Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Орос болон Кавказ, Каспийн умардад (3-р бүлэг)Уншсан4,218

Гэвч Наполеон, Гитлер нарт тохиолдсоны адил зүйл монголчуудад тохиолдсонгүй нь хүнд хэцүү аян дайнд хатуужиж шалгарсан арми, чадварлаг удирдлагатай холбоотой.

Түүхэн сэдэвт олон гайхалтай нийтлэл, өгүүлэл, номуудаараа та бидний танил болсон Б.Номинчимэд гуайн "Бат, Сүбээдэй нар Европ дахиныг түйвээсэн нь" хэмээх түүхэн найрууллыг уншигчдадаа цувралаар хүргэж байна. Түүх сонирхогч уншигчдын маань оюуны мэлмийг мялаах зөвшөөрөл өгсөн Б.Номинчимэд танд гүнээ талархаж байна.


3-р бүлэг.
Орос болон Кавказ, Каспийн умардад

 

Бат, Сүбээдэйн их цэрэг 1236 оны хавар ял асуухаар Их Булгарын нутагт орж ирлээ. Үүнд таван түмэн монгол, долоон түмэн түрэг, нийт арван хоёр түмэн цэрэг цугласан хэмээн монголын цэрэг дайны түүхчид тодруулжээ. Энэ үеэс Монголын их цэргийн тоос Орос орныг бүрхэн, Европын зүгт хуйлран харанхуйлав.

Ата-мелик Жувейнийн бичсэнээр “Монголын их цэргийн хөлд хөрст дэлхий доргин чичирч, хүн бүү хэл араатан амьтан хүртэл үргэж зугтахаа ч мэдэхээ байн алмайран зогсож” байжээ.

Оросын он тооллын тэмдэглэлд энэ талаар ийн дүрсэлжээ. “Зоригт эрс санаагаар унаж, чадалтны гар үл хөдөлнө. Илдтэй нэгэн нь зэвсэгтэйгээ мэдэгдэж, энэрэл өршөөлгүй хядагдахаас айн зэвсгээ нууна. Монголчуудын дуунд тэд айн дагжиж, нум саадагных нь чимээг сонсоод чичирнэ. Хүн бүхэн эцсийн цагаа хүлээн үнхэлцгээ хагартлаа айна. Айн сүрдсэн хүүхэд ээжийнхээ энгэрт наалдахад тэд монголчуудын нүдэнд өртөхөөс өмнө хүүхэдтэйгээ хамт эрэг ганга руу үсэрнэ”.

***

 

Каспи, Кавказын умардын ард түмнүүд болон Оросыг байлдан эзэлснийг он цагаар хураангуйлвал:

-1236 оны намар Ижил мөрний Их Булгарыг дайран цохив. Энэ зуураа буртас, башкир, мордва, эрза, мокша  зэрэг хэд хэдэн үндэстнүүдийг дагуулав.

-1237 оны хавар Батын арми Дон, Ижил мөрний дунд куман, алануудын хамтарсан хүчийг бут ниргэв.

-Энэ зун, намар Мөнхийн цэрэг Ижилийн доод адгаар байх газар нутгийг эзлэн саксиний ард түмнийг дарав.

-1937 оны намар Бат, Сүбээдэй нар одоогийн Воронеж орчимд цэрэг армиа бүртгэж, хан хөвүүдээ цуглуулаад, Оросыг хэрхэн дайлахаа төлөвлөн хэлэлцэв.

-Байлдааны ажиллагаагаа эхэлж, Онузыг эзлэн шатаагаад нэг шидтэй хүүхнийг хоёр элчийн хамт Рязанийн ванд илгээн зэр зэвсэг, мориор алба барихыг шаардав.

Бат хаан цацартаа нөхдийн хамт суугаад Орос болон Дорнод Европыг дайлан дагуулах аяныхаа төлөвлөгөөг хэлэлцэж буй нь. Хуучнаар ЗХУ-ын судлаач, зураач Н.Гореликийн бүтээл

-1237.12 сарын эхээр Рязанийн ван Юрий Игоревич, ах Олег ван, Муром, Пронийн вангууд “Биднийг үгүй болохоор энэ бүгд та нарынх болно” гэсэн хариу өгөөд, цэргээ авч Воронежид очсон боловч хиар цохиулав.

-1237.12.16-нд Рязань хотыг бүслэн 7 хоног дайлж, эзлэв. Оросын нэгэн вант улс Рязань унав.

-Ока мөрөн өгсөн 160 орчим юм давшаад Рязаньд туслахаар ирж явсан Владимирийн вангийн хүү Всевлодовичийн цэргээр хүч нэмсэн Коломнаг (Москвагаас 80 орчим км) дайран эзлэв.

-Москваг таван өдөрт бүслэн эзлэв.

-Зүүн тийш эргэж, Клязьма гол уруудан 160 орчим км урагшилж, Владимир-Суздалын вант улсад довтлон ороод 1238 оны 2 сарын эхээр Владимирийг эзлэв.

