Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Тридцатьчетвёрка буюу дайны хүндийг нугалсан танкУншсан15,711

Үнэхээр тухайн үеийн танкуудад стабилизатор гэж зүйл байгаагүй билээ. Явдал дундаа буудах ямар ч ашиггүй, онох магадлал бараг 0 хувь. Бартаа саадтай, энхэл донхол замд хошуугаа шавар үмхүүлээд буудвал өөрөө ч сөнөх аюултай.

Дайн эхлээгүй байхад адлагдаж чичлэгдэж байсан ч энэ зэвсэг дайны хамгийн хүнд ачааг нуруундаа үүрч гарсан билээ.

 

Танкийн хөгжлөөс хальтхан дурдахад анхны танкыг дэлхийн нэгдүгээр дайнд англичууд хийснийг мэдэх байх. Тэр танк нь уулын уруу гулгах маягаар давшдаг, утаагаа дотогшоо хаядгаас болж жолооч нь угаартаж үхэхийн даваан дээр очдог байсан гэх мэт. Винтовны сум даахгүй тул дайсан руу маш хүчтэй дайрч орох. Хурд гол үзүүлэлт байж. Төдөлгүй хурднаас дутахааргүй хуягийн асуудал тавигдаж. Хориод оны сүүлээр оросууд армиа сайжруулах, зэвсэглэх талаар илүү буурьтай анхаарах боломжтой боллоо. Сталин нэгэн худалдаачинд маш их мөнгө өгч Америкаас танк олж ирэх даалгавар өгч, трактор хийх нэрээр хэдэн танкийн загварыг чирээд ирлээ.

Өнөөх худалдаачнаа Сталин дахин Европ руу явууллаа. Мань эр Европын дээдсүүд цугладаг уушийн болон янхны газруудаар хэсэж бөөн тагнуулдаж хамаг мөнгөө үрсний эцэст Оросын армийн танкийн өвөг болсон ч гэж хэлэгдэж болох хэд хэдэн загварыг нутагтаа авчирчээ. Ингэж л Оросын танкийн хөгжил эхэлсэн гэж үздэг юм билээ. Өөр хувилбарууд ч их байгаа.

Хаа газар байлдаж олон асуудалд хутгалдаж байсан том гүрнүүдийн хувьд зэвсгээ турших газарт санаа зоволтгүй, тэр хэрээрээ сайн зэвсэгтэй байдаг нь өнөө ч хууль.

1939 оны Халх голын дайныг авч үзье. Япончууд нүхэн блиндаж хийж байсан нь их гайтай байсан гэх.

Явган дөхөж очих боломж бараг л байхгүй. Танкаар дайраад л орох боломжоо ч ашиглаж. Нүхэнд байгаа япончууд бууж өгөхгүй, гарч ирэхгүй. Нүхэн дотор нь галаар шүршиж хуйхлана. Дайраад орохын алдад япончууд галзуу мэт гал нээнэ. Нэгэн пулёметчин бүх сумаа дайрч байсан танкийн духанд үрсэн байж. Япон хүн л тйим байдаг байх. Нэвтрэхгүй, аюул учруулж чадахгүй байгааг мэдсээр байж дуусан дуустал бүх сумаа ганцхан байнд хийж орхиж. Зөвлөлтийн танкууд орой нар жаргахын хэрд духны хэсэгт ойсон сумны гууль нь бага багаар зурагдаж наалдсан нь цул алтадсан мэт шаргалтаж харагдаж байсан гэдэг. Жуковын өөрийн аргыг өөрт нь хийх гэж үзсэн дан танкаар дэмжүүлсэн япончуудын дайралт ч нурлаа. Их бууны сум Японы танкуудыг төвөггүй нэвтлэж чадсан байдаг. Ямартай ч эндээс хуяг бас хурдтай хослох юм байна гэдэг ойлголтоо улам батжуулж авлаа.

1940 он Финлянд. Хөхөө нарыг нухахын тулд ойртох шаардлагатай. Мэдээж нэг хөхөөнд нэг танкны сум гэдэг утгагүй тул мэргэн буудах пулёмет хэрэгтэй. Мөн бартаа мод ихтэй газар, тогтвор сайтай өргөн гинжтэй байх ёстой гэдэг бас нэгэн туршлагыг зөвлөлтүүд олж авав. Маш олон танкийн загварууд цамхагтаа гол анхаарлаа хандуулсан нь цамхагныхаа жинг дийлэхгүй хошуугаараа годройтоод байж.

