Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

1921 оны Ардын хувьсгал нь харийн түрэмгийллийг эсэргүүцсэн ардын бүрэн эрхт улсын төлөөх хувьсгал байжээ. Ялалтын үр дүнд харийн түрэмгийлэгчдийг хөөн гаргаж, феодалын байгууллыг халж, Ардын эрхт хэмжээт цаазат Монгол улсыг тунхаглажээ.

"...Сүхбаатарын цогцсыг эртний Монголын ёсноос гадуур булав”Уншсан11,228

Европ ба монгол заншлыг хослуулсан оршуулга болсон ба “Урьд хожид үзэгдээгүй явдал болов. Талийгаач Сүхбаатарын цогцсыг эртний Монголын ёсноос гадуур булав” хэмээн ихэд гайхан эгдүүцсэн уулга алдалтаар мэдээ эхэлжээ.

Сүхбаатар жанжны мэндэлсний  124 жилийн ой саяхан болж өнгөрсөн билээ. Жанжны нас барсантай холбоотой тухайн үеийн мэдээ сэлт, баримтуудыг нийтлэлч А.Баатархуягийн түүвэрлэн авснаар хүргэж байна.


@Баатархуяг Авиан

Жанжны нас барсантай холбоотой тухайн үед гарч байсан албан мэдээнүүдийг түүвэрлэн сонирхуулж байна. Эдгээр мэдээнд нэмэлт тайлбар хийхийн оронд анхаарал татсан хэсгүүдийг тодрууллаа. Европ ба монгол заншлыг хослуулсан оршуулга болсон ба “Урьд хожид үзэгдээгүй явдал болов. Талийгаач Сүхбаатарын цогцсыг эртний Монголын ёсноос гадуур булав” хэмээн ихэд гайхан эгдүүцсэн уулга алдалтаар мэдээ эхэлжээ. Иймэрхүү үгс хойно нь олонтаа тохиолдоно. Чандарлах ба булах санал байсан бололтой байна. Хоёрдугаар сарын 20-ны мягмар гаригт нас барсан тухай мэдээ долоо хоногийн эцсээр хураангуйд оржээ. Эмгэнэл илэрхийлж бичсэн зарим хүний нэр тодорхойгүй байна. Хүний нэрийг овгийн эхний үсэггүй харин хоч ба албан тушаалаар ялгаж бичдэг байжээ. 1921 онд “Дотоод яам” байсан ба заавар өгдөг байсан нь анхаарал татна. Ямар заавар? Өөрийн хүмүүсээ гадны нүдээр тодорхойлсон байх юм. Бодоо нарыг жигшсэн үг ч тааралдаж байна.

Оршуулгын үгэнд залуусыг илэрхий уриалсан үгс олонтаа тааралдаж байгаа нь магадгүй жанжин залуугаараа таалал төгссөнөөс болсон байх. Түүнийг европ эмнэлгээр эмчилж чадахгүй домч нарт даатгасан нь алдаа болсон гэж харамссан байна. Үүнээс үзвэл Д.Сүхбаатар европ эмнэлэгт хандаагүй бололтой. Өөр олон сонин үйл явцыг гярхай уншигчид анзаарах биз ээ. А.Баатархуяг

№ 69. 1923 оны хоёрдугаар сарын 25. Ням.

ЗСБНХОУ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧИЙН ГАЗАР

Монголын ард түмэн, Монголын арми, Монголын засгийн газарт Ардын армийн жанжин таалал төгссөнтэй холбогдуулан гүн эмгэнэлээ илэрхийлэхийн хамт Өргөө хотын орос иргэдийг зоригт дайчин, хөдөлмөрчин Зөвлөлт Орос Улсын үнэнч нөхөр талийгаач Сүхбаатарын оршуулгад оролцохыг урьж байна.

ЖАНЖНЫГ ОРШУУЛАХ ТУХАЙД

Оршуулгын комисс Монголын Залуучуудын Эвлэлийн Төв Хорооноос оруулсан дараах саналыг хүлээн авчээ. Үүнд:

  1. Сүхбаатарын цэрэг, намын болон залуучуудын эвлэлийн гишүүдийн жагсаал хийж хүндэтгэлтэйгээр оршуулах. 2. Жанжны цогцсыг чандарлалгүй, газарт оршуулах. 3. Сүхбаатарын дурсгалд түүний хөшөөг босгох. Оршуулга энэ сарын 10-нд, европын хуанлиар хоёрдугаар сарын 26-нд болно. Оршуулгын цуваа явах чиглэл, нүх ухах газар, оршуулах тодорхой цагийг лам багшийн айлдварын дагуу жич тогтоох болно.

