Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Наполеон Бонапартын гайхамшигт түүхУншсан1,883

Гарамгай ой тогтоолттой тэрээр математик, газар зүй, түүхийн хичээлд шилдэг сурагч болсон бөгөөд Македоны Александр, Юлий Цезар зэрэг эртний домогт жанжнуудын намтрыг бишрэн уншдаг байсан аж.

Хожим Эзэн хаан I Наполеон гэгдэх болсон Наполеон Бонапарт 1769 оны 8-р сарын 15-нд төрсөн ба 52 наслах хугацаандаа хүн төрөлхтөний түүхэнд хэзээ ч үл мартагдах их хэргийг бүтээж чадсан, Европын түүхэнд хамгийн их нөлөөлсөн, Францын цэрэг, улс төрийн зүтгэлтэн юм.

 

Наполеон Бонапарт нь 1769 оны 8 сарын 15-нд Корсик аралд Италийн цагаач Карла Бунопартегийн хоёрдугаар хүү болж мэндэлжээ. Эндээс үзвэл тэрээр итали гаралтай хэрнээ францын ард түмний бахархалт шүтээн болсон хүн гэж ойлгож болох. Бага сургуульд италиар бичиг үсэгт нэвтэрсэн Наполеон 10 настайдаа л франц хэл сурч эхэлсэн бөгөөд насан туршдаа содон итали аялгаар ярьдаг байсан гэдэг. Корсикийн язгууртнууд аав Карло Буонапартег нь Парис дахь төлөөлөгчөөрөө сонгосны дараа бяцхан Наполеоныг дагуулан Францыг зорьж, коллеж, улмаар цэргийн кадетын сургуульд оруулж чаджээ.

Гарамгай ой тогтоолттой тэрээр математик, газар зүй, түүхийн хичээлд шилдэг сурагч болсон бөгөөд Македоны Александр, Юлий Цезар зэрэг эртний домогт жанжнуудын намтрыг бишрэн уншдаг байсан аж. Гэтэл түүний эцэг нэгэн концессын гэрээгээр acap их мөнгө зээлээд эцэст нь төлбөрийн чадваргүй болж өрөнд баригдсаныхаа дараахан өөд болжээ. Ядуурсан гэр бүлийнхээ тэргүүн болсон 16 настай Наполеон сургуулиа дүүргээд их бууны ангийн бага дэслэгч цолтойгоор цэргийн алба хашиж эхлэхдээ цалингийнхаа талыг ээждээ илгээн тарчигхан амьдарч, өдөрт ганц удаа л хооллодог байжээ.

Наполеоны ээж Летициа Рамолино нь ч угаас хүүхдүүдээ хатуу чанга гараар хүмүүжүүлж, байнгын сахилга баттай байхыг шаардаж байжээ. Ийм хүмүүжлээр хүмүүжсэн нь Наполеон тэвчээр хатуужил өндөр жинхэнэ цэрэг болоход нь илүү амар дөхөм болжээ. Түүний ганц ахыг Жозеф гэх ба зургаан охин дүү нь Лусиен, Елиса, Лиус, Паулина, Каролина, Жером нар. 1781 онд шашны сургуульд элсэн орж франц хэлийг сурч төгссөн. Багш нь  Наполеоныг их зожиг, аялгатай ярьдаг ч  үүнийгээ үл хайхардаг хүүхэд байсан, газарзүй, түүхийн хичээлд гойд дуртай хэр нь математик, геометрт ч авьяастай хүү байжээ. Багш нь гайхалтай сайн усан цэрэг болно хэмээн түүнийг магтдаг байсан ч Бонапартад их нөлөө үзүүлсэн гэдэг. Гэвч тухайн цаг үед Британийн флот дэлхийд ноёрхож эхэлснээр тэрээр усан цэрэг болохоос татгалзаж, математик, геометрт ч авьяастайгаа ашиглан Парист их бууны ангид суралцан төгсжээ.

