Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Түүх, шинжлэх ухааны олон сонирхолтой контентыг түгээгчид, эрдэмтэн судлаачдын бүтээлийг та бүхэн энэ хуудаснаас сонирхон уншаарай!

Хүн төрөлхтөний түүх бол их нүүдлийн түүх юмУншсан1,398

Монголжуу төрхтөн хүмүүсийн үеэс эхлэн тэдний их нүүдлийн улбааг бид багцаа таамгаар олж мэдэх бололцоотой байгаа нь цаг хугацааны хувьд одоогоос 500-250 мянган жилийн өмнөх үед хамаарах юм.

Монгол Улсын СГЗ, хэл шинжлэлийн ухааны доктор Я.Ганбаатар бичиж байна.


“ХҮН ТӨРӨЛХТНИЙ ТҮҮХ БОЛ ИХ НҮҮДЛИЙН ТҮҮХ МӨН”

Хүн төрөлхтний үүсэл хөгжлийн тухай олон үеийн эрдэмтэн мэргэдийн судалгаа шинжилгээ, бодит баримт сэлт хийгээд хүний үүслийн голомтуудыг мөшгин тогтоосон хөдөлбөргүй ул мөр, түүний тархацын талаар авч үзэхэд Төв Азийн өндөрлөг уудам бүс нутаг бол хүмүүн төрөлхтний үүсэн буй болсон анхдагч голомт мөн гэсэн үзэл дүгнэлтийг дэлхийн олон эрдэмтэд урьд хожид дэвшүүлэн өөр өөрсдийн судалгааны үр дүн, бодит баримт хийгээд таамаглал магадлалаар баталсаар ирсэн билээ. Өнөөдрийн байдлаар Япон тэнгисээс Каспийн тэнгис, Уралын нуруу хүртэл, Умард мөсөн далайгаас Хималайн уулс, Шар мөрний сав газар хүртэл Төв Азийн уудам дэлгэр газар нутаг дээр эртний хүмүүс үүссэн, сүрэглэн аж төрж асан голомт, ул мөр олноор олдож тэмдэглэгдсэнийг эрдэмтэд судалж он цаг, ахуйн нөхцлийн талаар тодорхойлон тогтоожээ.

 

Ийм голомт өнөөгийн Монгол Улс болоод БНХАУ-ын нутаг дэвсгэрийн хойд хэсгээс илэрсэн нь судлаачдын анхаарлыг ихэд татдаг бөгөөд БНХАУ-ын дурдсан бүс нутаг бол эрт цагаас нүүдэлчин ард түмнүүдийн газар нутаг байсан билээ. Төв Азийн бүс нутаг бол хүн төрөлхтний үүссэн анхдагч голомтуудын нэг төдийгүй хүн төрөлхтний их нүүдлүүд, тархан суурьшсан анхдагч өлгий, хожуу үеийн нүүдэлчин ард түмнүүдийн уугуул нутаг нь мөн. Энэ газар нутаг дээр өнөөгийн бидний хүн буй болсноос хойш эртний Хүн нар, Сүмбэ, Түрэг, Уйгар, Нирун, Хиргис, Хятан, Зүрчид…гээд Монгол, Түрэг олон улс түмэн түүхийн урт удаан хугацааны туршид нүүдэллэн аж төрсөөр ирсэн юм. Энэ урт удаан хугацааны турш дахь хүний үүсэл гарал, хөгжил хувьслын түүхийг мөшгихөд Их нүүдэл хэмээн нэрлэсэн, дэлхий дахинаа хүн төрөлхтөн тархан суурьшсан үйл явцтай салшгүй холбоотой болох нь илэрнэ. Нэг үгээр хэлэхэд хүн төрөлхтний түүх бол Их нүүдлийн түүх, тэр тусмаа хүмүүн бидний анхдагч өлгий болсон Төв Азийн өндөрлөг тал нутгаас энэ дэлхийн өнцөг булан бүр рүү, бусад тив, хуурай газар тийш тархан нүүдэллэж суурьшсан түүх мөн авай.

