Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

1921 оны Ардын хувьсгал нь харийн түрэмгийллийг эсэргүүцсэн ардын бүрэн эрхт улсын төлөөх хувьсгал байжээ. Ялалтын үр дүнд харийн түрэмгийлэгчдийг хөөн гаргаж, феодалын байгууллыг халж, Ардын эрхт хэмжээт цаазат Монгол улсыг тунхаглажээ.

Ардын эрхт Монгол Улсын анхны элчин Жамсрангийн ДавааУншсан2,294

Жамсрангийн Даваа нь 1873 онд Сэцэн хан аймгийн Эрдэнэ вангийн хошуу, одоогийн Дорнод аймгийн Буйр гэдэг газар төржээ.

Ардын  эрхт  Монгол  Улсын анхны элчин, түшээ  гүн  Жамсрангийн Даваа  1922  оны  6  дугаар  сарын  2-нд  ЗСБНХОУ-ын  Бүх  Оросын  Төвийн  Гүйцэтгэх  Хорооны  дарга  М.И.Калининд Итгэмжлэх  жуух  бичгээ барихдаа дараахи утгатай хүндэтгэлийн үгсийг хэлжээ.

Монголын  ард  түмнийг  үндэсний  дарлалаас  чөлөөлөхийн  тулд  Монгол-Оросын  ард  түмэн  нийтийн  дайсан  Оросын  цагаантны  эсрэг  явуулсан  хамтын  шударга  тэмцлээр  хоёр  ард  түмний  хооронд  үүсэн  тогтсон  ах  дүүгийн  гүн  бат  найрамдлын  түүхэн  ач  холбогдлыг бүрэн  эрхт  элчин  Ж.Даваа  тэмдэглэж, элчин  төлөөлөгч  нараа  харилцан  суулгаж  байгаа  нь  тус  хоёр  орны  хоорондын  найрамдал, хамтын  ажиллагаа  бүх  талаар  гүзгийрэн  хөгжиж,  бэхжиж  зузаарахын  нэг  алхам  мөн  болохыг  дурьдаж,  Оросын ард  түмэн  цаашид  Монголын  ард  түмэнд  ах  дүүгийн  тусламж  үзүүлсээр  байна  гэдэгт  итгэж  байгаагаа  илэрхийлжээ. Иргэний дайны их хөлд  нэрвэгдсэн Оросын  ард  түмэнд  тус  нэмэр  болгохоор  Монгол  улс  1000   толгой  үхэр  бэлэглэх  болсныг  элчин  Даваа  М.И.Калининд  энэ  үеэр  мэдэгдээд  Найрамдлын  тухай Хэлэлцээрийн  үндсэн  дээр  монгол, оросын  ард  түмний  хооронд  эдийн  засгийн  болон  бусад  харилцаа  хөгжиж  бэхжинэ  гэдэгт  бүрэн  итгэж  байгаагаа  илэрхийлжээ.

М.И.Калинин  хариу  хэлсэн  үгэндээ, хоёр  улс  эрх  тэгш  хэлэлцээрийн  үндсэн  дээр  Элчин  төлөөлөгч  нараа  солилцон  суулгаж  байгаа  явдал  нь  уул  хэлэлцээр  амьдралд  хэрэгжиж  байгаагийн  илрэл  болохыг  тэмдэглээд  хоёр  талын  бүх  талын  харилцаа  батжин  хөгжинө  гэдэгт  бүрэн  итгэж  байгааг  тэмдэглэж, эрх  чөлөөгөө  олсон  монголын  ард  түмэнд  сайн  сайхныг  ерөөж, үхэр  сүрэг  бэлэглэх  болсон  явдалд  оросын  ард  түмний өмнөөс  талархал  илэрхийлж  байгаагаа мэдэгджээ.

Элчин  Ж.Даваа  1922  оны  6  дугаар  23-нд  Гадаад хэргийн ардын  комиссар  Г.В.Чичеринд  илгээсэн  бичигтээ: “ ... Одоо  Зөвлөлийн  Засагт  Орос  Улсаас  Монгол  улсад  суух  Бүрэн эрх  барих  элчин  төлөөлөгчөө  даруйхан  томилон  илгээж ... Нэг. ЗОУ-ын  жинхэнэ  элчин  төлөөлөгч нь  Нийслэл  Хүрээнээ  одоод, гадаадын  олон  улстай  ба  ялангуяа  дарлагдан  зовсон  бага  улстай  харилцан  найрамдаж  бүхий  ёсоор  Монгол  улстай  хэдэн  зүйлийн  чухал  гэрээ  байгуулбал  Хятад, Япон, Америк  улсын  харгис  үзэлтэн  мэдэж  ЗОУ-ыг  урьдах  Хаант  засгийн  үед  явуулж  байсан  хэргийг  орхихгүй  хэмээн  худал  хэлэлцдэг  нь  Дорно  дахь  Ази  тивийн  олон  ардын  нүдний  өмнө  илэрч, харин  тэгж  худал  хэлдэг  үг  нь  итгэгддэхгүй  болно. Хоёр. Москва  хотноо  Гэрээ  тогтооход  Дорно  зүгийн  ард  түмэнд  эс  мэдэгдэж, дээр  дурдсан  Орос, Монголын  хоорондох  тустай  хэргүүд  үл  илэрнэ. Гурав. Нийслэл  Хүрээнээ  гэрээ  хэлэлцэхээр  тогтвол  Монгол  улсын  бүх  ард сонирхон, гадаад  улстай  гэрээ  тогтоох  явдлыг  мэдэгдвэл  Монгол  улсад  их  тустай  хэрэг  болно” хэмээн дурдаж  байжээ. ЗОУ-ын  ГХА-ын  комиссар  Г.В.Чичерин  хариу  илгээсэн  бичигтээ  “... Орос, Монголын  хооронд  цахилгаан  мэдээ , шуудан  бичиг, худалдаа  арилжаа, банкны  зэрэг  гэрээнүүдийг  ЗОУ-ын  Засгийн  газраас  Хүрээнээ  хэлэлцэхийг  зөвшөөрөв” гэжээ.

