Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Английн хаад, хатад: Дундад үеийн хаадУншсан1,071

Уильям Шекспир тэр үеийн тухай хийгээд хаан, хөвгүүн хоёрын нүүр тулсан гэх мөнөөх чухаг уулзалтыг хожим дүрслэн бичихдээ Хенри Тюдор хүүг хаантан ихэд тоож "Үгийг нь сонсох учиртай ганц хүн маань энэ байна даа" гэж хэлсэн хэмээн тэмдэглэсэн байдаг.

Өмнөх нь: Алан Эрейра: Английн хаад, хатад

  (Их Британийн UKTV сувгаар 2004 онд анх үзэгчдийн хүртээл болсон "Английн хаад, хатад" хэмээх зургаан ангит баримтат киноны зохиолыг орчуулан хүргэж байна. Энэ кино түүхч, зохиолч, баримтат киноны найруулагч АЛАН ЭРЕЙРА-гийн бүтээл юм. Английн хаант төрийн бүтэн мянган жилийн түүхийг хүүрнэх уг цуврал зөвхөн ихэс дээдсийн цадиг намтар төдий биш, энэ улсын засаг төрөө шүтэн дээдлэх ёс зүй, үргэлжид бусдаас ялгарч ирсэн онцгой содон замнал, дэлхийн түүхэн дэх хамгийн хачин жигтэй төрийн тогтолцооны тухай нэн сонирхолтой, гойд шинэлэг "шаштир" болно.)

Английн хаад, хатдын түүх таны төсөөлж чадахаас ч илүү сонирхолтой. Энэ бол хүсэл шунал, урвалт шарвалт, баатарлаг явдал, харгис хэрцгийлэл, нууцлаг хэрэг, аллага, түрэмгийлэл, эмгэнэл болоод аугаа ялалтын түүх, огтоос уйдамгүй “жүжиг” билээ. Гэхдээ үүнээс ч илүүг та энэ бүлгээс олж мэднэ. Энэхүү бүлэг жил гаруйн турш хаан суусан хэдий ч түүхээс нэг мөр арчигдаж баларсан хаанаар эхэлж, хааны титэм зүүх эрх нь үлгэр домог, худал үгээс эхтэй атал намтар цадиг нь үл хөндөгдөх хүртэл дархлагдсан нэгэн хүүгийн түүхээр төгсөх юм. Бидний өгүүлэх цаг үе 1216 оноос эхэлнэ. Энэ үед Английн хаан сэнтийд Луи нэрт хаан сууж байлаа.

Хоёрдугаар бүлэг: ДУНДАД ҮЕИЙН ХААД

Луи хаан англи ноёдын хүсэлт болоод Лондоны иргэдийн дэмжлэгтэйгээр Англид ирж, хаан суусан билээ. Харин хууль ёсны хаан болох Жон түүнтэй тэмцэх арга ухаанаа олж ядан зүдэж байхдаа хүндээр өвдөж, тэнгэрт халив. Ингээд язгууртнуудын урилгаар залагдсан ч ард нийтээр хараахан хүлээн зөвшөөрөгдөөгүй байсан Луид хааны титэм оногдох нь тэр ээ. Гэвч Английн хамба, ширээт лам нар Папын шахалтаар католик сүмээс хөөгдөөд байсан тул Луи титэм зүүх ёслол үйлдэж болохгүй байв. Тэгээд ч Англи оронд хаан хүнийг зөвхөн титэм зүүх төдийд биш, харин бүх нийтээр хүлээн зөвшөөрч, зарлан тунхагласан тохиолдолд л төрийн тэргүүн гэж үздэг. Чухам үүнээс болж титэм зүүгээгүй VIII Эдуардыг хууль ёсны хаан мөн, харин тэргүүндээ титэм зүүсэн хэдий ч бүрнээ хүлээн зөвшөөрөгдөөгүй Жейн Грей авхайг хатан биш гэж тооцдог билээ. Энэ л жишгээр Луиг өдгөө Английн хаан хэмээн тэмдэглэдэггүй.

Учир нь түүнийг урьж залсан англи ноёд мөнөөх зөвшилцлийн гэрээ, зарлан тунхаглах саналаа гэнэтхэн буцаан татжээ. Тэд Луиг Франц, Фландраас авчирсан ойр тойрны түшмэдээ сайд, ноёд болгоно чинээ бодоогүй аж.

Өөрсдөө л төрийн хэргийг мэднэ, холоос авчирсан хаан нь зөвхөн өөрсдийнх нь л тусын тулд үйлчилнэ гэж тэд санасан байна. Ингээд тэд юм бүхэн өөрсдийнх нь төлөвлөснөөр болоогүйд нөхцөл байдлыг өөрчлөх өөр нэгэн арга олсон нь Жоны есөн настай хүү Хенрийг хаанд өргөмжлөх байлаа. Балчир хүүхэд өмнө нь Англи оронд хаан суусан удаагүй билээ. Гэвч язгууртнууд юм бүхэн өөрчлөгдөх цаг ирсэн гэж боджээ.

Хөвгүүн хаанд батлан даагч, төрийн хэргийг түр мэдэгч хэрэгтэй байсан нь сурвалжит ноёдын санаанд яв цав нийцэв. Хенри хүүгийн тэргүүнд титэм зүүх болоход Лондон хот Луигийн мэдэлд хэвээр байсан тул хүүг нийслэл хотод биш, амьдарч байсан Курт цайзад нь хамгийн ойрын томхон сүм болох Глостерийн цогчин дуганд титэмлэхээс өөр аргагүй болжээ.

Хүүд мөн хааны титэм байсангүй. Титмийг яах вэ, хатан ээжийнх нь алтан зүүлтээр орлуулж болох юм гэхэд титэм зүүлгэх ёс үйлдэх хууль ёсны ширээт лам ч байхгүй байлаа.

Гэсэн ч хугацаа алдахгүйн тулд хааны сан хөмрөгийн түлхүүрийг атгагч Уинчестерийн зэрэг зиндаа доогуур нэгэн залуу хамбатнаар титэмлэх зан үйлийг гүйцэтгэсэн болоод өнгөрчээ. Ёслолд олон хүн оролцсонгүй. Бүрлээч хаан Жоны сайд, түшмэд ч байлцаж чадсангүй. Гэсэн ч хөвгүүн хааныг яаран залах хэрэгтэй байлаа.

III Хенри (1216-1272)

Балчир хаан III Хенрийн батлан даагчаар Пембрукийн гүн, 70 настай Уильям Маршалл тохоон томилогджээ. Тэрбээр III Хенрийн өвөг эцэг I Хенри хааны үеэс төрийн мэргэн сайдын нэг байж үнэнч, шударгаараа танигдсан нэгэн байлаа. Бүгд л түүнд итгэж найддаг байв. Тиймдээ ч Луиг нутаг буцаах, хөвгүүн хааны төр улсыг засаглах хүндхэн үүргийг түүнд онцгойлон даалгажээ. Луи хэдийгээр язгууртнуудын сонголтыг эсэргүүцсэн ч эцэстээ бууж өгч, Английн хаанаар өргөмжлөгдсөн тухайгаа амьд яваа насандаа үг алдахгүй хэмээн ам өчиг өгсөн байна. Харин түүнийг урьж залан байсан сурвалжит ноёд Францаас хаан өргөсөн талаараа мөн л дурсаж байхгүй гэж өөр хоорондоо тохиролцлоо. Английн ноёд гэнэтхэн л эх орончид болцгоов. Нормандчуудын эзлэн түрэмгийллээс хойш францчуудыг анх удаа харийнхан хэмээн үзэх болж, хэдий франц гаралтай, францаар ярьдаг байлаа ч Английн норманд язгууртнууд хүртэл өөрсдийгөө ихэд англижсан мэтээр ойлгох болов.

Уильям Маршалл Магна Карта болоод Английн төрт ёсны бусад уламжлал, хууль цаазыг урьдын хэвээр дагаж мөрдөхийг зарлигдлаа. Англи төрийн эрхэм түшээ, олноо хүндлэгдсэн шударгуу баатар тэрбээр 1219 онд тэнгэрт халив. Харин дараа жил нь III Хенри хаан Вестминстерт зохих ёсоор титэм зүүх ёслол дахин үйлджээ. Сурвалжит язгууртнууд залуу хааныг хараандаа бүрэн байлгаж байв. Хаантан тэдний хэлсэн бүхнийг үг дуугүй дагадаг, тэр нь ч хаанчилсан он жилүүдийнх нь дийлэнхийг тодорхойлно. Гэвч язгууртнууд түүнийг нэг л өдөр өөрсдийнх нь биш, харин эхнэрийнхээ үгэнд захирагдана чинээ төсөөлсөнгүй.