Төв Азийн өндөрлөг бүс нутагт анхны хүн үүссэн тэр тодорхойгүй эрт балар цагаас эхлэн анхны хүмүүс үргэлжид нүүдэллэн шинэ шинэ нутаг орон тийш тархан суурьшсаар байсан бөгөөд Прото-Монголоид буюу Монголжуу төрхтөн хүмүүсийн үеэс эхлэн тэдний их нүүдлийн улбааг бид багцаа таамгаар олж мэдэх бололцоотой байгаа нь цаг хугацааны хувьд одоогоос 500-250 мянган жилийн өмнөх үед хамаарах юм. Энэ үеийн Монголжуу төрхтөн сүрэглэсэн хүмүүс Евразийн хуурай газраар тархан суурьшиж Европ, Африк тивд хөл тавьж эхэлсэн байна. Харин тэд Америк, Австрали тивийг “нээж” далайн орнууд гэгддэг Номхон далайн олон мянган арал олтриг дээр очиж суурьших хүртэл энэ үеэс хойш бас багагүй цаг хугацаа өнгөрсөн юм.

Үргэлжийн Их нүүдлийн явцад анхны хүмүүс дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийг даган халуун дулаан бүс нутаг тийш тархан нүүдэллэж байсан тухайн цаг үеүдэд болсон байгаль цаг уурын хэд хэдэн хувьсал өөрчлөлт, хуурайшил, цөлжилт, мөстлөг, их түймэр зэрэг нь Их нүүдлүүдэд нөлөөлсөн бөгөөд энэ нь ямагт дэлхийн бөмбөрцгийн уртрагийн дагуу хойноос урагшаа экваторын зүгт чиглэлтэй явагджээ. Энэ талаар Оросын их түүхч Л.Н.Гумилёв “Дэлхийн шим мандал ба Угсаатны гарваль” номдоо товчхон таамаглал гаргасан нь “Орчин үеийн хүн судлалын ухаанд арьстнуудын ангиллыг дэлхийн бөмбөрцгийн өргөргийн хуваариар бус харин уртрагийн хуваарийн дагуу авч үзэж Атлантын бүс: үүнд европжуу ба негр төрхтний тархалтыг багтааж, Номхон далайн бүс: үүнд Ази, Америк тивийн Монголжуу төрхтний тархалтыг хамруулжээ. Энэ үзэл баримтлал нэг бол байгаль, цаг уурын орчин арьстны гарвалд/расогенез/ нөлөөлсөн, эс бол энэ хоёр арьстан цаг уурын өөр өөр орчинд бүрэлдсэн байж болохыг харуулж байна” гэсэн байдаг.

Үнэхээр ч тийм байна. Төв Азийн өндөрлөг бүс нутагт үүссэн анхны хүмүүс цаг уурын өөрчлөлтийг даган урагш нүүдэллэн Төв, Өмнөд, Зүүн Азид хүрч улмаар Далайн орнуудад хүрчээ. Тэгвэл Европ тивийн төв хэсгээс Европжуу төрхтөн хүмүүс мөн урагш нүүдэллэн явсаар Африкт хүрч, умаршаа Берингийн тэнгисийг гатлан Төв Азиас хойд Америкт хүрч очсон Монголжуу төрхтөн нүүдэлчид бүр Өмнөд Америкийн эх газрыг уруудан аялж мөнөөхөн эл хуль асан нэг тив хоёр эх газар дээр анхны хүний мөрийг гаргасан юм. Ийнхүү хүн төрөлхтний их нүүдэл анх Төв Азиас эхэлсэн гэж эрдэмтэд үздэг бөгөөд өдгөөгөөс 50 мянган жилийн тэртээд Төв Азийн өргөн уудам тал нутагт оршин аж төрж асан эртний хүмүүс өмнө зүгт нүүдэллэн халуун дулаан орнуудад хүрч тархан суурьшсан мөнөөхөн Их нүүдэл гэгчийн ул мөр, эд баримт бидэнд тодорхой байна. Төв Азиас зүг бүр тийш тархан нүүдэллэсэн Монголжуу төрхтөн өнөөдөр Сибирь, Алс Дорнодын Сахалин, Хүрлийн арлууд, Умард туйлын бүс нутгаас гадна Японы арлууд, Солонгосын хойг, Манжуурын тал нутаг, Баруун ба Зүүн өмнөд Ази, түүнчлэн Америк тивийн хоёр эх газар, Номхон далайн олтригууд, Австрали, Шинэ Зеландад оршин сууж байна.