Залуухан офицер Бонапартыг сургуулиа төгсөх үед Франц орон хувьсгалаар амьсгалж байлаа. Хувьсгал ялсны дараахан тэрээр 1793 онд 24 насандаа анхны тулалдаандаа гарамгай ялалт байгуулж алдаршсан. Францын хаанд үнэнч роялистууд Тулоныг эзлэн авч, хувьсгалчид стратегийн чухал ач холбогдолтой тус хотыг удаа дараа довтолсон ч амжилт эс олжээ. Эцэст нь хувьсгалчдын давшилтыг залуухан ахмад Наполеон Бонапартаар удирдуулсан нь нүдээ олсон шийдвэр байв. Бонапарт итгэл төгс ялалт байгуулахыг нүдээрээ харсан Огюстен Робеспьер өөрийн ах, Францын хувьсгалын удирдагч Максимиллиан Робеспьерт Наполеоны тухай анх дуулгасан байдаг. Тулоныг чөлөөлснийхөө төлөө тэрээр бригадын генерал цол хүртсэн юм. Үүнээс хоёрхон жилийн дараа 1795 онд Парист гарсан бослогыг цус урсган шуурхай дарж, дивизийн генерал цолтойгоор Францын армийн ар талын хүчний командлагчаар томилогджээ.

1796 онд Наполеон Жозефина хэмээх үзэсгэлэнт бүсгүйтэй гэрлэв. Наполеон, Жозефина хоёрын хайр сэтгэлийн талаар ном зохиол, кино мундахгүй олон бий. Тэдний хуримын бэлэг болгон тухайн үед Францыг удирдаж байсан улстөрчид залуу генерал Наполеоныг Итали дахь армийн командлагч болгожээ.

 1798 онд Наполеон Бонапартын удирдлага дор Франц нь Египетийг эзлэн авах аян дайныг эхлүүлсэн түүхтэй. Ингээд эхний тулаанд түүний цэргүүд ялалт байгуулж яваандаа залуу генерал бүх санаачилгыг гартаа авав. Франц улс Англитай өрсөлдөж Хойд Африк, Азид өөрийн нөлөөгөө тогтоохыг эрмэлзэж байсан үе. Яваандаа Европын орнуудыг дайлааар мордох төлөвлөгөөтэй байжээ. Хамгийн түрүүнд Александр хотын ойролцоо цэргүүдтэйгээ бууж дараагийн өдөр нь гэхэд эзэлчихээд Каирийн зүг хөдөлжээ. Алдарт пирамидын дэргэдэх тулаанд Францын цэргүүд ялгуусан ялалт байгуулсан юм. Ийнхүү Египетийг мэдэлдээ авав. Наполеон исламын шашинтнуудтай хэл амаа ололцох гэж хичээсэн боловч чадаагүй. Каир хотноо францчуудыг эсэргүүцсэн бослого гарч энэ үеэр 300 франц цэрэг амь үрэгджээ. Наполеоныг Египетэд аян дайн хийж явахад Францын улс төрийн байдал улам бүр ээдрээтэй болов. Түүнийг ард түмэн, арми дэмжиж байсан тул Парист эргэж ирээд засгийн эрхийг авах нь зөв гэдгийг тэрээр ойлгож байв.  Тэрээр Засгийн газрыг татан буулгаж шинэ Үндсэн хуулийг батлуулсан юм. Францчууд ч залуу жанжныг бараг 100 хувь дэмжжээ.

Засгийн эрхэнд гарсан эхний жилүүдэд түүний хэрэгжүүлсэн бодлогыг ард иргэд дэмжиж улс үндэстний аврагч гэж байсан бөгөөд хэд хэдэн аян дайн хийж ялалт байгуулсан нь францчуудын үндэсний бахархлыг бадрааж өгсөн билээ. Наполеон жирийн ард иргэдийн амьдралыг сайжруулах бодлого хэрэгжүүлснийг олон түмэн нааштайгаар хүлээн авчээ.

