Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Манжийн хааны зуслан ордонд зугаацсан тэмдэглэлУншсан3,875

анжийн хаан 50 мянган их цэрэг дайчлан, халхыг ч бас хөдөлгөн байж 1755 онд Зүүнгарын хаант улсын Даваач хааныг, 1756 онд, Ойрдын ван Амарсанааг, 1757 онд Хотгойдын ван Чингүнжавыг дарсны их баяр ёслол болгож монгол лам нартай, монгол уншлагатай энэ сүмийг байгуулж, цагаан зандангаар урласан 110 тонн хүнд, 28 м өндөр мянган мутарт, мянган мэлмийт Бодисад бурхан аравнайлан залсан түүхтэй.

Хятадын Хэбэй мужийн нутагт байх Чэндэ хотод хоёр хоног зочлох завшаан тохиосон юм. Чэндэ бол Бээжингээс зүүн хойшоо 300 шахам км-т оршдог, 300 мянган хүн амтай багашиг хот. Гэхдээ энэ бяцхан хотын алдар суу гурван зууны тэртээгээс хол ойрд түгэн тархсан түүхтэй. Учир нь манжийн Энх амгалан хаан 1703 онд умрын цэцэгт сэрүүн тал нутгийнхаа захад нь боловч зусч байхсан гэхдээ зарлиг буулган, энд зуны зуслан ордон байгуулсан гэдэг. Чэндэ хот бол үнэхээр бур бур салхитай, бургисан сайхан хуртай, өвөлгүй зун, хаваргүй намраараа байдаг үлгэрийн сайхан Бумбын орон мэт зөөлөн сэрүүн цаг агаартай, эрт цагаас янагш монголын хэшигтэн, харчин аймгийнхан, манж аймгуудтай холилдон суусаар ирсэн нутаг авай.

Манжийн хааны сэрүүн зуслангийн нутаг 

Чэндэ хот нь Хятадад төдийгүй олон улсад алдаршсан, ЮНЕСКО-гийн “Дэлхийн соёлын үнэт өв”-д бүртгэгдсэн түүх соёлын дурсгалт газруудаараа онцгой ажээ. Тийм ч учраас сүүлийн жилүүдэд эндэхийн аялал жуулчлалын салбар түргэн хурдтай хөгжиж, жилд хүлээн авдаг дотоод, гадаадын аялагч жуулчдын тоо улам бүр өсөн нэмэгдсээр байгаа гэнэ. Ойрын жилүүдэд Бээжингээс Чэндэ рүү хурдан галт тэрэг явдаг болсноор машинаар 4 цаг давхиж байгаа энэ замыг ердөө 47 минутад туулна гэж байна. Тэр үед Чэндэг зорих хүмүүс усны урсгал мэт болох биз ээ.

ЮНЕСКО-гийн Дэлхийн соёлын өвд бүртгэгдсэн Манж Чин улсын үеийн хаадын зуслан ордон хэмээх энэ хотыг Энх амгалан хаан 1703 онд анх шавыг нь тавьж, түүнээс хойших хэдэн хаадын үеийг дамжин 89 жилийн туршид барьж байгуулсаар 1792 онд сая дуусчээ. Энэ урт он жилүүдийн туршид байгуулагдсан олон арван барилга байгууламж, орд харш, сүм хийд, цэцэрлэг хүрээлэнг нэгбүрчлэн тоочин өгүүлэх гэвэл бүхэл бүтэн боть ном болох нь гарцаагүй. Харин энэ удаад бид богинохон хугацаанд үзэж сонирхсон цөөн хэдэн газрынхаа талаар уншигч танаа товчлон дурдаж сонирхуулсугай. Сонсох хүнд сонин, үзэх хүнд хүслэн болтугай.

