Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Чингис, Өгөдэй, Гүюг, Мөнх, Хубилай энэ тав болваас Их Монгол Улсын агуу их хаад билээ.

Мөнх болон Бат хаадын холбоотны харилцааУншсан4,709

Мөнх болон Батын харилцаа Кибчагын буюу өрнийн их аян дайны үед улам бүр дотно болжээ. 1237 онд Рязаны вант улсыг дайрах үед Мөнх оролцсон.

БХЭШХ-гийн ажилтан, доктор Т.Сүхбаатар бичиж байна.


Монголын эзэнт гүрний түүхэнд онцгой байр суурьтай хоёр эрхэм бол Монголын их хаан Мөнх болон Зүчийн (Алтан ордны) улсын хаан Бат нар юм. Тэдний нөхөрлөл маш эртнээс улбаатай байж насан эцэс болтол нь үргэлжилсэн байна. Мөнхийн эцэг Тулуй, Батын эцэг Зүчи нар Чингис хааны олон хөвгүүд дундаас онцгой сайн харилцаатай байсан юм.

Тулуй өөрийн том ах Зүчийг хэзээ ч мэргэдийн орхидос эцгийн хүү биш гэж гадуурхаж байсангүй. Харин ч цус нэгтэй ах дүүсийн адил ойр дотно нөхөрлөж өсчээ. Энэ уламжлал нь үр хүүдэд нь өвлөгдөн үлдсэн юм. Чухамхүү энэхүү өвөрмөц харилцаа нь хожим Тулуйн үр удамд ээлээ өгсөн.

Мөнх, Бат хоёр насны хувьд тун ойролцоо төрсөн байх магадлалтай юм. Мөнхийг 1208 онд төрсөн гэдэг бол Батыг бас 1208 оны хавьцаа төрсөн байх гэж судлаачид таамаг дэвшүүлдэг. Нас бол тэдний нөхөрлөлд тийм ч чухал биш байжээ.

Мөнх болон Батын харилцаа Кибчагын буюу өрнийн их аян дайны үед улам бүр дотно болжээ. 1237 онд Рязаны вант улсыг дайрах үед Мөнх оролцсон. Мөн Мөнх Черкесүүдийг дайлсан, умард Кавказыг мөн л буулган авсан, Кибчагын удирдагч Бачманыг Мөнх л буулган авсан. Чернигов, Киевийг Мөнх л биечлэн удирдаж буулган авсан. Мөнх хаан уг аян дайнаар Батын итгэлийг олж түүний даалгасан бүхий л хүнд хүчир тулалдааныг биечлэн удирдаж явсан. Харин их хаан Өгэдэйн зарлигаар Мөнх Гүюгийн хамт  Монгол руу дуудагдсан учир европт дайтаж чадаагүй юм. Кибчагын аян дайны удирдагчаар Бат сонгогдоход Гүюг, Бүри нар ихэд дургүйцэж байр сууриа илэрхийлж энэ нь хожим нэгэн найран дээр сэдэрсэн байдаг. Харин Мөнх анхнаасаа Батын талд байж түүнийг дэмжин захирагдаж байжээ. Кибчаг болон Орост явуулсан аян дайны үед Батыг Тулуйн хүү Мөнхтэй улс төрийн холбоо байгуулсан[1] гэж үздэг нэгэн ч бий. Гэхдээ болзол нь тодорхой бус нууц хэвээр.

Кибчагын аян дайны үед Өгэдэй хааныг 1242 онд тэнгэрт хальсны дараагаар Монголын их хааныг сонгох тэмцэл алтан ургийн дотор хүчтэй өрнөж Зүчи болон Тулуйн угсааныхан нэг тал болж Өгэдэйн үр удмын эсрэг зогсжээ. Бат алтан ургийн хааныг сонгох их хуралдайд заавал оролцох ёстой хүний нэг мөн ч оролцохоос зүй бүрээр татгалзаж байжээ. Батын энэ идэвхгүй хойрго ч гэмээр үйлдэл нь төрийн эрхийг барьж байсан Дөргэнө буюу Туракина хатанд таалагдаж хэд хэдэн удаа их хуралдай хойшлогдож байсан юм. “Юань ши”-д тэмдэглэснээр Сүбээдэй баатар Батыг буруушаан өгүүлэхдээ “их ван ургийнхан дотроо ахмад нь учир явахгүй байж яахин болно” [2]гэжээ.

