Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Түүх, шинжлэх ухааны олон сонирхолтой контентыг түгээгчид, эрдэмтэн судлаачдын бүтээлийг та бүхэн энэ хуудаснаас сонирхон уншаарай!

Монголын Алтан ордны улсын нэрийн тухайдУншсан7,996

Монголын эзэнт гүрний бүрэлдэхүүнд багтаж асан томоохон улсын нэгэн болох Чингис хааны ууган хүү Зүчийн (Жочийн ч гэх нь бий) байгуулсан улсыг Монголчууд хан эзнийх нь нэрээр “Зүчийн улс” гэдэг байсан бөгөөд хожим нь төр барьж байсан удмынхны нь нэрээр Батын улс, Бэрхийн улс гэх мэтээр ч нэрлэж байв.

Батлан хамгаалахын эрдэм шинжилгээний хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан, доктор (Ph.D), ахмад Т.Сүхбаатар


Монголын Алтан ордны улсын нэрийн тухайд

 

Зүчийн улсын түүхийг 1870-аад онд анхлан судласан хүмүүсийн нэг болох Г.С.Саблуков[1] улс (улус) үндэслэх хэргийг Чингис хааны ахмад хүүтэй холбосон нь учиртай бөгөөд Батын үе, бүр Бэрхийн үед ч “Кипчакийн хант улс” Монгол гүрний хувь улс болж явсан болохоос бие даасан улс байгаагүйг[2] тэрээр тэмдэглэжээ. Зүчийн улсын тухай Марко Поло “барууны татарууд” гэж ярьдаг[3].

В.В.Бартольд[4], R.Grousset[5], Б.Д.Греков, А.Ю.Якубовский[6], М.Г.Сафаргалиев[7] нар өрнийн их аян дайны үр дүнд “Батын хаант улс” бий болсон гэж алдаатай дүгнэсэн. Харин Г.Г.Хафизов[8], Мыськов[9] нарын орчин цагийн судлаачид “Зүчийн улс” хэмээх зөв нэрийг хэрэглэх болсон ч бас л алдаатай дүгнэлт хийсээр байгаа юм.

Монголын эзэнт гүрний бүрэлдэхүүнд багтаж асан томоохон улсын нэгэн болох Чингис хааны ууган хүү Зүчийн (Жочийн ч гэх нь бий) байгуулсан улсыг Монголчууд хан эзнийх нь нэрээр “Зүчийн улс” гэдэг байсан бөгөөд хожим нь төр барьж байсан удмынхны нь нэрээр Батын улс, Бэрхийн улс гэх мэтээр ч нэрлэж байв. Анх “Алтан орд” хэмээх нэр XIII зууны эцэс, XIV зууны эхэн үеийн түүхэн зохиолууд тухайлбал, Рашид ад Диний бүтээлд тааралддаг.

Харин оросууд “Государство Монголо-татар (Монгол-татаарын улс)”, “Татары (татаарууд)” гэж нэрлэдэг байсан ба монголчууд ханыхаа хүрээ буюу нийслэлийг “Ханы ордон”, “Орд” гэж ярьдаг байснаас улбаалан оросууд хоорондоо бас товчоор “Орда” гэж ч нэрлэдэг байжээ.

Дундад эртний түрэг угсааны улс аймгууд Зүчийн улсыг “Улу Улус (Их улс)” гэдэг байсан ба баруун Европын сурвалжуудад “Comania” (Коман улс)”, “Dasht-i-Qifchag” (Дашт–и–Кибчаг буюу Кибчагийн тал) гэх мэтээр нэрлэж иржээ. Харин “Алтан ордон (Золотая Орда)” гэдэг нэр томьёог анх 1566 онд хэвлэгдсэн “Казаны түүх (Казанская история)” хэмээх бүтээлдээ нэр нь үл мэдэгдэх нэгэн зохиогч хэрэглэсэн[10] байх бөгөөд түүнээс хойш оросын түүхчид “Золотая орда” гэх нэр томьёог хэрэглэх болж, түүний нөлөөгөөр ХХ зууны дунд үеэс гадаадынхан төдийгүй Монголын түүхчид ч ийн нэрийдэх болжээ. “Алтан” гэж нэрлэх болсны учир нь Зүчийн удмын хан ноёд орд өргөөгөө дотор, гадаргүй алт, мөнгөн эдээр чимэглэж[11] байсантай холбоотой байж болох юм.