Энэ үед Францын хувьсгалын нөлөө Европоор тархан халдварлахаас болгоомжилсон хамжлагат ёс ноёрхсон Хаант Орос, Австри-Унгар, тархай бутархай байсан Германы жижиг хаант улсууд, дайнч Прусс, хамжлагат ёсыг халсан боловч шинэ өрсөлдөгчтэй болохоос эмээсэн Их Британи эмээн дагжиж Наполеоны эсрэг эвсэл байгуулж байлаа.

1800-1810 онд тэрээр Францын анхдугаар эзэнт улсын армийг Европын томоохон гүрнүүдийн эсрэг хөдөлгөж, Аустерлицийн тулалдаан, Вагнерийн тулалдаан зэрэг олон тулалдаанд дараалсан ялалтууд байгуулж Европын эх газарт ноёлж чадсан билээ. Улмаар өргөн эвсэл байгуулж, анд нөхөд, ах дүү нараа Европын бусад улсуудад эрх баригчаар томилох замаар Францын нөлөөллийн хүрээг тогтоожээ. Европ дахин Бонапартын гарт оров. Яг л дэлхийн II дайнд Гитлерийн гарт арлын Британи, дорны хүчирхэг Орос гүрэн оролгүй үлдсэн шиг Наполеонд ч бас заналхийлж байв.

Гэвч олон жилийн туршид дайн хийсэн нь францчуудыг залхааж, залуусыг байнга цэрэгт татах явдлыг эсэргүүцэж эхэлсэн байдаг. Наполеон ч өөрийн эрх мэдлээ улам бэхжүүлэх бодлого явуулсаар байв. 1810 онд эдийн засгийн хямрал нүүрлэж, дайн хийх нь ямар ч утга учиргүй болжээ.

Наполеон улс төрийн ашиг сонирхлын үүднээс өөрийн хайртай эхнэр Жозефинагаас салж, зуучлагчаар дамжуулан Оросын хаан Александр I-ээс охин дүүтэй нь гэрлэх зөвшөөрөл хүссэн гэдэг. Харамсалтай нь Оросын хаан татгалзсан. Тиймээс Австрийн эзэн хааны охин Марий-Луизтэй гэр бүл болжээ. Ингээд хаан ширээг нь залгамжлах хүү төрсөн боловч энэ гэрлэлтийг францчууд огтхон ч таалсангүй. Польшийн вангийн ахайтан болон улс төрийн нөхцөл байдлаас шалтгаалан Бонапарт 1812 онд Оростой дайтахаар мордсон юм. Тэрээр энэ дайнд 600 000 цэрэгтэй оролцсон гэдэг. Европт ялагдашгүй байсан Францын армид энэ бол сүйрэл байлаа.

Эхний тулаануудад Оросын арми ялагдал хүлээсэн, ядарч туйлдсан Францын арми Москваг эзэлсэн ч Бородино тосгоны дэргэд шийдвэрлэх тулаанд Кутузовоор удирдуулсан орос цэргүүд Наполеоны армид үхлийн цохилт өгөв. Цэргүүдийн дунд янз бүрийн халдварт өвчин тархаж, хүнс хомс байсан, Оросын тэсгим хүйтнийг тэсвэрлэж тэвчихийн аргагүй байсан зэрэг нь ялагдах бас нэг шалтгаан нь болсон. Гэвч Францын цэргүүд ялагдсаныг Наполеон хүлээн зөвшөөрөхийг хүсээгүй. Тиймээс ч нэг хэсэгтээ Москвад байж Оросын хаан Александр I-тэй энх тайвны гэрээ байгуулна хэмээн найдлага тавьсаар байв. Энэ бол Наполеоны мөхлийн эхлэл байсан гэж болно. Үүний дараахан Францын арми Лейпциг хотын ойролцоо болсон тулалдаанд дахин ялагдсан юм. Ингээд 1814 оны зургадугаар сарын 4-ний өдөр Парисын ойролцоо орших Фонтенбло ордонд Наполеон хаан ширээнээс татгалзсан түүхтэй. Ихэд сэтгэлээр унасан тэрээр хор ууж амиа хорлохыг завджээ. Гэвч удаан хадгалсан хор нь үйлчлээгүй тул амьд үлдсэн.

