Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Чингис, Өгөдэй, Гүюг, Мөнх, Хубилай энэ тав болваас Их Монгол Улсын агуу их хаад билээ.

Монголчууд ба кипчакуудУншсан5,533

Орос болон Булгарт бага зэрэг саатсан монголчууд 1241 оны эхээр Котяныг устгахаа урьтал болгон Европт цөмрөн орсон.

Алтан ордны улсын түүх судлаач, доктор (Ph.D) Т.Сүхбаатар

МОНГОЛЧУУД БА КИПЧАКУУД

Кибчаг цэрэг

Кипчакууд буюу Оросоор Половцы, кибчаг, коман, куман гэх мэтээр бичдэг Түрэг угсааны аймаг Байгаль нуураас хар тэнгис хүртлэх өргөн уудам нутаг дэвсгэрт  “Дешт и Кипчакийн талд нүүдлэн амьдарч байсан ард түмэн юм.

Кипчак гэдэг дуудлага нь орос хэлнээс шууд буусан нэр тул монгол хэлэнд ойр болгох үүднээс Кибчаг гэж дуудах зүйтэй биз. Кибчагууд бол түрэг гаралтай ард түмэн гэж зарим судлаачид үздэг нь буруу. Кибчагууд хэзээ ч нэгдмэл ард түмэн байсангүй. Магадгүй ганц хэлнээс өөр ямар ч холбоогүй, тэгээд ч бие биедээ дайсагнах нь цөөнгүй олон олон овог аймгийн цогц байжээ. Ганц нэгдмэл цул болгодог хүчин зүйл нь түрэг хэл байжээ. Тиймээс ч цэвэр түрэг гэж бас үзэж болохгүй юм. Кибчагууд загалмайн шашинтай байж оросуудтай гэрлэж тэр ч байтугай Невийн Александр кибчагийн эрлийз байсан гэж үздэг.

Нэрт эрдэмтэн Л.Н.Гумилевийн тодорхойлсноор кибчагууд нь хүннү, сармат, алан, телеут, түрэг зэрэг өөрсдийн чацуутан нартайгаа зэрэгцэн он удаан жил аж төрж, угсаатны хувьд мөхөлгүй үлдсэн байсан юм. Тэртээ Х зууны үед Печенег буюу Кангар, Кибчаг, Огуз гэсэн гурван том угсаатан өнөөгийн Казахстаны нутагт зэрэгцэн оршиж байжээ. Түүхийн явцад Печенег, Огуз нар нь баруун өмнөд тийшээ нүүснээр нутагтаа үлдсэн овог аймгуудыг нэгтгэсэн Кибчагийн хаант улс улам бүр томорсон юм.

Монголчууд кибчагуудтай дайтах болсон шалтгаан нь их сонирхолтой. Чингис хааны үед мэргидүүд баруун зүгт зугтан кибчагууд дээр очиж амь хоргодсон бөгөөд кибчагууд бүхий л талаар өмгөөлж, хамгаалж байсан нь тэднийг дайлахын эхлэл болсон гэсэн нэг гаргалгаа байж болох. Чингисийн цэргээс зугтсан мэргидүүд кибчаг болон канглы нарын нутагт орогнож байсан тул 1215-1218 онуудад Зүчи, Сүбэдэй нар Тогтоа бэхийн мэргидүүдийн үлдсэн хэсгийг бут цохин сүйрүүлжээ.

 

Монголчууд Булгарын хаант улс руу 1236 онд довтлох үед монголчуудад хөөгдөн тэнд очоод нас барсан мэргидүүдийн шарилыг Булгарын Кибчаг ноёны нутгаас олж байжээ. Мэргидээс үлдсэн хүмүүс Ойрд гэх мэт Монгол овог аймгуудад уусан монголын нэг овог болсон бол бусад нь түрэг угсааны Кибчаг зэрэг аймагт очин тэндээ шингэжээ.

