Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Айн Жалудын домог: Энэхүү тулаанд амь эрсэдсэн монгол баатруудын дурсгалдУншсан3,857

Түүх сонирхогч уншигчдын маань оюуны мэлмийг мялаах зөвшөөрөл өгсөн Б.Номинчимэд танд гүнээ талархаж байна.

Олон сайхан нийтлэл, өгүүлэл, номуудаараа та бидний танил болсон Б.Номинчимэд гуай манай сайтын уншигчдад зориулж "Айн Жалудын домог" хэмээх түүхэн туужаа цувралаар нийтлэхийг зөвшөөрсөн. Өмнө нь "Бат, Сүбээдэй нар Европ дахиныг түйвээсэн нь" хэмээх түүхэн найрууллыг уншигчдадаа цувралаар хүргэснийг та бүхэн санаж байгаа буй за. Түүх сонирхогч уншигчдын маань оюуны мэлмийг мялаах зөвшөөрөл өгсөн Б.Номинчимэд танд гүнээ талархаж байна.

 

***

Алс Палестиний элсэн цөлд ялалтын салхи цуцаж...

Асгаран буух суман мөндөр дайчин эрсийг сийчэж...

Адуучин зарц куманууд эзнийхээ араас хутгалахад

Аяа гайхах юун, Андгайт Загалмайтнууд хүртэл

Алт эрдэнэсийн өнгөнд анд, дайснаа ялгасангүй

Эр зориг нь дутаагүй, эрэмгий чадал нь ч барагдаагүй

Ичгүүргүй тэдний урвалт л аугаа ялалтыг нь хулгайлж...

Айн-Жалудын тулалдаанд амь эрсэдсэн Монгол баатруудын дурсгалд

Нэг. Дурсахын учир

Одоогоос 750 гаруй жилийн өмнө 1260 оны 9 дүгээр сарын 3-нд өнөөгийн Изриалийн Назарет хотын баруун өмнөд хэсэгт, Палестиний хилийн ойролцоо байх Айн-Жалуд хэмээх газарт Монголын багашиг арми Лалын ертөнцийн нэгдсэн армид бут цохигдон, арван мянга орчим Монгол эрс, түүний дотор Их Монгол гүрний Найман аймгийн домог болсон баатар жанжин Хит Буха тэрхүү газарт үүрд нойрсчээ. Ийнхүү бүтэн жарны туршид гудайж үзээгүй Монгол цэргийн туг энд анх удаа гудайж, ялагдаж үзээгүй Монгол дайчид энд анх удаа ялагдлын гашууныг амсчээ. Олон түүхчид Айн-Жалудын тулалдааныг анх удаа Монголын түрэмгийлэлд няцаалт өгсөн, Лал, Арабын ертөнцийг аварсан түүхэн ач холбогдолтой тулалдаан хэмээн үнэлдэг нь үнэний хувьтай юм.

Чингис хаан Хорезмыг дайлж байхад өнөөгийн Афганистаны Бамаян мужид Шихихутагийн удирдсан гурван түмэн цэрэг Желал-ад-Диний цэрэгт бут цохигдсоныг “Монголчуудын анхны ялалдал” хэмээн зарим түүхчид тооцдог нь худал юм. Учир юун гэвээс хэдийгээр Бамаянд Шихихутагийн цэрэг томоохон хохирол амссан ч энэ нь Хорезмийн дайнд үндсэн эргэлт болох хэмжээний үр дагавартай байж чадаагүй бөгөөд Бамаяны тулалдаан нь Монголын арми Хорезм, Ираныг байлдан дагуулах ерөнхий стратегийн зөвхөн нэг хэсэг нь байсан билээ. Бамаянд ялагдсанаар Монголын арми зогсоогүй, харин ч Чингис хаан цохилтын хүчээ улам шаргуу, чанга болгож, биеэр цэрэг удирдан Желал-ад-Динийг мөшгөсөн Инд мөрний алдарт тулалдаанд түүнд сүүлчийн амин цохилт өгсөн. Харин Айн-Жалудад Монголын баг цэрэг цохигдсоноор Арабын ертөнц бүхэлдээ, Мисир орон Монголын довтолгооноос аврагдаж, түүхийн хүрд огт өөрөөр эргэж эхэлсэн гэж үзэж болох юм. Энэ тулалдааны дараа Мисир рүү чиглэсэн Монголчуудын довтолгооны чиглэл нугараад зогсохгүй Сири, Палестинийг бүхэлд нь алдаж, Евфрат мөрний зүүн эрэгт ухарч гарсан байна.