Гэхдээ л танкийн хурдад томоохон гүрнүүд маш их анхраардаг байсан байх юм. Маш их хэрэгтэй хэрэггүй зүйл дурдлаа. Энэ хооронд зохион бүтээгчдийн бүтээлүүд төрөн гарсаар байсан үе. Т-34 чухам эдгээр чанаруудыг төгс агуулсан танк байсан гэж хэлж болно. Конус хэлбэртэй их биетэй. Хуягийг налуу хийсэн нь нэвтлэх сумны туулах замыг нэмж энэ хэрээрээ хуягт зарцуулах төмрийн жинг хэмнэж чадсан, тэр чинээгээр хөнгөн жинтэй, хурд өндөртэй болсон аж. Ёстой нөгөө суут бүтээл гэдэг нь энэ байлаа.

Уг нь Т-34 дайнаас өмнө, бүр 1940 онд бүтээгдсэн байдаг. Гэтэл практикт гарч амжаагүй байхдаа л ад үзэгдэж, гологдож эхэллээ. Сталинд таалагдах гэсэн зохион бүтээгч генералуудын лоббид унасан гэж ч хэлж болох.

"Үүнийг хар, дунд зэрэглэлийн танк, гэтэл жин нь 26 тонн. Төмөр нугалах багаж тийм их хангалттай бус байхад шүү дээ. Гэтэл манай Т-26, Т-28 хурдан шаламгай, бүр усанд ч сэлчихнэ" гэх мэтээр Т-34-ийг өөнтөглөж байв.

Оросууд дайнаас өмнө хэд хэдэн гайхамшигт зэвсгээ адлаж байсны нэг нь ийнхүү Т-34 болсон гэдэг. Нисдэг төмөр гэгдэх гайхамшигт ИЛ-2, хотын тулгарсан байлдаанд шалгарсан ППШ автоматууд хүртэл дайнд ороогүй байхдаа муу дүн авсан хачирхалтай түүх байна. Жуковын дурдатгалыг бүгд уншсан байх.

...Генерал Попель, Рябышев нар танкуудаа аван дээд дарга нарын давхардсан, зөрөлдсөн тушаалуудаас болж Броды Яворовын чиглэлд ямар ч хэрэггүй өчнөөн марш хийчихсэн байв. Танкийн гинж засвар үйлчигээгүйгээр тйим хол зам туулж чадахгүй, тосолгоогүй төмрүүд хавиралдан хол зам туулж чадахгүй. Тийм ч учраас байлдах газар руугаа төмөр замаар сайн дөхөж, үлдсэнийг өөрийн маршаар туулдаг. Эвдрэл гэмтэл, бензин дутагдах болгонд хээрийн маршийн завсар зуурт танкаа засна гэж байхгүй. Хаячихаад л яваад өгнө. Попель, Рябышевийн танкууд 169-өөр хорогдлоо. Ганц нэгэн тулаан хийсэн нь үр дүнтэй байсан ч урагшлах тоолонд ямар нэгэн тушаал ирж ухраана. Эдгээр тушаалуудыг хорлон сүйтгэгч өгсөн гэж ч үздэг. Вашугин гэх ширүүн эр тэдэн дээр ирлээ.

Зүгээр ч үгүй цэргийн хээрийн шүүх, буудаж алахад бэлэн салаа цэргээ дагуулаад ирлээ. Эднийг газар дээр нь бууд гэж сүрдүүлж бууж гарав. Ухрах тушаалуудаа үзүүлж амь хэлтрээд байсан ч Вашугины уур гарсангүй. Яг одоо Бродыг дайрч эзэл гэж тушаал буулгав. Айсан танкчид ойролцоох жижиг голыг гатлаж урдаас төлөвлөсөн цэгт бөөгнөрөөд тэндээсээ дайрах төлөвлөгөө гаргалаа. Тухайн орчимд байсан гол дээрх ганц гүүрийг Германы их буучид манаж байв. Тэдний мэдэлд Т-34 170 орчим, мөн цөөн тооны КВ-1 байж. Тэднээрээ дайралтыг хийв. Их буучдаас болгоомжилж гол өгсөж, уруудаж гарам хайв. Хүнд жинтэй КВ-1 төдөлгүй шаварт суучихлаа. Дахин тэнэж явах бензин байсангүй тул нөгөө дайсны их буучид манасан гүүрээр л цувраад гарахаас өөр замгүй болов. Дайснуудад үүн шиг сайхан бай гэж юу байх вэ. Дайсны буунуудад оногдож байсан ч Т-34-үүдийн ганц нь ч сөнөөгүй гэх. 37 мм-ийн PAK их буу Германы артиллерийн гол зэвсэг байж. Энэ сум Т-34-ийг яагаад ч даахгүй байлаа. Гүүр гарч аваад өнөөх их буучдыг Зөвлөлтийн танкууд газартай нь тэгшилчих байсан ч тэгсэнгүй, цуглах газраа цуглаж аваад Броды руу дайраад орлоо. Танкийн масс дайралтыг германчууд тэссэнгүй ухрав. Бродыг ч эзлэв. Дараагийн тушаал харин байсангүй. Тэднийг гол гатлаж, мунгинаж байх хооронд Сталин маш том танкийн нэгтгэл хий дэмий үрлээ гэж айхтар шүүмжилсэн нь Вашугинд хүндээр тусаж утсаа тавиад л өөрийгөө буудсан байлаа.

