавчлуулан хүчтэй цохилт хийж, бид өдөрт 2-3 удаа бөмбөгдөлтөнд нисдэг байв. Харин хамгийн хэцүү даалгаварт “өвгөчүүл” нисэж, “шинэковуудыг” үлдээж, 8-р сарын 25-нд хорооны дарга Михаил Федорович Бурмистров Халуун Аршаан өртөөнд бөөгнөрсөн дайсны цуваа устгах даалгавараас эргэж ирээгүй юм. (... япончуудтай тулалдахдаа тэрээр эр зоригийн үлгэр жишээ үзүүлж, түүний удирдлаган доор хороо даалгаварыг маш сайн биелүүлж байсан бөгөөд операцын явцад аймшиггүй агаарын туулаанч гэдгээ харуулсан. Хороог 22 удаа тулалдаанд удирдаж оролцсон. Агаарын тулаанд баатарлагаар амь үрэгдсэн. Халхголын орчим байлдаанд гавъяа байгуулсны төлөө Байлдааны улаан тугийн одонгоор шагнагдсан... гэж ЗХУ-ын баатар цолоор нэхэн шагнах тодорхойлолтонд дурьдаж, 1939 оны 11-р сарын 17-нд ЗХУ-ын баатар цолыг нэхэн олгожээ-РБ). Халхголын дайнд манай хорооны бие бүрэлдэхүүний гуравны нэг амь үрэгдсэн. Сүүлийн үед 70х30 км энэ өчүүхэн цөлөрхөг газрын төлөө ингэж их хохирол үзэх ямар хэрэг байсан юм гэдэг асуулт олонтаа сонссон. Би хариулахдаа, япончууд Хасан нуурын дэргэд, хамгийн гол нь Халхголд бутцохигдсон учраас 1941 оны намрын хамгийн хэцүү цагт ЗХУ руу довтлож зүрхлээгүй юм да. Харин Халхголын дайны дараа биднийг оны эцэс хүртэл тэндээс хөдөлгөөгүй юм. Естой уйдаж үхмээр, чөлөөт цагаар хийх юм огт үгүй, бидэнд “Волга-Волга”, “I Петр” гэдэг хоёрхон кино үлдээсэн тул бараг 100 удаа үзсэн байх, киноны үг бүрийг цээжилж, сүүлдээ дуугүй, бадгуудыг сольж, сүүлээс эх хүртэл янз янзаар гаргаж, одоо болтол мартдаггүй юм”. СБ-3 фронтын бөмбөгдөгч онгоц: экипаж 3 хүн, урт 12,27 м, далавчны өргөн 20,33 м, өндөр 4,73 м, хоосон жин 4060 кг, нислэгийн жин 5732 кг, хурд 360-424 км.цаг, алслалт 1000 км, өндөржилт 9560 м, 1934-1941 онд 6656 ширхэг үйлдвэрлэсэн Халхголын дайнд тус хороонд алба хааж байсан ахмад Н.Ф.Гастелло Эх Орны дайнд комиссар Ююкины баатарлаг үйлсийг давтаж, 1941 оны 6-р сарын 26-ны өдөр байлдааны даалгавар биелүүлэхдээ дайсны зенитын суманд өртөж, шатаж байгаа онгоцоо танк, бензин тээвэрлэгч бүхий фашистын цэргийн бөөгнөрөл рүү чиглүүлж, устгасан тул мөн өдрийн ЗСБНХУ-ын Дээд Зөвлөлийн Тэргүүлэгчдийн зарлигаар түүнд ЗХУ-ын баатар цолыг нэхэн олгожээ.

 
Чойбалсан хот өртсөн нь

 

