Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Их Монгол улсын бүрэлдэхүүн хэсэг, Чингис хааны хүү Зүчийн их улс. Бат хааны удирдлага дор Дунай мөрнөөс Балхаш нуур хүртэлхасар уудам нутагт оршин тогтносон монголчуудын төрт улс Европтой хаяа залган Оросыг дарангуйлж байлаа

Зүчийн улсын угсаатан зүйн зарим асуудалУншсан1,207

Зүчийн улсын хүн ам угсаатны бүтцийг судлахын тулд Зүчийн улсын соёл иргэншлийг бий болгоход угсаатны гүйцэтгэсэн үүрэг ач холбогдлыг тодруулах шаардлагатай юм.

Алтан ордны улсын түүх судлаач, доктор (Ph.D) Т.Сүхбаатар бичиж байна.


Зүчийн улсын хүн ам угсаатны бүтцийг судлахын тулд Зүчийн улсын соёл иргэншлийг бий болгоход угсаатны гүйцэтгэсэн үүрэг ач холбогдлыг тодруулах шаардлагатай юм.

Монголчуудыг ирэхээс өмнө Дешт и Кипчак (Кибчаг)-ын тал Евразийн бүс нутагт онцгой байр суурьтай байсаар ирсэн. Энэ тал нутагт эртний скиф, хазар, түрэг угсаатан, булгар, кипчакууд харилцан ойлголцож амьдарч иржээ. Харин XIII зуунд түүхэн хувьслын нөлөөгөөр монголчуудын байлдан дагуулалтын үед  Дешт и Кипчакийн газрын зураг үндсэндээ өөрчлөгдөж Зүчийн улсын нутгийн цөм нь болсон байна.

 Зүчийн улсад монголчууд хэдийгээр үндэсний цөөнхийг бүрдүүлж байсан боловч нийгмийн хамгийн дээд элит давхарга нь болж байв. Тэдгээр хүмүүс нь Чингис хаанаас анх Зүчид хувь болгон өгсөн 9000 өрх, 4000 цэргээс гаралтай ба мөн Зүчид түшиг болгон харьяалуулсан Хунан, Мөнхэгүр, Хэтэ нарын харьяат албат иргэд, Сайжут, Кинкит, Кыият (Хиад), Хушин овгийнхон, мөн ойн иргэд болон анх Их Монгол Улсыг байгуулах үед Чингис хааны цэргээс буруулан зугтааж кибчагт очиж Батын байлдан дагуулалтын үед дагаар орсон найман, татар, мэргэд, хэрэйд зэрэг овгийнхноос бүрдэж байжээ.

Харин  бусад хүн амын олонх нь түрэг угсааныхан байв.  Зүчийн улсын  баруун хэсэгт кибчаг, хазар, печенегүүд2, аланчууд (осетууд) Ижил мөрний дунд урсгалаас дорно тийш, Кама голын сав газраар үлдсэн булгарчууд ба хагас түрэгжсэн уйгарууд (башкирууд), мөн Ижилийн булгар, башкир, сартуул, мангуд буюу ногайчууд оршиж байжээ. Зүчийн улсын эмир Ногай дан мангудуудаас бүрдсэн армитай байсан гэдэг ч яг цэвэр мангуд овогтон байсан эсэх нь тодорхойгүй.

Нийт хүн амын 80 орчим хувь нь түрэг гаралтан бус харин түрэг хэлтэн байжээ. Булгар, Кибчаг үндэстэн гол цөм нь гэж ойлгож болно. Булгар, Кибчагууд бол түрэг гаралтай ард түмэн гэж зарим судлаачид үздэг нь буруу юм. Кибчагууд хэзээ ч нэгдмэл ард түмэн байж чадаагүй юм. Бие биетэйгээ магадгүй ганц хэлнээс өөр ямар ч холбоогүй, тэгээд ч бие биедээ дайсагнах нь цөөнгүй олон олон овог аймгийн цогц байжээ. Ганц нэгдмэл цул болгодог хүчин зүйл нь Түрэг хэл байжээ. Тиймээс ч цэвэр түрэг гэж бас үзэж болохгүй юм. Булгар, Кибчагууд загалмайн шашинтай байсан нь тодорхой болсон зүйл.

