Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Өчигдөр өнөөдөр хосолсон холын хязгаар ШинжаанУншсан2,093

Шинжаан нутгийн тухай мянган түмэн мэдээлэл бий. Тэр бүхнийг унших, сонсох нь хангалтгүй, харин өөрийн биеэр очиж байж л жинхэнээр нь ойлгож чадна гэдгийг цөөхөн хоногийн аялал маань нотолсон гэж хэлж болно.

ЮМ ЮМААР БАЯН НУТАГ

Шинжаан нутгийн тухай мянган түмэн мэдээлэл бий. Тэр бүхнийг унших, сонсох нь хангалтгүй, харин өөрийн биеэр очиж байж л жинхэнээр нь ойлгож чадна гэдгийг цөөхөн хоногийн аялал маань нотолсон гэж хэлж болно. Шинжаан бол БНХАУ-ын нийт хуурай газрын зургааны нэг. Монгол, Орос, Казах, Кыргыз, Тажик, Афган, Пакистан, Энэтхэг гэсэн найман улстай хил залгана. Гол хот  Өрөмч нь дэлхий дээрх далайгаас хамгийн хол оршдог хотгэдгээрээ бас онцлог. Алдарт Такла-Маканы цөл Шинжаанд байдаг.

Хятадын нийт нүүрсний 40, хуурай газрын нийт байгалийн хий, газрын тосны нөөцийн тус бүр гуч гаруй хувь нь Шинжаанд бий гэхээр энэхүү хязгаар ямар баян нутаг гэдэг нь тодорхой.

Энэ нутагт  уйгар, хан, хасаг, дунгаан, кыргыз, монгол, тажик, манж, чантуу, орос, дагуур, татаар, сибо гэсэн 13 үндэстнийг уугуулууд гэж үздэг, нийтдээ 55 үндэстэн ястны төлөөлөл арваад хэлээр хэлэлцэн суудаг гэнэм. Шинжааны нийт хүн амын тоо 20 сая, түүний 45 хувь нь уйгар, 40 хувь нь хан үндэстэн.

 

Тэнгэр уулыг арлан өвөрлөн амьдрагч торгууд, дөрвөд, хошууд, өөлд  монголчуудын нийт тоо нь хорин түм гэнэ. Тэд “Жангар”-аа хайлж, наадамаа хийж, монгол ёс заншлаа хадгалан уламжилсаар иржээ. Шинжааны радио монголчуудад зориулсан нэвтрүүлгээ өөлд хэлээр цацдаг аж. Гадаадын зочдыг тосч байгууллагаа танилцуулсан Зоригт хэмээх монгол залуу “Манай монгол хэлний редакц 60 гаруй хүнтэй” гэж байв.

Энэ нутгийн бас нэгэн нэрийн хуудас нь шинжаан хоол, хоолны соёл. Хонь, үхрийн махан зоог, гамбир боов,  сүү тараг, жимс жимсгэнээрээ Шинжаан хэдийнээсээ алдартай. Нэрийг нь мэдэх хийгээд үл мэдэх олон төрлийн жимс ногоо хүнсний зах дээр нь нүд булаан эрээлнэ. Хол ойрын зочин гийчид Шинжаанаас буцахдаа ямар нэгэн жимс авч явах нь ёс болсон гэлтэй.

Товчхондоо Шинжаан нутаг түүх соёлын их өв, өнөөгийн амьдралын олон өнгө, байгалийн баялаг гээд юм юмаараа баян хязгаар юм.

ӨРӨМЧ ХОТ 3 САЯ ХҮНТЭЙ

Шинжаан-Уйгарын өөртөө засах орны засаг захиргааны төв нь Өрөмч хот. Хол хязгаарын энэ хотын талаархи бидний төсөөлөл бодит байдлаас ихээхэн өөр аж. Түүхийн ном сурвалжуудад олонтаа дурдагддаг уйгарын жижигхэн хот Өрөмчид 1960-аад оны сүүл үеэс эхлэн хятад хүмүүс олноор шилжин суурьшсанаар өдгөө нийт хүн амынх нь 75 хувь нь хятад, гол хэл нь хятад болжээ. Өрөмчид Шинжаан-Уйгарын өөртөө засах орны нийт хүн амын аравхан хувь нь амьдардаг ч нийт бүтээгдэхүүний 65 хувийг үйлдвэрлэдэг гэдгээрээ ихээхэн ачаалал үүрдэг хот юм. Өрөмч өнөөдөр Ази, Европыг холбосон торгоны замын нэг гол цэг гэдгээрээ ихээхэн ач холбогдолтой хот болж хувираад байна.