Ингэж эцэст нь 1246 онд Монголын их хааныг сонгох хуралдай арайхийж сая нэг юм эхэлжээ. Хуралдайд алтан ургийн бүхий л гишүүд хүрэлцэн иржээ. Ганцхан Зүчийн үр ач нарын ахмад нь болох Бат л том толгойлж “бие муу, хөл өвчтэй гэдгээр шалтгаалан очоогүй[3]. Эртний өст дайсан Гүюгийн өмнө бөхийж үнэнч байхаа илэрхийлэх нь Батад таалагдаагүй юм. Нөгөө талаар хуралдайн дэг зөрчсөн гэх үл ялиг шалтгаанаар цаазлуулахыг ч үгүй гэх газаргүй юм. Бат өөрийн дүү Орд, Шибан, Бэрх, Бэрхчар, Тангуд, Туг төмөр нарыг явуулахдаа олонх хэний талд байна тэр л хүнийг дэмжээрэй гэж захиж байсан байна. Эзэнт гүрний хаан ширээнд Гүюг суусан нь Батад гэнэтийн зүйл байсангүй харин ч урьдчлан тооцоолсон зүйл байжээ. Гүюг болон Батын хэн хэн нь ирээдүйд болзошгүй том дайнд бэлдэж эхэллээ. Хэдий дургүй байсан ч Бат Монголын их хааныг хүлээн зөвшөөрөхөөс өөр аргагүй байсан юм. Эс хүлээн зөвшөөрвөөс их засаг хуулиас илт гажуудсан зүйл болох юм. Гүюг юуны өмнө Батын хүчин чадлыг бууруулахын тулд Гүрж, Сэлжүк, Оросын зарим ноёд, Армен, бага Ази, кавказ дахь төлөөний хүмүүсийг өөрийн хүмүүсээр сольж байлаа.

Гүюг хаан болоод асар их цэргийн хүчийг нэгэн дор цуглуулж буйг хаан ширээний ёслолд оролцсон Плано Карпини тэмдэглэн үлдээгээд энэ нь их цэрэг нь Европ руу халдан довтлох их цэрэг гэж бодсон нь лавтай.  Гүюг Батыг ирж хүндэтгэл үзүүлэхийг удаа дараа шаардсан ч бие өвчтэй эх шалтгаанаар Бат очоогүй тул эцэст нь тэвчээр алдсан Гүюг их цэргийг засч баруун зүг хөдөлсөн юм.

Хархорум дахь Батын тагнуул Тулуйн бэлбэсэн хатан Сорхугтани болон түүний хүү Мөнхийн зүгээс Батад байнга сэрэмжтэй байхыг сануулж байсан бөгөөд Бат ч сэрэмжлэн харьяа нутгаасаа цэргээ татаж эхэлжээ. Сорхугтани бол өөрийн эрх ашиг үр хүүхдийн төлөө Батад хүчин зүтгэж тагнуул хийж байсан хүн гэж үзэж болно. Түүний буруу ч гэж болохгүй. Тухайн үед хэн хүчний харьцааг мэдэрч чадсан нь хожиж байсан цаг юм.

Гүюгийг Самарканд хотын орчимд ирээд удалгүй нас барсан мэдээ Батад ирэхэд тэрээр их цэргээ аван өмнөөс нь хөдлөөд байжээ. Мэдээж хэрэг Гүюгийн үхэлд Батыг л буруутгана. Гэсэн ч Гүюгийн үхэлд Бат буруутай гэх нэг ч нотлох баримт байхгүй юм.      