 

Хааны ордон хот нь эргэн тойрондоо арван км ханан хэрмээр хүрээлэгдсэн нь мөнөөх Түмэн газрын Цагаан хэрэмтэй нь эндүүрмээр адилхан харагдана. Уулсын оройгоор хэжин дамнан сүндэрлэсэн энэ арван км хана хэрмээр хүрээлэгдсэн ордон хот тухайн цагтаа эгэл жирийн ард түмэнд хориотой, хаалттай орчин байжээ. Харин БНХАУ байгуулагдсанаас хойш эндэхийн бүх барилга байгууламжийг улсын хамгаалалтад авч үзэсгэлэн, музей болгосноор эгэл жирийн хүмүүс чөлөөтэй орж, хаад дээдэс хэрхэн аж төрж байсныг нүдээр үзэх боломжтой болсон байна. Хааны ордон хот нь дотроо өмнөд, хойд гэсэн хоёр дүүрэгт хуваагдах ба өмнөд дүүрэг нь хаант төрийн албан яамд байгууллагууд байрлан төрийн хэргийг шийтгэн явуулдаг, эзэн хааны ажлын албан байрууд, төрийн ёслолын өргөөнүүд, түшмэд ноёдын өрөө тасалгаа, цуглан жасаалдаг өргөө танхимууд байх ажээ.

Монгол, Түвдийн мөнгөөр ийм сүм олныг байгуулжээ. 

Хойд дүүрэг нь мөн гурван хэсгээс бүрдэнэ. Тэдгээрийг уул, тал, нуурын орчин бүхий байгалийн үзэсгэлэнт сайхнаар тохижуулан засчээ. Битүү нарс, майлс, улиас, агч модоор хучигдсан номин ногоон уулсын үзэмж төгс төгөлдөр агаад зуны халуунд сэвшээ салхи сэнгэнэсэн сэрүүн тунгалаг, намрын налгарт алтан шаргал, ал улаан навчсаар хучигдан өнгө засч үзэмж зүсээ солих нь ёстой л хаан эзэн байтугай харц ард хоргодон татагдмаар үзэсгэлэнт дүр төрхийг бий болгодог байна. Уулын хормой бэлд агч багашиг тал газарт эсгий гэрүүд бүхий хүрээ хот байгуулж, их асар цогцлоон босгосон байх агаад хаан бээр харьяат албат түшмэд ноёдын хамт үе үе энд морилон саатаж, монгол, манж үндэстний дуу хуур сонсч, бүжиг хатираа үзэн, бөх барилдуулж, сур харвуулан баясдаг байжээ. Өнөөдөр энд өвөр монгол маягийн гэр хүрээ өнөөгийн хүмүүст өнийн түүхийг улбаалан хүргэх мэт дүнхийнэ.

Түүнээс урдуурхан уудам зайд нуур цөөрөм байгуулан Хятадын өмнөд нутгийн өнгө аясыг санагдуулам донж янзаар засч тохижуулсан байх тул хаад хатад үүгээр сатааран зугаацахдаа эгээ л Хөх мөрнөөс өмнөш аялан явж, эртний их нийслэл торгон хот хэмээгдсэн Ханжоу, дорно зүгийн Венеци гэгдсэн усан дээрх хот Сужоу, алдарт Сиху хэмээх Баруун нуурын хосгүй үзэмжид умбах мэт болдог байсан гэнэм. Чухам ийм л орчинд хаан бээр зун намрын зургаан сардаа тухайн үеийн Бэйпин(өнөөгийн Бээжин хот) их нийслэлийн бүгчим халуунаас дайжин, умрын хээр тал, аглаг сэлүүн уулсын хяр энгэр, хөндий нугаар амсхийн алхалж, ав гөрөө эргүүлсэн шигээ жаргадаг байжээ.

Энд Түмэн модот цэцэрлэг, Алтан уулын ордон асар, Униар будант, хур бороот тагт, Сарыг тольдож, мөрний урсгалыг анирлах тавцан, Номин тал дахь малчны хот, Нуурын думдахь ногоон арал, Халуун голын эхэн булаг гээд нэр нь хүртэл сонсголонтой үзэмж төгс бүрдсэн аялал зугаацлын газрууд бий. Манайхан Жэхэ гэдэг нэрээр нь мэддэг Халуун гол хэмээх эртний алдартай халуун аршаан яг энд бий. 1945 онд монголын арми япончуудыг хөөн тулалдсаар энд хүрээд буцсан гэдэг билээ. Өнөөдөр хятад нөхөд эл бүгдийг тэртээх он жилүүдэд байсан янзаар нь хадгалан хамгаалж, сэргээн тордож, есөн хэлийн олон хөлийн зочин гийчинд үзүүлж, бахдан гайхуулж байдаг болжээ.

