Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Оргодлын мөрөөрУншсан7,569

Энэхүү хаалттай цонхны цаана юу болж буйг хэн яахан мэдэх билээ! Япон тагнуулын газрын дарга Сумимото нэгэн хүдэр монгол хүнтэй ярилцан сууна.

Г.Гэндэндарам нь 1940 онд Говь-Алтай аймгийн Бигэр суманд төржээ. 1960 онд МУИС-ийн барилга инженерийн анги төгсөн, 1971 онд Кубад суралцаж испани хэл утга зохиолын мэргэжил эзэмшжээ. 1960 оноос Улсын цагдан сэргийлэх, НАХЯ-нд ажиллаж байсан. Далаад оноос уран зохиол бичиж тууж өгүүллэгийн ном хэвлүүлжээ. Түүний  "Оргодлын мөрөөр" хэмээх өгүүллэгийг хүргэж байна.

Зуны адаг сарын тунгалаг сайхан өдөр билээ. Газрын хөрс улайдтал шарж байсан наран уулын цаагуур ороод удсан хэдий ч нэгэнт халсан агаар, хамаг орчлонг бүлээсгэсэн бүгчим хэвээр байлаа. Гэр байшингийн хаалга, цонх онгорхой, зарим ганган хүүхнүүд гадуур холхих хүмүүст биеэ гайхуулах гэсэн шиг өнгө өнгийн дэвүүрээр нүүрээ сэрүүцүүлж, сээтэн хаясан заримд нь талимааран инээмсэглэж ичингүйрхсэн дүр үзүүлнэ.

Үдшийн бүрий, цаг мөчтэй уралдан орчлонг хар нөмөргөөрөө аажим аажмаар хучсаар. Хүн амьтны чимээ шуугиан аяндаа татарсан ч, энд тэнд хэсүүчлэн явдаг тэнүүлч залуучууд, гэр гэртээ орцгоон, унтаж буй хүмүүсийг сэрээхээс эмээн хаалга аяархан түгжих цаг хараахан болоогүй байлаа. Төдий олон хүн суудаггүй ч хятад, монгол, япон хүмүүсийн хөл хөдөлгөөн ихтэй энэ газрын оршин суугчид өөр өөрсдийнхөө зан араншинг хаяхгүйг хичээнэ.

Япон цэргийн бариу хувцас өмсөн, буу сэлэм агсаж өөрсдийгөө их наран улсын бүрэн эрхтэй иргэд гэж хатуу итгэсэн япон офицерууд ихэмсэг, сүртэй явцгаан залуу хүүхнүүд рүү шуналтай харж хэлэх хэлэхгүй үг хаялан царай өгсний нь харь газрын янжуур, хачин сонирхолтой аар саархан юмаар тэдний толгойг эргүүлнэ. Царай өгөөгүй нэгтэй нь их л дээрэнгүй хандан наран улсын элч төлөөлөгч нартай эелдэг зөөлөн харьцах ёстой гэж тэдэнд ойлгуулахыг хичээнэ.

Өдөржингөө хотын нэг захаас нөгөө зах хүртэл ядартлаа зүтгэсэн тэрэгний морьд эзнийхээ тавьж өгсөн сүрэл идэн алсыг харан тус тусынхаа хашаанд амар тайван зогсоно. Гинжнээсээ сая мултран, ходоодондоо жаахан халуун бүлээн юм хийсэн  ноход хашаа байшингийн хажуугаар шиншлэн харайж, аз жаргалдаа ташуурсан мэт хий  хуцан хотын эзэнтэй эзэнгүй бүх нохдыг шуугиулна. Айл хөршийн хүмүүс нимгэн хөшиг унжуулан онгорхой орхисон цонхнуудаа хаах хараахан болоогүй гаднаас нь харахад шөнийн гэрэлд хүмүүс бүүр түүр сүүтэгнэн хөдлөх нь энэ айлынхан унтаагүйг илтгэнэ. Энэ байшингуудаас төдий л ялгагдамгүй нэг байшингийн цонх түгжээтэй мөртлөө цаагуур нь хар хөшиг татсан нь ер бусын байдалтай ч их хөлийн энэ газар түүнийг анзаарах хүн байсангүй. Энэ цонх өнөөдөр эртээс эрт хаалттай байв. Хүн гэдэг ч юмыг ер анзаардаг улс биш. Гагцхүү энд юу болоов? Тэнд ямар хэрэг гараав гэж энэ тэрийг ажиглан явдаг шөнийн эргүүлийн цагдаа нарт ажиглагдах юун магад.

Энэхүү хаалттай цонхны цаана юу болж буйг хэн яахан мэдэх билээ! Япон тагнуулын газрын дарга Сумимото нэгэн хүдэр монгол хүнтэй ярилцан сууна. Тэрвээр энэ монгол эрийг өөрийнхөө гэрт өдий шөнөөр авахаа ашигтай гэж үзжээ. Илүү дутуу үг энд тэндхийн хэн нэгэнд хүргэчихээс тэр болгоомжлон эхнэрээ бүжгийн газар явуулчихаад хойгуур нь сайхь эрийг хүлээн авч буй нь эзэн билээ. Бүжиг, цэнгэлд дуртай эхнэрт нь ч энэ удаа сүрхий жавшаан болжээ. Хаалга, цонх хаалттай байснаас тасалгаанд их л халуун бүгчим байв. Энэ нь халуун дулаан уур амьсгалтай газар дассан япон даргад үл анзаарагдах боловч, ихэвчлэн хээр гадаа явж өдрийг бардаг ирсэн зочин маань уул байдалд ихэд давчдан алчуураа гартаа атган нүүрнийхээ хөлсийг хагас дутуу шударна.

