Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Гитлерийг хөнөөх дөхсөн хурандаа Клаус фон ШтауффенбергУншсан14,713

...Иймээс Фромм нэгэн фельдфебельд /бага дарга/ генералыг гүйцээх үүрэг өгсөн байна.

 

Гучин долоохон насандаа амиа алдсан тэрээр фашизмыг эсэргүүцэгчдийн тэргүүн эгнээнд бичигдэх хүн гарцаагүй мөн билээ. Фашист Германы армид зүтгэж байсан тэрээр Африкийн кампанид оролцож байхдаа өрөөсөн нүд, мөн зүүн гараа алдсан юм. Цэргийн эмнэлэгт нэлээдгүй хугацаагаар эмчлүүлсэн тэрээр буцаж цэргийн албандаа орохдоо нөөц фронтын командлагч хурандаа генерал Фромын орлогчоор томиглогдон ажиллаж байсан бөгөөд чухам энэ л үедээ хамт амиа алдсан нөхөдтэйгээ нийлж "Валкири" төлөвлөгөөг боловсруулсан юм. Түүний тухай олон хүн "Валкири" киногоор мэдэх байх.

Гитлерийг устгаж, фашизмыг түлхэн унагаж, Герман орныг тэртээ тэргүй ялагдах нь тодорхой болсон дайнаас гаргах нь төлөвлөгөөний гол зорилго байсан юм. Энэ төлөвлөгөөг биелүүлэхийн тулд Гитлерийг устгах зайлшгүй шаардлагатай байв. "Валкири" бол нэлээд нарийн төлөвлөгдөж бэлтгэгдсэн ажиллагаа байсан. Гитлерийг устгасаны дараагаар Берлин болон Парисын гол гол дүүргүүдэд Гестапогийн нөлөө бүхий хүмүүсийг баривчлахаар зэхсэн байсан бөгөөд холбоо харилцааг генерал Фельгибель хариуцаж байлаа.

Зүүн талын номхон зогссон офицер бол хурандаа Штауффенберг 

Ингээд Гестапо болон СС-ийн нөлөө бүхий хүмүүсийг баривчилсны дараагаар Герман орныг дайнаас гаргах талаар хэлэлцээр хийх төлөвлөгөөтэй байсан байна. Гэхдээ Штауффенберг бол коммунист биш. Энэ явдлаас нэлэээдгүй өмнө буюу 1943 оны 11 сард Германы жанжин штаб энэ чигээрээ үргэлжлээд байх юм бол оросуудыг зогсоож дийлэхгүй дорнод фронт сүйрэх аюултай гэдгийг хүлээн зөвшөөрсөн байдаг.

Хэдийгээр жанжин штаб ингэж дүгнэлээ гээд Гитлерийн Германы олонхи удирдагчид Оросуудын эсрэг дайнаа зогсоохыг хүссэнгүй. Оросыг ялах бараг боломжгүй болсон ч гэсэн тэдний түрэлтийг зогсоож чадах боломжтой гэж үзсээр байсан юм. 1944 оны 7 сар гэхэд ерөнхийдөө фронтын байдал түн хүнд байдалд орсон байлаа. Германы арми ЗХУ-ын нутгаас хөөгдсөн, Оросууд Варшавт тулж ирсэн байсан үе.

Нэгэн удаа Штауффенберг болон түүний хамтрагчид Гитлерийн сууж явсан онгоцонд тэсрэх бөмбөг бүхий дарс хийж явуулсан юм. Тэр нь яагаад ч юм дэлбэрээгүй байж. Гитлер дорнод фронтын талаар зөвлөгөөн хийх ёстой байсан бөгөөд үүнд нөөц фронтын орлогчийн хувиар Штауффенберг энэ зөвлөгөөнд оролцох байлаа. Зөвлөгөөн болох газар бол нэлээн бөх бат хийгдсэн "Чонын үүр" хэмээх нэртэй бетонон байгууламж байсан юм.

Чонын үүрэнд юу болов?

Ингээд Штауффенберг чухам тэнд л Гитлерийг устгах төлөвлөгөөгөө хэрэгжүүлэхээр болсон байна.