Гурван сая хагас хүнтэй хүнтэй Өрөмч бол тэнгэр баганадсан өндөр өндөр барилгууд, автозамын хүчирхэг сүлжээ бүхий орчин үеийн мегаполис. Түүнээс гадна олон соёл зэрэгцэн оршиж харилцан сүлэлдсэн, олон шашин айлссан, Пакистан, Казахстан руу очих нь Бээжин явахаас илүү дөхүү, эрт дээрээс нааш цааш хэрэх худалдааны замын уулзвар байсан, өдгөө БНХАУ-ын гол бодлогоо болгож буй XXI зууны торгоны их замын чухал зангилаа, олон үндэстэн ястны өлгий гэдгээрээ яалтгүй их хөлийн газар юм.

Сонирхуулахад Өрөмч хот өнөөдөр 11793.7 хавтгай дөрвөлжин километр нутаг дэвсгэр эзэлж, нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээ 3 жилийн тэртээ  10 мянган ам.доллараас давсан байна. 2010 оноос хойш иргэдийн амьжиргааг дээшлүүлэхэд зориулж 84 тэрбум, байгаль орчныг хамгаалах зорилгоор 33 тэрбум юань зарцуулсан нь бодит үр дүнгээ өгсөн хэмээн танилцуулж байна билээ.

“ХЯТАД-ЕВРАЗИ” ЭКСПО-Д 2192 КОМПАНИ ОРОЛЦЛОО

Энэ есдүгээр сарын хорьдоор Өрөмч хот гадныхны хөлд дарагдав. “Хятад-Еврази” V ЭКСПО-д 2192 компани бараа бүтээгдэхүүнээ дэлгэн танилцуулсны 418 нь  гадаадын компани байв. Энэ удаагийн ЭКСПО-д оролцогчдын тоо өмнөх удаагийнхаас 214 хувиар илүү байна гэх мэдээлэл тус арга хэмжээний нэр хүндийг яалтгүй өргөв.

Хэвлэл мэдээлэл, харилцаа холбоо, хурдны зам, тээвэр, хилийн хорио цээрийн асуудал гээд Ази, Европын улс орнуудын сайд нарын түвшний 15 форумыг хятадын тал  ЭКСПО-той давхцуулан  нэгэн зэрэг зохион байгуулж хөрөнгө санхүүгээс шинжлэх ухаан технологи хүртэл олон талт асуудлыг хэлэлцэж, олон ч хэлцэл зөвшилцөл хийгдлээ.

Торгоны замын дагуу эдийн засгийн бүс байгуулах, хөгжүүлэх асуудлыг хятадын тал 2013 онд анх дэвшүүлсэн байдаг. Гэтэл өнгөрсөн 3 жилийн хугацаанд энэ бүсэд Хятад улсаас хийсэн хөрөнгө оруулалт 51 тэрбум доллар гэж албаны эх сурвалжууд мэдээлж байна. Энэ бол БНХАУ-аас мөн хугацаанд гадаадад хийсэн нийт хөрөнгө оруулалтын 12 хувь гэсэн үг. Монголын өмнүүр, Шинжаанаар дамжин баруун зүг рүү тэмүүлсэн хуурай замын эдийн засгийн судас ийнхүү хүчтэй лугшиж эхэлжээ. Энэ зам дагуух улс орнуудад Хятадын оролцоотой худалдаа, эдийн засгийн 52 бүс байгуулагдаж, 15.6 тэрбум америк долларын хөрөнгө оруулалт хийгдэж, 70 мянга орчим ажлын байр шинээр бий болж, мөнөөх орнуудад 900 сая ам.доллар татварт төлжээ.

Энэ оны эхний хагасын байдлаар Торгоны замын дагуух орнуудтай хийсэн худалдаа Хятадын гадаад худалдааны нийт эргэлтийн 26.1 хувийг эзлээд байгааг тус улсын Худалдааны яам нотолж байна.