ЦОГЦОСТ ЗАДЛАН ХИЙНЭ

Жанжин Сүхбаатарын таалал төгссөний үнэн шалтгааныг нарийн тодорхойлохын тулд МАН-ын ТХ-ны тогтоол ёсоор талийгаачийн цогцост задлан хийхээр шийдвэрлэжээ.

№70. 1923 оны хоёрдугаар сарын 28. Лхагва.

ЖАНЖНЫГ ОРШУУЛАВ

Хоёрдугаар сарын 26-ны Даваа гаригт талийгаач Сүхбаатарыг оршуулав. Оршуулах ёслолд цэрэг, иргэдийг төлөөлөгч олноор оролцов.

Оршуулах ёслолын төгсгөлд нөхөр Любарский, Хатанбаатар, япон Данзан, Буяннэмэх, Сангийн яамны сайд Данзан нарыг үг хэлсний дараа Сүхбаатарын цогцсыг задлан шинжилгээ хийхээр эмнэлэгт аваачлаа.

Оршуулах ёслолын тухай дэлгэрэнгүй мэдээг дараагийн дугаарт нийтэлнэ.

№71-72. 1923 оны гуравдугаар сарын 3. Бямба

ЖАНЖИН СҮХБААТАРЫГ ОРШУУЛАВ (Монгол мэдээ)

Урьд хожид үзэгдээгүй явдал болов. Талийгаач Сүхбаатарын цогцсыг эртний Монголын ёсноос гадуур булав.

Улаан даавуугаар бүрсэн авсыг их бууны суурин дээр байрлуулсан байлаа. Шарилыг чирч явсан морьд, тэрчлэн цувааг тэргүүлж явсан ерөнхий командлагчийн морийг улаан даавуугаар бүтээсэн байв. Их бууны өмнө Зөвлөлт Орос Улсын Хувьсгалт цэргийн зөвлөлөөс бэлэглэсэн Сүхбаатарын мөнгөн сэлэм, Улаан тугийн одон, тогосны өд бүхий малгайг авч явав.

Монголын засгийн газрын төлөөлөгчид, Оросын бүрэн эрхт төлөөлөгчийн газрын нийт бүрэлдэхүүн, Монгол Ардын Нам, Залуучуудын Эвлэлийн гишүүд, ажилчин, албан хаагчдын үйлдвэрчний эвлэлийн гишүүд, Оросуудын Зөвлөл, тэр ч байтугай Хятадуудын ахлагч нарын Зөвлөлийн гишүүд, бусад олон хүн ард /гол төлөв орос, буриадууд/, яамдын албан хаагчдын дагалдсан Өргөө хотдоо асар томд орох бүтэн хагас мод гаруй газар үргэлжилсэн гашуудлын цуваа явж байлаа. Мөн зохих хаяг бичээс бүхий олон баглаа цэцэг барьсан хүмүүс дагалдан явав. Энэ бүхэн нь Монголын эртний амьдралын хэвшлийн үүднээс тун ч ер бус байлаа.

Шарилыг засгийн газрын бүх гишүүд /тохиолдлын журмаар байгаагүй Жалханз хутагтаас бусад/ дагалдан явав. Цувааны төгсгөлд Монгол, Орос цэргийн урт цуваа явж байлаа.

Радио станцын хажууханд цасан цагаан уулсаар хүрээлэгдсэн үзэсгэлэнт газар өндөр толгой дээр Маань мэгзэм бүхий мод хатгаж, урьдаас бэлтгэсэн газарт улаан тууз бүхий цэцгийн баглаагаар бүрхсэн авсыг байрлуулав.

Хүмүүсийг үг хэлж дуусах бүрт гашуудлын хөгжим дуугарч, ёслолын буудлага үйлдэж байв.

Сайд Цэрэндоржийг үг хэлсний дараа Зөвлөлт Орос улсын бүрэн эрхт төлөөлөгч эхлэж үг хэлэв. Нөхөр Н.М.Любарскийн гүн эмгэнэлтэйгээр хэлсэн утга төгс цэцэн мэргэн үгийг тэр дор нь нөхөр Жамцарано орчууллаа.

