Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Түүх, шинжлэх ухааны олон сонирхолтой контентыг түгээгчид, эрдэмтэн судлаачдын бүтээлийг та бүхэн энэ хуудаснаас сонирхон уншаарай!

Доктор Хокингийн "Огторгуй ертөнцийн үүсэл"-ийн онолУншсан1,689

Хорин жилийн өмнө түүний бичсэн “Ертөнцийн тухай” ном нь дэлхий даяар бестселлер болсон юм.

Дэлхийн хамгийн нэр хүндтэй, суут ухаант эрдэмтдийн нэг бол доктор Стивен Хокинг /Stephen Hawking/ мөнөөс мөн. Тэрээр огторгуй ертөнцийн хамгийн хэцүү асуултад хариулт олохын төлөө насан туршийн амьдралаа зориулж, тэр хэрээрээ ихээхэн амжилтад хүрсэн манай цаг үеийн гайхамшигт оюун ухаантнуудын нэг төдийгүй хүн төрөлхтний түүхэнд цөөхөн төрсөн суут ухаант шинжлэх ухааны онолч гэдгийг дэлхий нэгэнт хүлээн зөвшөөрөөд байгаа.

Хорин жилийн өмнө түүний бичсэн “Ертөнцийн тухай” ном нь дэлхий даяар бестселлер болсон юм. Тэрээр номдоо "Хүн төрөлхтөн олон жилийн асуултдаа яв цав тохирсон хариултыг олж чадах нь гарцаагүй ба удахгүй.

Огторгуй ертөнцийн асар олон оньсогыг тайлах онол бий болоход ойрхон байна. Ертөнц анх яаж бий болсон, ертөнцийн төгсгөл гэж байх болов уу зэрэг олон асуултад хариулах онол бий болно" хэмээн итгэлтэй бичсэн байдаг.

Тэрээр "Огторгуй ертөнцийн бүхий л зүйл анх хэрхэн бий болсон бэ? Энэхүү асуултын хариултыг мэдвэл Бурханы зүрх сэтгэлийг мэднэ гэсэн үг" хэмээн хэлэх дуртай аж.

Хокинг сансар огторгуй, хорвоо ертөнцийг судалж, учир утгыг нь бүрэн тайлахыг хичээсээр хэдий ч нэгэнт нөмөрсөн хүнд өвчнийг яаж ч чадсангүй. Түүний биеийн ихэнх хэсэг саажилттай болсон юм. Доктор Хокинг амьдралынхаа үлдсэн хугацаанд хорвоо ертөнцийн оньсогыг тайлж амжих болов уу?

Хүн төрөлхтөн ямар учраас оршин тогтнож байна вэ? Хаанаас ирсэн бэ?

 Хокингийг олон жил эмчилж байгаа доктор Бернард Карр

Энэхүү асуултад хариулахыг зорьж буй доктор Хокинг эмч нарын төсөөлж байснаас илүү урт хугацаагаар амьдарч байна.

Энэ тухай доктор Бернард Карр "Хокинг огторгуй ертөнцийн оньсогыг тайлна гэж сэтгэл зүрхэндээ шийдсэн учраас л олон жилийн турш судалгаа хийж чадаж байна" хэмээжээ.

1942 онд төрсөн Стивен Хокинг эрүүл саруул байсан хүүхэд ахуй наснаасаа л од гариг, огторгуй ертөнц хэрхэн бий болсныг сонирхдог байжээ. 1960-аад он хүртэл энэхүү асуултад хариулт өгсөн эрдэмтэн байхгүй байлаа.

Эрдэмтэд огторгуй ертөнцөд эхлэл гэж байхгүй, хязгааргүй үргэлжилнэ гэж үздэг байв. Харин тэр үед нэгэн шинэ онол гарч ирсэн нь огторгуй ертөнцийн бүхий л зүйл анх нэг жижигхэн цэгний асар хүчтэй тэсрэлтээс бий болсон гэж үздэг “Биг Бэнг” онол. Гэвч хэрхэн яаж огт оргүй зүйлээс хорвоо ертөнц бий болсон байх вэ?

20 настай Хокинг энэхүү асуултад хариулахаар судалгаа хийж эхэлсэн байдаг. 1962 онд Кембрижийн Их сургуулийн докторантурт суралцаж эхэлсэн Хокинг судалгааныхаа үр дүнг хурдан харуулахаар эрчтэй зүтгэж байжээ.

Хокингийн найз доктор Кип хэлэхдээ "Хокинг эрдэмтдийн дунд хүлээн зөвшөөрөгдөж эхэлсэн ч түүнийг бусдаас онцгой ухаантай гэдгийг тухайн үед хэн ч мэдээгүй байсан" хэмээж байв.