Өөр нэг үндэслэл бол Кибчагийн удирдагч Котян нь Чингис хааны өст дайсан Хорезмын шах Мухаммедийн эх Туркан хатны хамаатан, тиймээс ч Хорезм шахын нэгэн адил монголчуудын дайсан байсан юм. Хорезмын дайны үед кибчагууд олноор Мухаммед шахын талд орон тулалдсан бөгөөд Мухаммедыг насан эцэслэх үед түүний дэргэд үнэнч кибчаг цэргүүд нь эцсийн мөч хүртэл байсан юм. Шахын эх Туркан хатан түмэн зүйлийн үндэстнээс бүрдсэн хөлсний цэргүүдэд бус харин өөрийн үнэнч гарал нэгтэй кибчаг цэргүүдэд илүү итгэж байжээ. Чадварлаг кибчаг цэргүүд Мухаммед шахыг Зэв, Сүбээдэй нарын гарт алдалгүй ямар ч байсан Каспийн тэнгисийн зэлүүд арал дээр аваачиж чадсан юм.

Хорезмын шахыг мөрдөн хөөсөн Зэв, Сүбээдэй нар кибчаг цэргүүдийг хөөн явсаар 1223 онд Орост нэвтрэн орсон. Кибчагуудыг гаргаж өгөхийг Оросын вангуудаас шаардсан ч татгалзсан хариу авсан бөгөөд алдарт Калка гол дээр Орос, Кибчагийн нэгдсэн армийн 80,000 орчим цэргийг бут цохисон түүх энэ билээ. Энэ бол хожмын том өс болон үлдсэн юм.

Тэгээд ч 1235 онд Хархорум хотод болсон Их хуралдайн шийдвэрээр түүхэнд алдаршсан “Кибчагчин аян” дайны эхлэлийг тавьсан юм. Энэ аян дайны хөлд Ижлийн Булгар, Орос, Европ болон бусад улс үндэстнүүд өртсөн билээ. Түүнээс тусгайлан ямар ч учир шалтгаангүйгээр Европ, Орос руу монголчууд дайраагүй юм.

Кибчагуудын эсрэг аян дайныг ахмад хөвгүүдийн аян дайн ч гэж нэрлэх нь бий. Энэ дайнд алтан ургийн 13 ахмад хөвгүүд болон бусад цэргийн жанжид оролцсон. Цар хүрээний хувьд Хорезмын хаант улсын эсрэг хийсэн аян дайнаас том, олон улс үндэстэнг хамарсан олон жил үргэлжилсэн дайн байжээ. Энэ дайнд Монгол цэргийн ерөнхий командлагчаар Зүчийн хүү Бат томилогдон ажилласан. Цэргийн тооны хувьд 40-50 мянган монгол цэрэг оролцож бусад эзлэгдсэн ард түмнээр нөхөн хангалт хийх зорилготой морджээ.

Зүчийн улсын цэрэг кибчагуудын эсрэг эхний өргөн хүрээтэй байлдааны ажиллагааг Ижил мөрний Булгарын хаант улсыг довтлохтой нэгэн зэрэг явуулжээ. Кибчагт Монголын эзэнт гүрний ирээдүйн их хаад болох Өгэдэйн хүү Гүюг, Тулуйн хүү Мөнх нар Батын цэргийн тэн хагас буюу 2 түмэн (20,000) цэргийг удирдан нэвтрэн оржээ. Кибчагуудыг 100,000 орчим цэрэг гаргах хүчин чадалтай байсан гэж үздэг. Гэсэн ч монголчууд өөрсдөөсөө тоогоор давуу дайсны эсрэг дайрахдаа кибчагуудын овог аймгуудын хоорондын зөрчлийг овжин ашиглаж зарим нэг аймгийг нь нөгөөгийнх нь эсрэг ашиглаж чаджээ.