Япон дарга ирсэн зочиндоо их л хүндэтгэлийг үзүүлнэ. Тасалгаан дотор дэвссэн хивсэн дээр намхан  ширээ засаж түүн дээр их наран улсад үйлдвэрлэсэн нүд булаасан зураг чимэглэл бүхий олон янзын архи, дарс ярайтал өрж оймстой хөлөө завилан тухалж өөрийнхөө болоод зочны хундагыг дүүргэж лонхоо нямбайгаар бөглөөд

-Таны эрүүл мэндийн төлөө гэж хундагатай архиа зочныхоо хундаганд дон хийтэл тулгаад зүүн гарынхаа алгыг тэнийлгэн элгэндээ авч, суугаагаараа бөхийн хүндэтгэлийг үзүүлээд хундагатай архиа нэг амьсгалаар балгаад ширээн дээр тавилаа.
    Зочин хундагатай архийг авч.
    -Танай их наран улсын төлөө гээд түүнийгээ хөнтөрөөд
    -Аргагүй л аагтай эд юм даа. Архи сайн бол айл буянтай гэж ярилцдаг ч үнэн юм даа. Их наран улс үнэхээрийн хүчирхэг гүрэн шүү гэж Япон дарга нарын ая талыг олж сурсан тэр хэлэв.
    Япон дарга хоосорсон хундагуудыг дахин дүүргэх завсраа
    -Чам шиг залуу байхад ийм юм бурам л байлаа. Одоо ч аяыг нь даахаа больжээ. Уг нь ч эр хүний дурладаг л ундаадаа гэж хэлсэн тэрхүү хөгшин Японы халзан толгойд юу эс нуугдах билээ? Дарс хатуудах тусмаа сайн. Энэ шингэн хар чинь аргагүй л ямар ч аавын хүүг гартаа оруулж, хүнийг эвлэрүүлж ч чаддаг, хэрэлдүүлж ч чаддаг эд байгаа юм. Халаад ирэхээр чинь ах нь чамтай ний нуугүй яринаа гайгүй гэж дотроо бодов.
    Япон дарга эхлээд эгзэгтэй юм хөндөлгүй амьдралын аар саар юм ярих нь зүйтэй гэж бодон
   

 

