Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Зүүнгарын хаант улс ойрад буюу монгол угсааны улс бөгөөд түүхчид Зүүнгарын хаант улсыг талын монголчуудын сүүлчийн эзэнт гүрэн гэж түүхчид үзэх нь бий. Цагаан хэрмийн баруун үзүүрээс одоогийн Казахстаны зүүн хэсэг, Киргизстаны хойд хэсгээс өмнөд Сибирь хүртэлх газар нутагт оршиж байлаа.

Түүхч Н.Нагаанбуу агсан: Галдан хаан Халхад довтолсноор Халх Манжид эзлэгдсэн хэрэг огт бишУншсан2,047

Эцэстээ түүнийг дэмжих Монгол хүн тэр үед бараг үлдсэнгүй. Шархадсан арслан шиг болсон тэр эр, “Эс чааваас даа ийм ч Монголчууд байх гэж…” хэмээн хилэгнэн хашгирч махир сэлмээрээ үхэр чулуу цавчсанаас сэлэм нь хуга үсэрч, өөрөө хүйт даасан өргөө рүүгээ орон үхлийн эмийг хүртсэн гэдэг юм.

Халх Манжид эзлэгдэх болсон, мөн Зүүнгар болон Галдан хааны түүхтэй холбоотой одоог хүртэл маргаантай байдаг олон асуудлыг хөндсөн түүхч, зохиолч Н.Нагаанбуу агсны ярилцлагыг хүргэж байна.

-Галдан хааны түүх Халх Манжид эзлэгдсэн явдалтай яахын аргагүй холбогддог. Олонхи түүхчид Галдан хаан Халхад халдсанаас халхын ноёд Манжид дагаар орсон гэж үздэг. “Хэрвээ Халхад халдаагүй байсан бол…” гэх “Хэрвээ…” гэсэн таамаглал магадгүй дээрх дүгнэлтээс гарсан байх. Гэтэл Галдан хаан Монгол эх орныхоо эв нэгдэл, тусгаар тогтнолын төлөө өөрийн амиа огтхон ч хайрлалгүй Манжийн эсрэг тэмцсэн хэмээн түүхэнд бичигддэг. Мөн Галдан хааныг түүхэнд тархай бутархай Монгол улсыг сүүлчийн удаа нэгтгэсэн хүн гэж тодорхойлох нь бий. Ингээд бодохоор Галдан хааны түүх эмгэнэлт хувь заяа мэт санагддаг?

 

-Тийм ээ. Энэ тухай хамгийн эмзэг эмгэнэлтэй сэдэв нь түүний үхэл. Бодохоос элэг эмтэрч, зүрх шархирам хувь заяа. Тэр баатар хаан эх нутагтаа хэний ч дэмжлэггүй өнчирч, хорын тунгаар эм хэтрүүлэн уугаад эрдэнэт амиа алдсан. Итгэлт нөхөд нь Манжид урван дагасан. Ойрад зүүнгарчууд нь хамаг сайхан эрчүүдийг нь дайнд үрсэн хэмээн түүнд ял тулгасан. Харин халх түмэн болохоор бидэн рүү довтолж Анхдугаар Богдыг минь харийн нутаг руу хөөсөн гэсэн ял тулгасан. Эцэстээ түүнийг дэмжих Монгол хүн тэр үед бараг үлдсэнгүй. Шархадсан арслан шиг болсон тэр эр, “Эс чааваас даа ийм ч Монголчууд байх гэж…” хэмээн хилэгнэн хашгирч махир сэлмээрээ үхэр чулуу цавчсанаас сэлэм нь хуга үсэрч, өөрөө хүйт даасан өргөө рүүгээ орон үхлийн эмийг хүртсэн гэдэг юм. Дэндүү эмгэнэлтэй хувь заяа гэдэг энэ.

Энэ хар өдөр бол 1696 оны 12-р сарын 3 буюу Энх Амгалангийн 33-р он. Монгол тооллоор бол төр гүрний үйл хэрэгт ивээлгүй, үймээний эзэн үхэр жил, үймээнт үхэр жил, үйл лайны эзэн гэх мэтээр хэзээнээс цээрлэдэг үхэр жилийн өвлийн эхэн, ес эхлэхээс өмнө буюу эртний монгол тооллоор өөлжин хэмээх 3-р сарын 13-ны хар өдөр. Ану хатнаа суманд эрсдэхэд, мөн Сэвдэнбалжир хүүгээ баривчлагдан Бээжинд хүргэгдэж, Энх Амгалан хааны улс төрийн золиос болон нэг хэсэг ашиглагдаж, улмаар цаазлуулэн толгойг ньдээрлэл брлгон өлгөснийгдуулсан ч Галдан хаан Монголынхоо төлөө зорилгоосоо буцаагүй юм. Галдан хааны нас барсан газар нь одоогийн Говь-Алтай аймгийн Тонхил сумын нутаг Ацтын ам.