Мөнх, Гүюг нар замдаа Кибчагт дарлагдаж байсан зарим улс үндэстний цэргээр хүчээ зузаатган үндсэн хүчийг нь 1237 оны намар гэхэд бут цохисон. Ингээд хоёр хан хөвгүүд Батын хамт кибчагийн үлдэгдлийг хөөн Орос руу ороход бэлэн болсон юм. Кибчагийн удирдагч Котян өөрийн 40,000 өрхийг авч Оросын нутагт амь дүйн зугтан оджээ.

Монголын цэрэг Оросын нутагт орсны дараа 1238 онд кибчагууд хэд хэдэн томоохон бослого гаргаснаас үзэхэд өнөөх л оросын түүхчдийн бичдэг шиг нэг ч хүн үлдээлгүй алж устгаж, геноцид үйлдээгүй нь харагдаж байгаа юм. Энэ бослогыг хүчээ авахаас нь өмнө даруулахаар Бэрхийг Бат хан илгээсэн тухай Рашид ад дин ....Хижрийн 635 оны нохой жил (1237 оны 8 сараас 1238 оны 8 сар хүртэл) Бэрх кибчагийн зүг хөдөлж Аржумак, Куранбас, Капаран болон гол нь Бекрутийг барьж авчээ гэж тэмдэглэсэн байна. Кибчагийн ард түмэн Алтан ордны улсын үндэс суурь болох байсан учир тэгж нийтээр нь алж хядаж устгасан түүх байхгүй юм. Үхсэн хүнээс алба татвар хэрхэн авах билээ дээ.

Кибчагийн Боянк ханы удам болох Буржоглы овгийн толгойлогч Бачманы бослого нь хамгийн томоохон байсан тухай Оросын он дарааллын бичгүүдэд дурдсан нь бий.  Бачманы эсэргүүцэл тун ширүүн болж, газар авч олныг хамарсан тул Бат хан түүнийг даруулахаар хан хүү Мөнхийг дүү Бужигийн хамт 2 түмэн буюу 20,000 орчим цэргийн хамт илгээж байжээ. Бачманы бослогын талаар Рашид ад дин тодорхой бичиж үлдээсэн байдаг. Түүний өгүүлснээр хан хүү Мөнх, Бужиг нар Бачманы араас хөөн явахдаа 200 онгоц бүтээж Ижил мөрнийг гаталж ой шугуйд нуугдсан Бачманыг хороож ард иргэдийг нь харьяандаа оруулсан гэж өгүүлжээ.

Кибчагийн бослого Бат ханыг өмнөд Орос, Европт явж байхад хүртэл гарч байжээ. Хижрийн 639 онд (1241 оны долдугаар сарын 12-ноос 1242 оны зургадугаар сарын 30 хүртэл) кибчагууд олноороо Кутан болон Зүчийн хүү Шингүрийг дайран довтлоод бут цохиулав гэж Рашид ад дин тэмдэглэн үлдээжээ. Бат хан Кибчагийн бослого үймээнийг Европ дахь аянаас буцан ирснийхээ дараа 1243 он гэхэд бүрэн дарж дуусгажээ.

Кибчагийн удирдагч Котян Орос болон Унгарын Бела вангуудтай ураг төрлийн холбоотой байсан. Тухайлбал Мажарын IV Бела ванд албат иргэдээ дагуулан очиж хоргодон улмаар өөрийн ач охиноо (өөрийнх нь охин ч гэдэг) Бела вангийн хүү Ишванд өгч ураг барилдсан. Бела ван ч эхийн талаасаа кибчаг гаралтай байсан зэргээс үүдэн монголчуудын эсрэг томоохон эвсэл үүсэхээр байжээ.