Нэрт эрдэмтэн Л.Н.Гумилевийн тодорхойлсноор Кибчагууд нь хүннү, сармат, алан, телеут, түрэг зэрэг өөрсдийн чацуутан нартайгаа зэрэгцэн он удаан жил аж төрж, угсаатны хувьд мөхөлгүй үлдсэн байсан юм. Тэртээ Х зууны үед Печенег буюу Кангар, Кибчаг, Огуз гэсэн 3 том угсаатан өнөөгийн Казахстаны нутагт зэрэгцэн оршиж байжээ. Түүхийн явцад Печенег, Огуз нар нь баруун өмнөд тийшээ нүүснээр нутагтаа үлдсэн овог аймгуудыг нэгтгэсэн Кибчагын хаант улс улам бүр томорсон юм. Кибчагуудыг дотор зүүн болон баруун гэж хоёр хувааж үзэх нь ч бий. (Баруун Кибчагууд нь Урал мөрнөөс Днестр хүртэл, өмнө зүгт хар тэнгис каспийн тэнгис хүртэл нутаглаж байжээ. Зүүн Кибчагууд Иртыш мөрнөөс Яик, хойд Тобол хүртэл өмнө зүгт Балхаш нуур, Сыр Дарьи мөрөн хүртэл өнөөгийн Казахстан Крыгыз гээд төв Азийн нутагт төвлөрч байжээ).

Хүн амын олонх болоод зогсохгүй Зүчийн улсын цөм нь эдгээр түрэг хэлтнүүд болж байжээ. Улсын зүүн хэсэгт Цагаадайн хэлээр яригсад оршин сууж байсан юм. Тэднийг нийгмийн дундаж давхаргад тооцож болно. Мөн Солдях (Крым) дахь Венецийн худалдаачид, Монгол болон исламын шашинт Хорезм, араб болон Мамлюк Египетээс ирсэн түшмэлүүд, христийн шашинт Византи, ортодокс Орос түшмэлүүд элит давхаргад хязгаарлагдмал тоогоор багтаж байжээ. Төрийн албан ёсны зарлиг шийдвэр Монгол, орос, түрэг араб хэл дээр гардаг байсан ч үүнтэй холбоотой юм. Оросууд болон өрнөдөд Зүчийн улсыг нийтэд нь татар-монголчууд гэж алдаатай нэрлэх болсон юм. Зүчийн улс байгуулагдсан цаг үеэс эхлэн өвөрмөц угсаатны нэгэн үе бүрэлдсэн.

Сарай хотын ойр орчимд орос, алан, черкес, черемис, мордов, мещер, итали, грек, фин-угор3 овогтон, дагаар орсон мажарууд нутагладаг байжээ. Зүчийн улсыг олон үндэстний улс гэж нэрлэж болно. Энэ эрээвэр хураавар угсаатан нь Зүчийн улсын хөгжил цэцэглэлтэд саад болж чадаагүй юм.

Харин ч нэгэн шинэ үндэстэн бий болох эхлэл болж энэ нь цаашаагаа олон үндэстэн, улсуудын эх үндэс болсон юм. Өнөөгийн төв Азийн ихэнх улс орон тэдгээрийн үндэстэнүүд нь Зүчийн улсын тэр бүрэлдэж бий болсон угсаатны нэгдлээс үүсэлтэй юм. Үүнд би юуны өмнө казах, киргиз, тажик, туркмен, узбек, орос дахь татар үндэстэнг нэрлэмээр байна. Эдгээр нь Зүчийн улсын эрээвэр хураавар үндэстэн дундаас холилдон нэгдэн нийлэн бий болсон цоо шинэ үндэстэн гэж нэрлэгдсэн хүмүүс юм.

Махмуда ибн Вали: “Бахр ал-асрар” зохиолдоо: Батын цэрэгт аргун, огуз, найман, буйрак, ойрат, карлук, кушчи, усун, минг-мянга, конграт-хонграйд, керет-хэрэйд, барлас овгийн цэргүүд байсан гэж өгүүлжээ.

XIV зууны үеэс эхлэн хүн ам дотор түрэгжих хандлага давамгайлж нийтээрээ түрэгжсэн байна. Исламын шашин хүчтэй дэлгэрсэн нь улсын хүн амыг бүхэлд нь исламжуулж нийтээрээ түрэгжих эхлэлийг бий болгожээ. Узбек ханы цэрэгт 1313 онд: кунграт, кыят, сарай, бахрин, найман, жалайр, уйшун, кыпчак, курлаут, алчин, буруджоглы, йисут, курдер овогтон, Тохтамыш ханы цэрэгт: ширин, барин-баарин, аргын, кыпчак5 овогтон байжээ. Дорнод Европ руу цөмрөн орсон Шейбаны цэрэгт кушчи, найман, карлук, буйрак, мөн түүний дүү Туг-Төмөрт минг, тархан, ушун, ойрат овогтон байжээ. Үүнээс үзвэл Европт цөмрөн орсон Батын цэрэг түмэн зүйлийн үндэстэн овогтноос бүрдэж байжээ.