Хенри хаан 1236 онд Провонсийн гүнгийн охин Элинортой гэрлэжээ. Хаантан 29-тэй байсан бол сүйт бүсгүй нь дөнгөж 19 хүрч байлаа. Шинэхэн хатан ёстой л нөхрийнхөө толгой дээр мордов. Хатны Францаас дагуулж ирсэн авга ах нь III Хенрийн шийдвэр бүрт нөлөөлж, эх нутаг руугаа үлэмж хэмжээний мөнгө шилжүүлж эхэлсэн бол өөр нэг авга нь Англид ирсэн даруйдаа Кэнтерберийн ширээт лам бөгөөд Даремийн хамба  болжээ. Харин Элинор хатны ээж рүүгээ илгээдэг гэх төрийн сангийн хөрөнгө мөнгө үнэн хэрэгтээ хатантны хүргэн ах болох Анжугийн гүнгийн дайн байлдааныг санхүүжүүлж байлаа. Ийм хатан ард иргэдийнхээ дунд дорхноо нэр муутай болсонд гайхах зүйлгүй. Хенри хаан улсын сан хөмрөг хоосон шахам байхад ч эхнэртээ болоод хилийн чанад дахь эхнэрийнхээ төрөл төрөгсдөд зориулах хөрөнгө мөнгийг яаж ийгээд олдог байв.

1263 онд Лондонд бослого дэгдлээ. Босогчид банк, санхүүгийн пүүсийн фламанд эзэд, мөнгө хүүлэгч еврейчүүд болоод Элинор хатныг эсэргүүцэн босчээ. Хатантан тэр үед Лондоны цамхагт буюу тухайн цагийн хааны гэр бүлийн гол өргөөнд сууж байв. Түүнийг цамхагаас гарч, урт завьтайгаа Темза мөрнөөр уруудан Лондоны гүүр лүү ойртох үед босогчид хатантныг таньмагцаа чулуу нүүлгэж, “Муу шулмыг живүүл!” хэмээн орилж гарчээ. Элинор хатан босогчдоос арайхийн амь мултарч, Лондоны цамхаг руу буцсан байна.

Англи орон ийнхүү илбэн тохинуулахад нэн хэцүү улс боллоо. Засаг төр нь ч 1066 оны үетэй харьцуулахааргүй өөр болжээ. Хот суурингууд олширч, худалдаа наймаа өргөжиж, Лондон ч асар ихээр тэлэв. Сурвалжтануудын эрх мэдэл хязгаарлагдаж, Лондон хотынхны уур бухимдал дээд цэгтээ хүрсэн ийм үед гагц хувьсгал л цорын ганц шийдэл мэт санагдах боллоо. Хувьсгал, өөрчлөлтийг Нормандын нэгэн сурвалжит ноёны хүү, ухаан билэг төгс, олныг татах шид увдистай Саймон де Монтфорт гэгч удирдах учиртай байв. Бидний өгүүлэн буй үед Франц орныг Луи хааны бэлэвсэн хатан балчир хүүгийнхээ нэрийн өмнөөс удирдаж байлаа. Хатантан Саймоныг төрийн дайсан хэмээн үзэж, Нормандаас хөөсөнд залуу язгууртан өвөг дээдсийнхээ алдсан газар нутгийг эргүүлэн авахаар 1231 онд 23 настайдаа Англид хөл тавьжээ. Тэрбээр төд удалгүй III Хенри хааны итгэлийг олж, 1238 онд хааны дүү охинтой гэрлэн, эцэг өвгөдийнхөө газрыг эзэмших эрхээ сэргээгээд зогсохгүй Лестерийн гүн хэргэмтэй болов. Харин гаднынханд болгоомжлонгуй ханддаг англичуудын занг сайн мэдэх учир Саймон гүн бүрэн англижжээ. Хенри хааныг 1238 онд хан хөвгүүнтэй болоход гүнтэн хүүг адислах ёслолыг удирдан зохион байгуулж, ирээдүйн хаанд Наманчлагч Эдуард хааны нэрийг хайрлав. Саймон Хенрид улам бүр нөлөөлж, хаант засгийн хямрал даамжрахын хэрээр төрийн тогтолцоог шинэчлэх хэрэгтэй хэмээн хааныг ятгах боллоо. Харин улс төрийн үймээн бужигнаан иргэний дайн болон хурцдаж, 1264 онд сая нэг намжихад Хенри хаан, Эдуард хунтайж хоёр хоёулаа Саймон гүнгийн хоригдол болжээ.

Саймон англичуудын мах, цусанд шингээстэй шахам байдаг бүгдээр хүлээн зөвшөөрүүлэх үзэлд тулгуурлан төрийн эргэлт хийхийг санаархав. Тэрбээр 1265 онд Вестминстерт Английн бүх хамба, ширээт лам нарыг сурвалжит язгууртнуудын хамт цуглуулж, улсын их чуулган буюу парламентыг хуралдууллаа. Чингэхдээ эрх ямбатнуудаас гадна хошуу бүрээс тус бүр нь хоёр хүлэг баатар, хот тосгон бүрээс дор хаяж нэг бие төлөөлөгч урьсан нь урьд хожид байгаагүй үзэгдэл болов. Саймон гүн хаантны зарлигийг биелүүлж байна хэмээсэн ч бодит байдал дээр III Хенри төрийн хэргийг мэдэхээ байгаад удаж байлаа.

Одоо харахад Саймон де Монтфорт орчин үеийн дэвшилт тогтолцоог мөрөөдөж байсан нь хэнд ч илэрхий. Нэгэнт бичигдсэн, мөрдөж тогтсон Үндсэн хууль, бэлгэдэл төдий хаан, эрх мэдэл бүхий сайд, нутгийн бүх л хэсгийг төлөөлөх ноёд болоод сүмийн эрх ямбатнууд, хот суурин төдийгүй багахан эзэмшил газрын эзэд хүртэл улсын их чуулганд оролцох эрх. Энэ бүхэн яахын аргагүй шинэчлэл байлаа. Өнөө цагийнханд энэ нь байж болох өөрчлөлт шиг санагдана. Харин III Хенри хааны үеийнхэн энэхүү хувьсгалыг ердөө л Саймон де Монтфортын харгислал, түрэмгийлэл гэж үзжээ.

Хунтайж Эдуард эрийн цээнд хүрлээ. Саймон де Монтфортын ёс бус үйлдлийг нэг тийш болгож, төрийн эрхийг ихэс дээдсийн гарт буцаан шилжүүлэх үүрэг түүнд ногдов. Тэрбээр урьдаар Саймоны хорионоос мултарлаа. Удалгүй Ившемийн тулаан нэрээр түүхнээ үлдсэн зэвсэгт мөргөлдөөн болж, ирээдүйн хаан Эдуард Лестерийн гүн Саймоныг хэдэн хэсэг тасчин хаяв. III Хенри ийнхүү хаан сэнтийдээ эргэн заларсан ч угсаа залгамжлах хунтайж төрийн жолоог атгажээ. Урт хөлт хэмээгдэх Эдуард эрэлхэг, дайчин хүлэг баатраас гадна төрийн мэргэн бодлогын үр шимийг мэддэг, нөлөө бүхий хүмүүсээр өөрийгөө хүрээлүүлж, энх амгалан тогтоохыг чухалчилдаг нэгэн байв. Тэрбээр бослогыг удирдсан ноёдыг баривчилж, хөрөнгө хогшил, хэргэм зэргийг нь хураасан ч амийг нь хэлтрүүлжээ. Хунтайж мөн хаан хүний эрх мэдэл хязгаартай, төрийн аливаа чухал хэргийг ард олонтой хэлэлцэх нь зүй гэдэгтэй санал нийлж байв. Тэрбээр 1066 оноос хойш Английн хаан сэнтийд заларсан норманд язгууртнуудаас англиар ярьдаг анхны сурвалжтан юм. Парламентын гишүүд хунтайжийг Английн хамгаалагч ноёноор өргөмжиллөө. Де Монтфортын хувьсгал хэдий ялаагүй ч хаант төрийн тогтолцоонд ул мөрөө үлдээсний баталгаа энэ юм.