-Чи хөө ер нь сайн барилддаг биз? Бөх хүний суурь ч байна шүү. Манайд үе удам дамжсан алдар цуутай бөхчүүл олон байсан. Сайн эр гэгдэж нэг хэсэг нь явж, сархад зооглож самуун тарьж нөгөө хэсэг нь дуусах юм даа. Эр хүн хийх ёстой юмаа хийж байгаад л өнгөрвөл энэ насны жаргал тэр шүү дээ. Унах сайн морьтой, ууж идэх юмаар бялхаж байх ёстой байсаар байтал хэрэггүй юманд хөл жийж, шил татаж байгаад танай зүгийн тэр хүн хувьгүй юманд хүрснийг  ч та мэднэ шүү дээ. Их наран улсын ивгээл хайрыг ойлгож элбэг дэлбэг амьдарч байгаа та мэтийг хүмүүс байгаад бид туйлаас баяртай явдаг. Харамсалтай нь манай зарим тэнэгүүд таныг хардаж хамаа бус зовоосон гэж би дуулаад тэр бүдүүлэг бурхнуудыг хатуу шийтгэх тушаал заавар өгсөн.
    Таныг бидэнд их тусыг хүргэж байгаа тухай би засгийн газартаа мэдэгдсэн. Таны бяр тэнхээ, зориг самбаа чинь бидэнд юу юунаас илүү таалагдаж байна, тагнуулч хүн бол уран ухаан хэрэгтэйг та мэднэ. Наран улсын сүлд хийморь болсон офицеруудтай, тэдний хамгаалалд явж ар монголын нутгаар сайн морьд унаж зугаалж яваад ирэх чинь таньд жаатай байгаа биз дээ гэсэнд
    Зочин их л ёсорхуу байдлаар
    -Тэгэлгүй яахав ноёнтон минь! Гэхдээ миний ингэж явааг ар монголчууд мэдвэл энэ бөндгөртэй л ярина гэсэн үг гэж угийн ов мэхээр амьдарч сурсан саахь эр хийх ажил хэдий амархан ч амь насанд аюултай гэдгийг түүнд ойлгуулахын тулд зориуд ингэж хэлэхэд
    -Таныгаа ар монголчуудын хавханд оруулчих улс бид биш шүү. Бид юм бүхнийг нарийн тооцоолж байж л хийдэг хүмүүс. Та японд очоогүй болохоор бидний занг сайн мэдэхгүй. Танд их ирээдүй байна. Хэдэн жилийн дараа Токиогийн гудамжаар алхаж явахыг чинь хэн байг гэхэв. Хэрэв таныг хүсвэл бид чадах ядахаар тусална. Ер нь япончууд хүнд тусархуу гэдгийг та эрх биш сонссон биз.
    Нилээд хундага архи цааш нь оруулчихсан Сумимото халж байгаагаа мэдэж байгаа боловч ёс горим япон заншлаа алдахгүйг хичээн үг хэлэх бүрдээ нахилзан хүндэтгэл үзүүлэхийг оролдоно. Сумимото зочны аясыг олж тусгай хайрцагнаас боодолтой юм гаргасанд зочны нүүрэнд баярласан байдал илэрч хариу талархал яаж илэрхийлэхээ дотроо боловсруулж суулаа. Япон дарга уул юмны боодлыг тайлах зуураа
    -Танаар энэ өчүүхэн юмыг ар монголын ах дүү нартаа хүргүүлэх гэсэн юм гэж хэлсэн түүний ёжтой үг хүнд лантуугаар толгой руу нь цохих адил болов. Тэрбээр энэ муу зөнөг япон одоо л муу дүүгээрээ тоглох нь байна. Чиний дураар би ар монголын улааныханд өөрийнхөө биеэр толгойгоо тушаах бий. Юу ч гэсэн үүргийг нь хүлээж аваад амьд хүн аргатай гэдэг үг бий. Ар монголд хань хамсаатан нь байх нь байна. Түүндээ надаар юм өгүүлнэ гэнээ гэж бодов. Сумимотогийн задлан дэлгэж тавьсан юм саахь эрийн гайхлыг төрүүлэв. Сонирхол татсан тэр юм нь тамхи шүдэнзхэн байв. Энүүхнийг надаар хүргүүлж намайг золиосонд гаргаж байгаа хэрэг үү гэж бодтол Япон дарга ширээний нүднээс боодолтой бичиг гаргаад дотроос нь нэг зураг бололтой юм гаргаад нүдээ онийлгон  шуналтай харж байснаа
    -Аргагүй л лусын дагина гээ ч энэ байх гэж толгой сэгсрэн биширсэн байдлаар
    -Танд ийм хүүхэн билэглэвэл чи тэр бор хүүхнээ яах вэ гээд нүдээ жартайлган алга хавсран тас тас хөхөрч хундагатай архиа балгав.
Зочин тэрхүү зургийг авч шуналтай нь аргагүй харлаа. Зурмал бурхан гээч энэ байх гэж дотроо бодов. Эрвээхэйн далавч шиг урт сормуус, болсон алимыг санагдуулсан улаан уруул, цагаан гантигийг өнгөлсөн юм шиг биеэ ил гарган гайхуулсан тэрхүү япон хүүхэн ичих эмээхийг үл хайхран хамаг байдгаа ил гарган авахуулсан нь ер бусын байдалтай байв.  Их наран улсын ид шид болсон энэ бүсгүйн эрвээхэй хоёр сормуус нь хөдлөх шиг болж эелдэг зөөлөн бие нь эвэр суусан түүний гарт баригдах лугаа адил санагдаж залуу хархүүгийн сэтгэл зүрхийг арга буюу гижигдэж буйг нь тэрхүү хөгшин япон гадарлаж
    -Наадахыг чинь ар монголын балчир цэргүүдийг толгойг эргүүлэх санаатай авчруулсан юм. Чамд бол жинхэнэ биеэр нь ч өгч болно. Гагцхүү таны хатагтай чинь саад болох юун магад! Эр хүн байна эвий нь олно биз гээд жоготой нь аргагүй инээснээ, шалиг ярианаас болж эхнэр нь санаанд нь орж, ирэх цаг нь болчихоогүй байгаа гэж цагаа харснаа сая сэтгэл нь амрав бололтой суудалдаа тухлан
    -Япончууд бид танай монголчуудтай цус нэгтэй улс. Тэгээд ч эзэн  Чингис  хааны удам угсааг залгамжлах их монгол улсыг байгуулах хэрэгт наран орны дэмжлэг хэрэгтэй гэж үздэг. Харамсалтай нь ар монголд улаан оросын нөлөөнөөс болж улаан намынхан засгийн эрхэнд гарч бурхны хишиг хүртсэн дээд язгуурын монгол ах дүү нарыг минь гадуурхан, ядуу доодуудыг тэдний толгой дээр суулгаж байгааг их наран улс тэвчиж чадахгүй. Гэхдээ энэ бүхэн түр зуурын хэрэг. Баруун зүгт бидний холбоотон аугаа их Герман улс байна. Тэд удахгүй оросуудыг улан дороо гишгэх болно. Тэгэхлээр ар монгол аяндаа бидний гарт орно. Тэр цагт л та чухам ямар хүмүүсийг бараадсанаа ухаарах болно гэсэнд