Байгальд хор хөнөөлгүй гэгддэг цахилгаан цэнэгт тэргэнд суугаад бид бас хаадын зугаацлын жимээр уул өөд өгсөн гарч, цэнхэр униар суунаглан цэлсхийсэн хаврын ойн агаараар цээж тавираан амьсгалж, алсын барааг ширтэхүйд давхар давхар уулс номин өнгөөр нүд баясган сэтгэл сэргээж, үүнийг ч ажиж, түүнийг ч шагшин явлаа. Чингэсээр хоёр морьтой хүн зэрэгцэн явж болохуйц хэрмийн дээр хүрч, урьд цагт хаад ноёд алсын барааг тольдон саатдаг байсан тавцан дээр гарч амсхийх зуур дөрвөн зүг найман зовхист хараа бэлчээн алсыг бараалцгаав.

Чэндэ бол үнэхээр байгалийн үзэсгэлэнт сайхан, түүх соёлын өв дурсгал хослон цогцолсон ховорхон сайхан газар ажээ. Тэртээ алсад хадат толгойн оройд зориуд зоож босгосон юм шиг аварга том босоо хадыг “Эрхий хуруу” гэдэг гэнэ. Холоос ийм харагдаж байгаа юм чинь дэргэд нь очвол арав хорин давхар байшингийн чинээтэй баймаар тэр том хад уначихалгүй мянга мянган жилийн туршид ийн сүндэрлэсээр байдаг нь гайхалтай. “Чэндэгийн үзэсгэлэнт газруудыг тойрон үзсэн хүн 99 насална, “Эрхий хуруу”-г олж харсан хүн 130 насална” гэж нутгийнхан бэлгэшээн хэлэлцдэг аж.

Эндээс хойд зүгийг бараалахад тэртээ баруун хойноос зүүн хойшоо хүртэл үргэлжилсэн уулсын бэл хөндийгөөр эртний сүм хийд, орд харш эгнэн харагдана. Хөтөч бүсгүй бидэнд тайлбарлан өгүүлснээр бол энд “Найман их сүм хийд” байдаг гэнэ. Тэдгээр нь бүгд тодорхой үүх түүх, намтар цадиг хүүрнэдэг авай. Чанх хойд этгээдэд улаан, цагаан хослуулан өглөөний наранд нүд гялбаан сүндэрлэх томоохон цогцолбор бол Түвдийн Лхаст байдаг Далай ламын Будала ордонг дуурайлган байгуулсан Бага Будала ордон аж.

Лхас дахь Далай ламын  Будалин ордны багасгасан ордон 

Бага Будалагаас жаахан зүүнтэй Пунинсы буюу монголоор Хотол амгалант сүм байна. Түүнээс цаашлаад Пулөсы буюу Хотол баясгалант сүм, Ань-юаньмяо буюу Хол дахиныг амарлиулагч хийд, Бөрэньсы буюу Буяныг цугларуулагч сүм гээд нийтдээ найман их сүм хийд байх ажээ. Монголын түүхтэй салшгүй холбоотой эдгээр сүм хийд олон зүйлээр бидний анхаарал сонирхлыг татсан юм. Манжийн үе үеийн хаад Монгол, Түвдийн түүхэн хэрэг явдлуудтай холбоотойгоор энэ мэт арван хоёр сүм хийд барьж байгуулснаас цагийн уртад дөрөв нь үгүй болж, найм нь өдгөө хол ойрынхны нүдийг хужирлан сэтгэлийг сэргээж, халаас түрийвчийг нь нимгэлсхийн байдаг нь атаархмаар.