I Эдуард (1272-1307)

56 жил хаанчилсан III Хенри 1272 онд тэнгэрт халив. Шинэхэн хаан Эдуард дайн байлдаанд ихэд хорхойсдог, эхээс унахдаа л хуяг дуулгатай төрсөн мэт дайнч эр байлаа. Хаан эцгийгээ өөд одох үед тэрбээр Загалмайтны аян дайнд тулалдаад эзгүй байв. I Эдуард эх нутагтаа эргэн ирээд Элинор нэрт хатныхаа хамт 1273 онд хаан сэнтийд заларлаа. Кастилийн ханы охин Элинор Английн хатан болох үедээ Эдуардад хэдийнэ зургаан хүүхэд төрүүлж өгөөд байв. Тэд нийт арван хүүхэдтэй болсон юм.

Анхдугаар Эдуардыг төр барьж эхлэхэд Англи орон төрийн хөдөлбөргүй тогтолцоотой болжээ. Хаантан урьдын бүх л хууль цаазуудыг, түүн дотор Магна Картаг дагаж мөрдөхийг зарлигдаж, төрийн өдөр тутмын хэрэг явдлыг сурвалжит язгууртнууд болоод зөвлөх сайд нарынхаа гарт үлдээв. Тэрбээр Зэвсэгт хүчнээ зузаатгаж, аливаа бослого тэмцлийг дарах хөрөнгө мөнгө босгоход голчлон анхаарах боллоо. Басхүү үндэсний үзлийг сэргээн батжуулахыг гол чигээ болгов. Хаан суух эрх нь Английн үлгэр туульстай холбоотой, дээд тэнгэрээс адислагдсан хэмээн итгүүлэхийн тулд Эдуард 1279 онд нэгэн ер бусын зан үйл гүйцэтгэжээ.

Гластонберид 1191 онд Артур хаан, Гвиневра хатны булш олдсон гэх бөгөөд Эдуард хаан мөнхүү булшнаас олдсон эрэгтэй, эмэгтэй хоёр хүний араг ясыг 88 жилийн дараа аян дайнд мордохдоо авч явах болов. Ингэснээрээ Эдуард ард түмэндээ өөрийгөө шинэ Артур мэтээр ойлгуулахыг зорьжээ. Энэ бүхэн түүний хаанчлалд домгийн мэт шид увдисыг шингээж, цэргийн ажиллагааг нь дэмжих асар их хүчийг бүрэлдүүлж өгөх учиртай байв. Ялангуяа Уэльсийг эзлэн түрэмгийлэхэд нь түүнд ийм дэмжлэг зайлшгүй хэрэгтэй байлаа. Уэльсийн хан хөвгүүд Эдуардыг эсэргүүцэн босоход хаантны олон жилийн туршид хурааж хуримтлуулсан хөрөнгө мөнгө Английн язгууртнуудыг хааныхаа талд бат зогсоход хүргэсэн байна. I Эдуард бол Уэльс нутгийг бүрэн эрхшээсэн анхны англи хаан юм. Тэрбээр Уэльсийн нэгэн ханхүүг цаазалж, толгойг нь Лондоны цамхаг дээр зоосон бол өөр нэгэн ханхүүг парламентын өмнө авчирч, урвагч хэмээн цоллон эхлээд живүүлж, дараа нь хагас дутуу дүүжилж, эцэст нь толгойг нь цавчин, мөчилж хаях аймшигт ял сонсгожээ. Энэ бүхэн Английн хууль ёсонд урьд өмнө огт дуулдаагүй харгис шийтгэл байлаа.

Английн засаг захиргааны бүтцийг төд удалгүй Уэльст нэвтрүүлэв. Хаант улсын хил хязгаар тэлэгдсэнийг Уэльсийн өнцөг булан бүрт шинээр сүндэрлэсэн орд харшууд бататгах боллоо. Эдуард цэрэг армиа тэтгэх хөрөнгө мөнгөөр гачигдахыг үзсэнгүй. 1275 онд парламент нь түүний цэргийн ажиллагааг санхүүжүүлэхээр гаалийн татварын тухай хуулийг шинэчлэн батлав. Парламенттай байх нь энэ мэт үр ашигтай байлаа. Хаантан арилжаа наймааг дэмжиж ирсэн нь худалдаачдыг ч төрийн хэргийг сайшаахад хүргэжээ. Гэвч тухайн үед “Хаантан алттай боллоо, хатантан газар хураалаа” гэсэн хэлц дэлгэрсэн нь байдал тийм ч сайнгүй байсныг гэрчилнэ.

Эдуард барьцаалан зээлдүүлэгч еврей нараас үлэмж хэмжээний мөнгө хуримтлуулж байсан ч тэдний хөрөнгө мөнгө дундарчээ. Гэсэн ч еврейчүүдийг өөрөөр ашиглах санаа хаантанд төрсөн байна. Тэднийг залхаан цээрлүүлэх далбаан дор улс орноо илүү нэгдмэл болгохыг тэрбээр зорив. 650 жилийн дараа Адольф Гитлер I Эдуард хааны бодлогыг тэр чигт нь хуулбарласан юм. Эдуард юуны өмнө еврейчүүдийн шилжилт, хөдөлгөөнийг хязгаарлаж, тэднийг Англи оронд аюул учруулагч, мөнгө хүүлдэг залилагчид хэмээн зарлав. Үүгээр зогсохгүй тэднийг бусдаас ялгаж салгахын тулд еврей хүн бүр энгэртээ шар өнгийн зургаан хошуут тэмдэг зүүх ёстой гэж хүртэл зарлигдлаа. Удалгүй еврей өрхийн тэргүүн бүрийг баривчилж, 300 гаруйг нь Лондоны цамхагт цаазлан, мөн тооны еврей хүнийг гэрт нь хөнөөв. Эцэст нь, 1290 онд Англи оронд еврей хүн аж төрөхийг хуулиар хоригложээ. Энэ үед I Эдуард улс гүрнээ еврейчүүдээс цэвэрлэн, улам хүчирхэг болгосон сүр хүчит, үндэсний баатар болон мандлаа. Мөн онд Элинор хатныг тэнгэрт халихад хаантны уй гашуу мөн адил улс орныг нэгтгэх, түүний хаанчлалыг магтан дуулах “хэрэгсэл” болон хувирчээ. Хатантны шарилыг Линкольноос Весминстер лүү ёслол төгөлдөр авч явж, зуур зогссон 12 газрынх нь нэрэнд бүгдэд нь загалмай буюу Кросс хэмээх үг нэмсэн байна. Өртөө буудлаараа алдартай Лондоны Чарин Кросс гэхэд тэдний нэг юм.

Хаант улсыг дахин тэлж томсгох цаг ирлээ. Эдуард 1296 онд Шотландын зүг хүлгийн жолоо залав. Эдинборо хотыг эзэлсэн тэрбээр Шотландын хааныг Лондоны цамхагт хорьж, үе үеийн шотланд хаадын титэм зүүх ёслолдоо хэрэглэж ирсэн Скүүний буюу Хувь тавилангийн чулуу хэмээгдэх эрхэм бэлгэдэлт сэнтийг Вестминстерийн цогчин дуганаа авчрууллаа. Английн хаан Шотландын төрийг гурван түшмэлээрээ удирдуулах болов. Гэхдээ Эдуард шотландчуудад айхтар харгис хэрцгий хандаж байгаагүй гэдгийг энд онцлох хэрэгтэй. Гагцхүү Шотландын үндэсний үзэлтнүүд зэвсэглэн боссоны дараа л англичууд энэ улсад тогтоосон ноёрхлоо бататгажээ. Шотландаас бусад газарт Хатан зоригтон нэрээр алдартай Уильям Уоллесийн удирдсан босогчид улс орноо англи цэргүүдээс бүрэн чөлөөлөхийн даваан дээр Уоллес баригдаж, Англид цаазлагдав. Шотландчууд 1306 онд дахин цэрэглэн босож, Брюс хэмээгдэх I Роберт бүх Шотландын хаан боллоо. Гэвч энэ үед Урт хөлт хаан нас дээр гарчээ. Тэрбээр цэрэг армиа толгойлон, Шотланд руу мордохыг оролдсон ч бие нь дийлсэнгүй. Карлайл хотоос хэдхэн бээрийн зайд эцсийн амьсгалаа татахдаа хаантан 23 настай угсаа залгамжлагчдаа Шотландыг хэрхэн зүйл дуусгах талаар зааварчилгаа өгөв. Цэрэг эрс нь тулалдаанд мордохдоо I Эдуардын зүрх, яс, үсийг тээж явах бол хунтайж Эдуард хамгийн дотнын анд Пирс Гавестоноосоо хагацах хэрэгтэй боллоо. Ийнхүү сүүлчийн зарлигаа буулгаад I Эдуард хаан тэнгэрт хальжээ. Харин хунтайж Эдуардын хувьд найр наадам эхлэв.

