Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Их Монгол улсын бүрэлдэхүүн хэсэг, Чингис хааны хүү Зүчийн их улс. Бат хааны удирдлага дор Дунай мөрнөөс Балхаш нуур хүртэлхасар уудам нутагт оршин тогтносон монголчуудын төрт улс Европтой хаяа залган Оросыг дарангуйлж байлаа

Хоёр эзний нэг улсУншсан6,756

Бат хаан өрнийн аян дайнаас буцаж ирээд өөрийн ах дүү нарт хувь эзэмшил олгох үед Ордугийн эзэмшлийн автономит эрх бүрэн баталгаажсан байна.

БХЭШХ-гийн ажилтан, Алтан ордны улсын түүх судлаач, доктор (Ph.D) Т.Сүхбаатар

Евразийн өргөн уудам нутагт төвхнөсөн Монголын эзэнт гүрний харьяа түүний баруун жигүүр болох Алтан ордны улсын засаглалын бүтэц нь маш сонирхолтой байжээ.

 

Тус улсад нэг улс хоёр систем гэсэн сонирхолтой засаглалын хэлбэр үйлчилж байсан юм. Алтан ордны улс Батын засаглалын жилүүдэд Батын шууд удирдлага доорх баруун (баруун гар), түүний ах Ордугийн эзэмшил доорх зүүн (зүүн гар) гэсэн хоёр жигүүрт хуваагдаж байжээ. Хоёр жигүүр нь бие даасан хувь эзэмшил байсан ч нэгтгэн зангидсан дээд удирдлага нь Батад байсан юм.

Чухам яагаад Бат ийм бүрэн эрхтэй байв. Бат бол анхнаасаа өөрийн эцэг Зүчийн залгамжлагчаар томилогдсон байсан. Түүнийг Чингис хаан томилж баталгаажуулсан. Бат яагаад сонгогдов гэдэг нь ч маш сонирхолтой байдаг. Бат бол Зүчийн үй олон үр хүүхэд ач нарын дотор ахмад нь ч бус байсан юм.

Олон эх сурвалж Зүчийн хөвгүүдийн ахмад нь Орду гэж нэрлэдэг. Өөр ч нэг баримт бий. Жувейны Зүчийн хөвгүүдийг тоочихдоо эхлээд Бувалыг, дараа нь Ордуг тэгээд Батыг нэрлэсэн байна. Бувал уг нь Зүчийн 7-р хүү гэж сурвалжуудад дурдагддаг. Ер нь Зүчийг 14 хүү нэг охинтой бүр зарим сурвалжид 40 хүүхэдтэй байсан гэж өгүүлдэг. Зүчийн 14 хөвгүүнийг дарааллаар нь жагсаавал.
1.    Орд
2.    Бат
3.    Бэрх
4.    Бэрхэчир
5.    Шибан
6.    Тангад
7.    Бувал
8.    Чулуун
9.    Шинхүр
10.    Чимбай
11.    Мухаммед
12.    Удур
13.    Туг-төмөр
14.    Шингүм

Дээр дурдагдсан 7-р хөвгүүн Бувал яагаад Батын дээр нэр бичигдэв гэхээр Зүчийн хөвгүүдийн доторх зэрэг зиндаа шатлалын дагуу бичигдсэн байх талтай. Өөрөөр хэлбэл Бувал Батаар насаар ах ч татвар эмийн хүү тул доогуур бичигдэх шалтгаан болжээ. Татвар эмийн хүү болох Зүчийн 13-р хүү Туг-төмөр ч Батаас насаар ах байсан байж мэднэ. Баттай хамт өрнийн их аян дайнд оролцсон Шибан, Тангад нар түүнтэй нас чацуу ч байж мэднэ.

Бусад ах дүүс нараасаа Батад ялгарах зүйл ч байсангүй. Түүний цэргийн жанжны авьяас ч тодорч гараагүй байсан цаг үе байв. Түүнийг Зүчийн улсын тэргүүн болоход нэг л зүйл түлхэц болжээ. Энэ бол түүний эхийн удам судартай холбоотой юм. Батын эх Үки хатан Монголын Хонгирад аймгаас гаралтай бөгөөд Үки хатны эцэг Алчу ноён Чингис хааны хатан Бөртэ хатны дүү байжээ. Тиймээс Бөртэ хатны нөлөө орсон байх бүрэн боломжтой. Батад тэрнээс ах дүү нараасаа илтэд онцгойрох зүйл байсангүй.

Хувь эзэмшил. Зүчийн олон үр хүүхэд бүгд  хувь эзэмшил хүртэх ижил тэгш эрхтэй байжээ. Рашид ад Дин “Зүчи хааны цэргийн хагасыг Орду захирдаг, нөгөө хагасыг нь Бат захирдаг байв” гэж өгүүлжээ. Мөнх хаан өөрийн тогтоол шийдвэрийн талаар бичиж тэдний нэр дээр ирүүлсэн зарлигийн бичгүүд (Ярлык)-дээ Ордугийн нэрийг урд нь тавьдаг байсан гэж мөн өгүүлжээ. Ямар шалтгаанаар Орду Зүчийн улсын цэргийн тэн хагасыг захирах болов гэдэг нь ч ойлгомжгүй байгаа юм. Зөвхөн Чингис хааны зарлигаар л ах дүүсийн дунд хожим хойно эрх мэдлээс гарч болох аюулаас сэргийлэн баруун зүүн жигүүр болгон хуваан захируулсан байх. Мөн тэнцвэртэй байлгах үүднээс цэргийн хүчийг нь ч бас хуваан захируулсан бололтой. Хэн хэн нь сэтгэл хангалуун үлдэхээр зарлиг. Хамтдаа төр засаглах эхний хувилбар энэ байж болно.