Бат юуны өмнө Монголын эзэнт гүрний хаан ширээнд өөрийн талын дуулгавартай дотно хүнийг томилох саналтай байсан. Тэр нь мэдээж Мөнх байсан юм. Мөнх болон түүний ээж Сорхугтани нар Батад урьд өмнө маш том тусыг хүргэж заналт дайсан Гүюгийн үйлдэл хөдөлгөөн бүхнийг мэдээлж үнэлж баршгүй тус хүргэж байсан учир хаан болох боломжтой байжээ.

Цаг үеийн нөхцөл байдал тун ээдрээтэй цаг үед Бат их хааныг сонгох их хуралдайг Монгол оронд бус харин Кибчагын талд Алатау нуурын орчимд зохион байгуулсан юм. Нөхцөл байдал эвгүйтсэн үед Бат болон Мөнх хаанд Зүчийн улсын их цэрэг ойрхон байрлаж байх хэрэгтэй байжээ. Мөн нөгөө талаар их цэргийн хүчээр улс төрийн дарамт шахалт үзүүлэх гэсэн ч байж магадгүй. Энэ санааг нь мэдсэн Чингис хааны үр ач нар хэчнээн эсэргүүцсэн эцсийн эцэст хуралдайд очсон юм. Кибчагын тал нутагт очсон алтан ургийн гишүүд дотроо Мөнх Батыг эс тооцвол хамгийн ахмад нь байжээ. Зүчи болон Тулуйн удам, Өгэдэй болон Цагаадай гэсэн хоёр том тал талцаж байсан юм. Өгэдэй болон Цагаадайн талд хүчтэй манлайлагч лидер байгаагүй харин Зүчи болон Тулуйн талд Мөнх, Бат гээд ард түмэнд хүлээн зөвшөөрөгдсөн хүчтэй лидерүүд бодитой байсан юм.

Өгэдэйн удам тангаргаа зөрчиж Ширэмүнд хаан ширээг өгөөгүй учир хаан ширээнд суух эрхгүй гэж хуралдайн эхэнд ширүүн маргалдаж улмаар Батыг өөрийг нь нэр дэвшүүлэхэд тэрээр эелдэгээр татгалзан Мөнхийг хаанд сонгохыг санал болгожээ.

Бат хаан “Хан хөвгүүдийн дотроос Мөнх л хаан хvний билэг төгс юм. Яагаад гэвэл энэ хүн ертөнцийн сайн мууг үзэж, хамаг хэрэг явдлын ашиг зовлонг амсан янз бүрийн оронд олон удаа цэрэг захиран явсан бөгөөд оюун билэг нь олноос хэтийджээ” хэмээн түүнийг хаан болгох саналаа хэлжээ. Чингис хааны хатад болон Өгэдэйн хатан хөвгүүд элч зарж, Сорхугтани бэг хатан, бусад хан хөвгүүд, ихэс ноёдод “Хан хөвгүүдийн дундаас гагцхүү Мөнх л Чингис хааны засаг, зарлиг хоёрыг нүдээрээ үзэж, чихээрээ сонссон хүн, төр улс цэрэг хан хөвгүүд бидний зол жаргал хэрхэн болох нь түүнийг хаан суулгахад буй” гэж хэлүүлээд их ёслол хийж Мөнхийг хаан ширээнд суулгахаар тогтсон байна.

Чуулган дуусмагц Бат хаан өөрийн дүү Бэрхэд цэрэг өгч Мөнхийн хамт Хэрлэнд очоод түүнийг даруй хаан ширээнд суулгагтун гэж зарлиг буулган мордуулжээ. Бэрх Монголд ирж Сорхугтани бэг нарын хамт Мөнхийг хаан ширээнд өргөмжлөхөөр хан хөвгүүд, ихэс ноёдын хуралдай зарласан боловч Өгэдэй, Цагаадайн угсааны ноёд, Гүюгийн хөвгүүд хүрэлцэн ирэхгүй байсаар бараг хоёр жил болов.