Эрдэмтэд эдгээр их нүүдлийн улбааг үндсэн дөрвөн бүлэгт хуваан үздэг. Үүний нэгдэх ангилалд Зүүн Азид оршин сууж буй Монголжуу төрхтөн багтах бөгөөд энэ хүрээнд Сахалин, Хүрлийн арлууд, Манжуур, Монгол, Солонгосын хойг, Хоккайдо, Окинава, Тайвань арал, Баруун өмнөд Хятадын бүс нутаг хамаардаг. 200-500 мянган жилийн тэртээд амьдарч байсан эртний хүний ул мөр, эд өлгийн зүйл энэ бүс нутгийн хэд хэдэн газраас олдсон төдийгүй түүнээс янагшлаад 100 мянга, 30-40 мянган жилийн тэртээд аж төрж асан хүмүүсийн ул мөр нийт Ази тивийн өнцөг булан бүрт олноор олдсон байна.

Хоёр дахь ангилалд Сибирь, Камчатка, Умард туйлын бүсэд оршин сууж буй Монголжуу төрхтөнг хамруулдаг. Тэд бол 30-40 мянган жилийн тэртээд энэ нутагт очиж суурьшсан эвен, юкагир, чукчи, коряк, якут/саха/ зэрэг цөөнх тоот үндэстэн ястан мөн Төв Азийн бүс нутагт хоол хүнс, ан гөрөө хомсдохын хэрээр тэд улам хойш даялан, далайн хав, арслан заан ангуучлан явсаар Умард мөсөн далайн эрэг хөвөөнд тулж очсон бөлгөө. Гуравдахь ангилалд үндсэнд нь Америк тивийн умард, өмнөд эх газарт оршин суугч Монголжуу төрхтөн хэмээгддэг, бидний сайн мэдэх индианчуудыг хамруулан үздэг байна. 110-15 мянган жилийн тэртээд дэлхийн цаг уур одоогийнхоос илүү хүйтэн байжээ. Сүүлчийн мөстлөг болж өнгөрсөн энэ цаг үед дэлхийн бөмбөрцгийн дийлэнх нь усан мандал, хөлдөнги мөс байсан ба далайн түвшин 100-120 метрээр нам дор байлаа. Берингийн хоолой бараг хуурай байсан нь Сибирь, Аляска хоёрын хооронд гарам болж өгчээ. Берингийн хоолойгоор дамжин Аляскад хүрсэн Сибирийн арслан-зааны ангуучид “Анхны америк хүн” буюу чулуун зэвсгийн үеийн индианчууд болцгоосон байна.

 Төв Азиас Америк тив рүү чиглэсэн Их нүүдэл хоёр удаа болсныг судлаачид тогтоосон бөгөөд үүний анхных нь 17-21 мянган жилийн өмнө, удаах нь 12 мянганы тэртээд болсон байна. Эхний удаад нүүж очсон индиан омгийнхон Аляскаас цааш нутгийн гүн рүү урагшилж чадаагүй, учир нь замд нь мянган км өргөн мөсөн хучлага хөндөлсөж байжээ. Харин 12 мянганы тэртээд цаг уур дулаарч гарц нээгдэхэд урагшлан нүүдэллэсээр 11 мянганы тэртээд Өмнөд Америк руу орж очсон нь Монголжуу төрхтөн нүүдэлчид мянган жилийн дотор 15 мянган км урт уудам газар нутгийг эзэмшин суурьшсан гэсэн хэрэг юм аа. Монголжуу төрхтөн индианчуудын ахуй соёл, ёс заншлын талаар бид нэлээд гадарлана. Тэдний дунд Майяа, Ацтек, Инкүүд зэрэг өвөрмөц   соёл иргэншлийг төрүүлсэн омгийнхон байснаас гадна Монголчууд бидний хувьд судлууштай зүйл бол индиан угсаатнуудын ахуй соёл, ёс заншил,  хэл аялгуунд нийтлэг төстэй зүйл элбэг бөгөөд энэ бүхнийг судалж тогтоох явдал ач холбогдолтой байх нь дамжиггүй.

