Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Бат, Сүбээдэй нар Европ дахиныг түйвээсэн нь: Лигницийн дэргэд домог бүтээв (7, 8-р бүлэг)Уншсан5,928

Маргааш нь Лигницийнхэн тулалдааны талбарт ирцгээж, хядуулсан ахан дүүс, эх орон нэгтнүүдийнхээ шарилыг эргэн, оршуулжээ.

 Түүхэн сэдэвт олон гайхалтай нийтлэл, өгүүлэл, номуудаараа та бидний танил болсон Б.Номинчимэд гуайн "Бат, Сүбээдэй нар Европ дахиныг түйвээсэн нь" хэмээх түүхэн найрууллыг уншигчдадаа цувралаар хүргэж байна. Түүх сонирхогч уншигчдын маань оюуны мэлмийг мялаах зөвшөөрөл өгсөн Б.Номинчимэд танд гүнээ талархаж байна.


7-р бүлэг.
Яагаад Лигницийн дэргэд гэж...?

 

4 дүгээр сарын 9-ний нэгэн манантай бүүдгэр өглөө. Лигницээс холгүй, хожим “тулалдааны талбар” нэрээр түүхэнд орох хувьтай Ваалштат тосгоны дэргэд дэлхийн цэрэг дайны бүхий л түүхчид, цэргийн жанждийн анхаарлыг заавал татдаг алдарт Лигницийн тулалдаан болжээ.

Олонхи тохиолдолд Их Польш, Силезийн ван II Хенриг монголчуудаас хүч давуудаа эрдэж, дарагдашгүй дайсныг дарж, алдар цуугаа мандуулах хүсэлдээ хөтлөгдөн Лигницийн дэргэд задгай газар Байдар, Хайду нарыг тосон очсон гэдэг. Гэвч өдгөө нөхцөл байдлыг шүүн үзвэл Ариун явдалт польш вантны энэ “зоримог шийдвэр” ихээхэн эргэлзээ төрүүлэхээр байгаа юм.

 

Хайдуг Ополе рүү довтлоход Ополе, Ратибарын гүнлэгийн эзэн Мичислав (жанжин Мешко) өөрийн үеэл болох Их Польш, Силезийн ван II Хенрийн газар бүрээс хүч татан хуримтлуулж байсан Силезийн нийслэл Врацлав руу ухарсан байдаг. Байдар, Хайду нарын цэрэг Врацлав, Ополегийн дунд нэгдэж хүчээ зузаатгаад Врацлавт ирэхэд II Хенри хурааж цуглуулсан бүх хүчээ аван, Силезийн ванлигийнхаа нийслэлийг зөнд нь хаяж сул бэхлэлт хамгаалалттай Лигниц рүү ухарсан нь тэнд очиж хориглон хамгаалах зорилго биш юм. Цайзаас гарч явсан II Хенрийн толгой дээр Сүмийн дээврээс тоосго унаж цохин ёозгүй ёр дуудсан явдал Лигницэд биш Врацлавт болсон нь тэрбээр Лигницээс монголчуудыг тосч гараагүй, харин Врацлаваас Лигницийн зүг ухрах замдаа монголчуудтай тулсан болохыг нотолдог. Лигниц рүү II Хенри гэр бүлээ түрүүлээд явуулчихсан байжээ.

Ийн ухарсны учир нь түүний үеэл “Ганц нүдэт” Чехийн ван Вацлав 50-60 мянган цэрэгтэй хүчин хавсрахаар нийслэл Прагаасаа Лигниц рүү яаран ирж явжээ. Монголчуудтай тулах үед Вацлав замынхаа талыг өнгөрч, хоёр өдөр ч хүрэхгүй газарт ойртсон байв.

II Хенрид Лигницэд очиж давуу хүчээ хотын сул ч гэсэн бэхлэлттэй хослуулан хориглоход Вацлав ванг иртэл хоёр өдөр хамгаалан тэсэх боломж бүрэн байсан. Эсвэл Вацлавыг угтан Лаба гол руу Чехийн хил даван ухарвал хүчээ нэгтгэх хугацаа нэг хоногоор татагдах ч боломж бүрэн байв.

Гэвч ийм гарын дор ирсэн бэлэн боломжийг II Хенри яагаад ашигласангүй вэ? Ямагт ялан дийлсээр ирж буй хүчирхэг монголчуудыг дан хүчээрээ ялж дийлнэ гэсэн ямар итгэл найдвар II Хенрид байсан юм бол?