Ийнхүү судалгаа шинжилгээний ажилд бүх цагаа зогсолтгүй зарцуулж байсан үеэс л доктор Хокинг өөрийнх нь биеийн хөдөлгөөн өөрчлөгдөж байгааг мэдэрч эхэлжээ. Тэрээр эмнэлэгт үзүүлэхэд ALS буюу бүх биеийн булчин агших өвчин гэгдэх төсөөлөшгүй онош гарч. Түүний бүхий л бие мэдрэлгүй болох нь цаг хугацааны л асуудал байсан ба хоёр жилийн дотор л нас барна гэж эмч нар баттай хэлж байв. Хокинг дөнгөж 21-хэн настай байсан ба огторгуй ертөнцийн оньсогыг тайлах хүсэл мөрөөдөл нь үгүй болж докторын диссертациа бичиж дуустал амьд байх эсэх нь тодорхой бус болжээ.

Хокинг сэтгэл санаагаар унаж ямар ч зүйл, тэр бүү хэл асар их хүсэн тэмүүлж байсан судалгааны ажил нь ч утгагүй санагдаж эхэлсэн нэгэн бүсгүй түүний амьдралд гарч ирснээр бүх зүйл өөрчлөгджээ.

"Гэрлэснээр аавын минь хувьд бүх зүйл сайнаар эргэсэн. Аавд маань хүсэл мөрөөдөл, эрмэлзэл дахин бий болж судалгаагаа үргэлжүүлэх хүсэл эргэн төрсөн" хэмээн охин Люси Хокинг нь аавынхаа тухай ярьсан байдаг.

Гэр бүлтэй болсон Хокинг өөрийн үлдсэн амьдралын цаг хугацааг огторгуй ертөнцийн эхлэлийг тайлбарлахад үргэлжлүүлэн зориулах болов. Тухайн үед огт оргүй зүйлээс бүх зүйл бий болсон гэж тайлбарладаг “Биг бэнг” онолд олон арван эрдэмтэд үл итгэдэг байв.

Харин Хокинг тэрхүү асуултад хариулт болохуйц анхны санаагаа 1965 онд суут математикч Рожер Пенросийн /Roger Penrose/ лекцэд суухдаа олсон гэдэг.

Доктор Пенрос нь огторгуй ертөнцөд ямар ч биетийг залгих асар том нүх байх ба түүн рүү орсон од гариг ор сураггүй болдог гэсэн таамаглал дэвшүүлсэн.

Эсрэгээр огт оргүй зүйлээс бүхий л зүйлс бий болох “Биг бэнг” онолыг батлах нь Хокингийн хамгийн анхны том алхам байлаа. Гэхдээ огторгуй ертөнцөд нүх хэрхэн бий болох вэ?

 Доктор Рожер Пенрос

Хариулт нь хүндийн хүчинд байж магад гэсэн таамаглал байлаа. Суут ухаант Эйнштейний “Харьцангуй ерөнхий онол”-оор хүндийн хүч гэдэг нь татах хүчнээс гаднах орон зайг гажуудуулж мурийлгана гэж үздэг. Оксфордын Их Сургуулийн доктор Педро Ферейра /Pedro Ferreira/ нь хүндийн хүч огторгуй ертөнцөд хэрхэн нөлөөлөхийг судалдаг.

Ферейрогийн номонд "Эйнштейн хүндийн хүч гэдэг нь хоёр биет өөр хоорондоо таталцах хүч бус илүү төгс төгөлдөр зүйл гэдгийг анх нээсэн. Эйнштейний хүндийн хүч болон цаг хугацаа, орон зайны ойлголтыг дэлгэсэн даавуугаар төсөөлж болно. Од гаригууд тэрхүү даавууг даран хонхойлгосон байдалтай байдаг. Эйнштейн хүндийн хүч гэдэг нь таталцах хүч бус даавууг хотойлгож хонхойлгох хүч гэж тайлбарласан. Тэрхүү хонхорхой нь аливаа биетийг татдаг.

Резинэн хавтгайг огторгуй гэж төсөөлөе. Бөмбөлгийг од гэж үзэн огторгуйн орон зайд байрлуулахад хонхорхой бий болно. Тухайн од нь том байх тусам улам том хонхорхой үүснэ. Мөн зоосыг гариг гэж үзэн хонхорхой руу өнхрүүлэн шидэхэд өөрийн тойрог замаа даган эргэлдэнэ. Үүнийг хүндийн хүч гэх ба Эйнштейн анх нээсэн болно. Өөр үгээр хэлбэл бидний ойлгодог хүндийн хүч нь цаг хугацаа, орон зайг гажуудуулна гэсэн үг.  Дэлгэсэн даавуу нь эцэстээ тултал хонхойж сунахад гайхалтай өөрчлөлт бий болж огторгуй ертөнцөд аливаа биетийг сорон авах нүх гардаг. Баталгаа нь нарнаас 20 дахин том одны амьдралын хугацаа дуусахад тухайн од дотоод руугаа чиглэн хумигдаж нягтрал нь асар өндөр болж огторгуй ертөнцийн орон зайд хонхорхой үүсгэдэг. Хонхорхой нь маш гүнзгий тул түүний хажуугаар өнгөрөх орторгуйн ямар ч биетүүд, гэрэл ч хүртэл доош залгигдан сорогдож тэндээс буцаж үл гардаг. Үүнийг огторгуйн хар нүх гэж нэрлэдэг"хэмээн бичсэн байдаг.