Сүхбаатарын шарилыг мөнх нойрсуулахаар өлгий нутгийнх нь газар шороонд залж байгааг, тэрчлэн Монголын ард түмэнд тохиолдсон энэ гарз хохирол бол талийгаач чин үнэнч нөхөр нь байсан Оросын хөдөлмөрчин ард түмэнд тохиолдсон гарз хохирол бас мөн болохыг нөхөр Любарский тэмдэглэн хэлээд, Сүхбаатар бол ядуу ардын гэрт төрж, амьдралын хатуу бэрх замыг туулсан, жирийн цэрэг, үсэг өрөгч байсан онцлогтойг онцлон дурьдаж, тэр бол хөдөлмөрчин ард түмний хүү байсан бөгөөд тийм хэвээр үлдсэн, ядуу төрж, ядуу үхсэн юм гэж хэллээ.

Сүхбаатар ард түмэндээ хайртай байлаа, тэр жинхэнэ ардач хүн байсан юм. Тэр төрөлх эх орныхоо дотор “хуйвалдаан зохиогч” байлаа. “Боолоос” Монголын армын жанжин гэдэг хүндэт тушаалд хүртэл ахин дэвшсэнтэй эвлэрч огт чаддаггүй хүмүүс түүнийг ингэж үздэг байсан юм. Монголын Дотоод Явдлын Яамны 1921 оны 3-р сарын 28-ны нэгэн зааварт Сүхбаатар болон түүний намын нөхдийг “Тэд ард олны эрхийг хүндэтгэх бодолтой байна, энэ нь хаант засгийг эсэргүүцнэ гэсэн хэрэг болох нь эргэлзээгүй юм” гэж тов тодорхой тодорхойлсон нь жирийн хэрэг бишээ.

 

Сүхбаатарт шингэсэн та бидний үргэлж дүгнэдэг бүх үнэт зүйлсийг албан ёсны зааврын эдгээр үгс тун эрс тодорхой тэмдэглэсэн байна. Дээд анги, феодал, хаад ноёд гэгчид ард түмний хувь заяагаар дураараа тоглодог байсан тэр үе өнгөрчээ. Орос нутгийн алс холын тал хөндийгөөс шинэ догшин салхи салхилж, тэр нь Ази хийгээд Монголын хязгааргүй тал нутагт хүрлээ.

Оросын хувьсгалын шинэ залуу, омголон амьсгалын дор дорно дахины ард түмэн, түүний дотор Монголын ард түмэн идэвхжин хөдөлсөн юм. Тэгээд ч Сүхбаатар бол Монголын хавар, Монголын сэргэн мандалтыг эхлүүлсэн анхны алтан хараацайнуудын нэг байлаа. Ийм ч учраас тэр бидэнд эрхэм байдаг бөгөөд, тийм ч учраас бид түүнд сэрүүн тунгалаг байхад нь ахан дүүс, нөхөр ёсны хайраар хандаж байсан ба одоо гэгээн дурсгалыг нь нандигнан хүндэтгэж байх болно.

Үнэхээр чин зоригт, залуу нөхөр маань бидний дотор байхгүй болжээ гэж бодоход хүнд хэцүү байна. Төрийн байгуулалтаа дөнгөж сая эхлэж, хөлд орж буй хүүхэд мэт тэнтэр тунтар алхаж буй Монголын ард түмний дотор тун цөөхөн тэмцэгч дайчин таалал төгссөн нь бүр ч харамсалтай байна.

Сүхбаатар ийм өвчнөөр өвчилж, ийм түргэн өөд болсон нь байж болшгүй зүйл бөгөөд түүний энэ үхэлд бид бүгдээрээ буруутай юм биш байгаа гэсэн бодол бүр ч сэтгэл өвтгөж байна. Бид харанхуй бүдүүлэг эмч, домч нарын эмчилгээнээс түүнийг арилган хамгаалж чадаагүй, түүнийг энхрийлэн халамжлан арчилж чадаагүй, европын эмнэлгийг цаг тухайд нь хэрэглээгүйдээ буруутай юм.

Гэвч талийгаачийг зохих ёсоор нь оршуулцгаая. Харин бид өөр болох ёстой. Монголын залуучууд та бүхэн талийгаачийн гэрээслэлд үнэнч байна гэдгээ, бидний цэл залуугаараа өөд болсон нөхрийн маань хайрлан хүндэтгэж явсан улаан тугийг бөхийлгөлгүй, гутаалгүй өргөж явна гэдгээ алтан шарилынх нь өмнө тангаргалах ёстой.

Цаашид урт удаан хугацааны хүнд бэрх тэмцэл хийн ёстой болж байна. Гэхдээ бүх хүмүүсийн, дэлхий дахины аз жаргалын төлөө гэсэн сайхан зорилго бид тавьсан билээ. Монголын жижиг ард түмэн ч нийт хүн төрөлхтөний гэр бүлд, ард түмэн бүхний нөхөрсөг холбоонд өөрийн хүндтэй байрыг эзлэх болно...