II Эдуард (1307-1327)

II Эдуард өндөр нуруулаг, байр байдал нь гойд эршүүд нэгэн байлаа. Гэвч түүний хаан эцэгтэйгээ ижилсэх шинж төрх ердөө үүгээр хязгаарлагдана. Тэрбээр дайн байлдаанд огтоос сонирхолгүй, хүлэг баатрын хүсэл тэмүүлэлгүй эр байв. Анхдугаар Эдуард хүүгээ зэвсгийн эрдэм, дайн тулааны ухаанд сургахын тулд байлдааны талбар луу олонтаа дагуулж явсан ч хунтайжийн сэтгэл хувирсангүй. Хаантан нэр цуутай хүлэг морьтон Пирс Гавестоныг түүнд шадарлуулахаар сонгосон нь ч санаанд оромгүй буруугаар эргэжээ. Пирс Гавестон, хунтайж Эдуард хоёр бие биедээ сэтгэл алдарсан байна. I Эдуард Гавестоныг ордноос хөөсөн ч буурал хааныг өөд одоход II Эдуард хайрт хүнээ буцаан авчирлаа. Гавестон цогтой золбоолог, дур булаам, залуу хааны итгэлт хүн болохоо хаа ч гайхуулах дуртай, хэн бүхэнд дээрэнгүй ч гэмээр эр байв.

II Эдуард хаан сэнтийд залрахынхаа өмнө Францын хааны дүү Изабелла гүнжтэй гэрлэжээ. Гавестон дээдсийн хурим дээр сүйт бүсгүйнхтэй адил гоёл чимэглэлтэй очсон бол удаахан нь болсон хааныг титэмлэх ёслолд зөвхөн язгууртнуудын хэрэглэдэг үнэт сувд, нил ягаан өнгийн өмсгөлтэй оролцов. Сурвалжит ноёд түүнийг газар дээр нь хөнөөхийг шаардлаа. Тэд хэдэн жилийн дараа зорьсноо гүйцэлдүүлсэн агаад Гавестоныг замаасаа зайлуулсныхаа дараа хаантныг хараандаа оруулжээ. Энэ үед Шотландын хаан Роберт дахин цэрэг цуглуулж, тусгаар тогтнолын төлөөх дайндаа нэг мөр ялалт байгуулахыг зорив. Тэрбээр Эдинборо хотыг эзэлж, Стерлинг цайзнаа төвлөрсөн Шотланд дахь Английн сүүлчийн гол хүчийг бут цохилоо. II Эдуард 1314 онд сөрөг довтолгоонд шилжиж, мөнөөх цайзаас холгүй Бэннокбөрн хэмээх газарт Шотландын армитай тулсан нь харин англичуудын хувьд гамшиг болон хувирчээ. Бараг бүтэн зууны турш ивээлээ хайрласан хурмаст тэнгэр хилэгнэх болж, 1315 онд Англи даяар ган гачиг нүүрлэсэн нь залуу Эдуардын хаанчлалд бас нэгэн сүйрэл авчрав. Энэхүү ган гачиг олон арван жил үргэлжлэх гай гамшигт хувирч, Англи орныг туйлдуулжээ. Ургац буурч, малын бэлчээр хоосорч, ард олон хилэгнэх болсонд тайж язгууртнууд хаанаа буруутгав. Ланкастерийн гүнгээр толгойлуулсан тэд төрийн жолоог гартаа авч, II Эдуардыг өдрийн 10-хан паундаар хангах боллоо.

Гэхдээ хаантанд итгэж найдах хүмүүс бас байв. Гавестоныг хаанд шадарлаж байх үед түүнийг илэрхий дэмжиж байсан ганц сурвалжтан болох Хью Деспенсер болон түүний хүү залуу Деспенсер нар II Эдуардыг язгууртнуудын гараас мултрахад тусалжээ. Гэлээ ч тариачдын ахуй амьдрал ядуу даржин хэвээр, дээр нь Деспенсерийнхэн хааны тааллыг ашиглан өөрсдийн хөрөнгө мөнгийг арвижуулсан нь Эдуардыг ихэд нэр хүндгүй болгов. Ялангуяа Изабелла хатан чухам тэднээс болж хаан нөхөртэйгөө түнжин хагарчээ. Хатантан 1325 онд Францад очмогцоо Деспенсерийнхнийг ордноос хөөхөөс нааш гэртээ харихгүй гэсэн хэл хүргүүлэв. Тэрбээр Францад цөллөгөнд байсан, Лестерийн гүнтэний гол холбоотон Рожер Мортимерт дурласан нь Эдуардад үүнээс ч дор хэрэг боллоо. Изабелла, Мортимер нар Францаас цэрэглэн хөдөлж, 1326 оны есдүгээр сард Английг эзэлжээ. Хомофобия буюу хүйс ижилтэнтэйгээ нөхцөгчдийг үзэн ядах үзэл ийнхүү хууль ёсны хааныг түлхэн унагах төрийн эргэлтэд хүргэв. Энэ бүх үймээн бужигнаан хэдхэн сарын дотор гэхэд эцэс боллоо. Бараг 90 шахаж байсан эцэг Деспенсер хуяг дуулгаа ч тайлж амжилгүй дүүжлэгдсэн бол хааны шинэ амраг нэр зүүсэн залуу Деспенсерийн бэлэг эрхтэнийг огтлон, дотор гэдсийг нь цувжээ.

Изабелла, Мортимер нар 14 настай хунтайжийн нэрийг барьж, бүх эрх мэдлийг гартаа оруулав. Гэтэл Эдуард хунтайж эцгийнхээ зөвшөөрөлгүйгээр хааны титэм зүүхээс татгалзсан тул II Эдуардыг хаан сэнтийгээс буулгах ёслолыг сэм үйлджээ. Ёслолд гашуудлын хар хувцастай ирсэн хаан Эдуард хүүгийнхээ өмнө өвдөг бохирон унаж, цурхирсан гэдэг. Хаантныг удалгүй Беркли цайзад хорьж, амиа тэвчихийг тулгажээ. Түүнийг хувцас хунар, хоол ундаар хангахаа больж, унтаж амрахыг нь ч хориглох болов. Эдуард хаан амьсгал хураалгүй удсан тул түүнийг 1327 оны есдүгээр сарын 21-ний өдөр орон дотор нь хөнөөжээ. Хаантан яаж амиа алдсан нь өнөө ч тодорхой бус. Үлгэр домог мэт нэгэн яриагаар бол улайсгасан урт төмөр шулуун гэдэс рүү нь чихэж, аймшигтайгаар яргалан хороосон, аврал эрэх дуу нь цайзаар нэг хадаж байсан гэх.

Францын өлөгчин чоно нэрт Изабелла хатан, хаант төрөөс тэрсэлсэн Рожер Мортимер нар ард олныг айдас хүйдэст автуулсан хааны ёс бус хормойн явдлыг ашиглан ийнхүү төрийн эрхэнд гарлаа. Гэвч энэ бусармаг үйлдэл нь тэдэнд хайр, хүндлэл авчирсангүй. Тэдний хоригдол болоод байсан III Эдуард 18 нас хүрэх жилээ хатан эхээсээ өшөө авахаар хорионоос мултарч, итгэлт хүмүүсээ зэвсэглэн бослоо. Тэд Мортимерийг дүүжлэн хороож, Изабелла хатныг гэрийн хорионд оруулжээ.