-Галдан бошигт хааныг түүхэн үүднээс хэрхэн нэрлэх нь зөв бэ? Зарим түүхчид Галдан бошигтыг хаан биш, харин хан гэх нь зөв гэж үздэг. Энэ талаар таны дүгнэлт? Мөн “бошигт” гэж ямар учиртай нэр вэ?

-Галдан хаан гэж түүхчлэх нь зөв. Хаан гэхээс цэрвэж, хал палгүйгээр нь Галдан бошигт гэж түүхчилдэг боллоо. “Бошигт” гэдэг бол V Далай ламаас олгосон шашны нэгэн цол байх. Галдан долоон наснаас 27 нас хүртлээ хорь шахам жил шашны мөр хөөж, “илхарамба” гэдэг шашны цол хүртэж, бүр Зонховын суудалд сууж ном айлдах эрх олтлоо хүндлэгдэж байсан санваартан.

Ах Сэнгийг нь хаан суудалдаа хорлогдоход, түүний эх Юм Агас холын аяныг үл ажирч, хүү Галдан дээрээ очин энэ бүх байдлыг хэлж, улмаар хүү нь шашны үйл хэргээсээ буцаж сахил санваараа буцаасан түүхтэй. Энэ тухайд нь ярих бол бид Галдан бошигт гэнэ биз. Харин нийт монгол угсаатнаа Манжийн дарлалаас хамгаалах агуу тэмцэл нь эрэлхэг хаан хүний эрэлхэг үйл хэрэг байсан юм. Энэ үед ч гэсэн шашны том цол дагасан Түвдийн хорон бодлого Галдан хааныг дагадаг байсныг түүх шаштирт тэмдэглэсэн байдаг.

-Хаан гэж нэрлэж буйн учир нь Галдан хаан том улс гүрэн байгуулж чадсан гэсэн үг үү? Ойрадыг мэдсэн нэгэн хан байгаад Манжийн эсрэг боссон эрэлхэг баатар гэж л хүмүүс ойлгодог шүү дээ?

-Манжийн Энх Амгалан (Кан Си) хааны тооцоолсноор Галдан хаан 1200 гаруй хот тосгодыг эзэлсэн хаан байсан юм шүү.

-Тийм өргөн уудам газар нутгийг эзэгнэсэн хаан байсан гэж үү?

-Галдан хааны эзэмшил газар нутгийг Чингис хааныхтай жишиж болно. Чингис хаан 40 гаруй улс орныг эзэгнэсэн гэдэг боловч түүхчид Галдан хааны эзэлсэн газар нутгийг мөн тийм хэмжээгээр тоймлосон байдаг. 1188 онд Чингис хаан Тайчууд аймгийн хан өргөмжлегдсөн шиг 500 орчим жилийн дараагаар буюу 1671 онд Галдан Цоросын хан өргөмжлөгдөж, дараа нь хошууд, дөрвөд, торгууд гээд бүх ойрадуудыг нэгтгэж, 1675 он гэхэд Зүүнгар улсын хаанд өргөмжлөгдөж хаан суусан билээ. Галдан хаан бол Хами, Турфан, Кашгар, Яркенд, Хасаг, Хотон гэх мэтээр эрхшээлдээ оруулж, улмаар Чингис хааны хүрсэн газар Сайрам, Самарканд, Бухар, Киргиз, Фирганы хөндий гээд Төв ба Дундад Ази, Дорнод Туркменистаныг нэгтгэсэн их хаан байсан юм. Урагшаа Төвд, Хөх нуур түүний гол холбоотон байв. Дутуу нь гэвэл, Зүрчидийн Алтан улсын хойчис болох Манжийг л дарж чадаагүйгээрээ Чингис хаанаас дутуу байх.