Дөрөв дэх ангилалд Номхон далайд оршин суугч үндэстэн ястнуудыг хамааруулж үздэг юм. Далайн орнуудын хүн амыг үндсэнд нь Австрали-Меланезийн ба Австранезийн гэж хоёр хуваадаг ажээ. Энэ хоёр бүлэг хүмүүс Ази тивээс цаг хугацааны хувьд ихээхэн зайтай урьд хойноо орон нүүдэллэжээ. Тухайлбал эхний бүлэг хүмүүс одоогоос 50 мянган жилийн өмнө, хоёрдахь бүлэг хүмүүс 5-7 мянган жилийн өмнө нүүдэллэж очсон байна.

Их нүүдлийн мөн чанар, учир шалтгаанд юуны өмнө үндсэн хоёр хүчин зүйлийг холбогдуулж болно. Нэгд: Байгаль цаг уурын учир шалтгаан. Үүнийг байгалийн шалгарал гэж томъёолъё. Хоёрт: Нийгмийн учир шалтгаан. Үүнийг дээрхийн адилаар нийгмийн шалгарал гэж томъёолж болох юм. Цаг хугацааны хувьд энэ хоёр ойлголт холилдсон бус дараалсан үйл явц бөгөөд байгалийн шалгарлаар үүдсэн Их нүүдлүүд нь хүн төрөлхтний нялх балчир цагт болж өнгөрсөн бол нийгмийн шалгарлаар үүдсэн Их нүүдлүүд манай тооллын эхэн үеэс эхэлж өнөө ч хүн төрөлхтөн нийгмийн элдэв учир шалтгааны улмаас нүүж суусаар байгаа билээ. Одоо энэ хоёр үндсэн шалтгааныг задлан тайлбарлая.

Байгалийн шалгарал гэгч нь зөвхөн адгуус амьтанд тохиолддог  шалгуур сорилт биш юм. Хүн гэдэг бодгаль амьтан ухамсарт сэтгэхүйтэйгээрээ л адгуусаас ялгардаг болохоос, байгаль эхийн бусад “үр хүүхдийнх” нь адил сайн муу, хайр хишиг, гэсгээл цээрлэл аль алиныг нь эдлэх, хуваалцах эрхтэй ч, үүрэгтэй ч юмсанж. Тэр ёсоор байгаль эхийн олон сорилт шалгалтыг эдлэн туулж, тэсч чадсан нь оршин байсаар, тэсч эс чадсан нь үгүй болсоор иржээ. Хүн гээч амьтан адгуус амьтдыг бодвол тэсвэр тэвчээртэй, амьдрах чадалтай байсныхаа ачаар хүнд бэрх сорилт, шалгуурыг даван гарч, улам  чангаран чийрэгжиж, ухаалаг оюунлиг болсоор байжээ. Тэгээгүйсэн бол  олон төрлийн адгуус амьтан байгалийн шалгарлыг давж чадалгүй устаж мөхсөн шиг аль хэдийн үгүй болох байсан биз ээ.

Байгалийн шалгуур олон янз байлаа. Их мөстлөг, цөлжилт, хуурайшилт, хүйтрэлт, дулааралт, эргээд хүйтрэх зэргээр байгаль цаг уурын олон янзын өөрчлөлт хувьсалтуудад дасан зохицох гэж нүүж сууж байх зуур газар хөдлөлт, галт уулын дэлбэрэлт, үер, түймэрийн аюул үй олноор нь авч одсоор байжээ. Энэ бүхнээс яаж амь гарах вэ? гэдэг асуудал оюун ухаан сууж ухамсарлан сэтгэх чадвартай болсон анхны хүмүүсийн тархинд хийсэн анхны том шалгуур бол нүүдэл байлаа. В.Шекспир, Гамлетаараа дамжуулж хүн төрөлхтний өмнө тавьсан “To be or not to be?” буюу “Орших уу, эс орших уу?” гэсэн мөнхийн асуулт үнэндээ Шекспирээс бүр өмнө тавигдсан өнө мөнхийн асуудал байсан бөлгөө.