Ингэхэд Бат хаан дүү Бэрх ноёнд зарлиг болон “Мөнхийг хаан ширээнд суулга, хэн зарлигаас гажваас тэр хүн алдах үхэх” гэж хэлүүлжээ. 1251 оны долдугаар сарын эхээр Монголын их гүрний хаан өргөмжлөх Их хуралдайг Бэрх ноён удирдан Хэрлэнгийн хөдөө аралд хуралдуулсан байна. Тэр хуралдайд Батын хөвгүүдээс гадна Мөнхийн дүү Хубилай, Хүлэг, Муха, Аригбөх нар болон Мөнхсар тэргүүтэй олон ноёд жанжид хүрэлцэн иржээ.

Бэрх ноён Их хуралдайг Хубилайгаар даргалуулав. Ийнхүү Тулуйн ууган хүү Мөнх 1251 онд Их хуралдайгаар сонгогдон маш хүнд хэцүү нөхцөлд хаан суужээ. Гадна дотно байдлыг сайтар хянаж шаардлагагүй үед босч явахыг цээрлэн Зүчийн улсын их цэрэг ёслол болж буй газрыг хэдэн давхар хамгаалж байжээ. Мөнх хаанаас эхлэн Тулуйн угсааныхан төрийн эрхэнд гарах үүд хаалга нээгдэв. Мөнх хаан улсын төрийг хямралаас гаргаж хатуу захиргаа тогтоожээ. Өгэйдэй болон Цагаадайн тал түүнд үнэнчээр захирагдахаас өөр сонголтгүй болжээ. Энэ бол нэг талаасаа төрийн эргэлт байсан юм.

Мөнхийг эсэргүүцсэн Ширэмүн ноёны бослого амжилтгүй болж тэрээр удалгүй бууж өгсөн юм. Өөрийн хүч чадалд найдсан Ширэмүн Мөнхийг гэнэдүүлэн устгах гэж оролдсон ч амжилтгүй болсон тухай Г.Рубрук өөрийн бүтээлдээ[4] өгүүлсэн байдаг.

Мөнх хаан болоод Батад болон эх ах дүү нартаа томоохон эрх мэдэл олгосон байдаг. Мөнх сонгогдсон тохиолдолд Зүчийн улс бүрэн бус ч гэсэн тусгаар улсын хэмжээнд эрх эдлэх нууц тохироо ч байсан байхыг үгүйсгэх аргагүй юм.

Юуны өмнө Мөнхийг хүлээн зөвшөөрөхөөс татгалзсан Ширэмүн ноёыг шийтгэж, Сорхугтани хатан биечлэн Гүюгийн хатан Огул Хаймиш болон Ширэмүний эх Хадагч хатан нарт цаазаар авах ял оноожээ. Мөн Бат хаан тэртээ Кибчагын аян дайны өс хонзонгоо тайлж Цагаадайн ач Бүрийг цаазалсан байна. Мөн Элжигдэйн хүү Аргасунг Бат хаан онцгой аргаар буюу хорон муу үгийнх нь төлөө аманд нь чулуу чихэж алсан гэх яриа үлджээ. Эцэг Элжигдэй нь ч хожим бага Ази зугтааж яваад баргидан Батын гарт үхсэн. Бат хаан нэгэн цагт өөрийг нь басамжлан дайрч доромжилж байсан бүх хүнийг зүйл дуусгажээ.