Орой хирд германчууд сөрөг давшилт хийж, байлдах сумгүй, ухрах ч бензингүй танкчид явган тулалдсаар ой руу ухарцгаав. Аз болж тэднээс хойхнуур генерал Кузнецовын 3-р арми бүрэлдэхүүндээ 350 КВ болон Т-34 танктай давшиж ирэв. Тэдний давшилт германчуудыг ухрааж их буунуудыг нь няц дайрсан хэдий ч бас л ухрахдаа танкуудаа хаячихаад ухарсан. 37 мм-ийн сум КВ-ийн их биенд хонхорхой төдий үлдээж байсан бол Т-34-т тусахдаа хальтирсан байв. Иймэрхүү сануулгуудыг германчууд төдий л ойшоогоогүй байдаг. Оросуудад ямар ямар зэвсэг байгааг германчууд дайнаас өмнө мэдэж л байсан, зузаан төмөр нугалдаг багажийг хоорондоо найзлаж байх үедээ тэд нарт зарснаа ч германчууд мартаагүй. Тиймээс Т-34-ийг нацистууд мэдэж л байсан.

Гэтэл тулааны үед үзүүлэх эффектийг дэндүү алдаатай тооцож дутуу үнэлсэн байсан юм. Их бууны галын систем нь манайхаас хүчтэй юм байна, танкууд нь ч сайн юм гэдгийг мэдэж аваад л нацистууд тулалдаад байж.

1941 оны 8 сар боллоо. Т-34 Германы бүх танкуудаас илүү гэдэг нь илт мэдэгдэж эхлэв.

Гэлээ ч Германы давшилтын эрч тийм ч сулраагүй байсан үе. Москвагийн босгонд дөхөх үед л энэ танкийг хэт дутуу үнэлсэн гэдгээ хүлээн зөвшөөрөхөөс өөр аргагүй байдалд орлоо. Германы арми 1941 оны 10 сар гэхэд Т-34-үүдээс ирэх аюун заналыг бүрэн ойлгож авсан байдаг. Танк цаасан дээрхи шиг техник үзүүлэлтээсээ хэд дахин өндөр тулааны эффект үзүүлнэ гэж зүүдлээ ч үгүй юм. Түүнийхээ шанг ч хүртэж Москва, Сталинград, Курскийн цүлхэн, Украин, Белорусын талд хэдэн саяараа ясаа тавьцгаасан билээ.

Танкийн хамгаалах урлаг Т-34-ийн маневрийн давуу талыг мэдрүүлэв. Танкуудыг дайсны ирэх замыг отон замын 2 талаар 1 метр хэрийн гүнзгий нүх ухаж, цамхгаа ил гарган түүнийгээ далдлан байрлуулах тариачдын байшингийн ханыг цөм дайрч ороод цонхоор нь буугаа гарган байрлуулах, өвсөн бухалд нуух зэрэг аргуудыг ашиглаж байв. Дайсны цувааг аль болох сайн өнгөрүүлэх, тэгж байгаад л эхний болон сүүлийн байг яг зэрэг буудаж устгах үүгээрээ бусад танкийн маневрыг хорьж хашиж авах. Нэгэнт дайснаас цөөн тул аль болох ахиухан хохирол учруулсны дараагаар зугтах. Энэ арга гайхалтай өндөр үр дүн гаргалаа.