III Эдуард (1327-1377)

Англи орон дахин хууль ёсны хаантай болов. III Эдуард бүрэн эрхт угсаа залгамжлагчаас гадна үзэсгэлэнт хатан, эрүүл чийрэг хүүтэй, англи, герман, францаар ярьдаг эрдэм билэг төгс, дайчин хүлэг баатар болжээ. Түүнд гагцхүү алдар суугаа дуурсгах аугаа их дайн тулаан л дутуу байлаа. Залуу Эдуард биеэ Францын хаанд өргөмжилж, тус улсыг бүхлээр нь эзлэхийг санаархав. Энэ нь 1066 оноос хойших Английн түүхэн дэх хамгийн том цэргийн ажиллагаа болжээ. Хэдий санаанд багтамгүй, утга учиргүй санагдавч түүний ийн авирласанд хоёр ч чухал шалтгаан байлаа. Нэгд, францчууд шотланд босогчдыг орогнуулж, тэднийг тэтгэж дэмжин байсан нь ихээхэн аюул учруулах болжээ. Хоёрт, эргийн дагуух худалдааны бүсүүд нь дөнгөж өргөжин тэлээд байсан Англи оронд фламанд худалдаачид нэн чухал байтал Францын хаан 1336 онд тэдний замыг хаасан нь англичуудад ихээхэн гарзтай тусав. Францчууд Фламанд дахь англи худалдаачдыг баривчилж, фламанд иргэдийн хөрөнгө хогшлыг хурааснаас ноосны зах зээлээ алдсан худалдаачид орлогогүй, III Эдуард хаан гаалийн татваргүй, Англи улс гадаад худалдаагүй хоцорлоо.

Англи, Францын дундах суваг бол Английн хаант улсын хөгжил дэвшилд амин чухал билээ. Энэ сувгийг ямар ч хамаагүй үнээр цаг үргэлж нээлттэй байлгах учиртай. Британи улс чухам энэ л шалтгаанаар Наполеонтой, Германы Кайсертай, Адольф Гитлертэй тулалдсан. Харин III Эдуард энэхүү сувгийг хамгаалан боссон анхны англи хаан юм. Тэрбээр Францыг эзэлж, бүрэн эрхшээлдээ оруулсан цагт л Английн суваг болоод улс орных нь хил хязгаар амгалан тайван байна гэж санажээ. Түүний өдүүлсэн энэхүү цэргийн “бяцхан” ажиллагаа түүхнээ 100 жилийн дайн нэрээр бичигдсэн юм. Уг дайн мөн Английн хааны эрх үүрэг, байр суурийг өөрчилж өгснөөрөө онцлог. Эзлэн түрэмгийлэгч Уильямаас хойших Английн хаад өөртөө үнэнч ноёдыг ивгээлдээ багтааж, үлэмж хэмжээний газартай болгож, хариуд нь өөрсдийг нь болон харьяа хүлэг баатруудыг нь дайн байлдаанд мордуулдаг байв. Харин хилийн чанад дахь тулаанд ийм аргаар цэрэг бүрдүүлэх аргагүй юм. III Эдуардын үед хүлэг морьтнуудыг нэг удаад ердөө 40 хоног л цэргийн алба хаалгадаг байсан нь байдлыг бүр ч ээдрээтэй болгожээ. Хаантан байнгын цэргүүдээс армиа бүрдүүлж эхлэв. Дайтахыг хүсээгүй хүлэг баатрууд харин дүйцэх онцгой татвар төлөх боллоо. Ингэж III Эдуард хэдэн мянган чадварлаг эрс, мэргэн харваачдыг Зэвсэгт хүчиндээ нэгтгэжээ. Английн хаан ийнхүү байлдааны талбарт цэргүүдээ удирдах феодал ноён төдий биш мэргэжлийн арми толгойлсон командлагч болов.

1346 онд III Эдуард Нормандыг эзэлж, Францын Креси хотын ойролцоо франц ноёдын удирдсан армийг бут цохин, мөнөөх амин чухал сувгийг Англи оронд нээж өглөө. Харин эргийн Калай хотынхон эцсээ хүртэл тэмцсэн бөгөөд англи цэргүүд хотыг сая нэг эрхшээхдээ хотын түлхүүрийг төдийгүй язгуурын зургаан түшмэлийг нь хоолойд нь дүүжлүүрийн олс зүүгээд хаандаа хүргэж иржээ. Тэднийг Эдуардын өмнө өвдөг бохирон унахад хааны хатан хөөрхий түшмэдийн амийг хэлтрүүлэхийг нөхрөөсөө хүссэн байна. Хаантан ч хүсэлтийг нь ёсоор болгож. Энэ бүхэн үнэн хэрэгтээ урьдаас бэлтгэсэн, хаант засгийн нэр хүндийг өргөх гэсэн жүжиг байлаа. Хаан болон түүний цэргүүд морьтон баатруудын дэг ёсыг түгээн дэлгэрүүлнэ. Харин хааны хатан хөрстийн явдлыг ариун Мэрийн дүрээр, дээд тэнгэрийн тааллаар болгооно. Энэ нь шашин шүтлэг, дайн тулаан, алба гувчуур, үнэнч байдлыг нэгтгэсэн театрчилсан тоглолт байжээ. Бурхан тэнгэр хүмүүнийг үхлээр шийтгэдэг гэдэгт бүх нийтээрээ итгэдэг байсан үед хүн ардад гүн сүсэг бишрэл төрүүлэх энэ мэт зан үйл тун чухал байв.

Эрлэгийн элч Англи оронд 1348 оны зургадугаар сард заларлаа. Хар үхэл хэмээгдэх аймшигт тахал жил ч хүрэхгүй хугацаанд хаант улсын өнцөг булан бүрт дэгдэв. Тахалд дайрагдсан хүний бие дээр хэдхэн цагийн дотор улаан, өмхий гүвдрүү туурах ба өвчтөн тахлын шинж тэмдэг илэрснээс ихэвчлэн 2-3-хан хоногийн дараа амьсгал хураана. Английн хүн амын бараг гуравны нэг хувь нь Хар үхлийн хохирогч болов. III Эдуардын хаант улс 1350 он гэхэд 30-аадхан жилийн өмнөхтэй харьцуулахад бараг хоёр дахин бага хүн амтай болжээ. Аймшигт гай гамшгийн үеэр хаант засгийг сурталчлах театрчилсан тоглолтууд улам сүржин, бадрангуй болсны дээр түмэн олонд улам бүр ер бусын санагдах боллоо. Эдуард хаан чухам ийм сүр хүчээ ашиглан сурвалжит ноёдыг хүлэг баатар лугаа адил өргөмжилж, өөртөө үнэнч байлгаж байсан бол хот суурингуудын захирагч нар мөнөөх ноёд, түшмэдийнхээ шахалтаар, парламентын хүсэлтээр дайн байлдааныг санхүүжүүлж байв. Байдал ийм байхад Францад эхлүүлсэн дайн хэд л бол хэдэн жил үргэлжлэхээр болжээ. Английн арми 1356 онд Пуатье хотын дэргэд болсон шийдвэрлэх тулаанд ялж, Франц орныг өвдөг сөхрүүлсэн нь дайн байлдааныг бүр ч даамжруулав. Сурвалжит ноёд, цэрэг эрсийн хэн хэн нь хөл, толгой нь олдохоо байсан Франц нутгийг цөлмөн хөлжсөнтэй адил Английн хаан ч ядарч зүдэрсэн ард түмнээсээ татвар хурааж бус, харин дайны олз ашгаар л улсынхаа санг дундлахгүй байлгаж дөнгөөд байлаа. Эдуардын өдүүлсэн дайны гал чухамдаа үүнээс болж зуу илүү жил дүрэлзсэн юм.

Хаантныг 1377 онд 65 насандаа бие барахад англи түмэн энэ бүх үймээн самуунд туйлдаж гүйцээд байв. Угсаа залгамжлагч, Хар ханхүү хэмээгдэх Эдуард хунтайж туйлын нэр хүндтэй, эрэмгий хүлэг баатар байсан ч хаан эцгээсээ жилийн өмнө нас нөгчжээ. Иймд түүний хүү, III Эдуардын ач 10 настай Ричард хааны зэрэг залгахаар болов. Гэвч төрийн хамаг эрх мэдэл балчир хааны авга ах Ланкастерийн гүн Гоонтын Жон гэгчид байлаа.