Лигниц, Врацлавын завсарт түүнд хүч нэмэгдээгүй. Тийм бол үнэ цэнэтэй, хүчирхэг цайз бэхлэлттэй нийслэлээ орхин ухарч явснаа гэнэт чөтгөрт хатгуулсан мэт задгай газарт дайснаа эргэж тосдогт ямар учир байна вэ? Нэмэлт их хүчин ирж буйг мэдсээр атлаа шүү дээ. (Врацлав, Лигниц хоёрын хооронд 60 гаруй км зайтай) Эсвэл ийм хэмжээний цэрэг дайны туршлага ч байхгүй, мэдлэг ч үгүй харалган, хөөрүү бодлогогүй эр байв уу? Эсвэл монголчуудын ухарч байгаад гэнэт эргэж дайрдаг туршлагыг судлаж, хэрэгжүүлэх гэв үү?

Үгүй юм. Эдгээрийн аль нь ч биш. II Хенри эр зоригтойдоо, монголчуудыг ялна гэсэн итгэлтэйдээ Лигницийн дэргэд тосч байлдаагүй. Тэр цэрэг дайны туршлагагүй хөөрүү банди ч биш. Хариулт нь Байдар, Хайду нарт буй. II Хенри бүхий л боломжоороо Вацлавтай нэгдэхийг зорьж байж. Түүнийг нийслэл Врацлаваа сул хаяад гарч явахад манай хоёр жанжин II Хенрийг айсандаа сүүлээ хавчаад зугтлаа гэж хөөрөн баяссангүй. Чехийн зүгээс хүчирхэг нэмэлт хүч ойрхон ирж буйг ч, II Хенри тэр хүчийг тосон тийн нийслэлээ хаяад гарч явсныг ч сайн мэдэж байсан байна.

Лигниц нь тухайн үед Ариун Ромын эзэнт гүрэн, Польш, Чех гурван улсын хилийн заагт нэг өртөө гаруйхан зайтай оршдог Польшийн захын хот байж. Тиймээс II Хенрид Лигницээс цааш ухрах газар бараг л байхгүй гэсэн үг. Учир нь нийслэлээ орхисон тэр дахиад нэг алхан вант улсынхаа хилээс гарч явах аваас ард иргэд, цэрэг армийнх нь сэтгэл зүйд ноцтой сөрөг үр дагавар авчрах болно. Гол нь энэ хоёр хүчийг нэгдэхээс нь өмнө амжуулах хэрэгтэй. Монгол жанжны тактик ердөө энэ л байв.


8-р бүлэг.
Лигницийн дэргэд домог бүтээв

 

50-60 мянган цэрэгтэй Чехийн томоохон арми Прагаас гарч Лигницэд ойртон буй мэдээ авсан Байдар, Хайду нар Врацлавыг гал утаан дунд нь орхиод II Хенрийн араас яаравчлан хөдөлжээ. Тэд Одер мөрний хөндийг уруудан шуурхайлж, Одерийн нэгэн цутгал Нис голын эрэг орчимд Лигниц зүг аяны маршаар явсан II Хенрийн армийн ар тал болох Глагов, Лигниц орчмын төдийгүй Таатрын (Карпатын нурууны умард өндөрлөг хэсгийн нэр) герман уурхайчдаас яаран сандран цуглуулсан явган цэргийн анги руу гэнэт уулгалан дайрсан байна.

Европ даяар хүчирхгээрээ алдартай Тевтон, Темпларын хуягт баатрууд болон Монгол баатруудын халз тулгаралтыг дүрсэлсэн зураг. Лигниц хотын дэргэд. 1241.04.09

Тулалдаан европынхны хувьд санаандгүй, төлөвлөөгүй байдлаар эхэлжээ.

Лигницийн дэргэдэх тулалдаанд Хенри ван  болон ханхүү Байдар нар тус бүрдээ хэдэн цэрэгтэй байсан талаар харилцан адилгүй мэдээллүүд бий. Тухайлбал:

-  Келли Деврис, Мартин Дугхерти нарын зохиогчдын “Дундад зууны тулаанууд“ номонд монгол армийн бүрэлдхүүнд туршлагатай удирдлага дор нэгдсэн олон овог аймгийн цэрэг байсан. Мангуудын хөнгөн морин цэрэг - 1000, морьтой харваачид - 11 000, хүнд морин цэрэг - 8000 орчим, нийт 20 000 орчим цэрэг байсан бол Европын армид Силезийн болон тевтон, темплар, хоспиталар зэрэг хуягт баатрууд - 8000, хөнгөн морин цэрэг 3000, Краковоос зугтан ирсэгсэд, германы уурхайчид зэрэг явган цэргүүд 14 000, нийтдээ 25 000 орчим байсан гэсэн тэмдэглэл бий.

- Ричард А. Габриэль “Чингис хааны аугаа их жанжин Сүбээдэй баатар” номдоо “Европыг Монголчуудаас аврахыг оролдсон Хенри вангийн дэргэд 50 000 орчим цэрэг цугласан, харин монголын Хайду хаан 20 000 орчим цэрэгтэй байсан” гэжээ.