Өнөөгийн шинжлэх ухааныг зүүдлээ ч үгүй байсан анхны хүмүүст бурхан тэнгэр, далдын ид шид, ертөнцийн эзэн буй мэт санагдаж, чухам тэд л хилэгнэн их үер урсгаж, их түймэр үлээн хөөрөгдөж, бороо цас оруулан, нарыг өргөн мандуулж, сарыг түлхэн хөөргөдөг гэж ойлгодог  байсан буй заа. Анхны хүний тархины үйл ажиллагаа идэвхжин хөгжиж, сэтгэх ухамсарлах болсны анхны үр дүн нь ихээхэн хийсвэр сэтгэлгээ байсан ч  тэр бүгд л “Орших уу, эс орших уу?” гэдэг асуудалд хариу өгөх, байгалийн шалгуурыг даван туулах асар том, урт удаан хугацаат алхмын эхлэл болсон юм. Үүнээс үүдэн хүн өөрийгөө хэрхэн яаж хамгаалах шийд олсон  байлаа. Энэ бол Их нүүдэл байв. Тухайн цаг үе, үйл явдлын дунд энэ үгийг дүрвэх, дайжих, холдох, зайлах, зугтаах…гэх мэт олон янзаар илэрхийлж болох байсан нь ерөнхий сонгодог утгаараа байгалийн шалгуурыг даван туулсан агуу их ялалт бол гагцхүү Их нүүдэл бөгөөд нөгөө талаас нь тодорхойлох юм бол нүүдэл нь шалгарал хэмээх төгс үйл байжээ.

Төв Азийн өргөн уудам газар нутгийн нэгээхэн хэсэгт суурьшмал соёл иргэншил цэцэглэн хөгжиж байхад нүүдэлчин ард түмнүүд түүнтэй зэрэгцэн мянга мянган оныг нүүдлийн замд үдэн хорвоог туулсаар байлаа. Олон мянган жилийн тэртээгээс энэхүү их нүүдлийн замаар, байгалийн шалгарлын хуулиар тэдний элэнц дээдэс нь эргэж ирэлгүй нүүн  дэлхийгээр таран одсоор, тэдний үед хүрч ирэхэд голомтоо сахин үлдсэн нүүдэлчид угсаатан бүрэлдэх үйл явцын босгон дээр тулж ирсэн нь нөгөө талаас нь хэлвэл сүрэглэсэн анхны хүмүүс хүй нэгдэл, овгийн байгууллын үеийг бодвол ихээхэн нийгэмжсэн хэрэг байлаа. Зэрэгцэн оршиж буй суурин соёл иргэншлийг бодвол тэд урьдын адил нүүж суусаар, нүүдлийн соёл иргэншил улам бүр сонгодог шинжтэй болж, хөгжин хувьссаар байлаа. Чухам энэ л үеэс Их нүүдлийн сонгодог хэлбэрт өөр хүчин зүйл нөлөөлөх болов. Их нүүдэлд байгалийн шалтгаан  гол чухаг хүчин зүйл байхаа больж, гэлээ ч нүүдэлчин ард түмнүүдийн аж төрөх ёсон, амьдралын хэвшил болсон жамаараа тийн нүүж суусаар мянган оныг элээн атал…гаднын шалтгаан тэднийг аанай л Их нүүдэлд хүргэж, бужигнуулж орхижээ.

 Нэг үгээр хэлэхэд нийгмийн шалгарал тулж ирээд байлаа. Энэ нийгмийн шалгарал гэгчээс болж Төв Азийн нүүдэлчин ард түмэн нэг бол суурин соёл иргэншилд автан уусч, эс бол түүнээс дүрвэн алс холд нүүдэллэн одох болов. Тэгэхдээ наран жаргах зүгт одоцгоох болжээ. Байгалийн шалгарлаас үүдсэн их нүүдлүүд ямаг уртрагийн дагуу явагдсан бол нийгмийн шалгарлаас үүдсэн их нүүдлүүд дэлхийн газар зүйн өргөргийн дагууд явагдсан юм. Энэ талаар нэлээн тодотгож ярилцъя. Төв Азийн цээжнээ анхлан мандаж, нүүдэлчин ард түмнүүдийн анхны төрт улсыг байгуулсан гавьяа Хүн нарт оногддог билээ. Харамсалтай нь тэд нийгмийн шалгарлаас ангид байж чадсангүй ээ. Энэ өргөн уудам газар нутаг дээр хүний нийгэм үүсч хөгжихийн хэрээр нүүдлийн хийгээд суурьшмал соёл иргэншлүүд зэрэгцэн оршиж болохгүй байв уу? Цаг хугацааны хувьд авч үзвэл харьцангуй богино хугацаанд бол болно, урт хугацааны туршид бол болохгүй байлаа. Энэ нь цаашлаад нийгмийн харилцааны хүчин зүйлүүдтэй холбоотой байв.