II Ричард (1377-1399)

Зуун жилийн дайн энэ үед Английн эсрэг чиглэв. Францчууд Английн хот суурингууд руу халдаж, дээрэм тонуул хийх нь нэмэгдсэн, тариачид болон гар урчууд цалин хөлсөө чамлан бослого тэмцэл өрнүүлэх нь олширсон, газрын эзэд ч хүн хүчгүйн улмаас туйлдаж гүйцсэн он жилүүд эцэс төгсгөлгүй мэт хөвөрсөөр уджээ. Харин мөнгөний гачаалд орсон Жон гүнтэн Хар үхлийн уршгаар хүн амын тоо огцом буурсныг бодолцолгүй энгийн ардаас хураах алба гувчуурыг нэмсээр байв. Ийм байхад ард олны бослого дарагдсангүйгээр барахгүй, харин ч гаарч, бүх нийтийн эсэргүүцэл тэмцэл болон даамжирчээ. Тариачдын бослого гэгдсэн 1381 оны энэхүү үймээн самуун үнэн хэрэгтээ нутгийн өнцөг булан бүр дэх хот суурин, гацаа тосгодын нэр хүнд, хөрөнгө чинээтэй иргэдийн өдүүлсэн, сайтар зохион байгуулалттай бүх ардын хувьсгалт хөдөлгөөн байлаа. Засаг төрөө эсэргүүцэн боссон тэдгээр иргэд, ядаж л Лондонг эзэлсэн босогчид юун түрүүнд ноёд түшмэд, лам нарын эрх мэдлийг хязгаарлах, сүмийн тэргүүн, хууль ёсны хаан хоёрт л төрийн хэргийг мэдүүлэх, эцэст нь Жон нэрт хэн нэгнийг (Ланкастерийн гүнг хэлсэн хэрэг) хаан сэнтийд үл залах гэсэн шаардлага тавьжээ. Тун ч нэр муутай болоод байсан Гоонтын Жон тэр үед Лондоны төвд, Английн хамгийн сайн харуул хамгаалалттай цайз хэрмүүд дамжин нуугдаж байлаа.

Тариачдын бослого хэмээх эл түүхэн явдлын шийдвэрлэх мөч 1381 оны зургаадугаар сарын 14-ний өдөр тохиов. 14 нас хүрээд байсан II Ричард хаан босогчдын тэргүүн нартай хэлэлцээ хийх зуур Лондон хотын дарга босогчдыг хүчлэн дарах гэсэнд үймсэн олон хаан руу дайрчээ. Иймд хөвгүүн хаан арга буюу бууж өгсөн дүр үзүүлж, “Миний бие та бүхний барьцаанд буй билээ. Надад ард иргэдийнхээ хүсэл, шаардлагыг биелүүлэхээс өөр бодол үгүй. Зэвсгээ хаяж, намайг дагаваас хааны хувиар би чадах бүхнээ хийнэ” хэмээн сэнхрүүлжээ. Улайрсан босогчдын хилэн ч дарагдаж, зэвсгээ хаяцгаав. Энэ бол хаант төр, ихэс дээдсийн ер бусын шид увдис, хүч нөлөөний илрэл байлаа. Харамсалтай нь, босогчдын хаандаа итгэсэн нь алдаа болжээ. Аюул осол өнгөрсөн хойно тэднийг нэхэн хөөсөөр барьж аван, удирдагч тэргүүн нарыг нь өчиггүйгээр хороов. Чухам энэ явдлаас болж Ричард хаан хэдэн жилийн дараа тулж түших хүнгүй болж, ард түмнийхээ дэмжлэгийг алджээ. Гэвч тэрбээр хар багаас итгэж үнэмшиж ирснээрээ өөрийгөө дээд тэнгэрээс заяат, хэнд ч үл дийлдэх хаан гэж үзсээр, хөрөг зургаа бүтээлгэх, ордны найр наадам зохиох зэрэгт илүүтэй анхаарч, ёс бус хүмүүсээр өөрийгөө хүрээлүүлсээр байлаа. Энэ бүхнээс илүү Францын эсрэг өдүүлсэн он удаан жилийн дайныг гэнэтхэн зогсоож орхисон нь эх оронч англичуудыг хааныхаа эсрэг үгсэн нэгдэхэд хүргэв. Фландр нутаг францчуудын мэдэлд хэвээр үлдсэн нь тэдний хувьд уучилшгүй хэрэг болжээ. Босогчдыг төдийгүй засаглалынх нь алдаа дутагдлыг ил тод шүүмжилсэн түшмэдээ хүртэл харгислан дарсан нь мөн залуу хаантны үнэнч албатын тоог цөөлж орхилоо.

II Эдуардыг тойрсон таагүй явдлууд түүнийг хаан сэнтийгээс нь хэрхэн зайлууллаа, чухам тийм явдал давтагдаж, II Ричард төрийн эргэлтээр эрх мэдлээсээ хагацав. Тэрбээр 1397 онд хэсэг зуур ч болов төрийн жолоог атгасан ч Жон гүнтэний хүү Хенри Болонбрүк тэргүүтэй эсэргүү нарыг цөлөх төдий ажил л амжуулж дөнгөжээ. Гэвч Болонбрүк төд удалгүй эргэж ирсэн агаад нас чацуу үеэлээ барьж хорьсон төдийгүй, хаан сэнтийг нь булааж авав. Ричард хаан жил илүү хугацаанд хоригдож байгаад өнөө ч тодорхойгүй нөхцөл байдал дор алагдлаа. Тэрбээр үр хүүхэдгүй байсан бөгөөд III Эдуард хааны ууган хүү Хар хунтайжийн удам ийнхүү тасарсан тул буурал хааны хоёр дахь хүүгийн гуч, Ирландад суугаа найман настай Эдмунд нэрт хүү хаанд өргөгдөх нь хэн бүхэнд тодорхой болжээ. Гоонтын Жон гүн III Эдуардын гутгаар хүү тул хүү Хенри Болонбрүк нь яагаад ч хууль ёсны угсаа залгамжлагч биш байв.

IV Хенри (1399-1413)

Гэвч тэрбээр урт гэгчийн сахал үстэй, гойд сүр бараатай, асар хүчирхэг цэрэг армитай эр байлаа. Ирландад бус Англид суугаа, наймхан настай балчир хүү биш алсын хараатай удирдагч болох түүнийг парламентын гишүүд өчүүхэн ч эргэлзээгүйгээр хууль ёсны хаан мөн хэмээн тодруулав. Харин Эдмунд хүү Хенри Болонбрүкийн насан туршийн хоригдол нь болжээ.

Дөрөвдүгээр Хенри бол Нормандын эзлэн түрэмгийллээс хойших унаган англи хэлтэй анхны англи хаан юм. Тэрбээр хүчирхэг удирдагчаар тогтохгүй дайн тулааны талбарт ч эрэлхэг жанжин байлаа. Гэвч хаан суух эрх нь бүх нийтээр хүлээн зөвшөөрөгдөөгүй тул эрх мэдлээс хурууныхаа үзүүрээр л дүүжлэгдэн байв. Тиймдээ ч хаан байх эрхтэй, эсэх талаар нь ямар нэг яриа гаргасан хэнбугайг ч өршөөлгүйгээр хороох болжээ. Хаан сэнтий булаагчийн санаа сэтгэл хэдий их зовнино, төр засаг нь ч тэр хэрээр төмөр нударгаа харуулах болов. Цэргүүд нь нутгийн хойд хэсэгт дэгдсэн зэвсэгт бослогыг гэхэд л урьд хожид дуулдаагүй их цус урсган байж дарж авлаа. Тэрхүү үймээнээр хаантан өөрийн гараар 30 хүнийг хөнөөсөн гэх яриа хүртэл гарчээ.