Бат хаан өрнийн аян дайнаас буцаж ирээд өөрийн ах дүү нарт хувь эзэмшил олгох үед Ордугийн эзэмшлийн автономит эрх бүрэн баталгаажсан байна. Бат Зүчийн улсын захирагч харин ах Орду нь цэргийн захирагч байжээ гэж дүгнэж болно. Хамтран засаг барих энэхүү хэлбэр урд өмнө түрэгийн үед ч байсан.

Бат Зүчийн улсын ерөнхийлөн захирагч байсан ч хэзээ ч түүний ах дүү нар эрх мэдлийг нь эсэргүүцэн тэмцэж явсангүй эв найртай байжээ. Бат Орду нарын хооронд хэрүүл маргаан гарч байсан тухай тэмдэглэл байхгүй ах дүү хоёр бие биенээ ихэд хүндэлдэг насан туршдаа бие биеийг харилцан дэмждэг байсан тухай тэмдэглэжээ. Бат гэх хүний өөрийнх нь хувь хүний чанар билэг авьяас нь удирдагч болоход бас нэг түлхэц өгчээ. Түүний тэнгэртэй харьцдаг аугаа чанар нь ах дүүс болон Чингис хааны бусад үр удам дунд хүлээн зөвшөөрөгдөж хүндлэл бишрэлийг хүлээх явдлыг нөхцөлдүүлж өгчээ.

Гэсэн ч энэ их нэр алдар хүндлэл нь Ордугийн хамт төр барихад нь саад болоогүй юм. Орду эзэн (Оросууд Орду-Ижен)-ны нутаг Уралаас Казахстаны өнөөгийн нутаг бүхэлдээ багтаж байжээ. Зарим судлаачид Ордугийн эзэмшил автономит эрхтэй байсан гэж үздэг. Орду зүүн жигүүрийн цэргийг өөрийн дүү Удур, Туг-Төмөр, Шингум нарын хамт захирч байжээ. Зүүн жигүүрийн хан хөвгүүд ч гэж нэрлэх нь бий. Голцуу “Хөх орд”, “Цагаан орд” гэж Ордугийн эзэмшлийг хольж бичиж дууддаг ч яг үнэндээ бол Ордугийн эзэмшлийг “Хөх орд” буюу “Ах орд” хэмээдэг юм. Угаасаа хөх өнгө бол дорнын өнгө тэр зүгт байх Ордугийн эзэмшил нутаг хөх орд байсан юм. Хөх ордын удирдагч нарыг тухайн ордын хурилдайгаас сонгож Сарайн зүгээс баталгаажуулдаг байсан юм.

Ордугийн талаар түүхэнд ховорхон бичигдэж үлджээ. Эзэмшил нутагт нь гарсан Булгарчуудын бослогын улмаас амиа алдсан гэх аман яриа л бий. Бат хаан өөрийн биеэр тэр бослогыг дарж бие даасан автономит статусыг нь Ордугийн үр хойч нарт хэвээр үлдээсэн байна. Тэд ч Бат болоод түүний дараах Зүчийн улсын удирдагч нарыг өөрсдийн эзэн гэж үзэн захирагдаж байжээ. Ордугийн эзэмшлийг захирч байсан жич хүү Баян нь улсаа захирах эрхээ баталгаажуулсан зарлиг (ярлык)-ийн бичгийг Тогтох ханаас авсан, улмаар Хөх ордны засгийн эрхийн төлөөх үеэл дүү Куйлюктайгаа хийсэн маргаанаа таслуулахаар Зүчийн улсын их хуралдайд хандаж байсан баримит ч бий.

Ордугийн улсын захирагчид XIV зууны дундаас л Зүчийн улсын нөр их үймээн самуунт он жилүүдийн хямрлыг ашиглан тусгаар улс болох гэж оролдсон ч Тохтамыш хан Хөх орд, Цагаан ордыг 1381 онд нэгтгэн Зүчийн улсын бүрэн бүтэн байдлыг хадгалж чадсан юм.

Ийнхүү ах дүү хоёрын өвөрмөц маягийн засаглалын хэлбэр Зүчийн улсад он удаан жил үйлчилж байсан юм. Монголчууд бид эв нэгдэлгүй эрх мэдлийн төлөө тэмцэлдэж байсан гашуун түүхтэй. Тиймээс өнөөдөр ч гэсэн бид эв эеийг хичээж хамтран улс орноо өөд  нь татах нь л чухал болоод байна. Түүхээсээ ямагт сургамж авч байхтун.

Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]