Бөмбөг дэлбэрч Гитлер үхсэний дараагаас шууд "Валкири" хэрэгжих ёстой байлаа. Зөвлөгөөнд оролцохоор ирсэн генерал офицеруудын дунд Штауффенберг орж бөмбөгөө том царсан ширээний хөлд аль болох Гитлерт ойр тавьсаны дараа утсаар ярих чухал яриатай хэмээн шалтаглан гарч явсан байна. Яг энэ үед зөвлөгөөнд оролцож байсан хурандаа Брандт тэсрэх бөмбөг бүхий цүнхийг санамсаргүйгээр хөлд нь тээглээд байсан учраас холдуулж тавьсан байна. Киноноос та бүхэн яг энэ үйл явдлыг үзсэн биз ээ.

Штауффенберг гарснаас хойш хэдхэн мөчийн дараа маш хүчтэй дэлбэрэлт болсон. Штауффенберг утсаар ажиллагааг эхлэхийг зааварлаад Берлин рүү яаравчлан ниссэн байна. "Валкири" ажиллагаа ч бүрэн утгаараа хэрэгжиж эхэллээ. Берлин, Парисын дүүргүүдэд нэлээд хэдэн СС болон Гестапогийн нэр бүхий этгээдүүдийг баривчилж хорьсон байна. Яг энэ үед "Чонын үүр"-нээс ирэх мэдээнд Гитлерийг алах гэж оролдсон үйлдэл гарсан, харин Гитлер амьд гэсэн мэдээ тарж эхэллээ.

Нэгэнт эхэлсэн ажиллагаа үргэлжлэхээс өөр арга байсангүй. Хошууч Ремер хэмээх (энэхүү этгээдийг кинон дээрээс харсан байх) Гитлерт туйлаас үнэнч хүн "Валкири"-г нураахад онцгой үүрэг гүйцэтгэсэн юм.

Дэлбэрэлтэд хэд хэдэн хүн нас барж нэлээдгүй хүн шархадсан байна. Гитлер бөмбөг дэлбэрэх үед ширээн дээрээс тонгойж байсан бөгөөд тэр ширээ л түүнийг аварсан байна. Гэгээ тасрах үед "Валкири" нэгэнт уналтад орж эхэллээ. Тэднийг баричлах үеэр болсон буудалцаанд Штауффенберг шархадсан юм.

Хурандаа генерал Фромм тэднийг баривчлаад яаран цаазалсан байдаг. Фромм энэхүү ажиллагааг анхнаас нь мэдэж, эсэргүүцэхгүй байсан ч эцэст нь урван тэрслэгчдийг мэдсэн хэрнээ урьдчилан анхааруулаагүй гэдэг үндэслэлээр өөрөө цаазлуулсан юм. Баригдсан хүмүүст Фромм эцсийн боломж өгсөн бөгөөд энэ боломжийг генерал Бек ашиглаж өөрийгөө гурван ч удаа буудаад гүйцээж чадсангүй.

Иймээс Фромм нэгэн фельдфебельд /бага дарга/ генералыг гүйцээх үүрэг өгсөн байна. Дөрвөн хүнийг гадаа гаргаж шууд ялыг гүйцэтгэсэн бөгөөд эдгээр хүмүүс бол Штауффенберг, генерал Олбрихт, хурандаа Мертц, дэслэгч фон Хаефтан нар байсан юм. Үүнээс хойш бараг дайн дуустал "Валкири"-тэй холбоотой 700 гаруй хүнийг мөрдөн шалгаж, цаазалсан. Үйл ажиллагаанд голоох үүрэг гүйфэтгэсэн генерал Тресков фронтын шугам руу очиж амиа хорлосон бол генерал Фельгибель Гестапод баригдаж цаазлуулсан байна.

Штауффенбергийн ихэр ах Бертольд хэдхэн хоногийн дараа амиа алдсан. Түүний таван хүүхдийг асрах газруудаар дамжуулж нэрийг нь мартуулах гэж оролдсон гэдэг.

Эхнэр Нина фон Штауффенберг нь их урт наслаж 2006 онд нас барсан юм. Гитлерийг устгах оролдлогуудаас хамгийн сүүлчийн бөгөөд хамгийн том гэж хэлж болох ажиллагаа энэ байлаа.

Хурандаа Албрехт фон Кёрнхэйм, хурандаа фон Штауффенберг 

Цэргийн түүх судлаач Э.Баттулга

https://www.facebook.com/enkh.battulga

Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]