Манжийн хааны номын сан 

Атаархах сэтгэл юун хэмээхүл цагтаа бидний өвөг дээдсийн байгуулсан ийм сүм хийд найм есөн зуугаар тоологддог байсан бол өдгөө  найм ес хүрэхтэй үгүйтэй нь үлдсэн нь хайран. Сүм хийд бол тухайн цаг үедээ соёл иргэншлийн, боловсрол, шинжлэх ухааны төв болж байсан бол цаг хугацаа улиран одсон хойно түүхийн өв дурсгал болдог нь чухам эндээс харагдана. Даанч бид тэр олон сүм хийдийн энэ утгыг нь олж харалгүйгээр, цаг үеэ өнгөрөөсөн, хоцрогдсон эд гээд газартай тэгшилж орхисон нь үнэн, бас халаглалтай. Тэгээд өнөөдөр бид хүний юмыг үзэж, хүний юман дотор өөрийн юм байгааг олж харж, олж харавч авч дийлэхгүйгээ ойлгон дэмий л дуун алдаад өнгөрөх болж дээ.

Буяныг цугларуулагч сүмийг хамгийн анх буюу 1713 онд Энх амгалан хааны зарлигаар байгуулжээ. Тэр жил хаан бээр жаран насны сүүдэр зэрэгцэж, энэ ойг янз бүрээр тэмдэглэсний дотроос Монголын олон ван, гүн ноёд хүрэлцэн ирж, хаанд бараалхан их өргөл барьц өргөөд хаанд эрүүл энх, урт удаан наслахыг бэлгэдэн ерөөж насан буян, өлзий хутаг оршоох зорилготой сүм байгуулахыг зөвлөжээ. Тийн ёсоор бий болсон энэ сүмийн хүрээн дэх хөшөөний бичээст ийн өгүүлсэн нь сэтгэл сэрдхийлгэнэ: “…Мөхөс би бээр дэлхий дахиныг тохинуулахын төлөө зүтгэн бөлгөө. Тийн атал яахин нэгэн биеийн жаргалыг хөөж, нэгэн сэтгэлийн цэнгэлийг хүсэх билээ. Тэнгэрийн доорхи хүн ард цөмөөр амгалан болбоос сая би амгаланг олмуй. Тэнгэрийн доорхи хүнд ард цугаар амар жимэр, жарган цэнгэн ахул сая мөхөс би бие болоод сэтгэлийн жаргалд хүрэх болой… Гэвч Монголын олон ван, гүн ноёд надад насан хутаг оршоож, өлзий буян хуруулахыг хүсч сүм байгуулсугай! хэмээн машид ятгах тул тэдний сүсэг бишрэлийг мөхөс би хүндэтгэн энэхүү сүмийг байгуулавай!…”

Монголоос цутгасан алтан дээврүүд өнөөдөр гууль болжээ

Хааны эл бичээсийг үзээд сэтгэл сэрдхийхийн учир юун гэвээс ухаант дээдэс ийнхүү ардын сэтгэлд хүрдэг бол мунхаг дээдэс бас тийнхүү өөрийн толгойгоор биш, бусдын толгойгоор явдаг ажгуу. Үүнийг ч хөшөөний бичээс цааш өгүүлнэ: “Эрт цагаас янагш Монголчууд Тэнгэрийн доорхи нэгэн төрд огт захирагдсангүй өнөөг хүрсэн билээ. Харин өдгөө би тэднийг эрхшээн дагуулж, Тэнгэрийн доорхи (Дайчин гүрэн гэсэн үг) нэгдсэн их төрд багтаан авлугаа…“ гэсэн байх аж.

Дэлхий дээрх хамгийн том зандан модон бурхан залсан Пунин сүмийг барьж байгуулсан түүх нь бас Монголтой холбоотой. Монголоор “Хотол амгалант сүм” гэгддэг Пунин сүм нь 1755 онд манжийн хааны их цэрэг Баруун Монголын бослого хөдөлгөөнийг бүрмөсөн дарсан ялалтыг тэмдэглэн байгуулагджээ. Манжийн хаан 50 мянган их цэрэг дайчлан, халхыг ч бас хөдөлгөн байж 1755 онд Зүүнгарын хаант улсын Даваач хааныг, 1756 онд, Ойрдын ван Амарсанааг, 1757 онд  Хотгойдын ван  Чингүнжавыг дарсны их баяр ёслол болгож монгол лам нартай, монгол уншлагатай энэ сүмийг байгуулж, цагаан зандангаар урласан 110 тонн хүнд, 28 м өндөр мянган мутарт, мянган мэлмийт Бодисад бурхан аравнайлан залсан түүхтэй. Өнөөдөр энэ бүтээл дэлхий дээрх хамгийн том модон сийлмэл бурхан гэгдэн бүртгэгджээ.

