Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Бат хааны Европ дахинд үлдээсэн айдас, хүйдэсУншсан4,825

Монголчууд гэнэт гарч ирсэн шигээ ийнхүү гэнэт буцсан ч тэдний үлдээсэн айдас Европыг удтал чичрүүлсээр байжээ.

Түүхэн сэдэвт олон гайхалтай нийтлэл, өгүүлэл, номуудаараа та бидний танил болсон Б.Номинчимэд гуайн "Бат, Сүбээдэй нар Европ дахиныг түйвээсэн нь" хэмээх түүхэн найрууллыг уншигчдадаа цувралаар хүргэж байна. Түүх сонирхогч уншигчдын маань оюуны мэлмийг мялаах зөвшөөрөл өгсөн Б.Номинчимэд танд гүнээ талархаж байна.


Бат, Сүбээдэй нар Европ дахиныг түйвээсэн нь: Европ дахинд үлдээсэн айдас, хүйдэс (15-р бүлэг)

 

Монголчууд гэнэт гарч ирсэн шигээ ийнхүү гэнэт буцсан ч тэдний үлдээсэн айдас Европыг удтал чичрүүлсээр байжээ.

Германы хаан II Фридрих “Таны шонхорчин болж ч болох юм” хэмээн Бат хаанд хэлүүлж байсан нь Европ дахинд эрхшээлээ тогтоохын төлөө Ромын паптай хэдэн үеийн туршид мөчөөрхөлцөж явсан ихэмсэг бардам Хогенштауфенүүдийн удмынхны хувьд байж болшгүй гутамшигт явдал байв. Ийм хэмжээнд хүртлээ доош орно гэдэг бол гарцаагүй ялагдлыг хүлээн зөвшөөрсөн хэрэг байлаа. Германчууд өөрийн эрхгүй “Бурхан минь, биднийгээ татаруудаас авран өршөөж хайрла” хэмээн залбирдаг болчихоод байж...

Францын Людовик вангийн ордныхон угтан ирж буй хувь заяаныхаа сүйрэлтэй нэгэнт эвлэрэн тэнгэр бурханд залбиран мөргөхөөс өөр юу ч хийхгүй байжээ. Тэр ч бүү хэл Людовикийн хатан нь Монголчуудаас айсандаа шөнө бүр хар дарж зүүдлээд унтаж чадахгүй болчихсон байсан гэдэг. Вангийн эх Бланш хүүгээ дуудан монголчууд ирж буй тухай аймшигт мэдээг нулимс асгаруулан дуулгахад Людовик эхийгээ “...Тэнгэр бурхан биднийг ивээх байх аа, Татарууд бидний нутагт ирсэн ч, эсвэл бид тэднийг даган тэдний нутагт очсон ч бид адилхан л тэнгэрт гарах болно” хэмээн тайтгаруулж байжээ. Шууд утгаар нь ойлговол “татарууд ирээд биднийг алсан ч, эсвэл бид боол болоод тэдний нутагт очсон ч бид адилхан л үхэх болно шүү дээ“ гэсэн үг болно. Эндээс Монголчуудыг ялах нь бүү хэл эсэргүүцэн тулах, довтолгооныг нь зогсоох тухай ямар нэгэн санаа, санаархал огтхон ч байхгүй мэт.

Тухайн үед Европын ихэс ноёдын хоорондоо харилцаж байсан захианаас тэдний айдас, түгшүүр даанчиг илэрхий... Тэд “Бурхан хилэгнэжээ” гэж бичилцэж байв.

Сүм хийдийн хутагтангууд, номч мэргэд нь эртний судар шастирын шарласан хуудсыг эргүүлж үүний учрыг эрэв. Тэгээд мартир Методиусийн Антихристийг ирэхийн өмнө гэсгээл болон алс дорноос хүчирхэг дайсан ирнэ гэсэн үгийг олоод монголчууд бол тэр хуучин сударт бичсэн хүмүүс яг мөн байна хэмээн дүгнэв. Сударт бичсэнээр бол тэр хүмүүс Ром хүртэлх бүхнийг хядаж сүйтгэх ажээ. Нэгэнт л эртний зөнч сударт тэгээд биччихсэн бол одоо яахав дээ, тэнгэрээс илгээсэн гэсгээл, үйлийн үрийг аврал залбирлаар л гэтлэх болно. Ийнхүү европ дахин урьд хожид хэзээ ч тохиож байгаагүйгээрээ аврал ерөөлийг нийтээрээ уншжээ.

