Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Саддам Хусейн ба Исламын улс бүлэглэлУншсан6,696

Ямар ч ургамал ногоо үндэс суурьгүйгээр ургадаггүй, хавдар хүртэл ямар нэг шалтгаанаар үүсэн бий болдог, аливаа бүх зүйл он цагийн хэлхээнд аажмаар бүрэлдэн тогтдогтой нэгэн адил Исламын улс бүлэглэл ч олон жилийн өмнө эх үндэс нь тавигдаж иржээ

АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обамагийн хэлсэнчлэн “хүн төрөлхтөнд нүүрлээд буй хорт хавдар” болох Исламын улс бүлэглэлийг 2006 онд үндэслэгдсэн, 2014 онд албан ёсоор байгуулагдсанаа зарласан хэмээн “намтар” дээр нь бичсэн байдаг. Гэтэл энэхүү террорист байгууллага олон улсын анхааралд өртөхөөс өмнө олон жилийн тэртээд хэрхэн үүсэн бүрэлдэж байсныг товчоолсон мэдээлэл монгол хэл дээр бараг байхгүй аж.

Аль Багдади

Ямар ч ургамал ногоо үндэс суурьгүйгээр ургадаггүй, хавдар хүртэл ямар нэг шалтгаанаар үүсэн бий болдог, аливаа бүх зүйл он цагийн хэлхээнд аажмаар бүрэлдэн тогтдогтой нэгэн адил Исламын улс бүлэглэл ч олон жилийн өмнө эх үндэс нь тавигдаж иржээ. Албан ёсны мэдээлэлд Исламын улс бүлэглэлийг 2006 онд байгуулагдсан гэжээ. Тэгвэл энэ нь зөвхөн нэрээ олж авсан огноо аж. Нарийндаа бол исламын тулгар үзэлтнүүдийн эртнээс бодож, сэтгэж явсан зүйл дээр тулгуурлан хүч хэрэглэж, хүчирхийлэл үйлдэж эхэлсэн цаг үеэс энэ бүлэглэлийг үүссэн гэж үзэж болно.

аль Заркави

Одоогийн энэ бүлэглэлийн толгойлогч нь өөрийгөө халиф, эмир хэмээн зарласан Абу Бакр аль Багдади. Харин Ирак дахь Аль Каида бүлэглэлийн толгойлогч гэгдэж байсан Абу Мусаб аль Заркави бол Исламын улсын оюун санааны төдийгүй өөрийн гараар бий болгосон эцэг байжээ.

Тэгвэл Исламын улсын түүх аль Заркавитай хамт нэлээн олон жилээр урагшлах юм.

Террорист бүлэглэлүүдийн суурь үндэс бүрдэж эхлэв

Хүйтэн дайн төгсөж шуудайд хийсэн үхрийн эвэр мэт нэгдсэн үзэл санаагүй Ойрхи Дорнод, Арабын төрт улсуудын дайсагнасан харилцааг өрнөдийн хүчирхэг гүрнүүд овжноор ашиглаж байгааг харж суун залхсан, бүх исламын шашинтнуудыг нэгтгэж нэгдсэн улс байгуулах үзэлтнүүд олширч байлаа.

Яг л Зөвлөлт гүрэн нуран унах дөхөж “перестройка” дуншиж, соц лагерийн орнуудын иргэдийн үзэл баримтлал өөрчлөгдөж байгаатай л нэг адил. Харийнханд ашиглагдаж эрх ашгаа хамгаалж чадахгүй, бүтэлтэй бус төрт улсуудаас залхсан нэг шашинт иргэд арабын ертөнцөд олширч байв. Өрнөдийн эсрэг тэмцлийн туг болсон цөөнгүй орнууд тухайлбал Ирак, Ливи, Сири зэрэг улсууд байсан боловч бүгд тус тусын удирдагчдын хяналтад хэт орсон, нэг хүний санаа бодлоор чиглүүлэгдэж байв.

Сүннит, шийтээрээ талцан хоорондоо өрсөлдсөн хүчний төвүүдийн хооронд лалын ертөнц бүхэлдээ хуваагдсан бөгөөд тэдгээр нь дор бүрнээ шашны нэгдлийг өөр өөрсдийн манлайлал дор хэрэгжүүлэхийг зорьж байв. Тиймээс шашны үйл хэргийн төлөө, Пан Арабын улс байгуулах үзэл бодолд тархиа угаалгасан мянга мянган чөлөөт зэвсэгт дайчид бий болсоор байлаа.