Чойбалсан хотыг бөмбөгдөж цөөн тооны барилга байшинг устгасан байсан ба одоо тухайн бөмбөгдсөн газарт нь дэлбэрч буй бөмбөгний хэлбэртэй хөшөө байдаг юм. Чойбалсан хотыг Монголын баатар хот гэж ярилцдаг. Учир нь энэ хот бөмбөгдөлтөд өртөсөн Монголын цорын ганц хот юм. Одоогийн Чойбалсан хот Манжийн захиргааны үеэс Халхын Сэцэн хан аймгийн Ачит бэйс Сансрайдоржийн хошууны төв Санбэйсийн хүрээ нэртэй байснаа Богд хаант Монгол улсын үеэс 1922 оныг хүртэл Ачит бэйс Тогтохын хошууны төв болж дорнод Монголын шашин,худалдаа,аж ахуйн томоохон төвүүдийн нэг байжээ. Монголын ардын хувьсгалын дараа 1922 оноос Хан Хэнтий уулын аймгийн Баянтүмэн хан уулын хошууны төв Баянтүмэн хот, 1931 оноос Дорнод аймгийн төв Баянтүмэн хот, 1941 оноос Чойбалсан хот гэж нэрлэсэн байна. 1930, 1940-өөд онд тэр үеийн нэрээр Баянтүмэн хот бараг цэргийн хот байж манай эх орны үндэсний тусгаар тогтнол,нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг хамгаалахад чухал түшиц газар болж байсан билээ. Баянтүмэн хотод Монгол Ардын Хувьсгалт Цэргийн хоёрдугаар морьт корпусын командлал, 5-р морин дивиз, түүний ангиуд, ЗХУ-ын Улаан цэргийн 17-р армийн штаб, түүний харьяа зарим ангиуд,нисэх онгоцны төв буудал, цэргийн төв эмнэлэг, зэвсэг, техникийн агуулахууд зэрэг цэргийн чухал объект байрлаж байсны дээр 19З9 оноос Соловъёвск-Баянтүмэний өргөн төмөр зам, Баянтүмэн-Тамсагийн нарийн төмөр замын төв зангилаа зэрэг онцгой объект байсан учир япончуудын сонирхлыг ихэд татдаг газар байжээ.Иймээс 1930-аад оны эхний жилүүдээс эхлэн япончууд энэ чиглэлд тагнуул туршуулаа олон тоогоор идэвхтэй явуулж байжээ. 1939 оны Халхын голын байлдааны үед Монгол-Зөвлөлтийн фронт руу очиж байгаа цэргийн хүч,байлдааны зэвсэг техник Баянтүмэн хотоор дамжин өнгөрч байсан билээ. Энэ бүхэн болон бусад хүчин зүйлээс шалтаг болгон Квантуны армийн удирдлага,дээд байгууллагуудаас зөвшөөрөл авалгүй Баянтүмэн, Тамсагбулаг орчим байгаа Монгол-Зөвлөлтийн цэргийн нисэх буудлуудыг бөмбөгдөж тэнд байгаа байлдааны онгоцуудыг устгахаар шийдвэрлэжээ. Энэ тухай 19З9 оны зургадугаар сарын 26-нд болсон зөвлөлгөөнд Квантуны цэргийн дэд штабын дарга, хошууч генерал Яно Отосабаро оролцож,нисэхийн 2-р армийн командлагчид 6-р сарын 27-ны өглөө гадаад Монголын нутагт байгаа нисэх буудлуудыг бөмбөгдөх тушаал өгчээ. Гэтэл энэ тухай Дорнод аймгийн удирдлага мэдэж, Баянтүмэн хотыг агаараас өнгөлөн далдлах арг хэмжээ авчээ. 6-р сарын 25-ны өглөө Хэрлэнгийн отрядын дарга Г.Лувсанванчиг, комиссар Г.Сандав нар ангиа түгшүүрийн дохиогоор босгож 70 шахам км-т байгаа Баянтүмэнд морин жагсаалаар ирж, МАХЦ-ийн хангалт үйлчилгээний батальон, Зөвлөлтийн армийн зарим салбарын хамт 6-р сарын 25,26-нд Баянтүмэн хотын бүх байшинг гарын дорхи шарилж, лууль, өвс ногоо зэргээр өнгөлөн далдалж, хотын айлуудын ихэнх нь Хэрлэн голын захаар зусланд гарсан байсан ч хотын төвд буюу ойролцоо байгаа айлуудыг хотоос 25 км-ээс цааш нүүлгэн шилжүүлсэн байна. Японы нисэх хүчний 2-р армийн командлагч авсан үүргийнхээ дагуу дор дурдсан зохион байгуулалт хийжээ. Үүнд 7-р нисэх бригадын захирагч, хошууч генерал Такаракура Тира хүнд бөмбөгдөгч онгоц 30, 9-р нисэх бригадын захирагч, хошууч генерал Шитано хүнд бөмбөгдөгч онгоц 