Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Гуравдугаар Рейхийн төгсгөлУншсан12,295

Дэлхийн хоёрдугаар дайнд тухайн үеийн ЗХУ олон сая иргэдийнхээ алтан амиар асар үнэтэй Ялалт байгуулж байсан билээ.

Дэлхийн хоёрдугаар дайнд тухайн үеийн ЗХУ олон сая иргэдийнхээ алтан амиар асар үнэтэй Ялалт байгуулж байсан билээ.

Дэлхийн хоёрдугаар дайны талаар монголчууд хангалттай мэддэг боловч мэддэггүй, нууц далд мэдээллүүд байсаар байна. Энэ удаа ч бид тэрхүү олонд танил бус мэдээллээс уншигчдадаа хүргэе.

 Герман Геринг

 Түр зуурын Фюрер

Европ дахь дайн 1945 оны тавдугаар сарын 9-нд нацист Герман бууж өгснөөр төгсөв. Харин Гуравдугаар рейх албан бусаар дахин хоёр долоо хоног оршин тогтнож байсныг тэр болгон мэдэхгүй. Түүний төв нь Герман, Данийн хил дээрх жижигхэн Фленсбург  хот болсон байжээ.

Германы лидерийн тушаалд Гитлерийн залгамжлагчаар Герман Геринг 1945 оны дөрөвдүгээр сарын 23 хүртэл албан ёсоор тооцогдож иржээ. Тэр өдөр залгамжлагч нь “эцгийнхээ” эсрэг хөдөлж Гитлерээс Засгийн газрын тэргүүний бүх эрх мэдлээ шилжүүлэхийг шаардав. Гитлерийг засгаас зайлуулах нь Барууны холбоотнуудтай хэлэлцээр хийн дайнд зайлшгүй ялагдсан ч Германы тэргүүнээр үлдэх боломжийг өөрт нь өгнө гэж Геринг тооцолсон байв.

Гэвч Геринг өөрийн боломжоо хэтрүүлэн үнэлсэн байжээ. Гитлер галзуурах шахан урвагчийг баривчилж, бүх шагналыг нь хураан арай л буудчихалгүй өнгөрч, Национал социалист намаасаа хөөв. Ийм учраас, дөрөвдүгээр сарын 30-нд амиа хорлохоосоо нэг өдрийн өмнө Гитлер шинэ залгамжлагчаа зарлав.  Залгамжлагчаар Гуравдугаар Рейхийн Тэнгисийн цэргийн флотын командлагч гросс-адмирал Карл Дёниц тодорсон байв. Гитлерийн үхлийг зарлангуут л түүнийг улсын тэргүүнээр шууд зарлажээ.

Дёниц немцийн ард түмэнд хандан радиогоор үг хэлэхдээ фюрерийн нас барсныг мөн Германы шинэ Засгийн газрыг бүрдүүлж буйгаа  мэдэгдэв. Түүний өргөө нь тавдугаар сарын 2-ноос хойш Шлезвиг-Гольштейны хойд хэсгийн Фленсбург хот дахь Тэнгисийн цэргийн дунд сургуулийн байшин болжээ.

 Голд байгаа нь Тэнгисийн цэргийн флотын командлагч гросс-адмирал Карл Дёниц

 Хамгийн эхний мэдэгдэлдээ Дёниц “Давшин түрэмгийлж буй большевикуудын сүйрүүлэлтээс Германыг аврахын тулд дайныг үргэлжлүүлнэ” гэсэн байлаа.

 

Ярилцан тохиролцох уу?

Тэр үед Гуравдугаар Рейхийн байдал найдлагагүй болсон байв. Немцийн “С”  армийн бүлэглэл Италийн хойд хэсэгт Холбоотнуудад дөрөвдүгээр сарын 29-нд бууж өгөв. Тавдугаар сарын 2-нд Улаан армийн анги нэгтгэлд Берлиний гарнизоны удирдлага буулт хийлээ. Эсэргүүцэл үзүүлж буй немцийн цэргийнхэн хэд хэдэн бүлэгт тусгаарлагдан хуваагдсан байв. Тэднийг бут ниргэх нь хэдхэн хоногийн асуудал болсон юм.

Фленсбургт 1945 оны тавдугаар сарын 2-нд Дёниц Засгийн газрын гишүүдтэйгээ хуралдан цаашдын ажиллагааныхаа чигийг тогтоох гэж үзсэн байдаг. Нацист сайд нар дайнд бүрэн ялагдсанаа хүлээн зөвшөөрч,  аль болох олон хүнийг Улаан армиас аврах ажилд гол анхаарлаа чиглүүлжээ. Тэд Баруун фронтод Холбоотнуудын эсрэг байлдааны ажиллагааг явуулахгүй байхаар шийдэв. Харин Англи-Америкийн цэргүүд немцийн цэргийнхнийг баруун тийш нэвтрүүлэхгүй саад тавибал эсэргүүцэл үзүүлэхээр болсон байна.

