Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Танк “хүлдэг, зоддог” нөхдүүдУншсан4,592

Австрали улс энэ их дайнаар өөрийн гэсэн танктай байхгүй бол япончууд довтлон орж ирэх аюул байсан бөгөөд англичуудад найдалтгүй байлаа.

1932 онд Монголын баруун аймгуудад гарсан зэвсэгт бослогын үеэр босогчид бензин нь дууссан танкыг зодож нүдэн, хүлж байгаад гэрэл нь асаж унтрахаар “одоо л үхэх нь” хэмээн баярлаж байсан гэдэг болсон явдал түүхэнд үлджээ. Энэ удаа Архангайн Тариатад болсон явдлаас арай өөр болсон явдлын тухай хоёр түүх.

Иван Павлович Середа хэмээх Зөвлөлтийн нэгэн цэргийг хоол сайн хийдэг, төмс хурдан арилгадаг болохоор нь хорооны “гал тогооны ерөнхий командлан захирагч” болгосон байна. Зүгээр ч үгүй 21-р механикжсан корпусын 46-р танкийн дивизийн 91-р танкийн хорооны гал тогооны ерөнхий командлан захирагч гэж байгаа. Танкчдын дунд байж, хоолыг нь хийж хэрүүл уруул, магтаал сонсож байдгийн хувьд танкны тухай зарим нэг мэдлэгтэй болсон бололтой. Магадгүй алсын Монголд болсон танк хүлсэн гэх яриаг сонссон ч юм билүү.

1941 оны наймдугаар сард Середа сайхан борш шөлөө хийж байж гэнэ. Гал тогооны ерөнхий командлан захирагч юм болохоороо “бараа бологчдоо” түлээ түлш, усанд явуулах зэргээр захирамж өгчихөөд шөлнийхөө давсыг тааруулж байтал Германы нэгэн танк гэнэт гарч ирлээ. Середа ч нуугдаж амжив. Эзгүй газар хаягдсан бололтой гал тогооны  хэрэгслийг хараад германчууд дөхөж очин машинаасаа гарцгаасан бөгөөд төөрсөн тэдгээр нөхөд их л өлсцгөөсөн бололтой.

Германы танкчид сав суулга эргүүлж байх үед нь гэнэт Середа хашхиран гарч ирсэн бөгөөд янз бүрийн команд өгөн орилох, буудах орос эрийг хараад сандарсан германчууд бушуухан л танк руугаа үсрэн оржээ. Гал тогооны “Ерөнхий командлан захирагч” маань олуулаа байгаа мэт янз бүрийн команд өгөн хашгирсаар танкны харах бүх л нүх сүвийг гал тогооны алчуураар хааж бөглөөд сүхээр танкыг нь балбан, пулемётыг нь эвдэж, ганц нэг гранат ч энд тэнд нь тэсэлсэн байна.  Олон хүнд бүслэгдлээ гэж ойлгосон, яах ч аргагүй болсон германчууд бууж өгсөн бөгөөд тэдгээр их цэргийн ахлагч бололтой аймшигтай сүртэй эрийн  винтовын хараан дор нэг нэгнийгээ танктай хүлжээ. “Бараа бологчид” нь ирэхэд дөрвөн танкчныг танктай нь цуг хүлсэн айхтар эр ямар маадгар байсан бол.

Энэ явдлын дараа уг сүйхээтэй эрийг тагнуулын ангид хуваарилсан гэдэг бөгөөд тэнд ч цөөнгүй гавьяа байгуулан олон л одон тэмдгээр шагнуулсан юм байх. Харин энэ хүн дайныг ямар цол гуншинтай дуусгасан гээч. Ерөнхий командлан захирагч! Гал тогооны!

Дайны үеэр хүнд шархтан цаашид тулалдах боломжгүй болсон тул ЗХУ-ын баатар маань эргээд хуучин ажилдаа орсон нь тэр.

1935-1936 оны үед болсон Итали-Эфиопын дайны үеэр их хэмжээний орчин үеийн артиллер, танк нисэх хүчин зэрэг хүчирхэг зэвсэглэл бүхий италичууд  нь муу сургагдсан, зэвсэглэл муутай эфиопчуудыг болгож тавьж байлаа. Хөөрхий эфиопчууд ихэнх нь хуучирч муудсан цөөн тооны их буу, винтов буутай байсан бөгөөд нум сум, сэлэм жадаар зэвсэглэсэн цэрэг ч их байж.

Гэсэн хэдий ч эфиопчууд италичуудыг хангалттай зовоосон гэдэг бөгөөд ялангуяа Италийн танкын хэсэг их хохирол хүлээж байв. Яахаараа хуягт танкыг нум сумтай цэргүүд сүйдэлдэг хэрэг вэ гэж гайхаж байж магадгүй. Эфиопчуудад таван ч танк байсан бөгөөд (Италичууд 300 гаруй танктай) тэдгээр таван танк нь юунд муу, сайн болохыг тэд сайн мэднэ.

Италийн танк явж болох замд нь танкийн эсрэг гуу ухах, нарийн гарц хавцлаар зугтан араас нь ирэх танкийн дээрээс нь бензин шатахуун асгаж шатаах гэх зэргээр олон танк, танкчныг жагсаалаас гаргасан байдаг. Италийн хөнгөн танк болох Fiat (үнэндээ танк гэхээсээ илүү танкетик гэж нэрлэх нь зөв биз) хамгийн их хохирол хүлээсэн бөгөөд энэ танкан дотроос эргэн тойрноо харах боломж маш муу учир Эфиопын дайчид араас нь гэтэн авирч гараад харах нүхийг нь бөглөж байгаад чулуугаар “нүдэж зодон” бүх л буу зэвсэг, янз бүрийн хэрэгслийг нь эвдэх ба харах нүхээр нь сэлэм жад шургуулан шааж багийнхныг нь алдаг байжээ.

P.S

Танкийн тухай яриа гарсан болохоор 2-р дайны үеийн нэгэн өвөрмөц танкийг сонирхуулъя.

Австрали улс энэ их дайнаар өөрийн гэсэн танктай байхгүй бол япончууд довтлон орж ирэх аюул байсан бөгөөд англичуудад найдалтгүй байлаа. Усан замаар Англиас танк явуулаад ирэх үгүй нь эргэлзээтэй, тэгээд ч англичууд германуудтай хэзээ мөдгүй нүдэлдэж магадгүй байгаа зэргээс нэг л дүгнэлт гаргасан нь өөрсдөө нэн даруй танк хийж үйлдвэрлэх явдал байв. Ингээд богино хугацаанд дунд танк хийснийгээ Sentinel хэмээн нэрлэж үйлдвэрлэж эхэлсэн байна. Хүчирхэг хөдөлгүүр үгүй учир энэ танканд гурван жижиг хөдөлгүүр тавьсан, 40 мм-ийн их буутай гэх мэт зүйлээс хамгийн өвөрмөц зүйл нь пулемёт. 7,7 мм-ийн Виккерс нь бидний сайн мэдэх Максим пулемётын нэг хувилбар бөгөөд бас л усан хөргүүртэй учир түүнийг танканд суурилуулахдаа өргөн том хаалт хийж таарна. Ингэж энэ өвөрмөц дүр төрх бүхий танк бий болжээ.

Чалчаа саарал

Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]