Англи орныг айдас хүйдсээр дарлан засаглагч хаантан улс орныхоо хамгийн аймхай, хамгийн хар сэртэй хүн болов. Хууль ёсны хааныг хөнөөн байж төрийн эрхэнд гарсан түүнийг унаж тусдаг өвчтэй, бүр айж түгшсэн үедээ галзуурсан мэт гэнгэнэдэг гэцгээх болжээ. Улс орны хэрэг явдлыг төд удалгүй мөн адил Хенри нэрт хүү нь мэдэх боллоо. Хаан эцгийнхээ өмнөөс дайн тулаанд мордож, байлдааны талбарт өссөн залуу хунтайж олны дунд ихэд нэр хүндтэй байснаас парламентын гишүүд IV Хенрийг хааны титмээ хүүдээ шилжүүлэхийг хүртэл ятгажээ. Хаантан мэдээж зөвшөөрсөнгүй. Харин 1413 онд эрлэгийн элч түүн дээр өөр нэгэн саналтай ирсэнд хаантан зөвшөөрөхөөс аргагүйд хүрэв. Эрлэгийн элчийн эрхшээлд орж, нөгөө ертөнцөд одохдоо хаантан ердөө 45 нас хүрч байлаа. Ингээд 26 настай V Хенри 1413 оны дөрөвдүгээр сарын цасан шуургатай нэгэн өдөр Английн хааны титмийг тэргүүндээ зүүв ээ.

V Хенри (1413-1422)

Тавдугаар Хенри засаг төрөө тогтвортой байлгахад юу юунаас илүү анхаарч, II Ричардын шарилыг зохих ёсоор оршуулан, Францыг эзлэх гэсэн нэн чухалд ажилд ханцуй шамлан орлоо. Энэ үед Франц улс зах замбараагаа алдсанаас гадна сэтгэцийн асар хурц эмгэгтэй VI Шарлийн мэдэлд байв. Солио туссан хаантан уурлаж бачуурахдаа зарц шивэгчдээ хөнөөж, сүүлдээ бүр өөрийгөө шилэн биетэй хэмээн итгэх болсноос төмөр утсаар оёсон хувцас хүртэл өмсөх болжээ. Ийм улс орныг эзэлнэ гэдэг хэнд ч хялбар санагдана.

1415 онд болсон Ажинкорын тулалдаанд V Хенрийн цэргүүд Францын язгуур сурвалжтануудын олонхийг хөнөөж, хаант засгийнх нь тогтолцоог үндсээр нь шахам устгасны дүнд Английн хаан Парис хотод эзэн суулаа. Нөхцөл байдал ийн хүндэрсэнд сул дорой Шарль хаан аргагүйн эрхэнд бууж өгч, төрсөн хүүгийнхээ зэрэг цолыг хураан, V Хенрийг Францын хааны угсаа залгамжлагчаар тодруулав. Мөн төрсөн дүү Кэтрин де Валуагаа Английн хаанд эхнэр болгон өгөв. Үүнээс сайхан төгсгөл гэж хаа байх билээ. Францыг эрхэндээ оруулах гэсэн III Эдуардын хүсэл сая нэг биелж, Англи орон энхжин мандлаа. Гэвч энэ нь олон хүний итгэж найдсан үлгэрийн төгсгөл биш байжээ.

V Хенри хаан дөнгөж 35 нас хүрэх жилээ буюу 1422 онд цусан суулгаар өөд болж, Англи орон VI Хенри хэмээх шинэ хаантай болов. V Хенрийг нас нөгчсөнөөс зургаахан долоо хоногийн дараа Францын хаан мөн таалал төгсөж, Францын хаант улс Английн хааны мэдэлд шилжлээ. Харин эрхэм дээдэс зургаадугаар Хенри ердөө 10-хан сартай байв. Бэдфордын гүн Францын, Глостерийн гүн Английн төрийг түр мэдэгчээр тохоон томилогджээ. Бяцхан хааны хаант улсууд, нэн ялангуяа Франц улс мөхөл сүйрлийн ирмэгт тулсан, үймээн самууны талбар болоод байлаа.

VI Хенри (1422-1461, 1470-1471)

Францын хунтайж, VI Шарлийн хүү хаант улсаа эгүүлэн авахыг хүсэв. Англичууд улс орныг нь түйвээж, засаг төргүй шахам болгосон байхад бүх францчууд түүний талд орох нь ч баттай болжээ. Олон арван жилийн дайн тулааны эцэст өмнөхөөсөө ч илүү эх орончид болцгоосон франц түмэн бурхны зараалаар улс орноо аврахаар тодорсон Жанна Д'Аркад хунтайжаасаа ч илүү итгэж байлаа. Франц цэргүүд Жанна охины удирдлага дор Орлеан, Реймсийг чөлөөлж, VII Шарлийг 1429 онд Реймс хотноо Францын хаанд залав. Харин жаалхан хаан Хенри нэг ч титэм зүүж амжаагүй байлаа. Англичууд яаран хөдлөх хэрэгтэй болов. Чингээд мөнхүү оны эцсээр долоон настай IV Хенрийг Вестминстерийн цогчин дуганаа Английн хаанаар, төд удалгүй Парис хотноо Францын хаанаар титэмлэжээ.

Залуу Хенри гэвч төр засаглах эрдэмд оройлж гавьсангүй. Их буу, дарь зэргийн нөлөөгөөр ихээхэн өөрчлөгдсөн дайн байлдааны урлагт ч сонирхолгүй болж өслөө. Тухайн цагийн түүхчдийн тэмдэглэн үлдээснээр тэрбээр дуу цөөтэй, цэрэг арми удирдана гэхээс зүрх алддаг, ихэд сүсэг бишрэлтэй, амар жимэр суухыг хүсдэг жирийн  нэгэн язгууртан байв. Франц дахь Английн гол хүчин 1453 онд Кастионд ялагдахад ч хаантан гар хумхин суужээ. Зуун жилийн дайн ийнхүү төгсгөл болов. Англи улс Францын нутагт Калай хотоос өөр эзэмшилгүй үлдлээ. Гэвч Хенри хааны зовлон бэрхшээл дөнгөж эхэлж байв. Олон жилийн дайн самуун улсын сан хөмрөгийг хоосолж, төрийн түшмэдийн дунд хээл хахууль газар авсан нь ард түмнийг хилэгнүүлэх боллоо. Мөн Хенри Болонбрүкийн хаан сэнтийд хүч түрэмгийлэн суусан хэрэг сэтгэл дундуур ардуудын санаа сэтгэлийн гүнд дахин сөхөгджээ.

Хуучны ёсыг чанд баримталбаас II Ричард бол Английн хамгийн сүүлчийн хууль ёсны хаан юм. Түүнийг амийг нь бүрэлгэгч Хенри Болонбрүк залгамжилсан агаад тэрбээр V Хенрийн эцэг бөгөөд VI Хенрийн өвөг эцэг билээ. Эд бүгд III Эдуардын гутгаар хүү Ланкастерийн гүн Гоонтын Жоны үр удам болно. Гэвч энэ нь хааны зэрэг залгах хууль ёсны ураг биш юм. Гоонтын Жон ахтай байсан бөгөөд түүний удмынхан амьд сэрүүн байхад Жоны хүү Хенри хаан болох учиргүй байв. Английн хаан сэнтийд түүний оронд Марчийн гүн Эдмунд нэрт хүү суух ёстой байсан. Харин түүнийг бие барсны хойно энэхүү угсаа залгамжлах эрх нь түүний зээ дүү Иоркийн гүн Ричард гэгчид өвлөгджээ. Эдмунд насан туршаа IV Хенрийн хоригдол байсны дээр өөрөө ч хааны титэм булаах зориг зүрхгүй байснаас нэг ч удаа эсэргүүцэл, тэмцэл үзүүлээгүй. Тэгээд ч IV болон V Хенри нар нэн хүчирхэг удирдагчид байлаа. Харин VI Хенри эцэг, өвөг нар шигээ биш, төр улсын хэргээс илүү бичиг номд сонирхолтой, Кэмбрижийн их сургууль болон Итаны коллеж зэргийг үүсгэн байгуулсан, хаан гэхээсээ гэгээнтэнтэй төстэй нэгэн байв.

Иоркийн гүн Ричард ийм хаанаас титмийг нь булаахаар шийджээ. Түүнийг өмнөд Английн тайж, ноёдын олонх нь дэмжиж байв. Харин хойд нутгийнхан нэг хааны гараас нөгөөхийнх нь гарт шилжихийг хүссэнгүй, өөрсдөө хаанаа сонгох эрхтэй болохыг шаарджээ. Гэтэл 1453 оны зун VI Хенри хаан гэнэтхэн солио тусах нь тэр ээ. Тэрбээр эхийнхээ талаас, бүр тодруулбал өөрийгөө шилэн биетэй хэмээн итгэж асан мөнөөх Францын хаан VI Шарлийн удмынхнаас сэтгэцийн өвчин олсон байх магадтай. Ингэж үзвэл түүхт Ажинкорын тулалдаанаас Англид үлдсэн өв нь Францын хааны титэм биш, харин хэдэн зууны турш Английн ихэс дээдсийнхнийг ороож ирсэн сэтгэцийн эмгэг байж мэдэх юм.