-Манжийн дарлалаас чөлөөлөгдсөний ой гэж манайхан тэмдэглэх гэж байна. Түүхэнд “харгис хулгай” Галдан Халхад довтолсноос Манжид эзлэгдсэн хэмээн харагддаг. Мөн зарим нь “урвагч” Занабазар Богд Манжид бууж өгснөөс болсон гэж үздэг. Та хэний талд байна вэ?

-Хүн бүхэн мэдэхийнхээ хэрээр л бурдаг. Миний тухайд хэн нэгнийг нь зөвшөөрөх нь утгагүй хэрэг. Түүхэн үнэний талаас нь сурвалж судалгаа, баримт нотолгоо дэлгэж яривал өөр хэрэг бөгөөд сонирхолтой ч байж магадгүй. Тэр бол хувийн ойлголт биш, судлаачийн гэмээр дүгнэлт, гаргалгаа болох байх.

-Таны гаргалгаа ямар дүгнэлтэд хүрэв?

-Тухайн үе бол Монголын тулгын гурван чулуу баруун төв, зүүн гэх эртний уламжлал нь өөрчлөгдөж, Ойрад, Халх, Цахар буюу Ар, Өвөр, Баруун Монгол гэсэн ялгамжаар зааглагдсан үе. Ар халх нь боржигин буюу алтан ургийн бага ноёдын удамтнуудтай. Ойрад нь цорос овгийн дээд ноёдтой. Өвөрлөгч нар нь Лигдэн зэрэг алтан ургийн их ноёдын удам, мөн түүнийг дагасан Чингис хааны онгон шүтээнтэй байдаг байлаа.

Ар Монгол нь Чингис хааны цагаан тугтай голомт нутаг боловч товойн гарч чадахгүй байсан. Иймд шашны Анхдугаар Богдын дүрийг Түшээт хан Гомбодоржийн гэрээс Занабазар гэдэг хүүг тодруулж, түүнийгээ хаан хэмээн өргөмжилсөн. Өвөр Монгол нь угсаа залгамжилсан Лигдэн хүртэлх хаадтай. Харин баруун Монгол нь Зүүнгарын Галдан хааны улстай байв. Манжийг эсэргүүцсэн Лигдэн хааны тэмцэл мөхөстөж, улмаар өвөрлөгч ноёд ээлж дараалан Манжийн цол шагналд оочирлогдон урвасаар 1630-аад оноос Манжид дагаар оржээ. Халхын ноёд, ялангуяа Түшээт хан аймгийнхан хашир хэрсүү Гомбодоржоос хойш Манжид ил далдаар сээтэгнэх болсон. Энэ үеэс л Галдан, Занабазар хоёрын тэмцэл хурцадсан хэрэг.

-Анхдугаар Богд Занабазар Манжид урвасан, урваагүй гэж түүхчид одоог хүртэл маргалдсаар байгаа юм биш үү?

-Урвасан нь бодитой үнэн түүх. Түшээт хан Гомбодоржийн хүүхдүүд өсч, эцгийгээ амьд байх үеэс “Манжид эзлэгдэх юм бол…” хэмээн эртнээс нүхээ малтах зорилгоор Манж руу тал тохой татаж эхэлсэн байдаг. Түшээт хан Гомбодорж 1655 онд нас барсан. Гэтэл түүнээс хоёр жилийн өмнө 1653 онд хүү Бундар нь харъяат ард иргэдээ аваад Манжид очиж дагаар орсон байдаг. Тэр байтугай Халхын ноёдоос хамгийн анх удаа Засаг Чин ван цол хүртэж, харьд урвасан тод тохиолдол түүхэнд бичигдсэн байдаг.

Энэ бол Гомбодоржийн нөгөө нэг хүү Занабазар тэргүүтнүүд Манжид 1691 онд бүрэн бууж өгснөөс даруй 38 жилийн өмнө болсон үйл явдал шүү! Бас тэр эмгэнэлт цагаас 36 жилийн өмнө Анхдугаар Богдын төрсөн дүү шинэ Түшээт хан Чахундорж эцгийхээ эзгүйрсэн суудлыг өвлөмөгцөө өөрийн дүү, хүүхдүүдээ Манжийн хааны ивээлгэд суулгасан гээд урвалгын урьдчилсан бэлтгэлийн гэмээр түүх яривал зөндөө зүйл ярьж болох байх. Тодруулж хэлбэл, анхдугаар Богд ч, Чахундорж ч хожим Манж руу зугтан очиход тэнд эцэг эх нэгтэй элгэн садан Бундар зэрэг ах дүүс нь Манжийн албанд зүтгээд, элбэг хангалуун хүлээж тосч авсан. Өөрөөр хэлбэл, тэд Галдан хаанд хөөгдөхийн эрхээр юуны ч учир ололгүй хүний газар очсон юм биш.