Тэгвэл доктор Рожер Пенрос хар нүхний төвд хүндийн хүч хязгааргүй болохыг тодорхойлж түүнийг "Gravitational singularity" буюу "Хүндийн хүчний сингуляр цэг" гэж нэрлэсэн. Хар нүх дотор ороход бидний мэдэх физикийн үзэгдлээс тэс өөр үзэгдэл бий болно. Сингуляр цэг гэдэг нь цаг хугацаа, орон зайны төгсгөл гэсэн үг. Өөрөөр хэлбэл сингуляр цэг нь усан хоолойн гуурс шиг ертөнцийн нүх буюу түүн рүү унасан бүх зүйлс мөхнө гэсэн үг хэмээн тайлбарладаг.

Нийтлэлийн гол баатар Хокингийн хувьд “Хар нүх”-ний эсрэг үзэгдэл бий болох боломжтой гэж үзсэнээр эрдэмтдийн дунд тэсрэлт болсон юм. “Биг бэнг” онолоор бол ертөнцийн бүхий л зүйлс огт оргүй хоосноос эхэлсэн ба огторгуйн хар нүх нь “Биг бэнг” онолыг батлах түлхүүр болжээ. Тэрээр Пенросийн теоремд үндэслэн цаг хугацааг эсрэгээр нь өөрчлөн, маш жижигхэн цэг бүхий нягтрал асар хүчтэй дэлбэрэлт үүсгэхийг баталжээ.

Эсрэг чиглэлд өөрчлөгдөх хар нүх нь бүхий л зүйлийг залгих бус цаг хугацаа, орон зай, огторгуйн биет болон дэлбэрч “Биг бэнг” таамаглалын дагуух үзэгдэл болно гэсэн үг.

Ингээд ертөнцөд эхлэл байсан нь зайлшгүй гэдгийг Эйнштейний харьцангуй онолд үндэслэн Хокинг, Пенрос хоёр баталсан юм. Цаг хугацаа, огторгуй ертөнцийн эхлэлийг тэд нээж чадсан ч цаг хугацааг зогсоох арга байгаагүй тул 26 настай докторын биеийг өвчин бүрэн нөмөрч хоёр хөл нь мэдээ алдан алхаж чадахгүй болов.

Гэвч тархи, оюун ухаан нь гайхамшигтай ажилласаар байлаа. Бүх зүйлийн эхлэлийг мэдсэн ч тэрээр асар хүчтэй дэлбэрэлтийг бий болгосон шалтгааныг мэдэхгүй байлаа. Энэ нь доктор Хокингийн хувьд хамгийн хэцүү асуулт болон үлджээ. Ертөнцийн эхлэл нь атомоос ч жижигхэн тул асар жижигхэн ертөнцийг тайлбарлах онол хэрэгтэй буюу квантын ухааныг ашиглах шаардлагатай. Хамгийн гол асуудал нь атом, электроны хөдөлгөөний зүй тогтлыг таамаглах аргагүй тул хүндийн хүчний онолоор тайлбарлаж болохгүй байв. Тиймээс харьцангуй онол болон квантын онол нь бие биенийхээ эсрэг онол хэмээн Хокинг үзжээ. Аль нэг нь л зөв гэж хэлж болохгүй.

NASA-гийн судалгааны төвийн доктор Кимбери Хокингийн дэвшүүлсэн энэхүү эсрэг тэсрэг байдлыг одоо судалж байгаа юм. Доктор Кимбери "Бөмбөлгийг ашиглан харьцангуй ерөнхий онол болон квантын онолын эсрэг тэсрэг байдлыг тайлбарлаж болно. Бөмбөлгийг асар том биет гэж бодвол зүй тогтлыг нь харьцангуй ерөнхий онол, хүндийн хүчээр тайлбарлаж үйл хөдөлгөөнийг нь урьдчилан мэдэж болно. Харин хэт жижигхэн атомын ертөнц нь ямар ч зүй тогтолгүй тул түүнд асар том ертөнцийн зүй тогтол нийцэхгүй. Өмнө нь электрон нь атомын цөмөө тойрон зүй тогтолтойгоор эргэлддэг гэж үздэг байсан. Гэвч орчин үеийн судалгаагаар электрон нь зүй тогтолгүйгээр үүсэн бий болж эсвэл алга болдог гэдэг нь батлагдсан. Энэхүү зүй тогтолгүй атомын ертөнцөд хүндийн хүч ямар ч утга учиргүй. Доктор Хокинг ертөнцийн эхлэлийг эрж олохын тулд харьцангуй ерөнхий онол болон квантын онолыг нэгтгэн "Бүхнийг тайлбарлах онол" бий болгож чадсан. Түүний "Бүхнийг тайлбарлах онол" нь онолын физикийн ухааны туйлын зорилго байсан ба хэдэн зууны турш эрдэмтэд хариултыг нь хайж ирсэн ч олсон хүн үгүй" хэмээн түүний талаар ярьжээ.

Үргэлжлэлтэй.

Сэтгэгдэл 1ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
6 сар 23. 10:18
Зочин

Энэ эрдэмтэн Нобелийн шагнал авсан уу

Сэтгэгдэл бичих
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]