 Францад засгийн эрхийг авсан улстөрчид түүнд Газрын дундад тэнгисийн Эльба хэмээх арал дээр нутаг зааж цөлсөн байна. Гэвч Наполеон бууж өгөхийг хүссэнгүй. Эльба арлаас оргож Францын эрэгт буухад түүнийг хүмүүс уухайлан хүлээж авсан гэдэг. Францын вангийн Наполеон руу илгээсэн цэргүүд хүртэл домогт удирдагчийнхаа эсрэг зэвсэг хандуулж зүрхэлсэнгүй, дагаар оржээ. Наполеон өөртөө үнэнч цэрэг дайчдаа цуглуулж томоохон хүчийг хуралдуулж чадсан боловч 1815 оны 6-р сард Англи, Пруссийн хамтарсан цэрэгтэй Ватерлоод тулалдаж ялагджээ.

1815 оны 6 сарын 18-нд Веллингтоны арми Мон-Сен-Жаны налуу дээр Брюсселийн зам дагуу байрлав. Үд болж байхад Наполеоны арми Англи ба түүний холбоотнуудыг шахаж эхлээд удаагүй байхад маршал Блухерээр удирдуулсан пруссчууд түүний баруун жигүүрийг бут цохиж, Английн арми сөрөг дайралтад орсноор Францын армийг бут цохижээ. Ватерлоогийн тулалдаан л Наполеоны өнө мөнхийн мөрөөдлийг дуусгавар болгосон гэдэг.

Наполеон амьдралынхаа сүүлийн зургаан жилийг Гэгээн Еленагийн арал дээр Британийн хяналт дор өнгөрөөж, тэндээ нас нөгцсөн билээ. Задлан шинжилгээгээр түүнийг ходоодны хорт хавдраар өнгөрсөн гэж дүгнэсэн боловч зарим эрдэмтэд хүнцлээр аажмаар хордуулж алсан гэж үздэг.

Түүний цэргийн ажиллагааг дэлхий даяар цэргийн академиудад судалдаг бөгөөд түүхэнд тодорсон хамгийн аугаа их жанжнуудын нэг гэж тооцогддог. Өрсөлдөгч, дайснууддаа дарангуйлагч гэж үзэгддэг байсан боловч Наполеон Баруун Европын ихэнх улс орны буюу Ром-Германы захиргаа-эрхзүйн тогтолцоог боловсронгуй болгосон, шүүх засаглалын үндэс болсон Наполеоны кодекс буюу Францын анхны иргэний хуулийг боловсруулсан гаргаснаараа дурсагддаг бөгөөд одоо хүртэл хуулиудын үзэл санаа амьд, хүчин төгөлдөр мөрдөгдөж байдаг юм.