Цэргийн яамны сайд болон Ардын Намын Төв Хорооны даргын хэлсэн үг

Ардын цэргийн өмнөөс үг хэлсэн Хатанбаатар ван, Монголын эрх чөлөөний тэмцлийн түүхийн тухай, хувийн эрэлхэг зориг, шинэ залуу улсынхаа эрх ашигт үнэнчээрээ онцгойрон шалгарсан ардын цэргийн мятрашгүй зохион байгуулагчийн хувийн яруу сайхан зан чанарын тухай тодорхой ярилаа.

Нөхөр Япон Данзан Сүхбаатарыг Ардын хувьсгалт намын маш нэртэй зүтгэлтэн гэж тодорхойллоо. Бидний нөхөр таалал төгслөө, гэвч түүний маш их зүйл хийсэн нам амьд байна, манай ард түмний эрх чөлөөний төлөө эрмэлзэл амьд байна, Сүхбаатарын маш өндөрт мандуулж явсан тугийг, тусгаар тогтносон Монгол улсын тугийг авч яваа, цаашид ч авч явах Монголын эрх чөлөөг эрхэмлэгч залуучууд бидэнд тусалж бидний халаанд байна гэж тэр хэлэв...

Буяннэмэхийн хэлсэн үг

Монголын Залуучуудын нэрт төлөөлөгч нөхөр Буяннэмэх яруу тод, утга төгс үг хэлсэн. Монгол хүний үгийн онцлог бол хамгийн цоглог газарт шүлэг болон хувирдагт орших ажээ. Буяннэмэх болон Сангийн Яамны сайд Данзан нарын хэлсэн үг “европ” чихэнд тун яруу сонсголон байлаа.

Нөхөр Буяннэмэх хэлэхдээ “...Ардын Засгийн Газар хоёрхон жил ажиллаж байна. Гэхдээ энэ хоёр жилд Автономитын үе гэгчийн есөн жилд хийснээс илүү ихийг ард түмэнд бүтээж өглөө. Түрүүчийн засаг зөвхөн Хятадууд, ер нь гадаадынхныг баяжуулж ард түмнийг нухлан, ядуу зүдүү айдас хүйдсийн байдалд байлгаж байлаа. Олон түмний дургүйцэл өсөн нэмэгдэж, өөрсдийн дундаас идэвхитэй тэмцэгчийг дэвшүүлэн гаргаж байв. Тэр шилдгүүдийн дотор хамгийн шилдэг нь Сүхбаатар байсан юм гэв.

Зөвлөлт Оросын тусламжтайгаар Монгол эрх чөлөөтэй болов. Эх оронч үзэл феодал, лам нарыг хүртэл өөртөө татаж, тэдгээрийн зарим нь хүртэл Ардын Намтай нийлж, Ардын Засгийн Газарт орсон юм. Гэвч өрнөн гарсан хөдөлгөөн өөрсдийнх нь зүй бус эрх ямбанд аюултай болохыг мэдээд тэд эргэж буцан ард түмнээсээ шившигтэйгээр урваж, Бодоо хийгээд түүний талын зарим ноёд лам нарын адил хувь заяагаар төгссөн билээ. Харин Сүхбаатар ямар ч шуналд авталгүй алсыг харан эрх чөлөөний наран өөд итгэлтэй явж ирсэн юм. Сүхбаатарын алдар Монголын тал нутгаас хол халин мандсан нь жирийн хэрэг биш ээ...

Ард түмний төлөөлөгчид байлдан олсон эрх чөлөөгөө хамгаална гэдгээ энд, жанжны шарилын өмнө тангараглах ёстой. Монголын залуучууд ардын баатрынхаа шилдэг гэрээсийг хойшид ч дагаж Сүхбаатарын зорин тэмцэж байсан тэр зүйлийг шинэчлэн гүнзгийрүүлж цаашид хөгжүүлэн өргөжүүлэх ёстой...” гэж Буяннэмэх хэлэв.

Сангийн Яамны сайд уянгалаг гоё үг хэлэв. Нууц байдалд хамтран ажиллаж байсан үеийн янз бүрийн тохиолдол, Зөвлөлт Орос улсаас тусламж гуйхаар явж байсан тухай, Барон Унгерний отрядуудтай хийсэн байлдаан, есөн зүйлийн гачигдал зовлон, амь биеэ золиослоход бэлэн байсан явдал, Сүхбаатарын үнэнч шударга, өгөөмөр, энгийн даруу, тусч чанар зэргийг Данзан бадрангуй, догдлонгуй ярьж байлаа.