27, хөнгөн бөмбөгдөгч онгоц 10, 12-р нисэх бригадын захирагч, хошууч генерал Хигаши байлдааны онгоц 80-ыг бүгд 147 онгоцоор Зөвлөлт-Монголын нисэх буудлуудыг бөмбөгдөхөөр шийдвэрлэжээ. “1939 оны зургадугаар сарын 27-ны өглөө үүр гэгээрэхээс өмнөхөн Хайлар хотын нисэх буудлаас Японы нисэх хүчний 1ОО гаруй онгоц агаарт хөөрч баруун зүг чиг авч явсаар О6 цаг 2О минутад Тамсагбулагийн хээрийн нислэгийн талбайнуудыг бөмбөгдөж эхлэхэд Зөвлөлт-Монголын байлдааны онгоцууд агаарт гарч агаарын байлдаан эхлэв” хэмээн Хөлөнбуйрын харьяат Ц.Авид “Номон ханы дайн” гэдэг номынхоо 85-86-р талд бичжээ. Хошууч генерал Такаракурагийн удирдсан 30 хүнд бөмбөгдөгч онгоц, 10 гаруй хөнгөн бөмбөгдөгч онгоцоор хамгаалуулан бүгд 42 онгоц Тамсагийн нислэгийн талбайнууд дээгүүр өнгөрөн баруун зүг нислэгээ үргэлжлүүлэн Баянтүмэн хотыг ололгүй Хэрлэн голыг даган нисч хуучин Хэрлэн Бар хотын хоёр цамхаг хүрээд эргэх замдаа Баянтүмэн хотыг олж бөмбөгджээ. Хотын байшингуудыг сайн өнгөлөн далдалсан учир гол чухал газруудыг олж хохирол учруулж чадаагүй байна.Зөвлөлтийн армийн ангиудын болон МАХЦ-ийн 5-р дивизийн сургуулийн талбай,түлшний хураасан мод, Хорихын байр зэргийг бөмбөгдөж, пулемётоор шүршжээ. Энэ үед Баянтүмэнд байсан нисэхийн ангиуд фронт руу явсан тул хотын хамгаалалтад үлдсэн Зөвлөлтийн гурван дайрагч онгоц агаарт гарч тулалдан Японы гурван онгоцыг устгасан гэдэг. Тэдгээрээс нэг нь Цантын хүрд, хоёрдох нь Хэрлэн голын урд, гурав дахь нь Гурванзагал сумын нутаг Яхи нуурын өмнө Гүнсаваагийн балгасны орчимд унажээ. Амь үрэгдсэн нисгэгчид нь онгоцондоо хүлээтэй үлдэж яс, бугуйн цаг гэх мэт хатуу зүйлийн үлдэгдэл нь 1987 оны үед онгоцныхоо сэгэн дээр байсныг хошууч Ш.Адъяасүрэн олж ирж байсан билээ. Япончууд Баянтүмэн хотыг бөмбөгдөхөд тэнд цэргийн албан хааж байсан улсын аюулаас хамгаалах байгууллагын ахмад ажилтан, дэд хурандаа Шархүүгийн Бадрах хожим дурсан бичихдээ: “Би Баянтүмэн хотоос зүүн тийш 5,6 км-т Бунхан толгойн баруун талд Монголын нисэх хороонд цэргийн алба хааж байсан юм.Тэр өдөр хорооны комиссар Шагдарсүрэн лагерийн сүүдрэвчинд хичээл зааж байтал өдрийн 12 цагийн үед хахир муухай дуутай нэг онгоц зүүн хойноос баруун урагш явж далд ороод удаагүй байтал баруун өмнөөс 5О-иад онгоц гарч ирж Баянтүмэнийг бөмбөгдөж, пулемётоор буудсан.Манай нислэгийн талбайгаас И-15,И-16 онгоцууд хөөрч агаарт хүч тэнцвэргүй байлдаан болж дайсны хэд,хэдэн онгоц унасаны дараа онгоцууд зүүн зүг нисч далд орсон юм. Бөмбөгдөлтийн дараа нисэх хорооны тусгай ангийн дарга, сүүлд ДЯЯ-ны сайд,хошууч генерал болсон Бат-Очирын Шагдаржав намайг корпусын тусгай хэлтэст мэдээ хүргүүлэхээр явуулахад хотын дотор бөмбөгдөлтөд нэрвэгдсэн хашаа байшингуудаас утаа манарч,хотын дотор тоос босч байсан”гэжээ. /Эх нь Улсын хилийн музейн фондод бий./ Бөмбөгдөлтөд 4 хүн амь эрсэдсэнээс гадна учирсан хохирлын талаар 1939 оны долдугаар сарын 1-ний өдөр бичсэн актанд үзвэл “Эмнэлгийн болон сууцны 4 барилгын цонх хагарч, ханын шавар нурсанаас 1500 төгрөг, суудлын форд машин гараажийн хамт сүйрсэнээс 6000 төгрөг, банзан хашаа эвдэрч, тэрэгний морь 2 алагдсан, бас бус эд аж ахуйн зүйлүүд хэрэгцээгүй болсоноос 1300 төгрөг, бүгд 8800 төгрөгийн хохирол учирсан” гэжээ.