Хоёр өвөрмөц соёл иргэншил тус тусдаа өөр өөрийнхөө замаар цааш явж болсонгүй юу? Болсонгүй. Нийгмийн харилцаа гэдэг хамгийн эгэл утгаараа хүрэлцэх, солилцох үйл тул хоёр соёл иргэншил үүнээс ангид байж чадаагүй юм. Цаг явж, нийгэм хөгжсөөр байхад хэн “насаараа” малынхаа арьсыг дотогш нь эргүүлэн өмсч, дандаа л мах идэж байхыг хүсэх билээ. Тэрбээр торго дурдан, даавуу даалимба өмсөх, гурил ногоо, жимс жимсгэнэ ч идэхээс хэн буцах билээ. Нөгөө хүн ч мөн мах идэж, сүү уух хүсэлтэй байж таарна. Бас арьс шир, үс ноосыг нь олоод авбал илүү сайн торго дурдан, хувцас хийж юу магад? Нийгмийн харилцаа ингэж л эхэлдэг… Гэтэл хяслантай нь хоёул бие биендээ зүгээр өгч авалцаад байхыг хүссэнгүй ээ. Чухам л өгч авах дээрээсээ болж хоёр тал зүгээр байж чадаагүй юм.

Хятадын эртний түүхийн гол сурвалж бичиг болсон “Түүхийн тэмдэглэл”-дээ зохиогч Сыма Цянь бичихдээ: “Тэд бидэнтэй арилжаа хийх хүсэлтэй байдаг. Тэд биднийг өг гэж, бид өгөхгүй гэж, ер тэдэнтэй харилцах дургүй тул тэд уулгалан довтлох болов” гэх мэтээр энд өгүүлэн буй учир шалтгааныг бичсэн байдаг. Хятадын эртний хаад нэг бус удаа ийм зарлиг буулган, тэр нь нүүдэлчид сөрөг довтлон түйвээх шалтаг болдог байлаа. Бас зөрчилдөх нэг шалтаг бол хуумгай болчимгүй явдлаас нэг бус удаа үүдэж байсныг жишээ татан өгүүлбэл “Түүхийн тэмдэглэл” номдоо “…Тэр үед тэнгис далайн зүг илгээсэн Лу Шэн эгэн ирж, элдэв сүнс сүлд, тэнгэрийн бошгыг сонсгоод, зурхайн мэргийн таавар бичээс үзүүлвээс тэр нь “Цин улсыг Ху нар/Хүннү/ мөхөөмүй” хэмээсэн байсанд Цинши хуанди, Мэн Тянь жанжинд гучин түмэн цэрэг өгч умар зүг Хүннүг довтлоор илгээсэнд тэд Хэнань нутгийн хугасыг/өдгөөгийн Өвөр Монголын зарим нутаг/ эзлэн авав. Бас баруун хойш Хүннүг хөөн холтгож Шар мөрнийг уруудуулан дорно зүгт Иньшань ууланд тултал хориг болгон их хэрэм босгов. Тийнхүү гучин дөрөвдэх жилдээ/мтө 213 он/ эзэн хаан, умарш үй олон боол илгээн Түмэн газрын Цагаан хэрэмийг байгуулвай” хэмээсэн байдаг.