-Хойш огшиж Суздалыг эзлээд цэргээ хэдэн замд хувааж, тал бүр тийш илгээн, Городец, Юрьевец, Кострома, Галиц, Юрьев, Переяславль, Ростов, Ярославль, Углече Поле, Дмитров, Твер зэрэг Владимир-Суздалын вант улсын 14 их бага хотыг нэгхэн сарын дотор эзлэн дагуулав.

-Энэ үед умарш чиглэсэн фронтын өргөн Волок Ламскийгаас Галиц Мерский хүртэл 500 гаруй км сунажээ.

Монголчууд Оросын хотуудыг довтолж байна. 1240 оны өвөл

-1238.3.4-нд Ярославль хотоос хойш 70 гаруй км-т орших Сити голын намагт шивээлэн цэргээ хураан засаж суусан Владимирийн их ванг гэнэт дайран, хиар цохиж, их ванг алав. Ингэснээр тэр цагийн Оросын хамгийн олон хүн амтай, хүчирхэг Владимир-Суздалын вант улс унав.

-Энэ завсар баруунш давшсан Бат хааны бас нэгэн замын цэрэг Новгородын вант улсруу довтлон орж Ситиэс 160 гаруй км зайд орших Торжок хотыг бүслэн хаав. Бүслэлт 14 хоног үргэлжилж, 1238.3.5-нд хотын хэрмийг оньсоор нураан эзлэв.

-Ингээд Новгородын вант улсын нийслэл Новгород руу давшсан боловч 100 хүрэхгүй км наана Селигер нуурын умардаас гэнэт эргэж урагшлан Смоленскийн вант улсын нутагт цөмрөн оров. Новгород хүрэлгүй эргэснийг түүхчид ус, намаг, оросуудын баатарлаг эсэргүүцэл, ар тал дахь бослого, монголчуудын хүчин суларсан зэрэг олон шалтгаан тоочивч, гол нь Новгородын вангууд эсэргүүцэлгүй, дагах болсонтой холбоотой.

-Новгород хотын 1238 оны түүх бичлэгт “Татаарууд царцаа мэт олноор ирэв” хэмээн бичиж үлдээжээ.

-1238.4 сарын эхээр Смоленск хотын хэрмэнд монголын нэг анги цэрэг тулж очоод эргэв.Смоленскийн вант улсын нутгаар нэвт гарав.

-Мөн энэ үеэр бас нэгэн анги цэрэг Черниговын вант улсын Козельск хотыг бүслэн хаав. Хотыг 49 хоног бүслэн, хатуу ширүүн тулалдаж, 4000 орчим цэргээ алдсаны эцэст нэгдсэн хүчээр дайран эзэлж, хотыг газартай нь тэгшлэв. Хотыг “Чөтгөрийн хот” хэмээн нэрлэв.

-Мценск зэрэг хэд хэдэн хот  болон Өмнөд Новгородын Курск хотыг явуут эзлээд Новгородын Селигерийн чанадаас Кипчакийн их тал нутагт хүртэл 700 гаруй км замыг аялан дайлан гарч ирэв. Тэд 1238 оны зуны дэлгэр цагт Дон, Донецийн завсар дахь бэлчээр нутагт ирж, цэрэг морио засан буудаллав.

-Энэ завсар Мөнх, Хадааны тэргүүлсэн цэрэг Кавказад довтлон черкес үндэстнийг дарав. Бэрх, Бүри, Шейбан зэрэг хан хөвүүдийн цэрэг боссон кумануудын үлдэгдлийг Дон, Кубаны их тал нутгаар элдэн цэвэрлэв.

-1238 оны намар мөн Кавказын ар хормойд хүчирхэг алан аймгуудыг ихээр дарав.

-1239 оны эхээр зүүн талд мордов, мошка нар бослого дэгдээсэн учир цэрэг анги тийш эргэж дарав.

-Энэ зуураа 1237 онд хүрээгүй байсан Рязанийн вант улсын зүүн хязгаарт байх Муромын ванлигийг эзлэв. Мөн Владимирийн вант улсын зүүн хязгаарын Гороховец, Доод Новгород зэрэг хэд хэдэн хотуудыг авав. 1238 онд Кавказаас умардад Доод Новгород хүртэл 1500 гаруй км, баруунш Орель  хүртэл 1000 гаруй км өргөн уудам зайд дайтав.

-1239 оны хавар Переяславлийн вант улсад цөмрөн орж, хүчирхэг хамгаалалт бүхий нийслэл Переяславль хотыг хэдэн өдөр бүслэн хаасны эцэст эзлэв.

-1239.10.18-нд Черниговын вант улсын нутагт орж, нийслэл Чернигов хотыг авав.

-Эндээс Киев хот 100 гаруйхан км байсан ч дэргэдүүр нь гаран гэнэт урагш эргэв. Учир нь Днепр, Крым орчимд кипчакууд дахин өндийжээ.

