Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Маршал Х.Чойбалсан Чингисийн онгоныг оллоо хэмээн цэргийн анги мордуулж байжээУншсан15,097

Маршал үе үе жижиг сажиг гэмээр юман дээр “түргэн” авахуулна. Нэг удаа Гачууртын аманд зураг хөрөгтэй нэг хадан хясаа байна гэнэ. Түүнийг очиж үзээд надад илтэг гэв.

Нэг удаа Маршал дуудав. Тэрээр манай Монгол чинь өөрийн гэсэн цаг тоололтой юм шүү дээ. Түүнийгээ сэргээх хэрэгтэй байна. Бид Сар шинээ ч мэдэхээ байх нь. Тэр чинь бидэнд хамаагүй юмаа гэхэд малчдад маань хэрэгтэй. Би нэг хүн оллоо, чи нэг өрөө гаргаж, туслах барих хүн гаргаж хуанли хийлгүүл гэв. Чингээд хуучин зурхайч явсан Даваасамбуу гэдэг Цагдан сэргийлэхийн нэгэн дарга Хүрээлэн дээр хоёр сар сууж анхны малчны календарыг хийж билээ. Би хааяа тэдний өрөөгөөр орж, хийж байгаа юмыг нь сонирхож, хэрэгтэй хэрэггүй юм асууна. Тэрээр бид одон зурхайн аргаар ажиллаж байна. Тасалдаад удаж байгаа болохоор хөөж бодох юм нэлээд байна. Эцсийн эцэст энэ маань сар мичдийнхээ орчилтой яг тохирч байх ёстой юм шүү дээ гэж байсан сан. 40 жилийн дараа би нэг удаа Бүрэн суман дээр зурхайч Дашдамбатай таараад энэ өдөр чинь сарныхаа тэргэлтэй зөрөөд байгаа юм биш үү гэхэд тэрээр харин тийм ээ, бид мэдэж байгаа мөртлөө засахгүй л яваад байгаа юм гэж байж билээ. Энэ бол яахав, зурхай мэдэхгүй хүнд л зориулсан үг л дээ.

 

Манай малчны анхны цаг тооны бичиг Маршалын санаачилгаар тэгж гарсан түүхтэй юм аа. Түүнийг сайн мэдэхгүй хүмүүс сүүлийн үед янз бүрийн л юм ярьж, бичээд байх шиг. Яг тэр цаг тооны бичгийг хийж байх үеэр улсын их сургуулийн тооны багш Баранова надтай уулзаж танайд нэг зурхайч байдаг гэнэ, намайг тэр хүнтэйгээ уулзуулж өгөхгүй юу гэж хүсэхэд нь би түүнийг дагуулан очиж танилцуулж билээ.

“Тэр авгай чинь хоёр том хар дэвтэр дүүрэн тэмдэглэл хийж аваад явсан гэнэ билээ” гэж сүүлд Цэвэл гуай ярьж байсан сан. Тэр цагаас хойш л манайхан цагаан сараа их бага, ил далдаар тэмдэглэж эхэлсэн байх.

Маршал үе үе жижиг сажиг гэмээр юман дээр “түргэн” авахуулна. Нэг удаа Гачууртын аманд зураг хөрөгтэй нэг хадан хясаа байна гэнэ. Түүнийг очиж үзээд надад илтэг гэв. Манай түүхийнхэн очиж зургийг нь буулгаж ирээд энд тэндгүй байдаг буган бичээстэй хадны л нэг байна гэдэг юм байна. Үүнийг тэр хавьд нутаглаж байсан Бадамхатаны аав л мэдээлсэн бололтой юм билээ. Сүүлд очиход түүний ихэнхийг барилгын материал болгон буулгаж кубэлсэн байж билээ. Бас Дорноговь аймгийн нутагт нэг том хаш чулуу байна гэнэ. Мэргэжлийн хүн явуулж түүнийг эвдэж гэмтээлгүй авч ир гэв. Бид геологич Лувсанданзанг явуулж авч ирүүлэв. Тэр нь гоёмсог, шингэн тунгалаг өнгөтөй, бараг төлөгний чинээ том ногоон чулуу байсан бөгөөд харамсалтай нь хаш биш байв. Нэг удаа Хэрлэн голын ёроолд чулуун байшин байна гэсэн мэдээ авчээ. Чингээд цэргийн анги мордуулж нууцлан малтуулахад зүгээр л чулуун эрэг байжээ. Чингис хааныг голын ёроолд оршуулсан гэдэг домгийг тэрээр мэддэг байжээ. Тэгээд л булш нь олон жил усанд идэгдээд өөрөө гараад ирчихсэн байх хэмээн горьдсон байж таарна.

Тэр цагаас хойш Чингисийн онгоны талаар их ярьж, их бичиж, бас ч гэж багагүй эрэл хайгуул хийв бололтой.