Тийнхүү манай талаас хүссэн, Зөвлөлт Оросын талаас шийдсэний дагуу 1922  оны  5  дугаар  сард  ЗОУ-ын  Гадаад хэргийн ардын комиссарын газар (одоогийн ГХЯ) нь  Монгол  улсад  суух  Бүрэн  эрхт  элчин  төлөөлөгчөөр  Николай  Макарович  Любарскийг  томилж, тэрбээр  мөн  7  дугаар  сарын  7-нд  Нийслэл  Хүрээнд  ирж  ажилдаа  оржээ. Н.М. Любарский  (1887-1937) бол 1918  он  хүртэл  Владивостокт  Зөвлөлт  засгийн  хязгаарын  Засгийн  газрын  гишүүн, 1918  оноос  Швейцарьт  Зөвлөлтийн  Төлөөлөгчийн  газарт  нарийн  бичгийн  дарга, ГХАК-ын  коллегийн  гишүүн, Ярославын  губернид  Зөвлөлт засгийн бүрэн  эрхт  төлөөлөгч, 1922-1923  онд  Монголд  бүрэн  эрхт  элчин  төлөөлөгч, 1929  оноос  Коминтерний дэргэдэх Олон  улсын хөдөө аж ахуйн  институтэд  хэвлэлийн  эрхлэгч  зэрэг  ажил  хийж  байжээ.

Элчин  түшээ  гүн  Ж.Даваад  хоёр  дахь  удаагаа  Итгэмжлэх  жуух  барих  хувь  тохиосон  юм. 1922  оны  12  дугаар  сарын  30-нд  Орос, Украин, Белорус, Өвөр Кавказын  Бүгд  Найрамдах  улсууд  нэгдэж  ЗСБНХУ  байгуулагдсны  дараа  1924  оны  1  дүгээр  сарын  11-нд  ЗСБНХУ-ын  Төвийн  Гүйцэтгэх  Хорооны  Тэргүүлэгчдийн  дарга  М.И.Калининд  итгэмжлэх  жуух  бичгээ дахин  барьснаар  түшээ  гүн  Ж.Даваа  мөн  л ЗСБНХУ-д  Монгол  улсаас  суусан  анхны  Элчин  сайд  болсон  ажээ.

Жамсрангийн  Даваа  нь  1873  онд  Сэцэн  хан  аймгийн  Эрдэнэ  вангийн  хошуу, одоогийн  Дорнод  аймгийн  Буйр  гэдэг  газар  төржээ. Бага  наснаасаа  монгол  бичигт  суралцаж, идэр  наснаасаа  манж, түвд  хэл  сурч  харъяат  хошууны  тамгын  газарт  тал , жинхэнэ  бичээчийн  ажил  хийж  явжээ. 1921  оны  3  дугаар  сарын  17-нд  Ардын засгийн газраас  Сэцэн  хан  аймгийн  Эрдэнэ  вангийн  хошууны  мэйрэн  Ж.Давааг  ГЯЯ-нд  туслах  түшмэлээр  томилсон  байна. 1921  оны  11  дүгээр  сарын  5-ны  Монгол-Зөвлөлт Оросын  Найрамдлын  гэрээ  байгуулах хэлэлцээнд   нарийн  бичгийн  даргаар  оролцож  байжээ.

1922  оны  3  дугаар  сард  Богд  хаанаар  зөвшөөрүүлсэн  Засгийн  газрын  7  дугаар  хурлын  5  дугаар  зүйлийн дагуу  Ж.Давааг  Зөвлөлт  Орост  суух  бүрэн  эрх  барих  Элчин төлөөлөгчөөр  томилон  дүрмийн  ёсоор  Түшээ  гүнгийн  хэргэмээр  шагнажээ. 1924  оны  10  дугаар  сард  өөрийн  хүсэлтээр Москва дахь   үүрэгт  ажлаасаа  гэнэт чөлөөгджээ. Нутагтаа буцаж ирээд  Ж.Даваа нь  1926  оны  8  дугаар  сард  Улаанбаатар  хотноо  Монгол-Тагна-Тувагийн  хооронд  Найрамдлын  гэрээ  бичиг  байгуулах хэлэлцээ, 1935-1936  оны  Монгол-Манж-Го-гийн  хилийн  хэлэлцээнд  оролцож, дараа  нь  ГЯЯ-нд  бичиг  хэргийн  эрхлэгчээр  ажиллаж,   гадаад  бодлогыг  улс төрийн  арга  хэлбэрт  оруулах  ажилд  ихээхэн  үүрэг  гүйцэтгэжээ.

Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]