Шинэ Засгийн газар нь үг дуугүй бууж өгөхөөс  зайлсхийхийг оролдлоо. Тэд зөвхөн барууны холбоотнуудад бууж өгөхийг хүсч байв. Дёницийн Засгийн газрын гишүүд холбоотнууд хоорондоо мөргөлдөөнд орно гэж найдан өөрсдийн хязгаарлагдмал ч гэсэн тусгаар тогтнолыг хадгалахыг хүсчээ. Тэд Их Британи, АНУ хоёр Зөвлөлтийн эсрэг ирээдүйн шинэ дайндаа  Германыг холбоотноо болгон ашиглана гэсэн тооцоотой  байжээ.

 флотын адмирал Ганс-Георг Фридебург

Немцийн армийн бүлэглэлүүд Баруунд хэсэгчлэн бууж өгсөөр байлаа. Тавдугаар сарын 4-нд Голланд, Дани, Шлезвиг-Гольштейн ба Баруун хойд Германд байгаа немцийн бүх цэргийн бууж өгөх  гэрээнд Германы Тэнгисийн цэргийн флотын командлагч, флотын адмирал Ганс-Георг Фридебург гарын үсгээ зурав. Тавдугаар сарын 5-нд Бавари ба Баруун Австрид байсан “G” бүлгийн арми Америкийн цэрэгт буун өгөв.

Шийдэмгий Дуайт

Францын Реймс дэх Холбоотны цэргийн Америкийн командлагч Дуайт Эйзенхауэрийн командын байранд тавдугаар сарын 5-ны орой адмирал Фридебург тэргүүтэй немцийн төлөөлөгчид хүрэлцэн очив. Дёницийн даалгавраар тэд Германыг Барууны холбоотнуудад буун өгөх нөхцөлийг тохиролцохоор ирсэн байлаа.

Гэтэл Эйзенхауэрийн штабт немцүүдийг хүйтнээр хүлээн авав. Эйзенхауэр немцүүдийг бууж өгөхийг  зөвшөөртөл адмирал Фридебургтай уулзахгүй гэлээ. Америкийн командлагч германууд бууж өгөхдөө баруунд ч, зүүнд ч адилхан үг дуугүй, бүрэн хэмжээнд бууж өгөх ёстой гэж хатуу шаардсан байна. Фридебург тэр нөхцөлийн талаар Дёницид дамжуулав. Америкчуудтай тохиролцож чадна гэсэн найдлага нь тасраагүй Дёниц Реймс руу Вермахтын Оператив штабын дарга хурандаа генерал Альфред Йодлийг нэмэн илгээжээ.

 

 Реймс хотод бууж өгөх баримтад хурандаа генерал Альфред Йодль гарын үсгээ зурж байгаа нь.

Маргааш нь буюу Тавдугаар сарын 6-нд амь тэмцэн яарч Реймст очсон Йодль Эйзенхуаэрийн төлөөлөгчдийг ятгаж, Дорнод фронтод германчууд  бууж өгөх ёсгүй, бид та нарт л бууж өгье, дараа нь Зөвлөлтийн эсрэг тэмцэхэд бид тусалж чадна хэмээж байлаа. АНУ-ыг төлөөлсөн генерал Уолтер Смит, Карл Стронг нар немцүүд цаг хожиж, өөрсдийн цэргийг дорнод руу, баруун тийш зугтаалгах гэж байна хэмээн Эйзенхауэрт илтгэв. Догшин ширүүн Эйзенхауэр Герман үг дуугүй бууж өгөх гэрээнд гарын үсэг зурах хэрэгтэй өөр ямар ч яриа байхгүй гэж мэдэгдсэн байна. Тэрхүү хатуу шаардлага үр дүн авчирч,  аргаа барсан Дёниц бууж өгөх гэрээнд гарын үсэг зурах эрхийг  Йодльд өглөө.

Дёницийн Засгийн газар хоёр дахь удаагаа үг дуугүй бууж өгөх гэрээнд гарын үсэг зурав

Төв Европын цагаар 1945 оны тавдугаар сарын 7-ны 02:41 цагт Реймс хотноо Герман бууж өгөх гэрээнд гарын үсгээ зурав. Эйзенхауэрийн штабын дэргэдэх Зөвлөлтийн төлөөлөгч генерал Иван Суслопаров баримтад нэмэлт заалтыг оруулан шинэ бүрэн хэмжээний бууж өгөх гэрээг үзэглэсэн юм.

 Нэгдүгээр эгнээнд: Бууж өгөх баримтад гарын үсэг зурсны дараа. Зөвлөлтийн генерал Иван Суслопаров, Америкийн генерал Уолтер Смит, Холбоотны цэргийн Америкийн командлагч Эйзенхауэр, Британийн Хатан хааны нисэх хүчний маршал АртурТеддер (Эйзенхауэрийн орлогч) 1945 оны тавдугаар сарын 7.