Алдаа ялагдал

Хэдийгээр Францын эзэн хаан математик, геометр, газарзүй, түүхт авьяастай байсан боловч байгаль-техникийн шинжлэх ухааны ололтуудыг эс ойшоодог байсан нь алдаа болсон гэдэг. Учир нь Ирланд гаралтай АНУ-ын иргэн Роберт Фултон гэгч 1797 онд Францад ирж (дэлхийд анх удаа уурын хөдөлгүүрээр ажилладаг хөлөг онгоц зохион бүтээсэн) олон зууны турш ард түмэн, эцэг, өвгөдийг нь яргалан харгислаж байсан Британийн эзэнт гүрэнтэй ямар ч хамаагүй аргаар тооцоо бодох зорилгоор 1800 онд буюу 18, 19-р зууны зааг дээр хүчээ авч ид мандаж байсан Наполеонтой биечлэн уулзаж Британийг хуурай замын байлдаанаас гадна тэдний гол хөзөр болсон далайн флотыг цохиж үгүй болгох замаар буулгаж авах талаар өөрийн санал бодлоо илэрхийлж, төслөө танилцуулжээ. Гэтэл ямар ч далбаа, дарвуулгүй хөлөг онгоц усанд салхины чиглэл, хүч, сэлүүрээс үл хамааран хөвөх, уурын хуягт хөлөг онгоц, усан доогуур шумбадаг завь, хөлөг онгоц устгах шумбадаг сум /торпед/ зэрэг нь утга учиргүй биелшгүй хоосон мөрөөдөл шиг Наполеонд санагджээ. Мөн түүний Сангийн Яамны сайд болон бусад дээд тушаалынхан хөлөг онгоц үйлдвэрлэх техникийн нөхцөл, үйлдвэрлэлийн өртгийг үзээд хуурай замын байлдааны ажиллагаанд шаардагдах төсөв хөрөнгийг дэмий зүйлд үрэх шаардлагагүй, манай флот Английн флотоос юугаар ч дутахгүй гэж эсэргүүцсэн тул хэрэг Роберт Фултоныг Бонапарт ашиглаж чадаагүй гэдэг.

Түүний гол алдаа бол Орос руу хийсэн аян дайн гэж ихэнх эрдэмтэд, тэр дундаа цэргийн түүхчид үздэг юм. Английн эсрэг эх газрын худалдааны хоригийг дэмжихээс татгалзсаны хариуд Оросын эсрэг хийх цэрэг дайны ажиллагааны төлөвлөгөөг хэлэлцэхэд генерал-фельдмаршал Жюно тэргүүтэй хэсэг цэргийн эрхтэн болон сайд нар ихэд эсэргүүцэж Орос руу довтлох нь ухаангүй явдал бөгөөд ялах боломжгүй, яавч сайн юманд хүргэхгүй гээд түүний оронд дипломат аргаар Орост дарамт үзүүлэх нь зүйтэй хэмээн учирлавч бас л үл хэрэгсчээ. (Энэхүү алдааг хожим 130 жилийн дараа А.Гитлер давтсан билээ)

Сэтгэгдэл 2ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
1 сар 14. 17:28
Зочин

Оросууд сайн тулалдаж чаддаггүй ч өргөн уудам нутаг цаг агаарын хүндрэлтэй байдал эдийн засгийн бололцоо зэрэг нь хангалттай хамгаалалт болж өгдөгдөө. Зөвхөн их цэргээр ялалтыг шийддэггүй нь харагдаж байна. Нийслэлийг нь эзэлснээр дайн дуусчих юм шиг гэнэхнээр төсөөлсөн нь Гитлер Наполеон хоёрын алдаа болсондоо.

1 сар 2. 10:16
Зочин

наполеоны цэргүүдээс шархдсан, олзлогдсон шалтгаар 60 000 францууд орос оронд суурьшин үлдсэн. тэд орос даяар тархан язгууртануудын гэрт тогооч, гэрийн багш, хөгжимчин зэрэг ажил хийж амьдарсан . мөн франц хэв маягтай 20 орчим суурин үүсгэсэн.
гэтэл харин ялагчаар францад очисон оросуудаас 30 000 орчим нь францад үлдсэн байдаг . яагаад гэвэл 1790-1814 оны наполеоны аян дайнаар маш их франц эрчүүд нас барсанаар өрх толгойлсон бэлэвсэн эхнэрүүд , охид хүүхнүүд маш их болсоноор газар тариалан, үйлдвэрлэл, үйлчилгээний салбаруудад эрчүүд ихээр шаардлагатай болсон байсан

Сэтгэгдэл бичих
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]