Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Цөмийн бөмбөгийн загвар хулгайлсан Зөвлөлтийн "секс" тагнуулчУншсан31,122

...“секс тагнуулч” Анна Чапмен, "Зөвлөлтийн Миледи" хочтой Мура Закревская хоёр цөмийн зэвсгийн нууцын ангууч хэмээгдэх Маргарита Коненковагийн дэргэд хүмүүсийн хэлдгээр хүүхдийн тоглоом юм.

Гоо үзэсгэлэн, эрчүүдийн толгойг эргүүлэх чадвараа ашиглан тушаал гүйцэтгэдэг тагнуулч эмэгтэйчүүдийг секс тагнуулчид гэх нь бий. Зөвлөлт ба Оросын тагнуулын албаны гурван эмэгтэй секс тагнуулын хэрэг явдлаар тагнуулынхан дунд ихээхэн алдартай байдаг.  Гэхдээ “секс тагнуулч” Анна Чапмен, "Зөвлөлтийн Миледи" хочтой Мура Закревская хоёр цөмийн зэвсгийн нууцын ангууч хэмээгдэх Маргарита Коненковагийн дэргэд хүмүүсийн хэлдгээр хүүхдийн тоглоом  юм.

Эзэнт улсын төлөө

Москвагаас 1500 километрийн зайтай удмуртын Сарапул хотноо Маргарита Коненкова хэмээх энэ эмэгтэй мэндэлжээ. Түүний эцэг нь нэртэй язгууртан Воронцовын овгийн хүн байв. Марго эцгээсээ бүх эрчүүдийн хүндлэлийг хүлээдэг язгууртны удам угсааг өвлөсөн байлаа. Хожим нь Америкийн Холбооны мөрдөх товчооны дарга асан Эдгар Хүүвэрийн "улаан Марго" гэж нэрлэсэн энэ эмэгтэйн олон тооны тагнуулын үйл ажиллагаа өнөөдөр ч “Маш нууц” тамга дор нууцлагдсан хэвээр байгаа.

Түүний  хайр сэтгэлийнх нь адал явдлыг орхиж үзсэн ч эмэгтэйн намтар маш сонирхолтой. Тэрээр 1914 онд нөхөрт гараагүй бүсгүйчүүдэд зориулсан мадам Полторацкаягийн хуулийн курст суралцахаар Москвад ирсэн байв. Олон жилийн дараа тэр нь Герман, Австри-Унгарт ажиллах тагнуулч эмэгтэйчүүдийн тусгай сургууль байсан болж таарчээ. Бүсгүйчүүдэд тагнуулын ажлын ур чадвар, тулааны урлаг ба эрчүүдийн толгойг эргүүлэх  бүхий л аргыг зааж сургадаг байсан ажээ.

 

Бүсгүйн асрагч эх нь герман эмэгтэй байсан учир Марго цэвэр немец хэлтэй байж, энэ нь ч түүнд тагнуулч бүсгүйчүүдийн дундаас ялгарах давуу тал болдог байлаа. Тиймээс Маргог нэг биш удаа дайсны ард илгээсэн бололтой байдаг. Удалгүй хувьсгал гарч, тагнуулч бүсгүй ч шинэ төрд, пролетариудад ажиллах болж.

"Эрхэм дээдэс"-ийн  натур эмэгтэй

Марго 1921 оны хавар Москвад ирж алдартай сийлбэрч, барималч Коненковын натур эмэгтэй болсон аж. Сергей Тимофеевич Коненков нь нөлөө бүхий хэдий ч этгээд сонин гэмээр нөхөр байлаа. Тариачны хүү мөртөө цаглашгүй их авьяас болон нөлөө бүхий нөхдийнхөө тусламжтайгаар Эзэн хааны академийн гишүүн болж чадсан учраас  өөрийгөө “эрхэм дээдэс” гэж дуудахыг бусдаас шаарддаг нэгэн байв. Бас тэр  ихээхэн хөдөлмөрч  байсан ба хоногт 20 цагаар ч хамаагүй ажиллаж чаддаг байлаа. Өөрийн эмэгтэйчүүдээс тэр зөвхөн уран бүтээлд нь саадболохгүй байх буюу “хөл дор хөглөрөхгүй байх” өчүүхэн зүйл шаардана. Ам нээнгүүт л аяга цай эсвэл нимбэгтэй коньяк авчрахыг хүснэ. Харин энгэр зөрүүлэх ажилд тэр гойд татагдаад байдаггүй нэгэн ажээ.