    -Одоо ч ухаарч байгаа учраас би танай талд ажиллаж байгаа биш үү. Ноён даргаа гэж зочныг хэлсэнд
    -Яриангүй. Та ухаантай хүн тул ирээдүйд юу болохыг мэдэж байна. Харамсалтай нь ар монголд тань шиг хүмүүс цөөхөн юм даа. Тэд ухаарах цаг ирнээ гайгүй гээд хундагануудаа дахин дүүргээд
    -Ар монголчуудын гэдсэн дотроос нь маажиж бидэнд хэрэгцээтэй үг дамжуулж байх итгэлтэй хүн олох гэж бид хичнээн ч жил ажиллав даа. Гаднаас хүн оруулах гэхээр бүр ч ярвигтай байна. Таны мэддэг аятайхан хүмүүс байна уу? гэсэн түүний асуулт хоёрдахь удаагаа сайхь эрийн толгой руу лантуудсан лугаа адил болов. Хэрэг түвэг гарч, шинээр аюултай даалгавар ирэх юун магад гэж болгоомжлон
    -Нутгаас гарсаар олон жил болсон болохоор таньдаг нь байтугай, ах дүүсээ ямар байгаа бол гэж санаа зовж л явах юм. Гон бие гозон толгой би ганц биеэрээ та нөхдийнхөө буянд аятай тохитой явж л байна гэсэнд японы тагнуулын газрын дарга яриаг нь өлгөн авч
    -Ёстой, ёстой. Арга нь олдвол та биеэрээ яваад тэднийхээ байр байдлыг мэдээд ирвэл зүгээрсэн гэж залирхуу байдлаар хэлсэн түүнийг үг сайн байна уу гэсэн биш гай болов гэгчээр ирсэн гийчнийг бүр ч эвгүй байдалд оруулав. Тэрвээр тэдний даалгаврыг шуурхай биелүүлж их шан авч сурсан толгой байв. Япон тагнуулын газрын даргын гэрээс тэрвээр орой болсон хойно гарлаа. Үдшийн сэрүүн салхи сэнгэнэн халуун өрөөнд удаан сууж чилээрхсэн биеэ тэнийлгэн цээж дүүрэн амьсгалан ийш тийш болгоомжлон харснаа санаа шулуудан гэрийн зүг алхав.
    Сайхь эр япон даргын гэрээс нилээд холдож санаа нь хэдий амарсан ч харанхуй гудамжнаас гэнэт дайрч болзошгүй нохдоос болгоомжлон аяархан алхав. Нааш цаашаа явж арилжаа наймаа хийж амь зуудаг байснаа япончуудыг түшиж, тагнуулын байгууллагад нь алба хаах болсон нь түүнд аз завшаантай хэрэг байлаа. Элдэв чамин юм хэрэглэх, сайн морь унаж, эхнэр хүүхнүүдэд гайхуулан эрийн сайн эр гэж өөрийгөө бодон хангалуун тавтай амьдралд ташууран хэтэртлээ ууж эхнэртээ ирж гайхуулах нь цөөнгүй.
    Япончуудаас өгсөн тагнуулын даалгавар бүхнийг уриалгахан хүлээн авдаг боловч болзоо тогтоох бүрд юу гэх бол гэдэг нэгэн бодол санаа сэтгэлийг нь эзэмдэн амар тавтай байж эс чадна. Өгсөн үүрэг даалгаврыг хүлээж авах нэг хэрэг. Харин түүнийг ажил хэрэг дээр гүйцэтгэх тийм ч амаргүй. Ар монголын хилийн харуул гардаг газруудаар ухуулах хуудас, нүцгэн хүүхний зураг, тамхи, асаагуур зэрэгхнийг хаях энэ удаагийн даалгавар түүний санасныг бодвол хялбархан ажил байв.
    Тэрвээр гэртээ орохын өмнө адууныхаа саравчинд орж мориндоо сүрэл нэмж, саравчны хаалгыг түгжин эргэж гэрийнхээ хаалгыг тогшсонд гэр дотроос
    -Хэн бэ? гэсэн эмэгтэй хүний дуу гарахад
    -Би байна. Хаалга тайлаач гэсэнд
    Гэрийн дотор чимээ гаран хаалганы түгжээ торжигнон онгойлоо.
    -Бас л хар ус уучихаа юу даа гэж эхнэрийнхээ тал муутай үгэнд ая засаж
    -Найз нь уугаад базаасан юмгүй. Нэг япон дарга гэртээ намайг уриад жаахан балгачихлаа.
    -Өдий орой болтол тэр айлд суулаа гэж үү? Чамайг хаагуур юу хийж явдгийг хэн мэдэх вэ? Авгай хүүхэн ч эргүүлж явдаг юм уу? Улс амьтан чиний тухай сайн юм ярихгүй л бололтой гэсэнд
    -Хэн юу яриав гэж ихэд эгдүүцсэн байдалтай асуусанд,
    -Хүмүүс ярихдаа: “Сүүлийн үед Довчин япончуудтай сүйд болох болжээ. Эхнэр хүүхэнд дуртай шалиг эр” гэж ярилцах дуулдана. Чи хаанаас л зүгээр яваад энэ үг гарахав. Лав ортой биз гэсэнд
    -Муусайн нохдууд над шиг олз олж чадахгүй болохоороо атаархаад тэгж байгаа юм. Авгайчуудын үг ярианд битгий итгэж бай. Чамайгаа байхад би хаанаас өөр хүүхэн рүү гүйх вэ гээд хүүхнээ тэврэн уруул хацрыг нь хэдэнтээ үнсэж
    -Хүүхнүүд надад дуртай байдгийг чамаасаа юунд нуухав. Гэхдээ чиний дэргэд тэд юу ч биш. Тийм биз хонгор минь гээд хүүхнээ улам чанга тэврэхэд түүний зүрх хүчтэй оволзож байгаа нь залуу эхнэрт мэдэгдэж байв. Сайн цусны өндөр биерхэг, хүч тарга зузаан, омголон мориныхоо толгой, нуруунд нь нутгийн гоёмсог эмээл, хазаар тааруулан, урт тэнзэн ташуур барьж, эмээл дээрээ хазгай сууж, энгэрийнхээ товчийг сул унжуулсан хүдэр чийрэг эр тэдний гэрт нэг удаа ирснээс хойш, түүний жоготой харц залуу хүүхэн дээр байн байн тусахад нь тэр эмэгтэй ичингүйрхэн нүүрээ буруулдаг байсан боловч аятайхан хархүү гэж айл хунарын охид хүүхнүүд жиг жуг ярилцах тэр хүний дурлалын харц өөр дээр нь тусах болсонд дотроо баяртай байж түүнийг сэм мөрөөдөн эр нөхрөө болговол энэнээс өөр аз жаргал хорвоод  байхгүй гэж боддог байв.