Тухайлбал Афганистаны дайн Алжир, Чечень, Египет, Тунис, Босни, Палестин, болон бусад газарт байлдаж явсан хууль бус дайчдын бүлгийн өргөн сүлжээг бий болгосон. Тэдний эсрэг Зөвлөлтийн арми зогсож байгаа нөхцөлд санхүүжүүлэгч нь мэдээж хэрэг өрнөдийнхөн тэр дундаа хүйтэн дайны үеийн нөгөө туйл болсон АНУ байх нь гарцаагүй. Америкт үйлдвэрлэсэн зэвсэг барьсан талибууд, мужахидууд, ихээхэн хөрөнгө мөнгөөр угжигдсан дээр дурдсан хууль журамгүй чөлөөт дайчдын дунд Абу Мусаб аль Заркави, Осама бин Ладен, Айман аль Завахири, өнөөгийн Исламын улсын удирдагч Абу Бакр аль Багдади нар байв. Эндээс үзвэл Исламын улс нэртэй алан хядах бүлэглэл байгуулагдах суурь тэртээ 90-ээд оны үед АНУ-ын оролцоотой үндэслэгдэж байсан гэж үзэж болохоор.

 

Саддам ба өнөөгийн террорист бүлгийн эзэд

 

Йорданы бедиун нүүдэлчдийн ядуу гэр бүлд төрсөн аль Заркави Пан Арабын улс нэг үгээр хэлбэл Халифын улс байгуулах мөрөөдөлд донтсон нэгэн байлаа. Гэхдээ тэрээр дунд сургуульд байхдаа л жижиг сажиг гэмт хэрэгт холбогдон сургуулиасаа хөөгдсөн боловсролгүй этгээд байв. Йорданаас зугтан гараад Иран-Иракийн долоон жилийн дайны үед Саддам Хусейны армид элсэн орж тулалдаж байв. Иордан, Палестин гаралтай зохиолч Абу Мухаммед ал Макдиши түүнийг маш сайн мэддэг хүн байжээ. Макдишигийн сүүлд ярьснаар бол Заркавиг найман жилийн дайны үед Иракийн ерөнхийлөгч Саддам Хусейн ихэд сайшааж цэргийн одон медалиар шагнаж байсан, мөн шийтгэсэн түүх ч бий гэнэ. Хэдийгээр аль Заркавигийн албан ёсны намтарт энэ тухай байдаггүй ч Саддам Хусейнтэй холбогдсон үе эндээс эхэлдэг аж.

Абу бакр аль Багдади

Мөн Иран Иракийн дайнд оролцож явахдаа өнөөгийн Исламын улс бүлгийн толгойлогч Абу Бакр аль Багдадитай нөхөрлөсөн гэнэ. Тэд хоёул Саддам Хусейны армийн офицерууд байсан түүхийг Макдиши дэлгэсэн байдаг. Макдишигийн ярьсанаар өнөөдөр Абу Бакр аль Багдадигийн удирдлага дор Исламын улсын террористууд Ирак, Сирийн нутаг дэвсгэрт амжилттай байлдаж байгаа нь эрт цагт армийн офицер явсных нь нөлөө гэнэ.

Тэр үед л аль Заркави, аль Багдади нар исламын шашинтнуудыг нэгтгэсэн хүчирхэг гүрэн байгуулж, Америк болон өрнөдийнхний эсрэг тэмцэх хэрэгтэй гэсэн үзэл дээр санал нэгддэг байлаа. Улмаар өөр бусад офицеруудын матаас Саддам Хусейнд очиж, ерөнхийлөгч өөрийн гараар бичсэн тушаалдаа тэдний цолыг хураан авч зэвсэгт хүчний дунд аюултай үзэл санаа тарааж магадгүй этгээдүүдийн тоонд оруулсан тухай дурдаад тагнуулын байгууллагадаа нэг хувийг нь илгээж байсан аж. Аль Заркави, аль Багдади нар сүннит шүтлэгтэй, дээр нь Багдадигийн хоёр авга нь Иракийн ерөнхийлөгчийн аюулгүйн албаны офицерууд, мөн нэг дүү нь армид чухал алба хашдаг байсан тулдаа л Саддамаас буудан хороох ял авчихаагүй аж. Нутаг нэгтнүүдийнхээ гарт америкчуудын түлхээсээр хөнөөгдсөн Саддам яагаад Америкийн эсрэг үзэлтэй, шашин нэгт армийн офицеруудаа шийтгэх болов. Шийт шүтлэгтнүүдийг тосгоноор нь хоморголон хөнөөсөн хэрэгт буруутгагдаж цаазлагдсан Саддам Хусейныг америкчууд дэмждэг байсан түүх бас л ховорхон нийтлэгддэг.

 

Яагаад Саддам жихадистуудыг дэмжихгүй байв?