Котяныг баруун тийш зугтах замд нь түүнтэй ураг төрлийн холбоотой байсан Оросын вангууд зүйл бүрээр туслан монголчуудын нэхэн хөөхөд нь саад тээг болж байсан юм. Кибчагуудыг гаргаж өгөх, тэдэнд туслахгүй байхыг шаардсан Монголыг элчийг хороосны дараа л монголчууд их цэргийн ар өвөр хоёр талаас ирэх аюулаас сэргийлэн Котяныг нэхэн хөөх замдаа Оросыг дайлаар мордсон юм. Орос бол анхнаасаа л Монголын дайны зорилго байгаагүй, гол зорилго бол кибчагууд байсан гэдгийн дахин онцлоё. Тиймээс Бат хан онцын шаардлагагүй л бол Оросын вант улсуудад халдах сонирхолгүй байсан ба үүнийгээ ч Рязань, Владимир мэтийн вант улсуудад ойлгуулж зөвхөн монголчуудын заналт дайсан кибчагуудыг гаргаж өгөхийг хүсч байсан. Гэвч оросууд өөр дээрээ гай, гамшиг дуудсан гэж Оросын зарим судлаачид үздэг нь үнэний ортой. Түүгээр явсан гайг үүгээр дуудах гэж монгол хэлц үг ч бий.

Гэхдээ Орос кибчагууд тийм ч эвтэй найрамдалтай байгаагүй юм. 120 жилийн дотор буюу 1116-1236 он хүртэл кибчагууд Орос руу таван удаа халдаж, оросууд Кибчаг руу мөн таван удаа аян дайн хийж, Оросын өвөр хоорондын тулалдаанд кибчагууд 16 удаа оролцож байжээ. Орос Кибчагийн дайны тухай оросын “Игорийн хорооны тууж” хэмээх туульсад тодорхой өгүүлсэн байдаг.

Монголчууд Оросын вант улсуудыг байлдан дагуулах нь тэр үед ердөө бараг л стратегийнх нь хэд хэдэн зорилтын ганцхан нь буюу урьдчилан сэргийлэх төдий арга хэмжээ байсан.

Монголын нууц товчооны эхэд “Кибчагчин аян” (Академич Ц.Цэрэнсодном “Кибчагийн аян” гэж хөрвүүлсэн) гэж нэрийдсэн байдаг нь тэр аян дайны зорилго нь кибчагийг төвшитгөх явдал ба гол дайсан нь кибчагууд байсны баримт. Тэгээд ч монголчууд тэрхүү дайны явцад өрнө зүг давшсаар Адриатын тэнгис хүрсэн нь ердөө кибчагуудыг л мөшгөн мөрдсөөр явсны үр дүн байсан нь тодорхой байгаа юм.

Гэхдээ энэ аян дайны үр дүнд Зүчийн улс хил хязгаараа тэлж, Кибчаг, Булгар зэрэг улс аймгуудыг нэгтгэн, Орос зэрэг бусад улсуудыг түшмэг болгох нөхцөл бүрдсэн билээ.

Орос болон Булгарт бага зэрэг саатсан монголчууд 1241 оны эхээр Котяныг устгахаа урьтал болгон Европт цөмрөн орсон. Монголчууд заналт дайсан болох Котяныг орогнуулсан, түүнийг хамгаалсан, барьж өгөхөөс татгалзсан ямар ч улс оронд өршөөлгүй хандаж байсан юм.