Энэ бүх тоо худалдаа, эдийн засгийн томоохон урсгал Шинжаанаар дамжин Ази, Европын хооронд эрчимжиж эхэлснийг хөдөлбөргүй батлах аж. Шинжааны ээлжит ЭКСПО амжилттай болж буй нь нэг талаас энэхүү их урсгалын хаялга, нөгөө талаас ЭКСПО өөрөө энэхүү эдийн засгийн урсгалыг идэвхжүүлэгч хүч болж байна. Тав дахь удаагийн үзэсгэлэн худалдааны үеэр нийтдээ 241.9 тэрбум юанийн үнийн дүн бүхий хэлцэл хийгдсэн тухай мэдээлэл үүний нотолгоо юм.

150 САЯ ЮАНИЙН ӨРТӨГТЭЙ ТОГЛОЛТ

Өрөмчийн нэг бахархал бол яалтгүй Шинжааны их театр (Xinjiang grand theatre).Театрын гэр хэлбэртэй нүсэр байгууламжийн архитектурын шийдэл нэн тэргүүнд анхаарал татна. Гадна,  дотор талын дизайн өвөрмөц агаад тансаг. Энэ театр 2100 хүний суудалтай, эгнээ байрлалаасаа хамаарч нэг суудлын үнэ нь 320-680 юанийн хооронд хэлбэлзэнэ.

Шинжааны түүх, орчин үе, олон үндэстний онцлогийг харуулсан цогц үзүүлбэр бүхий нэгэн тоглолтыг тус театрт үзэх завшаан тохиолдов. Аварга том лед дэлгэцүүд, 3Dтехнологи ашигласан энэхүү нүсэр тоглолт нийтдээ 150 сая юаниар бүтсэн гэнэ. Дугуй хэлбэртэй, өндөр бөмбөгөр адар бүхий театрын барилгын тал нь үзэгчдийн хэсэг, тал нь тайзанд хуваагджээ.  Тайзан дээр элсэн манхан дамжин тэмээн жин наашилж, хасаг эрчүүд тулам булаацалдан морьтой давхилдаж (тэмээн жин, морьд нь бодитой), үндэстэн үндэстний бүжиг ар араасаа хөвөрч, тайзны хоёр жигүүрээс нисгэсэн бүргэдүүд элин халина. Ус, гэрэл, лед дэлгэцүүдийг ихээр, бас оновчтой  ашигласнаар амьд орчныг бүрдүүлж, үзэгчдэд гүнзгий сэтгэгдэл төрүүлэх аж. Тайзны дороос томоос том усан сан цэлэлзэн өргөгдөж, дотор нь туяхан бүсгүйчүүд үелзэн бүжиж, тэгснээ хоромхон төдийд мөнөөх их усны оронд мөсөн гулгуур бий болж, тэшүүртэй бүжигчид ээрүүл мэт эрчлэн эргэлдэнэ. Өндрөөс буух усан хөшгийг тогтон ажвал чамин ганган  хээ угалз тэргүүтнийг дүрслэх аж.

Уран бүтээлч хүмүүст бүтээлч сэтгэмжээ дээд зэргээр илэрхийлэх эдийн засгийн  боломж олговол ямар ихийг хийж чадахыг энэ тоглолт бүрэн утгаар нь харуулсан гэж хэлж болно.

ИСЛАМЫН ХАМГИЙН ТАНСАГ СУРГУУЛЬ БАРИНА

Өрөмчид үйл ажиллагаа явуулдаг Исламын сургуулийн захирал ийнхүү итгэлтэй ярьж байна. БНХАУ-ын төрөөс уугуул иргэдийн шашин шүтлэгийг дэмжих талаар ихээхэн анхаарч, исламын иж бүрэн цогцолбор сургууль барихад зориулж 24 тэрбум юань гаргахаар болж, зураг төслийн ажил эхэлчихсэн байгаа нь түүнийг тийнхүү ам бардам, итгэл төгс ярихад хүргэжээ.

Шинжааны уугуулууд болох уйгарчууд исламыг шүтдэг. Мөн хасаг, чантуу, кыргыз, хуйхуй, хотон зэрэг лал шашинтнууд олон. Тийм болохоор ислам шашны асуудал энд анхаарал татсан, чухалд үзэх  асуудлын нэг юм.

Өрөмчийн ислам сургуулийн захирал гэх бие хаа том, сахал үс их, дуу хоолой чанга эрийн ярианаас нээлттэй, итгэлтэй өнгө аяс тодроно. Харин тэнд суралцаж буй залуусын харцнаас таахын аргагүй номой хүлцэнгүй байдал ажиглагдана. Тэд хаа сайгүй л байдаг сурагчийн  ширээтэй энгийн танхимд номын дуу сонсож, сүмдээ болохоор мөргөлөө үйлддэг аж.