Албартай барималчийн энэ этгээд зан мэдээж чекистуудын сонирхлыг татаж байв. Түүний агуу их авьяас билэг нь Европ, Америк даяар ч цуурайтаж, шүтэн бишрэгчид, музейн ажилтнуудын илгээсэн ил захидлууд хилийн чанадаас Зөвлөлтийн зүг цутгаж байдаг аж. Ийм ч учраас чекистүүд түүний хилийн чанад дахь энэ их нэр хүндийг ирээдүйд ашиглах төлөвлөгөө сэджээ. Анхны эхнэр нь түүнээс зугтсаны дараа чекистууд түүнд Маргог “наалдуулж” өгөв.

“Найз нөхдийнх нь” зөвлөсний дагуу ирсэн шинэ натур бүсгүй Коненковт таалагдаж гэнэ. Шинэ натур эмэгтэй хүйтэнд нүцгэн зогсоод ч хамаагүй бүтээлийнх нь натур болж чадна.  Ингээд жилийн дараа тэр  барималчийн хууль ёсны эхнэр нь болжээ. Шүтлэггүй Воронцова үүний тулд сүмд очин гэрлэлтээ батлуулсан байлаа.

Энэ бол Зөвлөлтийн тагнуулын албыг үндэслэгчдийн нэг Артузовын  шоглоом болгон нэрлэсэн “Самсон ба Далила” хэмээх ажиллагааны хэсэг байв. Удалгүй ажиллагаа шийдвэрлэх шатандаа орж, 1923 оны  зун Марго нөхрийгөө Нью-Йоркт очихыг ятгаж чадлаа. Үзэсгэлэнгээ гаргахаар дөнгөж хагас жилээр явна гээд түүнд үнэмшүүлжээ. Гэнэн хонгор нөхөр нь ч дуртайяа зөвшөөрсөн гэнэ. Ингээд  тэр эх орноосоо бүтэн 22 жилийн хугацаатайгаар холджээ.

Шуудангийн хайрцаг  №1

Хаалт халхавчийг хийхдээ “гойд сэтгэж” чаддаг Зөвлөлтийн тагнуулын алба Коненковтой холбоотой түүхийг их чадварлагаар зохион байгуулсан байлаа. Аугаа их авьяастай, зожиг гэхээр уран барималч америкчуудад огт сэжиг төрүүлэхээргүй хүн байв. Оросоос ирээд нэгих удалгүйгээр уран бүтээлийн менежер болсон эхнэр нь Америкийн дээдчүүлийн хүрээнд нэвтэрч чадаж. Үүнийг л Зөвлөлтийн тагнуулын алба эртнээс хүсэж байсан юм. Мэдээж, эхлээд америкчууд Зөвлөлтөөс ирсэн хүн бүхнийг л сэжиглэж байсан тул Коненковыг ч далдуур ажиглаж байв. Гэтэл залуу натуруудтай жиг ургуулдаг, ихээхэн мөнгө зардаг нь тогтоогдсоноос хойш тэр сөрөг тагнуулчдын анхаарлыг татахаа болилоо.

Тэр жилүүдэд ЗХУ болон АНУ-ын хооронд дипломат харилцаа тогтоогдоогүй байснаас Коминтерний бүх тагнуул, туршуулууд ХМТ-ны хараан дор байлаа.  Ингээд л алдартай барималч  өөрөө мэдэлгүй Зөвлөлтийн тагнуулын сүлжээний “шуудангийн хайрцаг №1" болсон байв.

Коненков 1935 онд Принстоны их сургуулиас Альберт Эйнштейний баримлыг бүтээх ашигтай захилга авсан байлаа. Марго ч уухайн тас Эйнштейнийг байгаа болгов. Тэр үед Эйнштейн аль эрт бэлэвсэрсэн байлаа. Кофе ч чанаж чадахгүй, сэгсгэр үсээ ч угаах завгүй нэгэн болох Эйнштейний “ахуй орчинг” Марго засч янзлан тусалж байсан гэдэг.

Тагнуулчийнх нь шинэ хайр болох Эйнштейн цөмийн энерги идэвхийлэн  судалдаг эрдэмтэн байсан тул  Зөвлөлтийн тагнуулынханд ч таалагдах нь тодорхой. Бүр Бериягийн өөрийнх нь тушаалаар Маргог атомын нууцаас бусад бүх тагнуулын ажлаас чөлөөлөх нь тэр. Огт сэжиг аваагүй Эйнштейн цэцэрлэгээр, байгалаар зугаалахдаа халуун цөмийн урвалын  тухай түүнд лекц уншиж, шинэ хүүхнээ шавь нартайгаа дуртайяа танилцуулдаг байжээ. Марго хэтэрхий идэвхтэй ажиллаж их эрдэмтний шавь нар ч удалгүй түүний оронд орцгоосон. Тэдний нэг Энрике Фермийг Марго олон жилээр дэргэдээ байлгаж, хүссэн бүхнээ мэдэж авдаг байлаа.