 Уншлагагүй сүмүүдийн гадаах жуулчид татах үзмэр

Тэнгэрийг тэтгэгч хаан, өөрийн өвөг эцэг Энх амгалан хааны үлгэр дууриалаар, 1691 онд Халхын 7, Өвөрлөгчийн 49 хошууны ноёд Долнуурт чуулан манжийн хаанд үг дуугүй дагаар орсноо илэрхийлэн өргөсөн асар их өргөл барьцаар нь Долнуурын Хуйзун сүмийг барьж байгуулсан жишээгээр ийнхүү Баруун Монголыг дарж, бүх Монголыг бүрмөсөн хураан нэгтгэсний баярыг тэмдэглэн энэ нөр их ажил үйлийг гүйцэтгэсэн болой. Энэ тухай ч сүмийн хүрээнд агч гурван том хөшөөний бичээст тодорхой дурдан өгүүлжээ. Монголыг Монголоор нь даруулсны хамгийн тод жишээ болон үлдсэн эл үйл явдлын шийдвэрлэх тулалдаан 1755 оны 6 дугаар сарын 23-ны өдөр Илийн Хашин нуурын дэргэд болсон гэдэг. Ар, Өвөр Монголын  дөрвөн түмэн цэрэг, нэг түмэн манжийн цэрэгтэй хүч хавсран байж, долоохон мянган цэрэгтэй Даваач хаантай цус асгаруулан байлдаж, ихэд хядан хороосон энэ тулалдааны халуун мөрөөр явж зурсан  европ зураачийн нэн сонирхолтой зураг байдаг.

 Жэхэ буюу Халуун голын эх булаг

Ялагдсан талын олзлогдсон олон ноёдыг Бээжинд хүргэж, хамгийн хэрцгийгээр тамлан цаазалж, гэр хотлоор нь хүйс тэмтэрсэн гэнэм. Бас бусад олон ноёд язгууртад энд ирж, манжийн хаанд бараалхан гэм алдасаа хүлээж, дахин хэзээ ч урваж хөрвөхгүйгээ андгайлан тангараглаж, асар их алт мөнгө, эрдэнэс баялаг цутгажээ. Түүгээр нь манжийн хаан монголчуудыг номхон байлгах номын хүч бүхий бурхны ариун орон байгуулах зарлиг буулгаж, энэхүү Хотол амгалант сүмийг, мөнхүү Арьяавал Бодисад бурхны сэрэг дүрийн хамтаар үйлдүүлэн залсан учиртай авай.

Энд алгын чинээгээс эхлээд метр гаруй том хэмжээтэй алтан, гуулин  бурхад зөндөө бий. Бидэнтэй тааралдаж хэсэг зуур хөөрөлдсөн монгол лам,  “Монголоос авчирсан хэдэн мянган бурхан тахил энд бий. Жижиг ч бий, метр гаруй өндөр ч бий” гэж ярьсан юм. Үнэхээр ч энэ тухай би урьд өмнө нь сонсч байсан билээ. “Монголыг дараад олзолж авчирсан их алтан бурхныг манжийн хаан энд залаад “-Би Монголын их шүтээнийг авчирлаа. Одоо монголчууд дахиж босохгүй!” гэж хэлсэн гэдэг. Монголын их шүтээн гэгдсэн тэр алтан бурхан Чэндэ-д байх учиртай!” гэж ярьсан нэгэн номтой хүний үгийг би марталгүй санасаар, хэзээ нэг Чэндэ-д очих завшаан гарвал сураглах юм хуна гэж бодсоор явсан билээ. Энэ удаад сэтгэлийн чанадахь хүсэл сая биелж энд ирсэн боловч харамсалтай нь, мөнөөх Монголын их шүтээнийг сураглавч олсонгүй, ном судраас нь шүүрдэвч таарсангүй ээ.

