Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Чалчаа саарал: Ришелье хамбын бодит түүхУншсан5,897

Түүхэн, бодит Ришелье уран зохиолын баатраасаа ихээхэн ялгаатай хүн байжээ.

 

Алдарт Дюмагийн “Шадар гурван цэрэг”, “Хорин жилийн дараа”, “10 жилийн дараа буюу Виконт де Бражелон” (3-р хэсэг Монгол дээр орчуулагдсан эсэхийг мэдэхгүй байна) хэмээх гурамсан романыг мэдэхгүй хүн гэж энэ хорвоод үгүй гэхэд бараг л буруудахгүй байх. “Хэрвээ  хаа нэг арал дээр Робинзон Крузо үнэхээр байсан бол тэрээр энэ гурамсан романыг уншиж л суух байсан” гэж нэгэн их зохиолч хэлсэн байдаг билээ. Гэхдээ Дюмагийн зохиолд түүх ихээхэн өөрчлөгдөж (гуйвуулах), цаг хугацааны хувьд нааш цааш “хөдлөх” нь ердийн шахам хэрэг байсан гэдэг бөгөөд олон түүхэн  хүмүүс “хэлмэгдэж” байсны нэг нь” Шадар гурван цэрэг” романд гарах хамба Ришелье юм.

Зохиолд Ришелье нь янз бүрийн хуйвалдаан зохион байгуулсан, эргэн тойрондоо үл бүтэх алуурчин, “хорчид” цуглуулсан, дөрвөн шадар цэрэг, хатан Аннад яаж ийж байгаад нэг гай болох гэсэн нөхөр л гарах ба уншигчдад хамба ер өөдтэй хүн харагддаггүй билээ.

Харин түүхэн, бодит Ришелье уран зохиолын баатраасаа ихээхэн ялгаатай хүн байжээ.

Сэлэм биш жанч нөмөрсөн нь

Генрих III, IV нарт маш ойрхон явсан Франсуа дю Плесси де Ришелье хэмээх цэргийн жанжин нь  Арман Жан дю Плесси де Ришелье хэмээх айхтар сүртэй нэртэй хүүхэдтэй байсан ба энэ хүү маань цаашдаа их хамба Ришелье болж Францын амьдралд ихээхэн том үүрэг гүйцэтгэсэн билээ.

Эцэг Ришелье 1590 онд 42 настайдаа нас барсан бөгөөд гэр бүлдээ маш өндөр алдар нэр, төлж дийлэхгүй их өр үлдээсэн гэдэг. Генрих IV тэр их өрийг нь дарж өгөөгүй бол чухам юу болох байсныг Дюма ч мэдэхгүй байсан биз.

Цэргийн зүтгэлтний хүү Ришелье Париж дахь Наваррын коллеж гээч сургуульд суралцаж төгссөн ба хаадын сурдаг энэ сургуулийн дараа удам судраа залгамжлахаар цэргийн академид орсон байна. Гэтэл Ришельегийн гэр бүлийг тэжээж байсан, бас нэг Ришелье болох Люсоны хамба гэнэт нас барж энэ гэр бүлд түүний суудлыг эзлэх, үүгээрээ гэр бүлийн санхүүг авч явах эр хүн залуу Ришельегээс өөр байсангүй. Ингэж цэргийн жанжин болох ёстой залуу хүү лам болсон байна.   

Франц даяар хамгийн ядуу сүм хийдийн нэг нь Люсоны хийд байсан боловч залуу хамбын удирдлага дор уг хийд тун удалгүй тэргүүлэх байрыг эзлэх болсон ба Ришельегийн нэр хүнд сүжигтэн олны дунд хүчтэй, нөлөөтэй болж ирлээ.

Гүнж Аннагийн номын багш болсон нь

Тухайн цагт Францын хаан төрийг Людовиг XIII-ийн нэрээр барьж байсан, хааны эх Марии Медичи нь яагаад ч юм залуу Ришельег өөртөө ойр байлгах болсон байна. Удалгүй залуу маань бэлэвсэн хатны ивээлээр  Испаний гүнж, ирээдүйн Людовиг XIII-ийн хатан болох Аннагийн шашин номын багш болжээ. Олон түүхчид энэ хоёрын хооронд ямарваа нэг хайр дурлалын зүйл огт үгүй гэж бичдэг боловч Дюма бидэнд тийм биш шүү гэсэн “ханд” өгсөөр байдаг билээ.