Харин цөмийн бөмбөгийн эцэг гэгдэх Роберт Оппенгеймер зэргийн бусад эрдэмтдийг Зөвлөлтийнхөн өөр залуухан тагнуулч хүүхнүүдийн өвөрт оруулсан байлаа. Залуу эрдэмтдэд Марго арай л хөгшдөх гээд байсан учир тэр.

Ингээд энэ олон жилийн тагнуулын хөдөлмөрийн үр дүн гарах цаг ирлээ. 1945 оны зун Маргогийн нууц амрагуудынх нэг Клаус Фукс хэмээгч толгой нь эргэсэн эр “Манхэттений төслөөс” анхны атомын бөмбөгний загварчлал мэдээллийг шууд хулгайлж чаджээ. Холбооны Мөрдөх товчоонд үнэр авахуулахгүйн тулд  тэр эр үнэтэй "олдвор"-оо Коненковын нэг барималд нуусан байв. Өөрийнхөө гараар цөмийн физикчдийн хүрээлэлд оруулж өгсөн Эйнштейн Маргог ийм зүйл хийж байгааг төсөөлөх ч үгүй байв.

Маш "үнэтэй" мэдээлэл олж авсан Марго ч нутаг буцахаар болж, Нью-Йоркт хэвлэлийн бага хурал дээр нөхрийнхөө хамт нутаг буцах болсноо илд  тод зарласан байв. Удалгүй Америкийн нэгэн боомтод Коненковыг, мянгаад баримлынх нь хамт авахаар Сталины зөвхөн уран барималч эрд зориулан илгээсэн хөлөг онгоц ирсэн байв. Барималчийн тэр олон бүтээл дунд атомын бөмбөгийн мэдээллийг нуусан №575 дугаартай баримал байлаа.

Энэ баримал ЗХУ-д очоод хэргээ гүйцэтгэсэн юм. Намар нь америкчууд Японд цөмийн бөмбөг хаясан нь яах аргагүй  энэ салбарт Америк Зөвлөлтийг ардаа орхиж байсныг илтгэнэ.

Гэлээ гэхдээ нөгөөх баримлын ачаар зөвлөлтүүд ч тун удалгүй цөмийн зэвсгийн нууцыг эзэмшсэн юм. Харин Марго байгаагүй бол Зөвлөлт гүрэн цөмийн нууцыг эзэмших хугацаа лав 5-10 жилээр хойшлох байсан гэдэг.

Алтан торонд

Сталины тушаалаар Бульварын тойрууд Коненковт байр сууц гаргаж өгөн үйлчлүүлэгч нар, хувийн автомашин, Крым ба Селигер нуурын дэргэд зуслан өгсөн байлаа. Тэдэнд "Елисеевский"-н дэлгүүрээс тусгайлан хоол хүнс, “Прага” ресторанаас үдийн хоолыг нь зөөж байлаа.

Барималч нутагтаа ирснээ ч төдийлөн анхааралгүй баримлаа барьсаар 1955 онд ЗХУ-ын Ардын зураач, 1958 онд ЗСБНХУ-уудын Ардын зураач цол тэмдэг хүртэж, харин 1964 онд Хөдөлмөрийн баатар болсон юм. Гэхдээ ямар ч Ардын зураач, Хөдөлмөрийн баатруудад олгодог төр засгийн хайр хишигтэй харьцуулшгүй ихийг хүртдэгт нь Зөвлөлтийн бусад алдартнууд ихэд атаархдаг байв. Коненков үнэнхүү их авьяастай байсан ч хэргийн гол учир Маргод байв.

Зөвлөлт гүрний хүчирхэгжлийн нууцыг хадгалж байгаа Маргод Сталины үед ч, Хрушёвын үед ч хайр найргүй хөрөнгө зарцуулж байв. Энэ их тансаглал, хайр хишгийг нэг их анзаарч хайхрахгүй хэрнээ багагүй гайхаж байсаар Коненков 1971 онд нас баржээ. Харин Коненковад алтан торон дахь шувуухайн амьдрал таалагдсангүй. Америкт эргэн очихыг  хүссэн ч түүнд татгалзсан хариу дандаа ирж байлаа. Ингээд хөгширсөн хойноо Маргарита Ивановна дурсамж бичихээр шийдсэн байв. Гэвч ном бичих ажилдаа хэт татагдан орж, ядаргаанд орон турж эцсэнээс болон ширээнийхээ ард нас баржээ. Хөгшин тагнуулч эмэгтэй хамаг бүхнээ тоочсон ном биччих вий гэдэгт КГБ багагүй түгшиж байсан бөгөөд магадгүй эмэгтэйн үхэлд оролцоотой ч байж мэдэх тухай хожмын хэвлэлүүдэд бичиж байлаа.

Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]