Зарим урт цувааны төгсгөл нь харагдахгүй байхад таслаж бууддаг байлаа. Мөн дээрээс нь зогсож байгаа, онилж байгаа танк өөрөө хөдөлгөөнгүй байгаа тохиолдолд оновч нь өндөр. Олон цувааг ийм маягаар сүйтгэж тэр хэрээрээ цаг хожиж Москва руу дайрах цэргийн гол дэмжлэг болсон танкуудад саад болж байлаа. Бас нэг сонирхолтой талаараа ч илүү гарчихлаа. Энэ нь ойрын тулаанд өндөрлөг байрлалтай байхад конусан их биений буу доошоо 25 градус хүртэл хазайж чаддаг байв. Германы танкууд 15 градус. Намрын хүйтэн цас, шавар холилдож ирэхийн алдад мөн давуу талаа дахин нэг гайхууллаа. Т34-ийн гинжний өргөн 50 см нийлээд 1 метр.

Харин Германы танкууд 35-40 мм байсан нь замын муу нөхцөлд хол хаягдаж тэр чинээгээрээ устгуулж байв. Гудериан дээшээ илтгэл бичиж Т-34-тэй тэмцэх арга боловсруулах комисс байгуулах хүсэлт тавилаа. Энэ хүсэлт байсан байгаагүй Герман хэдийнэ Москвагийн тулаанд ялагдсан байлаа. Комисс ажиллаж, дүгнэлтээ гарган тэмцэх аргуудаа ч боловсруулав.

Нацистууд Юнкерс онгоцуудад 37 мм-ийн их суулгаж халз дээрээс нь буудах арга гаргав. Болж байсан хэдий ч онгоцоо Оросын нисгэгчдийн хямдхан бай болгож алдаад байсан учраас орхив. Хүнд их буу суурилуулсан онгоцны аэродинамик чадвар унаснаар Оросын нисгэгчид дор нь гүйцэж ирээд сөнөөчихөөд байсан юм.

Дараа нь явган цэргүүдэд танктай тэмцэх арга panzerhandmine гэх арга нэвтрүүлсэн бөгөөд Т34-ийг зогсоосон зэвсэг болсон билээ. Гинж тасалдаг мина, артиллерийн галын хүчин чадлыг нэмж 88 мм-ийн  их бууг олноор үйлдвэрлэж армиудаа хангаж эхэлсэн нь маш өндөр үр дүн өгсөн.

За тэгвэл Т34 маань ийм аймшигтай хүчирхэг зэвсэг, бүх цаг үеийн шилдэг гэсэн хэрнээ том том тулаануудад яахаараа дандаа салам цохиулдаг юм, олон тоогоор устгуулдаг юм гэж асуух байх.

Нэгдүгээрт танк маань маш дүлий зэвсэг байлаа. Тэр их моторын дуу, их бууны чимээнээс гадны чимээг барагтай л сонсохгүй. Харах өнцөг ч хангалтгүй. Явган цэрэггүй бол дайсны явган цэргүүд ойртож байгаад л наадаг минүүдээ байрлуулчихна. Хотын тулаанд бол дээр нь гарч гүйлдэж байгаад л хар тос асгаад шатаачихна. Харах цэгүүдийг нь харанхуйлчихна. Ийм л учраас явган цэрэггүй ашиглах нь өндөр хохирол хүлээдэг талтай. Дээрээс нь гацах асуудал маш их. Танкандаа алх лантуу авч явж, балбаж, нүдэж байж гацаа хөлдүүсийг нь гаргана.

Басхүү үйлдвэрийн гологдлууд ч ихээр гарч байв. Сталин болон дээд газруудын төмөр мэт шаардлага өдөрт тэдэн тоогоор гарга гэх мэт тушаалуудыг биелүүлэхгүйгээр хэн хананд зогсохыг хүсэх билээ. Гологдол маш ихтэйгээр фронтод очсон Т34-үүд эхний тулаандаа ч орж амжилгүй нам суучихна, эвдэрнэ.

Тиймээс л дайны хүндийг нугалахдаа ИЛ-2 шиг хэдэн мянгаараа сөнөөгдсөн гэдэг. Экипажийн чадвар сул. Бүр үйлдвэр дотроо дадлагажиж аваад л гардаг байдал дайны эхний жил маш их байсан.


Катуков Сталин нарын хооронд өрнөсөн яриа:

 

Сталин: Танай танкууд довтолгооны үед бараг гал нээхгүй байна гэж их буучид гомдол мэдүүлээд байна.

Катуков: Тэртээ тэргүй онохгүй, сум бага. Бид цөөхөн хэдэн сумаа ингэж үр дүнгүй цацахгүйн тулд бууддаггүй юм.

Сталин: Онохгүй ч байсан хамаагүй бууд, сүрийг үзүүл, айлга. Сумыг хангалттай өгнө.