    Гэтэл түүний нууц мөрөөдөл биелж тэрхүү хүслэнт хүнийхээ хүчирхэг цээжинд толгойгоо наан эрхлэн байгаа нь насны жаргал боловч хань болсон тэр хүний амьдрал явдал үл ойлгогдох тул хардах гайхах сэтгэл түүнийг зовоох болжээ. Ажилтай гэж хэд хоногоор алга болох, үдэш орой ирэх, заримдаа согтуугаар ирж харгис догшин аашлах зэрэг нь түүнд жаргалтай биш байлаа. Ар монголд Довчин эхнэр хүүхэдтэй юм гэнэ лээ. Энэ Долгор нэг өдөр л хаягдана даа гэж хүмүүс ярилцдаг. Үүнийг Долгор дуулсан байжээ. Ханилсан нөхрөөс нь сэжигтэй юм юу ч гардаггүй тул тэр тухай нэг талаар тайвшрах боловч нөгөө талаар юу ч бол гэж эргэлзэх сэтгэл төрнө. Нөхрөө хэд хоногоор ажилтай гээд алга болоход нь Долгор юу эс бодох билээ! Заримдаа Ар монгол руу авгай хүүхэд дээрээ очоод ирж байгаа ч юм бил үү гэж бодох тутам санаа сэтгэлийг нь уймруулсан юмс толгойд нь ээлж дараагаар орж ирнэ. Сая өөрийг нь галзуу юм шиг ноолж байсан  түүний булгилсан  зүрх одоо зогсох гэж байгаа юм шиг алгуур цохилон хүчирхэг булчин шөрмөс нь тод томруун харагдаж, үхсэн мэт унтаж буй эр нөхөр нь толгой руу нь хувинтай ус цутгасан ч сэрэхээргүй байлаа.
    Залуу эмэгтэйн цээжинд хайр дурлал, хардах сэтгэл нэгэн зэрэг хямарна. Нөхрийнхөө авчирч нууцгайлан тавьсан боодолтой юмыг үзэх сэтгэл төрнө. Очоод боодлыг нь задлах хүслэн түүнийг зовоох боловч нөхрөө сэрчих бий гэхээс зүрх нь дэлсэнэ. Тэрээр сэмхэн өндийж унтаж буй нөхөр рүүгээ харлаа. Түүний хүчтэй хурхиралт сэтгэлийг нь түр боловч тайтгаруулав. Сэмхэн очиж боодолтой юмыг нямбай гэгчээр задалсанд тамхи чүдэнз, хачин чамин эд юмс гарлаа.
    “Тийм бий! Эхнэр хүүхдэдээ аваачиж өгөх бэлэг нь байна”.  Хайр дурлалын халуун илчинд шатаж байсан залуу эмэгтэйн бие хүйтэн усаар шавшуулсан мэт болж нам тайван унтаж буй эр нөхрийнхөө үснээс зулгаамаар санагдсан боловч сэтгэлээ барьж юмыг нь онгичсоор байлаа. Бичигтэй цааснууд дотроос тусгай нямбайлан боосон юмны боолтыг задалсанд нүцгэн авахуулсан япон хүүхний зураг гарав. Энэ нь түүний сэтгэлийг улам ч хямрууллаа.
    “Ар монголд хүүхэнтэй. Энд миний толгойг эргүүлж, бас хажуугаар нь япон хүүхнүүдтэй явдаг байх нь ээ. Урт сормуустай тэрхүү япон хүүхэн нүдээрээ инээмсэглэн “Чиний нөхөр одоо минийх” гэж доог хийх мэт болоход “Бас тэгээд ичихгүй нүцгэн шалдан авахуулж шүү. Чи ч лав янхан байхаа” гээд зургийг хэд тасдаад чулуудах хүсэл төрж байсан боловч биеэ барьж, тамир нь тасарсан мэт хэсэгхэн зуур бодлогоширон суулаа. Түүний зүрх, сэтгэл ер бусаар оволзож нөхрөө татаж сэрээгээд тэрхүү боодолтой юмыг нь үзүүлэн бүх бодож санасан зүйлээ хэлмээр санагдавч түүний уурлахаас эмээж дахин боолоо. Одоо түүнд унтах ч хүсэл төрсөнгүй. Орондоо орж элдвийг бодон хэвтлээ. Орчлон дэлхийн юм бүхэн түүнд утгагүй юм шиг санагдана. Өөр хүнтэй суучих бий гэж өр зүрхээ шимшрүүлж байж суусан тэр хүн нь одоо өөрт нь хэрэггүй, тэгэх мөртөө зальт хууран мэхлэгч, шалиг завхай эр мэт санагдаж харин ч хөөж зайлуулмаар бодогдох боловч түүнийг хайрласан халуун хайр нь тийм ч амархан хөрөхөөргүй байлаа. “Юу юуны тухгүй хэрүүл өдөөгөөд ч яахав. Юу ч гэсэн хэсэг харах нь зүйтэй. Хэрэв үнэн бол би яах вэ!? Харь газрын хүнтэй суулгахгүй гэж эцэг эх минь хориглож байсан. Ар монголоос манайд ирсэн энэ хүмүүс чинь ашиг хонжоо хайсан зальхай улсууд байдаг юм. Өвөр монгол хүүхнүүдтэй суусан болж байгаад эд хөрөнгийг нь аваад буцаад явчихдаг хүмүүс гэж тэд ятгаж байсан үг орой руу нь орох мэт бодогдож хувь заяандаа гомдон орон дотроо уйлан хэвтлээ.
                                                                              *      *      *
    Намрын адаг сарын нэгэн өдөр Довчин Шувуутын давааг давж эх нутгаа ардаа орхиж айж эмээх явдалгүй болж хөтөлгөө морьтой амар тайван шогшуулж явлаа.
    Шөнөөр нааш цаашаа хил нэвтэрч Ар монголоос чоно, тарвага, хярс, ирвэсний арьс Өвөр монголд зарж оронд нь торго, даавуу, дурдан, тамхи, цай зэрэг ховор бараа аваачиж дамлан худалдаж сурсан эр ажээ. Амташсан хэрээ арван гурав эргэнэ гэгчээр энэ удаа мөн л ангийн ховор үс хөтөлгөө мориндоо ачиж худалдаа наймааны ажлаар яваа нь энэ билээ. Хилийн харуулд үзэгдэлгүй гарч гүн тийшээ нэвтэрсэн хойно аюулгүй гэдгийг мэддэг хашир толгой одоо ийнхүү тайвширсан ажээ. “Эр хүний хийдгийг л хийж яваа хүн дээ би. Энэ хилийн харуул чангарч байгаа үед амьжуулаад хэд хэд явчихвал Довчин хүү энэ нутгийн баячуудын нэгэнд орно. Намайг хүмүүс ядуухан амьдралтай хүн гэж ойлгож байгаа. Миний хэдэн хар авдар, Асгатын хөндийн агуйнд хураалгаатай юмыг тэд яаж мэдэх вэ? Одоо ч юмыг ил гаргадаг цаг биш болжээ. Энэ засаг чинь олигтой юм харвал нударган гэж хялайх бололтой. Ядуу Довчин ядуугаараа л явья. Тэд ямар миний толгой дотор юу байгааг мэдэх биш. Энэ унаж яваа хээр морь минь төө илүү цагаан чулуун соруул болоод нутагтаа очиход эзэн нь яахан мэдэхэв гэхчилэн бодож явтал ард нь морьдын төвөргөөн гарч төдөлгүй хэдэн морьтой хүмүүс зэрэгцэж ирлээ. Япон винтов үүрч, гар буу ташаандаа зүүсэн дарга нь бололтой нэг япон өөр рүү нь хандаж хэдэн үг асуусанд тэр юу ч ойлгосонгүй дэмий л гайхан харлаа. Тэдэнтэй цуг явсан өндөр нуруутай хөх царайтай, хууз сахалтай монгол байрын залуу хархүү
    -Таныг хаанаас хаа зорьж явна даа гэж энэ дарга асууж байна гэсэнд
