Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

"Chrome Dome" ажиллагаа буюу Испанид цөмийн бөмбөг хаясан ньУншсан3,421

Хүйтэн дайны үеэр НАТО нэгэн томоохон үйл ажиллагаа явуулж эхэлсэн нь Operation Chrome Dome нэртэй ажиллагаа байсан бөгөөд энэ нь 1961 оноос эхэлсэн байна.

Нийтлэлч "Чалчаа саарал" маань манай уншигчдад хамгийн сонирхолтой хэрнээ, нууцлаг түүхийн сэдвүүдийг хөндөж бичсэн уншууртай нийтлэл илгээдэг билээ. Энэ удаа түүний Operation Chrome Dome ажиллагаатай холбогдох нэгэн нууцлаг түүхийг хөндсөн нийтлэлийг хүргэж байна.


Стратегийн бөмбөгдөгч B-52 онгоц

Хүйтэн дайны үеэр НАТО нэгэн томоохон үйл ажиллагаа явуулж эхэлсэн нь Operation Chrome Dome нэртэй ажиллагаа байсан бөгөөд энэ нь 1961 оноос эхэлсэн байна. Уг ажиллагааны зорилго нь агаарт цаг үргэлж цөмийн бөмбөгтэй онгоцыг хангалттай тоогоор байлгаж, шаардлагатай үед дайсанд цөмийн цохилт өгөх, үгүй дээ л толгой дээр нь байнга сэлэм далайж байх явдал байв.

Стратегийн бөмбөгдөгч В-52 эргүүлд гараад их л удсан байлаа. Ядарч залхаж байгаа нисгэгчид бас дахин нэг удаа шатахуунаар онгоцоо цэнэглэх хэрэгтэй байсан бөгөөд энэ бол 1966 оны нэгдүгээр сарын 17-ны өдөр байжээ.  "Гэдсэндээ" дөрвөн ширхэг цөмийн бөмбөгтэй  В-52 (нэг бөмбөг нь л 1,45 мегатонн! Хиросимад хаясан little boy бөмбөг энэ хэмжүүрээр  бол 16 орчим килотонн) маань шатахуун цэнэглэгч KC-135 руу ойртож ирэх үед тэд Испанийн Паломарес хэмээх тосгоны дээр байлаа. Агаарт шатахуун цэнэглэх гэдэг угаасаа нарийн төвөгтэй, осолтой ажиллагаа бөгөөд дээр нь эргүүлд гарсан нисгэгч нар нэлээд ядарсан зэргээс болсон уу яасан, яг таг барих ёстой зай, хурд алдагдаж хоёр онгоц мөргөлдсөн байна. 9000 метрийн өндрөөс нэг далавчгүй болсон В-52 унаж эхэлсэн бол мөргөлтөөс үүссэн гал нь цэнэглэгчийн шатахуун өгөх хоолойг дамжин явсаар KC-135-д хүрч онгоц тэр дороо агаарт дэлбэ үсэрчээ. Шатахуун цэнэглэгч онгоцны багийн дөрвөн гишүүн юу болсныг ч ойлгож амжилгүй амь үрэгдсэн байна.

Унаж яваа  В-52 цөмийн бөмбөгөө газар хаяж амжсан төдийгүй багийн долоон гишүүний дөрөв нь шүхрээр эсэн мэнд газардсан байдаг. Онгоц унаж сүйрсэн ч Паломаресын ойролцоо хаясан цөмийн бөмбөгнүүд шүхрийн тусламжтайгаар зөөлөн аяархан газардах ёстой байлаа. Гэтэл гай болоход бодит байдал дээрээ дөрвөн ширхэг цөмийн бөмбөгний зөвхөн нэгийнх нь л шүхэр нь задарч зөөлөн газардсан бол бусдынх нь огт задралгүй зүгээр л чулуу шиг газарт унасан байна. Бөмбөг газарт унах үеийн хурд 300 км/цаг байсан гэж дараа нь тооцоолсон байдаг. Дахиад л гай болоход нэг бөмбөг нь газарт биш далайд унажээ.

Газарт унасан бөмбөгнүүдийг удалгүй олж авсан ба шүхэр нь задралгүй газарт унасан бөмбөгнүүдийн тэслэгч нь цохилт доргилтоос болж ямар ч байсан ажилласан байсан гэдэг. Өөрөөр хэлбэл цөмийн бөмбөг тэсрэх ёстой байв. Харин энэ удаа аз болж тэрхүү тэслэгч нь  (олон тэслэгч байдаг бололтой) зэрэг ажиллаагүй учир цөмийн дэлбэрэлт явагдалгүй ойр орчмын газрыг бага зэрэг цацраг идэвхт бодисоор хордуулсан төдий зүйл болж.  За ингээд хуурай газар унасан гурван цөмийн бөмбөгөө олж аваад аюулгүй болголоо.

Одоо Газар дундын тэнгист унасан унасан бөмбөгөө хайж эхэллээ.  Гай болж дор нь олно гэсэн найдвар цаг мөч өнгөрөх тусам багассаар.