-Тэгвэл Галдан хаан Халхад довтолсноос хамаг хэрэг үүджээ гэж ойлгож болохгүй нь уу?

-Хамгийн гол нь энэ буруу ойлголтоос бас салах хэрэгтэй байна. Түшээт хан буюу төв халхдаа бурууг тохохоос зайлсхийдэг бөөрөнхий, аймхай үзэл сурталч түүхчдийн балгаас түүх гажуудаж байгаагийн тод жишээ энэ юм. Галданг довтлохоос өмнө Түшээт хан Чахундорж нэгэн түм буюу арван мянган цэрэг дайчлан Зүүнгарын нутаг руу дайн байлдаан, өдөөн хатгалга хийж, Галдан хааны дүү Доржжав болон Засагт хан Шар нарыг хүйс тэмтрэн алсан байдаг. Мөн Галдан хаанаас Манжийн хаанд илгээсэн гурван зуу гаруй элчийг зам зуураас довтолж устгасан гээд эдгээр ярих өч төчнөөн баримт юу харуулж байна вэ? Яагаад Түшээт хан Чахундорж Халхын хүчийг харийн Манж руу биш, Ойрад Монгол руу эхнээс нь эргүүлэх гээд байв?

-Та Галдан хааныг Халхад довтолдог нь буруу гэж үздэг түүхчдийн эсрэг байна аа даа?

-Би өмнө нь баримт дурьдан ярьсан. Галдан хаан, “Долоон хошууны Халх надад дайсан биш” гэж мэдэгдэж, “Түшээт хан, түүнийг дагасан Сэцэн хан нарыг дүү нар, үр хүүхдээ Манжийн хаанд илгээн, тэд нартай ураг худ болж холбоолж байгааг зогсоо, ойрад, халх хоёр нэгдэж Манжийн эсрэг зогсоё” гэж тэмцсэн. Чахундорж, Занабазар нар зугатаж Манжид байсан холбоотон болон ах дүүстээ очиход, Манжийн хаанаас “Монголын нэгдэл, тусгаар тогтнолд дайсагнасан эл хоёр этгээдийг өг!” гэж шаардаж байсан.

-Түүх бичиг ном зохиолуудад яагаад энэ бүхнийг үнэн мөнөөр нь тусгаж болдоггүй юм бол?

-Тийм учраас л “аймхай бөөрөнхий түүхчид, зохиогчид” гэж хэлж байна. Үнэнийг гаргавал, үндэсний үзэл хагаралд хүргэнэ, одоогийн ар, өвөр хангайнхнаа хүнд байдалд оруулна, дөрвөд, торгууд гээд “бага ястнууд”-ыг давраана гэдэг эмзэглэл түгшүүр байдаг бололтой. Тэгсэн атлаа түүх бичигт, тэр бүү хэл төр засаг нь захчин, үзэмчин, дархад ястан, бага ястнууд гэх мэтээр зохиомол их багын ялгаа, доромжлол гаргаад байдаг нь тун хачин. Уг нь монгол даяараа цагаан ястан тайж хаад, харцас буюу хар яст ард иргэд эгэл түмэн гэх хоёр л ястан байдаг түүхтэй. Өөлд, мянгад, урианхай гэдэг нь төрөлх аймгууд бөгөөд Говь-Алтай, Сүхбаатар гэдэг нь хожмын зохиомол аймгууд. Овог гэвэл аймаг дотроо дэгрээ тамгатайнхан, шар хятадууд, хар үхэрт гэх мэт юм. Гэтэл одоо халх гэдэг хэлний ухагдахууныг их ястан гээд тэр дотроо бүгд шахам боржигин овог (уг нь аймаг) болсон нь тун ч инээдтэй ч гэмээр юм уу, үндэсний эмгэнэл ч гэмээр гаж төрх юм. Манай зохиогчид ихэнхи нь энэ мэт хөнгөн гоомой ойлголттой байдгаас Түшээт хан буюу Төв Халхыг Монголын ари угсаа гэж үзэн өмгөөлөх олонхи болдог. Үүнээс болоод Галдан хааныг ерийн нэгэн тэмцэгч мэтээр доош нь хийх доголон сэтгэлгээ хэвшмэп байсаар байна.