- БХЯ-ны Эрдэм шинжилгээний хүрээлэнгээс эрхлэн гаргасан ”Монгол цэргийн түүхийн товчоо” номонд Байдар 8-9 мянга, европчууд 30 мянга байсан гэсэн бол Э.Филлипсийн “Монголчууд” номонд мөн энэ тоог дурдсан байна.

-Түүхч Ж.Бор “Байдар ноёны тэргүүн анги Лигницийн ойролцоох Вальштадт тосгоны дэргэд польш, франц, германы хуягт баатруудын гурван түмэн хүнтэй армийг бут цохижээ гэх зэргээр бичжээ. Гэхдээ олонхи судлаачид 20 мянгын эсрэг 30 мянга гэсэн тоон дээр тогтдог.

Тулаан эхэллээ. Монголын түрүүч анги 10 000 орчим хүнтэй герман уурхайчдын явган цэргийн араас довтлон бужигнуулж гарахад ойрхон явсан Их Польш, Краковын рыцарь цэргээс бүрдсэн анги цэрэг тулааны чимээ сонсоод, явган цэрэгтээ туслахаар яаравчлан ирсэн байна. Энэ ангийг төрөлх хотоо баатарлагаар хамгаалан амь эрсэдсэн Краковын жанжин Владимирийн ах Сулислав захирч байв. Мөн Ополегоос ухарсан Мичислав гүнгийн захирсан Ополе болон Дээд Силезийн рыцарь цэрэг ч хүч нэмэн иржээ.

Монголчууд II Хенри вангийн толгойг жадны үзүүрт өлгөөд Лигниц хотыг тойрон гурвантаа давхилдав. Хуучин судрын зураг.

Өвч битүү хуягласан, өөрсдийнхтэй нь харьцуулахын аргагүй том морьдтой хүнд морин цэргийн дайралтыг монголчууд тогтоож дийлсэнгүй төдөлгүй орилолдсоор ум хумгүй буцан зугтжээ. Амжилтандаа эрдсэн хуягт баатрууд тэдний араас мөшгөн хөөсөөр эгнээ нь задарч, цэргүүд хоорондоо холилдон замбараагаа алдан, цуварч ирсэн байна. Явган цэргээсээ ч тасарчээ. Рыцариудын өмнө гэнэт утаан хөшиг татаж орхих нь тэр. Монголчууд амьтны толгойн дүрстэй урт бүрээ шиг юмаар утаа тавьж байсан гэдэг. Гашуун амт бүхий утаан хөшиг ярагдмагц хэдийнэ байрлалаа эзлэн, нум саадгаа дэлгээд хүлээж байсан монголчуудын гол хүчин суман мөндрөөр угтав. Мөн тэдний ар хударгаар монголчууд ороон орж, явган цэргээс нь таслан, утаа тавьсан байна. Ингээд эмх замбараагүй болсон европын хоёр замын цэргийг тал талаас нь бүслэн харваж, дайран цохиж дор нь эд бад хийхэд үлдсэн нь хар эрчээрээ буцан зугтаж, тэгэхдээ араас нь дөхөж явсан явган цэргээ дайран сандаргаж, бөөн үймээн, эх толгойгүй юм болов. Тэднийг монголчууд гэзэг даран элдэж хядлаа. Энэ үймээн ид оргилдоо үед II Хенри вангийн захирсан Доод Силез, Их Польшийн шилдэг цэргийн анги, Понсе д Обоны захирсан герман, франц, литовын тайж гаралтай шилдэг рыцариудын анги залган ирж тулаанд орсон боловч нэгэнт үймээн сандраан, гүн шоконд орчихсон бусад цэргүүдээ засаж, эргүүлж чадсангүйгээр барахгүй өөрсдөө ч тэр үймээн дотор нь хутгалдаад удирдлага, санаачилгаа бүрмөсөн алдсан байна.

"Лигницийн тулалдааны 750 жилийн ойд зориулан гаргасан марк. ХБНГУ, 1991 он. "

Ингээд тулаан биш ярга, хядлага болж хувирчээ. Рыцарь баатрууд хэдийгээр нэр төрөө өндөрт өргөн тулалдацгаасан боловч ямар ч удирдлага, зохион байгуулалт, төлөвлөгөөгүй, зүгээр л зөнгөөрөө тулалдаж байжээ. Европчуудаас долоохон хуягт баатар л амьд үлдэж.., II Хенрид туслахаар ирсэн францын 500 морьтон баатар эрсэд Сена мөрнийхөө уснаас дахин амсах хувь байсангүй. Тэдэн дотор Францын 6 томоохон язгууртан, барон байсан байна. Литовууд, германы тевтонууд, польшуудын бахархал болсон баатар эрстэй хамт ван II Хенри, ван Мичислав, жанжин  Сулислав, Болеслав, эрхэм тайж д Обоне нарын олон дээдсүүд бүгдээр хөлөг баатрын ёсоор тулааны талбарт ясаа тавьжээ.