Цаашлаад Бат хаан Мөнхийн туслалцаатайгаар Цагаадайн улсын газар нутгаас нэлээд хэсгийг булаан авч өөрийн Зүчийн улсдаа нэгтгэсэн байна. Түүгээр ч үл барам Зүчийн улс дахь Мөнх хааны эзэмшил нутгийг Бат өөртөө нэгтгэж авчээ. Бат Монголын эзэнт гүрний их хааны эзэмшил нутгийг өөрөөс нь асууж зөвшөөрөл авсны[5] үр дүнд авч чадна шүү дээ. Асар их хайр хишиг халамжийг Мөнх хаан Батад олгосон байна. Монголын эзэнт гүрний хаан ганцхан харьяат улсуудын хаад ноёдын хэрэг маргааныг шийддэг байсан бол Батад энэ эрх олджээ. Зарлигийн бичиг буюу (ярлык) гаргах эрхийг Мөнхийг хаан болсны дараа Бат эдлэх болсон гэж түүхчид үздэг. Баруун зүгийн улс орнууд Зүчийн улсын эзэн Баттай харилцахад хангалттай байв. Тэрээр Монголын эзэнт гүрний баруун жигүүрийн удирдагч болсон юм. Нэг үгээр бол эвслийн засаг үйл ажиллагаагаа явуулж байжээ. Өмнө нь Оросын вангууд албан тушаалаа баталгаажуулахаар Хар хорум явдаг байсан бол одоо Сарай явах болсон байна.

Мөнх болон Бат хаадын үед Монголын эзэнт гүрэнд амар амгалан байдал нэгэнт тогтжээ. Мөнх хаан Вильгелм Рубрукт .... “Нарны илч гэрлээ хааяагүй түгээж байдгийн нэгэн адилаар миний хийгээд Батын эрх засаг газар сайгүй түгэн дэлгэрч буй”[6] хэмээн мэдэгдэж байжээ. Мөнх хаан Батыг хүндэлж явдаг гэдгээ зүйл бүрээр харуулж байсан бөгөөд өөрийн аливаа шийдвэрийг түүнтэй ярьж зохицуулж байжээ. Тухайлбал: Бага Армений I Гетум хаан Мөнхийг зорин ирэхэд нь хаан зарлигийн бичиг шийтгэн олгож “Батад элч явуулж Мөнх хаанаас олгосон жуух бичиг хийгээд тушаалыг үзүүлээд түүний дагуу Батаас мөн зохих тушаал шийдвэр авах”-ыг захиж байжээ[7]. Хэрвээ нэмж хасах, өөрчлөх зүйл байвал өөрийн тааллаар хийнэ буйзаа хэмээн Мөнх хаан түүнд бичсэн гэх зэргээс үзэхэд Бат Мөнх хааны үнэхээр үнэнч холбоотон дотно зөвлөх нь байжээ.

Мөнх хаан Багдадын халифат улсыг эзлэх аян дайнд дүү Хүлэгийг илгээхэд Бат хаан мөн өөрийн улсын Ордугийн хүү Кули, Шибаны хүү Балаган, Мөнх Тударын хүү Тутар, Бувалын ач хүү, Ногайн үеэл  нарыг их цэргийн хамт мордуулсан юм. Аян дайны олзоо хүртэл хамтран хүртэх ёстой биз дээ. Бат хаан бүр дүү Бэрхийн Багдадын халифатыг эзлэх аян дайны зогсоохыг шаардсан шаардлагыг эс сонссон юм. Бат Мөнх хааны байр суурьд баттай зогссон юм. Гагцхүү Батыг үгүй болсны дараа хожим Зүчийн улс Эл хаант улсын харилцаа муудсан билээ.

Мөнх болон Бат хааны энэ ойр дотно харьцаа нь их хааны дэргэдэх хүмүүст таалагдахгүй байсан учир хов хутгаж үймүүлэх ажил бишгүй л хийжээ. Гэсэн ч их хаан Батын талд зогссон хэвээр байлаа. Мөнх хаан Хубилай хоёрын харилцаа ээдрээтй болж байсан тэр үед Зүчийн улсын их цэрэг түүнд их хэрэгтэй байсан нь мэдээж. Нэгэн цагт Мөнхийг хаан ширээнд суулгахад Зүчийн улсын их цэрэг гол хүч болж байсан. Хэн хэнийхээ эрх ашгийг нөхсөн харилцаа. Хэдий Бат өөрийн хязгааргүй их эрх мэдлээ ашиглаж байсан ч Монголын их хааныг хүндлэн түүний тушаал зарилгийг үнэнчээр биелүүлэн эзэнт гүрний статусыг сахин гүрэн улс задрахаас болгоомжлон ухаалаг бодлого хэрэгжүүлсэн юм.

