Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Чалчаа саарал: Жуков ба Кока КолаУншсан2,383

Гэхдээ Эйзенхаураас биш харин генерал Кларкаас ингэж гуйсан бөгөөд өнгийг өөрчлөхийг хүсдэг нь Америкийн империализмын бэлгэ тэмдэг болсон ундаа ууж байгаагаа бусдад мэдэгдүүлэхгүйн тулд юм гэнэ.

Дэлхийн 2-р дайн Европын нутагт дуусч, ялагч нар цаашдын төлөвлөгөө ярилцаж байсан тийм нэгэн уулзалтын үеэр Европ дахь холбоотны цэргийн ерөнхий захирагч, Америкийн Дуайт Эйзенхаур (дараа нь ерөнхийлөгч болсон) нь бидний сайн танил, Зөвлөлтийн маршал Жуковт өөрийнхөө уух дуртай Кока Колаг нь амсаж үзэхийг хүсжээ. Мэдээж өөрөө энэ ундааны фэн хойно сайхан амт, сэргээх чадварыг нь гайхуулан ярьсан байж таараа. Энэ хар хүрэн өнгөтэй ундаа Жуковт дэндүү таалагдсан бөгөөд дараа нь тэрээр америкчуудаас энэ ундааг арай өөр өнгөтэйгөөр хийж хувьд нь нийлүүлэх боломжтой эсэх тухай асуусан байна. Гэхдээ Эйзенхаураас биш харин генерал Кларкаас ингэж гуйсан бөгөөд өнгийг өөрчлөхийг хүсдэг нь Америкийн империализмын бэлгэ тэмдэг болсон ундаа ууж байгаагаа бусдад мэдэгдүүлэхгүйн тулд юм гэнэ.

Генерал Кларк энэ тухай шууд л Ерөнхийлөгч Трумэнд дамжуулсан ба өнөөх нь «Кока-Кола Экспорт Корпорейшн»-ы удирдагч Жеймс Фарлид даалгавар өглөө. Нохой нь сүүлээ, сүүл нь... зарчмаар Фарли нь Кока Колагийн техникийн удирдагч Миладин Зарубицэд ийм ундаа хийх ажлыг даалгасан байна.  Зарубиц нь тохирох химич олж ундаагаа өнгөгүй болгон, даалгаврыг биелүүлэн маршал Жуковыг баярлуулсан гэдэг.

Энэ өнгөгүй ундаа нь тунгалаг савтай,  таган дээр нь улаан таван хошуутай бөгөөд эхний удаа 50 авдрыг хийжээ. Харин үүнээс хойш Жуков уг ундаанд дургүй болсон уу яасан дахиж ийм ундаа захиалаагүй юм гэнэ лээ. Сонирхуулж хэлэхэд энэ өнгөгүй ундааг (магадгүй бага зэрэг өөрчилсөн байх) одоо Японд зардаг гэсэн.

Энэ түүхийг Марк Пендергаст гээч хүн өөрийн бичсэн "For God, Country and Coca Cola" хэмээх номондоо дурдсан бөгөөд дэлхийн нэр хүндтэй, том хэвлэл мэдээллийн хэрэгслүүд чухам үүнээс иш татан дээрх түүхийг дэлхий нийтээр тараасан байдаг. BBC болон Wikipedia…гэх мэт. Марк Пендергаст нь дээр дурдсан Кока Колагийн техникийн удирдагч Миладин Зарубиц хэмээх хүнээс энэ мэдээллийг авсан юм байх. Гэхдээ энд эргэлзээтэй зүйлс бий .

Кока Кола нь ямар өнгөтэй байх нь Жуковт ямар хамаа байна? Зөвлөлтөд тэртэй тэргүй Кока кола байхгүй учир хэн ч түүнийг гадны, тэр тусмаа Америкийн юм ууж байна гэж мэдэхгүй. Сайндаа л квас гэж бодно биз. Гадных байсан ч яалаа? Зөвлөлтийн удирдагч нарт франц коньяк, Америк янжуур танил биш гэж үү. Бас Америкийн үхрийн махан консерв Зөвлөлтийн ялалтад зохих хувь нэмэр болоогүй гэж  хэлэх зоригтой хүн ховор байх. Хамгийн гол нь догшин ширүүн, их зантай Жуков нь Америкийн нэгэн жижиг генералыг царай алдан гуйж байна гэдэг их л сонин сонсогдож байна.

Мөн энэ түүхэнд нэр нь нэлээд гарах Кока Колагийн техникийн удирдагч Миладин Зарубиц гээч эр бас сонирхолтой. Тэрээр Европт Кока Колаг дэлгэрүүлэх ажил хийж байсан төдийгүй хэд хэдэн адал явдлын ном бичсэн эр гэнэ. Дандаа л тагнуул туршуул, буудалцаан, цагаан үст нүцгэн шахам хүүхэн гарсан ном бичиж хэвлүүлж байсан байна. Бас ч шинээр бодож, зохиохдоо гайгүй эр байсан бололтой. Магадгүй энэ бүх түүх худлаа, Миладин Зарубиц анх зохиож, тэрийг нь Пендерграст дэлгэрүүлж, одоо Кока Кола компани чимээгүйхэн өөгшүүлэн байдаг байж ч болох юм.

P.S.

Coca Cola  хэмээх энэ ундааны тухай маш олон янзын үнэн худал нь эргэлзээтэй яриа бий. Нэг жишээ нь  Кока кола-гаар төмрийн зэвийг арилгаж болно гэдэг явдал. Төмрийн зэвийг арилгаж байгаа юм чинь бидний гэдэс ходоодыг яах нь тодорхой... аймаар... бузар булай... айн гэж бичин сошиал сүлжээгээр тарж өгнө. Үнэхээр төмрийн зэвийг энэ ундаагаар арилгаж болох ба энэ нь тухайн ундаанд буй нүүрсхүчилтэй холбоотой юм байна. Ундаа хэдий чинээ их хийжүүлсэн байна төдий чинээ зэвийг хурдан арилгана. Өөрөөр хэлбэл Кока Коланаас илүү хурдан төмрийн зэв арилгах ундаа олон байх нь.  Харин давсны хүчил нь ийм зэвийг бүр дор нь, агшин зуур арилгах маш хүчтэй эд. Сонирхолтой нь бидний ходоод гэдсэнд чухам энэ хүчил байж байдаг юм гэсэн шүү.

Нийтлэлч Чалчаа саарал

Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]