-Ер нь тэр үед халх, ойрад хоёрын хүч болон хүн ам хэр зэрэг ялгаатай байсан бэ?

-Тэнцүү байсан гэж хэлж болно. Харамсалтай нь, Галдан хаанаас хойш ойрадуудыг Манжийн түрэмгийлэгчид эзлэхдээ 620 мянган ойрадыг 120 мянга болтол нь түйвээсэн. Дайны хөлд 240 орчим мянга хүн амь үрэгдсэн. 100 мянга гаруй ойрадуудыг хоморголон цаазалж, олноор нь амьдаар нь газар булж хүйс тэмтэрсэн. Ийм аймшигт яргаллыг Монголын түүх Манжийн балгаар зөвхөн Ойрадад үзсэн. Энэ гашуун түүхийг ил гаргах дургүй түүхчид бас бий. Энэ балгаас болж ойрадууд бага ястан болсон гутамшиг эхэлсэн.

-Зүүн гарын улс хэдийгээс хэдий үе хүртэл оршиж байсан юм бэ?

-Галдан хааны улс 1635-1758 он хүртэл 120 гаруй жил оршин тогтносон. Галдан хаанаас хойш 60-аад жил төр улс нь ямар нэгэн хэмжээгээр хадгалагдаж байсан.

-Галдан хааны улс гэхээр үр хүүхэд нь түүний төрийг сэргээн залгамжилсан хэрэг үү?

-Үгүй ээ. Галдан хааныг Халхыг нэгтгэж Манжийн эсрэг хамтын хүчин бий болгохоор тэмцэж байх хооронд ар хударгаар талийгаач ах Сэнгэ хааны хүү Цэвээнравдан өөрийгөө Зүүнгар улсын хаан хэмээн өргөмжлөн ар талын гол хүчнээс тасалж эсэргүүцэл буй болгосон түүхтэй. Мөн Богд хаанд дайсагнаж, манай Халхад довтолсон гэж ар халхууд Галдан хааныг эсэргүүцсэн. Энэ байдлыг Манжийн Энх Амгалан ха,ан овжин ашиглаж, “хулгай” Галданы харгис довтолгооноос ар халхыг чөлөөлнө гэдэг шалтгаанаар нэгэн удаа 50 мянган цэрэг зэвсгийн хүч илгээж, улмаар энэ үйл явдлаар ар халхыг Манжид нэгтгэх бодлогоо ерөнхийд нь хэрэгжүүлсэн.

Галдан хааны улс гэж байгаа нь түүний үндэслэсэн улс гэсэн санаа. Хөдөөгийн түүхч өтгөс тэгэж ярьж хэлэлцдэг байсан, Жүчийн улс, Чагадайн улс, Хүлэгүгийн улс… Өөрөөр хэлбэл, Хубилайн улс гэж ярьдаг байснаас Юань улс гэдэггүй. Одоо л шинжлэх ухаанчирхан нэр томъёолжуулж Юань, Алтан Ордны гэх мэтээр цоллох болж. Тэгэж ярих төрөлх түүхчийг олохгүй дээ.

Нанхиад гүрэн дотроо Хубилайн улсыг тэгэж нэрлэдэг л юм байгаа биз. 1254-1368 он хүртэлх хугацааг Дайдуд сууж асан хаадууд бүгд Хубилайн улсын л хаад. Энэ нь Монгол гүрний хаан гэсэн утга огт биш, Монгол гүрний гэвэл эдгээр дөрвөн ханхүүгийн хараат дөрвөн улс дээр Тулуй эзний сахисан Монгол газрын төрийн голомт нутгаа нэмж амилуулаад Монгол гүрэн гэж ухаардаг уламжлалтай юм. Энэ л гүрний төлөө эрслэн тэмцсэн Галдан хааны улсыг би тийн зүйрлэн нэрлэсэн хэрэг.

-Тэгвэл “Зүүн гар” гэсэн нэрний хувьд таны дүгнэлт…?