Монголчууд Лхасын Будала ордонг сайн мэднэ. Гэтэл яг түүн шиг ордон нийтдээ дөрөв байжээ. Нэг нь Энэтхэгт, удаахь нь Түвдэд, гутгаар нь Хятадын Наньхай хэмээх өмнөд нутагт, харин дөтгөөр нь даруй энд сүндэрлэн буй аж. Энэтхэг болоод Өмнөд Хятадад байсан нь одоо үгүй болсон буй заа. Лхасын Будала ордонг аль 7-8 дугаар зууны үед байгуулсан гэдэг бол Чэндэгийн Будалаг 1767-1771 оны хооронд барьжээ. Үүнийг молхи бичээч би бээр цэцэрхсэнгүй, энд агч дурсгалын хөшөөний бичээст ийн өгүүлсэн байгаагаас олж мэдлээ. Бага Будала ордны төв хаалгаар ормогц энэ ордонг байгуулах болсон учир шалтгаан, түүнтэй холбоотой түүхэн үйл явдал, барьж байгуулсан цаг хугацааг тодорхой тоочин өгүүлсэн дурсгалын хөшөөний үгийг Тэнгэрийг тэтгэгч эзэн хаан өөрийн бодол оюунаар болгоон тунгааж, өөрийн мутраар бичиж үлдээсэн гэдэг байна.

Манж, монгол, хятад, түвд дөрвөн хэл бичгээр үйлдсэн тэр гурван хөшөөний бичээсийг уншиж, үүх түүхийг нь сонирхоход ийм аж: 1771 онд Тэнгэрийг тэтгэгч хааны 60 нас, хатан эхийн 80 насны сүүдэр тохиожээ. Энэ хоёр тэмдэглэлт ойг тохиолдуулан урьдын ёс заншлыг даган хаант төрөөс 1767 онд Будала ордонг байгуулах зарлиг гарган хэрэгжүүлсэн аж. 220 мянган хав.дөр.метр талбайтай энэхүү ордон ашиглалтад орж байх тэр жил буюу 1771 онд бас нэгэн түүхэн үйл явдал давхацсан нь алс өрнө зүгт нүүж одсон баруун монголчууд Ижил мөрний хөвөөнөөс эх нутагтаа эргэн ирэхээр хөдөлж, мянга түмэн бээрийн урт замын цас бороо, зовлон зүдгүүр, бусдын дайралт хориглолтыг даван туулан байж Алтайд хүрч ирсэн Их нүүдэл байчухуай. Ижил мөрний хөвөөнөөс дээдсийн нутгаа зорин хөдөлсөн 33 мянган өрх айлын 170 мянган торгуудаас ердөө 70 мянга шахам нь амьд мэнд Или, Тарвагатайд хүрч ирсэн гэдэг. Тэр Их нүүдлийг удирдан тэргүүлж ирсэн Дөрвөдийн Увш хунтайж тэргүүт Баруун Монголын хойд, хошууд, дөрвөд, жалууд дөрвөн аймгийн ноёд дээдэс манжийн хаанд элч зарж, харьяа захиргаанд нь эргэж орьё, нутаг заан суулгана уу? хэмээгээд, Тэнгэрийг тэтгэгч хааныг энд намаржиж байхад нь өөрсдийн биеэр хүрэлцэн ирж золгон бараалхсан байна.

Тийнхүү хаантанд их хэмжээний бэлэг сэлт, өргөл барьц барьж, өөрсдөө ч бас хуйгаар торго, хунзаар цай, цол хэргэм, отго жинс, гүнж хатан буулган авчээ. Манжийн хаан тэдэнд нутаг заан өгч, Ил тарвагатай, Ховог сайр, Бортал, Ховдын Булганд суурьшуулжээ. Эл үйл явдлыг ордны их хаалганы үүдэнд агч бичээс бүхий гурван чулуун хөшөөний хоёрт нь сийлэн бичсэн анам. Нэгд нь уг ордонг байгуулсан учир шалтгаан, холбогдох үйл явдлыг, баруунтайхад нь Торгуудын их нүүдэл Алтайд эргэн ирсэн тухай, зүүнтэйхэд нь тэдэнд цол хэргэм, бэлэг сэлт, эд хөрөнгө олгон, нутаг заан суулгасан тухай сийлээстэй.