Осол болсон нэгдүгээр сараас дөрөвдүгээр сар хүртэл тухайн газар орчныг ариутгах асар их ажил хийсэн ба 1000 гаруй куб метр газрын шороог зөөн зайлуулж, сольсон бөгөөд бусад цацраг идэвхт бодисоор хордсон байж болох ургамал (улаан лоолийн тариалангийн талбай дээр зарим бөмбөг нь унасан) болон бусад зүйлсийг устган, устгах боломжгүйг нь АНУ-ын Саванна Ривер дэх цөмийн хаягдлын газарт зөөн аваачсан байна. Нэг сонирхолтой зүйл нь тухайн улаан лоолийн талбайн зарим нэг цацраг туяанд бага хордсон хэсгийн улаан лоолийг аврах болон аюулгүйжүүлэх ажиллагаанд оролцож байгаа хүмүүсийн хүнсэнд хэрэглэсэн байна. Бодвол цацрагийн хэмжээ нь бага байсан юм байлгүй.

Хордсон шороог ангилж зөөхөд бэлдэж байгаа нь

Энэ их ажлын үед Америкийн, НАТО-гийн олон арван янз бүрийн усан онгоц далайд унасан бөмбөгийг хайсаар л. Хэдэн зуун удаа шумбалт хийж, янз бүрийн гүний усанд ажиллах зориулалттай хамгийн сүүлийн үеийн техникээр зогсоо зайгүй хайж байсан ч үр дүн гарахгүй л байлаа.  Явсан нохой яс зуудаг болохоор гуравдугаар сарын дундуур уг “ясыг” нэгэн усан доорхи хадны ирмэг дээр тогтон байгааг олж “зууж авлаа”. Авах гэж бөөн юм болсон ба бөмбөгөө унагааж, алга болгож, дахиад оосорлох гэж хад чулуу мөргүүлэх зэргээр түмэн янзын адал явдал үргэлжлүүлсээр хуурай газарт гаргаж иржээ. Аз болоход бөмбөг бас тэсэрч дэлбэрээгүй бөгөөд мөн л хэзээ мөдгүй зад татах дээрээ тулсан байсан гэдэг. Гаргаж ирсэн бөмбөгөө орооцолдсон шүхэр, гүний шумбагч аппаратаас салгах гэж бас нэлээдгүй зүйл болжээ.

Усанд унасан бөмбөг олдсон газар

Энэ аюултай явдлын дараа АНУ улс Испанийн нутаг дээгүүр цөмийн бөмбөгтэй онгоц нисгэхээ больсон тухай зарласан байна. Харин үүнээс хэдэн хоногийн дараа испаничууд агаарын хил дээгүүрээ цөмийн бөмбөгтэй онгоц зорчихыг хориглолоо. Анхааралтай харвал уг нь дараалал нь эсрэг баймаар. Инээдтэй ч юм шиг, эмгэнэлтэй ч юм шиг.

АНУ-ын Батлан хамгаалахын сайд Роберт Макнамара нь энэ явдлын дараа Operation Chrome Dome-ийг зогсоох саналтай байсан бөгөөд харин Ерөнхийлөгч Линдон Жонсон, түүний бусад зөвлөхүүд ажиллагааг зогсоолгүй, эрчим, далайцыг нь багасгах тушаал гаргажээ. Өдөрт нисэх нислэгийн хэмжээг 24 биш харин дөрөв болгох гэх мэтээр.

 Дайнч Макнамара энэ ажиллагааг энгийн номхон хүмүүст аюултай гэж үзсэндээ зогсоох гэсэн биш харин стратегийн бөмбөгдөгч онгоцоор чөлөөт уналт бүхий цөмийн бөмбөг хаях цаг нь үеэ өнгөрөөсөн, түүнд зарж байгаа энэ их хөрөнгийг тив алгасагч баллистик пуужингийн системүүдийг улам боловсронгуй болгоход зориулах ёстой гэж үзэж байсан учраас уг ажиллагааг хаахын төлөө зүтгэж байсан байна.

Америк, Испанийн улс төрчид цацраг идэвхт бодисын аюул үгүйг харуулж, сурталчилж байгаа байдал

Ингэсээр 1968 онд уг ажиллагааг бүрмөсөн зогсоосон бөгөөд шалтгаан нь мөн л цөмийн бөмбөгтэй онгоц осолд орж, цөмийн бөмбөг нь тэсрэх тун ч дөхсөн явдал билээ. Гэхдээ энэ ослын цаашдын үр дагавар Паломаресын ослоос ч илүү аюултай байж болох бөгөөд учир нь нэг цөмийн бөмбөгийг одоо хүртэл олоогүй байгаа гэсэн батлагдаагүй мэдээлэл бий. Ер нь ийм алга болсон цөмийн бөмбөгний тоо... энэ нь тусдаа сэдэв билээ.

Паломаресын хавьд болсон ослын үед хичнээн олон гай болж, аз болж гэсэн тохиолдол болсныг тоолоход гайхмаар. Эдгээрийн нэг нь л өөрөөр эргэсэн бол юу болох байсныг төсөөлөхөд хэцүү биш. Гэтэл тэгж “өөрөөр байх” боломж, магадлал маш өндөр байсан юм билээ.

Сэтгэгдэл 3ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
9 сар 17. 18:08
Зочин

Хугарсай сум ажиллагаа

9 сар 15. 23:22
Зочин

оросуудын бүтэлгүйтлээс зөндөө байгаа биз дээ

9 сар 15. 21:17
Зочин

гренланд аралд унагасан 2 бөмбөг олдоогүй байгаа

Сэтгэгдэл бичих
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]