-Зүүнгарын улс гэдгийг ч манай эрдэмтэд буруу тайлбарладаг. Одоо эрдэмтэд биш энгийн түүхч хэд гурванхан эгэл Монгол л мэдэж байгаа эртний өвөг зурхайн ёсонд төрийн хэргийг алтан гадас одыг харж зогссон хүний гараар баруун, зүүн гэдэг ёс бий. Энэ нь зүг чигээ хэзээ ч алдаж төөрөлдөхгүй гэсэн энгийн санаанаас үүдэлтэй эрдэм л дээ.! Энэ зурхайн ёсоор ертөнцийн баруун зүгт зүүн гарын монголчууд оршдог юм. Баруун монголчууд гэвэл монгол зурхайн бар зүгээр ярьж байгаа хэрэг бөгөөд зүүн гарын гэдэгтэй дүйх адил утга.

-Галдан хаан Чингисийн алтан урагтны удам биш биз дээ?

-Ойрадын Гүүш хааны Цорос аймгийг Хасарын хойчис гэдэг. Цоросын Эсэн тайш хаан эцэг Тогоон тайшаас өвлөж, 1451-1454 онд нийт Монголын хаан байсан. Галдан хаан бол Эсэн хааны бага хүү Эсмүний хойчис бөгөөд 1643 онд Эрдэнэбаатар хиан тайшийн зургаадугаар буюу хоёрдугаар хүү болон мэндэлжээ. Зургаадугаар хүү гэсний учир нь, Эрдэнэбаатар хиан тайш гурван хатнаас төрсөн арван хоёр хөвүүнтэй байснаас зургаа дахь хүү нь Галдан хаан байсан юм. Харин Юм Агас хатнаас гарсан лоёр дахь хүү нь Галдан хаан юм. Хэрэйдийн Тойрол хааны торгууд удмын Амгалан ноёнд Ойрадын Тогоон тайш өөрийн Юм Агас охиноо өгчээ. Тэгэхээр Галдан хаан Хасарын хойч Цорос эцэгтэй, эртний хуяань (хүннү) хаадын хойчис, Хэрэйд Тойролын алтан ургийн торгууд эхийн үр язгууртан юм.

Ер нь Алтан ураг гэж зөвхөн Чингисийн удмыг хэлдэг юм шиг хуудуу ойлголт байгаа нь уг язгуур муутай удамласан төрөлх эрдэм ухаангүй ч гэсэн цол хамгаалж том нэр хүртсэн эрдэмтдийн таамгаар тарьсан нэр томъёо. Зөвхөн XIII зуунаас түүх ярья гэвэл Хэрэйдийн Тоорил хааны, Найманы Таян ханы, Мэргэдийн Тогтохын, Тайчуудын, Чингисийн гэх мэт тэнгэр язгуур ярих хэрэгтэй алтан урагтай олон удам бий. Чингисийн удмын бага ноёд зөвхөн өөрийгөө алтан урагтан гэж нэрлээд, Тогоон, Эсэн нарыг Чингисийн хойчис биш учраас алтан урагтан биш гэдэг байв.

Иймд хаан гэлгүй харин Ойрадын Тогоон тайш, Эсэн тайш гэж түүхчилдэг байсан. VIII Богдыг ч төвд хүн тул хаан гэлгүй наран гэрэлт түмэн наст богд эзэн гэх ёстой гэж үздэг байсан юм гэнэ лээ. Бас Алтан ураг гэж эцгийн талын удам биш эхийн хэвлийн ураг удмыг хэлдэг ёсыг бас мэдүүштэй.

-Ану хатны тухайд?

-Ану хатан Галдан хааны ах Сэнгэ хааны бага хатан байсан. Сэнгэ хаан нас барж, Галдан хаан эхнэрээ болгож, харин Ану хатны дүү охин нь Галдан хааны дараа хаан төрийг уламжилсан Сэнгэ хааны хүү Цэвээравданы сүйт бүсгүй байсан ч Галдан хаан нэр нөлөөгөө ашиглан бас эхнэрээ болгосон. Зүйрлэвэл, Чингис хааны Есүй, Есүгэн эгч дүү хоёр хатан шиг. Цэвээнравдан энэ өшөөр Галдан хааныг Халхад үйл ажиллагаа явуулж байгаа хооронд өөрийгөө Зүүнгарын хаан өргөмжилж, Галдан хааныг нас барсны дараа ч мөн төрийн хаан суудлыг үргэлжлүүлж Манжтай эрэлхэгээр тэмцсэн түүхтэй. Ану хатныг Сэнгийн хатан гэхээр Цэвээнравдангийн эх гэж ойлгож болохгүй.