 

 Германы Зэвсэгт хүчний бууж өгөх тухай гэрээ.

1945 оны тавдугаар сарын 8.

Правда сонины тавдугаар сарын 9-ний

дугаарын эхний нүүрэнд нийтлэгджээ.

Ер бусын хүнд ачаа үүрсэн Зөвлөлтийн генерал Суслопаров бууж өгөх ажиллагаа Реймст  болж байгаа нь ЗХУ-ын сонирхлыг хөндсөн асуудал болно гэж, Сталинаас ямар банга хүртэхийг төсөөлөн айж байсан гэдэг. Генерал Суслопаровын болгоомжлол ч цагаа олжээ. Сталин Реймсийн буун өгсөн баримтыг огт зөвшөөрөхгүй хэмээн хилэгнэж байлаа. Яагаад дайны хүндийг үүрсэн Зөвлөлтийн армийн өмнө фашистууд үг дуугүй бууж өгөхгүй байгаа юм, ялалтын гол утга учир бидний өмнө байх ёстой хэмээн Сталин маршалуудаа тархидаж байсан гэдэг.

Ингээд Зөвлөлтийн удирдагч түрэмгийлэгчдийг өөрийн нутаг оронд нь буулгаж авах нь бэлгэдлийн хэрэг гэж зүтгэсээр байлаа. Реймст  хийгдсэн арга хэмжээ нь яруу төгс ёслол биш байсан бөгөөд Йодлийн тушаал нь өөрийнхөөс нь доогуур байсан гээд Эйзенхауэр бууж өгөх арга хэмжээнд оролцоогүйг ч бас Зөвлөлтийн тал сануулж дахин ийм ёслол хийх хэрэгтэй хэмээн зүтгэж эхлэв. Хажуугаар францчууд  Йодлийн гарын үсэг зурсан гэрээний үеэр манай төрийн далбаа байгаагүй хэмээн гомдоллож байв.

Эцэст нь Зөвлөлтийн шаардлагыг америкчууд ч дагаж, Германы үг дуугүй бууж өгөхөд гарын үсэг зурах ажиллагаа дахин болж, ингэхдээ төв Европын цагаар  тавдугаар сарын 8-ны 22:43 цагт (Москвагийн цагаар тавдугаар сарын 9-ний 00:43) Берлиний зах дахь Карлсхорстын хуучин Инженерийн цэргийн дунд сургууль байсан байрны хоолны газрын танхимд гарын үсэг зурав.

 Карлсхорстд үг дуугүй бууж өгөх баримтад генерал

фельдмаршал Вильгельм Кейтель гарын үсгээ зурж

байгаа нь, Берлин. 1945 оны тавдугаар сарын 8

Энэ удаа Германы талыг Йодль биш Вермахтын Дээд командлалын дарга генерал-фельдмаршал Вильгельм Кейтель төлөөлсөн байдаг юм.

Зөвлөлтийн талыг маршал  Георгий Жуков, холбоотнуудыг Холбоотны армийн ерөнхий командлагчийн орлогч маршал Артур Теддер төлөөлжээ. Дуайт Эйзенхауэр дахиад л энэ арга хэмжээнд оролцохоос татгалзав. Түүний татгалзсан шалтгаан нь Реймст тэртэй тэргүй бид Германы талыг буулгаад авчихсан шүү дээ хэмээн үзэж, бардам зангаа гаргаж байсан аж.

 

 Карлсхорстод буун өгөх баримтыг маршал Жуков уншиж байна. Жуковын дэргэд Холбоотны армийн ерөнхий командлагчийн орлогч маршал Артур Теддер сууж байна.

Дёницийн балмадуудыг шүүхэд тат!

Үг дуугүй бууж өгөх  гэрээнд гарын үсэг зурсны дараа гросс-адмирал Дёницийн Германы Засгийн газар өөрийн эрхийг хадгалан үлдсэн ба түүний мэдэлд жижигхэн Фленсбург хот байв. “Фленсбургийн Засгийн газар”-ын Эдийн засаг ба цэргийн аж үйлдвэрийн сайд Альберт Шпеер гэрээнд гарын үсэг зурсны дараа танхимаа өөрөө тарахыг санал болгосон ч дэмжлэг авсангүй.

Ялагдсан Германы Засгийн газрын тэргүүнээр барууны холбоотнууд үлдээнэ гэсэн Дёницийн найдлага тасраагүй байв. Тийм санаа Баруунд ч байсан гэдэг. Зөвлөлтийн Засгийн газар тавдугаар сарын 20-нд “Дёницийн балмад дээрэмчдийг” хэзээ ч зөвшөөрөхгүй, түүний сайд нар нь шүүгдэх ёстой гэсэн хатуу мэдэгдлийг  гаргаснаар л германчуудын энэ горьдлого төгсчээ.