    -Би Дарьганга нутгийн хүн, Гурван Номгон орохоор явна гэсэнд япон хэлмэрчээр яваа тэр монгол Довчингийн тухай дуулж тэдэнд ярьж байснаа санаж
    -Миний та нарт ярьж байсан араас ирж дамын худалдаа хийдэг хүн энэ байх шүү гэсэнд япон даргын нүүрэнд баярласан байдал илэрч, орчуулагчаараа дамжуулан, танд  нотлох бичиг баримт байна уу? Нэр хэн билээ гэсэн асуулт түүнд аймшигтай байлаа.
    Довчин чичирхийлсэн хоолойгоор
    -Ноён даргаа! Танд чин үнэнээ ярья. Би Ар монголоос явна. Сайхан танилцсаных гээд мориноосоо буун харайж хөтөлгөө морь руугаа алхаж яваа түүнийг тэд сэжигтэй харж бүгд ташаан дахь бууныхаа бариуланд гар нь хүрсэн байлаа. Сайхь эр ачааныхаа Осрыг угзчин тайлж өөртэйгээ чацуу шахам том ирвэсний арьс гаргаж танд бэлэглэе гэж япон даргад бариад, муу дүүгээ зүгээр явуулчихгүй юу гэлээ.
    Түүний хэлснийг орчуулагч нэгд нэгэнгүй орчуулсанд яах тухайгаа боловсруулж амжсан тэр япон, ирвэсний арьсыг дуртай хоёр гардан авч
    -Нэгэнт гаднаас зөвшөөрөлгүй ирсэн хүмүүсийг зохих шалгалт хийдэг юм. Иймд та манай энэ хүмүүстэй хамт хойноос ирэх хэрэгтэй. Би ахлах даргадаа ойлгуулнаа.
    Харин та санаа зовох хэрэггүй гээд хариу үг ч хүлээлгүй мориндоо ташуур өгөн тоос манарган далд орлоо.
    Хэлмэрч нь япон даргатай явсан тул тэр үлдсэн хэдэн японтой юу ч ярьж чадахгүй дэмий л эрхшээлд нь явна. “Ахлах дарга бишийг нь мэдсэн бол чонын арьс барих байж шүү.     Одоо цаад гайхалд юугаа барьж арга бололцоо хайдаг билээ гэж бодлогоширно.
    Түрүүлж давхисан япон ахлах даргадаа очиж,
    -Ноён даргаа. Ар монголоос яваа нэг панзчинг баривчиллаа. Олон удаа үүгээр ирж арилжаа наймаа хийж байсан нааш цаашаа явдаг туршлагатай этгээд байна. Ганцхан сэжигтэй нь одоо хүртэл бидний гарт, ар монголчуудын харуулуудын нүдэнд өртөгдөлгүй гарч чаддаг сүрхий маягийн эр юм. Арга эвийг нь олоод талдаа татвал болох хүн байна гэсэнд цаад дарга нь:
    -Ар монголоос биднийг тагнахаар ирж байгаа хүн бол аятайхан өөх аманд нь хаяж өгч байгаа хэрэг болноо доо.
    -Үүнийг мэдэхэд япон улсын тагнуулын нарийн арга ажиллагаа тус болох биш үү? Нэгэнт алган дээр өөрөө бөмбөрөөд ирсэн олзыг бид аянд нь орхихгүй байх хэрэгтэй.
    -Тэр ч мэдээж асуудал дүү минь. Гэхдээ яарч давчдах явдалгүй. Цаад болжмороо торонд нь хийчих. Дараа нь бид арга замаа хайя. Лай ч бий, зай ч бий гэгчээр тэр болжморын зан ааш нь танигдаж эхлэх болно. Уг нь манайд хэрэгтэй хүн шиг байна. Гагцхүү аяыг нь олж нааш нь татахад л хамаг учир байна. Ар монголын тагнуул биш үгүйг танихад япон хүний нарийн ухаан зарах хэрэгтэй.
    Довчин хэл мэдэхгүй хүмүүсийн эрхшээлд яваадаа уйтгартай байлаа. Энэ аймхай толгой юу! Энэ нутгийн хүн, ах, дүүгийндээ айлчлахаар явна гэж хэлэх минь яав даа. Одоо яаж эдний гараас мултардаг билээ. Хатуухан хавханд орох шиг боллоо. Ямар ч байсан дууссан хэрэг. Намайг хаана аваачихыг нь харъя гэхчилэнг бодож явлаа.
    Тэд Бандид гэгээний хийдэд ойртож ирэв. Бандид гэгээний хийд гэгдэх энэ газар айл амьтан бөөгнөрч барилга байшин баригдаж хотын шинжийг олсноос гадна хятадын худалдаачид үүгээр дамжин Ар монголд хүрдэг худалдааны зам газар байснаа япончууд Өвөр монголыг эзэлж Гадаад монголд санаархах болсон тэр цагаас энэ хийд тэдний анхаарлыг зүй ёсоор татах болжээ. Их замын хөл газар энэ хотынхонд тагнуулынхаа нэг томоохон газрыг байгуулах нь газар зүйн байрлалынхаа хувьд ч, нааш цаашаа явах худалдаачдын зам болох тул тэд тагнуул туршуулаа нэвтрүүлэхэд ч тохиромжтой гэж үзжээ.
    Хотын шавар байшингуудад тэднийг ойртож ирэхийн сацуу япон цэргийн хувцастай хоёр морьтой хүн угтан ирж тэдэнд харь хэлээр хэдэн үг хэлэхийг лав өөртөө хамаатай гэж тэрвээр бодлоо.
    Тэд гэнэт чигээ өөрчлөн хотоос зайдуухан харагдах хэдэн байшингуудыг чиглэв. Гадна талаар нь хэрмэн хашаа барьж, гол төмөр хаалганы нь дэргэд харуулын  байр харагдах агаад бахим цоожтой тэрхүү хаалганы дэргэд жадтай винтов барьсан харуул зогсож тэднээс нүд салгалгүй харж байв. Эл байдлыг ажигласан Довчин ихэд сандарч ярихыг завдсан боловч түүний хэлийг ойлгох хүн нэг ч үгүйд дотор нь бухимдана.
    Тэднийг хүрэлцэн очиход харуулын цэрэг ямар ч бичиг баримт шалгалгүй хаалга онгойлгосонд тэд мориноосоо ч буусангүй шууд хашаан дотор орцгоов. Тэд мориноос бууцгааж Довчинг дагуулан хамгийн урд талын шавар байшинд орууллаа. Байдал хэрэг бишидсэнийг тэр ойлгож байлаа. Хоёр цэрэг үг дуугүй өвөр түрүүг нь нэгжиж үзээд цаад хаалгаар оруулан гарч газар нүх рүү шигдэж орсон цементэн шатаар буулгаж нэгэн төмөр хаалга хяхтнуулан онгойлгож түүнийг түлхэж оруулахад ард нь хаалга тасхийж хаагдлаа. Чийг шорооны жихүүн үнэр ханхалж, агаар салхи бараг нэвтэрдэггүй тэр нүх нь түүнд ёстой там шиг санагдана.
    Эр хүн олзонд, эрвээхэй зуланд гэдэг энэ дээ гэж өөртөө гомдоно. Одоо түүнд авч явсан ангийн үс, унаж ирсэн морь юу ч биш амьд гарах эсэх тухай, хувь тавилан нь яаж шийдэгдэх тухай бодох тутам тайлшгүй оньсого мэт байв.