Мөн “Алтан Орд” гэдэг нь Зүчийн удмынхны захирсан улсын “Сыра орд” буюу “Шар орд” гэдгийн орос хэлний татлагаар үүссэн хувилбар гэж тайлбарласан[12] нь ч бий. Энэ хувилбарыг бас Оросын түүхч Савельев[13] дэмждэг.

Японы эрдэмтэн Мияаваки Жюнко Алтан ордны улс XIV-XV зуунд “Цагаан ордны хант улс” хэмээн нэрлэгдэж байсан” гэж тэмдэглэжээ[14]. Гэхдээ чухам яагаад ингэж нэрлэх болсноо хангалттай баримт нотолгооноор тайлбарлаагүй. Оросын болон өрнөдийн зарим түүхчид Зүчийн улс (Улуса Джучи), Алтан ордон (Золотая Орда) гэж ерөнхийд нь хоёр янзаар дуудаж бичиж хэвшсэн байгаа нь нэршлийн хувьд нэгдсэн ойлголт үгүй байгааг харуулж байна.

Мөн Зүчийн улсыг эзэнт гүрний баруун хязгаар байсан гэдэг утгаар нь цагаан өнгөтэй байсан гэж үзэх нь ч бий. Плано Карпини өөрийн бүтээлдээ Гүюгийг сонгох дөрвөн өдрийн ёслол дээр эхний өдөр цагаан торгон дээл өмсөж том цагаан асарт хуралдсан гэж учир тэр цагаан өнгө нь Зүчийн улсыг бэлэгдсэн гэж таамаглал гаргасан байдаг. Мөн Цагаан өнгө бол зүүн талын эзэмшил бүхий “ах орд” буюу Батын ах Ордугийн, баруун талын эзэмшил нь Батын “хөх орд” хэмээн хуваасан нь ч бий. Ордугийн эзэмшил цагаан орд, Батын эзэмшил Алтан ордны улс нь хөх орд гэж үзэх нэгэн бас бий. Хөх өнгө бол дорнын ард түмнийг илтгэх өнгө. Тиймээс дорно зүгт орших Ордугийн эзэмшил хөх орд байсан байж болно. Гэсэн ч эх сурвалжуудад гарч буй цагаан болон хөх өнгө нь ямар ордод яг яаж баталгаатай хамаарч байгаа нь тодорхой бус юм.

Тухайлбал: Г.Хафизов[15] Улуса Джучи буюу Зүчийн улс гэж нэрлэдэг. Бусад судлаачид аль өөрт эвтэй мөн шууд хуулбарласнаараа “Улуса Джучи” буюу Зүчийн улс, “Золотая Орда” буюу Алтан ордны улс, “Тюрк Кипчакский хагант улс буюу” Кибчакын хаант улс гэх зэргээр янз бүрээр нэрлэж ирсэн нь төөрөлдөх нэг үндэс болж өгчээ.

Монголчууд эртнээс нааш орон гэрээ орд өргөө хэмээн хүндэтгэн дууддаг байсан. Я.Цэвэлийн “Монгол хэлний тайлбар толь”-д орд- хүндэтгэвэл зохих эрхэм хүний байрлан орших орон, зуны ордон, хааны ордон[16] гэх зэргээр тайлбарлажээ. Бүр утгачилан ойлговол Алтаар чимэглэсэн гэртэй улс орон гэж ойлгож болно.

Монголын эзэнт гүрнээс салан гарсан улсууд ихэнх нь удирдагчынхаа нэрээр нэрлэгддэг. Тухайлбал: Цагаадайн улс, Өгэдэйн улс, Хүлэгүгийн буюу Ил хаадын улс, Төмөрийн эзэнт гүрэн гэх мэт. Үүнтэй нэгэн адил Зүчийн улс гэж нэрлэгдэж байсан ч цаг хугацааны эрхэнд Алтан ордны улс, улмаар XVI-XV зууны үед зүгээр л “Орд” буюу их “орда”[17] хэмээн нэрлэгдэх болсон. Оросууд “орда”[18][19] гэдгийг тайлбарлахдаа хааны ордон, өргөө, отог, лагерь буюу зуслан гэж тайлбарладаг.