ОЛОН ХЭЛЭЭР МЭДЭЭЛЭЛ ТҮГЭЭДЭГ ОНЦГОЙ ЦЭГ

Өрөмчийг чухамдаа ингэж тодорхойлмоор санагдана. Өрөмч хотын радио, телевизийн төвөөр зочлох үеэр энэ бодол төрсөн билээ. Яагаад гэвэл Өрөмчийн радио, телевизийн аль аль нь хятад, уйгар, хасаг, тажик, кыргыз, орос хэлээр нэвтрүүлэг бэлтгэн цацдаг. Радио нь эдгээр хэлнээс гадна монголоор нэвтрүүлэг хийнэ.

Олон хэлээр нэвтрүүлэг цацдаг учраас мэдээний редакц, кино орчуулж, дуу оруулдаг бүтэц нь нэлээд нүсэр юм. Кинонд дуу оруулдаг жүжигчдийн бүрэлдэхүүн гэхэд л 300 гаруй хүнтэй гэж байсан.

Бээжингийн мэдээг 3 цагийн дараа эдгээр хэлээрээ цацдаг гэж байсан. Бээжин, Өрөмчийн цагийн зөрөөг хасвал ердөө нэг цагийн дотор энэ олон хэлрүү хөрвүүлж бэлдэж амждаг гэсэн үг. Мэргэжлийн сайн орчуулагч, редакторууд хурдтай ажиллаж байж л энэ бүхнийг амжуулж байгаа нь мэдээж.

Шинжааны цахим мэдээллийн гол хэрэгсэл нь Тяньшантнет агентлагаас эрхлэн гаргадаг сайт бөгөөд бүх мэдээллээ хятад, уйгар, англи, орос, түрэг таван хэлээр түгээж байна.

МӨНГӨ УРГУУЛАХ УХААН

Мөнгийг юунаас ч ургуулж болдог. Гагцхүү сэтгэх л хэрэгтэй. Хятадын 100 том аж ахуйн нэгжийн нэг, Шинжааны Yemaгруппийн түүхийг хараад ийм бодол төрсөн сөн. Тус компанийн үүсгэн байгуулагч нь зах зээл эхлэхэд юм болгоныг зарж, хольж сольж, тэр хэмжээгээрээ эргэлт нь нэмэгдсээр 1993 он гэхэд Yema-гаа байгуулжээ. Гадаад худалдаа, олон улсын тээвэр зууч, барилга, банк санхүү, зочид буудлын бизнес гээд олон салбарт хүч үздэг тус компанийн үйл ажиллагааны нэг чиглэл нь соёлын үйлдвэрлэл. Нэрд гарсан болоод гараагүй зураачдын бүтээлийг худалдан авах, тэдэнд захиалга өгч зураг зуруулан арилжих нь багагүй ашигтай бизнест тооцогддог гэнэ. Мөн шилмэл үүлдрийн адууны аж ахуй нь нэлээд ашигтай, нэр хүндтэй бизнес юм.

2005 оноос хойш энэ компанийн гадаад худалдааны эргэлтийн хэмжээ 3 тэрбум доллараас буугаагүй, энэ үзүүлэлтээрээ сүүлийн 5 жил бүх Хятадын хэмжээнд 3, Шинжаандаа нэгдүгээрт орж байгаа гэнэ.

Эднийх түүх соёлын дурсгалд ихээхэн ач холбогдол өгч, цуглуулж хамгаалахаас гадна түүгээрээ мөнгө хийж гаршсан гэж хэлж болно. Жишээ нь, Өрөмч хот дотор “Эртний парк” байгуулсан нь хүмүүсийн очиж үзэх дуртай газрын нэг болжээ. Та хотын төвийн нэгэн офиссын дөрөвдүгээр давхарт цахилгаан шатаар гартал өмнөөс чинь төрөл бүрийн үзмэртэй байгалийн парк угтвал гайхах уу? Yema группын “Xinjiang ancient national park”  үнэндээ яг тийм юм. Уулын хажуу ашиглан барьсан барилгын дөрвөн давхарт гармагц та төрөл бүрийн мод бут ургасан цэцэрлэгт хүрээлэнгээр дамжин эртний чулуужсан модод, өвгөрч ургахаа больсон бүдүүн бүдүүн улиаснууд дунд орж явчихна. Тэгснээ тахийн сүрэг, туркмен үүлдрийн гоёмсог адууны жүчээ рүү очиж, хүн чулуудын хөндийд зочилж, хар төмрөн сүүлт од сонирхох болно.