Увш хунтайж тэргүүтэй торгуудын ван, гүн ноёд дээдэс Чэндэд хүрэлцэн ирж, манжийн хаанд бараалхсан эл түүхэн үйл явдалд холбогдох баялаг үзмэр, үзүүлэн бүхий музей энд байдаг аж. Морь, тэмээн тэрэг, эмээл, хазаар, эсгий гэр, майхан, тогоо шанаганаас эхлээд манжийн хаадаас тэдэнд ван, гүн, бэйл, бэй цол хэрэгм олгож эдлүүлж хэрэглүүлсэн алба ёслолын хувцас өмсгөл, алтан мөнгөн тамга тэмдэг, тэдгээрийн зардас бүхий зарлиг тушаал, бичиг захидал бүгд энд байна. Тэр бүхнийг үзэж явахад “Нүүдлийн соёл иргэншлийн үүх түүхийг ингэж үзүүлсэн үзэсгэлэн, музей манайд бий бил үү?” хэмээн өөрийн эрхгүй атаархан бодож билээ.

Түвдийн Лхас дахь Далай ламын ордонг дуурайлган барьсан, гэхдээ түүнээс хоёр дахин бага гэхэд агуу сүрлэг, хойд Хятадын нутаг дахь Бурхны шашны томоохон цогцолбор гэгддэг энэ ордонд үзүүштэй юм их бий. Жил бүр манжийн хааныг энд зусч, намаржиж байхад нь Монголын ван, гүн ноёд дээдэс энд ирж жасаалан, эзэн хаанд бараалхаж, төр засгийн үйл хэргийг зөвшин, дээдсийн зарлиг лүндэнг хүлээн авдаг байжээ. Энэ нь алс холын Бээжинд очихоос ойр дөхөм, дээр нь бас монголчуудыг Бээжингийн тэр их халуунаас зайлсхийлгэн “харж үзсэн” хэрэг байсан гэнэ. Тийнхүү жил бүр олноороо хуран ирж, бие биенээсээ өрсөлдөн уралдан эзэн хаанд өргөл барьц, бэлэг сэлт цутгадаг байсан монголын ноёд дээдсийн үй олон алт, мөнгөн, гуулин бурхдаар нэг байтугай нэлээд хэдэн сүмийг хангасан ажээ.

Жишээлбэл энд Мянган бурхант суварга хэмээх дөрөв, таван давхар байшингийн дайтай зандан модон суварга бий. Энэ суваргын хананд Монголоос авчирсан 1004 ширхэг том жижиг, алт мөнгөн бурхад залаастай байжээ. Үүнтэй холбоотой чулуун хөшөөнд энэ тухай Тэнгэрийг тэтгэгч хаан ийн бичжээ: “Мөхөс миний жаран насны сүүдэр зэрэгцэж буй энэ цагт сүм хийд, хурал номын газар хэтрүү их тайлга тахилга хийхгүй байж, төр засаг аливаа баяр ёслолыг багасгасугай! хэмээн зарлигласан болой. Харин гэтэл Монголын олон ван, гүн ноёд хүрэлцэн ирж надад насны буян, өлзий хутаг оршоох Цаглашгүй наст бурхдыг олноор өргөн барих хүслээ ихэд ятган буй тул мөхөс би бээр монголчуудын энэхүү шашны зан үйлийг хүндэтгэн үзэж, Мянган бурхант суварга бүтээхийг зөвшөөн зарлиг буулгавай…”  

Тийнхүү Монголоос тэрэг тэргээр зөөн аваачсан том, жижиг үй олон бурхдыг энэхүү суваргад залж шүншиглэжээ. Дэлхийн хоёрдугаар дайны үеэр япончууд энд ирж, ихээхэн эвдэж сүйтгэсний дотор тэрхүү мянган бурхант суварга өртсөн гэнэ. Хожим нь түүнийг дахин сэргээж тоо ёсоор нь, гэхдээ хаашаа ч юм зөөж одсон тэр олон бурхдын оронд шохой гөлтгөнөөр хийсэн шавар бурхад залсан гэнэм. Манжийн хаадад монголчууд жил бүр есөн цагааны бэлэг барьдаг байсны дотор асар их хэмжээний алт мөнгө, шүр сувд ордог байжээ. Лав энэ ордны дээвэр нь л гэхэд Монгол, Түвдээс цутгасан цул алтан дээвэр байсан нь бас л өнөөх муу нэртэй, луу данстай самурай нарын нэртэй холбогдоод замхарч байх юм.