Эцэст нь дүгнэж хэлэхэд Алтан ордны улс бус харин анхны уугуул нэрээр нь тус улсыг “Зүчийн улс” хэмээн нэрлэх нь зүйд нийцэх бөгөөд цаашид ч тус улсын тухай ярьж бичихдээ Анхны эрх баригчийн нэрээр “Зүчийн улс” хэмээн дурдаж байх нь зүйтэй биз ээ

АШИГЛАСАН МАТЕРИАЛ

  1. “Древнетюркский словарь”. Л.: Наука, 1969.,
  2. Бартольд В.В. “Батый (из “Энциклопедии ислама”). Бартольд В.В. “Работы по истории и филологии тюркских и монгольских народов”. М., 2002,
  3. Вернадский Г.В. ”Монголчууд ба Орос орон” УБ.,2008,
  4. Вернадский Г. В. “Монголы и Русь История России”, Тверь Москва. Леан Аграф, 2001.
  5. Греков Б.Д, Якубовский А.Ю. “Золотая Орда и ее падение”, М.,1998,
  6. Мияаваки Жюнко.”Оросын царь Алтан ордныг залгамжилсан нь “.”Чингис хаан”-Түүхт хүмүүсийн цуврал.№26. дэд дэвтэр. Гакушюү Кэнкюшүя.1991
  7. Монголын нууц товчоо. Ш.Чоймаа. “Эртний үг хэллэгийн түгээмэл тайлбартай шинэ хөрвүүлэг”. Улаанбаатар. 2011 он”.
  8. Монголын нууц товчоо. Дөрөв дэх удаагийн хэвлэл. (Хуучин монгол хэлнээс одоогийн монгол бичгийн хэлээр Цэндийн Дамдинсүрэн орчуулав). Улсын хэвлэлийн газар. Улаанбаатар. 1990 он.
  9. Мыськов Е.П. “Политическая история Золотой Орды (1236-1313 гг.)”, Волгоград, 2003, стр.23
  10. Рашидаддин Фазлуллах. Шашдирын чуулган. Дэд боть. Англи хэлнээс орчуулж, уялга үг бичиж, тайлбар зүүлт хийсэн Хатагин Готовын Аким. Улаанбаатар. 2015 он.
  11. Саблуков Г.С. “Кипчакийн хант улсын дотоод байдлын тухай найруулал”. Казанийн улсын их сургуулийн дэргэдэх түүх, хуучны судлал, угсаатны зүйн нийгэмлэгийн мэдээ. Б. XIII Казань, 1896

[1]Саблуков Г.С. “Кипчакийн хант улсын дотоод байдлын тухай найруулал”. Казанийн улсын их сургуулийн дэргэдэх түүх, хуучны судлал, угсаатны зүйн нийгэмлэгийн мэдээ. Б. XIII Казань, 1896

[2]Саблуков Г.С. “Кипчакийн хант улсын дотоод байдлын тухай найруулал”. Казанийн улсын их сургуулийн дэргэдэх түүх, хуучны судлал, угсаатны зүйн нийгэмлэгийн мэдээ. Б. XIII Казань, 1896., т.4

[3] Вернадский Г.В. “Монголчууд ба Орос орон” УБ.2008., т.133

[4]Бартольд В.В. Батый (из Энциклопедии ислама). Бартольд В.В.Работы по истории и филологии тюркских и монгольских народов. М., 2002, стр.496-500.

[5]Grousset R. The Empire of the Steppe": A History of Central Asia. New Brunswick, New Jersey, and London, 2000.

[6]Греков Б.Д, Якубовский А.Ю. “Золотая Орда и ее падение”, М.,1998, стр.51-52

[7]Сафаргалиев М. Г. Распад Золотой Орды”. На стыке континентов и цивилизаций: Из опыта образования и распада империй Х-ХVI вв. М., 1996, стр.277-526

[8]Хафизов Г.Г. Распад Монгольской империи и образование Улуса Джучи. Казань, 2000, стр.66

[9]Мыськов Е.П. Политическая история Золотой Орды (1236-1313 гг.)”, Волгоград, 2003, стр.23

[10]Вернадский Г. В. “Монголы и Русь История России”, Тверь Москва.  Леан Аграф, 2001.стр.53.