Бат хаан 1255 онд хүү Сартагийг Хархорумд өөрийн залгамжлагчаар томилуулахаар их хааны зүг явуулсан бөгөөд удалгүй тэрээр таалал төгсч Сартаг Зүчийн улсын хаан болжээ.

Үүнээс хойш Зүчийн улсын хаад болон Монголын эзэнт гүрний хаадуудын хоорондох харилцаа нь хэзээ ч Бат болон Мөнх хааны үеийнх шиг байж чадаагүй бөгөөд харин ч Хархорумаас бие даан салан тусгаарлаж Монголын эзэнт гүрний задрлын эхлэлийг тавьсан билээ.

АШИГЛАСАН БОЛОН ЭШЛЭЛ АВСАН МАТЕРИАЛ

    Всеобщая история Вардана Великого. М. 1861

    Гильом де Рубрук “Дорнод этгээдэд зорчсон минь” УБ. 1988 он

    Живонни дель Карпини “Монголчуудын түүх” УБ. 1988 он

    Киракос 1976 – Киракос Гандзакеци. История Армении / Пер. с древнеарм., предисл. и коммент. Л. А. Ханларян. М, 1976

    Юань ши 2004-Юань ши (официалньная хроника династии Юань) //Храпачевский Р.П. Военная держава Чингисхана. М., 2004.

    Романив 2002 – Романив В. Я. Бату-хан и «центральное монгольское правительство»: от противостояния к соправительству // Тюркологический сборник / 2001: Золотая Орда и ее наследие. М., 2002.

    Монголын нууц товчоо

    Монгол цэргийн түүхэн товчоон УБ.1996 он


[1] Г.В.Вернадский “Монголчууд ба Орос орон” УБ.2008 он 56-р тал

[2] Юань ши 2004-Юань ши (официалньная хроника династии Юань) //Храпачевский Р.П. Военная держава Чингисхана. М., 2004. С.432-525

[3] Романив 2002 – Романив В. Я. Бату-хан и «центральное монгольское правительство»: от противостояния к соправительству // Тюркологический сборник / 2001: Золотая Орда и ее наследие. М., 2002. С. 84-100.

[4] Гильом де Рубрук “Дорнод этгээдэд зорчсон минь” УБ. 1988 он 156-р тал

[5] Всеобщая история Вардана Великого. М. 1861 с 163

[6] Гильом де Рубрук “Дорнод этгээдэд зорчсон минь” УБ. 1988 он 164-р тал

[7] Киракос 1976 – Киракос Гандзакеци. История Армении / Пер. с древнеарм., предисл. и коммент. Л. А. Ханларян. М, 1976 с.225

Сэтгэгдэл 5ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
11 сар 18. 21:59
Зочин ууганпүрэв

Сайн сайт шүү. Амжилт хүсье

11 сар 18. 13:23
Зочин

Сорхугтани тагнуул мөн үү?

11 сар 18. 14:59
Зочин

Сорхугтан хатан чинийхээр бол хаанахын тагнуул байх уу? Үгээ мэдэж ярьдаггүй хүмүүс л монголын дайсан.тагнуулууд болдог юм даа.

11 сар 18. 18:04
Зочин

Тагнуул гэж хэн нотлохын

11 сар 18. 20:43
Гэгээрэл

Тагнуул гэдгийг шууд утгаар нь ойлгох юмаа хүү Мөнхийг хаан ширээнд суулгахын төлөө их юм хийсэн хүн Мөнх хаанаас илүүтэй Сорхугтани бэхи хатан Бат хаантай холбоотой байсан хүн Монголын төрийн талаар Бат хаанд захиа бичиг хүргүүлдэг байсан шүү түүхэнд тэмдэглээтэй байгаа түүх мэдэхгүй нөхдүүд минь

Сэтгэгдэл бичих
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]