Бат хан Мажарын IV Бела ванд хандаж ширүүн үгтэй илгээлт явуулсан тухай Мажарын шашны номлогч Юлиан бичиж үлдээжээ. Түүнд: Тэнгэрийн хааны элч болж түүний таалан соёрхсоноор дэлхий ертөнцийг захирч, хүлцэн дагагсдыг өршөөн тэтгэж, эсэргүүцэн тэмцэгчдийг даран сөнөөж яваа хаан миний бие Мажарын хаан чамайг хараад гайхах юм. Би чамд гучин удаа элч илгээхэд нэгийг нь ч буцааж явуулсангүй. Өөрийн элчийг ч, илгээлт бичгээ ч надад ирүүлсэнгүй. Чи хамгаас хүчирхэг хаан, олон цэрэгтэй, их улсыг дангаар захирч байдгийг чинь би мэднэ. Тийм ч болохоор сайн дураараа надад дагаар орж захирагдахад хэцүү байгаа биз. Уг нь чи сайн санаагаар намайг хүлцэн дагавал чамд л өлзийтэй байхсан. Түүнээс гадна чи миний боол барлаг болох кумануудыг (Кибчаг) ивээж, тэтгэж байдгийг чинь би мэдлээ. Кумануудыг хойшид хоргодуулахгүй байхыг чамд тушааж буйн учир нь тэндээс болж чамтай муудалцахгүй байхын тулд билээ. Куманчууд чинь байшин барилгагүй, нүүж явдаг улс болохоор зугтан зайлахад амар байж мэднэ. Чингэж ч магад. Харин чи байшинд суудаг, цайз, хот олонтой болохоор миний гараас яаж гарна? гэж сүрдүүлэн бичжээ. Уг захидлаас харахад л хэргийн эзэн хэн болох нь харагдаж байгаа бөгөөд Европт нэвтрэн орсон зорилго ч тодорхой байна. Бела ван энэ илгээлтэд хариу өгөөгүйгээр үл барам харин ч Монголын элч төлөөлөгчдийг цаазлан хороосон юм.

Кибчаг гаралтай Бела ван Котяныг хажуудаа байлгасныхаа төлөө Унгарт асар том хагарлыг бий болгосон. Доктор Ч.Чойсамба энэ тухай өөрийн бүтээлдээ дараах зүйлсийг өгүүлжээ....Гарал угсаанаасаа болоод Унгарын дээд хүрээнд, тэр ч байтугай Ромын папд  ч нэр хүнд муутай байсан Бела өөрийн дэргэд үнэнч 40,000 кибчаг цэрэгтэй болж мөн кибчагуудыг загалмайн шашинд оруулж Папад шинэ татвар төлөгч олж өгөн нэр хүнд авахыг хичээж байжээ. 1239 онд үймж бужигнасан кибчагуудыг өөрийн биеэр ёслол төгөлдөр тосон авч Унгарын үржил шимтэй тал нутагт газар олгосон байна. Нүүдлийн болон суурин соёл иргэншил шууд л зөрчилдөх болжээ. Кибчагуудын тууж ирсэн тоо томшгүй олон мал мажаруудын газар тариалан аж ахуйд ихээхэн хүндрэл учруулах болжээ. Үүгээр ч үл барам кибчаг залуус Мажарын охид бүсгүйчүүдийг хүчирхийлж, дээрэм тонуул ч гаарсан байна. Мөргөлдөөн энд тэнд гарч зарим үед илд зөрүүлэх болсон байна. Мажарын дээд хүрээнийхэн Бела ванд шахалт үзүүлсэн ч түүний ард яахаас ч буцахгүй 40,000 үнэнч кибчаг цэрэг байлаа.

Монголын их цэрэг ойртох тусам үймэн сандарсан Мажарын ноёд хуйвалдаан зохион байгуулж Кибчагийн удирдагч Котяны амийг хороосон нь дайран дээр давс гэгчээр болжээ. Монголчуудтай олон жил байлдаж сурсан зохих хэмжээний туршлага хуримтлуулсан хашир хүнийг үгүй хийжээ. Удирдлагаа алдсан кибчагууд замдаа тааралдсан бүхнийг хүйс тэмтрэн Мажарын олон тосгон сууринг галдан шатааж Балканы хойгийн зүг амь тэмцэн зүтгэжээ. Чадварлаг жанжин, түүний 40,000 цэргийн хүчийг мажарчууд нэг дор үгүй хийжээ.