Эцэст нь Хол дахиныг амарлиулагч хийдийн тухай дурдья. 1764 онд байгуулсан энэ хийд нь Баруун Монголын Дашдаваа ноёны гэр бүлийнхэн сууж байсан эдлэн газар ажгуу. Мөн үед Баруун Монголд өрнөсөн Даваач хаан, Амарсанаа ван нарын бослогыг манжийн их цэрэг дарахад нь Дашдаваа ноён, түүний хүү Төрбат нар идэвхийлэн хүчин зүтгэж яваад хоёулаа алагджээ. Ноёны хатан ч манжийн талд зүтгэсээр, сүүлдээ нутаг орондоо байхын аргагүй болоход арга буюу манжийн хаанаас ивгээл халамж хүсч, 6 мянга орчим харьяат ард иргэдээ авч нүүдэллэн явсаар Чэндэд иржээ. Хаан тэднийг халуун дотноор хүлээн авч, монгол хатанд “Сэцэн мэргэн хатан” цол өргөмжилж, одоо Чэндэ хот сүндэрлэн буй тэр хэсэгт суурьшуулан суулгаад, ард иргэдийг нь ойр хавийн хошуудад тараан суулгасан гэнэм.

Холбогдох ном сударт тэмдэглэснээр: “Тийнхүү алс хязгаараас ирсэн монголчууд манж, хятад хүмүүстэй холилдон аж төрөх болсоор аажмаар холилдон ууссан” ажээ. Хаан бээр тэдэнд энэ хийдийг барьж өгч, алс холын хил хязгаарын нутаг орныг илбэн тохинуулсны бэлгэдэл болгон “Хол дахиныг амарлиулагч хийд” хэмээн нэрийдсэн гэнэ. Хийдийн их хаалганы өмнө агч өнчин ганц хөшөө чулуун дээр энэ тухай дурайлган сийлж мөнхөлжээ. Өдгөө Дашдаваа ноёны удам хойчис хаа явдаг юм, бүү мэд, энэ Чэндэ нутагт байдаг ч юм уу, ер бүү мэд, тэр удмынхан гэх хүн зон лав бидэнтэй тааралдсангүй ээ…

Монголчууд бидний өвөг дээдэс баатарлаг, баялаг түүхийг бүтээсэн билээ. Харин өнөөгийн бидэн үүгээр дэндүү их хөөрөлхөн, цээж дэлдэн цовхчих хэрэггүй юм. Мэддэг, судалдаг, бахархдаг байх хэрэгтэй. Харин хэтрүүлэх хэрэггүй. Өнөөдөр хүн бүхнийг Монгол, юм бүгдийг Монголынх гэх болсон нь ичмээр эрээгүй явдал мөн. Аливаа хүчирхийлэл, эзэрхийлэл ямагт мөхлөөр дуусдаг жамтай. Тэр ч ёсоор нэгэн цагт нийт Азийг донсолгож явсан агуу их манж үндэстэн өнөөдөр алга. “Би бол манж цустай хүн!” гэж хэлэх хөтөч бүсгүй ч тэр их үндэстний намтар цадигийн тухай өнгөрснийг эргэцүүлэн зогссон миний сэтгэлийн гунигийг үргээж чадаагүй ээ. Учир нь хожмын нэгэн цагт “Би монгол удмын хүн!” гэсэн хий үг агаарт замхарч байх вий! хэмээн сэтгэл эмзэглэсээр байсан юм аа.


                   Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, Хэлбичгийн ухааны доктор (Ph.D) Я.Ганбаатар

Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]

Унших СЭДЭВ-ээ өөрөө сонгодог боллоо

12 сард сонгогдсон сэдэв
Дундад зууны Европ
2018 оны 1 сарын онцлох сэдвийн санал хураалт явагдаж байнаЭнд дарж саналаа өгнө үү