Хүрээлэнгийн манж архив, төвд номын фонд, тусгай хэмээх хориотой (нууц) номын фондын хадгаламжийн байдлыг Маршал үе үе сонирхон асуудаг байв. Ер нь тэрээр Хүрээлэнгийн номын санд сүрхий анхаарал тавьж байсан бөгөөд Японы олзлогдогсдоор бариулсан Засгийн ордон, Гадаад яам зэрэг томоохон барилгуудын айргийн тавд Улсын Номын Сангийн барилгыг оруулж, түүний тулгын чулууг өөрөө тавилцаж байв. Мөн Дотоод яамны сайд Гандангийн Жанрайсигийн сүмийг буулгаж өөрийн яамны сургуулийн барилгад тоосгыг нь ашиглах гэсэн саналтай Төв Хороогоор явж байна гэсэн мэдээг сонсоод бид уран барилгын дурсгал болох уг сүмийг хэрхэн аврах тухай орос, монгол мэргэжилтэн нараа оролцуулан зөвлөлдөв. Чингээд түүнийг түүхийн дурсгал мөн гэдгийг нотлохын хамт Голын Ногоон Сүмд зах зухаасаа ялзран эхлэж байсан улсын архиваа тийш нь шилжүүлэн байрлуулах тухай санал боловсруулж Маршалд хүсэлт тавихад түүнийг маань ёсоор болгож билээ. Жанрайсигийн сүм маань тийнхүү өөрөө аврагдаж, бас улсын архивыг авралцсан юмдаг.

Цэвэл, Амгалан гуай хоёр Бургалтай явахдаа Амарбаясгалант хийдээр, Хар Хорин явахдаа Хөшөө Цайдмаар орж байдалтай нь танилцаад ирээрэй гэж надад захисан юм. Би хөгшчүүдийн даалгаврыг биелүүлж ирээд тэндэхийн байгаа байдлыг ярихад тэд надад уг газруудын үүх түүхийг хуучилж, Маршалтай уулзахдаа эн тухайгаа ярихад гэмгүй байх шүү гэдэг санааг өгч билээ. Маршалд танилцуулахад та нар нутгийн нэгэн боломжийн хүн олж харж хамгаалуулах талаар юм бод. Морьтой унаатай улс эргэж тойроод байхад юухан байх вэ. Хэд гурван төгрөгийн шан өгдөг юм байгаа биз гэв. Бодвол манай хашрууд гар бариад бугуй барих гэгчээр Эрдэнэ Зууг засаж байгаа юм чинь Амарбаясгалантыг бас тэгэх байх гэж битүүдээ горьдож байсан байх л даа. Аль ч талаас нь бодсон тухайн үед сүм хийдийг тийнхүү зэрэг зэрэг сэргээн засварлах боломж байгаагүй нь мэдээж. Гэхдээ Маршал тэр үед түүх дурсгалын зүйлд ихээхэн анхаарал тавьж байсан бөгөөд түүнийг үрэн таран болгосон нэгэн цагийн тухай харамсаж байсан болов уу гэж боддог юм. Чухамхүү энэ үеэс л манайд түүхт дурсгалын зүйлээ хамгаалах, сэргээх ажил эхэлж, тэр нь улмаар байгаль дэлхийгээ дархлах, ховор ан амьтнаа хамгаалах хөдөлгөөн үүсэхэд нөлөөлсөн юмдаг.

Нэгэн үе сүм хийд хаагдаж, мөргөл эргэл зогсож, шашин бурхнаасаа хөндийрч эхэлсэн бол тэр байдал дөчөөд оноос засагдаж, Хүрээлэнгийн номын санд ажиллаж байсан Эрдэнэ-Пил, Гомбодоо, Гомбожав нарын эрдэм номтой лам нарыг татан авч, Гандантэгчилэн хийдийн хурал номыг сэргээн явуулах ажлыг Маршал өөрөө гардан хийсэн гэж тус Хүрээлэнгийн өвөгчүүл ярьдаг байлаа. Ямар ч гэсэн Чойбалсангийн үед бурхан шашин маань тасалдаж ч үзсэн, сэргэн тогтож ч үзсэн нь түүхийн үнэн байж таарна. Энэ бүхнээс Маршалыг сүүл рүүгээ гагцхүү хуучны юманд талтай болж, шинэ юманд хойрго байсан байх гэж бас болохгүй. Хүүхэд, өсвөр үеийн сурч боловсроход анхаарал тавьж, сургуулиа Зөвлөлтийн боловсролын тогтолцоонд шилжүүлж, тэдний сурах бичгүүдийг орчуулан хэрэглэж, Улсын Их Сургуулийг байгуулж, дээд боловсролтой мэргэжилтэнг өөртөө бэлтгэж, Монголын түүхийн анхны нэгэн ботийг бичүүлж, монгол хэлний анхны тайлбар толийг зохиолгож байсан зэрэг тэр үеийн олон олон үйл явдлууд цөм түүний нэртэй ямар нэг хэмжээгээр холбоотой.

Урианхан Б.Жаргалсайхан /“Хувь тавилангийн эрхшээл” дурсамжийн номын хэсгээс/

Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]