Котяны харьяат албат нарын цаашдын хувь заяаны талаар араб сурвалжуудад өгүүлсэн байдаг. Арабын он дарааллын бичиг зохиогч Ибн Тагрибердигийн өгүүлснээр: Татарууд хижрийн 639 онд кибчагуудын нутагт халдан орохоор шийдэх үед кибчагууд Валахын (өнөөгийн Румын улсын нутагт байсан хаант улс) хан Унусхантай холбоо барьж Судакийн тэнгисээр дамжин түүний нутагт хүрч татаруудаас хаацайлж хоргодуулахыг хүссэнд тэрээр зөвшөөрч хоёр уулын дундах хөндийг зааж өгчээ. Тэд 640 онд тийш нүүн очин амар тайван сууж байтал Валахын эрх баригчид үүргээ зөрчин халдан довтолж алж, хядаж тэднээс олзлон авав гэж өгүүлжээ. Валахын эрх баригчид монголчуудаас айсандаа ч юм уу, эсвэл монголчуудын тушаасан ёсоор кибчагуудыг хэрцгийлэн дарсан байна. Удалгүй хижрийн 640 (1242-1243 он) онд монголчууд Болгар, Валахд цөмрөн орж эрх баригчдаар нь Монголын эзэн эрхийг хүлээн зөвшөөрүүлж байжээ.

Кибчагуудын зарим хэсэг нь Мажарт үлдэж тэнд суурин амьдралд шилжин христийн шашинд орж нутгийн иргэдтэй ууссан байна. Котяны албат иргэдийн үлдсэн хэсэг нь цааш зугтан явсаар Македонид нүүн ирж нэг хэсэг нь Никейн эзэн хаан III Иоанн Ватацийн албанд орсон байна. Никейн эзэнт гүрэн гэж өнөөгийн Туркийн нутгийн төв хэсэгт оршиж байсан улс юм. Өнөөгийн Турк улсын хүн ам түрэг хэлтэй кибчагуудтай холилдсон түүх энэ. Гэхдээ өнөөгийн Турк эртний Түрэг хоёр тэс өөр, ондоо үндэстэн гэдгийг бодолцох хэрэгтэй биз ээ.

1242 оны зун гэхэд кибчагуудыг хөөн Европт тулалдан явсан монголчууд их хаан Өгэдэйг таалал төгссөн мэдээг аваад гэдрэг буцсан юм. Ийнхүү Кибчагийн аян дайн төгсгөл болжээ. Кибчагийн аян дайны хөлд Булгар, Орос, болон Европын олон улс орон өртжээ. Монголчууд Ижлийн Булгар, кибчагуудыг бутцохиж үүний хүчинд өнөөгийн Оросуудын газар нутгийн эх үндэс тавигдсан.

Гэвч эцсийн зорилго Орос, Европ, Булгар ч биш зөвхөн кибчагууд байсан гэдгийг ахин дахин сануулах нь зүйтэй биз ээ. Түүхэнд ч “Кибчагчин аян дайн” гэдэг нэрээр үлдсэн билээ.

Сэтгэгдэл 5ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
2 сар 3. 4:37
Зочин

Кибчакуудыг газрын херснеес ингэж арчсантай адилаар хар хятадыг арчаад енгерех байсаныг хубилай гуйцэтгэлээгуй нь тун тоогуй. Боломжыг их муухай алдсанаас егеедер монгол угсгаатнууд зовж байгаа юмдаа.

2 сар 3. 21:44
Зочин

Тийм зүйл боллоо ч дахиад л цаадах улсуудтай нь хийллэнэ.Хэнтэй ч таардаггүй та бас л устгахуу?

1 сар 30. 15:18
Зочин

үүнийг түүхэн үнэнд гүйцэгдэнэ гэдэг байхаа Монголын аян дайн оросын эсрэг чиглээгүй тэр үед орос улс гэж байгаагүй Харин Киптак гэж байсан Болгарын хаант улс гэж байсан

1 сар 30. 23:35
Зочин

estoi goe sonirholtoi tuuh unshchihlaa ih uil zaaval zorilgotoi bidag gej unen yum bina

2 сар 21. 4:00
Зочинzochin

Doshgin zorigt mongol uvug deedsiin delkhiig zakhirch yavsan bodit tuukh bulguu.so nar komiks ulgeriin baatar bolood mongoliin tuukhiig ulger duurial bolgoj uuriin tuukh meteer daljignaj baigaa gedeg.

Сэтгэгдэл бичих
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]