Үнэхээр тухайн үеийн танкуудад стабилизатор гэж зүйл байгаагүй билээ. Явдал дундаа буудах ямар ч ашиггүй, онох магадлал бараг 0 хувь. Бартаа саадтай, энхэл донхол замд хошуугаа шавар үмхүүлээд буудвал өөрөө ч сөнөх аюултай. Гэтэл дайсны их буу хэсэгхэн хөдөлгөөнгүй зогссон танкийг дор нь сөнөөчихнө. Тэгэхээр хар хурдаараа улаан халз дайраад л орохоос өөр аргагүй.

Генерал Катуков

Дайсны эгнээг нэвтлээд дунд нь ороод ирсэн тохиолдолд бол ойрын зайнаас пулемётны блиндаж явган цэргүүдийн бункер, их бууны тулгуурт байрыг онохгүй байхын аргагүй тул ойрын зайнаас зад цохино, няц дайрна. Дээрх ярианы дараа Сталин онохгүй ч байсан хамаагүй бууд сүрийг үзүүл айлга сумыг хангалттай өгнө гэснээр дууссан байдаг.

Ийнхүү Т-34 Германы Барс үйлдвэрлэгдэж эхэлтэл тулааны талбайд хамгийн шилдэг нь байсан ч оросууд хүнд хэцүү тулаануудыг хийж ялж ч, ялагдаж ч байв.

Дайснуудад 88 мм-ийн буу байхгүй тохиолдолд дайсны нүүрэн шугамд хэт ойртож, бардамнадаг байсан ч гэдэг.

Харин Курскийн цүлхэнд Барсыг дийлэхээ байгаад ирэхийн алдад шинэчилж л дээ.

Шинэчилж ирсэн хойно ч барстай бас л өрсөлдсөөр, илүү устгуулж байсан ч энэ дайны хамгийн шилдэг гэж нэрлэгдэхэд саад болоогүй. Цамхагны хуяг арай нимгэвтэр байсан нь тулааны талбараас эргэж ирэхдээ экипажийн дарга, сумлагч алагдаж ирдэг байдлаас болж цамхгийг мөн 90 мм буюу 45 мм налуу хуягаар зузаалсан юм.

Тулаанд танкчид улайрахаар аймшигтай харгис үйлдлүүд юу эсийг гаргах вэ. Т-34 хурдан танк, өөрийн өрсөлдөгч нар дундаа гүйцэгдэхгүй эд байсан нь бүр морьтой хүнийг ч гүйцээд давхраар нь дайраад алчихдаг байж. Дайсныхаа зугтаж буй, шархдаад мөлхөж буй цэргүүдийг амьдаар нь няц дайрах ажлыг хоёр талынхан улайрсан үедээ харин ч нэг сайн гүйцэтгэсэн байгаа юм. Өвлийн цагт бол энэ танкны гинжинд мах цус дайрагдаад л, наалдаад хөлдчихнө. Бууны бөгсөөр хөнгөхөн дэлсээд салгаад унагачихна. Цэвэрлэхгүй байсан ч яваандаа арилчихна. Зун бол маргааш нь гэхэд өнөөх үс, цус, мах, гэдэс дотор битүү ялаа батгана шаваад ойртох нь бүү хэл салхин доогуур нь гарахын аргагүй өмхий самхай болдог байлаа...

Цэргийн түүх судлаач Э.Баттулга

https://www.facebook.com/enkh.battulga

Сэтгэгдэл 5ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
5 сар 29. 10:27
Зочин

Т-34 анх Амеркчууд сэдсэн байж таарах нээ

5 сар 29. 11:51
Зочин

Сэдсэн бүтээсэн тухай бичээгүй байна,бодит үнэн нь тийм ,үүнээс гадна Америк 2-р дайны үед орост зөвхөн танк гэхэд л 12 мянгыг өгсөн юм билээ.Маргалгүй үнэнийг мэдэхийг хүсвэл юүтүбээс / правда о ленд лизе,о чем не любить говорить кремль\ гээд үзээрэй.

5 сар 28. 22:05
Зочин

Энэ танкийг Америк болдоор цутгаж,85мм-ийн их бууг нь Америкт үйлдвэрлэж нийлүүлж байв.

5 сар 27. 5:50
S.GBGoogle-р нэвтэрсэн

Сайхан түүх бна, баярлалаа.

5 сар 22. 12:17
Зочин

ene zurag garch ireed unshij baigaa zuiliig haachih yum

Сэтгэгдэл бичих
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]