-Хамгийн их хохирол үзсэн тулаан Налайх, Зуун мод, Заан Тэрэлжийн дэргэд болсон. Энэ тулалдаанд Галдан хаан Ану хатнаа алдсан гэдэг биз дээ?

-Монголын хувь заяанд эмгэнэлт учир холбогдолтой энэ газар нутгийг мөн л ойрадтай холбоотой учир шалтгаанаар хайхрахгүй орхисоор элсний карьер болгон энд тэндгүй ухаж сийчсэн хэвээр л… Зүй нь тэр. хавийг төрийн хамгаалалтад авч, Галдан хааны болон Ану хатны хөшөө дурсгалыг хүндэтгэн босгох учиртай.

Галдан хаан Энх-Амгалан хааны удирдсан 50 мянган манж, хан, нанхиад, өвөр, ар монгол нийлсэн гурван замын их цэрэгтэй тэнцвэргүй дайн хийж ялагдаад, үлдсэн нөхдөө авч баруун зүгт зугтахдаа үхрийн баас шиг цувран гээгдсээр бутарсан. Манжийг сөрсөн хүч энэ дэлхий дээр ганцхан Галдан хаан, түүний хүчирхэг арми л байсан. Манжаас илүүтэйгээр монголчууд, ялангуяа Түшээт ханы Чахундорж тэргүүтэй Түшээт ханыхан Галдан хааныг дотроос нь задлах, гаднаас нь бутлах үйл ажиллагааг олон жил уйгагүй хийсэн.

Галдан хаан Манжтай тулгарсан их бага олон тулаан, дайн байлдаан бий. Хамгийн гол нь, Галдан хаан бол манж, нанхиад, өвөрмонгол, бас халх монголын нэгдсэн цэргийн хүчний эсрэг Монгол үндэс угсаатныхаа тусгаар тогтнолын төлөө хааны ёсоор тэмцэж, эцэстээ ганцаардах хуртлээ туйлбартай тэмцсэн жинхэнэ Монгол хаан.

Манжийн дарлалаас чөлөөлөгдсөний 100 жилийн ойг хөл болгон тэмдэглэхдээ хамгийн гол нь анх яагаад Манжийн дарлалд орчихсон юм бэ гэдгийг зөв тунгаах ёстой. Гэтэл тэгэх шинжгүй байна. Ой болно гээд бас баахан манж бодлого ёслол болно гэхээс ичиж байна. Манжууд монголчуудыг өөрт нь ямар ч гарз гарлагагүй хоосон цол хэргэм, чулуун жинш, шувууны өд мэтээр өрсөлдүүлж, нэгэн зууны ч насгүй баахан эд хөрөнгөөр дотор нь жөтөөрхөлцүүлж, атаа жөтөө дэгдээснийхээ хүчинд санасандаа хүрсэн. Өнөөгийн төр тэр ёсыг дэглэж, бас баахан одон тэмдэг, гавъяат ардын баатар гээд хоосон цол шагнадаг байна. Түүний оронд адаглаад Зуун модны замд Галдан хааны дурсгалын цогцолбор байгуулах шав тавих юмсан.

-Та “Зууны мэдээ” сонинд нийт монголчуудын хаан төрийг ойрадууд гурван удаа авсны эцэст Монгол улс өөдөлнө гэж бичээд Ойрад угтай хүмүүс танд ихэд дургүйцэж байгаа дуулдсан?

-Би Ойрадыг муулаагүй, бас худлаа өргөмжлөөгүй. Ухаант эцэг дээдсийн тийм зурхай байдгийг л хэлсэн. Тэр нь үнэн болохыг эртний монгол зурхайн ухаанаар харьцуулал, жишээтэйгээр ярьсан. Эсэн тайжийн үед Халхын Агварчин жонон тэргүүтэн 64 өрлөгтөн, 32 хиуртан тэргүүтнийг хядаж цуст яргалал үйлдсэн. Эндээс ноёдын үхэл чуулганд гэх хэлц үг гарсан. Энэ харгис үгээс Ойрад, Халхын хагарал эхэлсэн тухай түүх сурвалжид тэмдэглэгдсэн. Ойрадын зах мянган буюу захчин аймгийн Тогоон тайш, Эсэн тайш нар Монголын хаад байсан гэж би өмнө нь хэлсэн.