Ийнхүү нүүдэлчдийн өмнө “Орших уу, эс орших уу?” гэдэг хүн төрөлхтний мөнхийн асуулт дахин тавигдав. Хүний нийгэм улам бүр хөгжин цэцэглэсээр байсан энэ үед суурьшмал соёл иргэншил шинэ шинэ давуу талуудыг олж эзэмшиж, харин нүүдэлчин ард түмнүүд байгаль – эхтэй хамт байснаараа эрчимт хүчтэй байлаа. Гэвч хүчний харьцаа тэнцвэргүй байв. Тухайлбал манай эриний эхээр Хятадын хүн ам 60 сая байхад нүүдэлчин ард түмнүүд нийлээд 2 сая хүрэхгүй байв. Нэгэн цагт Төв Азийн цээжнээ Номхон далайгаас Хар тэнгис хүртэл, Байгаль нуураас Шар мөрөн хүртэлх уудам нутагт хүчирхэн мандсан Хүн улс Хятадын их цэргийн удаа дараагийн довтолгоонд арга буюу хүчин мөхөсдөж, бас хятадуудын хатгалгаар Сяньби нар бослого гарган  түйвээсээр, мтө 48 онд Өмнөд, Умардад хуваагдсаны Өмнөд хүн улс нь Хятадын эрхшээлд орж аажмаар ууссан юм.

Одоо өнөөх гол асуудал маань гарч ирлээ. Умард Хүн нар яасан бэ? гэдэг асуудал. Умард Хүн нар Их нүүдлийн замд гарч алс баруун зүгт нүүдэллэн Ижил мөрөнд хүрч, бас цаашлан Хар тэнгисийн эрэг хөвөөнд хүрээд өдгөө Болгар, Унгар, Германчуудын өвөг дээдэстэй нийлэн суусан билээ. Хүн нарын дараа Төв Азийн тал нутагт Сяньби нар хүчирхэгжин мандав. Гэвч тэд бас л Хятадад автан мөхөж нэг хэсэг нь тэдэнтэй нийлэн уусаж, нөгөө хэсэг нь Нирунчуудтай нийлэн хожим нь Түрэгийн захиргаанд орж, нүүж суусаар байлаа. III-V зууны үед хүчирхэгжин мандсан Нирун улс аанай л Хятадын хүчинд автан мөхөж нэг хэсэг нь Хүн нарын их нүүдлийн улбаагаар алс баруун тийш нүүдэллэн одсон юм. Энэ цаг үеэс эхлэн Төв Азийн нүүдэлчин улс түмэн нийгмийн учир шалтгааны сорилт шалгарлаар үргэлжийн их нүүдлийн замд бужигнасаар байлаа. Нэгэн цагт хүчирхэг явсан Түрэгийн хаант улс Хятадын Тан улсад автан мөхөж, нэг хэсэг нь тэдний цусыг сэлбэн уусаж нөгөө хэсэг нь үндэс угсаагаа авран үлдээхийн эрхээр дүрвэн баруун тийш нүүдэллэж Истанбул буюу “Бул чулуутай” хэмээх газар хүрч тогтсоноор өнөөдөр дэлхийн хөгжингүй арван орны нэг болж үнэхээр үндэс угсаагаа мөхөөлгүй авран гарч чаджээ.

Уйгар, Хотон, Хиргис, Авар, Хитан нар мөн л тийм хувь заяа эдэлснийг нурших нь илүүц буй заа. Монгол угсааны Хитан нар ХII зуун хүртэл оршин тогтноод нэг хэсэг нь Хятадад уусч нэр алдраа тэдэнд үлдээгээд нүүцгээжээ. Хятад гэдэг нэр уг нь Монгол угсааны Хитан нарын алдар байсан боловч тэд өмнө зүгийн тариачин нангиадад уусмагц нь бусад нүүдэлчин улс түмэн тэднийг Хятад гэж нэрлэсэн аж. Ийнхүү нийгмийн шалгарлаас шалтгаалсан Их нүүдлүүд тасралтгүй үргэлжилсээр ХХ зууныг угтсан юм. Нийгмийн шалгарлаас шалтгаалсан их нүүдлүүдийн түүхийг нэгтгэн үзвээс “Орших уу, эс орших уу?” хэмээсэн асуултын шийдэл гарч “Нүү! Нүүвэл оршин тогтноно! Эс нүүвэл уусч үгүй болно!” гэсэн хариу гарч байна. Тиймээ. Хүн нарын хагас нь нүүсэн. Түрэгийн хагас нь нүүсэн. Нирун, Сяньби, Хитан, Хиргис, Уйгур…гээд ихэнх нь нүүн одсоор байсан. Тэр ч байтугай саяхны жишээ гэхэд Баруун Монголчууд чухам энэ л шалгарлын хуулиар ХVI зууны үед нүүн оджээ.