Ришелье Аннаг дайсагнагч улсын хүн гэж үздэг, мөн тэр үед Ришелье 30 настай, Анна 15 настай байсан зэргийг бодож үзэхэд Дюма “дураараа загнасан” нь үнэн бололтой.

Эр хүн туг ч барина, тугал ч хариулна

Тухайн цаг үед Францад элдэв хуйвалдаан гэдэг ихээхэн дэлгэрсэн зүйл байв. 1617 онд нэгэн том хуйвалдаан зохион байгуулагдан түүнийг ...Людовиг XIII толгойлсон бөгөөд өөрийн ээжийн дарангуйллаас гарахын тулд хийсэн энэ хуйвалдааны үр дүнд Мария Медичи цөлөгдөн түүний фаворит (энэ үгийг гол туслах, зөвлөх, ойрын хүн, эр эмийн харилцаатай хүн...зэрэг үгсийн аль нэгээр орлуулж болох ба бүгдийг нь ч нийлүүлж ойлгож болно байх ) Кочино Кончини алагдсан байна. Харин Ришелье-г хаан “ээжийн талын хүн хүн учир” хэмээн цөлжээ.

Цөллөгт байхдаа “Улс төрийн гэрээслэл” хэмээх алдартай зохиолоо бичиж, энэ зохиолдоо улс орныг хүчирхэгжүүлэн, засаглал бэхжүүлэх тухай өөрийнхөө бодлыг эмхэлж системчилсэн гэдэг.

Гэв гэнэт Людовик XIII Ришельег Парижад дуудан ирүүлж, ээжтэйгээ очиж уулзахыг санал болгосон байна. Хааны ээж ээлжит хуйвалдаанаа зохион байгуулж засгийн эрхийг булаан авах гэж байгаа тухай мэдээ авсан Людовик Ришельег ээж рүүгээ явуулан эвлэрэх арга зам хайхыг тушаажээ. Энэ бол бүтэхгүй, боломжгүй мэт зүйл байсан боловч гарамгай дипломатч Ришелье бүхнийг амжуулж чадсан байна. Үүнээс хойш тэрээр  Людовик XIII-ын хамгийн ойрын, итгэлт хүний нэг боллоо.

1622 онд Ришелье бүх Францын хамба болсноор ордонд хамгийн нөлөөтэй хүний нэг болсон ба Людовик улс орныг бэхжүүлэхэд түүнд тус болох цорын ганц хүн байгаа гэж харж байсан нь хамба Ришелье байжээ.

Тэргүүн сайд халз тулааныг (дуэл) хоригложээ

1624 оны 8-р сарын 13 нд Ришелье тэргүүн сайд болоод нэн түрүүнд францын язгууртнуудыг журманд оруулан, хэтэрсэн эрх мэдлийг нь багасган,хааны мэдэлд бүрэн оруулах, салан тусгаарлах аливаа үзэл, оролдлого бүрийг таслан зогсооход гол анхаарлаа хандуулж эхэлсэн байна.

1626 онд сайдтан халз тулааныг хориглосон ба Дюма болон бусад олон хүмүүс үүнийг нь шударга хүний нэр төрөө аврах, цэвэр байлгах боломжийг үгүй хийсэн шийдвэр мэтээр ойлгодог, бичдэг. Харин Ришелье үүнийг өөдгүй, хутга шөвөг болсон гудамны зодоон гэж үзсэн ба армийн олон сайн дайчдын тоог тогтмол цөөрүүлж байдаг үр дагавартай явдал гэж харж байжээ. Хэнийх нь зөв болохыг шүүх гэж оролдох шаардлага үгүй болов уу.