 “Фленсбургийн Засгийн газар”-ын гурван гишүүн, Альфред Йодль, Альберт Шпеер, Карл Дёниц нар холбоотнуудад баривчлагдав. Урд нь Карл Дёниц.

Эйзенхауэр ч Зөвлөлтийн саналыг эсэргүүцэж чадсангүй. 1945 оны тавдугаар сарын 23-нд Дёницийн штабын байранд британи офицерууд очиж,  “Фленсбургийн Засгийн газар”-ын бүх гишүүдийг баривчлах тухай Дуайт Эйзенхауэрийн тушаалыг уншиж танилцуулжээ. Ингэж Гуравдугаар Рейхийн түүхэнд эцсийн цэг тавьсан юм.

“Фленсбургийн засгийн газар”-ын гишүүдэд дараах шийтгэлийг оноосон юм.

 Рейхс ерөнхийлөгч ба Цэргийн яамны сайд Карл Дёниц — Нюрнбергийн шүүхээр 10 жил хоригдох ялаар шийтгэгдсэн;

 

Ерөнхий сайд, Гадаад хэрэг ба Сангийн сайд Людвиг Шверин фон Крозиг

Шүүх түүнд 10 жилийн хорих ял өгчээ;

 

Дотоод хэргийн сайд, Шинжлэх ухаан, сурган хүмүүжил ба ардын боловсролын сайд Вильгельм Штуккарт —1949 онд “Вильгельмштрассийн хэрэг” гэдгээр гурван жил 10 сар, 20 хоног шоронд хоригдох ялаар шийтгэгдэв; 

 

Эдийн засаг ба цэргийн аж үйлдвэрийн сайд Альберт Шпеер —Нюрнбергийн цэргийн шүүхээр 20 жил хоригдох ялаар шийтгэгджээ; 

 

Хүнс, хөдөө аж ахуйн сайд Герберт Бакке —Нюрнбергийн шоронд шүүхийг хүлээж байхдаа 1947 онд амиа хорложээ;

 

 

Ардын гэгээрэл ба суртал ухуулгын сайд Вернер Науман—Аргентинд зугтан гарсан байгаад Гермэанд буцан ирсэн. Түүнийг 1953 онд баривчлан шүүсэн ч Баруун Германы шүүх бүх тулгасан ялыг нь зөвтгөн суллажээ;

 

 

Хууль зүйн сайд Отто Тирак— 1946 оны арваннэгдүгээр сард лагерьт хоригдон шүүх хүлээж байхдаа амиа хорложээ; 

 

 

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Франц Зельдте —шүүх хурлыг хүлээн Америкийн цэргийн эмнэлэгт хэвтэж байхдаа 1947 оны дөрөвдүгээр сарын 1-нд нас баржээ; 

 

Зам тээвэр, шуудангийн сайд Юлиус Дорпмюллер — лагерьт хоригдон шүүх хүлээж байхдаа 1945 оны долдугаар сард нас баржээ; 

 

Вермахтын Дээд командлалын дарга ба Хуурай замын цэргийн жанжин штабын дарга, Альфред Йодль — Нюрнбергийн шүүхээр шүүгдэн 1946 оны аравдугаар сарын 16-нд дүүжлэгдэн цаазлагдав; 

 

Империйн статс-нарийн бичгийн даргын дэвтэй, Иргэний танхимын шеф Пауль Вегенер — 1949 оны арваннэгдүгээр сард Английн цэргийн шүүхээр шүүгдэн 6 жил 6 сарын хорих ялаар шийтгэгдсэн байв. 

 

Сэтгэгдэл 5ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
2017, 1 сар 28. 23:58
Одко

Үндэсний эрх ашиг, хүчтэй удирдагч гэдэг ийм айхтар. Барууныхны айдаг ганц хүн сталин байсан байхөө. Нюрнбергийн хурал ч тэр зху-н шууд удирдлаган дор явагдсан шүүдээ.

2016, 11 сар 4. 15:24
zochin

Orosiin huchirheg armi odoo bol henee s ch aihgui Orosiin baatarlag ard tumen mandan badrah bo;tugai

2017, 5 сар 19. 13:04
Зочин

Gucoo oros mandaad mongol gundax uu????zovxon ooriin torolx mongol ornoo l mandan badrag gj baigaach.

2016, 11 сар 1. 22:01
Зочин

AMERIKTAI AMERIKGUI OROSUUD EUROPIG BUREN EZELEH BAISAN YUM.

5 сар 3. 17:48
ЗочинDorj

Orosiin baatarlag ard tumen mandan badrah boltugai

Сэтгэгдэл бичих
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]