...Ардын намыг дөнгөж хэвлийдээ байхад, нууц байдалд орохоос аргагүй болоход Сүхбаатар гэр бүл, өвчтэй эцгээ орхиж явахаас буцаагүй юм, эцэг нь өвчний улмаас удалгүй нас барсан билээ. Орос явах төлөөлөгчдийн бэлтгэлийг хангаж үүнд хөрөнгө хэрэгтэй болоход ядуу Сүхбаатар өөрөө гэрээ зарж, гэр бүлээ айлд суулгаад, төлөөлөгчдийг Монголоос гарч явахад тусласан билээ.

Байлдаан, тулалдаанд тэр манлайлагчдын эгнээнд байж санаа сэтгэлээр унаж, зориг шантарсан хүмүүсийг эр зориг, идэвхээрээ уриалан дагуулж чаддаг байлаа.

Монголын ард түмэнд эрх чөлөө олгох үйл хэрэг Алтанбулагийн тэрхэн нутаг дэвсгэрээр хязгаарлагдаагүй нь Сүхбаатарын эрч хүч, эр зоригийн гавъяа юм. Хэзээ нэг цагт асаасан өчүүхэн дөл одоо Монгол улсад гэрэлт ирээдүйн замыг гийгүүлэгч гал болон бадарсан нь Монголын өмнө түүний байгуулсан ач гавъяа мөн...

Цогцост задлан шинжилгээ хийв

Европ эмч Корнев, Ротт, Селезнёв, Соловьёв, Монгол эмч Лувсандорж, Гэлэг, Дамдинцэрэн нар болон янз бүрийн байгууллагын төлөөлөгч Сандаг, Япон Данзан, Буяннэмэх, Нацова нарын бүрэлдэхүүнтэй комисс 2-р сарын 28-нд талийгаач жанжны цогцост задлан шинжилгээ хийв.

Цогцос дээр ямарваа онцгой гэмтэл байхгүй байв, цээжний хоёр талд улаан будгаар тэмдэглэсэн хоёр улаан толбо байв. Аман дотор хэлэн дээр, уруулын цаана, шүдний завсар ямар нэгэн нунтаг зүйл олдов.

Улаан хоолойн доод хэсэг, ходоодны доторх салавчит хэсэг, арван хоёр нугалаа гэдэс, дэлүү цусаар дүүрсэн байв. Элэг ердийн хэмжээнээс нэлээн томорсон байлаа.

Өвчин гэнэт тусч түргэн хүндэрсэн, түүнийг эмнэлэгт шинжлэх бололцоогүй байсан, тэрчлэн Өргөөд хими-бактериологийн нэн шаардлагатай шинжилгээ хийх боломжгүй байгаа нь үхлийн шалтгааныг нарийн тогтоох боломж олохгүй байна. Одоогоор шар өвчний хортой хэлбэр байсан байж магадгүй гэж үзэж болох боловч бусад хэд хэдэн боломжийг үгүйсгэж болохгүй...

Дотор эрхтний зохих хэсгүүдийг европын нэгэн хотод тусгай шинжилгээ хийлгэхэд зориулж шилэн саванд хийжээ.

Сэтгэгдэл 5ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
3 сар 16. 4:54
Зочин

Орос ноён яасан урт бэлэн цэцэн үг хэлж,хаад ноёдыг муулж,сүртэй Орос маягийн оршуулах ёслол хийжээ.(монголчууд үүнийг хүссэн гэхэд итгэхгүй байна) урд зуунд болсон оросод болсон олон нууц аллага нэг иймэрхүү дэгээр явсан байдаг.жишээ нь Ленинград хотод Кировыг алсан аллага.бас эндээс дараагийн дайснаа тодорхойлдог.энд дараагийн дайсан ноёд феодал болсон.Үнэндээ бол Сүхбаатар жанжин Богдыг,ноёд лам нарыг дайсан гэж үздэггүй байсан.энэ нь хөөрхийг үхүүлэх шалтгаан болждээ.

2 сар 8. 12:25
Зочин;p

ih hundetgeltei orshuulsan bainashdee,sain ushaachee,hudlaa unshaagui baijeej garchigaar ni shaaj uguh yumaa

2 сар 8. 4:12
Зочинbx

mongolin tor gej veiinved 2 xorshdoo darlyylsan daramtlyylsan torontsor l baij dee. xoorxii.

2 сар 8. 8:46
Зочин

одоо дээрдээ юу?

2 сар 16. 20:03
Зочин

хамаагүй дээрдсээн

Сэтгэгдэл бичих
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]