Шадар гурван цэрэг романд Ришелье гугенотуудын хот болох (протестант шашинтан) Ла-Рошелийг бүслэн байлдаж байгаа нь английн холбоотон болох буруу номтнуудыг дарах шашны дайн мэт харагддаг. Бодит байдал дээрээ Ришелье энэ хотын байрлалыг маш чухалд үзэж байсан ба түүнд Францын иргэн л бол протестант, католик шашинтан байх нь чухал зүйл биш, бүгд хаанд захирагдаж байх нь л чухал байжээ. Бүслэлтийн дараа гугенотууд ямар ч хэлмэгдэлд өртөөгүй нь үүний баталгаа юм. (Карл IX Варфоломейн шөнө гээчийг хийсэн шиг хэлмэгдэл явуулах том боломж байсан байна. Энэ шөнийн тухай Дюмагийн бас нэг сайхан гурамсан романы эхний хэсэг болох “Марго хатан” хэмээх зохиолд айдас төрмөөр бичсэн байдаг билээ)

Францыг бэхжүүлсэн болон торгон цэргүүд

Салан тусгаарлах үзлийг нэг мөсөн дарж авахын тулд иймэрхүү аливаа үйлдэл хийсэн язгууртан тайж нарын цайз хэрмийн хамгаалалтыг өөрөөр нь нураалгах хууль гаргуулж чадсан нь Ришельегийн нэгэн хүсэл-хаант засгийг бэхжүүлэх нэгэн том ялалт болсон билээ.

Мөн хамба интендант хэмээх засаг төрийг орон нутагт хэрэгжүүлэх үүрэгтэй албан тушаал бий болгосон ба энэхүү албан тушаалыг асар их мөнгөөр худалдан авах бөгөөд  хаан хүссэн үедээ тэднийг огцруулж болох байлаа. Ингэснээр хөдөө орон нутагт засаглал бэхжих маш үр дүнтэй систем бий болгож чадсан байна.
Энэ мэтээр хүчирхэг флот байгуулсан, Францын шинжлэх ухааны академи байгуулан, авьяаслаг зураач, зохиолч, архитектор нарт цалин пүнлүү олгодог болсон, далайн болон бусад төрлийн олон худалдааг дэмжиж, цэцэглүүлсэн, төрийн үйл ажиллагааг сурталчлах сонин бий болгож өөрөө заримдаа нийтлэл бичдэг болох.. гэх мэт олон олон ажил хийж байсан төрийн зүтгэлтэн, нэрт жанжин билээ.

Ришельегийн энэ мэт олон ажил, бодлого нэлээд тооны хүний эрх ашигт харшилж байсан ба ялангуяа тайж нарын дунд түүнийг дайсагнах хүн маш их болсон байна. Тухайн үеийнхээ “заншил” ёсоор хамбын амь насыг хорлох гэсэн хэд хэдэн удаагийн халдлагын дараа Ришелье хааны тушаалаар хувийн хамгаалагч нартай болсон байна. Энэ нь тооны хувьд өссөөр удалгүй “хамбын торгон цэргүүд” хэмээх бүхэл хорооны хэмжээнд хүрчээ. Нэг сонирхолтой зүйл нь эдгээр торгон цэргийн цалинг хамба өөрөө гаргаж байсан учир тэд мөнгөгүйдэх, өр тавих зэрэг шадар цэргүүд шиг ядмаг амьдралыг мэддэггүй байжээ.

Ришельег тэргүүн сайд байх үед (яг үнэндээ төр барьж байх үед) Франц хэмээх хажуу хавирга улсуудад үл тоогдох улс байснаа Испани болон Австрийн эсрэг сөрөн зогсох, гучин жилийн дайныг өдөөсөн хүчирхэг улс болсон билээ.

Гэхдээ энэ бүх гавьяа нь хоёр зуун жилийн дараа Дюмагийн бичсэн “Шадар гурван цэрэг” романы адал явдлаар дарагдан өнгөрсөн байна.

P.S.

Ер бусын баатарлаг, эр зоригт эрчүүд, санаа алдам сайхан бүсгүйчүүд,улс төрийн маш нарийн үйл явдал ... зэрэг дүүрэн байх Дюмагийн романуудыг уншихгүй байхын аргагүй сонирхолтой боловч бодит түүхэн тал дээр ихээхэн зөрчилтэй, буруу зөрүү, цаг хугацааны санаатай, саанаагүй алдаатай зүйл их байдаг нь харамсалтай.

Их хамба, алдарт жанжин Ришельегийн тухай энэ бяцхан зүйл уншигч нарын сонирхолд нийцэж байвал цаашид Дюма болон түүний зохиолын баатар болох зарим нэг бодит хүний тухай бичих санаа бий билээ.

Нийтлэлч Чалчаа саарал

Сэтгэгдэл бичихийг түдгэлзүүлсэн байна
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]