Түүхийн янз бүрийн эх сурвалжуудад Айн-Жалудад хоёр талаас учирсан цэргийн тоог харилцан ихээхэн зөрүүтэй бичиж тэмдэглэсэн байдаг. Араб, Персийн түүхчид ихэвчлэн хоёр талын хүчний харьцаа ойролцоо буюу тус бүрдээ 15 – 20 орчим мянган цэрэгтэй байсан гэдэг. Википедиа зэрэг лавлахуудад бол тус бүрдээ нэг түмэн цэрэгтэй байсан гэх. Монголчууд 20 000, мамлюк-түрэгүүд 25 000 байсан гэсэн тоо ч тааралдаж байсан.

Юутай ч Хит Бухын арми багадаа 10 000, ихдээ 15 000 орчим байсан гэдэг дээр олонхи түүхчид ам нэгдсэн байна. Энэ түүхийг нарийвчлан судалсан Иерусалимын Еврейн Их сургуулийн профессор Рювен Амитай Хит Буха 12 000 цэрэгтэй байсан гэжээ. Хүлэг хаан Сириэс буцахдаа Хит Бухад нэг түмэн цэрэг үлдээсэн гэх бөгөөд дээр нь Гүрж, Армений туслах цэрэг 1000 орчим, мөн Монголчуудад дагаар орсон Сирийн Айюбидуудын цэргүүд, хунтайж Муса, Хасан нар цөөн тооны цэрэгтэйгээ хүч хавсарч байсан гэхээр дээрх тоо нэлээд бодитой болов уу. Профессор Рювен Амитай Мамлюкийн султан Күтүз Киараас Монголчуудыг тосон 12 000 цэрэгтэй гарсан гэжээ. Киарын Айюбид султаны мамлюк армийн хүч өмнө нь 12 000-аас хэтэрч байсангүй гэснийг үндэслэсэн бололтой. Гэвч энд зарим нэгэн хүчин зүйлийг тооцож үзэх хэрэгтэй юм. Монголчууд 1259 онд Багдадыг унагаж, Сирид довтлон Сирид оршиж байсан Айюбидийн угсааны гурван ханлигийг буулгахын нь буулгаж, бут цохихыг нь бут цохиход Монголчуудын эрхийг хүлээн зөвшөөрөөгүй лалын үй олон дайчид эцсийн тулгуур цэг хэмээн найдвар тавин Мисирийн зүг дүрвэцгээсэн гэдэг. Ялангуяа кипчак Бибарсын удирдлаган дор Сирид байсан бахричуудын үлэмжхэн хүч Күтүзтэй 1260-аад оны эхэээр очиж нийлжээ. Тэгэхээр Күтүзийг Киараас 12 000 цэрэгтэй гарсан гэсэн тоо ихээхэн эргэлзээтэй. Мөн Күтүзийг Киараас гаран Салихая руу хөдлөх үед Алеппогийн эзэн асан Ан-Насир Юсуфийн цэргийн үлдэгдэл очиж нийлсэн байдаг. Сири дэх Айюбидийн султанууд нь Хүлэгийн цэрэгт хүчтэй эсэргүүцэл үзүүлж чадах хэмжээний цэргийн хүчтэй байсан гэхээр тэдний хүч нэг хоёр арван мянгаар тогтохгүй байсан гэсэн үг юм. Энэ мэт хүчин зүйлээс үзэхэд Күтүзийн арми юутай ч багадаа Монголчуудаас 2-3 дахин хүчтэй байсан гэх магадлал бий юм.

Гумилев, Салих зэрэг Өрнийн түүхчид хүчний хувьд хоёр тал харьцангуй хол зөрөөтэй, Монголчууд 15 000, мамлюк-түрэгүүд 60-65 000 орчим байсан гэжээ. Арабын түүхч Ибн ал-Давадари Айн-Жалудад мамлюк-түрэгүүд Монголчуудаас тооны хувьд үлэмжхэн давуу байсныг хүлээн зөвшөөрсөн бол Монголын түүхч Ж.Бор Айн-Жалудад Монголчууд арав дахин их хүчтэй дайсантай тулгарсан хэмээн бичсэн байх. Ийнхүү нэг түм орчим Монгол дайчид, эрэлхэг дайчин баатар Хит Бух ноёныхоо тугийн дор, цөөн тооны холбоотны хамтаар Айн-Жалудад үлэмжхэн хүчтэй, үхэх сэхэхээ үзэхээр ирсэн шийдэмгий, Монголчуудтай угсаа гарал ч ойролцоо байж мэдэх түрэг цусны Күтүз, Бибарс нарын цэрэгтэй эх нутгаасаа 6000 км-ын алсад эрслэн тулжээ.