XX зуунд социализмын замаар далан жил явсан. Тэр онол мэдлэгээр жолоодсон гол эзэд нь Ю.Цэдэнбал, Ж.Батмөнх нар байсан. Тэд бас ойрад хүмүүс. Тэр талаар маш сайхан түүх, бас базаахгүй баримт ч ярьж болно. Ойрадууд гурав дахь удаагаа Монголын төрийг авсан нь өнөөгийн ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, УИХ-ын дарга Д.Дэмбэрэл, Хууль зүйн сайд Ц.Нямдорж нарын энэ үе гурав дахь нь болох юм. Энэ шинжийг би Монгол доройтохын, эсвэл мандахын дохио тэмдэг гэж хэлээгүй. Гурван удаа ойрадууд Монголын төрийг атгана гэсэн зурхайн тооцоо зөв байна. Энэ тэмдгийн дараа Монголын цоройсон их бадрал ирнэ гэсэн. Тиймээс Манжийн дарлалаас чөлөөлөгдсөний зуун жилийн ойн өмнө Монгол төрийн гал голомтын цогцолбороо улсын нийслэл Улаанбаатарын төв цэгт мандуулж, Галдан хааны тэмцлийн ганцаардалд гэмшиж чадваас ойн ач холбогдол тэр болно. Ойрад, Халх хоёулаа алтан урагтай нэг үндэстэн.

-Ингэхэд Галдан хааны тэгш ой ойрын үед хэдийд болох бол?

-Галдан хаан Хасарын хойч цорос хүн тул Есүхэй баатарын удам. Халхын ноёд ялангуяа Түшээт хан гомбодоржийнхон Чингисийн хойч. Тэмүжин, Хасар хоёр Есүхэйн хөвгүүд шүү дээ. Тэр Манжийн эсрэг дайтна гээд цэрэг элсүүлж боссон эгэл нэгэн зоригт баатар биш тэнгэр заяат хиан угсаат хаан хүн. Байгуулсан улс нь зэр зэвсгийн, галт бөмбөг, дарьт бууны үйлдвэртэй, тагнуулын алба сүлжээтэй, газар тариалан, мал аж ахуй хосолсон том гүрэн байсан. Анхдугаар Богд болон Түшээт хан Чахундоржийг Монголынхоо төлөө Манжийн эсрэг тэмцэлд ятгуулахаар мянган лам тагнуул бэлдэн халхад оруулж байсан гээд бод. Тэр хаан эцэстээ яаж ганцаардан ягтаж, өлөм зэлэм өнчрөн эцэслэв дээ.

Тэр их хүний түүхэн ойг тэмдэглэхээр барахгүй, Манжийн эсрэг тэмцлийг манлайлж, амь нас, амьдралаа өргөсний хувьд төрийн дээд хүндлэлээ амилуулах ёстой. Хөшөө дурсгал нь зөвхөн Ховдод биш, Улаанбаатарын ойролцоо, тухайлбал Зуун модонд сүндэрлэх ёстой. Галдан хааны Зах мянганы Эсэн тайш хааны хувилгаан хойд дүр болон хорвоод мэндэлсний 370 жилийн ой 2013 оны намар болсон билээ.

Тэмдэглэсэн С.Гэрсэнз

Сэтгэгдэл 6ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
9 сар 6. 18:19
Зочин

урагшаа сэтгэлтэй өмхий илжигнүүд одоо ч гэсэн галданг муулсаар

9 сар 21. 12:09
Зочин

tiimee ta ner zuun gar bishee ted bol oirduud bsan

9 сар 21. 12:08
Зочин

zuun gar monhod mongoliin toriig uimuulseer irsen odoo ch muu teneg dorvoduud yah geed bna aa

9 сар 6. 11:48
Зочин

unen dee undur bogd gedeg urbagchiig bid magtaad bdg zanabazar bol urbagch tuuniig dursah ch hereggui manjiin bool

10 сар 12. 16:21
Зочин мөнх

үнэн шүү

9 сар 15. 11:44
Bold

Ter tiim shvv tiimel mongoloo gesen setgeltei hvn bsan bol erh medleee awch vldeh gej manjiin hormoid shurgahiin orond Galdan haantai negden har shar olon halhuudaa urialsan bol manjid ezlegdeh in yuu l bol

Сэтгэгдэл бичих
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]