Европчуудын домогт өгүүлэхээр тэр аймшигт дайчдийн өлгий алс дорнын хүйтэн тамын орныг нь Тартар гэх аж. Тиймээс тэдгээр хүмүүсийг Татарууд гэх. Эсвэл европчуудын энэхүү сэтгэлзүйн байдлыг сайтар тандаж мэдсэн монголчууд өөрсдийгөө зориудаар Тартарын орноос ирсэн татарчууд хэмээн зарлан тунхаглаж явсан ч байж болох...

Зарим түүхчийн бичлэгт Зүүн Монголын тал нутагт амьдарч асан есөн Татарын нэр европт монголчуудын төлөөлсөн нэр болон үлдсэн гэдэг нь ихээхэн эргэлзээтэй санагддаг. Учир нь нэгд, Чингис хаан татаруудыг тэрэгний бултай хэмжиж дарсан учир европт хийсэн аян дайны үед бүхэл бүтэн армийн нэрийтгэл болох хэмжээнд татарчууд тийм олноороо оролцох магадлал бага, хоёрт, ер тэр цагаас хойшхи монголын тулгуур бичлэгүүдэд дахин татар гэдэг нэр тэр бүр дурдагддаггүй билээ. Юутай ч Европын ард түмнүүдийн дунд зүггүй жаалыг айлгадаг, эсвэл уйланхай хүүхдээ домнодог “Татарууд айсуй” гэсэн хэллэг бий болжээ.

 

Европ дахин ийнхүү айн мэгдэж байх үеэр тэдэнд үе үеэрээ дарлуулж гадуурхагдаж ирсэн жүүдүүд монголчууд шашин шүтлэг харгалздаггүй, бас ядарсан дээрэлхүүлсэнд нааштай ханддагыг тандаж мэдээд монголчуудыг угтан авахаар бэлтгэж эхэлсэн байна. Мөн хуучин Библийн домогт өгүүлэхээр жүүдийн  тарж бутарсан олон овгоос дорно зүгт одсон нэгэн овог хүчирхэгжин эргэн ирж буй тухай өөр хоорондоо хэлэлцэв. Бүр зах зээл дээрх бүхий л зэр зэвсгийг худалдаж аваад нууцлан дарж байжээ. Үнэхээр энэ байдал нь илэрхий мэдэгдсэн тул европчууд хаа сайгүй тэднийг хомроглон хядаж, хатуу ширүүнээр цээрлүүлсэн байна.

Европын Дундад эриний үеийг түүхчид “Харанхуй зуунууд” гэдэг. Грег, Ромын их соёл иргэншлийн дараа үнэхээр Европ дахин тийнхүү хэдэн зуунаар харанхуйн дунд зүүрмэглэж байсаан. Монголчуудын гагцхүү үлгэр домогт л байж болох ер бусын хүчирхэг довтолгоонууд, түүний үлдээсэн айдас Европ дахиныг энэхүү удаан харанхуй нойрноос нь нэгмөсөн сэрээж, тэд өөрсдийг нь ингэтлээ их айлган чочоосон дорно дахиныг учиргүй ихээр сонирхох болцгоож, хөл хөдөлгөөнд орцгоож, улмаар газар зүйн их нээлтүүд, агуу их сэргэн мандалтыг урин дуудсан билээ. Сэрээх сэрээхдээ сайн, бүр нэгмөсөн сэрээсэн юм шүү.

***

Монголчууд буцаад жил гаруй болж, аадар нэгэнт ордгоороо ороод, аянга цахидгаараа цахиад өнгөрчихсөн хойно 1243 онд гүн шокноос гарсан Ромын Пап монголчуудын эсрэг загалмайтны аян дайнд уриалан, энэхүү дайнд оролцсон хэн бүхний нүглийг цагаатгана хэмээн зарлав. Гурван жилийн дараа шинэ Пап “Ертөнц дахины хуралдаан” хэмээх сүржин нэртэй даржин хуралдааныг хуралдуулав. Гэвч тойвтой юу ч болсонгүй.

Тэгээд Паптан лам Плано Карпинийг тэнгэр газрыг нийлүүлсэн их хуй салхи мэт гэнэт гарч ирээд гэнэт буцчихсан энэ улс юун улс болохыг таньж мэдэх, тэд цаашид яах бодол төлөвлөгөөтэй буйг тандах, чадвал өөрийн шашин номдоо итгүүлэх дипломат даалгавар өгч Монголд элчээр зарсан байна. Харин Плано Карпини хэдэн жил явж ирээд “хэрвээ зарлиг тушаалыг нь биелүүлэхгүй бол Гүюг хаан ... Ромын их гүрэн, католик шашинтны эсрэг аян дайнд мордохоор бэлдэж байна” гэсэн түгшүүрт мэдээтэй буцаж очжээ. Тэр даалгавраа сайтар биелүүлжээ. Илтгэлдээ аян замын сонины хажуугаар монголчуудын аж амьдралын онцлог, цэргийн хүчин чадал, байлдах урлаг чадварыг нарийн ажиглаж, тэр бүхнээс нь хэрхэн сэргийлэх стратеги саналаа ч тусгажээ. Гэвч хамгийн сайн стратеги санал нь үнэ цэнэтэй зүйлсээ агуй хонгилийн гүнд сайтар нууж хадгалах байв.