    Өлсөж цангаж явсны хажуугаар хол газраас нойр хоол муутай, морины нуруун дээр удаан явсан түүний бие ихэд ядарсан байлаа. Панз наймааны ажлаар яваа хүмүүсийг алиныг тэр гэхэв. Энэ нохдууд намайг юунд ингэж сонирхох болоов. Зальтай новшнууд хэдэн арьсыг минь үнэгүй авах л гэж надыг хорьж байгаа байх. Тэглээ гэхэд би хэнд зарга мэдүүлэх билээ! Очих газар хаа ч байхгүй. Хүний нутагт хулгайгаар ирсэн хүн шүү дээ би. Хохирох л болж дээ. Хожмын өдөр надыг энэ нүхнээс гарахад энэ луйварчингууд орон нутгаа хөл дүүжлээд хүрчих унаа өгөх байгаа даа гэхчилэнг бодож хэвтсэн тэр ядаргаандаа болоод таг унтсан байлаа.
    ...Тэрвээр үнэг, хярсныхаа арьсыг нэгэн цулцгар тарган данжаадад маш өндөр үнээр худалдаж, хятад газраас ирсэн хосгүй сайн хоргой, ар газрын эрчүүдийн амны уншлага болсон утаат манан хөөрөг зэргийг авч хязгааргүй баярлан байтал тэдний байсан газар нь доош цөмрөн харанхуй хонгилд унахад үл таних хүн дээрээс нь “зальхай дамын худалдаачид энэ тамынхаа нүхэнд ингээд үх!” гэж хашгирч байна.
    Өөхөлсөн цулцгар данжаад ихэд уурсаж
    -Ар монголын тэнэмлээс болж би тамд уналаа гэж дээр нь хялгас тавиад үлээсэн ч огтлохоор дэлэм хэрийн урт хурц хутга гаргаж
    -Одоо чамайг ална даа гэж ойртож ирэхэд тэр бултан ухрах гэсэн боловч ард нь хана тээглэхэд аврал эрэн амь авар гэж чангаар хашгирлаа. Тэрвээр цочин сэрж хар даран зүүдэлж байснаа ойлгож санаа амсхийж хамаг бие нь хөлөрснөө мэдэрлээ.
    Тэрвээр босож суниан биеийнхээ чилээг гаргаад энэ нүхнээсээ хэзээ гаргах бол доо гэж бодсоноо ийш тийш дэмий холхиж цагийг нөхцөөнө.
    Гэнэт хаалганы төмөр цоож торчигнон дуугарч улмаар хяхтнан онгойход сэрүүн агаар хамар руу нь цутган ороход сэтгэл нь сэргэв.
    Харуулын хүн түүнийг хуруугаараа дохин дуудахад тэрвээр хойноос нь дагаж гарлаа. Түүнийг анх ирсэн тасалгаанд нь оруулсанд хоёр япон, өөр нэг үл таних дээд уруул дээрээ хар сахалтай, зальхай харцтай хөх царайтай эр гурвуулаа сууж байлаа.
    Дарга нь бололтой хижээл насны япон түүнийг найрсгаар сандалд урьж суулгаад орчуул гэж тушаах лугаа нөгөө сахалтай хүн рүү толгойгоо дохиод юм асууж байгаа бололтой хэдэн үг шулганан хэлсэнд, сахалтай эр монголоор
    -Та ар газраас ангийн үс борлуулахаар яваа гэл үү? гэж ноён дарга асууж байна гэсэнд сайхь эр алга хавсран бөхөлзөж
    -Жа тиймээ ноёнтон.
    -Таны алдар хэнсэн билээ?
    -Миний нэр Довчин гэдэг.
    -Худалдаа наймаагаар энэ газар олон удаа ирж байсан уу?
    -Ойрын хэдэн жил ирсэнгүй шив дээ. Уг нь нааш цаашаа их л явдагсан гэсэнд
    -Ар монголын цэргийн харуул чамайг хил гаргаад л байдаг хэрэг үү? Энэ чинь бидэнд юу юунаас сонирхогдож байна. Та чөлөөтэй орж гараад байдаг. Манайхнаас тийшээ хөл тавьсан бүхэн тэдний гарт ордог. Эсвэл япончууд бидний үнэр та нарынхаас өөр байдаг юм уу гээд тас тас инээлээ.
    -Үгүй тийм биш ноён даргаа! Би үргэлж нууцаар гарч ордог. Зам сайн мэддэг болохоор хаагуур нь ч би гарч чаддаг гэсэнд
    -Манай хүмүүс ч гэсэн чамаас дутахгүй л газар мэддэг.
    -Та тэгтлээ ивээгдээд байдаг ид шидтэй хүн үү?
    -Ид шид ч над байхгүй ноёнтон минь. Би гарч чадаад л байдаг юм. Одоо хүртэл баригдаа ч үгүй, сэжиглэгдээ ч үгүй явсан юм. Харин танай хүмүүст л баригдлаа гэсэнд
    -Ар монголоос ямар нэгэн даалгавартай ирснийг чинь бид мэдэж байна. Харин та эртхэн шиг үнэнээ яривал өөрт чинь тустай биш үү!
    -Надад ямар ч даалгавар байхгүй. Зөвхөн ангийн үс борлуулж амь зуухын эрхшээлд л явсан минь энэ гэсэнд япон дарга уурсан
    -Зальхай амьтан чи битгий Их наран улсаас яваа элч нарыг мэхлэх гэж оролд! Бид чинь юмны нарийн учрыг ойлгодог хүмүүс. Эндээс чи үнэнээ хэлж байж гарна гэдгээ хатуу ойлгох хэрэгтэй!
    -Үнэн минь л энэ дээ ноёнтон минь гэж алга хавсран бөхийлөө.
    Тэрхүү япон их л уур нь хүрсэн бололтой ширээнийхээ өрөөсөн буланд буй товчлуурыг дарсанд гаднаас буутай харуулууд орж ирэхэд тэдэнд аваад яв гэж байгаа бололтой хэдэн юм шулганан хэлсэнд орчуулагч нь:
    -Таныг өрөөндөө оч гэж байна гэсэнд, өрөөндөө гэнээ гэж дотроо эгдүүцэн бодсоноо суудлаасаа бослоо. Түүнийг хуучин нүхэнд  нь оруулаад цоожиллоо.
    “Япончууд намайг даалгавартай ирсэн гэж бодоцгоож байна. Үнэнээ хэлэхээр үнэмшихгүй. Даалгавартай ирсэн гэж худал хэлэхээр асуудал улам ч ээдрээтэй болно. Ямар ч байсан үнэнээ хэлээд зүтгээд байя” гэж бодно. Тэрвээр орчлонгийн сайн муу бүхнийг эрэгцүүлэн бодож, хоёр улсын нутаг дамжин худалдаа хийж тарган морь унаж салхи татуулан давхиж явсан түүний бие одоо харанхуй нүхний мухарт гуниглан сууж буй нь аймшигтай байлаа.
    Хэд хоногийн дараа түүн дээр нэгэн хүн ирсэн нь урд харсан шиг санагдана. Сайхь эр монголоор ярьж эхлэхэд япончуудтай ирж өөрийг нь баривчилсан монгол хүн мөн болохыг танив.