/Эх нь Дорнод аймгийн улсын архив Ф-1,Д-1,Х-46/ Үүнтэй холбогдуулан Дорнод аймгийн даргаас 1939 оны 6 дугаар сарын 27-нд тушаал гаргаж дор дурдсан журам тогтоожээ.

Үүнд: 1.”АГААР” дохио өгмөгц хэн боловч нуувчинд орж биеэ хамгаалах, ийм үед эмнэлгийн эмч сувилагч,гал сөнөөгчид, агаараас хамгаалах ангийн хүмүүсээс бусад хүн гадуур явахыг хориглоно.

2.Албан газар,ардын байр, конторуудын дэргэд ба олон хүнтэй зах газруудад бие хамгаалах нуувчуудыг энэ шөнийн дотор ухуулахыг цагдан сэргийлэх,хотын захиргааны дарга нарт даалгажээ.

З.Албан газруудыг 24 цагийн жижүүртэй байлгах,эрүүлийг хамгаалах ба эмийн сангууд энэ үед эмнэлгийн тусламж үзүүлэх, мөн цэргийн эмнэлгүүд ардуудад нэгэн адил эмнэлгийн тусламж үзүүлнэ.

4.Шөнийн цагт албан байгууллагууд ба ардууд цонхыг хар хөшигтөй байлгах, машинуудыг гэрэлгүй явуулах, цахилгаан станцыг унтраах.

5.Утасны хороо агаарын дайсны мэдээ авмагц МАХН-ын хороо, аймгийн яам, дотоод яамны хэлтэс, сэргийлэхэд “Агаар” мэдээ өгөх, түргэн тусламжийн машиныг бэлэн байлгах, бусад газрын машинуудыг дайчлах, ”Агаар” мэдээ авмагц хонх цохиж байхыг цагдан сэргийлэх ба Хотын захиргаанд тус тус даалгаж журамласан байна. /Эх нь Дорнод аймгийн намын хорооны намын архив. ф-1.д-1.т-132-133/ Квантуны цэргийн командлал Баянтүмэн, Тамсагбулагийг бөмбөгдсөн явдлаа туйлын амжилттай нүүр бардам боллоо гэж баярлацгааж байлаа.

Гэтэл Японы цэргийн төв штаб тэдэнтэй хамт баярласангүй. Анхнаас нь эсэргүүцэж Баянтүмэн, Тамсагбулагийг бөмбөгдөх байлдааны ажиллагааг зогсоох үүрэгтэйгээр Токиогоос дэд хурандаа Аримацуг томилон явуулсан боловч Квантуны цэргийнхэн замд нь саатуулж байж гадаад Монголын нутгийн гүнд бөмбөгдсөн байна. Энэ нь буруудаж Квантуны цэргийн удирдлага Төв штабаасаа зэмлэл хүлээсэн ажээ. Үүнээс шалтгаалан Халхын голын байлдааны саруудад Японы тал дахин Баянтүмэн хотод агаараас халдан довтлоогүй билээ.

Сэтгэгдэл 6ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
4 сар 18. 15:13
Зочин

Энэхүү сайтын нийтлэгч нарт амжилт хүсэж байна шүү

2 сар 2. 11:41
Зочин

Халх голын агаарын тулаан түүхэнд томоор бичигдэх тулааны нэг гэдэг нь маргаангүй. Тэнгэрт 300 гаруй онгоц хоорондоо тулалдахад нар харагдахгүй харанхуйлж байсан гэж аав минь дурсан ярьдаг байлаа. Япончууд монголыг эзлээд дараа нь германтай авсарч ЗХУ-ыг дайрах зорилготой байтал халх голд ялагдаад зүрх үхсэн байх

1 сар 31. 20:13
Уншигч

Түүхийн хүрдийг олон талаас нь авч үзсэн сайхан нийтлэл болсон байна. Дан ганц нэг талыг барилгүйгээр тоо баримтын талаарх эргэлзээг хүртэл бичсэн нь нийтлэлийг улам амттай сайхан болгож байна. Ганц хоёр үсгийн алдаа бол байх л асуудал. Ганц хоёр үг үсгийн алдаа бол байх л асуудал. Дахиад дэлхийн түүхэн дэхь агаарын алдартай тулаануудыг бичиж оруулаарай. Аль аль талынх нь мэдээллийн эх сурвалжуудаас оруулан хооронд нь жишиж бичих нь нийтлэлийг хамгийн сонирхолтой болгодог. Амжил хүсье.

1 сар 30. 20:06
Дорж

Зөвлөлт Монгол гэж бичихдээ яагаад Зөвлөлтийг нь урд нь бичиж байгаа юм бэ? Бас Зөвлөлт гэдэг, үгийг томоор бичсэн мөртлөө, Монгол гэдэг үгийг яагаад жижгээр бичив?

4 сар 19. 14:17
Зочин

yu yarid soloorood bga yum be teegj bichhed yadag yum

1 сар 31. 20:38
Зочин

Тэгэж бичихгүй болохоор өнөө хэдэн үхэл нь ханхалсан коммунист эргүү төгцөгүүд нь энэ сайхан нийтлэлийг доромжлоод салахгүй байсан биз.

Сэтгэгдэл бичих
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]