Тухайн үеийн улсын хүн амыг үндсэн гурван бүлэгт хуваан авч үзэж болно. Үүнд:

Нэг. Алтан ургийн монгол үндэстэн /тооны хувьд маш бага/

Хоёр. Түрэг хэлтэн түрэгжсэн үндэстэн

Гурав. Бусад үндэстэн

XV зууны эхээр Зүчийн улс мөхөх үед үндэстэн угсаатан нь тэр чигээрээ түрэгжсэн байна.

Зүчийн улсад XIII-XV зуунд амьдарч байсан овогтонг үсгийн дарааллаар жагсаавал: алтын, аргун, ас-алан, барак, барин, барлас, бахрин, башгырд, буйрак, буркут, буруджоглы, жалайр, жүрхэн, дурман, ички, ички-байри, йиджан, йисут, йети-минг, каанбайлы, карлук, кенегес, кереит, кингит, кыпчак, кунграт, кият, куйун, курдер, курлаут, кушчи, маджар, мангыт, масит, меркит, минг, найман, огуз, ойрат, салор, сарай, сихут-сиджиут, таймас, тангуд, тархан, татар, тили-минг, тубай, тубай-туман, туман, туман-минг, уйгар, уйсун, украш-найман, утарчи, хитай, хушин, чат, чинбай, чубурган, шадбаклы, шункарлы6. (Эдгээр болон дээрх овог аймгуудын нэршлийг Орос дуудлагаар нь шууд буулган авч хэрэглэсэн учир зарим Монгол нэрстэй тулган үзнэ үү?)

Ер нь XIII-XV зууны  туршид ийм олон түмэн зүйлийн үндэстэн дундаас чухам татар гэсэн нэрийг сонгон монголчуудыг төлөөлөх болсон нь эргэлзээтэй юм. Бат хааны цэргийн манлайд алгинчаар татарууд явж тэд л хамгийн түрүүнд оросууд болон европчуудтай тулгарч байснаас манлай цэргийн нэрээр татар монголчууд гэж нэрлэх болсон байж болно. Татар гэсэн нэрэнд Крым болон Казань, Сибирийн хаант улсуудыг хамруулж нэрлэдэг бол Узбек гэсэн нэрээр төв Азийн зарим түрэгжсэн аймгийг нэрлэж болжээ. Энэ нь яваандаа бүхэл бүтэн нэгэн шинэ үндэстэн шинэ улс болж хувирчээ.

Зүчийн улсын оршин тогтнол нь евразийн уудам орон зайнд олон шинж үндэстэнг бий болгох эхлэлийг тавьж мөн олон шинэ улс болгоход зохих хувь нэмрээ оруулсан юм. Өнөөгийн Оросын бүрэлдэхүүн дэхь олон жижиг үндэстэн, бүгд найрамдах улсууд, төв азийн ихэнх үндэстэн улсууд чухамдаа Зүчийн улсын үед л үүсэн бий болсон гэж үзэх бүрэн үндэстэй юм.

Хэдийгээр Зүчийн улс эрээвэр хураавар түмэн зүйлийн үндэстэн овог аймгаас бүрдэж байсан ч энэ нь тус улсын задралд төдийлэн нөлөөлж чадаагүй юм. Энэ бүхний дээр алтан ургийн цөөн тооны монголчууд засаг барьж өөрсдийн хэл соёлоо он удаан жил хадгалан авч үлдэн олон зууныг үдсэн юм.

Зүчийн улсын угсаатны талаар товч дурдахад ийм байна. Цаашид энэ талын судалгааг улам бүр гүнзгийрүүлэн судлах нь тус улсын түүхийн талаар үнэн зөв бодитой мэдээлэл авахад тустай юм.

АШИГЛАСАН МАТЕРИАЛ

  1. Султанов Т.И. “Кочевые племена Приаралья в XV-XVII вв. Вопросы этнической и социальной историй” .
  2. Махамуд ибн Вали. Бахр ал асрар фи манакиб ал-ахийар. Т.6.Ч.2-3. Фотокопия рукописи
  3. Manz B.F.The Clans of the Crimean Khanate, 1466–1532 // Harvard Ukrainian Studies. Vol. II. 3. Sept. 1978.
  4. Греков Б.Д, Якубовский А.Ю ”Золотоая Орда и ее падение”, Москва-Ленинград., 1950.
  5. Вернадский Г.В. ”Монголчууд ба Орос орон”.УБ., 2008.
  6. Султанов Т.И. “Кочевые племена Приаралья в XV-XVII вв. Вопросы этнической и социальной историй” . М.,1982.  27с.8-16
Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]