Их нүүдэл хүн төрөлхтний түүхийн аль ч цаг үед үргэлжилсээр иржээ. Тэдгээрийн заримаас дурдвал, Баруун Энэтхэг хэмээн андуурч, Америк тивийг нээсэн Христофор Колумбын аялалын үр дүнд Монголжуу-индианчуудын ноёрхол төгсч Европоос Америкийг чиглэсэн колончлогчдын их нүүдэл гурван зууны туршид тасраагүйгээр үл барам өнөө ч үргэлжилсээр байна гэж хэлж болно. Үүний дараахан шинэ тивд суурьшсан колончлогчид ажлын хямд хүч болгон Африкаас сая сая боол худалдан авч, бас нэгэн их нүүдлийн зам гаргажээ. Үүнтэй зэрэг шахам английн далайчид Австрали тивд хөл тавьж, хатан хааныхаа эзэмшил болгон өмчилж, эрээн далбаагаа мандуулснаар Монголжуу-абориген/уугуул иргэд/-үүдийн “ноёрхол” дуусч, цагаан арьстны их нүүдэл тэр зүгт цутгажээ. Энэ мэтчилэн Канад, Гренландад франц, англичууд нүүн суурьшиж, Бразилийн ширэнгэ, Амазонкийн шугуй руу испани, португалийн конкистадорууд одоцгоож, Малайз, Филиппин рүү энэтхэгчүүдийн нүүдэл цувж, умард туйлаас бусад хуурай газар дээр хятад хүний мөр гарчээ. Тэр ч атугай Октябрийн хувьсгалаар олон сая цагаан орос, украин, беларусь, польш, армян хүмүүс дэлхийгээр нэг тарж, Дэлхийн хоёрдугаар дайны хөлөөр еврей нар ийш тийш дайжиж байсан бол өнөөдөр Бага Азид олж авсан алга дарам газрынхаа зүг тэмүүлцгээж байна.

Ийнхүү дүгнэн хэлэхэд хүн төрөлхтний түүх бол Их нүүдлийн түүх мөн ажгуу. Оюун ухаан гэгч гайхамшгийг эзэмшсэн хүн гэгч бодгаль амьтан дэлхий дээр мэндэлсэн тэр цагаас эхлэн үргэлжид нүүн суусаар өнөөг хүрч иржээ. Байгаль болоод нийгмийн шалгарлаар явагдаж ирсэн энэхүү Их нүүдэл эргээд байгаль болоод нийгэмд нөлөөлөн харилцан шалтгаацаж, дэлхийн түүхийг Их нүүдлийн замд туурвин бүтээсээр байнам. Коммунизмын онолч В.И.Ленин: “Өнөөг хүртэлх хүн нийгмийн түүх бол ангийн тэмцлийн түүх мөн” хэмээн томъёолж онолдсон байдаг. Тэгвэл үзэл суртлаас ангид, аливаа нэгэн санаанаас зохиосон онол цэцэрхлээс ангид, жамаараа яваа ертөнцийн хуулиар “Хүн төрөлхтний түүх бол Их нүүдлийн түүх мөн” гэж томьёолмоор байна.

21 дүгээр зууны эхний хорь шахам жилийн түүхийг харахад ч энэ ойлголт нотлогдож байна. Европыг чиглэсэн араб, африкийн их нүүдэл дуулиантайхан үргэлжилсээр байгаа нь дундад зууны үед Европоос Америкийг чиглэсэн цагаан арьстнуудын, бас Африкаас Америкийг чиглэсэн харарьстнуудын их нүүдлийн цувааг санагдуулнам. Болгарын зөнч Ванга эх “Европод лалынхан дүүрч, европчууд цөөнх болно” гэж зөгнөсөн байдаг. Монголчууд ч нүүдэлчин араншингаа гээсэнгүй, ардчиллын буянаар 200 мянган Монгол харьд нүүж одсоноор өнөөдөр Америк, Европт, Солонгос, Японд хэн нэг нь байхгүй гэр бүлийг олоход бэрх болжээ.

2019 он.

Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]