-1239 оны өвөл, 1240 оны хавар, зуны турш Бат хаан кипчакуудын үлдэгдлийг 16 жилийн өмнө явсан Зэв, Сүбээдэйн мөрөөр Крымд хүртэл мөшгөсөөр дарав. Тэднээс олныг олзлон Судак хотод аваачин Венецийн боолын наймаачдад ихээр худалджээ.

-Кипчакуудын үлдэгдэл баруун тийш Карпатыг даван арилж, газар нутаг бүрэн цэвэрлэгдлээ.

-1240 оны намар Гүюг, Мөнхийн цэрэг урагшлан асу, косаг зэрэг хэд хэдэн үндэстнийг даран, Төмөр хаалга Дербент хүртэл давшиж, Чормаган хорчийн хяналтын бүсийн хил хүрээд буцав. Өмнө зүгт аюулгүй болов. Мөн Гүржийн хатан хаан Рустанад элч зарж, түүнийг сүрээр дагуулав.

-Монгол цэргийн морины жолоо баруун умарш эргэж, Киев хотыг нэгдсэн хүчээр бүслэн хаагаад тав хоногын дотор 1240.11.19-нд сөхрүүлэв.

-Каменец, Колодяжен зэрэг олон хотуудыг дагуулснаар Киевийн ванлиг бүрэн эзлэгдэв.

-Чухам Киев хотыг эзэлсний дараа болсон найрын үеэр монголын хан хөвүүдийн хооронд зөрчил гарч Гүюг тэргүүтэй зарим хан хөвүүд цэрэг армиа аван нутаг буцсан байх магадлалтай. Учир нь Киев хотыг дайлсан хан хөвүүдийн нэрс дотор Гүюгийн нэрс байгаад, түүнээс хойш дахин үзэгддэггүй.

-Бат хаан үлдсэн цэргээ бууж өгсөн ард түмнүүдээр сэлбээд 1240 оны сүүлээр Изясловль хотыг эзэлснээр Владимир-Волынскийн вант улсын ээлж болов. Нийслэл Владимир хотыг мөн оны сүүлчээр эзлэн, Оросын мөн нэг вант улсыг дагуулав.

-1241 оны 2 сарын сүүлээр Монголын өмнөд замын цэрэг өштөн кумануудыг ивээлдээ авсан мажарын ван IV Белатай цэргийн холбоо тогтоосон Галицийн вант улсыг довтлон эзлэв.

Ийнхүү Оросын 10 вант улсаас гадна Булгарын хаант улс, Кипчакийн хаант улс, алан, черкес, асу, мордав, буртас, башкир, эрза, саксин, чуваш зэрэг  10 гаруй улс үндэстнүүдийг 1237 оны намраас 1241 оны эх хүртлэх хоёр жил хагасын хугацаанд дайлав. Нийт 60 гаруй хотыг эвджээ.

Бат, Сүбээдэй нар анхлан Оросыг 5-6 сарын хугацаанд байлдан дагуулахаар төлөвлөж байсан гэдэг. Ингэж удсаны шалтгаан нь ар талд кипчак, мордов, башкирууд дахин дахин бослого үймээн гаргаснаас оросын нутгаас хоёр ч удаа кипчакийн их тал руу буцсан холын аян хийж, Ижилийн булгараас Крымийн хойг хүртлэх 1400 орчим өргөн уудам тал хээр нутгаар кипчакуудын эсэргүүцлийн голомтийг хаа сайгүй дарж, мөн өмнө зүг Кавказ талаас довтлох аюулыг сэрэмжлэхийн тулд Төмөр хаалга хүртэл 1600 орчим км давшсан зэрэг цэрэг дайны нүсэр том операциудыг гүйцэтгэсэнд байдаг.

Хожим Орос орныг довтолсон эзлэн түрэмгийлэгчдийг оросын хязгааргуй уудам нутаг цуцааж, оросын хүйтэн өвөл хөлдөөж байв. 1812 онд Наполеоны, 1942 онд Гитлерын ялагдалд Оросын энэ онцлог чухал үүрэгтэй байжээ. Оросын он дарааллийн бичигт тэмдэглэж үлдээснээр бол монголчууд Орос оронд довтолсон 1240-өөд онуудад онцгой хүйтэрч, их цас унаж, гол мөрнүүд хүртэл голгүй хөлдөж байсан гэдэг. Гэвч Наполеон, Гитлер нарт тохиолдсоны адил зүйл монголчуудад тохиолдсонгүй нь хүнд хэцүү аян дайнд хатуужиж шалгарсан арми, чадварлаг удирдлагатай холбоотой. Мөн орос нь нэгдмэл улс болж чадаагүй байсан нь ч нөлөөлсөн буй.

Сэтгэгдэл 2ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
5 сар 17. 22:10
Зочин

хойд кавказ чечень,гүрж нартаыг хэрхэж байсан иалаар дэлгэрэнгүй мэдмээр байна

8 сар 16. 23:10
Зочин

kipchak gej ogoonii haanahiin humuus ve bas Mamlyuk uud gej odoonii ymar uls ve ih erteniih yum bina lee BIBL sudart gardag yum aa medmeer bn

Сэтгэгдэл бичих
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]