    Найз минь энд зовоод л сууж байна уу? гэж ёжтойгоор асуусан түүний асуулт дургүйг нь хүргэж байсан боловч монголоор ярьдаг хүн орж ирсэнд бас ч баяртай байв.
    -Хэрэг хийгээгүй мөртөө хэрэгтэн шиг л энд сууж байна даа. Энэ нүхнээс гарах хувь тавилан байна уу даа. Та нар намайг Ар монголын даалгавартай ирсэн гэж бодоод байгаа юмаа. Би зөнгөөрөө яваа худалдаачин хүн. Ингэхэд эр хүн эр хүндээ хайртай, эмээлт морь эзэндээ хайртай гэгчээр хэл яриа, царай зүсийг чинь харахад монгол хүн шиг байх юм. Цаад япончууддаа намайг үнэнээ ярьж байна гээд ойлгуулаад өгөөч гэж учирлан гуйв.
    -Байдлыг үзвэл та гэмгүй хүн шиг байна. Таныг даалгавартай ирсэн гэж япончууд хардаж сэрдэх нь ч зүйн хэрэг. Ар монголд улааны аюул хүчтэй дэлгэрч, улаан оростой ойр дотно болж байгаа нь Наран улсад аюултай гэнэ. Эд нар улааныхны суртал нэвтрүүлэг Өвөр монголд дэлгэрчих бий гэж их болгоомжилдог юм.
    Ах нь ар газраас оргож ирээд ам тосдох мал ч үгүй алган дээр тавих мөнгө ч үгүй байсан. Одоо хүний эдэлдгийг эдэлж, өмсдөгийг өмсөж явна. Цаадуул чинь нэг итгэсэн хүндээ хайлсан тугалга л гэсэн үг гэж тэр хэлээд өврөөсөө ганган хийцтэй тамхины сав гарган урт янжуур тамхи түүнд барьж өөртөө нэгийг авч өвөртөө хийв.
    Олон хоног хоригдож байгаа түүнд хол газрын ховор тамхи татах үнэхээр сайхан байлаа.
    -Угийн тэнэмэл хүн би ая нь таараад ашигтайхан газар олдвол суурьших юмсан гэж боддог.
    -Ийм бодолтой байгаа чинь их сайн. Энэ тухай япон дарга нарт би ойлгуулна. Уг нь би Ар монголын хүн. Багаасаа наашаа гарч Токиод очиж япон хэл сурч одоо түүнийхээ үр шимийг хүртэж явна. Уг үндэс нь нэг болоод ч тэр үү монгол хүмүүстээ  тус болох юмсан гэж санадаг. Тэгээд л чиний энэ байгаа газар ирлээ. Чамд гэж хэлэхэд чи эднийг бараадвал наанадаж амь нас чинь аврагдах, цаанадаж амь зууж ам тосдоно гэж мэдэх хэрэгтэй.
    -Би ч таны үгийг таашааж л байна. Гэхдээ энэ Япончууд надад итгэхгүй л дээ гээд урам муутай доош харлаа.
    Тэрхүү монголтой ярилцсанаас хойш олон хоног өнгөрсөн боловч хуучин хонгилдоо Довчин хоригдсоор байв. Шоронгийн хуяг өдөрт хоёр удаа түүнд цагаан будааны усан шөл, хэрчим талх төдийхнийг оруулж тавиад хэл үг ч үгүй төмөр хаалгыг их чимээ гарган хааж дахин цоожилно.
    Хэдэн сарын дараа түүнийг зоорины газар ухаж байгаа монгол, япон, хятад, өвөр монгол хоригдлуудтай нийлүүлэн ажиллуулах болсон нь нүхэнд уйтгарлан сууж байснаас дээр байв. Хэдий тийм ч чи ийм хэрэг үйлдсэн тул төчнөөн жилээр тэгж шийтгэлээ гэж түүнд яриагүй учир хичнээн хугацаа өнгөрөхийг тэр тааварлаж эс чадна. Өглөөнөөс аваад нар жаргатал зоорины нүх ухаж туйлдаа хүртэл ядрах боловч тэдний гараас ямар нэгэн аргаар мултрах арга сүвэгчилнэ. Энд ажиллаж байгаа япончууд нь ихэвчлэн япон цэргүүд бөгөөд цэргийн сахилга алдсан этгээдүүд тул төдий л удалгүй буцаад явчихна. Япон харгалзагч нар тэднийг хооронд нь яриулахыг үл зөвшөөрнө. Ажилд очих, ажлаас буцах замдаа нэгэн өвөр монголтой ганц нэг үг солилцдог болов. Тэрвээр албаар яваа японд унаа залгуулахаас татгалзсан учир шийтгэлээ эдэлж байгаа гэнэ.
    Нэг өдөр япон дарга түүнийг өрөөндөө дуудаж
    -За чи тэнд ажиллаж байхдаа хүмүүс юу ярихыг нь бидэнд хэлж байгаарай! Тэгвэл бид таны тухай бодож үзэх болно. Манай энэ хүний сонирхсон бүхнийг та мэдээлж байх болно гээд дэргэдээ суугаа ширвээ хар сахалтай орчуулагчаа найрсгаар зааж хэлэв.
    -Мэдлээ даргаа гэж алга хавсран нахилзав. Япон цэргүүд даргадаа ингэж алга хавсран нахилздагийг тэрвээр олонтаа харж, хэрэгтэй газраа бас ч ёс төртэй гүйцэтгэж чаддаг болсон байна.
    Энэ үеэс эхлэн тэрвээр ажил хийж байгаа хоригдлуудтай ярихыг хичээнэ. Харгалзагч нар ч энэ байдалд нь төдийлөн хориг тавьдаггүй болсныг хамт ажилладаг хүмүүс нь эс анзаарна. Довчин нөхдийнхөө ярьсан, хийсэн бүхнийг цааш нь мэдээлж байсан болохоор япон дарга нарт амархан итгэл олж, зоорь ухах ажлаас чөлөөлөгдөн гарснаас хойш япончуудын дуулгавартай зарц болсон байна. Энэ үеэс эхлэн тэрвээр энд тэнд явж дуулсан мэдсэн болгоноо япончуудад шивнэж их мөнгө авч эд хөрөнгөтэй болж, сайн морь унаж, сайхан дээл өмсөж, айл хэсэж, аяга тагш юм эргүүлэн авгай хүүхнүүдэд сээтэгнэж явдаг болов.
    Тэр хүн одоо хашаа байшин, гэр бүлтэй болж намба төрхийг олсон ч сайрхуу зан нь арилаагүй хэвээр байв. Нэлээд малтай болж түүнийгээ хотоос зайдуу хүнээр маллуулан хөлсөнд нь ховор бараа, тамхи цайгаар сэтгэлийг нь хуурч өөрөө эхнэртэйгээ хашаа байшиндаа аз жаргалтай амьдарна. Тэрвээр саравчиндаа хоёр морь байнга байлгаж дуртай цагтаа хаашаа явахаа хэнд ч цухуйлгалгүй алга болно. Эхнэр нь энэ тухай мэддэггүй байв.

Үргэлжлэл бий.

Сэтгэгдэл 2ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
2016, 10 сар 24. 9:42
Tumuruu

hezee niitleh bol urgeljleliig ni

2 сар 2. 15:07
solongoo

urgeljileliig ni hezee gargah boloo unshmaar bn .ih taaladlaa

Сэтгэгдэл бичих
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]