[11]Цолмон С.”Монголын Алтан ордон улс”. УБ, 2006. т.20

[12]Мөн тэнд т.20,

[13] Савельев П. “Екатеринославский клад” ТВО, 1857 стр.354

[14]Мияаваки Жюнко.”Оросын царь Алтан ордныг залгамжилсан нь “.”Чингис хаан”-Түүхт хүмүүсийн цуврал.№26. дэд дэвтэр. Гакушюү Кэнкюшүя.1991

[15] Хафизов Г. “Распад Монгольской империи и образование Улуса Джучи” Казань., 2000, стр 63

[16]Цэвэл Я. “Монгол хэлний товч тайлбар толь”, УБ., 1966, т.421

[17] Их орд буюу Большая орда

[18] Древнетюркский словарь. Л.: Наука, 1969., стр. 370.

[19]Вернадский Г.В. ”Монголчууд ба Орос орон” УБ.,2008, т.205

Сэтгэгдэл 5ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
6 сар 2. 14:13
Зочин

Буриадад Уст Орд гэж бий ямар учиртайн?

6 сар 19. 17:37
дардан

НАДАД БАС ЭРГЭЛЗЭЭТЭЙ САНАГДААД байсиймаа ЯАГААД Их хааны асар их баялагаас ЯДАЖ ТАШУУРЫН ХУГАРХААЙЧ АЛГА бна вэ.өвөрмонголд ч байхгүй,орчин үед босгосон хоосон ҮЛГЭРИЙН сүржин үзмэрүүд.Тэр их үйл явдлаас эд өлгийн,хот суурингийн УЛ МӨР ЗААВАЛ үлдэх ЁСТОЙ ЗААВАЛ.Харамсалтай олигтой юм алга ДА.,Гэтэл ХАСАГСТАНД тэр үеийн САРАЙЧИГ гхт өргөө хотуудын туурь, ЧИНГЭС хааны ууган хүү ЗҮЧийн шарил Бунхан түүхийг гэрчлэн оршиж бхмаа.МНТы эртны ХЭРЭЙД,НАЙМАН ,МАНГУТ,ЖАЛАЙР,ХОНГИРАТ аймаг овгууд болон ИХ ХААНЫ шууд угсаа болох ТӨРЕ чүүдын хэлхээг ХАСГУУД олон зуун жил тасрлалгүй өвлүүлж явааг нь СУДАЛЖ мэдээд ,,, БИ ШОКОНД ОРСИЙН Ш ДЭЭ..хэхэхэхМГЛ үндэсний дээл хувьцасхантаз,хөөрөг да_лян.шанз лимба хуучир ёчинтой урд зүгийн аялгуу нэвт шингэсэн ардын ДУУ. төрийн далбаан дээрхи ИНЯН(манай эрдэмтэд эр эм загас гэж бурдаг бсн хэхэ) гхм ЭНЭ ИХ ХЯТАДын соёлыг ЯАЖ ТАЙЛБАРЛАХ ВЭ.Бидны ӨВӨӨ ЭМЭЭгийн бидэнд өвлүүлсэн мөнгөн эдлэл эмээлын баавар.дэнзэн ташуур босоо захтай дээл ГХМт, ер нь МГЛ үндэсний соёлын өв ЯГААД ЭРТны БУНХАН малтлагаар илэрдэггүйЮМ бэ..Архиологийн олдворууд шаал өөр зүг заагаад байхнь урамгүй.Та соёл өөрчлөгддөг гэх байх,гэвч ХЯТАД МАНЖийн өв соёлийг хойч үе УДАМ нь ЯЛГАХАА байтлаа ӨӨРИЙМШҮҮЛСЭН нь хэний буруу вэ.

7 сар 21. 15:51
батбилэг

МНТ-нд гардаг хэрэйд, найман, хонгирадуул одоо ч байсаар байна. Хасагийн Хэрэйд ерөнхийдөө Казахстаны зүүн хэсэг, хятадын шинжиан, монголын баян-өлгийд амьдарч байгаа. Монголчууд шүүдээ.

6 сар 3. 21:55
Зочинsudlaach

"Zolotaya orda" - Altan ord gej orosuud hojim nerlesen. Bat Khàany uees ulsaa " Ike Mogul ulus " gdg bsn. Enethegt ulsaa baiguulaad bas "Ike Mogul" gdg bsn ...

6 сар 2. 21:16
Зочин

Устай ордон кккк

Сэтгэгдэл бичих
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]