II Хенри ван тулааны талбараас дөрвөн хамгаалагчийн хамт зугтан гарахыг оролдож, давхиж явтал морь нь шархдан шургачин унажээ. Тэр морио солих хооронд монгол цэрэг гүйцэж ирээд элгийг нь нэвт жадалж... Зарим бичлэгт хонь мэт өрлөж алсан гэж бичсэн нь бий.

Богино хугацаанд болсон тулаан нэртэй хядлага өндөрлөж, амь зулбан гарч чадсан ганц нэгэн давхин ирэх хүртэл Лигницчүүд ялагдалд бүрэн итгэсэнгүй. Ялагдлын мэдээ дэндүү аймшигтай байв. Монголчууд Хенри вангийн толгойг урт морин жадны үзүүрт өлгөчихөөд Лигниц хотын шивээ хэрмийн гадуур гурвантаа тойрон давхилдаж, муухай орилолдсон нь айдас дээр нь нэрмээс болжээ.

"Монголчууд тулааны талбар дээр үрэгдэгсдийн чихийг цуглуулж буйг харуулсан хуучин зураг. Лигниц хотын дэргэд. 1241.04.09

Маргааш нь Лигницийнхэн тулалдааны талбарт ирцгээж, хядуулсан ахан дүүс, эх орон нэгтнүүдийнхээ шарилыг эргэн, оршуулжээ.

Гэтэл Хенри вангийн толгойгүй цогцос олдсонгүй.  Вангийн хатан болон ордныхон бүгдээр ирцгээжээ. Бүх үхэгсдийг нэг бүрчлэн үзэж, эцэст нь вангийн хатан үхэгсэд бүрийн зүүн хөлийг үзэхийг тушаажээ. Учир нь Ван Хенри зүүн хөлдөө зургаан хуруутай юмсанж. Тэгсээр зүүн хөлдөө 6 хуруу бүхий нэгэн толгойгүй нүцгэн цогцсыг Ван Хенри хэмээн таньж, айдас, цөхрөл, гашуудалд умбасан Лигниц хотод авчирч оршуулсан байна. Ван хүн тухайн үед өмссөн хувцас, агссан зэвсэг сэлтээрээ илэрхий ялгарах атал ийнхүү будилж хайсан нь Хенри вангийн хувцас, зэвсгийг хэн нэгэн мулталж авсан, эсвэл ван өөрөө зугтахдаа амиа аврахын тулд зүсээ буруулж жир цэргийн хувцас, өмсгөл өмссөн байх магадлалтай.

Хожим 1632 онд археологичид Хенри вангийн бунхныг онгойлгож үзэхэд үнэхээр толгойгүй, зүүн хөл нь зургаан хуруутай араг яс гарч ирсэн байна. Мөн ванг эрсэдсэн газарт вангийн эх чин сүжигт Хюдвиг ахайтанд зориулсан сүм босгожээ.

Монголчууд алагдсан дайсныхаа баруун чихийг огтлон авсаар 9 шуудай дүүргэн авч, Хархоринд (зарим сурвалжид Бат хаанд) илгээсэн гэдэг.

Энэ тулаан хожим дэлхийн дайн тулааны түүхэнд домог болон үлджээ. Цэрэг дайны түүхчид, дайны хэнээтнүүд энэ тулааныг сонирхон шохоорхохгүй өнгөрнө гэж үгүй. Харьцангуй давуу хүчтэй дайснаа эх нутаг дээр нь ийм хялбархан, ийм хохирол багатай ялсан тохиол түүхнээ болсон хэдэн арван мянган тулаан дотор бараг үгүй учраас тэр...

Хэрцгий, өршөөлгүй ялагдлын мэдээ салхинд туугдсан мэт хоромхон зуур Европын хотуудаар тархав. Гэтэл гуравхан хоногийн дараа бүр ч аймшигтай мэдээг Европчууд Шайо голын дэргэдээс сонсох учир бас байжээ.

Сэтгэгдэл 3ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
5 сар 29. 11:01
Зочинё

Судалгаагаар баяжаагүй тааруухан Монгол хэлээр бичигдсэн орчуулга байна

8 сар 16. 22:33
Зочин

uneheer saihan bihsen bn unshad nudnee shuud tusaj bn baharhmaarch yum shig aimaarch yum shig

5 сар 29. 15:08
Зочинммм

үнэхээр ёайхан бичсэн байнаа

Сэтгэгдэл бичих
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]