 

 

Иракт 1968 онд “Баас” намынхан төрийн эрхийг гартаа авч Саддамын ойрын садангийн хүн болох Ахмэд Хасан Аль Бакар 1979 он хүртэл Иракийн ерөнхийлөгчөөр ажиллав. Харин түүнээс Саддам Хусейн ерөнхийлөгчийн суудлыг нь авсан байна. Тэр үед л Саддам Хусейнд Иракийн тэргүүн болоход нь АНУ туслалцаа үзүүлсэн талаар мэдээллийн хэрэгслээр нэг биш цацагдаж улс төр, цэргийн шинжээчид ч түүнийг хожим нь баталсан түүхтэй. Ойрхи Дорнод дахь 1973 оны “Ёом киппүрийн дайн” газрын тосны анхны хямралыг эхлүүлсэн нь өрнөдийнхөн тус бүс нутагт Иран, Израйлиас өөр холбоотонгүй болоход хүргэсэн. Сири-Ливи-Египет-Саудын Араб хамтарсан нь хүчний тэнцвэргүй байдлыг үүсгэсэн учраас тэдэнд газрын тосоор баялаг өөр нэгэн хамтрагч хэрэгтэй болсон нь Саддам байж. Энэ үүднээс Саддам Иракийг АНУ-ын туслалцаатайгаар гартаа авч чадсан юм.

1979 онд Иранд хувьсгал гарч Шах Реза улсаасаа зугтан гарснаар АНУ-д ашиггүй төдийгүй хортойгоор туссанаар америкчууд цэргийн баазуудаа хааж ахин энэ орны хаалгыг татах эрхгүй болсон юм. Ингэснээр 1979 онд Америк Ираныг алдсан ч Иракийг олж авсан хэмээн шинжээчид үзэж байв.

Улмаар АНУ-ын дэмжлэгтэйгээр Саддам Хусейн Иранд халдан довтолж 1980-1988 он хүртэл аль аль талаас нийтдээ хоёр сая цэрэг эрс амь насаа алдсан дайн эхэллээ. Энэ үед Иракийн ард АНУ байсаар байсан. Саддам Хусейн өрнөдийнхний дэмжлэгийг авч тэдний эрх ашгийг хамгаалж байсныг батлах нэг жишээ нь Ираны шахыг “өрнөдийн хүүхэлдэй” гэж шүүмжлээд эх орноосоо хөөгдөн Иракт очиж байсан Аятолла Хомейнийг Саддам хил дээрээс буцаасан байдаг. Дээр дурдсанчлан энэ цагийн террорист бүлэглэлүүдийн лидерүүдийг залуу цагт нь Саддам Хусейн Пан Арабын үзэл гаргаж, Америкийн эсрэг яриа өрнүүлэхэд нь шийтгэж байсан жишээ ч үүнтэй адил.

Гэхдээ Саддам өрнөдийнхний бөгс долоогч байгаагүй. Тэрээр өөр аргаар, тухайлбал бөмбөг дэлбэлж, барьцааны хүнийг цаазлахаас илүү том геополитикийн шинжтэй дайн тулаан хийж тэдэнтэй тэмцэхийг илүүд үздэг байв. Ер нь XX зууны Арабын ертөнцийн түүхэнд Ирак улс л хөрш зэргэлдээх орнууд руугаа довтолж байснаас өөр томоохон дайн болж байгаагүй юм. Түүнийг Саддам Хусейн л өдөөж байсан гэдэг. Хэзээ нэгэн цагт өөрөө хүчирхэг болж тэднийг хөөж явуулна гэж төсөөлдөг байсан байж болох талтай. Тиймээс Саддам Хусейнд жихадистууд биш хүчирхэг арми л хэрэгтэй байсан. Үүний нэг баталгаа нь Иран-Иракийн дайн дөнгөж дуусаад хоёр жилийн дараа Кувейтэд довтлон өрнөдийнхөнтэй дайсагналцсан харилцааг бий болгосон түүх билээ.

 

Аль Каидатай холбогдсон нь

аль Заркави

Олон сая цэргийн амь эрсэдсэн Иран, Иракийн дайн дууссаны дараа аль Заркави гуч дөнгөж гарч явах насандаа Афганистанд очиж мужахидуудын эгнээнд орж Зөвлөлтийн цэргийн эсрэг тэмцэлд нэгдлээ. Саддамаас хамт шийтгэл авсан, аль Багдади Иракийн нийслэлийн их сургуульд суралцаж докторын зэрэг хамгаалахаар исламын ертөнцийн түүхийг судалж эхэлсэн тул түүнийг орхин Афганистанд иржээ. Энэ үедээ тэрээр Осама бин Ладентай танилцсан байна. Заркавитай харьцуулбал Саудын Арабын тэрбумтан Осама бин Ладен, Аль Каида бүлэглэлийн өнөөгийн лидер Айман аль Завахири нар язгууртан, хөрөнгөлөг гэр бүлээс гаралтай өндөр боловсролтой хүмүүс байв.

Үргэлжлэл бий.


Сэтгэгдэл 1ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
2016, 4 сар 21. 17:54
hwy

saihan niitlel bna

Сэтгэгдэл бичих
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]

Унших СЭДЭВ-ээ өөрөө сонгодог боллоо

12 сард сонгогдсон сэдэв
Дундад зууны Европ
2018 оны 1 сарын онцлох сэдвийн санал хураалт явагдаж байнаЭнд дарж саналаа өгнө үү