Энэ парк одоогоор 13 га талбай эзлэн оршиж байна. Хятадын аль нутгаас ч гэлээ эртний түүхт сүмийг зөөж авчраад эндээ босгочихсон, хэдэн арван метр уртттай чулуужсан моддыг хэвтүүлэхийг нь хэвтүүлж, босгохыг нь босгон  ой шугуй  хийчихсэн, мөнгөн дүнгээр үнэлбэл ой тойнд багтахгүй тоо гарах нь тодорхой ховор хуучин эд өлгийн цуглуулгатай, олон зуун уран зурагтай энэ цогцолборыг хараад үндэсний шилдэг бизнесменүүд гэдэг ийм л байвал зохилтой хэмээн өөрийн хэдтэйгээ харьцуулах сэтгэл төрж байв.

ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН САЙД НАРЫН УУЛЗАЛТ

Энэ сарын 19-нд “Хятад-Еврази” тавдугаар үзэсгэлэнгийн үйл ажиллагааны  нэгээхэн хэсэг болох Ази, Европын орнуудын хэвлэл мэдээллийн сайд нарын уулзалт Өрөмчид болов. Хятад, Монгол, Белорусь, Австри, Шинэ Зеланд, Кыргыз, Египет зэрэг 14 орны 40 гаруй төлөөлөгч оролцсон  энэ хурлаар хамтран ажиллах шинэ боломжийн талаар зөвлөлдлөө.

Уг зөвлөлдөх уулзалт дээр БНХАУ-ын Төрийн зөвлөлийн хэвлэл мэдээллийн албаны орлогч дарга, хатагтай Цүй Юйин улс орон, ард түмнүүд харилцан нөхөрлөж, хамтран ажиллаж, энх тайвныг бэхжүүлэхэд хэвлэл мэдээллийн үүрэг юугаар ч сольж болшгүй гэдгийг онцлоод хэвлэл мэдээллийн салбарын хамтын ажиллагааг бэхжүүлэн Мэдээллийн торгоны зам бүтээцгээе хэмээн уриалсан юм.

Хятадын талаас санаачилсан Торгоны замын эдийн засгийн бүсийг хөгжүүлэх асуудалд Белорусь улс онцгой идэвхтэй оролцож, хэвлэл мэдээлэл, боловсролын салбарт ихээхэн гүнзгий түншилж буй нь энэ хурлын үеэр анзаарагдаж байлаа.

Хэвлэл мэдээллийн сайд нарын Өрөмчийн уулзалт өмнө нь 2011, 2013 онуудад болж байсан бөгөөд энэ удаагийнх III форум юм.

Форумын үеэр анзаарагдсан нэг зүйл бол улс орон болгон өнөөдөр өөрийн гадаад сурталчилгаа мэдээлэлд онцгой анхаарч, хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийг энэ ажилдаа татан оролцуулж, тал бүрийн дэмжлэг үзүүлж, төрийн бодлогын салшгүй нэгэн бүрэлдэхүүн хэсэг болгож байна. Энэ чиглэлд урсгалаараа, тохиолдлын зүйл байхгүй байгаа нь гадаад орчинд  эх орноо сурталчлах, өөрийн давуу болоод сайн талаа ойлгуулсан мэдээллийг бодлоготой системтэйгээр дэлхий нийтэд түгээхийг ихэд чухалчилдаг болсныг илтгэнэ.

ХӨГЖИЛ ЗӨНГӨӨРӨӨ ИРДЭГГҮЙ, ХӨГЖЛИЙГ УДИРДДАГ

Хэн ч ингэж хэлээгүй л дээ. Гэхдээ л Өрөмч хотыг  хөгжүүлэх Хятадын төлөвлөгөө чухамдаа ийм гаргалгаа  хийхэд хүргээд байгаа юм. Өрөмчийн техник-эдийн засгийн хөгжлийн бүс – Тоутунхэ(Toutunhe)-гийн төлөвлөлтийг сонирхлоо.  Энд 320 мянган хүн амьдрах, 135 хавтгай  дөрвөлжин километр талбай бүхий  техник эдийн засгийн томоохон дүүргийг тусад нь бүтээн байгуулж байна.