Хенри хаан ой санамжаа алдаж бие, сэтгэлээ ч захирч чадахаа больжээ. Авааль хатан нь цорын ганц хүүг нь төрүүлснийг ч хаантан мэдэлгүй өнгөрөв. Хааныг ийм байдалтай байхад төр улсын хэргийг түр захирагч ч болтугай хэрэгтэй байлаа. Өмнөд нутгийнхны итгэлийг олж, дэмжлэгийг хүлээсэн Иоркийн гүн Ричард олон түмэнд чухам л тохиромжтой хүн гэгджээ. Гэвч түүнийг үл дэмжигч хойд нутгийнхан нэн хүчирхэг байснаас иргэний дайн дэгдэхээс аргагүй нөхцөл байдал үүсэв. Ийнхүү цагаан сарнайг сүлдэндээ залсан Иоркийнхон болон улаан сарнайт Ланкастерийнхны дунд зэвсэгт бослого дэгдлээ. Энэхүү тэмцэл түүхнээ Сарнайн дайн нэрээр үлдсэн юм.

Уг дайн чухам аль овгийнхон төрийн жолоог үеийн үед атгах учиртайг шийдэх тулаан байснаас, зөвхөн хаан титмийн төлөөх тэмцэл байгаагүйг онцлох хэрэгтэй. Ричард гүн Хенри хааныг амьд сэрүүнд хаан сэнтийд залрахыг хүсээгүй бөгөөд хааны амийг бүрэлгэх ч бодолгүй байлаа. Гэхдээ эрх дархтануудад хүлээн зөвшөөрөгдөж, Хенрийн угсаа залгамжлагч гэгдэх зорилготой байв. Удалгүй VI Хенрийн бие лагшин мэдэгдэхүйц дээрдэж, төр улсын хэргийг бага ч атугай мэдэх болов. Хааны хатан Маргаретийн удирдлага дор хаанд үнэнч цэргүүд хүчээ зузаатгаж, 1460 онд Уэйкфильдийн тулалдаанд Иоркийн Ричард гүнтэнийг хөнөөлөө. Харин Ричардын хүү Иоркийн Эдуард аав шигээ хүлээцтэй байхыг бодсонгүй. Тэрбээр 1461 оны гуравдугаар сард парламентын зөвшөөрөлгүйгээр биеэ дөрөвдүгээр Эдуард хэмээн өргөмжлөх нь тэр ээ.

IV Эдуард (1461-1470, 1471-1483)

Зургадугаар Хенри гэр бүлийн хамт Шотланд руу зугтсан ч төд удалгүй Эдуардын хүмүүст баригдаж, Лондонд хоригдол болов. Гэсэн ч түүний үнэнч албатууд 1470 онд Францын хааны дэмжлэгтэйгээр IV Эдуардыг Лондоноос шахан зайлуулж, хааны гэр бүлийг буцаан төрийн эрхэнд залжээ. Чухам энэ явдлын дараа, Эдуардыг сөрөг довтолгоонд бэлтгэж байх зуур VI Хенри садангийнхаа нэгэн хүү 14 настай Хенри Тюдортой уулзсан байдаг. Хенри хааны эх Кэтрин де Валуа авааль нөхрөө өөд одсоны дараа зарц нарынхаа нэг Оуэн ап Мередит ап Тюдор хэмээх уэльс эртэй эр, эм бололцжээ. Хаан Хенри холын төрлийнхнөөсөө, тодруулбал Ланкастерийн урагт багтах Бофортын гэр бүлээс Гоонтын Жоны ач Маргарет нэрт охиныг тэдний хүү, өөрийнхөө эх нэгт дүү Эдмунд Тюдорт богтолж өгсөн байна. Маргарет охин хэдий 13-хан настай эрд очсон ч дорхноо хөл хүнд болж, хүү төрүүлсэн нь дээрх Хенри Тюдор юм.

Бофортын удмын хэн ч хаан суух эрхгүй гэсэн эртний хууль цааз байхад Маргарет хүүдээ юуны учир Хенри хэмээх нэр өгсөн нь нэн хачирхалтай. Бофортынхон дотор ч, Тюдорууд дунд ч өмнө нь Хенри нэртэй хүү байсангүй. Хенри гэдэг ихэс дээдсийн, тэр дундаа хаан хүнд байх эрхэм нэр байлаа. Үүнээс үзэхэд Оуэн Тюдор ач хүүгийнхээ ирээдүйг тун ч өөдрөгөөр төсөөлж байсан бололтой. Үгүй байсан ч Иоркийн Эдуардад ийм хар төрөх нь аргагүй байлаа.Тэрбээр 1461 онд хаан суумагцаа Оуэн Тюдорыг цаазалж орхив. Харин дөрвөн настай Хенри хүү IV Эдуардын хоригдол болжээ. Хүү есөн жилийн дараа, VI Хенрийг дахин хаан ширээнд залрахад л сая нэг эрх чөлөөгөө олсон байна.

Уильям Шекспир тэр үеийн тухай хийгээд хаан, хөвгүүн хоёрын нүүр тулсан гэх мөнөөх чухаг уулзалтыг хожим дүрслэн бичихдээ Хенри Тюдор хүүг хаантан ихэд тоож "Үгийг нь сонсох учиртай ганц хүн маань энэ байна даа" гэж хэлсэн хэмээн тэмдэглэсэн байдаг. Гэвч их, бага хоёр Хенрийн амар тайван өдөр хоногууд тоотой байжээ. IV Эдуард ердөө дараа жил нь буюу 1471 онд эргэн ирж, Хенри хааныг төдийгүй түүний хүү, өөртэй нь ижил нэртэй Эдуард хунтайжийг хөнөөснөөр Сарнайн дайн төгсгөл болов. Английн сурвалжтануудын дунд дэгдсэн хаант улсын төлөөх цуст тэмцэл язгуур гаралтай олон ч гэр бүлийн голомтыг самарснаар ийнхүү эцэслэлээ. Ланкастерийнхан хүртэл Хенри Тюдороос өөр өрхийн тэргүүн гэчихээр эр хүнгүй хоцорчээ. Гэвч эх нь Бофорт овогтон тул түүнд хаан сэнтийд санаархах өчүүхэн төдий ч үндэс, шалтаг байсангүй. IV Эдуард ч ийм санаагаар түүнийг дайсанд тооцохоо больжээ.

Харин Хенри Тюдор болзошгүй аюулаас сэрэмжилж Франц руу зугтлаа. Гэсэн ч тэрбээр эргэн ирсэн юм. Бүр эргэж ирээд зогсохгүй түүхийн хүрдийг өөрийнхөөрөө эргүүлсэн. Дараагийн бүлэгт бид Хенри Тюдорын хэрхэн хаан суусан, улмаар Английн түүхэн дэх хамгийн харгис хаан хийгээд хамгийн баатарлаг хатны замыг яаж зассан талаар нь олж мэдэх болно.

Орчуулагч Г.Лхагвадулам

http://aniryortonts.blogspot.com

Сэтгэгдэл 6ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
7 сар 22. 17:24
Зочин

Yun GoT ym bish u hehe Angliin sarnain dainaas savaa avsan gsn ene ym bn l daa daraagiin bulgiig huleej bn

7 сар 17. 20:49
Зочин

үнэхээр гоё. баярлалаа. дараагийн бүлгийг хүлээж байна.

7 сар 14. 6:34
Зочин

Daraagiin buleg hezee tavigdah be

7 сар 16. 16:46
Зочин

http://aniryortonts.blogspot.com/

7 сар 10. 22:06
Зочин

Үнэхээр сонирхолтой, хөдөлмөр зарсан мундаг материал байна. Одоогийн хатан хаан хоёрдугаар Элизабет хүртэл үргэлжилнэ гэж ойлголоо. Орчуулагчид нь баяр хүргэе.

7 сар 3. 19:19
Зочин

mundag orchuuljee. gaihaltai.

Сэтгэгдэл бичих
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]