Хоёр. Лалын тэнгэрт аянгын үүл хуралдав

1258 оны 2 дугаар сарын 13-нд Хүлэг хааны дайчдын өмнө Багдад хүчин мөхөсдөж сөгдөв. Хүлэг хаан Багдадын Халифыг алт эрдэнэсийнх нь зооринд хоол ундгүй хорьж, алтаар хооллож, мөнгөөр ундаалахыг зөвлөн даажигнав. Таван зууны туршид хэн ч халдашгүй хэмээгдэж байсан Багдадын уналт нь лалын ертөнцийн тэнгэрт аянга болон нирхийж, харин христийнхэний хувьд дорноос Христүүдийг ивээгч наран мандсан мэт сэтгэгдэж байжээ. Армяны түүхч Киракос “Энэ хот ховдог шунахай аалз мэт цадаж ханахыг мэдэхгүй, хэдэн зууны туршид ертөнц дахиныг хоослон залгиж байв. Цус асгаруулсныхаа төлөө, эзэрхэг түрэмгий байсныхаа төлөө, их нүгэл хилэнцийнхээ төлөө Багдад хот ийнхүү тэнгэрийн хилэнгээр цээрлэл хүлээсэн нь энэ буюу” хэмээн бичиж байжээ. Европын христ ертөнцийн хэдэн зууны мөрөөдөл болсон Ариун газрыг чухам одоо л Хүлэг хаан тэдэнд чөлөөлж өгөх нь хэмээн баярлаж буй билээ. Багдадын уналтын өмнө Хүлэг хаан хэдэн зууны турш Лалын ертөнцийн хар дарсан зүүд, аймшиг нь болоод байсан Уулын өвгөнийг ичээнд нь дарж билээ. Уулын өвгөн гэдэг нь одоогийнхоор бол үндэстэн дамнасан мафийн асар хүчирхэг вант улс байж. Тэднийг дарж устгах нь бүү хэл, сөргөлдөж маргалдсан бүхэн хар үхлээр үхэж байжээ. Монголчууд тэднийг хялбархан ялж, Уулын өвгөний залгамжлагчаар тохуу хийх мэт, нааш цааш нь холхиулж байгаад хороож орхижээ.

Хүлэг хаан төд удалгүй их цэргээ дагуулсаар Евпрат мөрнийг гэтлэв. Алеппо 1260 оны эхээр унав. Алеппо орчмын олон цайз хэрэм, хот балгад Монгол цэргийн гарт дараалан нурав. Гэвч Хүлэг хаан Монголд Их Хаан Мөнх нас барсан, түүний ширээ залгамжлалын асуудал төрсөн ах, дүү нь болох Хубилай, Аригбөхийн хооронд иргэний дайны хэмжээнд тулж очсоноос гадна өөрийнх нь хамаатан Алтан ордны хаан лал шүтлэгтэй Бэрх лалын ертөнцийн голт зүрх болсон Багдадыг унагаж, лал шүтлэгтнүүдийг хавчсанд дургүйцсэн, мөн Кавказын бүс нутгийг булцаацалдан умард хил дээр аюул занал дуудах болсоноос үүдэн буцжээ. Тэгэхдээ тугийнхаа жанжин Хит Бухыг нэг түмэн цэргийн хамт Сирийн амбан захирагчаар үлдээж, Сири төдийгүй Мисир орныг хүртэл дайтан авах үүрэг өгсөн байна. Нэг түмэн цэргээр. Загалмайтнуудтай зуу гаруй жилийн турш зууралдсан хүнд хэцүү олон тулаан хийсээр, хатуужиж, дайн байлдаанд гайгүй сайн туршлагажсан Сири, Палестин, Араб, Мисирийг ийм хүчээр дагуулна гэдэг боломжгүй мэт боловч тухайн цаг үед хүчирхэгжилийнхээ дээд оргилд гарч, ялалт амжилтын салхи байнга дагалдаж явсан Монголчуудын хувьд энэ боломжгүй зүйл биш байжээ.

Төд удалгүй Хит Буха жанжин урагшлан Хомс, Баалбек зэрэг хэд хэдэн томоохон хот, цайзуудыг ээлж дараалан авч, Дамаскт тулж иржээ. Дамаскт түр хоргодоод байсан Алеппогийн султан ан-Насир Юсуф зугтаж, гянт илдээрээ алдартахай Дамаск бууж өглөө. Хит Бухын цэргүүд султан Насирыг элдсээр өнөөгийн Газын зурваст гүйцэж олзлон иржээ. Сири, Палестин орон үндсэндээ Хит Буха ноёны мэдэлд оров. Тэнгисийн эрэг дагуух Сидон, Тур, Акра хотууд, тэдгээрийг дагасан бяцхан зурвас болон Трифолын эрэг орчмын газар Загалмайтнуудын мэдэлд байжээ. Ийнхүү 1260 оны дунд үе гэхэд Лалын ертөнц бүхэлдээ сүйрлийн ирмэгт тулж ирлээ. Тэдний сүүлчийн найдвар, горьдлого нь Мисирийн мамлюк-түрэгүүд болоод байв.

Чухам ийм эгзэгтэй үед уг тулалдаан болжээ.

Үргэлжлэл нь: Айн Жалудын домог: Увайгүй баронуудын урвалга

Б.Номинчимэд

Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]