Зургийн тайлбар: "Монголын Их хаан Гүюгээс Ромын Пап IV Иннокентийд илгээсэн захидлын эх. Энэхүү захидлыг Ромын Пап IV Иннокентийд 1245 онд Плано Карпиниэр ирүүлсэн бичгийнх нь хариу болгон Гүюг хаан илгээжээ. Дорно зүгийнхний заншлаар уг захидлыг харь хэлээр буюу перс хэлээр бичиж, Их хааны тамга дарсан байна. Уг захидлыг 1920 онд Ватиканы номын сангаас анх олж, Францын хятадач эрдэмтэн Поль Пелльо орчуулан тайлбар хийн нийтэд хүргэснээс ил болжээ. 2010 онд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг Ватиканд айлчлах үед уг захидлын хуулгыг монголын талд өгсөн аж.

Мөн түүний авч очсон Гүюг хаанаас Ромын Папад илгээсэн захидал ч энэ айдаст нэрмээс болсон нь ойлгомжтой. Өдгөө Ватиканы номын санд хадгалагдаж буй уг захидлаас:

“Мөнх тэнгэрийн хүчинд ивээгдсэн Хамаг Их улсын Далай хаан ману зарлиг.

Энэхүү зарлигийг их Папад мэдтүгэй хэмээн илгээв.

... Мөнх тэнгэрийн хүчин эрхшээн ивээснээр наран ургахуй зүгээс наран шингэх зүг хүртэл бүх газар орон бидэнд заяагджээ.... Тэнгэрийн зарлигаас бусаар хэн ч, юу ч хийж үл чадна.

Эдүгээ та нар харьяат чинь болж хамаг эд хөрөнгө бүхнээ өгье хэмээн чин шударгаар өчвөөс зохино. Пап чи өөрөө вангуудаа тэргүүлэн хамаг улсаа аван, хүлцэнгүй байж хүчээ өргөхөөр иртүгэй... Энэ үеэс эхлээд та нарыг ивгээл дороо орсон хэмээн үзсүгэй. Хэрвээ та нар тэнгэрийн бошгийг үл даган ману зарлигийг зөрчвөөс дайсан минь болъюу... Эл учрыг та нар мэдтүгэй.  Харин үүнээс бусдаар явбал юу болохыг ... гагцхүү тэнгэр мэдтүгэй...

Жамада-оль-ахар жилийн хуучид (1246.11.3-11)”

гэсэн омог бардам, сүрлэг үгстэй, “ ...аюутугай, биширтүгэй” хэмээх алдарт үгстэй тамга дарсан байжээ.

Мөн төд удалгүй гурван жилийн дараа их хаан ор суусан Мөнхөөс Францын Людовик хаанд Г.Рубрукээр илгээсэн илгээлт ч мөн үүнээс дутуугүй сүрлэг бардам үгстэй байсан юм.

“Надад дуулгавартай хандаж, дайн, энхийн алиныг нь сонгож байгаагаа ёслол төгөлдөр мэдэгдэхийг Людовик ван чамд Бүхний эзэн Эрхэт тэнгэрийн нэрийн өмнөөс тушааж байна.

Тэнгэрийн хүсэл зориг биелж, даян дэлхий намайг эзэгнэгчээ гэж хүлээн зөвшөөрсөн цагт хорвоо ертөнцөд амгалан тайван байдал тогтож, хүн ардын төлөө бид юу хийснийг жаргалд умбах тэд үзэх болно. Харин тэнгэрийн зарлигийг няцаан гөжиж, газар нутаг минь хол, уул нуруу минь давашгүй, тэнгис далай минь гатлашгүй, та нараас айхгүй хэмээн хэгжүүрхвээс Бурхан тэнгэр хүндийг хялбар болгож, холыг ойртуулж, бид юу хийж чаддагийг чамд үзүүлэх болно”.

Ер ийм ертөнц дахиныг өөрийн эрх мэдэлдээ орсныг бүрнээ мэдэрсэн сүрлэг бардам үг, утга бүхий хаадын хааны захидлыг Монголын хаанаас өөр хэн ч бичиж байгаагүй билээ.

Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]