Энэ дүүрэг нь олон улсын худалдааны өндөр зэрэглэлийн бүс, шинжлэх ухаан техникийн байгууллагуудын инкубатор, дээд боловсролын бүс, олон улмын тээвэр зуучийн том цэг болох зорилт тавьжээ. Дэлхийн 500 том байгууллагын тоонд багтах зорилготой 20, Хятадын аврага  том байгууллагын тоонд багтах эрмэлзэлтэй 39 нэгж бүртгүүлэн хөрөнгө оруулалт аваад байгаа гэнэ. Одоогоор нийт бүтээгдэхүүний хэмжээ нь 100 сая юаниас давсан 54, ашиг болоод төлсөн татварын хэмжээ нь  10 сая юаниас давсан 32 аж ахуйн нэгж тус бүсэд үйл ажиллагаа явуулж байна. Ер нь бол салхины эрчим хүч, металлургийн үйлдвэрлэл, хүнсний үйлдвэрлэл тус бүсийн гол тулгуур салбарууд бөгөөд сүүлийн үед машин үйлдвэрлэлийн хүчирхэг төв болох зорилт тавьснаар суудлын тэрэг, хүнд даацын ачааны тэрэгнүүд үйлдвэрлэх боломжийг тун эвтэйхнээр ашиглаж эхэлжээ.

Энэ бүсэд чингэлэг ялган хуваарилах  хүчирхэг станц, өндөр хурдны төмөр зам байгуулж эхэлсэн ба 6.4 сая амметр талбай бүхий орон сууцбарьж, ногоон бүсийн эзлэх хэмжээг 36 хувьд хүргэснээр 1 хүнд 11 амметр ногоон байгууламж ноогдож байна.

Ер нь бол автомашин, тоног төхөөрөмж, барилгын шинэ материал  үйлдвэрлэл,  орчин үеийн ложистик үйлчилгээг түлхүү хөгжүүлж, нүүрсний хими, мэдээллийн инженеринг, био анагаах ухаан, шинэ материалын үйлдвэрлэл гэсэн 4 чиглэлийг цоо шинээр хөгжүүлнэ хэмээн төлөвлөж, дунд хугацааны хөтөлбөр гарган хэрэгжүүлж байгаа аж.

Техник – эдийн засгийн энэхүү тусгай бүсийг бүтээн босгосноор  Өрөмч хот бүс нутагтаа эдийн засгийн хүчирхэг төв болох ирээдүй харагдаж байна. Өөрөөр хэлбэл Хятад улс холыг харж, Өрөмч хотыг Ази-Европыг холбосон эртний Торгоны зам дээрх эдийн засгийн онцгой үүрэг бүхий чухал цэг болгох ажлаа нэгэнт эхэлжээ. Хөгжил зөнгөөрөө бий болдоггүй, хөгжлийг төлөвлөж удирдаж бий болгодгийн сонгодог жишээ бол Өрөмч хот юм.

ТӨГСГӨЛ

Шинжаан бол эртний түүхт нутаг. Тэнд олон олон улс үндэстний өчигдрийн түүх буй. Шинжаан бол шинээр цэцэглэн хөгжиж буй нутаг. Тэнд олон соёл, олон шашин, олон үндэстэн зэрэгцэн оршиж буй өнөө цагийн түүх бичигдэж байна. Өчигдөр өнөөдөр хосолсон холын хязгаар Шинжаан төврүү тэмүүлсэн зах нутаг биш, харин бусдыг өөррүүгээ татсан төв цэг болох ирээдүй ойрхон байна. Яагаад гэвэл тэд хөгжиж байна.

Урианхан Б.ГАЛААРИД

2016.09.24

Сэтгэгдэл 3ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
1 сар 20. 2:33
Зочин

Yu hiigeed yvaad bdag g chin oilgodoggyi shd.. galiiiraaad guai

1 сар 16. 11:22
zANAKA

ЭФҮ ГАЛДАНГИЙН НУТАГ ДАЖГҮЙ ХӨГЖИЖ БАЙГАА ЮМ БАЙНА.

1 сар 17. 11:36
ДҮҮ

ӨӨЛД ХЭЛ БИШ АЯЛГА БАЙЛГҮЙ ДЭЭ ГАЛААРИД ГУАЙ

Сэтгэгдэл бичих
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]